Categories
энтертаймент-ертөнц

“YouTube”-ээр хамгийн олон удаа үзсэн хүүхэлдэйн кино “Маша ба баавгай”

Оросын “Маша ба баавгай” цуврал хүүхэлдэйн кино “YouTube”-ээр хамгийн олон удаа үзсэн хүүхэлдэйн киногоор Гиннесийн номонд бичигджээ. Тус цувралын “Маша агшаамал” нэртэй ангийг хүмүүс YouTube-ээр 3,4 тэрбум гаруй удаа үзсэн байна.

YouTube-ээр хүмүүс хамгийн их үзсэн таван контентын нэгд хүүхэлдэйн кино багтаж байсан нь “Маша ба баавгай” хүүхэлдэйн киноны “Маша агшаамал” анги байжээ.

Анх 2009 онд дэлгэцнээ гарч байсан “Маша ба баавгай” цуврал нь арван жилийн дараа 100 гаруй улсад, 36 хэлээр орчуулагдан гарсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ууцны дундаж үнэ 230 мянган төгрөг байна

2019 оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар сар шинийн баярын ширээний ууц дунджаар 230 мянган төгрөг байна. 2018 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 10.8 хувиар буюу 22500 төгрөгөөр өссөн байна. Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 150-160 мянган төгрөг, дунд хэмжээний ууцыг 180-220 мянган төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 250 -300 мянган төгрөгөөр тус тус худалдаж байна.

Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2583 төгрөг байна. 2018 оны цагаан сарын баярын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 22.3 хувиар буюу 470 төгрөгөөр өссөн байлаа.

Categories
мэдээ нийгэм

Манай улсад бүртгэлтэй 170.2 мянган аж ахуйн нэгж байна

Статистикийн бизнес регистрийн санд өнгөрсөн оны эцсийн байдлаар 170.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 85.7 мянга нь үйл ажиллагаа явуулж байна.

Тэдгээрийн 56.4 мянга нь Улаанбаатар хотод, 9.6 мянга нь Төвийн бүс, 8.9 мянга нь Хангайн бүс, 7.4 мянга нь Баруун бүс, 3.5 мянга нь Зүүн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж.Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 86.2 хувь нь 1-9 ажиллагчидтай, 6.0 хувь нь 10-19 ажиллагчидтай, 4.9 хувь нь 20-49 ажиллагчидтай, 2.9 хувь нь 50-иас дээш ажиллагчидтай юм байна. Үйл ажиллагаа явуулаагүй 84.4 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 44.5 мянга нь үйл ажиллагаагаа эхлээгүй, 35.5 мянга нь түр зогсоосон, 1.8 мянга нь бүрэн зогсоосон, 2.6 мянга нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгаантай байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

95 орны 4.5 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна

Манай улсад 95 орны 4.5 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Энэ нь 2017 оноос 201 хүнээр буурсан үзүүлэлт юм. Хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэдийн 3.7 мянга нь эрэгтэйчүүд байгаа юм.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт гадаадын ажиллагчдын 36.6 хувь нь БНХАУ-ын, 10.5 хувь нь Австрали, 6.7 хувь нь ОХУ, 6.1 хувь нь БНСУ-ын, 5.9 хувь нь АНУ-ын, 5.3 хувь нь БНСВУ, 3.3 хувь нь Канад, 3.3 хувь нь Англи, 3.3 хувь нь Филиппин Улсын иргэн байгаа бол 19.0 хувь нь бусад улсын харьяат иргэд байна. Өмнөх оноос манай улсад хөдөлмөр эрхэлж буй Австрали, Филиппин, БНСВУ, Англи улсын иргэдийн тоо нэмэгджээ. Тэгвэл БНХАУ, АНУ, ОХУ, БНСУ, Канад Улсын иргэдийн тоо буурсан байна.

Ийнхүү гэрээгээр ажиллаж буй гадаадын иргэдийн 1.7 мянга нь уул уурхай, олборлолтын, 918 нь боловсролын, 782 нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 295 нь боловсруулах үйлдвэрлэлийн, 182 нь захиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны, 121 нь барилгын, 550 бусад салбарт ажиллаж байна.

Өнгөрсөн сард Засгийн газрын хуралдаанаар Гадаадаас ирэх онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан байдаг. Уг тогтоолоор энэ онд гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулахаар тогтоосон бөгөөд ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан гадаад ажилчдын тоог 50 хувь бууруулах зорилтыг 2020 он гэхэд бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэхээр болсон.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол залуусаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажиллагчдын тоог 50-иас дээш хувиар бууруулна” хэмээн заасны дагуу 2018 онд гадаад ажилчдын тоог 30 хувь бууруулах зорилтыг хэрэгжүүлснээр гадаад ажилчдын тоо энэ онд 2016 онтой харьцуулахад 42 хувь, 2017 онтой харьцуулахад 20 хувиар буурсан юм. Холбогдох яамнаас Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудаар бэлтгэж байгаа мэргэжлүүдээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахыг бууруулах бодлого баримталж, салбарын ажиллах хүчийг дэмжихээ илэрхийлээд буй.
Монгол Улс өөрсдөө бэлтгэж байгаа мэргэжлүүд буюу тодруулбал, барилгын төрөл бүрийн мэргэжлүүд, зам гүүрийн барилга, уул уурхайн туслах мэргэжлүүд тэр дундаа авто засварын газарт ажиллах вьетнам засварчдын тоог эрс бууруулахыг салбарын сайд тодотгосон.

Categories
мэдээ нийгэм

​Манай улсын хүн ам 61.6 мянгаaр өсчээ

Манай улсын хүн ам оны эцэст урьдчилсан дүнгээр 3.2 сая болж, өмнөх оноос 61.6 мянган хүнээр өссөн байна. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 78993 хүүхэд төржээ. Үүний 77528 Монголд, 1465 нь гадаадад төрсөн байна. Улсын хэмжээнд 1000 хүнд ногдох төрөлт Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Орхон аймагт болон Улаанбаатар хотод улсын дунджаас 1.5-3.4 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.2-12.3 пунктээр доогуур байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс хуралдав

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнгөрсөн баасан гарагт ГХЯ-нд болжээ. Хуралд комиссын гишүүд болон холбогдох яамд, байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс нь олон улсын болон дотоодын холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн, ЮНЕСКО-оос үзүүлдэг санхүүгийн дэмжлэг, туслалцаа буурсан хэдий ч санхүүгийн бусад эх үүсвэрийг эрэлхийлж ажилласан нь үр дүнгээ өгсөн, ЮНЕСКО-гоос зохион байгуулж буй ач холбогдолтой хурал, уулзалтуудад идэвхтэй оролцож, байр сууриа илэрхийлэхээс гадна олон улсын шинж чанартай хэд хэдэн хурлыг амжилттай зохион байгуулсан талаар гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцолжээ.

Мөн хурлаар ЮНЕСКО-гийн МҮК-ын 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан байна.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс нь 1963 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улс болон ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй байгууллага юм.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын алба хаагчид их, дээд сургуульд багшлах эрхтэй боллоо

Онцгой байдлын ерөнхий газраас БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн, “Боловсролын шинжлэх ухааны академи” төрийн бус байгууллага, “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төсөлтэй хамтран сургалт зохион байгуулжээ. Энэхүү “Сургах зүйн боловсрол олгох” сургалтыг нэгдүгээр сарын 7-18-нд Давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгуулсан байна.

Сургалтад ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ болон Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 28 алба хаагч хамрагдаж, их, дээд сургуульд багшлах эрхийн гэрчилгээтэй боллоо.

Энэхүү сургалт нь Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад багшлах эрхийн гэрчилгээ олгосон хоёр дахь удаагийн сургалт гэдгээрээ онцлог бөгөөд сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу Боловсролын академийн багш нар удирдан явуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны азтан тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны энэ жилийн анхны тохирол өнөөдөр /2019.1.20/ 20.00 цагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд гарах юм. Энэ удаагийн тохиролд 2018 оны арванхоёрдугаар сарын төлбөрийн баримтаар оролцох боломжтой ч тухайн баримтыг 2019 оны нэгдүгээр сарын 19-ны 23:59 минутаас өмнө цахим системд бүртгүүлсэн байх шаардлагатай юм.

Сонирхуулахад, НӨАТ-ын сугалааны азтан нь сүүлийн орноос эхлэн тодордог. Тухайлбал, сугалааны тохирлын сүүлийн найман орон тохирсон бол 50 сая төгрөг, долоон орон тохирсон бол 10 сая, зургаан орон тохирсон тохиолдолд таван сая төгрөг, таван орон тохирсон бол нэг сая, дөрвөн орон тохирвол 200 мянга, гурван орон тохирвол 50 мянган төгрөг хожих юм. Харин одоогоор супер азтан тодроогүй байгаа бөгөөд супер азтан нь 225 сая төгрөг хожих боломжтой.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганаар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал

УИХ-ын чуулганы ирэх долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

01 дүгээр сарын 24, 25-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Categories
мэдээ нийгэм

Цэргийн үүрэгтний бүртгэл ирэх мягмар гаригт хаана

Улаанбаатар хотын хэмжээнд цэргийн бүртгэл ирэх долоо хоногийн мягмар гараг хүртэл ажлын өдрүүдэд 9-19 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10-18 цагийн хооронд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд явагдаж байна. Үүнд 65 хүртэл настай бэлтгэл офицерууд, 18-50 хүртэл насны цэргийн үүрэгтэн, 50 нас хүртэл цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагдах үүрэгтэй.

Тогтсон хугацаанд очиж бүртгүүлээгүй иргэдийг зөрчлийн тухай хуулийн дагуу торгоно. Гэхдээ, цэргийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй, жил өнжсөн хүмүүсийг ямар нэгэн торгууль төлбөргүй бүртгэж байгаа аж.

Хүндэтгэх шалтгаангүйгээр цэргийн үүрэгтний бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд, мөн ажилтнаа цэргийн бүртгэлд хамрагдах боломж олгоогүй аж ахуйн нэгжид өнөө жилээс зөрчлийн хуулиар арга хэмжээ авахаар болсныг анхааруулж байна.