Categories
мэдээ нийгэм

“Ebarimt” сугалааны тохирлыг “Өдрийн сонин” нийтэлж байна

Монгол Улсын Сангийн яам, Гааль татварын ерөнхий газар, Гааль татварын мэдээлэл технологийн төв хамтран зохион явуулдаг “Ebarimt” сугалааны тохирол өчигдөр болсон юм.

2018 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд татварын нэгдсэн системээс хэвлэгдсэн системд бүртгэгдсэн баримтуудын энэ удаагийн азтанууд тодорлоо.

Энэ удаагийн супер шагналын сан 225 сая төгрөг. Уг сугалааны тохирлыг үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин” уншигч олондоо хүргэж байгаа билээ. Ингээд тохирлыг хүснэгтээр хүргэе.

Categories
мэдээ нийгэм

“Насны хишиг”-ийг өнөөдрөөс олгож эхэлнэ

Ахмадуудад Цагаан сарын “Насны хишиг”-ийг өнөөдрөөс эхлэн олгож эхэллээ. Засгийн газрын 2016-2020 оны зорилтод 65 болон түүнээс дээш насны ахмадуудад баяр наадмыг тохиолдуулан жилд хоёр удаа “Насны хишиг”-ийг олгохоор болсон. Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө “Насны хишиг”-ийг олгохоор хуулиндаа тусгаж өгсөн билээ. Энэ жил 160 гаруй мянган ахмадад “Насны хишиг” олгохоор тооцож, улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. “Насны хишиг”-ийг 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай бол 80 мянга, 80-89 настай бол 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгоно. “Насны хишиг”-т хамрагдахын тулд насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргах ёстой юм.

Categories
мэдээ спорт

“Бага дэлхийн аварга”-д Монголын 50 гаруй бөх зодоглоно

ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн нэгдүгээр сарын 24-27-нд Красноярск хотод болно. “Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцож буй. Энэ удаагийн тэмцээнд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, О.Насанбурмаа, П.Өнөрбат, ОУХМ Э.Сумъяа, Т.Түвшинтулга, Б.Шоовдор, Г.Наранчимэг, Азийн аварга Д.Хүдэрбулга, О.Үйтүмэн, Б.Батмагнай, Н.Лхамгармаа, Э.Цэвэгмид, А.Батцэцэг Э.Гантуяа тэргүүтэй 50 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг зодоглох бөгөөд монголын багийн түрүүч Красноярскт хөл тавиад байна.

КРАСНОЯРСКТ ЗОДОГЛОХ МОНГОЛЫН БӨХЧҮҮД

Эрэгтэйчүүдийн

57 кг: Э.Бэхбаяр, Т.Түвшинтулга, Н.Насанбуян
61 кг: Г.Отгонбаатар, Ц.Чинзориг, А.Мөнх-Эрдэнэ
65 кг: Б.Батмагнай, Н.Лхамгармаа, Т.Тулга
70 кг: Г.Мандахнаран, Э.Тэмүүлэн, Э.Бямбадорж
74 кг: Б.Бат-Эрдэнэ, Б.Бямбадорж, Г.Шижир
79 кг: П.Өнөрбат, Д.Төгс-Эрдэнэ
86 кг: О.Үйтүмэн, Г.Ганхуяг, Э.Батмагнай
92 кг: Б.Өлзийсайхан, Ч.Алтангэрэл
97 кг: Ө.Батзул, Б.Бат-Эрдэнэ, Б.Намхай
125 кг: Д.Хүдэрбулга

Эмэгтэйчүүдийн

50 кг: Ц.Намуунцэцэг, Н.Анударь, Б.Чимгээ
53 кг: Э.Сумъяа, Б.Энхцэцэг
55 кг: Б.Халиунаа, Б.Болор-Эрдэнэ, Б.Болортуяа
57 кг: С.Цэрэнчимэд, Б.Энхтүвшин
59 кг: А.Батцэцэг
62 кг: Х.Болортуяа, Э.Гантуяа, Д.Түмэнхүслэн
65 кг: Б.Шоовдор, Э.Цэвэгмид, З.Болортунгалаг
68 кг: С.Батцэцэг, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан
72 кг: О.Насанбурмаа,
76 кг: Г.Наранчимэг, Г.Ариунжаргал, Н.Загардулам

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс 436.7 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортолжээ

Манай улс өнгөрсөн онд нийт 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.9 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт долоон тэрбум ам.доллар, импорт 5.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүний импорт гэхэд 436.7 сая ам.доллар болсон аж. Өнгөрсөн сарын гадаад худалдааны тухай мэдээлэл хүргэхэд экспорт 531.0 сая ам.долларт, импорт 503.5 сая ам.долларт хүрч, өмнөх сараас экспорт 4.9 сая ам.доллараар буурч, импорт 7.5 сая ам.доллараар өсжээ.

Харин ямар бараа бүтээгдэхүүн гадаад худалдаанд зонхилсон талаар доорх зургаас харна уу.

Categories
мэдээ нийгэм

“Сэтгүүлзүйн судлал шүүмжлэл”-ийн шилдэг бүтээлийг шалгаруулна

Монголын сэтгүүлзүйн хөгжлийг дэмжих “Болор үзэг – Сэтгүүлзүй” сангаас 2018 оны “Сэтгүүлзүйн судлал шүүмжлэл”-ийн шилдэг бүтээлийг хэвлүүлж олон нийтийн хүртээл болгох сонгон шалгаруулалтад эрхэм судлаачид та бүхнийг өөрийн судалгааны бүтээлээ ирүүлэхийг урьж байна. Сонгон шалгаруулалтад оролцуулах бүтээлүүдийг “Талын Монгол” телевизийн байранд 2019 оны 02 дугаар сарын 15-ыг хүртэл хүлээн авна. Ирүүлсэн бүтээлүүдтэй Монголын сэтгүүлзүй судлалын судлаач эрдэмтэдээс бүрдсэн комисс танилцаж “Болор үзэг – Сэтгүүлзүй” сангаас ивээн тэтгэж хэвлүүлэх шилдэг бүтээлийг 02 дугаар сарын 22-ны өдөр тодруулна. Шалгарсан бүтээлийг “Болор үзэг – Сэтгүүлзүй” сангаас бүрэн ивээн тэтгэж хэвлүүлэх ба 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Номын нээлт”-ийг зохион байгуулж номын сангууд, сэтгүүлч бэлтгэж буй их дээд сургуулиудын номын сан, сэтгүүлзүй судлаачдын хүртээл болгож, зохиогчид гардуулна. Судалгааны бүтээлийн эх бэлтгэлийг “Болор үзэг – Сэтгүүлзүй” цувралын стандартаар бэлтгэсэн байна. Хэрэв номын эх бэлтгэл хийгдээгүй бол бичвэрийн /үсгийн фонд: Arial, үсгийн хэмжээ: 12, цаасны хэмжээ: A4, мөр хоорондын зай: 1.15-1.5/ стандартыг баримтлан шивж ирүүлнэ.

“Болор үзэг – Сэтгүүлзүй” сан

Холбоо барих утас 99098070, 99097626

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн орны ачаалал 3.6 хувь хүртэл буурчээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар томуу, томуу төст өвчний хүрээнд өнөөдөр Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд нийт батлагдсан хүүхдийн 80 ортой бөгөөд томуу, томуу төст өвчний үед ЭМЯ, НЭМГ-аас гаргасан тушаал шийдвэрийн дагуу насанд хүрэгчдийн 90 орыг хүүхдийн оронд шилжүүлэн нийт 170 орыг ажиллуулж байна. Сүүлийн 4-5 хоногт эмнэлгийн орны ачаалал харьцангуй буурч, өнөөдрийн байдлаар 143 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт тус эмнэлгийн болон ӨЭМТ-ийн хүний нөөцийг ашиглан 1-3 эмчийг 24 цагийн ээлжээр ажиллуулж буй бөгөөд тодорхой ур чадвар, ажиллах зөвшөөрөл бүхий эмч, эмнэлгийн мэргэжилтнийг нэмэлт гэрээгээр ажиллуулж эхэлснээр хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ хүлээгдэл, чирэгдэлгүй болжээ.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд нийт батлагдсан хүүхдийн 165 ортой бөгөөд насанд хүрэгчдийн орыг нэмэлтээр хүүхдийн оронд шилжүүлж, нийт 230 орыг ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар, 200 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд томоохонд тооцогддог Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажилласан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Томуу, томуу төст өвчний тархалтын үед буюу 14 хоногийн өмнө нийслэлийн хэмжээнд нийт батлагдсан хүүхдийн 977 орон дээр 613 хүүхэд нэмэлтээр хэвтэж, орны ачаалал 80 шахам хувиар хэтэрсэн. Ялангуяа шинэ жилийн баярын дараа нэгдүгээр сарын 02-ноос 07-ны өдрүүдэд эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгдэж, СХД-ийн нэгдсэн эмнэлгийн 165 орон дээр 285 хүүхэд хэвтэж байсан. Нэгдүгээр сарын 11-нд буюу ид оргил ачааллын үеэр тус эмнэлэгт 301 хүүхэд хэвтсэн тохиолдол бий. Үүнтэй холбогдуулан ЭМЯ, НЭМГ-аас тодорхой зохион байгуулалт хийж, эмнэлгийн коридорт нэг ч хүүхэд хэвтүүлэхгүй, зохих стандарт орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх арга хэмжээг авсан.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 5, 7, 8, 19, 22, 23, 24, 27 дугаар хорооны насанд хүрэгчдийн дотор болон мэдрэлийн өвчний амбулаторийн үзлэг, хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх түр хугацаагаар “Ачтан” эмнэлэгт шилжүүлээд байна. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн Дотрын өвчин судлалын 1-р тасгийг 70 ортой хүүхдийн хэвтүүлэн эмчлүүлэх тасаг болгон нээж, Хүлээн авах, яаралтай тусламжийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд, насанд хүрэгчдийн 100 орыг хүүхдийн оронд шилжүүлсэн. Түүнчлэн Цэргийн төв эмнэлэгт 78 орыг дэлгэж БЗД-ийн 5, ЧД-ийн 2 хорооны хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Ингэж зохион байгуулалт хийсний үр дүнд өнөөдрийн байдлаар эмнэлгийн коридорт хэвтсэн нэг ч хүүхэд байхгүй байна. Гэхдээ удахгүй болох уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд томуугийн халдвар нэмэгдэж болзошгүй тул эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар 0-5 хүртэлх насны хүүхдээ гэрээр асарч сувилж байгаа эцэг эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг гаргасан.

Эцэг эхчүүд маань бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, аминдэм ихтэй тэжээллэг хоол хүнс хэрэглэх, олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, дархлааг нь дэмжих зэргээр гэрийн нөхцөлд сайтар асарч сувилах шаардлагатай байна. Ялангуяа олон вирус эргэлтэнд орж байгаа улирлын томуугийн үед зөвхөн хүүхэд гэлтгүй томчууд ч эрүүл мэнддээ онцгойлон анхаарч, урьдчилан сэргийлэх аргуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэж ярьсан юм.

Categories
мэдээ нийгэм

Онцгой гавьяа байгуулсан алба хаагчид

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшүүлэх, мэдлэг, ур чадварыг үнэлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд 2018 онд томоохон баримт бичгүүдийг батлуулсан. Үүний нэг нь Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам” юм. Энэхүү журмыг үндэслэн гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцож Онцгой гавьяа байгуулсан гурван алба хаагчид шинэ оны босгон дээр мөнгөн урамшуулал буюу 16 сая төгрөгийг олгосон юм.

НОБГ-ын нийслэлийн Аврах анги-105-ын аврагч, ахлах ахлагч Х.Цогбадрах

Тэрээр Онцгой байдлын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 2012 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1035 хүний амь насыг аварч, 275 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, 119 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 60 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Тухайлбал, Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймэрт нийт 86 хоног үүрэг гүйцэтгэж 1800 орчим га талбайн гал түймрийг унтраасан бол нийслэлийн хэмжээнд гарсан томоохон түймэр болох ХУД-ийн “Анун” төв, БЗД-ийн “Нарантуул худалдааны төв”, “Говь” ХХК-д гарсан түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн. Мөн СХД-ийн 16,17,20,21, БЗД-ийн 20, ХУД-ийн 13 дугаар хороонд болсон үерийн дуудлагаар тус тус ажиллаж, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үүргээ амжилттай биелүүлж байна.

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Б.Эрхэмбаяр

Тэрээр Онцгой байдлын байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ахуйн гал түймрийн дуудлагаар 94, ой, хээрийн гал түймрийн дуудлагаар 36, үер болон цасан шуурганд боогдон алга болсон хүний дуудлагаар 11 удаа ажилласан. Ажиллахдаа 18 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 950 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, үүргээ нэр төртэй биелүүлж байна. Мөн малын гоц халдварт шүлхий өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоох, ариутгал, халдваргүйжүүлэлт, устгал хийхэд 115 хоног, Хэрлэн сумын “Сөүл” караокед гарсан гал түймрийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн нэг хүний амь насыг авран хамгаалжээ. Түүнчлэн ээлжийн амралттай явж байх хугацаандаа Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэрт байрлах “Гүн цэнгэг” амралтын газрын “Гүн цэнгэг” нуурнаас дөрвөн охины амь насыг аварч, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгсөн байна.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Х.Мөнхбат

Онцгой байдлын байгууллагад 11-н жил ажиллах хугацаандаа 174 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 860 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Түүнчлэн “НИК Петровис” компанийн гурван ажилтан шатахуун ачсан “Урал марк”-ийн хоёр автомашинтай Мөрөн сумаас Ренчинлхүмбэ сумруу Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр тээвэр хийж яваад нуурын мөс цөмөрч осолдсон дуудлагаар 35-45 градусын хүйтэнд 47 м-ийн гүнд гурван хоног нийт 9 удаагийн шумбалт хийж, 1 хүний цогцсыг гаргасан бол хоёр автомашиныг Хөвсгөл нууранд шатахуун асгалгүйгээр татан гаргах ажиллагааг амжилттай гүйцэтгэхэд оролцсон. Мөн хүчтэй цасан шуурганаар Хатгал тосгоноос 9 км-ийн зайтай “Модот булан” гэдэг газраас Хатгал тосгоны чиглэлд явж байгаад Хөвсгөл нууран дээр төөрсөн 13 автомашинтай 45 иргэнийг, нуурын мөсөн дээр баримжаагаа алдан төөрч явсан явган 8 иргэнийг амь насыг авран хамгаалсан байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын буцаалтыг Сангийн яаманд шилжүүлжээ

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авч, сард хоёр удаа сугалаанд оролцох боломжтой болсон. Мөн иргэн бүр худалдан авалтынхаа үнийн дүнгийн 20 хүртэл хувийг буцаан авч, татвар төлснийхөө урамшуулалд сугалаагаар мөнгө хожих боломжийг хуульчилсан юм.

Тэгвэл сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд иргэд 2018 оны НӨАТ-ын буцаан олголт хэзээ эхлэхийг лавлаж, чих тавин хүлээж байна.

Татварын ерөнхий газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хувийг буцаан олгуулахаар иргэдийн мэдээллийг хянан баталгаажуулж, Сангийн Яаманд хүргүүлжээ. НӨАТ-ын буцаан олголтыг Сангийн яамнаас иргэдийн данс руу шилжүүлдэг бөгөөд одоогоор буцаан олголт өгөгдөж эхлээгүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу Сангийн Яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргаж, Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банкруу буцаан олголтыг шилжүүлдэг.

Иргэдэд сануулахад хоёр болон түүнээс дээш аккаунттай хэрэглэгчийн НӨАТ-ын буцаан авалтыг шилжүүлэх боломжгүй учир давхар бүртгүүлсэн олон аккаунттай хэрэглэгчид бүртгэлээ нэгтгэх шаардлагатай. Хэрэв бүртгэлийн мэдээлэл дутуу, алдаатай бол гүйлгээ буцаагдана. Энэ тохиолдолд татварын албанаас бүртгэлийн мэдээллээ засварласнаар буцаан олголтоо авах боломжоор хангагдах юм.

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд зааснаар албан татвар төлөгч нь буцаан олголтод хамрагдахын тулд дараах нөхцөлийг хангасан байна.

1. Албан татвар суутган төлөгчөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай бүр худалдан авалтаа нотолсон төлбөрийн баримтыг цаасан эсхүл цахим хэлбэрээр авсан байх;

2. Төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байна;

3. Албан татвар төлөгчийн албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар зөрүүтэй талаар нэгдсэн системээс мэдэгдэл хүргүүлсэн тохиолдолд мэдээллийг арван тав /15/ хоногийн дотор засварлах.

Албан татвар төлөгч нь хэрэглэгчийн овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудан /имэйл/-ийн хаяг, утасны дугаар, албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар зэрэг мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцах үүрэгтэй. Албан татвар төлөгч нь 2018 оны сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн буюу 2019 оны нэгдүгээр сарын 8-ны дотор цахим төлбөрийн баримтын систем (https://ebarimt.mn/)-д бүртгүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн төрийн ордны авто зогсоолд машин байрлуулахыг хориглолоо

Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаагийн шийдвэрээр өнөөдрөөс эхлэн Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажилладаг төрийн албан хаагчдын автомашиныг Төрийн ордны авто зогсоолд байрлуулахыг хоригложээ. Ингэснээр дээрх 3 байгууллагын нийт 600 гаруй ажилтан ажил үүргээ хэвийн гүйцэтгэх, ажлын цагаа бүрэн ашиглах, албан ажил гүйцэтгэхдээ хэрэглэх туслах хэрэгслээ эзэмших, ашиглахад нь хүндрэл учирч байгаа аж. Тиймээс ажлын нөхцөл, зайлшгүй шаардлагыг харгалзан үзэхийг хүссэн албан бичгийг УИХ-ын Тамгын газраас Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаад 2 удаа явуулж, хэлтэс, алба, ажилтнууд удаа дараа санал хүсэлтээ илэрхийлсээр байгаа ч асуудал шийдэгдэхгүй байсаар хориглосон шийдвэр хэрэгжиж эхлээд байна. УИХ-ын Тамгын газрын албан бичиг:Төрийн ордны авто зогсоолд машин байрлуулахыг хориглов

Categories
мэдээ нийгэм

Нийт 105 удаагийн дуудлагаар 80 хүний амь насыг авран хамгаалжээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аврах ажиллагаа, техникийн холбогдолтой ослын 3, объектын гал түймрийн 105, нийт 108 удаагийн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн 80 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 30 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 27,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.