Улсын Их хурлын гишүүд 50-иас дээш настай гишүүдээ элдвээр хэлж байна. Бодвол 65 настай Ч.Улаан, Х.Баделхан, 62-той Ц.Нямдорж, Н.Энхболд, 60-тай настай Ө.Энхтүвшин нарыг хэлж байгаа биз. Угтаа 60 нас гэдэг улс төрд бараг залуудана. Тухайлбал, Хятадын коммунист намын удирдах бүрэлдэхүүний нас дунджаар 60 эргэм байна. БНСУ-ын парламентын гишүүдийн олонх нь мөн адил 60 гаруй настай байгаа юм. Мөн Японы парламентын 40-өөд хувийг 60, 70 настнууд зонхилдог. Английн лордууд ч үүнтэй адил.
Эд нарын хажууд манай улстөрчид тун залууд орно. Бүр балчирханд тооцогдоно. Дэлхийн нэр нөлөө бүхий улсын тэргүүнүүд ч хэдийнэ 70 нас руу хэлбийсэн. Үүний хамгийн тод жишээ нь 73 настай Трамп юм. Мөн түүнтэй АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Хиллари Клинтон 72 настай. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын ерөнхийлөгч Си Жиньпин, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Инь нар бүгд 65 настай, Бразилын ерөнхийлөгч Мишел Темер 79-тэй байгаа юм. Италийн ерөнхий сайд асан, нэртэй улстөрч, тэрбумтан Сильвио Берлускони өдгөө 82 настай. Домог болсон энэ удирдагчдын насыг хэн ч шүүмжлээгүй.
Гэтэл манай 30, 40-тэй залуу гишүүд 60-аад настай өнөөх хэдийгээ “Тэтгэвэртээ гар” гэж шүүмжилж, бүр зөвлөж байх юм. Тэтгэвэрт гарах нас биш, харин ч улс төрийн карьераа эхлүүлэх үе гэдгийг дэлхийн улстөрчдийн жишээнээс бэлхнээ харж болох бус уу.
Ер нь ч улс төр хийх, улсыг удирдана гэдэг тэтгэвэрт гарсан хүний ажил гэж дэлхийн ихэнх орны улс төр судлаачид үздэг юм билээ. Учир нь 70 гарсан хүн хүүхэн шуухан гэх мэт шалдар булдар зүйлд сэтгэл урвахгүй. Төдий насанд хүртлээ цуглуулсан эд хөрөнгөндөө ч ханачихсан байдаг. Улс төрд орж, карьерийнхаа дээд цэгт хүртлээ яваа хүн 70 хүртлээ юу эсийг хуримтлуулж, юу эсийг үзэх билээ. Үр хүүхдэдээ өвлүүлэх, үлдсэн насандаа хангалттай байж чадахаар эд хөрөнгө хуримтлуулсан байж таарна. Тиймдээ ч улс төрд орж эд хөрөнгийн төлөө улайрах нь юу бол. Мөн өндөр албан тушаал горилох шунал, хүсэл ч үгүй. Товчхондоо үр хүүхдүүд нь хэдийнэ байр сууриа олчихсон байхад эрх мэдэл, ашиг хонжоо, эд хөрөнгө цуглуулаад юу хийх билээ гэдгийг тэд ухаараад ойлгочихсон байх болно. Харин тэд ард түмэн, үр хүүхэд, хойч үедээ нэр бүтэн үлдэхийг л эрхэмлэнэ. Хорвоо ертөнцөөс одоход нэр минь муугаар дурсагдах вий, үлдэж буй үрс, эх орондоо буруу зүйл хийхгүй байхсан гэх бодол л түүнийг алхам тутамд чиглүүлдэг. Ийм ч учраас настай хүмүүс л улс төрд байх ёстой. Улс төрд байх нь л тэдний хийх ажил юм.
Ер нь ч улс төрд хамгийн их алдаа дутагдал гаргадаг нь залуу гишүүд л байдаг. Үүнтэй хэн ч маргахгүй. Д.Гантулга, Д.Мурат нарын асуудлууд ч үүнийг нотлох биз ээ. Энэ мэтчилэн залуу гишүүдийн элдэв хэл аманд өртөх явдал огт тасардаггүй. Хамгийн сүүлд л гэхэд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүд ард түмний төлөө нэрийн дор жагсаал цуглаан зохион байгуулсан. Тэдний улс эх орон, ард түмний төлөө явж байгаа нь юу л бол. Харин залуу хүн болсон хойно нэр төр хөөцөлдөх, карьер хөөх, хөрөнгө мөнгө босгож, өөрт хожоотой зүйл хийхийг л эрмэлзэж яваа байх. Тэгж ч бодолгүй яахав. Энэ чинь л угаасаа залуу хүмүүсийн хийдэг зүйл шүү дээ. Гэхдээ тэд олноороо улс төрд байх нь тун осолтой. Тэд өөрт хэрэгтэй зүйлийн төлөө юу ч ярьж, ямар ч зүйлийг хийхээс буцахгүй гэчихэд нэг их хол зөрөхгүй байх.
Тэгвэл манай УИХ-ын залуу гишүүд яагаад настай гишүүдээ шүүмжлээд байна вэ гэх асуулт ургаж таарна. Залуу гишүүд тэдгээрийн насыг нь бол шүүмжлээгүй. Шүүмжлэх ч учиргүй. Шүүмжлэх учиргүйн тухай ч дээр өгүүлсэн. Харин тэд намбыг нь шүүмжлээд байна. Манай ахимаг настай гишүүд намба муутай байх шиг байна. Ж.Мөнхбат гишүүн “Манай ах нар сайдын сураг гарахаар л гүйчих юм. Ч.Улаан гуай та зургаан удаа Монгол төрийн сайд хийсэн хүн. Одоо би боллоо гэж боддоггүй юм уу. Энэ залуучуудаас нэг нь гэсэн төрийн сайд хийж үзэг, дадлага туршлага сууг, болохгүй бол би зааж зөвлөөд явъя гэж боддоггүй юм уу, та” хэмээн өнгөрсөн баасан гаригийн чуулганаар хэлсэн. Энэ тун ч онож хэлсэн үг байв. Тэд насыг нь бус намбыг нь шүүмжлэх учиртай.
Үзсэн харсан, улс төрөөс хүртсэн нь эдгээр настай гишүүдэд хангалттай. Тэд Монголын төрөөс хүртэж болох бүхий л сайхныг хүртсэн. Гэтэл тэд үүндээ ханаж чадахгүй, намбагүй, өөдгүй зан гаргаж байна. Тэд ийн аягалж байгаагаа нэг ч удаа болов эргэцүүлж бодох ёстой. Яахав “Залуу гишүүд чадамгүй нь би л зүтгэхээс, ачааны хүндийг үүрэлцье” гэж бодож байж болох л юм. Гэхдээ нас, намба хоёр тохирч байвал хамгийн зөв харагддаг. Хүн төрөлхтөн ахмад үеэсээ ийм л зүйл шаарддаг юм шүү дээ. Ийм байх ёстой юм.