Токио хотноо үргэлжилж буй Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёд Хакүхо аварга ганцаараа тэргүүлж байгаа. Тэгвэл Мичинокү дэвжээний бөх Кирибаяма Бямбачулууны Лхагвасүрэн Жюүрёо зиндаанд дэвшин барилдах болжээ. Өчигдөр Макүшитагийн нэгээс босон барилдаж буй Кирибаяма Б.Лхагвасүрэн, Таканофүжиг давснаар 4 дэх даваагаа авлаа. Улмаар Кирибаяма сүүлийн хоёр барилдаанаас үл хамааран Жюүрёо зиндаанд дэвшинэ. Ийнхүү монгол сумочдоос дахин нэг цолтой бөх төрж байна. Тэрбээр 23 башё /3 жил 9 сар /барилдсаны эцэст зиндаа ахиж цолтой бөх болж байгаа юм.
Month: January 2019
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаана. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
– Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
– Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
– Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
– Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Мянганы Сорилтын Корпорациар төлөөлүүлэн Амеркийн Нэгдсэн Улсын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
– Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/
2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
– Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь нарын 3 гишүүн 2018.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
АЖЛЫН ХЭСЭГ:
– Химийн бодисын хуванцар сав, нийлэг уутны зохисгүй хэрэглээг хязгаарлах талаар 2018 оны 05 дугаар тогтоолын биелэлттэй танилцаж Өргөдлийн байнгын хорооны гишүүд 10.00 цагаас нийслэлийн Хан-Уул дүүрэгт ажиллана.
Өмнөговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт ихсэж бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэгчдээс нэг хүн нас баржээ. Мөн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 2 нь маш хүнд, 7 хүүхэд хүнд байгаа төдийгүй өвчлөл даамжирч хатгалгаа, менингит, H1N1 вирусын халдвар тархаж байгааг эмч нар хэлж байна. Хэвтэн эмчлүүлэгчдээс ХӨСҮТ-д 18 сорьц шинжилгээнд явуулснаас 10 хүний шинжилгээгээр томуугийн H1N1 вирус илэрсэн тул аймгийн хэмжээнд олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон шийдвэр Онцгой комиссоос гаргажээ. Энэ 7 хоногт тус аймагт зохион байгуулагдах байсан Ингэний айрагний баяр, Малчдын зөвлөгөөн, Тэмээний баяр зэрэг олон нийтийн арга хэмжээнүүд бүгд цуцлагдсан байна.
Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын хамт олон албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, залуу, ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох зорилгоор Албаны түүхэн музейтэй боллоо.
Албаны музейд Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, үе, үеийн удирдлагууд, алба хаагчдын эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэл, аймгийн хэмжээнд гарсан гамшиг ослыг харуулсан гэрэл зураг, аврах ажиллагаанд ашиглагдаж байсан багаж хэрэгсэл зэрэг 100 гаруй нэр төрлийн үзмэрүүдийг дэлгээд байна.
Мөн аймаг, орон нутгийн түүхэн онцлог, байгалийн үзэсгэлэн, ёс заншлыг харуулсан түүх соёлын дурсгалуудаас гадна Онцгой байдлын газрын алба хаагчдийн өөрсдийн гараар урласан бүтээлийн дээжис, цуглуулга, гаргасан амжилтуудыг дэлгэж, олны хүртээл болгоод байна гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа. Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг зөвхөн “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудсаар хийх бөгөөд тус цахим хуудаснаас бүртгүүлэх заавар болон шаардах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой. Бүртгэлийг энэ сарын 15-наас ирэх сарын 20-ны өдрүүдэд явуулна.
Тэтгэлгийн талаар түгээмэл асуултууд
1. Бүртгэл хийх зөвшөөрөлтэй хувь хүн болон албан байгууллага байдаг уу?
Турк Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг хийх зөвшөөрөлтэй хувь хүн болон байгууллага огтхон ч байхгүй болно. Бүртгүүлэхийг хүссэн иргэд зөвхөн www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудаст хандах боломжтой. Бүртгэлийн системийн заавар болон сануулгыг анхааралтай уншиж танилцахыг зөвлөж байна.
2. Бүртгүүлэхэд насны хязгаар бий юу?
Тус тэтгэлэгт хөтөлбөрт бакалаврын түвшинд 21, магистрын түвшинд 30, докторын түвшинд 35-аас доош насны иргэд бүртгүүлэх боломжтой.
3. Бүртгүүлэхийн тулд сургуулиа төгссөн байх шаардлагатай юу?
Тэтгэлэгт хөтөлбөрт тухайн жилд их сургуулиа төгссөн, эсвэл төгсөх иргэд хамрагдах боломжтой.
4. Бүргүүлэхэд заавал шаардлагатай бичиг баримт бий юу?
Зарим Их, дээд сургуулийн сургалт болон мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг бөгөөд түвшин тогтоох шалгалтын оноогүй иргэдийн бүртгэлийг тухайн ангилалд нь сонгон шалгаруулах боломжгүй.
5. Тэтгэлгийн шалгаруулалт хэрхэн явагдах вэ?
Бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахад тэтгэлэг горилсон Их, дээд сургууль болон мэргэжлийн онцлогт тус тус үндэслэн тухайн иргэний сурлагын түвшин, нийгмийн идэвх, гаргасан амжилт зэргийг харгалзан үздэг.
6. Бүртгүүлэхдээ хүссэн тэнхимээ сонгох боломжтой юу?
Тэтгэлэг горилох Их, дээд сургууль, мэргэжлийн чиглэлийг сонгохдоо тухайн иргэний суурь боловсролын чиглэлийг үндэслэн систем өөрөө автоматаар түүнд тохирох сургууль болон мэргэжлийн жагсаалтыг гаргаж ирэх бөгөөд уг жагсаалтаас гадуур өөр сургууль, мэргэжил сонгох боломжгүйг анхаарна уу.
7. Дэлгэрэнгүй мэдээллийг хэрхэн авах боломжтой вэ?
Дэлгэрэнгүй мэдээллийг “www.turkiyeburslari.gov.tr” цахим хаяг болон 0 850 455 0 982 дугаарын утсаар холбогдон авах, эсвэл “info@turkiyeburslari.org” хаягт цахим шуудан илгээн тодруулаарай. Мөн доорх холбоосоор тэтгэлэгт бүртгүүлэх заавар зөвлөгөөг авах боломжтой.
https://www.turkiyeburslari.gov.tr/en/announcement/turkiye-scholarships-2019-applications
УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Тухайлбал,11.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, зургаан асуудал хэлэлцэх юм. Байнгын хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтад Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол, Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль болон БНХАУ-ын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээх тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үдээс хойш буюу 14.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана. Тус байнгын хороо Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай болон Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Чуулганы Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг баталлаа. Ер нь нэг хүнд зориулж хууль батлах нь хэр зөв бэ. Хуулийг сулруулсан үйлдэл болох биш үү?
-Анх АТГ-ын даргыг сольё гэдгээс л ширүүн юм эхэлсэн л дээ. Ардын намын зүгээс М.Энхболд даргыг огцруулах асуудлыг ярьж эхэлсэн. Тэдний зүгээс Бага хурал, удирдах зөвлөлийн шийдвэрээ гаргасан. УИХ-ын дарга чөлөөлөгдөх таван үндэслэл байдаг. Нэг нь сайн дураараа чөлөөлөгдөх. Үлдсэн дөрөв нь ямар нэг шалтгаан өгсөн байх ёстой. Гэтэл чөлөөлөгдөх ёстой хүн нь өөрөө чөлөөлөгдөөгүй. Улмаар 38-аас дээш гишүүн УИХ-ын даргаа хүлээн зөвшөөрөхгүй бол дарга байх ёсгүй гэх асуудал тавьсан. Зөвшөөрөхгүй байгаа гэдэг нь хангалттай биш. Тиймээс тогтоол бичихдээ шалтгаан бичих ёстой. Тэндээ бидэнд таалагдахгүй байна гэж бичих юм уу, хууль зөрчсөн гэх юм уу. Үндсэн хуульд гагцхүү хуулинд үндэслэж огцруулна гэж байгаа шүү дээ. Тийм учраас та нар хуулиа бичээч ээ гэдэг асуудал тавьсан. Ерөнхийлөгч хуулийг бичсэн нь л энэ. Тэгээд Ардын намынхан баталж байна. М.Энхболд байна уу, У.Хүрэлсүх байна уу хамаагүй. Хууль ямар байх ёстой вэ гэдгийг ярих цаг болжээ. Үндсэн хууль гэж бий. Салбарын хууль гэж байна. Хуулийн дор улс төр хийх ёстой болохоос, хуулийн дээр улс төр байна гэх ойлголт байх ёсгүй. Хуульд нийцсэн л улс төр хийх ёстой. Тэгж байж бид нийгэмд зөв жишиг тогтооно.
-Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийн утга агуулгыг хуульч хүнийхээ хувьд та хэрхэн харж байна вэ?
-Их л тааруухан хууль орж ирсэн. Захын бакалавр цолтой хуульч нар хэлээд өгчихнө. Энэ хуулийг батлахаас өөр гарц байгаагүй учраас баталлаа гэж хараад байна.
-Уг хуулийг чуулганы танхимд хэлэлцэж байх үед Ж.Батзандан гишүүн “Хувьсгалын үед хуулиар яах юм бэ” гэсэн. Үүнийг та юу гэж дүгнэж байна вэ?
-Хувьсгал 90 онд дууссан. Дэглэмийг өөрчлөх гэж хувьсгал хийдэг юм. Одоо бид хувьсгал хийнэ гэвэл өөр дэглэм рүү орохоос өөр арга байхгүй шүү дээ. Тоталитар юм уу, фашист юм уу. Миний хувьд ардчиллаас өөр дэглэм байхгүй. Ардчиллыг хэтрүүлбэл анархизм болно. Бид одоо хувьсгал биш, хувьсгалт өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлт, хууль тогтоох байгууллагыг боловсронгуй болгох, хулгай зэлгий хийсэн этгээдүүдийг багаас нь их рүү, ихээс нь бага руу гэж ялгахгүйгээр бүгдэд нь хариуцлага үүрүүлэх ёстой болж байна. Үүнийг хийх гэж байгаа бол гагцхүү хуульд нийцсэн байх ёстой.
-УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулснаар өөрчлөлтийг авчирч чадах уу?
-Сайн мэдэхгүй байна. МАН-ын 65 гишүүн хүнээ тавина шүү дээ. Магадгүй парламент тарах нь зөв байх. Улсаа бодоод МАНАН-тай тэмцье гэвэл С.Жавхлан бид хоёрын нэг нь их хурлын дарга болох ёстой юм билээ. Яагаад гэвэл Ардчилсан нам, Ардын нам хуваагдчихсан байгаа. Хэн нь ч гарсан бай нөгөө тал нь төрийн эрх мэдлийг барьцаалаад өшөө авалт гэдэг ч юм уу, бойкотлоод ажил хийхгүй. Харин би аль нэг талд нь орж, барьцаалагдсан юм алга. Өнөөдөр парламентын спикер давуу эрхтэй биш байж болно. Тэгвэл хэн дараагийн дарга вэ гэдэг хамгийн чухал. Өнөөдөр 39 буюу түүнээс дээш гишүүнтэй нам Засгийг байгуулах эрхтэй. Харин МАН 65-уулаа байна шүү дээ. Гэхдээ хуваагдчихаад байна. Тэгэхээр тэднийг сольж, оронд нь шинэ улс төрийн хүчин гарч ирж, Засгийн газраа байгуулж байж, цааш явна. Тэрнээс нэг хүний хүссэн эрх мэдлийг нөгөө хүний хүссэн эрх мэдлээр солих биш. МАНАН бүлэг гэж бий. Олон жил боллоо, үндэслэлгүйгээр хөрөнгөжлөө гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. 2020 оны сонгуулиар бид сонголтоо зөв хийгээд, цэвэрхэн бохирдоогүй хүмүүсийн нэгдлийг авчирч байж үүнийг устгана. Тэрнээс Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин гэх хүмүүсийг дарга болговол, АТГ-ын даргыг солиод эх захгүй юм болно.
-УИХ-ыг тараах бичигт Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нарын гишүүд нар гарын үсэг зурлаа. УИХ тарах нь зөв үү?
-Сөрөг хүчний хүсэлтэд эрх баригч нар гарын үсэг зурж байна. Би зурсан ч, зурахгүй байсан ч чанарын ялгаагүй. Яагаад гэвэл эцсийн шийдвэрийг ард түмэн МАН-ын 65 гишүүнд өгсөн. Тиймээс тэд хэд хэдэн ажлыг хийх хэрэгтэй байна. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлт, Таван толгой, Оюу толгойг хөдөлгөх, гэмт хэрэг хийсэн хүмүүстээ хариуцлага тооцох гэх мэт. Чадахгүй бол та нар зайгаа тавиад өг. У.Хүрэлсүх өнөөдөр мэдэгдэл гаргаад, МАН бага хурал, удирдах зөвлөлөө хуралдуулж, УИХ-ыг тараах шийдвэр гаргаж тогтоолын төсөл оруулж ирвэл би гарын үсэг зурж болно. Тэрнээс доор байгаа бичигт гарын үсэг зурсан 11 гишүүн дээр нэмээд би зурахаар ард түмнийг хуурсан үйлдэл болно. Яагаад гэвэл шийдвэр гаргах эрх нөгөө хэдэд бий.
-УИХ 40 гаруй хоног тасалдлаа. Ирэх сарын 5-нд завсарлана. Хэлэлцэх асуудал зөндөө үлдсэн. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Хуультай юм чинь хуулиа дагахаас өөр арга байхгүй. Дараа нь ээлжит бус хуралдаан зарлаж болно. Хэний буруугаас болж ийм нөхцөл үүсэв гэдэг асуудлын гол нь. Өнөөдөр шийдэх ёстой маш олон хууль дүрмүүд байна. Утааг, өр зээлээ хар. Өнөөдөр орд газруудын тухай ярьж байна. Орд газруудыг хурааж авах нь гоё уу, орд газруудыг хурааж аваад яаж нийгмийн баялаг болгох тухай хуулийг батлах нь зөв үү. Хуулиа баталчихаад орд газруудаа ав л даа. Хуулиа батлаагүй байж өөрсдийгөө улам өрөнд оруулах юм. Нөгөөдүүл нь бас тэнэг хүмүүс биш. Олон улсын шүүхээр явна. Монголоо албаар өрөнд хийх сонирхол эд нарт байна. Геополитик талаас нь хараад үзье. Хойд Солонгос өнөөдөр цөмийн хог хаягдлаа хаана булах вэ. Орос, Хятад хоёр нийлээд Монголд булъя гэсэн НҮБ-ын тогтоол гарвал яана. Энэ талаар судалгаа хүртэл явж байна шүү дээ. Өнөөдөр бид нэг зам нэг бүс гэж ярьж байна. Их л гоё юм шиг. Гэтэл бидэнд олон улсын стандартад хийчихсэн юм алга. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад орох ёстой гэж Засгийн газар, гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд нь хүртэл ярьж байна. Тэнд орсноор Европын холбоо шиг хил хязгааргүй болъё гэх тогтоол гарвал яах вэ. Төрд ажиллаж байгаа бол юмыг олон талаас нь харах хэрэгтэй. Яагаад гэвэл Монгол Улсыг тусгаар тогтносон, бүрэн эрхт, бүгд найрамдах байлгахын төлөө бид тэмцэх үүрэгтэй хүмүүс.
Өдгөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр нэг нь эсрэг, нөгөө хоёр нь нэг тал болчихсон байна. Одоо хүн солигдвол гурвуулаа нэг тал болно. Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр юу батлагдах нь төрийн нууц. Бид нар мэдэхгүй. Тэгэхээр бүх юмыг сайн бодох хэрэгтэй. Сөрөг хүчнээс дараагийн УИХ-ын даргыг тавих нь зөв. Тэгэхгүй бол дэндүү үнэмлэхүй байна.
-Ашигт малтмалын татварын тухай хууль дуншсаар байна…
-Байгалийн баялгийг ард түмэнд өгөх ёстой. Тухайлбал, Засгийн газарт алтны татварыг 2.5 хувь болгооч ээ гэж бичиг өгсөн. Тэгвэл яаж байгалийн баялгаа ард түмэнд өгөх юм бэ. Чуулганаар хэлэлцсэн бол би хэлэх гэж байсан юм. Түр хойшлууллаа. Ард түмнийг унтуулж мартуулж байгаад татварыг буулгах байх. Газрын доор баялаг бий. Мөнгө төлж байж тэр баялгийг гаргана. Зардал гаргаад цаана нь ашиг үлдэнэ. Баялгийг гаргаж байгаа зардал ямар ч өртөггүй. Тэгвэл ашгийн чинь 70-80 хувийг ард түмэндээ өгье. Хуулиа эхлээд батал. Баталсныхаа дараа хүссэн ордоо нийгэмчил. Монгол Улсыг Украины араас оруулах сонирхол Сорсын хэдэн гөлөгнүүдэд байгаа шүү. Дэлхий нийт Соросоос айж байна. Сорсыг Орос хуулиар хориглосон. Манайхан Унгар руу баахан хүүхдүүдээ сургаа биз дээ. Энэ нөхдүүд чинь Либерал гэдэг нэртэй хүчгүй төр үүсгэх сонирхол бий болгосон. Явсаар байгаад өнөөдөр энэ тал руугаа орж байна.
-ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах түр хороо байгуулъя гэсэн ч УИХ дэмжсэнгүй. ЖДҮ-тэй холбоотойгоор 23 гишүүнийг эргүүлэн татах тухай яригдаад байгаа. Энэ тухайд?
-23 гишүүний эрхийг эргүүлэн татах юм бол парламент тарна. Тэгэхээр зайлшгүй түр хороо гарч ирж дүгнэлт өгөхгүй бол болохгүй. Энэ дүгнэлтээр албан тушаалын байдлаа ашигласан юм уу, иргэдэд өгөх мөнгө мөн үү гэдгийг шийднэ. Бид зээлийн тухай биш, гэмт хэргийн тухай ярьж байна. Хуулийн байгууллага парламентыг тарчих вий гэж айх ёсгүй. Тарах уу, үгүй юу гэдэг парламентын асуудал. Шалгах нь хуулийн байгууллагынх. Хуулийн байгууллага нь ороод ирэхээр парламентыг тараах гэсэн төрийн эсрэг гэмт хэрэгтэн юм шиг сурталчилж болохгүй. Гэмт хэрэг хийхээ л больчих. Хуулийн байгууллага өнөөдөр миний талаар ийм зүйл ярьсан бол би эрхээсээ түдгэлзлээ. Цэвэр, шударга гэдгээ нотлоод орж ирнэ шүү. Хуулийн байгууллага үндэслэлгүй түдгэлзүүлснээс болж гарз хохирол гарах юм бол би ял авахгүй, хуулийн байгууллага миний хохирлыг барагдуулах ёстой шүү гэж хэлээд л түдгэлзчихмээр санагдаад байгаа юм.
-М.Энхболдыг унагаснаар МАНАН арилна гэж түүнийг эсэргүүцэж буй гишүүд хэлж байгаа. Үнэхээр тийм зүйл болох уу?
-Манай улс төрд хоёр нярав байдаг юм. М.Энхболд, З.Энхболд. Нярвууд бүртгэл сайтай. Тэр бүртгэлд нь заримдаа эвгүй юм бүртгэгдчихдэг. Бүртгэлээс нь хамаараад тэр хүний өмнө бөхийж амьдардаг хүмүүс байна л даа. Сайн байна уу, дарга аа, Уучлаарай, та мундаг гээд л явдаг. Өнөөдөр нэг бүртгэлийн системээсээ салах гээд л үйлээ үзээд л явж байгаа шүү дээ. М.Энхболд гэсэн бүртгэлийн системд маш олон хүмүүс бий. Тухайлбал, чуулганаар би чамд газар өгсөн, чи тэр үед газар авч байсан гээд л ярьж байгаа биз дээ. Энэ хүн айхавтар улстөрч, удирдагч гэхээсээ илүү сайн нярав хүн. Бүртгээд л сууж байдаг. МАНАН бүлэг, Шударга бусын хонгил байгаа. МАНАН бүлэг улам сууриа бэхжүүлж, хүнээ солих гэж байна. Н.Энхбаяр гэдэг хүнийг 15 жил муулж, гүтгэн, доромжилсон. Оймстой нь бариад явсан. Зөвхөн тэр хүнд зориулж долдугаар сарын 1-ний жагсаалыг хийсэн. Зөвхөн тэр хүнийг унагах гэж таван хүнийг буудсан. Тэрээр эцэст нь унасан. МАНАН бүлэг улам бэхэжсэн. Ард түмэн цус үзэхгүй бол тайвшрахгүй гэдэг шиг нэг хүнийг явуулах хэрэгтэй болжээ.
-Шийдэл нь юу вэ?
-МАНАН бүлгийг бөөнөөр нь улс төрөөс явуулах ёстой. Тэгэхийн тулд Цүнх барьдаг паразитуудаас нь эхлэх ёстой. Тэд нарыг сүлжээгүй, харилцаа холбоогүй болгох ёстой. Ингэхийн тулд нэгдүгээрт, дахин засаглалын хуваарилалт хийх. Хоёрдугаарт, Сонгуулийн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Засаглалын дахин хуваарилалт хийхийн тулд Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Үндсэн хуулиа өөрчлөх нь гол. У.Хүрэлсүх МАНАН бүлэгтэй тэмцэхгүй байна. Тэмцэхгүй байгаа учраас Үндсэн хуулийн тухай, Улс төрийн намын тухай хууль ярихгүй байна. 40-үүлээ нийлээд хууль баталж болж байгаа юм чинь 40-үүлээ нийлээд энэ хуулиудыг оруулаад ир л дээ. Батлаад өгье л дөө. Дараагийн хүн нь МАНАН бүлгийг хурдан нураагаасай билээ. Эд нарт хугацаа алга л даа.
Н.Энхбаяр гэдэг хүн нэг голын усанд хоёр сэлэхгүй гэдгээ ойлгоод цорын ганц суудал авчирсан гишүүндээ туг, тамгаа өгөх хэрэгтэй. Бидний үеийн маш олон сайхан хүмүүс байна. Тэдэнд нэг л сул тал байгаа. Мөнгө төгрөг жаахан тааруу. Манай хүнд энд тэндээс хулгайлсан мөнгө төгрөг байвал тэрүүгээрээ санхүүжүүлээд зөв хүмүүсийг гаргаад ир. Өөрөө ил гарах биш. Тэгэхгүй өөрийгөө магтуулах сүлжээ гаргаад байдаг. Яриад байдаг хүмүүс нь дандаа хулгайч.
Хүн хэлмэгдэнэ гэдэг чинь хэцүү. 60 тэрбумтай тэмцэх хэрэгтэй. МАН-ын санхүүг шалгах хэрэгтэй. Шалгаад л тэр мөнгө өгсөн хүмүүсийг нь гаргаад тавья л даа. Тэр дотор нь М.Энхболд орсон байна уу. Тэрнээс биш байшин дотор ярьсан яриаг аймшигтай гэмт хэрэг гэж үзэх нь утгагүй. Байшин дотор байтугай утсаар намайг ална гэж сүрдүүлж байгаа хүмүүс байна, төлбөртэй. Өнөөдөр нэг нөхөр намайг ална гэж бичлэгээр сүрдүүлж байна.
-Ямар бичлэг?
-Фэйсбүүкээр ирсэн. Чамайг ална гэж хүртэл дайрсан. Надтай үзэлцэнэ гээд л байгаа.
-Юунаас болж тийм бичлэг явуулсан юм бол?
-МАНАН бүлгийн хамгаалагч гээд байгаа. Би ямар юмных нь хамгаалагч байх вэ дээ. Жинхэнэ хамгаалагч нар чинь эд нар. МАНАН бүлэгтэй эд нар тэмцэхгүй ээ. Хулгайчууд хувьсгал хийхгүй шүү дээ. Хулгайч нарынхаа тоог цөөлье гэж Баабар гуайн хэлсэн үнэн. Ажлаа өөр хүнд ч өгөхгүй өөрсдөө ч ажлаа хийхгүй хуучирсан пянзнууд хувьсгал хийх гээд байгаа нь надад таалагдахгүй байгаа. Оюу толгойн асуудал яриад байсан хаана байна. Том бүлэглэлүүд зохион байгуулалттай хооронд нь алалцуулаад байна. Хэн нэр хүнд муутай байна тэр хүндээ нэр хоч өгөөд л хэн ч биш болгож байна. Өнөөдөр У.Хүрэлсүх хувьсгал хийж, шударга ёсны сэлэм гаргахыг хүсч байгаа бол хуулиуд оруулаад ир. Хуулиудаа хараад ярья. Жүжиг л тоглоод байх юм. Эрх мэдлээ авчихсан юм чинь ажиллаад өгөөч ээ. Шударга ёсныхоо сэлмийг хоёр талд гаргаад цавчаад өгөөч. Юу саад болоод байгаа юм. Өнөөдрийн дотор өөрчлөлт хийе гэж бодож байвал хуулиудаа батал.
08.30 цагт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сайжруулсан түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцна. Утас: 88054040
11.00 цагт Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эсрэг талд байрлах Сэргээн засах эмнэлэгт Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах орчин үеийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө. Утас: 99931551, 88727317
11.00 цагт “Корпорейт конвеншн центр”-т ХНХЯ-наас зарласан “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно. Утас: 99815918, 91915340
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хуульчид ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Иргэний эрхийн тунхаглал” ТББ-аас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн маргааны талаар мэдээлэл хийнэ.
Төрийн ордонд
11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
Өчигдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар салбарынхаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Эрчим хүчний яам өнгөрсөн жилийг “Эрчим хүч хэмнэх жил” болгосон бол өнөө жил Эрчим хүчийг ухаалаг болгох уриа дэвшүүлжээ. Өнгөрсөн онд энэ салбар 20 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Мөн цахилгаан, дулааны станцууд уурхайнуудаас нүүрсийг өөрийн өртгөөс нь хоёр мянган төгрөгөөр бууруулж авдаг гэнэ. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхантай ярилцлаа.
-Өнгөрсөн оныг Эрчим хүчний яам “Эрчим хүчний хэмнэлтийн жил” гэж зарласан. Ямар үр дүн гарав?
-Өнгөрсөн жилийг Эрчим хүчний хэмнэлтийн жил гэж зарласнаар олон үр дүн гарсан. Эрчим хүчний хэмнэлт гэдэг бол зөвхөн эрчим хүчний салбарт хэрэгжих асуудал биш. Үйлдвэрлэгч, хэрэглэгч гээд эрчим хүчний зах зээлд хамрагдаж байгаа бүх оролцогчдод хамаарах асуудал. Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль гэж бий. Хэрэгжүүлэгч нь Эрчим хүчний ёс зүйн хороо. Өнөөдөр бид хэмнэлтийн жил хийсэн ажлынхаа дүнг гаргаж байна. Гуравдугаар сард улсын хэмжээний үр дүн гарна. Зөвхөн манай эрчим хүчний салбар дангаараа өнгөрсөн жил 40 сая квт цахилгаан хэмнэсэн тооцоо гарсан. Мөнгөн дүнгээр тооцвол зургаан тэрбум төгрөг шүү дээ. Бусад салбаруудын хэмнэлт удахгүй гарна. Эрчим хүч хэмнэнэ гэдэг нь байгаль орчинд ч эерэг нөлөө үзүүлдэг. Нүүрс түлэх ч буурна.
-Энэ жил зарласан ухаалаг эрчим хүч гэж юу вэ?
-Ухаалаг утас гэдэгтэй адил ойлголт. Эрчим хүчний тоног төхөөрөмж, технологи шинэ түвшинд гарна. Хамгийн чухал нь эрчим хүчний найдвартай ажиллагааны түвшин дээшилнэ. Янз бүрийн мэдрэгчүүдтэй төхөөрөмжүүд аливаа гэмтлийг цагтай, газартай нь мэдэрнэ. Тэр бүү хэл урьдчилан сэргийлэх боломж олгоно. Үүнийг эрчим хүчний системийн найдвартай ажиллагааны түвшинг дээшлүүлэх гэж байгаа юм. Эрчим хүчний үйлдвэрлэл ч ялгаа байхгүй. Ухаалаг зуух, ухаалаг турбин, ухаалаг генератор, ухаалаг релейтэй болно. Дулаан, цахилгаан ухаалаг тоолууртай болно. Дэлхий даяар ухаалаг тоног төхөөрөмжид шилжсэн. Ингэснээр та бүх хэрэглээгээ алсаас удирдаж болно. Хянаж болно. Хамгийн гол нь ухаалаг төхөөрөмжүүдийг ашигласнаар их хэмжээний цахилгаан хэмнэнэ.
-Сайд энэ жил 30 гаруй томоохон ажил хэрэгжүүлнэ гэсэн.
-Ухаалаг эрчим хүч төслийг эхлүүлж цаашдаа томоохон хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хамгийн том ажил нь ухаалаг төхөөрөмжүүдийг ажиллуулах мэргэжилтнүүдийг бэлдэнэ. Судалгаа, боловсон хүчний асуудлыг шийдвэрлэнэ. Ухаалаг төхөөрөмжүүд дээр энгийн хүн ажиллахгүй. Өндөр мэргэжилтэн ажиллана. Цалин ч өндөр байх ёстой.
-Яагаад өнгөрсөн онд хүчний салбар 20 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бэ?
-Эрчим хүчийг үйлдвэрлэлийн өртгөөс доогуур үнээр хэрэглэгчдэд зарж байгаа юм. Жишээлбэл, өнөөдөр нэг килокалори дулааныг 30 мянган төгрөгөөр үйлдвэрлээд 15 мянган төгрөгөөр зарж байгаа. Зарим 3-4 дахин хямд. Нэг киловатт цахилгааныг 140 төгрөгөөр үйлдвэрлээд 110 төгрөгөөр зарж байх жишээтэй.
-Аажмаар үнэ чөлөөлөх хөтөлбөр бий юу?
-Үнэ чөлөөлөх гэж буруу яриад байгаа юм. Энэ дэлхий дээр цахилгааны үнийг чөлөөлсөн ямар ч улс байхгүй. Зохицуулалт хийдэг. Үйлдвэрлэгч хэрэглэгчийн аль алиных эрх ашгийг хамгаална. Цахилгааны бодит үнийг л тогтоодог. Сүүлийн гурван жил эрчим хүчний үнэ хөдлөөгүй. Одоо бол энэ чигээрээ явах боломжгүй. Үнэ хөдөлнө. Гэхдээ нийгмийн амьжиргаа хүнд байгаа тул огцом өсгөхгүй, аажмаар бага зэргээр өсгөх бодлого баримтална. Боломж шавхагдаж дуусч байгаа. Хүссэн, хүсээгүй бодит өртөгт ойртуулахаас өөр аргагүй.
-Нүүрсний уурхайнууд цахилгаан, улааны станцууд нүүрсийг өртгөөс нь доогуур үнээр авч байна гэж гомдоллодог.
-Үнэн л дээ. Багануур, Шивээ-Овоо, Шарын гол гэсэн гурван уурхайгаас том станцууд нүүрс авдаг. Эдгээр уурхайнуудаас нүүрсийг өртгөөс хоёр мянга орчим төгрөгөөр доогуур авч байгаа нь үнэн.
-Дулаан, цахилгааныг өртгөөс доогуур үнээр зараад хэрэглэгчдэд хэр их хөнгөлөлт болох вэ?
-Энэ хөнгөлөлт хэрэглэгчдэд 53 тэрбум төгрөгийн хэмжээтэй болж байгаа юм. 650 мянган өрх ахуйн хэрэглээнд цахилгаан авдаг. Өрхийн дундаж хэрэглээ сарын 28 мянган төгрөг. Дөрвөн хүнтэй өрх гэхэд хүн бүр өдөр 200 гаруйхан төгрөгөөр цахилгааны хэрэгцээгээ хангаж байна. Гэтэл өдөр бүр өдрийн хоол, гар утас, унаанд хэдэн төгрөг зарцуулдаг билээ. Хамгийн чухал хэрэглээ нь хамгийн хямд үнэтэй байгаа юм.
-Багануурын цахилгаан, дулааны станцын ажил яагаад зогсов?
-Яг ч зогсоогүй л дээ. 2014 онд гэрээ байгуулагдсан юм билээ. Зарим ажлууд нь хийгдэж байгаа.
-Намайг очиход зогссон байсан.
-Тэнд 350 мегаваттын турбин суурилуулахаар гэрээ хийсэн. Энэ нь манай эрчим хүчний системд ахадсан хүчин чадал.
-Манайд цахилгаан, дулааны эрчим хүч дутагдаад байгаа юм уу, илүүдээд байгаа юм уу?
-Энэ өндөр хүчин чадалтай турбиныг төвийн эрчим хүчинд холбоход ямар нэгэн эрсдэл үүсэхэд нийт системийг татан унагах аюултай. Одоо бид ажлын хэсэг гаргаад асуудлыг ярилцаж байна. Нэгэнт угсарчихсан өндөр хүчин чадалтай турбины учрыг олох хэрэгтэй. Ойрын үед дүгнэлт гарахаар олон нийтэд зарлана. Одоохондоо би ярих боломжгүй байна.
-Ойрын үед ямар цахилгаан станцууд ашиглалтад орох вэ?
-Багануурынх 2022, Таван толгойнх 2023 онд ашиглалтад орно. Ингэснээр манай улс дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, тодорхой хэмжээний эрчим хүчний нөөцтэй болно.
-Таван толгойн цахилгаан станцын санхүүжилтийг шийдсэн үү?
-Саяхан байгуулсан гэрээгээр Оюу толгой цахилгаан станцаа барина. Дээр цахилгаанаа дотоодоос авна гэж заасан. Энэ станцын 51-ээс доошгүй хувийг Оюу толгой эзэмшинэ.
-51-ээс бол хэдэн ч хувийг эзэмшиж болно гэсэн үг үү?
-Тийм. Тэгэхээр хөрөнгө босгох ажил нь Оюу толгойнх гэсэн үг.
-Баруун бүсийн цахилгаан хангамж ямар байгаа вэ?
-Баруун бүсэд Дөргөний, Тайширын хоёр цахилгаан станц ажиллаж байгаа. Цаашдаа Ховд голын Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц ашиглалтад орно.
-Ямар хүчин чадалтай станцууд?
-Одоо ажиллаж байгаа Дөргөн, Тайширын станцууд 23 мегаватт, ашиглалтад орох Эрдэнэ бүрэнгийнх нь 64 мегаватт.
-Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ хэд вэ?
-30 мегаватт.
-Эрдэнэбүрэнгийн станц ашиглалтад орохоор илүүдэл цахилгаанаа яах вэ?
-Илүүдэл цахилгааныг шугам татаад төвийн эрчим хүч рүүгээ татна. Цахилгаан илүүдэхгүй л дээ. Бүр дэлхийн зах зээлд гарах боломж бидэнд байгаа юм. Жишээлбэл, Азийн эрчим хүчний супер сүлжээнд нэгдэх хэрэгтэй.
-Азийн эрчим хүчний супер сүлжээ гэж юу вэ?
-ОХУ, БНХАУ, Монгол, Япон, Солонгосыг холбох сүлжээ.
-Энэ хэр том сүлжээ вэ?
-Маш том. Азийн эрчим хүчний супер сүлжээнд нэгдвэл манай улсад асар их ашиг авчирна.
Х.БАТТӨгС
Монголын зохиолчдын эвлэлийн оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” шагналт нэрт дуун хөрвүүлэгч, авьяаслаг яруу найрагч Жамсрандоржийн Оюунцэцэг МЗЭ-ийн түүхт 90 жилийн ойн үеэр Засгийн газраас олгодог Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаар энгэрээ мялаасан билээ. Түүний тухай утга зохиолын ертөнцөд мөр зэрэгцэн орж ирсэн “Гал” нэгдлийнхэн нь “Ж.Оюунцэцэг бол бидний цаг үед яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнд эгшиглэсэн уяхан ятга юм” хэмээн товч бөгөөд тодорхой дүгнэсэн байдаг. “Орчлонгийн сайхан хүүхнүүд” хэмээх олны танил дууны үгийг зохиосон эрхэмсэг бичгийн хүмүүнтэй уулзаж хөөрөлдсөнөө толилуулъя.
-Их зохиолчийн нэрэмжит шагналын эзэн болсонд тань баяр хүргэе. Таныг яруу найрагчаас гадна нэртэй дуун хөрвүүлэгч хүн гэдгийг манай уншигчид мэднэ. Хэдийнээс уран бүтээлийн гараагаа эхлэв?
-Баярлалаа. Би Улаанбаатар хотод төрж өссөн, нийслэлийн Хоёрдугаар арван жилийг сургуулийг дүүргэсэн хүн. Арваа төгсчихөөд нэг хоёр жил холбооны газар захиа ялгагчаар ажилладаг байлаа. Тэр үеэсээ яруу найрагт шимтэн дурлаж, орой үдшийн цагаар үзэг цаас нийлүүлэн суудаг байлаа. Зохиолч Сономын Удвал гуайн дэмжсэн бичигтэйгээр МУИС-д элсэн суралцсан.
-Таны тухай соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар “Ж.Оюунцэцэгийн шүлгүүдийг төвийн сонины хуудаснаас байн байн харах болж, толгой дээр цахиур хагалж буй тэр бүсгүй шүлэгчтэй танилцах юмсан гэж бодож явсаар МУИС-ийн уран зохиолын нэгдлийн цуглаан дээр Б.Сундуй маань биднийг танилцуулж билээ.
“Хурын ганцхан дусал нулимсанд
Хурмаст тэнгэр нүүрээ тольдоно…” гэх эвлэгхэн мөрүүд, “авьяас бол амилсан бурхан юм” гэсэн утгатай шүлгүүд нь тэр доороо цээжинд хоногшиж улмаар бид дотно найз нөхөд болсон юм” хэмээн халуун дотноор дурссан байсан?
-Бидний хэдэн уран бүтээлч тэртээ далаад онд танилцаж, Монголын утга зохиолд нэгэн “Гал”-ын цучил дөл болцгоосон доо. Тэр “Гал” нэгдлийг анх эмч яруу найрагч Дагвадоржийн Цогт, соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Мэнд-Ооёо, Ү.Хүрэлбаатар нар санаачлан урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян, төрийн сүлд, тамганы зураач Ц.Ойдов, төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар, дорнын их яруу найрагч Эрээнцавын Д.Нямсүрэн, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн, яруу найрагч Ядамбатын Баатар бид түүчээлэн нөхөрлөж, жинхэнэ түүдэг болгосон гэж хэлж болно. Бид тэр үед шөнөжин шүлэг найраг уншин шуугилдаж шаагилдаж ангир галуу мэт ижилдэн нөхөрлөж явж дээ.
-Таны орчуулсан “Үүлэн бор” хэмээх Орос ардын үлгэрийн номыг уншиж өсөөгүй хүүхэд бидний үед ховорхон. Та ер нь хэд орчим ном орчуулсан бол?
-Би Монгол Улсын их сургуулийн монгол хэл-уран зохиолын ангийг төгсөөд “Залуучуудын үнэн” сонинд ажиллаж байгаад гэр бүлийн хүнээ даган Москва хотноо очиж аж төрөх хувь 1979 онд тохиосон. Тэнд ажиллаж амьдарч байхдаа тухайн үеийн алдартай “Радуга” хэвлэлийн газарт ажиллаж Үүлэн бор” үлгэрийн түүврээс эхлээд нэлээд ном орчуулсан л даа. За тоолбол бараг гуч гаруй ном байгаа байх шүү. Тэр бүхнээ тоолно гэхэд хэцүү. Наяад онд Оросын нэрт эрдэмтэн, зөгнөлт зохиолч В.Обручёвын “Санниковын газар” хэмээх адал явдалт, зөгнөлт романыг орчуулсныг хүмүүс нэлээд уншсан байдаг. Япон хэлийг би хувиараа сурсан. Манай Ү.Хүрэлбаатар эд нар “Ж.Оюунцэцэгийн орчуулсан Башёгийн “Адилхан цэцэг нэг ч байдаггүй” хэмээх хайкугийн бяцхан түүвэр орчуулагчийн авьяасын гялалзсан эрдэнэ” гэх мэтээр хөөрхөн хөөргөнө өө. (инээв. Л.Б) Гэхдээ уран бүтээлч хүнд урмын сайхан үг бас ч ташуур болох үе бий шүү. Америкийн яруу найргаас сорчлон 2014 онд “Хөршүүд” хэмээх номыг англи хэлнээс орчуулсан маань “Алтан-Өд” шагнал хүртэж байлаа. Уран зөгнөлийн агуу их мастер Жон Р.Р.Толкины “Хоббит” дэлхийн сонгодог үлгэр, туужийг орчуулсан маань энэ түүхт ойгоор их зохиолчийн нэрэмжит шагналыг надад авчирсанд баяртай байна. Англи хэлийг би Чикагод амьдарч байхдаа англи хэлний курст суун сурсныг “Паанан” туужаараа алдаршсан манай нэртэй зохиолч Доржзовдын Энхболд нарын хүмүүс мэдэх байх.
Зүүн гар талаас: Ж.Саруулбуян, Я.Баатар, Ж.Оюунцэцэг, Г.Мэнд-Ооёо, Д.Цогт нар. 1980-аад он
-Оросын сонгодог яруу найрагчдын бүтээлээс нэлээд орчуулсан даа?
-Оросын яруу найрагчдаас А.С.Пушкин, М.Ю.Лермонтов, С.Есенин, Борис Пастернак, Николай Гумилев, Анна Ахматова, Марина Цветаева, Расул Гамзатов, Римма Казакова, Белла Ахмудилина, Евгений Евтушенко, Андрей Дементьев, Ирина Астахова, Лариса Рубальская нарын нэлээд олон яруу найрагчдын шүлгийг орчуулж “Алган дээрх шувуу” түүврийг 2016 онд хэвлүүлсэн шүү.
-Одоо та дэлхийн хэн гээч сонгодгийг барьж авах гэж байна?
-Нобелийн шагналт Канадын зохиолч Элис Мүнрогийн өгүүллэгийн түүврийг орчуулаад байж байна.
-Таны анхны номыг дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан багш тань бас л халуун урмын үгээр мялаасан гэдэг байх аа?
-“Цэцгийн дэлбээ” хэмээх яруу найргийн анхны номоо 1978 онд бэлтгээд очтол Явуу багш шүлгүүдийг минь гүйлгэж хараад надад урмын үг хайрласан. “Чиний энэ богинохон шүлгүүдийг Долгорын Нямаа редакторловол яг таарах юм байна. Нямаа Засгийн газрын ордонд суудаг. Зүүн хойд хаалгаар нь дуудуулаад номоо аваачиж өг. Нямаа бол чи бид хоёртоо Засгийн газар л гэсэн үг” гээд намайг явуулж байлаа. Удаахь түүвэр маань “Орчлонгийн сайхан хүүхнүүд”.
-“Орчлонгийн сайхан хүүхнүүд” дуу тань хоёр зохиогчтой яваад байдаг нь ямар учиртай юм бол?
-Би үүнийг одоо хүртэл их гайхдаг юм. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, их зохиолч Чадраабалын Лодойдамба гуайн охин Л.Насанбатад би анх шүлгээ өгч байсан юм. Тэгсэн сүүлд л Цамбын Зоригтсайханы шүлэг гэх болсон. Би тэр хүнийг тэгтлээ хардаад байх ч юу байхав. Намайг эх орноосоо хол аж төрж байсан болохоор өөрийнхөө шүлгийг мэдэхгүй гэж бодсон юм болов уу даа. Одоо заримдаа цахим энэ тэрд хос зохиогчтой явж л байдаг юм. Би чинь үндсэндээ яруу найргийн таван ном гаргасан хүн. “Миний ертөнц” яруу найргийн түүврээ 2015 онд хэвлүүлснийг өнгөрөгч онд Америкийн эрдэмтэн Саймон Смит англи хэлээр орчуулан гаргасан даа.
-Ингэхэд та олон дууны шүлэг бичив үү?
-А.Батсүхтэй “Түүнд би хайртай байсан”, Л.Гончигсумлаатай “Цонхон дээрх цэцэг”, Т.Насанбуянтай “Миний зээ”, “Охиндоо”, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Насанбаттай “Орчлонгийн сайхан хүүхнүүд”, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэгтэй “Хамаг Монголын эзэгтэй”, Б.Цогтдэлгэртэй “Сэтгэл” гэх мэт арваад дуу хамтран бүтээсээн.
Орчлонгийн сайхан хүүхнүүд
Нандин ариун сэтгэлээрээ
Нарны хорвоог уяраасан
Сарны мөнгөн туяанд нялхраад
Сайны ерөөлөө үрдээ өргөсөн
Орчлонгийн сайхан хүүхнүүд
Ээжийн ээжийн ээжүүд
Хайлган цайлган бүүвэйгээрээ
Харанхуй шөнийг уяраасан
Үүрийн гэгээгээр цайгаа сүлээд
Үрийнхээ хойноос дээжийг нь өргөсөн
Орчлонгийн сайхан хүүхнүүд
Ээжийн ээжийн ээжүүд
Ачлал энэрлийн алган дээрээ
Амьдрал жаргалыг тэнцүүлсэн
Хүсэл хайрын хүндлэл хүлээж
Хүмүүн төрөлхтнийг элгэндээ тэвэрсэн
Орчлонгийн сайхан хүүхнүүд
Ээжийн ээжийн ээжүүд