Categories
мэдээ нийгэм

Авлигын эрсдлийг үнэлэх ажлыг эхлүүллээ

АТГ-ын Судалгаа шинжилгээний албанааc энэ оны эхний хагас жилд “Онч шийдэл”, “Статистикийн судалгаа, шинжилгээний хүрээлэн”, “Орон нутгийн хөгжил бодлого судалгааны төв”, “Хүлүгү санаачлага”, “Хэрэглээний социологийн хүрээлэн” зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтран дараах төрийн байгууллагуудын авлигын эрсдэлийг үнэлэх ажлыг зохион байгуулж байна. Үүнд:

  • Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг
  • Нийслэл Өргөө амаржих газар
  • П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгт
  • Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв
  • Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • Монгол Улсын Их сургууль
  • Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
  • Монгол Улсын Боловсролын их сургууль
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
  • Авто тээврийн үндэсний төв
  • Батлан хамгаалах Аж үйлдвэрийн нэгдэл
  • МИАТ ТӨХК
  • Монгол шуудан ТӨХК
  • Хөдөө аж ахуйн бирж ТӨХК
Авлигын эрсдэлийг үнэлэх үйл ажиллагаа нь тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамааран чиг үүрэг, төсөв, процедур болон шийдвэр гаргах үйл явц, хүний нөөцийн асуудал зэрэг авлигын эрсдэл бүхий дараах асуудалд тусгайлан чиглэсэн үнэлгээг хийнэ.
Авлигын эрсдэлийн үнэлгээг зохион байгуулснаар төрийн байгууллага дахь авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа, түүний хэлбэр, цар хүрээ, шалтгаан нөхцөлийг тодорхойлох, улмаар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулахад чухал ач холбогдолтой. Иймд төрийн байгууллага бүр “Авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу эрсдэлээ үнэлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хэвших шаардлагатай юм.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Байнгын хорооны хурал хойшиллоо

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр 11.00 цагт хуралдахаар товлосон байлаа. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хуралдаан хойшиллоо.

Categories
мэдээ улс-төр

АБГББХ: Хуралдаан ирц хүрээгүйгээс хойшиллоо

Image result for байнгын хороо

Хуваарийн дагуу өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдаж энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар санал, дүгнэлтээ нэгтгэх ёстой. Энэ дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд зарлагдаад байсан ч гишүүдийн ирц хүрээгүйгээс хойшиллоо.

Хуралдаанд байнгын хорооны 19 гишүүн оролцохоос долоо нь ирсэн байв. Бусад гишүүдийн хувьд өвчтэй, гадаадад болон орон нутагт томилолттой яваа аж.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар

  • Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Мянганы Сорилтын Корпорациар төлөөлүүлэн Амеркийн Нэгдсэн Улсын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.04ний өдөр өргөн мэдүүлсэн/ зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан юм.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагт зарлагдсан ч хуралдаж чадах эсэх нь мөн эргэлзээтэй байна.

Categories
мэдээ улс-төр

АТГ-аас Д.Баясгаланг баривчилжээ

Өчигдөр орой Голомт Банкны үүсгэн байгуулагч Д.Баясгаланг Авлигатай тэмцэх газраас баривчлан саатуулжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар ” Д.Баясгаланг хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн” гэв. Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав дөрвөн сая ам.долларын авлигын хэргээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байгаа билээ. Д.Баясгаланг мөрдөн байцаах явцад дөрвөн сая ам.доллар нь “Голомт” банкаар дамжсан болох нь тогтоогдсон аж.

Categories
гадаад мэдээ

Давосын 49 дэх чуулган өнөөдөр эхэлнэ

Давосын эдийн засгийн 49 дэх удаагийн чуулган өнөөдөр эхэлнэ. Эхэндээ тус чуулганд 60 орны төр, засгийн тэргүүн оролцоно гэж байв. Гэвч дотоод дахь асуудлаасаа үүдэн зарим орны төр засгийн тэргүүнүүд оролцохгүй гэдгээ мэдэгдээд буй. АНУ, ОХУ, Их Британи, Франц зэрэг олон орны төлөөлөл оролцохгүйгээр өнжиж байгаа юм.

Дөрвөн хоног үргэлжлэх энэ удаагийн чуулган нь “Дөрөв дэх үеийн даяарчлалыг бүтээх нь” сэдэв дор болох юм. Урьдчилсан тооцоогоор улс төр, бизнес, эдийн засгийн салбарын гурван мянган төлөөлөгч оролцох бололтой. Чуулганд оролцогчид юуны өмнө “глобальчлал буюу дэлхийн даяаршлын асуудал”-д гол анхаарлаа хандуулах гэнэ. Мөн кибер аюулгүй байдал, криптовалют, тоон эдийн засаг гэх мэт санхүү эдийн засгийн салбарын тулгамдсан болон бусад асуудлаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Давосын эдийн засгийн чуулганыг 1971 оноос эхлэн явуулах болсон. Жил ирэх тутам хүрээгээ тэлж, хэлэлцэх асуудал ч нэлээд өргөн хүрээг хамраад буй. Энэ удаагийн чуулганд оролцож буй дэлхийн нөлөө бүхий удирдагчдыг дурдвал ХБНГУ-ын канцлер А.Меркель, Японы ерөнхий сайд Ш.Абэ, Хятадын засгийн газрын дэд тэргүүн Ван Кишан, Их Британийн үе залгамжилсан хунтайж Уильям, Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонаро, Израилийн ерөнхий сайд Б.Нетаньяху зэрэг төр засгийн тэргүүлэгчид хүрэлцэн очиж байгаа юм.

Энэ жилийн Давосын чуулганаар эдийн засгийн өсөлт, нийгмийн салбарын өнөөгийн байдал, уялдаа холбооны талаар форумыг үүсгэн байгуулагч, профессор Клаус Шваб тусгай илтгэл тавих гэнэ.

Чуулганы хаалтын өдөр ОУВС, Дэлхийн банк, олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөгчид оролцсон тусгай чуулганыг мөн зохион байгуулах аж.

Categories
мэдээ улс-төр

Д.Сумьяабазар сайд ХБНГУ-д айлчилж байна

УУХҮ-ийн сайд Монгол-Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн Монголын талын дарга Д.Сумъяабазар ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна. Тус улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ сард тохиож байгаа билээ. Иймд ХБНГУ-ын Холбооны Эрчим хүч, эдийн засгийн яамны парламентын ТНБД, тус ажлын хэсгийн Герман улсын талын дарга О.Виттке УУХҮ-ийн сайдыг ажлын айлчлал хийхийг урьсан юм. Айлчлалын үеэр сайд Д.Сумъяабазар ноён О.Виттке болон тус улсын Холбооны Канцлерийн эдийн засгийн зөвлөх Л.Х.Рёллёр, “Хермес” даатгалын байгууллага, “Шпаркассе” банк, “Экспорт хөгжлийн агентлаг”-ийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Д.Сумьяабазар сайд ХБНГУ-д айлчилж байна

Салбарын сайд ноён О.Витткетэй хийсэн уулзалтын үеэр АСЕМ-ын 12 дугаар дээд түвшний уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Холбооны Канцлер А.Меркелтэй хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчимжүүлэх сонирхлоо илэрхийлсэн талаар ярилцав. Тухайлбал, 2011 онд байгуулсан Ашигт малтмал, Технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэв. Түүнчлэн уг ажлын хүрээнд Монгол Улсын газрын ховор элементийн геологийн судалгаа, олборлолт, ашиглалтын тал дээр хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Уулзалтын үеэр мөн Улаанбаатар хотын дагуул эко хотыг байгуулах болон Газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн дамжуулах хоолойн санхүүжүүлэлтийн асуудлаар тус тус ярилцсан байна.

Уулзалтын төгсгөлд Герман Монголын Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдааныг ирэх тавдугаар дугаар сарын 21-нд Берлин хотноо зохион байгуулахаар товыг тогтжээ

Categories
мэдээ спорт

“Футзалын үндэсний цом 2019” тэмцээнд 18 аймаг оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээд дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах “Футзалын үндэсний цом”-ын сугалаа болж өнгөрлөө. Сэлэнгэ Аймагт нэгдүгээр сарын 22-30-ны хооронд “Дээд шат”, “Нэгдүгээр шат” гэсэн хоёр шатлалтайгаар болох “Футзалын үндэсний цом 2019” тэмцээнд нийт 18 аймаг оролцоно. Дээд шатанд өнгөрсөн жил “Футзалын үндэсний цом”-ийн шөвгийн наймд шалгарсан багууд өрсөлдөх юм. Тэгвэл нэгдүгээр шатанд хэсгээс гараагүй болон энэ жил шинээр оролцож буй багууд хүч үзэх юм. Нэгдүгээр шатны эхний хоёр баг ирэх жил дээд шатны сүүлд орсон багуудын байрыг нөхөх учиртай.

Шинэ системээр зохион байгуулагдах “Футзалын үндэсний цом 2019” тэмцээний бүх тоглолтыг mycujoo.tv-ээр шууд дамжуулан хүргэнэ.

ДЭЭД ШАТ:

“А” ХЭСЭГ:

1.ДАРХАН
2.ОРХОН
3. ДОРНОГОВЬ
4. ХОВД

“В” ХЭСЭГ:

1. СЭЛЭНГЭ
2. ДОРНОД
3. ТӨВ
4. БАЯНХОНГОР

НЭГДҮГЭЭР ШАТ:

“А” ХЭСЭГ:

1. БАЯН-ӨЛГИЙ
2. ГОВЬСҮМБЭР
3. БУЛГАН
4. ӨВӨРХАНГАЙ
5. ДУНДГОВЬ

“В” ХЭСЭГ:

1. ӨМНӨГОВЬ
2. ГОВЬ-АЛТАЙ
3. УВС
4. ХӨВСГӨЛ
5. СҮХБААТАР

Categories
мэдээ нийгэм

Энэ сард багтаж 1, 6-аар төгссөн дугаартай жолооч татвараа төлнө

Энэ сард Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажил эхэлсэн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас www.smartcar.mn сайтаар дамжуулан онлайнаар төлөх боломжтой. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулна. Хэрэв тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудсаар дамжуулан онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ заавал хавсаргах эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах шаардлагатай.
Categories
мэдээ улс-төр

С.Мөнхчулууныг хотын даргаар томилуулах албан бичгийг хүргүүлээгүй бололтой

НИТХ өнгөрсөн Лхагва гаригт хуралдаж, санал хураалтаар хотын даргад С.Мөнхчулуун олонхийн санал авсан билээ. Өчигдөр НИТХ-аас Ерөнхий сайдад С.Мөнхчулууныг батламжлуулах албан бичгийг хүргүүлнэ гэх мэдээлэл байсан ч одоогоор тус бичгийг хүргүүлээгүй байгаа гэх мэдээлэл байна. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны нэрийг нийслэлийн даргад батламжлахаас татгалзсан гэх мэдээлэл цацагдаад байгаа ч албаны эх сурвалж үгүйсгэжээ. Ерөнхий сайдад хотын даргыг батламжлуулах бичиг ирсэн тохиолдолд 14 хоногт багтан зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй эсэхээ НИТХ-д ирүүлэх ёстой юм байна. НИТХ-рүү буцаагдвал уг асуудлыг НИТХ дахин хэлэлцэнэ. НИТХ-аас С.Мөнхчулуун дахин сонгогдсон тохиолдолд түүнийг шууд хотын даргаар томилох хуультай аж.

Categories
мэдээ улс-төр

Төрийн албаны зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа дуусчээ

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн бүрэн эрхийн хугацаа дуусчээ

Энэ сарын 1-нээс шинээр хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Төрийн албаны зөвлөл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар болсон. Тухайн таван гишүүний гурвыг нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшүүлж томилуулах бол үлдсэн хоёрыг нь төрийн албан хаагчдаас сонгон шалгаруулж томилох юм. Одоо долоон гишүүнтэй үйл ажиллагаа явуулж буй Төрийн албаны зөвлөлөөс хоёр гишүүнийг нь үлдээж гурван хүнийг шинээр томилох юм байна. УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшүүлэн томилсон хоёр гишүүнийх нь зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэр дэвшүүлэн томилуулсан Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн бүрэн эрхийн хугацаа энэ сарын 10-нд дуусчээ. Тиймээс Ерөнхийлөгч Тамгын газар дараагийн хүнээ нэр дэвшүүлэх бол үлдсэн хоёр гишүүнийг төрийн албан хаагчдаас сонгон шалгаруулах комисс ажиллаж байна.