Categories
мэдээ спорт

ОХУ-ын Красноярск хотод болох бөхийн тэмцээнд 20 гаруй орны баг тамирчид оролцоно

Олимп, дэлхийн аварга ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгин агсны дурсгалд зориулсан уламжлалт Гранпри тэмцээн энэ сарын 24-27-ны өдрүүдэд Красноярск хотод болно. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ жилийн Гран прид эрэгтэй, эмэгтэйчүүдийн төрөлд дэлхийн чансааны оноо (өнгөрсөн жил зөвхөн эрчүүдэд оноо өгсөн) олгохоор шийдвэрлэсэн юм.
Тэмцээнд Болгар, Унгар, Герман, Казахстан, Кыргызстан, Туркменистан, БНХАУ, Монгол, Норвеги, АНУ, Турк, Франц, ОХУ, Япон зэрэг 20 гаруй орны баг тамирчид хуран чуулахаар болоод байна. Гадаадын бөхчүүдээс олимпийн наадам болон ДАШТ-ий дөрвөн алт, хошой хүрэл медальт Жордан Барроуз (АНУ), олимпийн наадам болон дэлхийн хошой аварга Таха Ахгуль (Турк), Кайл Снайдер (АНУ), дэлхийн хошой аварга С.Батцэцэг, дэлхийн аварга С.Цэрэнчимэд (хоёул Монгол), Алине Фокен (Герман), Марианна Шастин (Унгар), ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт О.Насанбурмаа (Монгол), Василиса Марзалюк (Беларусь), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт медальт Жеймс Грин (АНУ), Якуп Гор (Турк), дэлхийн дэд аварга Томас Гилман, Сара Хилдбранд (хоёул АНУ), Фатик Эрдин (Турк), Бильяна Дудова (Болгар), Ден Зивэй (БНХАУ), Э.Сумъяа (Монгол), олимпийн наадмын хүрэл медальт Эльмира Сыздыкова (Казахстан), ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, хүрэл медальт Т.Түвшинтулга, Б.Шоовдор (бүгд Монгол), Жо Колон, Тамыра Мынса, Бека Литерс (бүгд АНУ), Хироэ Минагава (Япон), Бусе Тосун (Турк), Владислав Андреев (Беларусь) гээд олимп, дэлхийн медальтай 28 тамирчин оролцохоор албан ёсоор мэдүүлэгээ өгөөд байгаа юм. Зөвхөн урьдчилсан байдлаар өгөөд байгаа нэр бөгөөд энэ тоо ч цаашид өсөх магадлалтай.

Эзэн орноос “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн гурван удаагийн аварга Абдулрашид Садулаев, “Будапешт-2018” дэлхийн аварга Завур Угуев нараас бусад бараг бүх шилдгүүд нутгийн дэвжээн дээрээ зодоглоно. Оросоос бараг 20 гаруй олимп, дэлхийн медальтнууд Красноярскт хүч үзэх юм.

Categories
мэдээ нийгэм

Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоожээ

Амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо

Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн V зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу энэ онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоожээ. Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшинг 217 900 төгрөг, баруун бүсэд 190 700 төгрөг, хангайн бүсэд 194 300 төгрөг, төвийн бүсэд 187 100 төгрөг, зүүн бүсэд 187 600 төгрөг байхаар тогтоожээ. Энэхүү амьжиргааны доод түвшинг ирэх хоёрдугаар сарын 01-нээс мөрдөх аж. Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон ашигладаг. Өнгөрсөн 2018 онд Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшин 198600 төгрөг, баруун бүсэд 178000 төгрөг, төвийн бүсэд 175600 төгрөг, хангайн бүсэд 182600 төгрөг, зүүн бүсэд 174000 төгрөгөөр тогтоож байжээ.

Амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо

Categories
мэдээ нийгэм

Хоёр иргэн өндрөөс унаж амиа алджээ

Image result for Хан-Уллын цагдаа

Хоёр иргэн барилгын дээврээс унаж амиа алдсан хэрэг гарчээ. ХУД-ийн II хорооны нутаг дэвсгэрт байх 18 дугаар байрны дээвэр дээрээс эрэгтэй эмэгтэй хоёр хүн үсэрчихлээ гэсэн дуудлага өнөөдөр өглөөний 09:30 цагт иржээ. Хоёр иргэний эмэгтэй нь газар дээрээ нас барсан бол эрэгтэй нь ГССҮТ-д хүргэгдэж очоод нас барсан байна. Яг одоо хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзлаа.

Хатагтай Наоми Китахара суурин төлөөлөгчөөр зургаан жил ажиллахдаа Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн хүн амын сангаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд нь хүн амын хөгжил, эмэгтэйчүүд, охид, залуусын эрх, эрүүл мэндийг хамгаалахад бодит дэмжлэг болж байгааг хэлэв.

Эмэгтэйчүүд, өсвөр насныхныг байнга дэмжиж ажилладагт нь НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара Ерөнхий сайдад талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, өсвөр залуу үеийг чадавхжуулах, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр амжилт олж байгааг тэмдэглэв. Цаашид Хүн амын сантай нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Хүрэлсүхийн шинэчлэл үнэн эсэх нь Хотын даргыг батламжлах эс батламжлахаас мэдэгдэнэ

У.Хүрэлсүх улс төрийн шинэчлэл ярьж, хариуцлага тооцно гэсэн малгай дор Хотын даргыг огцруулж, УИХ-ын даргыг ажлаа өгөхийг шаардаж байгаа. Энэ үйлдлээ улс төрд шударга ёс, шинэ жишгийг тогтоох баатарлаг үйлс хэмээн ярьж, хэлж буй. Түүний гэнэтийн энэ үйлдлийн дүнд энэ их утаа униар, ханиад томууны үед нийслэл хот сар гаруй эзэнгүй байв. Эцэст нь дуншсаар байсан хотын даргын сонгуулийн тов өнгөрсөн лхагва гаригт зарлагдсан юм. Хотын намын дарга Д.Сумъяабазар ИТХ-ын дарга С.Амарсайхныг Хотын даргаар томилох үүргийг ИТХ-д өгсөн. Удирдах зөвлөлөөс нь ч ийм чиглэл өгсөн юм. Гэвч НИТХ-ын төлөөлөгчид Хотын намын даргынхаа үүрэг, чиглэлийг үл тоомсорлон НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг томилоодхов. МАН-ын гишүүн С.Мөнхчулуун нь Хотын даргын сонгуульд заалнаас өөрийн нэрээ дэвшүүлсэн юм. Сонгогдож гарч ирэх нь ардчилсан үйл явц гэж үздэг. Ямартаа ч тэрээр Хотын дарга болж гарч ирсэн.

Харин С.Мөнхчулууныг Хотын даргад батламжлах эсэх нь Ерөнхий сайдын эрхийн асуудал байдаг. Сонгуулиар олонхын санал авсан түүнийг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулах тогтоолыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өчигдөр өргөн барьсан аж. Түүнийг ямар шийдвэр гаргах эсэхийг түмэн олон амьсгаа даран чагнаж байгаа.

Учир нь С.Мөнхчулууныг Хотын даргад батламжлах үгүйгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үнэхээр ардчилал, шинэчлэлийг хүсч байгаа эсэх нь мэдэгдэнэ. Хэрэв зээ элдэв шалтаг тоочин батлахгүй буцаавал өөрсдийнхөө хүмүүсийг албан тушаалд хүргэх гэж жүжиг тавьж төрийн албаар тоглож байсан нь ойлгомжтой болж таарах юм.

О.АРИУНАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Багануурын уурхай ийм байдалтай байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Улсын эрчим хүчний хэрэглээний нүүрсний талаас илүү хувийг хангадаг Багануурын уурхай дээр өнжихөөр өнгөрсөн баасан гаригийн өглөө хотоос гарлаа. Цонжинболдог хүртэл хотын утаатай “найзлав”. Биднийг уурхайд хүргэж өгөх жолооч “Утаа энэ хүртэл үргэлжлэх нь тийм гайхмаар юм биш ээ” гэж байна. Чингисийн морьт хөшөөнөөс цааш утаагүй, цасгүй, тал хөндийгөөр давхисаар “Багануур” ХК-ийн үүдэнд хүрч очлоо. Хамгаалагч залуу бидний суусан машиныг нарийн шалгасны эцэст “Машинаасаа бууж бүртгүүлсний дараа орох ёстой” гэв. Улсын онцгой объект болохоор хяналт шалгалт хатуу юм. Уурхай руу нэвтэрч байгаа зорилго энэ тэр гээд цөөнгүй асуултад хариулж, бичиг баримтаа шалгуулсны эцэст нэвтрэх эрх авлаа. Улсаараа тог, цахилгаантай байх эсэхийг шийддэг уурхай учраас арга ч үгүй байх гэсэншүү юм бодсоор компанийн төв оффисын хаалгыг татав.

ЛИЦЕНЗИЙН МАРГААН СУНЖИРВАЛ НҮҮРС ОЛБОРЛОЛТ ДОГОЛДОЖ МАГАДГҮЙ НЬ

Эхлээд уулзсан хүн маань Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун. Хотоос ажлын уулзалттай гээд хоёр хүн ирчихэж. Э.Номинчулуун захирал биднийг өнөө хүмүүстэй танилцуулав. Өмгөөлөгчид гэнэ. Багануурын уурхайн лицензийн маргаан шүүхээр явж байгааг уншигчдын цөөнгүй нь гадарлах байх. Товчхондоо Багануурын хайгуул хийсэн, хайгуулынхаа мөнгө төлбөрийг төлсөн талбайн нэг хэсгийг хувийн нэг компани нэр дээрээ хууль бус арга хэрэглэж авсан гэсэн асуудал энэ компанид бий. Тэр лицензийн маргаан өнөөг хүртэл дуусаагүй байгаа юм. Хотоос ирсэн хоёр өмгөөлөгч эдний компанийн маргаан дээр ажиллаж байгаа юм байна.

Гүйцэтгэх захиралтай уулзахаар ирсэн өмгөөлөгчидтэй хагас цаг хэртэй лиценз тойрсон яриа өрнүүлэв.Бидний уулзсан өмгөөлөгчдийн нэг нь Монгол Улсын гавьяат хуульч Д.Данзандорж. Нөгөө нь гуч гаруй насны гав шавхийсэн залуу байна. Тэрээр төрийн өмчийн компаниудын иймэрхүү төрлийн маргаан дээр ажиллаад чамгүй туршлага суусан нэгэн бололтой. “Шивээ-Овоог яг ингэж алдсан. Одоо лицензээ түрээслээд ажиллаж байгаа. Адуунчулуун бас тийм. Уурхайнхан лицензээ алдсан компанидаа туслан гүйцэтгэгчээр ажилладаг. Эрдэнэт дээр ийм маргаан үүсч, манай багийн өмгөөлөгч ажиллаад ялж байсан. Оюу толгой дээр бас бид ажиллаад маргаанаа авсан. Багануурын хэрэг дээр энэ туршлагаараа орж ирж өмгөөлөл хийж байна” гэж яриа дэлгэлээ.

Сайд нарын зөвлөл 1973 онд тогтоол гаргаснаар Багануурын хүрэн нүүрсний ордыг эрчим хүчний хэрэглээнд ашиглахаар болж. 1973, 1989 онд судалгаа хайгуул хийж 899 сая тонн нүүрсний нөөцтэй гээд тогтоочихож. Хайгуулын зардал болох 94 мянган ам.долларыг ерээд оны дундуур улсаараа долларгүйн зовлон туулж байх үед “Багануур” компани өөрсдөөсөө мөнгө гаргаж төлсөн түүхийг өмгөөлөгчид нь ярилаа. Шилжилтийн хүнд цагт ганц Багануур ч биш Эрдэнэт, Шивээ-Овоо гэх мэт төрийн өмчит уурхайнуудад нэг асуудал үүсч. Эдийн засаг жижигхэн байсан тэр үед зардлаа хүчрэхээ больсон уурхайнууд Ашигт малтмалын газартай нэг тохироо хийжээ. Олборлож байгаа хэмжээгээрээ лицензийн талбайгаа томсгоод явъя гэсэн тохироо. Талбайн төлбөр нь дийлдэхгүй байсан гэх шалтгаанаар ийм тохироо хийсэн гэнэ. Мэдээж цаг наашлах хэрээр талбайгаа томсгоод явна гэсэн нөхцөлтэйгөөр. Хайгуулын зардлыг нь төлчихсөн талбай учраас цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж ийм шийдвэр гаргасан гэх тайлбарыг энэ уурхайн үе үеийн дарга нар хэвлэлээр ярьсан харагддаг.

Оператор жолооч О.Эрдэнэбилэг

Гавьяат хуульч Д.Данзандорж тэр үед гарсан шийдвэрүүдийн хуулбарыг сонирхуулангаа “Хамгийн сонирхолтой нь 2006 онд “Алтай голд” гэдэг компанид орд газрын яг тал дээр хайгуулын тусгай зөвшөөрөл өгчихсөн. Нэг ч өрөм зоогоогүйгээр барахгүй ямар ч судалгаа хийгээгүй компани. Хайгуулын зөвшөөрлийг авахдаа орон нутгаас санал авдаг. Хайгуулын зөвшөөрөл авсан хэсгээ Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт хамаарна гээд орон нутгаас нь зөвшөөрсөн гэх бичиг авсан байдаг л даа. Сүүлд тэр бичиг нь хуурамч болж таарсан. Сумын захиргаа хожим нь тийм бичиг гаргаж өгөөгүй гэсэн. Өөрөөр хэлбэл хуурамч бичиг үйлдэж АМГ-аар хууль бус зөвшөөрөл гаргуулчихсан гэсэн үг. Лицензтэй талбай Багануур дүүргийн Баруунхонхор гэдэг газарт харьяалагддаг юм. Дараа нь бүр сонин юм болсон. 2008 онд хайгуулын тусгай зөвшөөрлөө шууд ашиглалтын тусгай зөвшөөрөл болгочихсон. Ядаж хэдэн цооног өрөмдсөн бол өөр хэрэг шүү дээ” гэж ярилаа.

“Өрөм зоож, хайгуул хийгээгүйг нь та нар яаж батлах вэ” гэж сонирхоход “Та анзаарсан бол уурхайн лицензтэй талбайг тойруулаад хүн орохын аргагүй загон татчихсан байгаа. Тэгэхээр өрөм зоосон үгүйг эд мэднэ шүү дээ. Ямар ч хайгуул хийгээгүй хэрнээ ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан компани нь “Алтай гянт”. Ингэж байтал 2012 он болсон. Сонгуулийн дараа “Монголиан коал корпорэйшн” Багануурын уурхайн 17 хувийн хувьцааг эзэмшдэг Австралийн компаниас хувьцааг нь авсан байдаг юм. Компанийн нэрийг орчуулбал Монголын нүүрс корпораци гэсэн үг л дээ.Тэгээд лицензээ 2012 онд хүчингүй болгуулчихсан. Тэр үеийн үйл явдлыг одоо эргээд харах нь ээ Багануур ХК дээр дахин хувьцаа гаргах замаар уурхайн 51 хувийг хувьчилж авна гэж тооцсон байсан гэж анзаарагддаг. За тэгээд 2016 оны зургадугаар сарын 27-ны өдөр Хөрөнгийн биржээр хувьцаа нь арилжаалагдах боллоо. Түрүүн дурдсан Монголын нүүрс корпораци бүх хувьцааг нь авах гээд зургаан тэрбум төгрөг урьдчилаад хийчихсэн байсан. 51 хувьтай учраас лицензтэй маргах хэрэггүй болчихно гэсэн логикоор хандсан хэрэг. 51 хувийн хувьцааг авчихвал уурхай тэр чигтээ Монголын нүүрс корпорацийнх болно. Гэвч процесс эхлэхээс өмнө бүгдийг зогсоосон” гэсэн хариу өгөв.

2016 оны сонгуулийн дараагаас асуудал зогсч, нөгөө талаас лицензийн маргаан эхлүүлжээ. Нэг бол 49 хувиа авна, эсвэл лицензээ бидэнд зар гэсэн байдал руу шилжсэн нь ийм түүхтэй аж. Өнөөг хүртэл ямар нэг шийдэлд хүрээгүй шалтгааныг нь лавлахад Д.Данзандорж өмгөөлөгч “Уг нь Ашигт малтмалын газраас лицензийг нь цуцалснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэх гаргах ёстой. Гэтэл таван жилийн дараа захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэх гаргасан байдаг. Нийслэлийн захиргааны хэргийн шүүгч н.Батзориг таван жилийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээгээд захиргааны хэрэг үүсгэчихсэн. Лицензээ буцааж авах маргаан үүсгэсэн гэсэн үг. Энэ үед Багануурт үндсэн лицензтэй газраа ашиглаад дуусчихсан гэсэн асуудал гарч ирсэн. Маргаан үүсгээд яваа компанийн мэдэлд байгаа гэх талбай руу аль хэдийнэ ороод 800 мянган тонн нүүрс олборлочихсон байсан. Хэрвээ өнөө компани лицензээ авчихсан бол Багануур Адуунчулууны уурхайнхан шиг туслан гүйцэтгэгч болж хувирна. Алтай гянтын маргаад байгаа талбай 468 сая тоннын нөөцтэй. Анхан шатны шүүх дээр Багануур ялсан. Улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийгдсэн, хайгуул нь тогтоогдсон нөөц бүхий орд газрыг бусдад эзэмшүүлэхээр бол сонгон шалгаруулалтын зарчим барих ёстой. Гэтэл тэгээгүй шууд өгсөн учраас шүүх дээр Багануур ялсан юм. Ингээд Дээд шүүх дээр очлоо. Хамгийн хачирхалтай нь энэ асуудлыг хэлэлцэх хурал Дээд шүүх дээр 14 хоногоор дөрвөн удаа хойшилдог юм. Улсын дээд шүүх дээр ийм түүх байдаггүй. Надад хардах эрх бий. Тэр эрхийнхээ хүрээнд ярья. 49 хувь гэхээр Захиргааны танхимын ерөнхий шүүгч Батсуурийн асуудал яригдана. Тэр хүний ард Эрдэнэбилэг гэдэг нэр яригддаг. Дахиад хэлэхэд хардах эрхийнхээ хүрээнд ярих ёстой асуудал гэж бодож байна. Одоо дахиад маргаад эхэлчихлээ. Энэ сарын 23-нд давж заалдах шатны шүүх хурал болно. Гуравдугаар сард Дээд шүүх дээр очно. Дээд шүүх дахиад буцаах байх. Асуудал дараа жилийн сонгууль хүртэл сунжрахыг үгүйсгэх аргагүй” гэсэн хариу өгөөд цагаа харав. Д.Данзандорж өмгөөлөгч дараагийн ажлынх нь цаг тулсан гэж учирлаад гарснаар уурхайн лиценз тойрсон яриа өндөрлөв.

Уурхайд өнжихөөр ирсэн учраас жирийн уурхайчинтай уулзах хүслээ хэллээ. Гүйцэтгэх захирал утас цохиж нэг хүн дуудсан нь тэгтэл хүлээлгэсэнгүй. Хориод минутын дараа 50 шүргэж яваа насны өндөр, бор эр орж ирэв. Уурхайд оператор жолоочоор ажилладаг гэнэ. О.Эрдэнэбилэг гэж өөрийгөө танилцуулсан жолооч хэлэмгий яриа байрын нөхөр гэдэг нь харваас илт. “Сая өмгөөлөгчидтэй зөрж таарлаа. Сурвалжлагчид манай өмгөөлөгчидтэй ярилцаа юу. Лицензийн асуудлыг сайн бичээд өгөөрэй. Энэ асуудал шийдэгдэхгүй сунжрах тусам уурхайд доголдол үүсэх гээд байна. Олборлох талбай хумигдаж маргаан үүсчихээр юугаа хийх юм бэ. Жирийн ажилчин надад бол машин минь бүрэн бүтэн, төлөвлөгөөгөө биелүүлж цалингаа авах л чухал. Гэтэл машин засварт орчихсон. Сэлбэггүй болохоор таг гацчихлаа. Сэлбэг авах мөнгө уурхайд алга. Лиценцийн маргаантай газар мөнгө хөрөнгө оруулдаг газар хаана байхав” гэж ирээд ярих шинжтэй тухлаад суучихав. О.Эрдэнэбилэгийг ийн ярих зуур хөрсөн кофегоо ууж дуусгаад уурхайгаар явах бэлтгэлээ хангалаа. Бэлтгэл хангах гэдэг нь хамгаалалтын малгай, хүрэм, гутал өмсөх. Ер нь ямар ч уурхайд биед дадаагүй ийм хувцас хэрэгсэл заавал өмсөх үүрэг ирдэг юм. Утаа, тоос шүүгчтэй маск нэгжээдийг бэлджээ. Цасгүй учраас олборлолт явуулж буй талбай тоосжилт ихтэй байгаа гэнэ.

ХӨДӨЛМӨРИЙН БААТАРЫН ЭКСКАВАТОРТ СААТСАН ХОРИН МИНУТ

Ингээд нүүрс хэрхэн олборлож буйг сонирхохоор уурхайн зүг хөдөллөө. Үнэхээр л ид тоосон дундаа манарч байна, уурхай. Хаа нэг KAT гэсэн бичигтэй нүүрс, шороо ачсан аварга машин зөрөх уурхайгаар хоёр цаг гаруй давхив. Нүүрс олборлохын тулд хөрсийг үе үеэр нь хуулдаг гэж О.Эрдэнэбилэг сонирхуулав. Дороос дээш үелэн хуулсан хөрсийг дээрээс нь харахад яг л үелүүлж хээлсэн зураг шиг харагдана. Нэлээд хэдэн жилийн өмнө танил геологичтойгоо Эрдэнэтийн уурхайгаар явах үед мань эр “Маш гоё харагдаж байгаа биз. Яг зураг шиг” гэж бахдангуй өнгөтэй ярьсан нь том уурхайнуудыг сонирхох бүр санаанд ордог юм. Уулын нэгдүгээр хэсгийн нэгдүгээр зам гэж танилцуулсан хэсгээр явах зуур О.Эрдэнэбилэг “Тэр харагдаж байгаа аварга эд чинь алхдаг экскаватор. Хөрс хуулж байгаа юм. Одоогоор 50 гаруй метр хөрс хуулчихсан байна. Тэр харлаж байгаа нь нүүрс. 10 гаруй метр үргэлжилж байгаа биз. Манай уурхай чинь 24 цагийн тасралтгүй ажиллагаатай. Ажилчид нэг ээлжиндээ 12 цагаар ажиллана. Чиний харж байгаа энэ экскаваторт нэг ахлах, гурван туслах ажилладаг. Сая зөрж өнгөрсөн ачааны аварга машин АНУ-ын КАТ-777. 2012 онд ашиглалтад орсон. Нэг удаа л их засварт орсон. Уг нь гурав дахиа орсон байх учиртай. 12 мянган мот/цаг ажиллаад их засвар хийх ёстой. Гэтэл одоо 40 гарчихсан яваа” гэж ирээд яриа дэлгэнэ.

Бидэнд замчилсан О.Эрдэнэбилэг байсхийгээд л “Алтан уурхай минь” гэх нь чихэнд содон дуулдана. Ер нь бидний уулзсан хүн бүр энэ үгийг бүр нэг сэтгэлээсээ хэлэх юм. “Улс орныхоо гал голомтыг бадрааж яваа гэж бодохоор утгатай сайхан санагддаг” гэж уурхайн талбай дээр таарсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат уурхайчин Н.Мөнхбаяр ярьсан юм. Н.Мөнхбаярын ахлахаар нь ажилладаг алхдаг экскаватор нэг удаадаа 15 куб метр буюу 30 тонн шороо хутгаж 90 метрийн цаана шиддэг гэнэ. Бөөрөндөө ЭШ 15-90 гэж бичсэн нь ийм учиртай юм байна. Монголдоо гуравт ордог аварга эд аж. СССР гэсэн бичиг, өнгө будаг энэ тэрийг нь харахад их л эртний эд гэдэг нь нүднээ илэрхий юм. Ашиглалтын хугацаа нь 20-25 жилээр яригддаг энэ техник 38 дахь жилдээ, ямар ч их засваргүйгээр зүтгэсээр яваа гэж Н.Мөнхбаяр сонирхуулав. “Уг нь шинэ экскаватортой болчихвол хэчнээн сайхан. Улсын эдийн засаг хэцүү үед шууд ингэмээр тэгмээр байна гэхэд хэцүү. Гэхдээ шинийг авчихвал бүтээмж эрс дээшилнэ. Тэгэхээр улсад л хэрэгтэй байх тийм үү” хэмээн энгийн даруухан хүүрнэх Хөдөлмөрийн баатар арваа төгсөөд л илгээлтээр ажиллаж эхэлжээ. Эхлээд зөвлөлтийн барилгын байгууллагад өрлөгчинөөр нэг жил ажиллаад Украин явж цахилгаан экскаваторын тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй болоод ирж. Тэр үеийн залуусын жишгээр гурван жилийн цэргийн алба хаачихаад Багануурт данстай хүн болжээ. Н.Мөнхбаяр “Техникт нь хорхойсоод ирсэн” гээд инээмсэглэв.

Ер нь л их дуу цөөтэй хүн юм. Асуултанд ганц хоёр өгүүлбэрээр хариулаад экскаватор руугаа харна. Ажилдаа яарч байгаа бололтой. “Ерээд оны үед уурхай их хэцүүдсэн гэдэг. Хамаг хүн нь яваад байгаа хэд нь ачааны хүндийг үүрсэн гэл үү” хэмээн үг өдөхөд “Зөвлөлтийн мэргэжилтнүүд буцсан, зөвлөлтөөс нийлүүлдэг сэлбэг байхгүй болсон, инженер техникийн ажилтнууд ганзагын наймаа энэ тэр гээд ажлаасаа гарсан гээд яривал хэцүү юм байсан. Гэхдээ ажилдаа дуртай болохоор хэцүүг мэдрээгүй даваад гарсан. Харин одоо л хэцүүдэж байна. Алтан уурхай гэж бидний сүсэглэн зүтгэж ирсэн энэ компанийн хувьцааны 75 хувийг төр эзэмшдэг. Тэр хэрээрээ хөрөнгө оруулалт хийгээсэй гэсэн хүсэл л байна. Бидний энэ хүслийг л дамжуулаад өгөөрэй. Уурхайн эдийн засаг үнэхээр хүндэрчихлээ. Тоног төхөөрөмж хуучирсан. Сэлбэг материалын хэрэгцээ их байна. Энэ өвөл бүр хүндэрчихлээ” гэж байна. 2012 онд хөдөлмөрийн баатар болсноо мэдсэн агшнаа “Амарч байтал орой таван цагийн үед захиргаанаас хүний нөөцийн хэлтсийн дарга Шагдарсүрэн утасдаад дээрээс ярив уу гэж асуудаг юм. Дээрээс гэдгийг нь ойлгосонгүй, яриагүй л гэлээ. Ахиад хагас цагийн дараа залгаад өнөөхөө асууж байна. Бүр гайхчихлаа. Цаг гаруйн дараа утас дахиад дуугардаг юм. Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна, зарлиг гарсан, та хөдөлмөрийн баатар боллоо гэхэд нь л учрыг нь олсон шүү. Сандраад яахаа мэдэхээ байчихдаг юм билээ” гэж хэлээд хөгжилтэй инээв. Эскаваторыг нь сонирхож болох уу гэтэл харин үг нь олшроод ирэв. Бололгүй яахав, хуучин ч гэсэн сайн эд шүү гэсээр биднийг экскаватор руугаа дагуулаад алхлаа. Овоохон зайтай амины орон сууцархуу хэмжээтэй экскаватор руу нь яваад орлоо. Араа, мотор гэх мэт хамаг эд анги нь ил болоод тэр үү экскаваторын дотор тал сүр бараатай гэж жигтэйхэн санагдав. Яг л үйлдвэрт ороод ирсэн мэт нүсэр дуу чимээ нь анх орж байгаа хүнд бол удаан байхад хэцүү орчин юм.

Хөдөлмөрийн баатар Н.Мөнхбаярын ажлаа хийдэг өрөө нь харин арай чимээ багатай, плитка, ханын самбар, жижиг буйдан, ширээ гээд хөөрхөн тохижилттой санагдав. Ширээн дээр байхуу цай саяхан уусан бололтой, дөрвөн шилэн аяга өржээ. Ханаараа дүүрэн өргөмжлөл өлгөчихөж. Эдний бригад үйлдвэрийн 14 удаагийн аварга гэнэ. Бидний дотор нь хэсэг хугацаанд саатсан энэ алхдаг экскаватор 87 сая куб метр уулын цул хуулжээ. Хөдөлмөрийн баатрын экскаваторт хорин минут саатаад гарлаа.

ТЕХНИКИЙН СУЛ ЗОГСОЛТООС БОЛЖ ОЛБОРЛОЛТ БАГАСЧЭЭ

Тээр доор өнөө зөрж өнгөрсөн KAT-ын хоёр машин, өөр гурван жижиг машин эгнэжээ. KАТ-ын машин нь Улаанбаатарын станцууд руу тээвэрлэх нүүрсийг ачиж байгаа бол жижиг оврын Howo машинууд хэрэглэгчдэд зориулсан нүүрс авахаар иржээ. О.Эрдэнэбилэг “Хэрэглэгчид зориулсан нүүрс авахаар ирсэн машинуудад нүүрсийг их гоё ялгаж шигшиж ачиж өгдөг. Н.Алтанхуягийн нүүрсийг энэнээс гоё ачиж өгч явуулж байлаа шүү дээ. Н.Алтанхуяг тонныг нь 27 мянгаар авч ард түмэнд 80 мянгаар өгч байсан. Тэр дор байгаа нөхдүүд тонныг нь 39 мянгаар аваад ченжүүдэд 50 мянгаар өгдөг. Өнөөдүүл нь хэдээр зардаг юм бүү мэд” гээд мөрөө хавчив. Насаараа ажилласан болоод тэр үү, юу л асуусан товхийтэл хариулах юм. Заримдаа бүр элдэв түүх дэлгээд яриа халих үе ч олон гарав.

Нүүрсний наймаа ярьсан шигээ уруудаж явтал уулын хоёрдугаар хэсгийн 476 экскаваторын машинч Ж.Доржсэмбэтэй ажлаа хийж явахад нь таарсан юм. Тэрээр “Миний ашиглаж байгаа техникийн цагийн бүтээмж нь 4000 куб метр шороо ачих хүчин чадалтай. Уурхайн КАТ буюу ачилтын техник цөөн учраас сул зогсолт ихтэй. Уурхайн эдийн засаг хүнд байгаа учраас ингээд байна л даа” хэмээн ярив. Тэнд таарсан өөр нэг ажилтан бол КАТ-ын оператор жолооч Г.Баярсайхан. Өдөртөө 25-30 удаа тээвэр хийдэг гэнэ. “Хөрөнгө мөнгө л их дутагдаж байгаа анзаарагдах юм. Дутуу мөнгийг нь шийдээд өгчихвөл алтан уурхай минь сайхан шүү дээ” гэж байна. 1996 оноос хойш Багануурын уурхайд жолоо мушгиж яваа Г.Баярсайханы хүү нь бас уурхайчин аж.

Уурхайн хамгийн хүнд ажил нь өрмийн машинчийн туслах санагдав. Өрмийн машинч Ю.Батчулуунтай ажлынх нь талбай дээр таараад түр ярилцах зуур төрсөн бодол л доо. Эхэндээ яаралтай ажилтай байна гэж их л дургүйцэнгүй цаг гаргасан Ю.Батчулуунтай арваад минут ажлынх нь талаар яриа дэлгэсний эцэст ааш нь овоо наашлав. Үнэхээр ч цаг завгүй үед нь ирж таарчээ. Маргааш нь тэсэлгээтэй, тэсэлгээнд газраа бэлдэх гээд өрөмдлөг хийж байхад нь бид яваад оччихож. Шөнөжингөө өрөмдлөг хийнэ гэнэ. Ю.Батчулууны туслахыг Д.Мөнхдэлгэр гэдэг аж. Өрмийн туслах өвөл, зун ялгаагүй бүтэн 12 цагийн турш гадаа зогсож ажилладаг юм байна. Хар үгээр тайлбарлавал өрмийн машинчийг өрөмдлөгөө хийнгүүт хошууг нь солих ажлыг хийдэг байна. Өргөхөд даагдахын аргагүй хүнд төмрийг өдөрт 30 удаа өргөнө гэдэг бэрх даваа санагдав. Хаврын цагт бүр 60 удаа өргөх өдөр ч гардаг гэнэ. Багануурын олборлолт явуулдаг яг энэ хэсэг өвөлдөө Тосонцэнгэлийн дараа тачигнадаг газар гэж О.Эрдэнэбилэг сонирхуулав. Машинаас гараад жаахан удахаар жиндэхээр өдөр байхад Д.Мөнхдэлгэр ажирч байгаа юм алга. Өнөөдөр сайхан байна, ид хүйтэнд ямар гээч хэмээн хэлээд өрмийн хошуугаа солихоор яарав. Зундаа ч жигтэйхэн халдаг бололтой. Өрмийн машин дотор ажилладаг Ю.Батчулууны хувьд зун хамгийн хэцүү байдаг аж. Битүү төмөр дотор ид халуун цагаар өдөржин сууж ажиллана гэдэг хэр бэрх даваа болохыг уншигчид төсөөлчихсөн суугаа байх. Завгүй хоёртой хальт хэдэн үг солиод уурхайн оффисын зүг буцсан юм.

Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат уурхайчин Н.Мөнхбаяр

ОПЕРАТОР ЖОЛООЧИЙН “УЛСТӨРЖИЛТ”

Зам зуур О.Эрдэнэбилэг улстөржөөд авав. Одоогоор засвар хийлгэх мөнгөгүйгээс засварын газарт гацсан машинаа барьж чадахгүй яваадаа бухимдсан уу “Ажлаа тайван хийх нөхцөлтэй бол ингэж улс төр рүү ормооргүй байна. Даанч тэгэх боломж завдал өгөхгүй юм. Олон толгойтой мангас гэгчээр аль яаманд харьяалагдаад байгаа нь мэдэгдэхгүй зовлон байна. Төр өмчөө мэдээд тэр хэрээрээ хөрөнгө оруулалт хийж өөриймсөг байх ёстой. Өр зээлийн асуудлыг нь цэгцэлж өгнө гэсэн Засгийн газрын шийдвэр гарсан хэр нь хэрэгжихгүй юм. ТЭЦ-үүдтэй өрийн сүлжээнд орчихсон яваа шүү дээ. Өрийн дарамтгүй болоод ирвэл уурхай өөрсдийгөө аятайхан аваад явчихна. Уулын ажилчид бултаараа гадаа, өвөл зуны хүйтэн халууныг үл ажран ажиллаж байна. Гэлээ гээд ялархаад суух юм алга. Цалин нэмээч гэж бид гуйгаагүй. Цалингаа аваад аятайхан ажиллах боломж, нөхцөлийг нь бүрдүүлээд өгөөч гэж л хүсч байгаа. Уурхайчид халуун сэтгэлээрээ зүтгэсээр өнөөдрийг хүрлээ. Одоо хамгаа шавхаад байна. Нүүрснийхээ үнийг буулга гэж захиргааддаг шигээ уурхайд эзэмшдэг хувийнхаа хэмжээгээр хөрөнгө оруулах хэрэгтэй биз дээ. Төр менежмэнтээ сайн хиймээр байна” хэмээн урсгалаа. Машин нь хэзээ засвараас гарахыг сонирхоход “Хэлж мэдэхгүй байна. Та бод доо. Уг нь машин маань зогсоогүй бол би төлөвлөгөөгөө биелүүлээд цалингаа авна. Би ажлаа хийвэл олборлолт хэвийн явагдана. Манай уурхайн олборлолт тасарвал улсаараа тог цахилгаангүй хэцүүднэ. Багануурын уурхайн асуудлыг энгийнээр яривал ердөө л энэ шүү. Улсаа гэрэлтэй байлгая гэвэл уурхайд тулгамдсан асуудлыг шийдэхээс өөр гарц байхгүй байгаа биз” гэж байна. Бидний суусан машин Багануурын уурхайн оффисын гадаа иржээ. О.Эрдэнэбилэгт талархалаа илэрхийлээд саллаа.

БАГАНУУРТ БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА ГЭВ

Бид уурхайн ажилчдын цайны газар орж өдрийн хоол идлээ. Энэ өдрийн цэсэнд багтсан хоолноос хонины шарсан мах, сүүтэй цай сонголоо. Ажилчдадаа эрүүл, чанартай хоол өгөхөд анхаардаг нь цэсэн дээрх “Замагтай шөл” гэх мэт хэр баргийн газарт элбэг харагддаггүй нэрнээс харж болохоор юм. Ажилчдын хооллодог саруулхан өрөөний үүдэн хэсгийн ханаар дүүрэн эрүүл хоолны тухай мэдлэг авахаар самбарууд өлгөжээ. Багануурын уурхайн ажилчдын тал хувь нь хандлага өөрчлөх аялалд хамрагдаад эхэлчихэж. Арлын Япон руу аялаад ирсэн хүмүүс нь ажил дээрээ шинэ санаа нэвтрүүлээд эхэлжээ. “1100 санаа 1100 ажил” гэсэн өөдрөг нэртэй энэ хөтөлбөрт хамрагдсан ажилчдын хандлага их өөрчлөгдсөн гэнэ. Эмх цэгцийг ажлын байрандаа хэрэгжүүлэх, ариун цэврийн өрөөгөө цэвэрхэн ашиглах, ухаалаг амьдралын хэв маягийг гэр бүлээрээ дагах гээд олон сайхан жишээг уурхайчдаас сонслоо. Тэд “Манай уурхайд бодлогын дэмжлэг л хэрэгтэй байна. Манайх 1200 ажилтантай. Цаана нь байгаа гэр бүлийнхийг нь оруулбал 6000 хүний хувь заяа энэ уурхайтай холбоотой. 40 жилийн түүхтэй алтан уурхайдаа бүгд л хайртай, ажилдаа дуртай. Олон жилийн өмнө ажлын байрны нөхцөл, цалин хөлс гэхчлэн нийгмийн асуудалд гомдол санал гаргадаг байсан бол одоо машин техник маань л эвдрэхгүй,зогсохгүй бол ажлаа хийгээд амьдралаа өөд татаад явахаа мэддэг болсон” гэцгээх аж.

1990 оны зах зээлийн шилжилтийн үеийг Багануурын уурхайнхныг тойроогүй. Техникийнхээ хоцрогдлыг арилгахаар гадаад дотоодын хүү багатай, урт хугацааны хөгжлийн зээлүүд авч уурхайн хүчин чадлаа нэмэгдүүлсэн олзуурхам тал “Багануур”-ынханд бий. Гэсэн хэдий ч үе үеийн Засгийн газрууд эрчим хүчний тарифыг чөлөөлөөгүй өнөөдрийг хүрсэн нь энэ уурхайн хөгжилд багагүй түвэг удсан нь өнгөрсөн жилүүдэд болсон үйл явдлаас анзаарагддаг. Нүүрсээ цахилгаан станцуудад олон жил хямд үнээр нийлүүлж, олборлолтын зардлаа нөхөхгүйгээр өнөөг хүрсэн учраас урт хугацаанд мөнгөн хөрөнгийн дутагдалд орсон нь нуух аргагүй үнэн. Ийм шалтгаанаар Багануурын уурхай урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр ирснийг монголчууд бултаараа мэднэ. “Багануур” ХК-ийн техник тоног төхөөрөмж хуучирсан, шинэ ТЭЗҮ-ийн дагуу хөрөнгө оруулалт татах шаардлага үүссэн зэрэг асуудалтай ч нүүр тулжээ. “Багануур”-ын хувьцааны 21.06 хувийг “Монголиан коал корпорэйшн” эзэмшдэг бол 3.94 хувь нь 4000 гаруй жижиг хувьцаа эзэмшигчдийнх. 75 хувийг нь “Эрдэнэс Монгол” эзэмшдэг тухай өмнө өгүүлсэн.

“Эрдэнэс Монгол”-ын хувьд Багануурын төрийн мэдлийн хувьцааг эзэмших болсноос хойш зүгээр суугаагүй гэнэ. Энэ компанийг илүү хариуцлагатай ажиллуулах чигт анхаарч Монголд анх удаа олон улсын хариуцлагатай уул уурхайн зарчмыг нэвтрүүлэх гэх мэт цөөнгүй ажил сэдэж эхлүүлжээ. Ямартаа ч уурхайд саатах хугас өдөрт нэг зүйл их тод анзаарагдлаа. Багануурын уурхайчид, уурхайн удирдлагууд Улаанбаатар хотыг гал алдуулчихгүйн тулд байгаа боломжоо шавхан ажиллаж яваа юм байна. Төгсгөлд нь дахин онцлоход лицензийн маргаантай талбайн асуудал шийдэгдэхгүй бол уурхай олборлолтоо явуулахад хэцүү болж эхэлжээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Объектын гал түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10,1 хувиар өсчээ

Улсын хэмжээнд он гарсаар нэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийт 402 удаагийн объектын гал түймэр гарч 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Түүнчлэн 8 хүн нас барж, 3 хүн түлэгдэж гэмтэн, 204 гэр орон сууц шатжээ. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 103 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 6.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 10.1 хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 81.25 хувиар буурсан байна. Нийслэл хотод нийт 254 удаагийн гал түймэр гарч 0.46 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 148 удаагийн гал түймэр гарч 0.78 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар

Энэ хугацаанд 1884 байгууллага, аж ахуйн нэгж, 17771 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 7854 зөрчил дутагдал илрүүлэн, 3698 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 395 заавал биелүүлэх албан шаардлага, 387 мэдэгдэл, 25 танилцуулга, 42 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 1 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 8.3 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 127 удаа, дадлага 117удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 106 удаа сэрэмжлүүлэг явуулсан.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 45 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 52 удаа орж ажиллав.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

Пийшин, зуух, яндангийн цонолтоос 131 гал буюу 32.5 хувь,

Цахилгаанаас 77 гал буюу 19.2 хувь,

Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 61 гал буюу 15.2 хувь,

Ил задгай гал, асгасан үнс нурмаас 60 гал буюу 14.9 хувь,

Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 35 гал буюу 8.7 хувь,

Шалтгаан тогтоогдоогүй 22 гал буюу 5.5 хувь,

Гагнуур, паялник, бамбараас 6 гал буюу 1.5 хувь,

Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 3 гал буюу 0.74 хувь,

Бусад шалтгаанаас 3 гал буюу 0.74 хувь,

Технологийн горим зөрчснөөс 2 гал буюу 0.49 хувь,

Архидан согтуурснаас 1 гал буюу 0.24 хувь,

Санаатай үйлдлээр 1 гал буюу 0.24 хувь

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Бат-Эрдэнэ: Би Т.Аюурсайханд “Наад залуучуудаа зогсоо. Битгий давруулаад бай” гэж хэлсэн

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Т.Аюурсайхан гишүүн таныг өөрийнхөө тухай худал мэдээлэл тараасан гэж цагдаад өгчээ. Үнэхээр та түүнийг гүтгээд байгаа юм уу. Эсвэл Т.Аюурсайхан гишүүн ярьсан хэлснээ мартчихсан хэрэг үү?

-Өнгөрсөн баасан гаригт Цагдаагийн Ерөнхий газраас ярьсан. Очиж уулзаад Т.Аюурсайхан гишүүн гомдол гаргасныг мэдлээ. “Надад тийм дүү байдаггүй, намайг гүтгэж байна” гэсэн гомдол гаргасан бололтой. Монголын төрөөр тоглож, попорч, шударга хүний дүрд тоглож байгаа хүмүүсийг харахаар уур хүрээд байх юм. Үүнд Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүн уурлаж байгаа гэж би бодохгүй байна. Улс орныхоо төлөө хариуцлага үүрсэн хүний хувьд би ийм зүйлийг тэвчих ёсгүй. Би ийм зүйлийн эсрэг зогсож байх үүрэгтэй хүн. Би УИХ-ын гишүүнийхээ хувьд хүн гүтгэх ёсгүй. Харин үнэн бодит байдлыг ярих үүрэгтэй. Т.Аюурсайхан гишүүн 2017 онд ирж уулзсан. “Миний дүү, миний дүү нар Булган аймгийн Бүрэгхангай суманд алт ухаж байгаа. Энэ хүмүүст туслаач. Орон нутгийнханд нь хэлж өгөөч ээ” гэсэн. Би орон нутгийнх нь Засаг даргад хэлсэн. Засаг дарга нь тун удалгүй эргээд над руу ярьсан. “Гишүүн ээ, таны хэлсэн хүмүүс чинь хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Эсрэгээрээ энэ хүмүүсийг зогсоох ёстой юм байна. Одоогоор Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдсэн” гэсэн. Мөн “Яваад очихоор хүн байдаггүй. Явсны дараа ухаад эхэлчихсэн байх юм. Хууль бус явдал болж байна гэдгийг хэлэхээр таны болон Т.Аюурсайхан бас дахиад нэг гишүүний нэр бариад томроод байна. “Та нар ажилгүй болов. Миний ард Т.Аюурсайхан гишүүн байгаа” гээд байна” гэдгийг хэлсэн. Би тэр хоёр гишүүнтэй уулзсан. Би Т.Аюурсайханд “Наад залуучуудаа зогсоо. Битгий давруулаад бай” гэж хэлсэн. Тэрээр “Би тэр залуучуудад “Битгий давар” гэж хэллээ. Уг нь тийм зүйл хийхээргүй л хүмүүс байгаа юм” гэсэн. Харин нөгөөх гишүүн нь “Тэр залуучуудыг таних ч үгүй” гэж хэлсэн. Асуудал үүн дээрээ тулаад л явсан шүү дээ.

-Тэрхүү компани нь одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа юу?

-Мэргэжлийн хяналтын газраас шалгалт яваад үйл ажиллагааг нь зогсоосон. МХЕГ-аас 1.7 сая төгрөгийн торгууль тавьсан ч өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа. Одоог хүртэл МХЕГ-ын хараанд байсаар байгаа юм билээ. Ер нь попорч байгаа хүмүүст нэг том мөн чанар байдаг. Тэр нь өөрийнхөө нэр хүндийг үхэн хатан хамгаалдаг, сэвтэх вий гэхээс айдаг явдал. Энэ нь одоо илэрч байна. Тиймдээ ч Т.Аюурсайхан гишүүн өөрийнхөө нэрийг хамгаалах гэж өчнөөн залруулга, элдэв пост зэргийг цахим сүлжээнд цацаж байна лээ. Цагдаад хүртэл хандаж байх шиг. Нэр төрөө сэвтхээс ингэтлээ айж байна шүү дээ. Би бол айхгүй байна. Над дээр ирж гуйсан нь, би цааш нь хэлсэн нь, тэр хүмүүс нь хууль бус зүйл хийж байсан учир Т.Аюурсайхан гишүүнд “Битгий давраа” гэж хэлсэн нь үнэн. Тэгээд л болоо.

-Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд жагсаал цуглаан зарлаж байна. Тэдгээрийг шударга ёсыг тогтоох нь гэж дэмжиж буй иргэд бий. Мөн үүний цаана ямар нэгэн эрх ашиг нуугдаж байна гэж харах хүмүүс ч байна. Тэд шударга ёсыг тогтоож чадах уу?

-Би нэг зүйл дээр л гайхаад байгаа юм. Шударга бустай тэмцэх нь зөв. Нийгэмд шударга бусын хэм хэмжээ алдагдсан. Үүнийг УИХ-ын гишүүнийхээ хувьд зөвшөөрч байгаа. Би МАН-ын бүлэг дээр ч тэр “Шударга бусын шинэчлэлийг манай нам эхлүүлэх ёстой” гэж хэлж байсан. Ерөнхийлөгчийн шинэчлэл гэдэг үгийг дэмжиж байгаа. Гэхдээ энэ бүхнийг хууль номынх нь дагуу хий л дээ. Бүх засаглал Ерөнхий сайдад байгаа. Нүдэн дээр нь харагдаад байгаа юм бол гудамжинд жагсах ямар шаардлагатай юм. “Утаатай тэмцэхгүй байна” гээд л Төв талбай дээр цагаан хоолойгоор хашгирч байна. Утаатай тэмцэхийг хэн боомилоод байгаа юм тэр хүнийг л ажлаас нь халаач. Идэж, уусан байдаг юм бол шүүх цагдаад нь өгөөч. МАНАН-тай тэмцэхэд саад болж байгаа гээд л байна. Саад болж байгаа албан тушаалтан байвал халаач дээ. Өнөө маргаашгүй үзэн ядаад буй М.Энхболд чинь суудлаасаа буучих нь. Түүний дараа харин амласан бүх зүйлээ хийгээсэй гэж би хүсч байна.

ИХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар огцруулах хуулийн төсөл эцэслэн батлагдсан. Нэг хүнд төдийгүй улс төрийн нөхцөл байдлаас үүдэн хууль санаачлан батлах нь хэр зохистой юм бэ?

-Нэг хүнд зориулсан хууль баталж болохгүй гэх олон улсын жишиг, хууль дүрэмд байдаг. 40 гишүүн энэ асуудлаа яриад араас нь Ерөнхийлөгч нь хүч өгснөөр энэ хууль орж ирж байна. Үүнийхээ дагуу явах байх. Үүнийг нь дэмжээд явуулъя гэсэн бодолтой байгаа.

Хамгийн гол нь үүний цаана хэр их үр дүн гарах эсэх дээр эргэлзэж байна. Яг үнэндээ энэ бол эрх мэдлийн төлөөх тулалдаан. Миний бие 27-ын төлөөлөл гээд л явж байгаа. Ер нь яагаад 27 болгож хагалсан юм бэ. Анх Ерөнхий сайдын төлөөх эрх мэдлийн тулаан болж, үүнээсээ үүдэн гишүүдээ хоёр хуваачихсан шүү дээ. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдыг нам өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд намын Бага хурлаасаа томилсон. Тэгвэл томилсон газар дээрээ буюу намын Бага хурал дээрээ очиж учраа олъё. Та нарын томилсон Ж.Эрдэнэбат ажлаа хийж чадахгүй байна, тийм учраас солих нь зөв гэдэг саналаа тэнд тавиад шийдүүлье гэсэн. Тэгэхэд “Үгүй ээ. Бид эрх мэдэл бүхий УИХ-ын гишүүд. Бид нараас том эрх мэдэлтэй хүмүүс байхгүй. Бид эндээ хагална” гэсэн шүү дээ. “Та нар энэ асуудал дээр кнопдох юм бол хэдэн тийшээгээ харна шүү” гэдгийг хэлж сануулж байсан. Эцэст нь хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь 60 тэрбумтан гэх нэрийг шууд зүүсэн. “Би 60 тэрбумын гэх нэрийг зүүмээргүй байна. Учир нь миний ард Булган аймгийн МАН-ын гишүүд байгаа. Тэр гишүүдээ 60 тэрбумтан болгомооргүй байна” гэж ч байсан. Ер нь энэ хэргийг хэн гаргасан, юу болсон, хэн буруутай эсэхийг нь Бага хурал дээрээ очиж ярья гэсэн ч ойшоогоогүй өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэсэн.

-ЖДҮ-д нэр холбогдсон дөрвөн гишүүний асуудлыг УИХ-аар хэлэлцэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Улс төрийн энэ шуугианаар ЖДҮ-ийн асуудал дарагдах вий гэх болгоомжлол иргэдэд байна. Энэ тухайд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би ЖДҮ-ийн асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. Бас гомдолтой байгаа. ЖДҮХС-гийн мөнгийг буруу хуваарилсан Засгийн газарт ч гомдолтой байна. Би 2016 оны сонгуульд орохдоо “Хүний төлөө эзийн засаг, хөгжлийн төлөө зөв бодлого” гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх нэг гарц нь ЖДҮ юм байна. Хүн болгон орлоготой, ажлын байртай болгохын тулд аж ахуй нэгжүүдээ дэмжих хэрэгтэй гээд дээрх мөрийн хөтөлбөрийг авч орсон юм. Улмаар сүү, махны үйлдвэр нэн тэргүүнд байх ёстой гэдгийг намынхаа мөрийн хөтөлбөрт суулгахын тулд хүчин зүтгэл гаргасан. 21:100 гэсэн мөрийн хөтөлбөрийн заалтад оруулсандаа баяртай явдаг юм. Учир нь үүний дүнд Булган аймагт сүү, махны үйлдвэр бий болж, үүнийг түшиглэсэн ЖДҮ явах нь гарцаагүй гэж найдсан. Үүнийгээ ч Булганыхандаа амласан. УИХ-д орж ирээд ч ЖДҮ-ийг хөгжүүлэх тухай ярьсан. Монголбанкнаас гаргадаг ЖДҮ-ийг хөгжүүлэх тайланд нь ч очиж сууж байлаа. Монголбанкны ерөнхийлөгчтэй хүртэл уулзаж миний яриад буй ЖДҮ-ийг хөгжүүлэх тухай асуудал зөв үү, эдийн засгийн гол түлхэц нь ЖДҮ мөн үү гэдгийг ч асууж байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ч ЖДҮ-ийн талаар ярьж, “Шинэ хөдөө” гэсэн хөтөлбөр боловсруулж өгсөн. Дараагийн Засгийн газартай ч тээврийн салбараа орхичихоод л ЖДҮ яриад сууж байсан. Б.Батзориг сайд маань дэмжиж “Шинэ хөдөө-Шинэ амьдрал” боловсруулсан ч, Засгийн газраар батлуулж амжаагүй. Уг нь дэмжсэн юм шүү.

ЖДҮ-г өргөн хүрээгээр нь харж, сум бүрт нэг тэрбум төгрөг тавиад үзээч, тооцоолооч гэдгийг хэлсэн. Миний хувьд ЖДҮ-ийн “Шинэ хөдөө” хөтөлбөрийнхөө хүрээнд арав гаруй аймгуудаар явж судалгаа хийсэн. Зургаан цуврал нэвтрүүлэг хийж цацсан. Аймгуудаас олон хүн над руу холбогдож, хийж буй ажлыг минь дэмжиж байгаагаа илэрхийлж, төслүүдээ ирүүлсэн. Булганчуудаа ч тэр төслөө бэлд гээд хэлчихсэн байсан. Харин энэ үйл явдал болсны дараа хүмүүс ихэд бухимдаж, уулзалтын үеэр төслөө урж хаяж байсан ч тохиолдол бий. Мөн мах, сүүний үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд хийгдэх ажлуудаа төлөвлөөд Засгийн газарт өгсөн. Энэ нь цаашлаад ХХААХҮЯ дээр очсон юм билээ. Гэтэл уг төсөлд шаардлагатай 12.8 тэрбум төгрөгийг Ж.Бат-Эрдэнэ авсан гээд л ярьж байгаа юм. Тиймдээ ч би гомдоод байгаа юм. Бас энэ асуудал дээр хатуу зогсож байгаа хэрэг.

-ЖДҮ-тэй холбоотойгоор 23 гишүүнийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Энэ асуудал ямар шатандаа яваа юм бол. Нэр дуудагдсан гишүүдээс дурдаж болох уу?

-Намайг ч хүртэл дуудсан. Булган аймагт сүүний чиглэлийн нэг үйлдвэр баригдхаар ЖДҮ-ээс зээл авсан. Олон жил яригдсан нэг төсөл нь дэмжигдээд явсан. Мэдээж би “Дэмжиж өгөөч” гэсэн бичиг хийж өгсөн. Намайг үүнтэй холбож шалгаж байгаа юм билээ. Энэ компани надад хамаагүй. Манай талаас олон хүн дуудаж шалгалаа гээд гомдол нэхээд л байгаа юм билээ. Энэ 27 гишүүнээс миний мэдэхийн арав гаруй гишүүн дуудагдаж, шалгагдсан. Бас л нутаг оронд нь хийгдэх ЖДҮ-ийг дэмжиж бичиг хийж өгсөн байх. Бид бичиг хийж өгөх үүрэгтэй хүмүүс. Бид тойргийнхоо хүмүүст тусалж дэмжихээр төлөөлөл нь болж байгаагийн хувьд дэмжлэг үзүүлэх ёстой. Хамгийн гол нь эхнэр хүүхэд, хамаатан садандаа дэмжлэг үзүүлчихсэн үү, эсвэл өөрөө авсан уу гэдэг нь асуудал. Авсан мөнгөө угаасан уу, зээлийг нь бүтээлээ гээд дундаас нь мөнгө авчихсан уу гэдэг чинь л ноцтой хэрэг. Үүнийг шалгах ёстой. Нутаг орондоо хийгдэж байгаа үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг болохгүй зүйл биш. Ухаандаа өнөө өглөө л гэхэд Булган аймгийн Хишиг-Өндөр сумаас “Ажлын байр бий болгож өгөөч. ЖДҮ-ийн зээлд хамрагдмаар байна. Таниас өөр хандах хүн алга” гэсэн мессэж ирүүлж байгаа юм. Энэ мэт маш олон иргэд төсөл бичсэн байгаа. Тэд нарыг л дэмжмээр байна.

-ЗТХЯ дээр гарсан хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Талийгаачийн аав нь нас барсан гэх харамсалтай мэдээ ч дуулдлаа. Та энэ асуудалд хэр их анхаарал хандуулж байгаа вэ?

-Үүнтэй холбоотойгоор нэг тайлбар хиймээр байна л даа. “Ж.Бат-Эрдэнийн өрөөнөөс архидалт эхэлсэн” гэж яриад байгаа. Тэр харамсалтай явдал болдог өдөр яаман дээрх ажил ном журмын дагуу явсан. Тэр өдөр яаман дээр БНСУ-ын компанитай шинэ нисэх буудлыг сурталчлах гэрээ хийгдэн, ёслолын үйл ажиллагаа болж, зураг хөрөг авагдсан. Би 17:30 минутад уг ёслолын ажиллагааг дуусгаад гарсан. Уг үйл ажиллагаанд яамны Тээврийн газар, Төрийн захиргаа удирдлагын газрынхан хамт байлцсан. Тэр үед архидалт болоогүй. Харин дараа нь тодорхой үүрэг даалгавар авч ажлаа хийгээд үлдсэн хүмүүс архидсан байсан. Үүнээс үүдэн ийм харамсалтай явдал гарсан. Талийгаачийн эхнэр нь ирж уулзсан. Аав нь хэдхэн хоногийн өмнө л хавдартай гэдгээ мэдэж, огцом бие нь муудсан юм билээ. Мэдээж сэтгэл санааны байдал нь нөлөөлсөн нь ойлгомжтой. Маш их харамсаж байгаа. Цахим ертөнцөөр талийгаачтай холбоотой янз бүрийн мэдээлэл цацагдаж байгаад маш их эмзэглэж буйгаа эхнэр нь хэлж байсан. Энэ асуудлуудад анхаарал хандуулж өгөхийг хүссэн.

Энэ асуудлыг хэрхэн яаж шийдэх нь хуулийн байгууллагын асуудал. Үүнд мэдэж байгаа юм алга байна. Сайд байсан хүний хувьд хуулийн байгууллагын үйл ажиллагаанд оролцоод байх нь зөв биш байх. Хуулийн дагуу шалгаад явах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Таны хувьд УИХ тарахыг дэмжиж гарын үсэгээ зурсан. УИХ тарах боломжтой юу?

-2016 оны сонгуулиар МАН-д үнэмлэхүй ялалт байгуулах боломжийг ард түмэн олгосон. Өнөөдрийн бид нарын байгаа царай үнэхээр ичмээр хэмжээнд л байна. Шуналдаа хөтлөгдөж эрх мэдлийн төлөөх байлдаан бий болгочихлоо. Төр, засгаа эмхлэх ёстой байтал хоёр тал болчихоод байж байна. Тиймээс хэдүүлээ тарчихъя. Ард түмэндээ тайлбарлаж хэлэх үгтэй юм бол эргээд оччихъё. Шударга ёсыг хэрхэн тогтоож байгаагаа тайлбарлаад өгчихье. Ингээд ард түмнээрээ дахиад шүүлгэе. Харин тарахаасаа өмнө Намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой. Нам болон ард иргэд зөв хүнийг сонгох боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн үг. Ингэж байж УИХ-д ард түмний хүлээгээд байгаа зөв хүмүүс орж ирэх боломж нээгдэнэ. Үүний дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдах учиртай.

-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нислэгийн тоог нэмэгдүүлэхийг БНСУ-ын тал зөвшөөрчээ. Энэ нь ажил хэрэг болсноор ямар давуу тал бий болох вэ?

-Агаарын тээврийн харилцааг либералчлах нь маш чухал. БНСУ-аас Монгол Улсад сууж байгаа шинэ элчин сайд “Маш олон солонгосчууд Монгол руу аялах сонирхолтой байдаг. Гэсэн ч тасалбар олддоггүй” гэж ярьсан байна лээ. Учир нь БНСУ, Монгол Улсын хооронд агаарын тээврийн үйлчилгээг Монголын талаас МИАТ, БНСУ-ын талаас “Кореан эйр” гэсэн хоёрхон компани үзүүлнэ гээд УИХ-аар батлаад өгчихсөн байсан юм. Дээрээс нь Сөүлийн чиглэлд долоо хоногтоо 12 удаа л нислэг хийх ёстой байв. Харин саяын өөрчлөлтөөр 20 болсон. Мөн гуравдагч компани оруулахаар бүх нөхцөлийг нь бүрдүүлчихсэн. Ингэснээр өрсөлдөөн бий болж, хямдарна. БНСУ-ын Тээврийн сайд нь намайг очиж уулзахад “Хэрвээ та бүхэн гуравдагч компани оруулах нөхцөлийг бий болгож өгөх юм бол үнэ буурна гэсэн баталгааг өгье” гэж хэлсэн. Энэ бүх зүйлийг сайд байх хугацаандаа багагүй эсэргүүцлийг давж хийсэн. Тэрхүү монопольчлолыг бий болгосон хуулийг УИХ-аар оруулж, цуцалсан.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Мөнхчулуун: Бид утаа, түгжрэлийг бууруулж, ажлын байрыг бий болгох асуудлуудад түлхүү анхаарах ёстой

НИТХ-ын хуралдаанаар хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх үеэр С.Мөнхчулуун өөрийн нэрийг Хотын захирагчид дэвшүүлж, төлөөлөгчдийн олонхын саналыг авсан. Түүнийг Ерөнхий сайд батламжилсан тохиолдолд нийслэлийн Засаг даргаар томилогдох хуультай. Өчигдөр түүнийг Засаг даргаар томилох тогтоолыг Ерөнхий сайдад өргөн барьсан. Одоогоор түүнийг албан ёсоор батламжлаагүй байна. Түүнтэй Хотын захирагчаар томилогдсон тохиолдолд нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх талаар нь ярилцлаа.


-Та нийслэлийн Засаг даргыг сонгох хуралдааны үеэр заалнаас өөрийн нэрээ дэвшүүлсэн. Яагаад ийм шийдвэр гаргах болов?

-Энэ бол төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудал. Урд өдөр нь хүртэл би бүрэн шийдээгүй байсан. Нэр дэвшиж байгаа байдал, орж ирж байгаа бодлого, шийдвэрүүдийг харъя гэж бодож байсан. Мөн төлөөлөгчидтэйгөө ярилцаж байсан юм.

Би нийслэлийн төр захиргааны байгууллагад олон жил ажилласны хувьд дүүрэг, анхан шатанд ажиллаж байсны хувьд нийслэлийн ажил, амьдралыг мэднэ. Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд гар бие оролцох ёстой гэдэг үүднээс нэр дэвшсэн.

Мөн сонгогдсон тойргийн иргэдээс их санал хүсэлт ирсэн. Би өөрөө иргэдийн төлөөлөгч учраас иргэдийнхээ хүсэлт, саналыг бодож үзсэн.

-Ерөнхий сайд таныг батламжлахгүй байж мэднэ гэсэн яриа гарч байна. Таны хувьд юу гэж харж байна?

-Иргэдийн хурал гэдэг бол нийслэлийн нийт иргэдийн төлөөлөл юм. Энэ төлөөллийн 55 хувь нь намайг дэмжиж, хотын удирдлагаар сонгосон. Тийм учраас Ерөнхий сайд баталгаажуулах байх аа.

-Гэнэт нэрээ дэвшүүлсэн нь АН-ын бүлгийнхэнтэй хамтарч С.Амарсайханг унагаах, санал хуваах бодлоготой байсан гэж яригдаж байна. Мөн танд санал өгвөл АН-ын төлөөлөгчдөд таван тэрбумын тендер өгнө гэж амласан гэх юм.Энэ үнэн үү?

-Ямар хүмүүс тэгж ярьж байгааг мэдэхгүй. Хэн нэгний хэлсэн үгийг би баталж хэлэх боломжгүй. Санал хураалт болохын өмнө манай намын удирдлагууд “Нэрээ татаж болохгүй юм уу” гэж хэлж байсан. Хариуд нь “Би нийслэлийн хөгжлийн төлөө гар бие оролцох ёстой” гэж хэлсэн юм. Нууц санал хураалт явсан учраас хэн нь хэнийг дэмжсэнийг би мэдэхгүй. Янз бүрийн л асуудлууд яригдаж байна. Энэ бол улс төр бохирдсоны нэг илрэл. Би Улаанбаатар хотын иргэн. Улаанбаатар хотын иргэдээс сонгогдсоны хувьд нийслэлийн хөгжлийн төлөө, тулгамдсан асуудлуудыг шийдэхийн төлөө ажиллая гэж гарч ирсэн. Тэгэхээр уг нь цаашаа юу хийх вэ, хэрхэн ажиллах вэ, өмнө нь хэрхэн ажиллаж байсан юм бэ гэдгийг яримаар байна, уг нь. Тэгэхэд ямар нэгэн байдлаар өрсөлдөгчөө харлуулах, олон нийтийн сүлжээгээр дайрах тохиолдол их гарлаа. Миний хувьд хүмүүсийн яриад байгаа шиг 60 тэрбум, ЖДҮ аль нь ч хамаагүй. Би мэргэжилтнээс эхлээд өнөөдрийг хүртэл шударгаар явж байгаа хүн. Ер нь тийм асуудал огт байхгүй.

-Үлдсэн хугацааг та МАН-ын зүгээс мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадах хугацаа гэж бодож байна уу?

-Миний хамгийн эхэнд бодож байгаа зүйл бол нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг 100 хувь хэрэгжүүлэхийн төлөө бүхий л хүчээрээ зүтгэнэ. Одоо 1.5 жилийн хугацаа үлдсэн. Энэ хугацаанд үлдсэн ажлуудыг хийж гүйцэтгэхийн тулд хурдтай ажиллах ёстой. Үүний тулд олуулаа ажиллана. НИТХ-ын 45 төлөөлөгчийг татаж оролцуулж, есөн дүүрэг, дэргэдэх харьяа газар, агентлагуудад эрх мэдлийг нь өгч хамтран ажиллана. Өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдаад байгаа маш олон асуудал бий. Утаа, түгжрэл хамгийн эхэнд зайлшгүй шийдэх асуудал юм. Мөн хүүхдэд ээлтэй хот байх ёстой. Хамгийн гол ярьдаг зүйл болох “Аз жаргалтай хот” гэдэг нь иргэд маань ажилтай, орлоготой, авсан цалин нь амьдралдаа хүрдэг байхыг хэлнэ. Тийм учраас ажилтай орлоготой болгохын тулд л ажиллана.

-Та төлөөлөгчидтэйгөө хамтран ажиллана гэж байна. Гэтэл танай нам дотоод хагаралаас төрийн ажил гацаад байна. Энэ байдал нийслэлд нөлөөлж байгаа юу?

-Би хамтарсан Засгийн газрын үед ажиллаж байсан. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн хурал МАН-аас, Засаг дарга нь АН-аас, би Тамгын газрын даргаар ажилласан. Тэгэхээр ажлыг явуулах гэж байгаа болохоос биш иргэдийн хурал, Засаг дарга дээр намын үйл ажиллагаа явуулах гээгүй ээ. Тийм учраас ИТХ-ын МАН-ын 34 төлөөлөгчидтэй ажил хэргийн шугамаар хамтран ажиллана. Бидний дунд үл ойлголцох асуудал гарахгүй гэдээгт итгэлтэй байна.

-“Аз жаргалтай Улаанбаатар хот” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэж байна. Үүний тулд ямар ажил хийх вэ гэдгээ ярихгүй юу?

-Энэ ганц хүний ажил биш. Тийм учраас би түрүүн хэлсэн хамгийн их тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхийн төлөө ажиллана. Агаарын бохирдлыг нүүрс тараагаад, сайжруулсан түлш, утгаагүй зуухаар шийдэх боломжгүй. Үүнийг дэд бүтцээр шийдэх ёстой. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил зогссон. 17 байршил дээр явж байсан дахин төлөвлөлт гацчихсан. Төрөөс дэд бүтцийг тавихад анхаарах ёстой. Үүн дээр гол хөрөнгө, төсөвөө зарцуулж, дэд бүтцээ тавиад өгвөл зогсчихсон байсан барилгын ажлууд үргэлжилнэ. Тэгэхээр бид юуны өмнө дахин төлөвлөлтөд анхаарах ёстой.

-Түгжрэлийн асуудал нийслэлчүүдийн толгойны өвчин болоод удлаа. Үүн дээр танд шийдэл байна уу?

-Мэдээж зам төлөвлөлтөө анхаарна. Дээрээс нь нийтийн тээврийг эрс шинэчлэх ёстой. Хүн зөөдөг хөлдүү автобус байж болохгүй. Харин ч тохь тухтай унаа байх ёстой шүү дээ. Тийм учраас нийтийн тээврийн парк шинэчлэл хийнэ.

-Түгжрэл, утаанаас гадна автомашины зогсоолын хүрэлцээ муу байна. Сүүлийн үед баригдаж буй орон сууцнууд автомашины зогсоолгүй байх нь элбэг болжээ. Үүнийг журамлаж, зогсоолгүй бол метр.кв үнээ бууруулна гэдэг ч юмуу, зохицуулалт хийж болохгүй юу?

-Ер нь хотод баригдчихсан байгаа төвлөрсөн орон сууцнууд дунд шинээр төлөвлөлт хийж, газар доорх зогсоол хийгээд явах боломжтой. Шинээр баригдаж байгаа барилгуудын хувьд зай талбай, зогсоолтой байх ёстой гэсэн стандарт шаардлагаа мөрдөх хэрэгтэй. Хэрвээ орон сууцны хороолол барьж байгаа юм бол хажууд нь нийгмийн дэд бүтэц нь зайлшгүй байх ёстой. Сургууль, цэцэрлэг, амралт чөлөөт цагаа өнгөрөөх талбай, ногоон байгууламж, зогсоол граж зэрэгт стандарт шаардлагууд бий. Түүнийгээ мөрдөж байна уу гэдэгт хяналт тавих хэрэгтэй юм. Цаасан дээр байгаа стандарт, гаргасан зураг төслөөсөө өөрөөр яваад байдаг. Түүнийг нь төрийн байгууллага хүлээж аваад байдаг нь буруу. Үүнийг таслан зогсоож байж цаашаа явна. Манайд хууль, стандарт нь муу гэсэн юм байхгүй. Харин үүнийг хэрэгжүүлж л чадахгүй байгаа юм.

-Аз жаргалтай Улаанбаатар байхын тулд иргэд нь ажил орлоготой байх хэрэгтэй. Ажлын байрыг нэмэгдүүлж байж МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжинэ шүү дээ. Энэ тал дээр яаж анхаарах вэ?

-Төр ажлын байрыг нэмэгдүүлдэг байгууллага биш. Төр хувийн хэвшил, иргэдээсээ авсан татвараараа менежмэнт хийдэг байгууллага. Тийм учраас төрийн зүгээс ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд жинхэнэ үйлдэрлэгчидээ дэмжиж, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх ёстой. Ингэснээр иргэд бизнес хийх, өөрсдөө амьжиргаагаа залгуулах энэ асуудлууд шийдэгдэнэ. Өнөөдөр Монгол Улсын 1.6 сая иргэн нь хөдөлмөр эрхлэх насных. Түүнээс төрийн албанд 200 мянга нь ажиллаж байна. Үлдсэн хэсэг нь хувийн хэвшилээр өөрсдийгөө авч явж байгаа. Тэгэхээр хувийн хэвшилээ дэмжиж байж улс орон хөгжинө. Хэрэв иргэд өөрсдөө ажилтай, цалин нь амьдралдаа хүрдэг байх юм бол өөрсдийнхөө асуудлыг шийдээд явна шүү дээ. Тэр хүмүүс заавал гэр хороололд амьдрахгүй. Гэр хорооллын зарим иргэд дугуй түлдэг. Тэр хүмүүс өөрсдийгөө хохироохыг бодохгүй шүү дээ. Тэр хүмүүсийн цалин амьдралд нь хүрдэг, хуримтлал үүсгэдэг байх юм бол өөрсдөө ямар нэгэн байдлаар орон сууцанд ороод л явчихна. Тийм учраас бид ийм утаа, түгжрэл, ажлын байрыг бий болгох асуудлуудад түлхүү анхаарах ёстой. Бусад төрийн үйлчилгээ, нийгмийн салбарын юмнууд явдагаараа явна.

-ЖДҮ-ийг дэмжинэ гэж байна. Төрийн эрх мэдэлтнүүд ЖДҮХС-гаас зээл авснаас болж энэ оны улсын төсөвт ЖДҮ-ийг дэмжихэд мөнгө тавигдаагүй. Нийслэлийн хувьд энэ оны төсөвтөө ЖДҮ-ийг дэмжихэд хөрөнгө тавьсан уу?

-УИХ-ын хурал дээр тавигддаг ЖДҮ-ийн мөнгө манай нийслэлээр дамждаггүй. Энэ бол ХХААХҮЯ-аар дамждаг. Манай нийслэл дээр ЖДҮ-ийг дэмжих төв (ЖДҮДТ) гэж бий. Жилд 2-3 тэрбум төгрөг тавьдаг. Гэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд ЖДҮДТ нэг ч төгрөгний зээл олгоогүй.

-Яагаад тэр вэ?

-Дүрэм журам нь болохгүй байсан учраас тэр. Одоогийн ЖДҮХС дээр үүсээд байгаа асуудал гарч болзошгүй байсан учраас дүрмийг нь өөрчилье гэсэн. Одоо харин бид нэгэнт том алдаа гарсныг харж байгаа учраас энэ төв шилэн байх ёстой, төсөл сонгон шалгаруулалтыг нээлттэй байлгах ёстой гэж үзсэн. Ийм тохиолдолд цаашаа явна.

-Халаа сэлгээ хийх үү?

-Халгаа сэлгээ хийхээр төлөвлөсөн юм байхгүй. Мэдээж ажлаа хийж чадахгүй, хариуцлагагүй, гадуур дотуур яригддаг шиг хээл хахууль, албан тушаалын янз бүрийн юм гарвал үүн дээр би хатуу хариуцлага тооцно. Бусдаар бол ажлаа хийгээд явж байгаа хүнийг илүү сайжруулж, чадавхжуулаад ажиллана.

-Та ашиг сонирхлын зөрчилтэй юу?

-Ашиг сонирхлын зөрчил гэдэг чинь тухайн гаргаж байгаа шийдвэр дээр сонирхлын зөрчилтэй байна уу гэсэн үг. Надад тийм зүйл байхгүй. Миний хувьд ирээдүйдээ, үр хүүхдүүддээ сайхан нийгэм үлдээх юмсан. Өнөөдрийн болж бүтэхгүй байгаа асуудлыг шийдэх юмсан гэдэг л ашиг сонирхол бий. Надад байгаа ашиг сонирхол гэдэг бол өнөөдрийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг шийдэх юмсан, намынхаа мөрийн хөтөлбөрийг биелүүлэх юм.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ улс-төр

​”Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ч.Даваанямыг АТГ-аас баривчилжээ

Image result for АТГ

“Петровис” ХХК-ийг үүсгэн байгуулагчдын нэг, тус компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Даваанямыг өчигдөр АТГ-аас баривчилжээ. Түүнийг Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон “Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд нарын мэдэгдэлтэй холбогдуулан саатуулсан гэх мэдээлэл байна.