Сар шинийн баяр дөхөж буй энэ үед хулгай, дээрмийн гэмт хэргийн гаралт ихэсч байгааг цагдаагийн газраас сэрэмжлүүлж буй. Иймд гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Дэд хурандаа Л.Амармөрөнтэй ярилцлаа.
-Баярын өдрүүд дөхөх тусам гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Энэ жилийн тухайд гэмт хэргийн нөхцөл байдал ямархуу байна вэ?
-Цагаан сарын баяр болох гэж буй тул Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 07 дугаар тушаалаар “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 7-ны өдрөөс эхлэн зохиож байгаа. Энэ нь баярын өдрүүдэд үйлдэгддэг хулгай, дээрэм, залилангийн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилготой. 2019 он гарснаар эхний 14 хоногийн байдлаар нийслэл хотын хэмжээнд 19900 гаруй гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс хулгайлах төрлийн 309 дуудлага ирсэн. Түүнчлэн иргэдийн орон байранд халдсан 150, автомашинд халдсан 60, аж ахуйн нэгжид халдсан 39 нь дуудлага бүртгэгдсэн бол халаасны хулгайн 19, автомашин алдагдсан дөрвөн гэмт хэрэг гарсан.
-Өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэрэг хэр бүртгэгдэж байв?
-2018 онд нийт 25562 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 9539 орчим нь буюу нийт гэмт хэргийн 37.1 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлсэн. Энэ нь 2017 онтой харьцуулахад 11 хувиар өссөн үзүүлэлт гарсан юм. Энэ төрлийн гэмт хэрэг өсөлттэй гарсан нэг шалтгаан нь өмнө нь хэрэгжиж байсан эрүүгийн хуульд хохирлын хэмжээ шаарддаг байсан. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192500 төгрөг байсан. Хулгайд алдагдсан эд зүйл энэ үнийн дүнд хүрээгүй бол гэмт хэрэг гэж тооцдоггүй байлаа. Харин 2017 оноос хэрэгжиж эхэлсэн шинэ эрүүгийн хуулиар хохирлын хэмжээ шаардахаа больсон.
-Эд зүйлээ алдсан л бол хулгайн гэмт хэрэгт өртсөн гэж тооцох нь ээ?
-Халдлага гарсан л бол хулгай гэж үзнэ. Тухайн айлын цонхыг нь хагалаад, эд зүйлийг нь эвдсэн хэрнээ ямар нэгэн зүйлийг нь аваагүй ч үүнийг хулгайд тооцно. Ингэж хохирол шаардахаа больсон учраас хулгайн шинжтэй бүх дуудлагууд нь гэмт хэрэгт тооцогдон эрүүгийн хэрэг болж хувирч байгаа юм. Үүнээс үүдэн гэмт хэргийн гаралт өсч байгаа юм шиг үзүүлэлт гараад байгаа. Мөн нөгөө талдаа иргэн нэг бүрийн гомдол мэдээллийг бүртгэж байна. 2018 оноос эхлэн хэргийг түргэн шуурхай бүртгэж, хохирогч нараас давхар хэргийг тодруулан шийдвэрлэхэд анхаарч байгаа болохоор хэргийн гаралт нэмэгдэж байна.
-Энэ оны эхний 14 хоногт гарсан гэмт хэрэг зөрчил нь өнгөрсөн оныхоос буурсан байна уу?
-2018 оны зөвхөн нэгдүгээр сард 1167 хулгайлах төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн байдаг. Энэ оны эхний 14 хоногийн байдлаар хулгайн гэмт хэрэг нь нийт 309 бүртгэгдсэн, одоогоор хулгайн гэмт хэрэг 40 хувьтай байна гэсэн үг. Тэгэхээр буурах хандлагатай байна гэж үзэж болно. 14 хоногийн дотор бүртгэгдсэн гэмт хэрэг нэгдүгээр сарын эцэс гэхэд бүтэн нэг нугарахад 700 орчим болно. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхэд яагаад ч дүйцэхгүй. Өнгөрсөн онд шинэ жилийн баяртай холбогдуулан цагдаагийн газар “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохиоход хулгайлах гэмт хэрэг 54 хувиар буурсан.
-Эрсдэлтэй өдрүүдэд хамгаалалт авахаас гадна иргэдэд гэмт хэргийн мэдлэг, мэдээлэл түгээж байна уу?
-Нэгдсэн зохион байгуулалттай арга хэмжээг иргэд олон нийтийн дунд зохиогоод ирэхээр хүмүүс өөрсдийнхөө эд зүйлд хянамгай байж, хөл хөдөлгөөн ихтэй газраар явахдаа сонор сэрэмжтэй байх ёстой гэдгээ мэддэг болж байгаа. Мөн автомашинаа гадаа тавихдаа харуул хамгаалалттай газар тавихаа хүртэл ойлгодог болоод байна. Түүнчлэн гэр орон болон тээврийн хэрэгсэлдээ дохиолол тавиулах нь зөв гэдгийг мэддэг болж байна.
-Хулгайн гэмт хэргийг үйлдэж байгаа хүмүүсийн тухайд?
-Мэдээж энэ төрлийн гэмт хэргийн дийлэнх хувийг эрэгтэй хүмүүс үйлддэг. Гарч буй нийт хулгайн гэмт хэргийн 20 орчим хувийг насанд хүрээгүй хүмүүс үйлдэж байна. Тухайлбал, 14-16, 16-18 насныхан. Мөн 18-25 насны залуучууд хулгайлах гэмт хэргийн 60 орчим хувийг үйлдэж буй.
-Иргэд ямар тохиолдолд эд зүйлээ алдаад байна?
-Олон тохиолдол байна. Иргэд маань өглөө гэрээсээ гарахдаа хаалга үүдээ онгорхой буюу цоожлохгүй, эсвэл түлхүүрээ хаалгандаа зоолттой орхиод явчихаж байна. Эсвэл гэртээ орохдоо хаалгаа цоожлолгүй орхисны улмаас үүднээсээ булган шуба, үнэтэй цүнх, утас зэргээ алдах тохиолдол гарч байна. Түүнчлэн гараж дотор нь байгаа автомашиныг нь авахаар хаалгыг эвдэн камерын үзэгдэх орчинг өөр зүг рүү чиглүүлж байгаад хүний машиныг яг өөрийн юм шиг унаад аваад явчихсан хэрэг бүртгэгдсэн. Мөн хүмүүсийг ажилдаа явсан хойгуур гэрээс нь эд зүйлийг нь аваад явчихдаг. Үүний гол шалтгаан нь орон байрныхаа аюулгүй байдлыг бүрэн хангаагүйгээс болдог. Тухайлбал, цонхны хамгаалалтыг төмөр хийлгээгүй, харуул хамгаалалтгүй байснаас үүддэг. Стандарт хангасан цонх, хаалга хэрэглээч ээ.
-Цаг үеийн шинжтэй хулгайлах төрлийн гэмт хэргийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна уу?
-Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан малын хулгайн гэмт хэрэг орон нутгийн хэмжээнд нэмэгдэж байна. Одоогоор хамгийн их бүртгэгдэж байгаа нь халаасны хулгайн гэмт хэрэг байгаа. Энэ гэмт хэргийн хохирогчид нь голдуу орон нутгаас хотыг чиглэн ирсэн иргэд байдаг. Баяр дөхөх тусам Цагаан сарынхаа тавгийн идээ, бууз, ууцаа хулгайд алдлаа гэсэн дуудлага ирдэг юм. Мөн хулгайч нарын хэргээ үйлддэг арга барилаас шалтгаалан бэлэн мөнгө алдагдах тохиолдол бий. Тухайлбал, вакум цонхыг түлхэж орох, байшингийн шувуун оройгоор нэвтрэн таазаар нь орох зэрэг нэвтэрч буй үйлдлээс нь шалтгаалах хулгайлах эд зүйл нь янз янз байдаг. Дан ганц бэлэн мөнгө хайдаг, эсвэл электрон бараа авдаг төрлийн хулгайчид гэж байна. Түүнчлэн үнэд хүрэх жижиг зүйл буюу алт, мөнгөн эдлэл авдаг хулгайчид бий.
-Хулгайчид хулгайлсан эд зүйлээ хаана борлуулж байна. Энэ тал дээр хяналт, шалгалт хийж байна уу?
-Зарим үнэд хүрэх зүйл хулгайлсан иргэд зарахаасаа илүү ломбардад тавьж, эсвэл ченжүүдэд зарж байна. Малын хулгай хийсэн хүмүүс ихэвчлэн хүний хөл ихтэй зах худалдааны төвүүдэд аваачиж өгдөг. Бидний зүгээс хулгайлсан эд зүйлийг нь авч байгаа буюу энэ төрлийн гэмт хэргийг өөгшүүлж байгаа ченжүүдтэй тэмцэж худалдаачидтай уулзалт хийсэн. Мөн хулгайн эд зүйл худалдаж авахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг удирдлагуудад нь санал болгосон. Учир нь энэ нь өөрөө Эрүүгийн хуулийн 18.6-т заасан мөнгө угаах төрлийн гэмт хэрэг юм. Хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсээр байж авсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Түүнчлэн гэр хорооллоос хот руу чиглэсэн хөдөлгөөнт тээврийн хэрэгсэлд үзлэг, нэгжлэг хийж, орон байрны хулгайгаас урьдчилан сэргийлж байна. Мөн хот руу явах замд байх орон нутгийн постуудыг идэвхтэй ажиллуулж, малын хулгайтай тэмцэж байгаа.
-Нэг хэсэг автомашины аккумулятор хулгайд алдагддаг байсан. Одоо ямар төрлийн эд зүйл хулгайд алдагдах нь ихэсч байна вэ?
-Одоогоор автомашины хучлага, толь алдагдах нь нэмэгдэж байна. Нэг өдөрт 20-25 хулгайн гэмт хэрэг бүртгэгдээд байна. Үүний 60 хувь нь орон барны хулгайтай холбоотой байдаг. Мөн шөнийн цагаар байрны гадаа тавьсан автомашиныг хулгайлж байна. Баярын өдрүүдээр хямд үнэтэй архи зарагдаж иргэд хордож, нас барах тохиолдол бас бий. Тиймээс бид холбогдох байгууллагуудтай хамтран стандартын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн худалдаалж байгаа эсэхийг хянаж байна.
-Хулгайн гэмт хэргийн илрүүлэлт ямархуу байна вэ?
-Тухайн хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан хэргийн илрүүлэлт нэмэгддэг. Хэрэг болгоныг илрүүлэн хохирлыг барагдуулах үүрэгтэй ажилладаг. Өмнө нь шалгагдаж байсан хэрэг дээр мөрдөн байцаалт, шүүхийн шатнаас оргон зайлсан хэрэг гардаг. Эдгээр хүмүүсийг олж тогтоох, гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулахаар ажиллаж байна.
З.МӨНХСУВД