Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: Ирц бүрдээгүйгээс хуралдаан дахин хойшиллоо

Image result for Байнгын хороо

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр үдээс өмнө хуралдах байсан ч ;дахин ирц бүрдсэнгүй. Өмнө нь ч хэд хэдэн удаа хуралдаан нь хойшилсон юм. Ирц бүрдэхгүй байгаа шалтгааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Чуулган, Байнгын хороодын үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжилнэ. Гишүүдтэйгээ ойлголцсон гэж хэлж болно” хэмээн мэдэгдэж байсан ч бодит нөхцөлд Байнгын хороодын ирц хүрэхгүй, төрийн ажил гацсан хэвээр байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Д.Урианхайг нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

2019 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхайг нэр дэвшүүлэхээр болжээ. Нобелийн шагналд зохиолчоо нэр дэвшүүлэх саналыг Шведийн нобелийн хорооноос манай Шинжлэх ухааны академид ирүүлсэн байна.

Академийн хурлаар түүний нэр дэмжигдсэн ба энэ саналаа Монголын зохиолчдын эвлэлд хүргүүлсэн аж. Тус байгууллагууд саналаа нэгтгэн баталгаажуулаад нэр дэвшигчийнхээ мэдүүлгийг энэ сарын 31-ний дотор Шведийн нобелийн хороонд мэдэгдэх ёстой юм байна.

Дашрамд дуулгахад, Нобелийн шагналд нэр дэвшигч нь эдүгээ амьд сэрүүн, уран бүтээлээ туурвиж байх гэсэн шалгууртай байдаг байна. Өнгөрөгч 2018 онд түүнийг Нобелийн “Утга зохиолын шагнал”-д нэр дэвшүүлж байв.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болно

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 30-ны өдөр болно. Нийгмийн даатгалын тухай хуульд, Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтоохоор заасан байна.

Энэ нь Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны шударга ёсны болон тэгш байдлын зарчмыг зөрчсөн гэсэн мэдээллийг нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ. Цэцийн хуралдаанаар энэ мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Гурван асуудлаар УИХ, Засгийн газарт хандана

МҮЭ-ийн холбоо түүний гишүүн байгууллагууд хамтарч Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018-2020 он хүртэл таван пунктээр нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлах, Тэтгэвэр тогтоолгоход дараалсан таван жилийн дундаж цалин, хөлснөөс тогтоодог байсныг 2019 онд зургаа, 2020 онд долоон жил болгосон шийдвэрийг цуцлах, Банкны зээлийн хүүгийн дарамт их байгаа тул банкны зээлийн бууруулах чиглэлээр яаралтай арга хэмжээ авахыг УИХ, Засгийн газраас шаардаж буйгаа сэтгүүлчдэд өнөөдөр мэдээллээ.

МҮЭ-ийн холбооноос өнгөрсөн оны IV улирлаас эхлэн хөдөлмөр, нийгмийн хамгааллын тулгамдаж буй цаг үеийн зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаар УИХ, Засгийн газарт хандан удаа дараа шаардлага мэдэгдэл хүргүүлж байсан боловч одоог хүртэл эцэслэн шийдвэрлээгүй асуудлууд байсаар байгааг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатан тодотгов.

БШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг багш нарын цалингийн нэмэгдлийн бодит мэдээллийг өгсөн бол ЭХГУУҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 03 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим дүрэм, журмыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан төрийн албанд дагаж мөрдөх 45 дүрэм, журмыг шинээр буюу шинэчлэн баталж мөрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд уг хуульд заасны дагуу 9 дүрэм, журмыг нь Улсын Их Хурлаас тогтоол гаргаж батлах юм. Үүнээс Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” гэсэн дөрвөн тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы энэ сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн ахалж ажиллажээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, дүрмийн төслийн “Нийтлэг үндэслэл” гэсэн нэг дэх хэсгийн 1.5 дахь заалтын “Зөвлөл үйл ажиллагаагаа бие даан явуулах нөхцөлийг хангахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ” гэснийг, мөн 2.1 дэх дэд заалтын “төрийн албан хаагчийг хууль тогтоомжийн дагуу шагнаж урамшуулах” гэснийг тус тус хасахаар тогтов.

Дараа нь Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай”, мөн Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв.

Эцэст нь “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалын зэрэглэл”-ийг Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолоор шинэчлэн баталсныг одоо мөрдөж байгаа.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгтт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс тогтоолын төслийн хавсралтын ТӨ-IY гэсэн баганын улс төрийн албан хаагч гэсэн хэсэгт “Монгол Улсын Шадар сайд” гэж нэмэх санал гаргасан юм. Харин уг саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд Шадар сайд нь Ерөнхий сайдыг эзгүйд ажил үүргийг нь орлон гүйцэтгэдэг учраас Зсгийн газрын бусад гишүүдээс нэг шатлал ахиу байх нь зүйтэй юм. Тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг ярьж байх үед ийм байр суурьтай байгаагаа би хэлж байсан гээд Монгол Улсын Шадар сайдыг ТӨ-III гэсэн баганын улс төрийн албан хаагч гэсэн хэсэгт оруулах зарчмын зөрүүтэй санал гаргав.

Иймээс эхлээд Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.5 хувь нь дэмжсэнгүй. Харин М.Энхболд гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал гишүүдийн 72.7 хувийн дэмжлэг авсан юм. Мөн тогтоолын төслийн хавсралтын ТӨ-IYА баганын төрийн тусгай алба хаагч гэсэн хэсэгт Монголбанкны ерөнхийлөгч гэж нэмэх, хавсралтын ТӨ-YI баганын захиргааны албан тушаал гэсэн хэсэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, ТӨ-YIА баганын төрийн тусгай алба хаагч гэсэн хэсэгт Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч гэж тус тус нэмэхээр тогтлоо.

Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хуралдааны төгсгөлд, цаашдаа төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийн асуудлыг парламентын засаглалтай орнуудын нийтлэг жишигт нийцүүлж шинэчлэхэд Төрийн албаны зөвлөл анхаарч, энэ талаар судалж үзээд шаардлагатай гэж үзвэл холбогдох саналаа Байнгын хороонд ирүүлэхийг үүрэг болголоо.
Categories
мэдээ нийгэм

АТГ жолооны үнэмлэх олгох, солих асуудалд хяналт тавьж эхэлжээ

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвийн үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдал, хүнд суртал, чирэгдэлтэй үйл ажиллагааны талаар хянан үзэх, шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, зарим шаардлагатай арга хэмжээг авахаар өнөөдрөөс ажиллаж эхэлжээ.

АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх, ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн дарга, дэд хурандаа Ч.Батболд нар уулзаж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Ажлын хэсэг жолоодох эрхийн үнэмлэх олгох, солих, нөхөн олгох үйл ажиллагааны нөхцөл байдал, хууль тогтоомж зөрчиж байгаа эсэх, түр үнэмлэх олгож байгаа асуудалд хяналт тавин ажиллаж байгаа аж. Түүнчлэн тус төвөөс олгож байгаа тусгай зөвшөөрөл /тусгай дуут дохио гэх мэт/, түүнд тавих хяналт, зөрчлийг нягтлан шалгаж, зарим илэрсэн зөрчлийг газар дээр нь таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Авлигатай тэмцэх газраас цаашид жолоодох эрхийн үнэмлэх олгох, солих, нөхөн олгох үйл ажиллагааг цахимжуулах, олон нийтэд ил тод, нээлттэй болгох ажлыг зохион байгуулахад онцгой анхааран ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Төрийн албаны сахилга хариуцлагын дүрэм журмыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

Хуралдаанаар Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журам, ёс зүй, стратеги төлөвлөгөө гаргах дүрэм журмыг хэлэлцэж байгаа юм. Энэ оны нэгдүгээр сараас Төрийн албаны шинэчилсэн найруулгын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан тогтоолуудыг баталж байгаа юм. Уг тогтоолын төслийг хуралдаанд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлж байна.

Categories
энтертаймент-ертөнц

Оскарын кино наадамд дуучин Лэйди Гага шилдэг эмэгтэй жүжигчнээр нэр дэвшчээ

Жил бүр зохион байгуулдаг Оскарын наадмын 91 дэх удаагийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг мягмар гарагт олон нийтэд танилцуулжээ. “Netflix” компанийн уран бүтээл “Roma” болон драм, инээдмийн киноны хоршил “The Favourite” кино хамгийн олон буюу тус бүр 10 шагналд нэр дэвшсэн байна. “Black Panther” кино нь “шилдэг кино” шагналд нэр дэвшсэн супер баатруудын тухай анхны кино болсон бол энэ шагналын төлөө “BlacKkKlansman”, “Bohemian Rhapsody”, “The Favourite”, “Green Book”, “Roma”, “A Star Is Born” болон “Vice” кино өрсөлдөж байгаа ажээ. Ажиглагчдын үзэж буйгаар, “шилдэг эмэгтэй жүжигчин” шагналд Глен Клос болон Лейди Гага нарын хооронд хүчтэй өрсөлдөөн өрнөж магадгүй аж. Энэ нь нэгдүгээр сарын эхээр болсон “Алтан бөмбөрцөг” болон АНУ-ын Кино шүүмжлэгчдийн зөвлөлийн наадмын үеэр дээрх хоёр дүрийн хооронд гол өрсөлдөөн өрнөсөнтэй холбоотой юм. Өнгөрсөн онд Оскарын наадмыг телевизээр 26.5 сая хүн үзсэн нь урьд байгаагүй хамгийн бага үзүүлэлт болсон бөгөөд энэ жил сонирхолтой олон кино болон уран бүтээлчид нэр дэвшиж байгаа тул үзэгчдийн тоо нэмэгдэнэ хэмээн мэргэжилтнүүд найдаж байгаа ажээ. Энэ жилийн Оскарын наадам Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо байрладаг “Dolby” театрт ирэх хоёрдугаар сарын 24-нд болно.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхдийн автобус”-уудыг техникийн үзлэгт хамруулж байна

Нийслэлийн Тээврийн газраас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн өвлийн амралттай холбогдуулан “Хүүхдийн автобус”-ны нэгдсэн техникийн үзлэг, оношилгоог энэ сарын 21-25-ны өдрийн хооронд зохион байгуулж байна. “Хүүхдийн автобус”-ны техникийн бүрэн бүтэн байдал, “Хүүхэд тээвэрлэх автобус. Автобус бa үйлчилгээнд тавих шаардлага” MNS 6440 стандартын хэрэгжилтийг жилд хоёр удаа шалгаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажилладаг.

2018 оны намар нийт 73 хүүхдийн автобус зөвшөөрөл авсан бөгөөд 21-ний өдрийн байдлаар оношлогоонд нийт найман тээврийн хэрэгсэл хамрагдаж, дөрвөн тээврийн хэрэгсэл нь утаа, өнгө үзэмж, хаягжилт бүрэн бус шалтгаанаар тэнцээгүй байна. Нийслэлийн Тээврийн газраас ерөнхий боловсролын сургуулиудыг “Хүүхдийн автобус”-ны техникийн үзлэг, оношлогоондоо идэвхитэй хамрагдахыг санууллаа.

Categories
мэдээ нийгэм

АТГ: АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРТ ЗӨВЛӨМЖ ӨГӨВ

Image result for АТГ

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн оны 10 дугаар сард орон нутагт ажилласан дүнгээр илэрсэн зөрчил, дутагдалд тулгуурлан авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөл, төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх зөвлөмжийг аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр болсон Засгийн газрын өртгөтгөсөн хуралдааны төгсгөлд гардуулан өглөө.

Уг арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга Д.Дуламсүрэн, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү нар оролцож авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомж, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар үүрэг, чиглэл өгөв.

Тухайлбал, орон нутагт хууль бус төлбөр хураамж тогтоож, түүнийгээ хяналтгүй захиран зарцуулдаг, худалдан авах ажиллагааг хууль бусаар зохион байгуулж, танил тал, хамаарал бүхий этгээддээ тендерт шалгаруулан давуу байдал олгодог, төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлсний улмаас төсөвт хохирол учруулдаг, Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийг хууль бусаар зарцуулж, нөхөн сэргээлт нэрээр гэрээ байгуулан ашигт малтмалын олборлолт явуулдаг, ИТХ-ын даргын нөөц хөрөнгө гэх төсвийн эх үүсвэрийг зарим аймагт бий болгосон, албаны үйл ажиллагаандаа улстөржсөн байдлаар ханддаг, төрийн үйлчилгээнд хүнд суртал үүсгэдэг гэх мэт зөрчил, дутагдлууд давтагдан гарсаар байгааг анхааруулж, тэдгээрийг дахин гаргуулахгүй байх, таслан зогсоох арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

“Авлигатай тэмцэх газрын зүгээс дээрх зөрчилд хариуцлага тооцож, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр холбогдох албан тушаалтнууд хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэхгүй, идэвх санаачилгагүй байгаа нь тухайн хэрэг, зөрчил давтагдан гарах шалтгаан болж байна. Иймд Авлигатай тэмцэх газрын зүгээс 2019 онд авлигаас урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцож, хүнд суртал гаргасан төрийн албан хаагчдын талаар олон нийтэд нээлттэй мэдээлж, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг ил тод болгон олон нийтийн хяналтыг улам нэмэгдүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.” гэжээ.