Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Налайхын замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов

“Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хэрэгжилтийн талаар сайд Я.Содбаатар Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Үүнтэй холбогдуулан төслийн гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтийг нь хангуулах үүрэгтэй Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулан байгуулахаар болов.

Төслийн гүйцэтгэгч “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компанитай арилжааны гэрээг яаралтай шинэчлэх, үүний дараа төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг БНХАУ-ын “Экспорт-Импорт” банктай нэн даруй байгуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Налайхын замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын бэлтгэлийг өвлийн улиралд бүрэн хийх, барилгын ажлыг дөрөвдүгээр сард эхэлж, 11 дүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болголоо. Хугацаа богино учир 20.9 км замыг дөрөв хувааж нэг зэрэг тавьж эхлэхээр төлөвлөөд байна.

Барилгын ажил эхлэхээс өмнө замын трасст орсон цахилгааны шугам, гэрэлтүүлэг, холбооны кабель, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг зөөх, шилжүүлэх, хүчитгэх, хамгаалах, иргэдэд мэдээлэх, тэмдэг, тэмдэглэгээ байршуулах зэргийг хийж дуусгах юм.

Хотын захиргаа 2017 оны есдүгээр сард газрыг бүрэн чөлөөлсөн байна. Иргэн, аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38, зар сурталчилгааны 60 самбар, нийт 180 обьектыг чөлөөлж, нөхөх олговорт нэг тэрбум гаруй төгрөг өгчээ.

Зам ашиглалтад орох хүртэл замын хойд талын шороон хэсгээр түр зам гаргаж, Налайх, Хонгор, Баянзүрхийн товчоо орчмын оршин суугчид болон нийтийн тээврийг хөдөлгөөнийг нэвтрүүлнэ. Мөн Улаанбаатар хотоос зүүн болон өмнө зүг явах, хот руу орох, дайран өнгөрөх тээврийн хэрэгслийг Төв аймгаар дамжин өнгөрүүлэхээр болжээ.

Налайхын зам нь Улаанбаатар хотыг зүүн болон өмнө бүсийн аймгууд, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүстэй холбодог гол гарц зам юм.

Энэ замыг 1959 онд ашиглалтад оруулснаас хойш их засвар, шинэчлэл хийгээгүй учир чанар нь муудсан. Мөн ачаалал эрс нэмэгдсэнээс байнга осол гарч эрдэнэт хүний амь нас үрэгдэн, эд материалын хохирол учирч байна.

Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлыг улирал тутам дүгнэнэ

Засгийн газар 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан найман хувиар нэмсэн. Үүнтэй уялдуулан төрийн албан хаагчдыг хариуцсан ажилдаа эзэн болж, иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилж байхыг шаардан ажиллаж байна.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн хуралдаанд “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын төслийг хэлэлцүүлж батлууллаа.

Одоогийн журмаар төсвийн шууд захирагчийн гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж, менежерийн болон гүйцэтгэх албан хаагчийн гэрээг бүтэн жилээр дүгнэж байгаа. Үүнийг шинэ журмаар өөрчилж, хэрэгжилтийг улирал тутам, явцыг бүтэн жилээр дүгнэнэ. Ингэснээр үнэлгээ илүү бодитой болж, сайн ажилласан бол цаг тухайд нь урамшуулж, хангалтгүй бол хариуцлага тооцож байх юм.

Үүний зэрэгцээ төрийн албан хаагчдын ажлын тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар эзэмшүүлэх, туршлагыг нь дээшлүүлэх, шатлан дэвшүүлэх, хөгжүүлэх, ажлын байранд сургах зэрэг боломж бүрдэж, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх хуулийн зорилт хангагдана.

Мөн хуралдаанаар “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”, “Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам”-ыг хэлэлцэн баталлаа.

Товч мэдээ

– Өнгөрсөн онд Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д 15550 иргэн санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргасан байна. 14557 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн дүн гарчээ. Иргэд ихэвчлэн төрийн бодлого, шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүй, эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамж үйлчилгээ, төсвийн талаар байр сууриа илэрхийлснээс гадна санхүүгийн дэмжлэг хүсч хандсан байна.

– 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтанд иргэдээс 2512 өргөдөл, гомдол, санал, хүсэлт иржээ. Үүний 2408 /95,8 хувь/-ыг нь хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна. Аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд 10013 өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авч 9744 /97,3 хувь/-ийг нь хуулийн хугацаанд нь шийдвэрлэжээ.

-Төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын төслийг зарчмын хувьд зөвшөөрч, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт олголоо.

– Монгол-Лаос, Монгол-Унгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үр дүнг сайшааж, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан ажиллахаар болов.

– Мал, амьтны хяналтгүй, эмх замбараагүй шилжилт хөдөлгөөнийг хяналтад авах зорилгоор “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтад авах журам”, “Отор, нүүдлийн зорилгоор аймаг дамжиж мал туух тууврын замын чиглэл”, “Мах бэлтгэлийн зорилгоор аймаг дамжиж туух тууврын замын чиглэл”-ийг батлав.

– “Бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Эквадор Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг”-ийг батлав. Ингэснээр хоёр улсын иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй, түүний дотор манай иргэд Өмнөд Америкийн долоон улсад визгүй зорчих боломжтой боллоо.

Categories
мэдээ улс-төр

С.Мөнхчулууныг хотын даргаар томилох тухай албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлжээ

Image result for С.Мөнхчулуун

Энэ сарын 16-ны лхагва гаригт НИТХ хуралдан, хотын даргад С.Мөнхчулууныг дэмжсэн билээ. Харин цахим ертөнцөөр уг албан бичгийг хүргүүлсэн, хүргүүлээгүй гэх олон янзын мэдээлэл гарч байсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан өчигдөр албан ёсоор батламжлуулах хүсэлт ирээгүй байгаа талаар мэдээлсэн юм. Тэгвэл НИТХ-аас өнөөдөр өглөө уг албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлжээ. С.Мөнхчулуун ч өөрөө уг мэдээллийг бататгасан аж.

Categories
мэдээ нийгэм

Улаанбуудайн тонн тутамд 41000-45500 төгрөгийн урамшуулал олгоно

Дотоодын гурилын үйлдвэр, тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 45500 төгрөг, IV ангиллынх бол 41000 төгрөгийн урамшуулал олгохоор болов. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 343.9 мянган га талбайд улаанбуудай тариалж, 428.6 мянган тонн ургац хураан авсан бөгөөд стандартын шаардлага хангасан 280 мянган тонн улаанбуудай нийлүүлсэн дүн гарчээ. Энэ нь дотоодын гурилын хэрэгцээг хангах хэмжээний нөөц бүрдсэн гэсэн үг юм.

Categories
гадаад мэдээ

Агаарын бохирдол буурсан гэв

БНХАУ-ын экологи
ба байгаль орчны сайд
Ли Ганжи өнгөрсөн бямба
гаригт мэдэгдэл хийлээ.
Тэрбээр өнгөрсөн онд
агаарын бохирдлын хүрээнд
төлөвлөсөн бодлогоо
амжилттай хэрэгжүүлж
дуусгасан.
Тухайлбал, нийт 338
хотод 79.3 хувьд нь агаарын
чанар сайн үзүүлэлттэй
г а р с а н . Өмнөх онтой
харьцуулахад 1.3 хувиар
өссөн гэжээ. Ли Ганжи мөн
хөрсний бохирдлын талаар
онцлохдоо “Хатуу хаягдлын
хэмжээг жилийн дотор 46.5
хувиар бууруулж чадлаа.
Манай эрх баригчид өнгөрсөн
онд хууль бус тээвэрлэлт
болон аюултай хог хаягдлыг
асгах асуудлын хүрээнд
шийдвэртэй арга хэмжээг
авсан нь мөн бохирдлыг
бууруулахад дөхөм болсон
гэв. Тус улсын эрх баригчид
энэ жил мөн эдийн засгийн
хөгжил болоод хүрээлэн буй
орчныг хамгаалах асуудалд
түлхүү анхаарал тавих гэнэ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
гадаад мэдээ

Афганистанд халдлага болж, 126 цэрэг амиа алдав

Афганистаны Вардак мужид байрлах цэргийн цогцолбор т халдлага болж, аюулгүй албаны 126 ажилтан амиа алдсан талаар Ройтерс агентлаг өчигдөр мэдээлжээ. Дэлбэрэлтэд өртөж шархадсан 35 цэргийг ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Энэхүү мэдээг орон нутгийн засаг захиргаа мөн баталсан байна. Харин Афганистаны Засгийн газраас энэ талаар ямар нэгэн тайлбар хийхээс татгалзжээ. Амиа золиослогч орон нутгийн цагаар өглөөний 7 цагийн үед Майданшахр хотод байрлах цэргийн баазад бөмбөг тэсэлжээ. Дэлбэрэлт хүчтэй байсан тул бүхэл бүтэн барилга байгууламж нурсан талаар мэдээлжээ. Мөн энэ үеэр 12 алан хядагчийг устгасан байна. Майданшахр хот нь Вардак мужийн засаг захиргааны төв аж. Халдлагын хариуцлагыг радикал үзэлт “Талибан” хөдөлгөөнийхөн хүлээхээ мэдэгджээ. Алан хядах бүлэглэлийн тэргүүн Забиулла Муджахид халдлагад 190 хүн амиа алдсан гэв. Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани алан хядагчдад хатуу шийтгэл оноохоо мэдэгдэн, хохирогчдын ар гэрийнхэнд тусламж үзүүлэхээ амлав. Сүүлийн үед тус улсын засгийн газар халдлагын үеэр амь алдагсдын талаар дэлгэрэнгүй мэдээлэхээ больсон. 2015 оноос хойш зэвсэгт дайчдын гарт 28 мянган цэрэг, цагдаа амиа алдсан тухай өнгөрсөн онд онцолж байв.

Categories
мэдээ нийгэм

Цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж байна

ӨВӨРХАНГАЙН ЦАГААН ИДЭЭНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АСА ЦИРКИЙН ГАДНА ТАЛБАЙД БОЛЖ БАЙНА.

Энд аарц, ааруулыг нэг кг-ыг нь 14,000-15,000 төгрөгөөр зарж байна. Хэлбэр, хээнээсээ хамаараад үнэ нь өөр өөр байлаа. Харин сүүн ааруул 25,000, өрөм жижиг нь 2,500, дунд нь 7,000 төгрөг, томыг нь 15,000 төгрөгөөр худалдаалж байна. Сүүлийн үед айл өрхүүд тавгийн идээгээ бүхэлд нь цагаан идээгээр засах болсон. Иж бүрэн тавгийн идээний үнэ 180 мянган төгрөгөөс эхлэн хэмжээнээсээ хамаарч, 280 хүртэлх мянган төгрөгөөр худалдаалж байна. Худалдан авагчид хөдөөнөөс ирсэн, ямар нэгэн хольцгүй, амт сайтай, үнэ боломжийн байгааг хэлж байлаа.

Харин “Архангайн цагааан идээний үзэсгэлэн худалдаа” Ялалтын талбайд болж байна:. Цагаан сарын баярт илүүтэй хэрэглэгддэг ааруул, өрөм голдуу худалдаалж харин ээзгий, аарц, сүү цөөн харагдлаа.

Үнийн хувьд:

  • Аарцны ааруул нэг кг нь 14-16 мянга, сүүн ааруул 22-25 мянган төгрөг
  • Шар тос нэг кг нь 15,000
  • Зөөхий 13,000
  • Сарлагийн хөлдүү сүү кг нь 3,500
  • Өрөм: том-15,000, дунд-7,500-8,500, жижиг-2,500-3,500 төгрөг
  • Ээзгий 10,000
  • Аарц 3,500
  • Тавгийн идээний иж бүрдэл 180-280 мянган төгрөгөөр тус тус борлуулж байна.

Б.Цэндсайхан

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт замын хөдөлгөөний хяналт шалгатыг эрчимжүүллээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Цагдаагийн хэсгийн Замын цагдаагийн алба хаагчид хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж эхэлжээ. Тус сумаар олон улсын авто зам дайран өнгөрдөг бөгөөд хөдөлгөөний урсгал ихтэйгээс гадна эл замд авто осол олонтаа гардаг юм. Сар шинийн баярын өдрүүдээр орон нутгийн замын ачаалал ихэсдэг бөгөөд иргэд бүрэн бус тээврийн хэрэгсэлээр хүн ба ачаа тээвэрлэх, замын хөдөлгөөний дүрэм зөрчих, хурд хэтрүүлэх, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд гүйцэж түрүүлэх, мөн хоорондын болон хажуугийн зай барихгүй зорчих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил ихээр гардаг ажээ. Иймд жолооч нарт дээрх зөрчил, дутагдлыг гаргалгүй өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулахгүйгээр зам тээврийн хөдөлгөөнд оролцож, сар шинэдээ сайхан шинэлэхийг Баянгол сумын Цагдаагийн хэсгийн Замын цагдаагийн алба хаагчид анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Ш.Абэ ОХУ-д айлчилж байна

Японы ерөнхий сайд Ш.Абэ өнгөрсөн даваа гаригт ОХУ-ын нийслэл Москвад хүрэлцэн очлоо. В.Путин, Ш.Абэ нарын уулзалт хоёр хоног үргэлжилнэ. Тэдний албан ёсны уулзалт мягмар гаригт эхэлсэн байна. Энэ нь тэдний 25 дахь удаагийн уулзалт аж. Хамгийн сүүлд Оросын төрийн тэргүүн, Японы ерөнхий сайд нар Аргентинд болсон Их 20-ийн уулзалтаар нүүр тулж байж. Энэ удаагийн уулзалтаар талууд улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар голчлон хэлэлцэх юм. Мөн энхийн гэрээ байгуулах асуудлаар тогтон ярилцахаар төлөвлөж байна. Анхаарал татсан гол сэдэв нь хоёр улсын хоорондбагагүй маргаан дэгдээж буй Куриллын арлуудтай холбоотой газар нутгийн маргааныг тойрсон асуудал юм. ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Ю.Ушаков мэдэгдэхдээ “В.Путин, Ш.Абэ нарын уулзалт өргөтгөсөн болон нүүр тулсан форматаар явагдана” гэв. Ш.Абэ Орост айлчлахын өмнө хоёр орны Гадаад хэргийн яамны төлөөллүүд уулзсан удаатай. Тэд урьдчилсан яриа хэлэлцээрүүдийг зохион байгуулж байв. Ш.Абэ ОХУ-д айлчлалынхаа өмнө ярилцлага өгөхдөө “Энхийн гэрээ байгуулах асуудлыг нааштай шийдүүлэх талаар ямар боломж байгаа талаар В.Путинтэй тогтож ярилцах болно” гэж мэдэгдсэн юм. Сануулахад, Ш.АБэ, В.Путин өнгөрсөн арваннэгд үгээр сарын дундуур Сингапурт болсон Зүүн-Азийн улс орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр энхий гэрээний асуудлыг хөндөж байв. Тэд энэ талаарх яриа хэлэлцээгээ эрчимжүүлэхээр тохиролцсон юм. Хоёр улсын хооронд 1956 онд хамтарсан тунхаг байгуулсан түүхтэй. Түүнд зааснаар Орос, Япон дайны байдалтай байсныг зогсоож, хоёр улсын хооронд дипломат болон консулын харилцаа холбоог сэргээх . М ө н Куриллын зарим арлыг Японы талд шилжүүлэн өгөхөөр зөвшөөрсөн. Түүнчлэн хоёр улсын хооронд энхийн гэрээ хэлэлцээ байгуулах нөхцлийг тусгажээ. Гэвч 1960 онд Япон ба АНУ-ын хооронд байгуулсан Номхон далайн бүсийн гэрээний улмаас ЗХУ, Японтой байгуулсан тунхагаасаа гарж байжээ. Мөн газар нутгийн маргаантай арлуудыг Японы талд өгөхөөс татгалзсан аж. Тиймээс уг асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй төдийгүй хоёр орны харилцаанд сэв суулгах гол шалтгаан болсон гэх. Үүнтэй зэрэгцэн Японы ерөнхий сайд Ш.Абэ ОХУ-д айлчлахын өмнө Куриллын арлуудад олныг хамарсан жагсаал болсон талаар м э д э э л ж э э . Ж а г с а г ч и д Куриллын арлуудыг Японы талд шилжүүлэн өгөхийг эсэргүүцсэн байна. Ш.Абэгийн тус улсад хийх айлчлал өнөөдөр өндөрлөнө. Юутай ч хоёр орны төр, засгийн тэргүүний уулзалтаас талууд тодорхой үр дүнг хүлээж байна.

Categories
мэдээ нийгэм

Албан тушаалтнууд хөрөнгө оруулгын мэдүүлгээ өгөхдөө хойрго хандаж байна

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй. Улсын хэмжээнд 2019 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 40.800 орчим албан тушаалтнаас 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагийн байдлаар 15.100 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 37 хувьтай байна. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Цагдаагийн ерөнхий газар, Дорнод, Хэнтий, Завхан, Баянхонгор аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд 50-иас дээш хувьтай байна. Мөн Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 280 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн 2, Засгийн газрын гишүүн 2, яамдын Төрийн нарийн бичгийн дарга 1, агентлагийн дарга 1, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 9, бусад 7, нийт 22 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь бөгөөд явц байдал 7,5 хувьтай байна.

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

СӨХ-дын талаарх өргөдөл, гомдлын тоо нэмэгджээ

Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлж буй иргэдийн өргөдөл, гомдлын тоо 2017 онд 550 байсан бол 2018 онд 616 болж өссөн байна. Ийнхүү жил бүр өсөж байгаа СӨХ-тэй холбоотой өргөдөл, гомдлыг хурдан шуурхай шийдвэрлэх, энэ салбарыг хариуцан ажиллаж байгаа байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг урьж өчигдөр уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Барилгын хөгжлийн төв, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн дарга, холбогдох ажилтнууд оролцсон бөгөөд тухайн байгууллагуудаас иргэдийн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар харилцан ярилцсан байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас уулзалтад оролцсон байгууллагуудын дарга, холбогдох ажилтнуудад одоо мөрдөгдөж байгаа хууль, журмын хүрээнд иргэдийн эрх ашгийг хамгаалж хариуцлагатайгаар ажиллах шаардлагыг тавьжээ. Мөн Сууц өмчлөгчдийн холбоодын асуудлаар гарч байгаа өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, иргэд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад нэн тэргүүнд хууль эрх зүйн орчинг шинэчлэн боловсруулахын чухлыг онцолж дараах ажлуудыг яаралтай хэрэгжүүлж ажиллах үүрэг чиглэлийг өгсөн байна. Үүнд:
-Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийг эрчимжүүлэх талаар Барилга хот байгуулалтын яаманд албан бичиг хүргүүлэх,

-Сууц өмчлөгчдийн холбоотой асуудлаар иргэд, хэрэглэгчид болон холбогдох байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулах,

-Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн төслийн ажил удаашралтай байгаа, хуулийг яаралтай батлуулах талаар Монгол Улсын Шадар сайд, Засгийн газарт танилцуулах,

-Иргэд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж хамтарсан хяналт шалгалт явуулах зэрэг асуудлаар ажиллахаар болжээ.