Categories
мэдээ нийгэм

10 настай хүүхэд мориноос унаж амиа алджээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулсны улмаас хурдан морь унаач хүүхдийн амь нас хохирсон, олон арван хүүхэд гэмтэж бэртсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон эмгэнэлтэй явдал гарсаар байгааг тухай бүр анхааруулж буй. Түүнчлэн хүйтний улирал буюу өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй, хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт болон Аймгийн Засаг дарга нарт удаа дараа зөвлөмж хүргүүлж байсан бөгөөд 2019 онд 21 аймгийн Засаг дарга нарт мөн хүргүүлээд байна. Хүйтний улирал буюу жил бүрийн 11 дүгээр сараас тавдугаар сарыг хүртэлх хугацаанд газар, зам харгуй хөлдүү, халтиргаа гулгаатай өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг зохион байгуулснаас болж тус уралдааны үеэр болон хурдан морины үсэргээ, сунгааны үеэр хүүхэд мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар, хөл, хацраа хөлдөөх, амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэргээр унаач хүүхдүүд сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол амссан тохиолдлууд ихээр гарч байсан бөгөөд 2019 онд хурдан морь хөлслөх үеэр 10 настай хүүхэд мориноос унаж нас барсан харамсалтай тохиолдол гарчээ. Та бид үр, хүүхдийнхээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд өсөж, торних, хөгжих, сурч боловсрох эрхийг хангах хамгаалах үүргийг тэднийхээ өмнө хүлээдэг. Иймд иргэд та бүхнийг хүйтний улирал буюу өвөл, хаврын улиралд хүүхдээрээ хурдан морь унуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

​Ном бол бодлын эм

Ном гадна талаасаа ердөө л ирмэгийнхээ дагуу бэхлэгдсэн, голдуу хавтаслагдаж, дээр нь бичиг бичсэн цаас болон бусад эдийн цуглуулга юм. Харин доторхыг нь нээгээд үзвэл ертөнцийн олон сонин хачин, хүн хүний өөр өөр үзэл бодол,сэтгэл уярам хайрын түүхүүд, амьдралын эрээн мяраан өнгө алагласан туужууд бий. Ном уншина гэдэг оршин буй тэр агшинаасаа тасарч төсөөлөл болон бодит оршуйн тийм гэж оноож хэлэхийн аргагуй манан дунд хөвөх шиг мэдрэмж. Тэгж хөвөх зуураа тоо томшгүй олон мэдлэг, мэдээлэл дээрх дүн шинжилгээ, өөрийн хэзээ ч туулж байгаагүй амьдралыг туулсан мэт туршлагыг олж авахыг хэлнэ. Ном таныг луутай тулалдуулж, амьдралын тань хайртай учруулж,хүний нинжин сэтгэл хүнлэг ёсыг дээдлэх ухааныг зааж өгнө. Ийм мэдрэмжийг авах нь нэг нэгнээсээ дээр гарах гэж өнгө мөнгөний араас завгүй гүйж, хараагаа муутган байж өдөржин цахим ертөнцөөр хэсүүчлэхээс хамаагүй сайхан биш гэж үү. Эрх баригч дээд байгуулага нь албан тушаалын хэрүүл тэмцэл хийж, энгийн иргэд нь чухам л улс төр ярьсан уур уцаартай хүмүүс болж хувираад удлаа.Санаа зовоодог олон асуудлуудыг шийдэхэд бидний оруулах хувь нэмэр нь бид өөрсдийнхөө оюун, тархийг хөгжүүлэх явдал билээ. Ном их уншдаг хүн үхэхээсээ өмнө 1000 өөр амьдралаар амьдардаг. Бид тэр 1000 амьдралын сонин сайхан, ухаарч мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцах боломж бий. Түүний нэг нь “номын клуб”. Манай улсад цөөхөн номын клуб байдгаас тогтмол, өргөн хүрээтэйгээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг нь “Тархи цэнэглэгч” номын клуб юм. Энэ клуб:

Ном сонирхон уншигчдын найз нөхдийн хүрээллийг тэлж тэдгээр залуустай мэдээ мэдээлэл солилцох, ном уншдаггүй залуусыг ном уншихад сэдэлжүүлэх, номтой холбоотой уулзалт семинар зохион байгуулах зорилготойгоор 2014 оны 4 сараас үйл ажиллагаа явуулж буй юм. Нийгмийн сайн сайхны төлөө хэсэгхэн залуус сайн дураараа ийм ажил хийж байгаа нь магтууштай хэрэг. Тэдний хичээл зүтгэлийн үр шимээр клубын нэг удаагын уулзалтанд 100-120 хүн ирдэг болсон аж. Номын сан бол бодлын эмнэлэг харин номин клуб бол хэрхэн эдгэрснээ бусадтай хуваалцах газар. Тиймээс өнөөгийн стресстэй нийгмээс холдож тархи оюунаа тэжээж мэдлэгтэй иргэн болох зорилго тавин ном уншиж, уншсан номоо бусадтай хуваалцаж сурцгаая.

Б.Цэндсайхан

Categories
мэдээ нийгэм

​Сайд асан М.Сономпил нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

Өнөөдөр Сайд асан М.Сономпил нарт холбогдох шүүх анхан шатны хурал шүүхэд болсон ч хойшилжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас М.Сономпилд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэцлээ. Шүүх хуралд М.Сономпилын өмгөөлөгч Б.Доржсүрэн “шүүх хурал давхацсан тул хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасны дагуу хуралдааныг ирэх хоёрдугаар сарын 18-ны 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн хүүхдээс H1N1 вирус илэрчээ

А хүрээний томуугийн H1N1 вирус Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй дөрвөн хүүхдээс илэрчээ. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг нь 26 ортой бөгөөд томуу, томуу төст өвчин их байгаагаас ачаалал нэмэгдэж өнөөдрийн байдлаар 55 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тасгийн өрөө тасалгаа, орны тоо хүрэлцэхгүй байгаа тул дотор, чих, хамар, хоолойн тасгийн зарим өрөөнүүдийг ашиглаж байгаа гэнэ. Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй 10 хүүхдээс энэ сарын 18-ны өдөр дээж авч, Улаанбаатар хотод лабораторийн шинжилгээнд явуулахад дөрвөн хүүхдээс H1N1 вирус илэрч, бусад хүүхдүүдийнх сөрөг буюу эдгэрэх шатандаа байгаа нь тогтоогджээ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, доктор Т.Серикжаны тайлбарласнаар энэ төрлийн томуугаар өвчилсөн хүүхдүүдийг орон нутагт эмчлэх бүрэн боломжтой бөгөөд шаардагдах эм, вакцины нөөц хангалттай, бусад хүүхдүүдээс тусгаарлах шаардлагагүй ажээ. Сануулж хэлэхэд, A(H1N1) томууны вирус нь хүнээс хүнд амархан халддаг, янз бүрийн хүндрэл гардаг амьсгалын замын өвчин бөгөөд 1930 онд анх гахайнаас илрүүлжээ. Уг өвчний “гахайн томуу” хэмээх томьёоллыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ҮХЦ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр /2019-01-23/ болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэв. Өмнө нь Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа уг маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Гэвч энэ дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул Цэцийн Их суудлын хуралдаанаар маргааныг ийнхүү дахин хянаж, эцэслэн шийдвэрллээ. Уг хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах тухай заалтыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэв.Мөн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Монгол Улсын Их Хурлын 2018 оны 48 дугаар тогтоолыг хүчингүй болгов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Банкны үйлчилгээ шүүмжлэл дагуулав

Цагаан сарын баяр ч дөхлөө. Үүнтэй зэрэгцээд жилд ганц удаа олгодог “Насны хишиг”, “Одонгийн мөнгө”-ний олголт эхэлжээ. Харамсалтай нь төрийн банкнаас бусад банкуудхаламжийн мөнгийг өөрийн банкаар дамжуулж өгөхгүй хэмээн цааргалдаг.

“Төрийн банк” төрийн өмчийн банк болохоор энэ бүх ачааг үүрч халамж үйлчилгээний мөнгийг олгосоор байгаа. Өнөөдөр халамжийн 100, 200 мянгаа авах гэсэн өвгөд, хөгшид төрийн банкны үүдэнддугаарлаж ачаалал үүсгэжээ. Энэ үеэр багагүй асуудал үүсдэг юм.

Удаан хугацаагаар мөнгөө авахаа хүлээж зогссон иргэдийн заримынх нь биеийн байдал муудаж, эмч, эмнэлэгийн бараа дууддаг. Зарим нь очерь дарааллаа булаацалдан маргах жишээний асуудал ч үүсдэг байна. Хамгийн инээдтэй ч гэх үү, харамсалтай ч гэхүү “Олон цагаар дугаарлаж зогсох иргэдэд “Бие засах газар огтоос олддоггүй” . Энэ бол өнөөгийн нийгмийн асуудал. Ихэнх банк олон нийтэд үйлчилдэг хэрнээ дотроонийтэд үйлчлэх “00” байдаггүй. Нийтэд үйлчлэх гэж байгаа бол нийтийн бие засах газраа хамгийн эхэнд уг нь шийдмээр юм.Энэ асуудал цагаан сар, хүүхдийн мөнгө, тэтгэвэр буух үеэр очерь ихсэх үед дугаарлаж зогсох иргэнд хамгийн их тулгамддаг ажээ.

Иргэдийн халамж үйлчилгээний мөнгө олгож эхлэх гэж байгаатай холбогдон үүсээд байгаа хүндрэлд иргэд ямар бодолтой байгаа талаар тодрууллаа. Энэ талаар төрийн банкны гадна зогсох иргэн Т.Ойдов “Жил бүхэн мөнгөө авах гэж бөөн очерь, чирэгдэл болж байна авах юм. Уг нь олгох ёстой мөнгөө иргэдийн данс руу хийчихэж байвал амар байна” гэв. Түүнчлэн насны хишиг, одонгийн мөнгөө авахын тулд өдөржин гадна зогсох хэцүү байна. Гадна их хүйтэн байна. Олон хүнд дугаарласан байгаа учир банкан дотроо багтахгүй байгаа. Өмнөх хүмүүс мөнгөө аваад гарах хүртэл хүлээгээд өглөөнөөс орой болж байна гэж ярих иргэд цөөнгүй байлаа. Иргэн Б. Наран “Очерь дарааллаа алдахгүй гээд өдөржингөө гадаа хүлээж зогсохдоо бие засаж чадахгүй. Банкууд дотроо “00”-гүй болохоор хэцүү байна” гэв. Уг нь ахмадууд тэтгэвэрийн данстай бас карттай байдаг. Түүгээр нь дамжуулж, ингэж хүндрэл учруулахгүйгээр насны хишиг, одонгийн мөнгийг нь өгч болдоггүй юмуу гэх нэгэн байлаа. Зарим нь очих ёстой эзнийхээ гар дээр заавал очих хэрэгтэй. Тэгэхгүй бол үр хүүхдүүд нь мөнгийг авчихаад байх юм. Шууд өөрийн биеэр ирээд банкнаас авах нь зөв. Тэгэхгүй бол өндөр настнууд АТМ-ээр картаа ашиглан мөнгөө авч чадахгүй гэх зүйлс бас яригдаж байв.

Аливаа үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд нийгмийн хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Гэтэл манайд байгаа арилжааны банкууд тийм юм мэдэхгүй. Тэд зөвхөн ашгаа л бодож байна. Ачааллын үед иргэдэд түргэн шуурхай, хүндрэл учруулахгүйгээр дор хаяж дөрвөн банк халамжийн мөнгийг тараачихдаг бол асуудал арай гайгүй байхсан. Хэдий арилжааны банкууд ашигтай талаа харах ёстой ч гэлээ зарим үедээ уян хатан байвал илүүдэхгүй болов уу.

Categories
мэдээ нийгэм

Хүн амын амьжиргааны доод түвшинг 217 900 төгрөгөөр тогтоолоо

Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу ҮСХ 2019 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшнийг шинэчилэн тогтоолоо. Нийслэлийн хүн амын амьжиргааны доод түвшинг 217 900 төгрөгөөр тогтоовНийслэлийн хүн амын амьжиргааны доод түвшинг 217 900 төгрөгөөр тогтоов

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн З.Нарантуяа Завхан аймагт ажиллаж байна

Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа энэ сарын 21-ний өдрөөс Завхан аймагт ажиллаж байна.

Тэрбээр тойргийнхоо иргэдтэй уулзахдаа УИХ-аар баталсан хууль тогтоомж, түүний хэрэгжилтийн талаар сурталчлан таниулахын зэрэгцээ 2018 онд УИХ-ын гишүүний хувьд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өгсөн байна. Иргэдтэй хийх уулзалт 21-ний өдөр Отгон сумаас эхэлж, энэ үеэрээ зарим малчдын цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох зорилгоор сургалт явуулах гэр цэцэрлэг хоёрыг байгуулж өгчээ. Түүнчлэн, зургаан жилийн турш төсөв нь шийдэгдэхгүй сунжирсан үүрэн телефон, өндөр хурдны интернэтийн сүлжээ нэвтрүүлэх ажлын санхүүжилтийг өнгөрсөн онд шийдвэрлүүлснээр тус сумын хоёр багт өндөр хурдны интернет нэвтрүүлэн, нээлтийн үйл ажиллагааг хийсэн байна. Ингэснээр малчид, хөдөлмөрчид мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь хүлээн авах боломжтой болжээ. Шилүүстэй суманд иргэдтэй уулзах үеэрээ 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг шуурхай дуусгаж,ирэх есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулах үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өгсөн байна. УИХ-ын гишүүн З.Нарантуяа иргэдтэй хийх уулзалтаа Цагаанчулуут, Цагаанхайрхан, Алдархаан, Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Сантмаргац, Улиастай зэрэг сумдад мөн төлөвлөн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Ширээгийн голын гүүрний явц 65 хувьтай байна

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Ширээгийн гүүрийг шинээр барьж байгуулахад улсаас 2.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэгвэл уг гүүрийг барьж байгуулах ажил яг одоогоор65 хувьтай үргэлжилж байгаа аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн З.Нарантуяа Завхан аймагт ажиллах үеэрээ намрын чуулганы хугацаанд хэлэлцэн баталсан хууль тогтоомж, улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн өнөөгийн байдал, УИХ болон Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг ард иргэдэд танилцуулан иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч, санал хүсэлтийг нь сонсож байна. УИХ-ын гишүүнээс иргэд ихэвчлэн малчдын тэтгэврийн талаар болон хүүхдийн мөнгө, цалин тэтгэврийн нэмэгдэл, бензин шатахууны үнийн өсөлтийн талаар хамгийн ихээр сонирхож асууж байсан юм. Эдгээр асуултуудад З.Нарантуяа гишүүн дэлгэрэнгүй хариулж, зарим асуудлыг өөрийн “Нарантуяа сан”-гаас шийдэх, томоохон тулгамдсан асуудлыг УИХ, Засгийн газарт танилцуулна гэв.

Тэгвэл уг ажлын үеэр Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Ширээгийн гүүрийн ажлын явцтай танилцсан юм. Цагаанхайрхан сумын Засаг дарга Ц.Нэргүй “Ширээгийн голын гүүрийг барихыг олон жилийн өмнө яригдаж байсан ч ажил болдоггүй байв. Энэ гүүрээр малчид нүүдэллэхэд хүндрэлтай байдаг. Тус гүүрийг 2018 оны зургадугаар сараас “ЗЗБ” компани хийж гүйцэтгэж эхэлсэн. Өнөөдөр 65 хувьтай явж байна” хэмээн танилцуулав.

Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Ширээгийн гүүр олон жил яригдсан. 2018 онд 2.2 тэрбум төгрөг улсын төсөвт сууж энэ жилээс гүүрийн барилгын ажил хийгдэж байна. 2019 оны аравдугаар сард ашиглалтад орох ёстой. Ширээгийн гол зундаа их үерлэдэг учир малчид, тээвэрчдэд ихээхэн хүндрэлтэй байдаг” гэв.

Тус гүүр баригдаж дууссанаар босоо тэнхлэгийн зам сайжирч, улмаар Цагаанхайрхан сумын иргэдийн амьдралд эерэг үр дагавар гарна гэж нутгийн иргэд үзэж буй юм.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ спорт

“Цодгор хүү” шатрын тэмцээнд 300 гаруй сурагчид оюун ухаанаа сорьж байна

Монгол Улсын аварга, спортын мастер Нямаагийн Төрбат агсны нэрэмжит 28 дахь удаагийн “Цодгор хүү” өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн Монголын хүүхдийн ордонд эхэлээ. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 5, 7, 9,11 хүртэлх насны Монгол Улсын 333 сум, 21 аймаг, 9 дүүргийн анхан шат, дунд шатны шалгаруулалтаас шалгарсан шилдэг 300 гаруй шатарчид оюун ухаанаа сорьж байна. Тус тэмцээний 7, 9, 11 насны ангилалд түрүүлсэн өсвөрийн шатарчид Монгол Улсаа төлөөлөн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцох эрхтэй болох юм. “Цодгор хүү” тэмцээнийг Монголын хүүхдийн ордон, Монголын шатрын холбоо, Хурай ХХК хамтран зохион байгуулж байна.