Categories
мэдээ нийгэм

Мялзангаар өвчилсөн 97 гахайг устгалд оруулжээ

Баянзүрх дүүрэгт гахайн мялзан өвчин илэрчээ. Тодруулбал, иэргэжлийн хяналтын байгууллагаас тус дүүргийн 21, 22, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд өрхийн гахайн аж ахуй эрхлэж буй айлуудад хяналт шалгалт, тандалт судалгааг явуулжээ. Шалгалын үеэр дөрвөн иргэний гахайн мах, цусны дээж авч УМЭАЦТЛабораторид өгч шинжлүүлэхэд Гахайн Африкийн мялзан өвчин оношлогдсон байна.

Иймд Онцгой комиссын албан даалгавараар энэ сарын 18,19-ний шөнө мэргэжлийн ангийг тус хороодод ажиллуулан 6 иргэний 76, 065 дугаар цэргийн ангийн 14, эзэн нь тодорхой бус жалганд үхсэн 7, нийт 97 толгой гахайг устгал хийлгэн ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлжээ. Түүнчлэн ариутгалын уусмалаас дээж авч НМХГ-ын Төв лабораторид хүргүүлсэн байна.Мялзангаар өвчилсөн 97 гахайг устгалд оруулж, ариутгал хийжээ

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэг ачаалал багатай байна

Эрүүл мэндийн сайдын “Томуу, томуу төст өвчний бэлэн байдал, эмнэлгийн тусламжийн байдалд дэмжлэгт хяналт хийх” удирдамжийн дагуу ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Хүүхдийн нэгдсэн эмнэлэг болон “Ахмад настан, хүүхдийн II эмнэлэг”-т ажиллалаа.

Баянгол дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан 200 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар 133 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсэн ид оргил ачааллын үед буюу энэ сарын эхээр тус эмнэлэгт 320 хүүхэд хэвтсэн тохиолдол бий. Тэгвэл өдгөө хүүхдийн орны ачаалал харьцангуй буурч, эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэнээр эмч, сувилагч нар ачаалалгүй ажиллаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэд ч сэтгэл хангалуун үйлчлүүлж байна.

Хүүхдийн нэгдсэн эмнэлэг болон “Ахмад настан, хүүхдийн II эмнэлэг”-ийн өрөө тус бүрт ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг ажиллуулж, хүчилтөрөгч өтгөрүүлэгч болон шаардлагатай зарим тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэж, зохион байгуулалтын олон ажлыг хийсэн аж. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар батлагдсан төрийн албан хаагчдын цалинг 08 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийн хүрээнд эмч, сувилагч нарын цалин тодорхой хувиар нэмэгдэж, тус дүүргийн эрүүл мэндийн төв болон Хүүхдийн нэгдсэн эмнэлэг, “Ахмад настан, хүүхдийн II эмнэлэг”-т ажиллах хүсэлтээ илэрхийлсэн 100 гаруй сувилагчаас 80 гаруй нь ажлын байртай болжээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: 19 настай цэрэг гадны нөлөөтэй амиа алдаагүй

Дорноговь аймагт байх зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай цэрэг амиа алдсан хэрэг гарсан. Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр мэдээлэл өглөө. Тэрээр, “Сайншанд дахь цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Уг хэргийн дуудлага нэгдүгээр сарын 22-ны өдрийн 17.30 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Тус ангид 2018 оны арваннэгдүгээр сард хугацаат цэргийн алба хаахаар ирсэн 19 настай А амиа алдсан нь тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх шинжилгээний задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр байлдагч А-ийн биед ямар нэг гаднын нөлөө байхгүй хэмээн гарсан. Нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр эсийн шинжилгээ авсан. Хуульд заасан хугацаа буюу 21 хоногийн дотор дүгнэлтийн хариу гарна. Үүн дээр ямар шалтгаанаар амиа алдсаныг тогтооно” гэлээ.

Цэргийн алба хаагч үүргээ хэвийн гүйцэтгэж байсан гэх гэрчүүдийн мэдүүлэг байгаа гэдгийг мөн хэлсэн юм. Талийгаач цэргийг зодуулж амиа алдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байгаа. Тэгвэл энэ талаар, “Хавтаст хэргийн материалтай хохирогчоор тогтоогдсон хуулийн этгээд хохирогчийн өмгөөлөгч, ар гэрийнхэн танилцана гэсэн заалт бий. Мөн хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн зураг болон ямар нэг баримтыг бусдад буюу олон нийтэд задруулахгүй байх гэсэн хуулийн заалт байдаг. Тухайн зурган дээр үүссэн байгаа зүйл нь цогцост үүссэн хүүрийн толбо. Үүнийг иргэд бусдад зодуулсан, зодуулсны улмаас гэмтэл үүссэн хэмээн ярьж байна. Иргэн амиа алдаад биед нь юүлэгдэж үлдсэн цусыг хүүрийн толбо гэж үздэг. Мөн цагдаагийн байгууллага болон шүүх эмнэлгийн байгууллага иргэн амиа алдсан хэргийн газар очоод хүүрийн толбо дээр нь дарж үзээд ямар хугацаанд амиа алдсан цагийг тогтоодог. Иргэд зургаас харсанаа бусдад зодуулсан гэсэн ташаа мэдээллийг тарааж байна гэсэн тайлбарыг өглөө. Мөрдөн шалгах ажилллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Насны хишгийг гурван банкаар дамжуулан олгож байна

Нийгмийн халамжийн мөнгийг Төрийн банк, Хаан, Капитал банкаар өчигдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс олгож эхэлсэн талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. Харин Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс /2019.01.24/ олгож эхэлжээ.

Халамжийн мөнгөний тухайд

  • Тэтгэвэр, тэтгэмж
  • Хөнгөлөлт, тусламж
  • “Цалинтай ээж” хөтөлбөр
  • Жирэмсэн эхийн тэтгэмж
  • “Алдарт эхийн одон”-гийн тусламж
  • Алдар цолтой ахмад настны нэмэгдэл
  • “Насны хишиг”-ийн үйлчилгээнүүд дээрх нэр бүхий гурван банкаар олгогдож байгаа аж.
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын нэгдсэн чуулган завсарлалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа.

Өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Ё.Баатарбилэг, М.Билэгт нарын гишүүний саналаар түр хойшлууллаа. Түүнчлэн хуралдаанаар цаг үеийн зарим асуудалд гишүүд байр сууриа илэрхийлж, авсан арга хэмжээнүүдээ танилцууллаа. Үдээс хойш 15 цагаас Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим дүрэм, журмыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

Б.Энхболд: Монгол Улсын төрийн алба том сорилтын өмнө ирээд байна

Улс төр судлаач, Улс төр судлалын докторант, Сингапурын Үндэсний Их сургуулийн харьяа Ли Куан Ю-гийн Төрийн Бодлогын сургуулийн Магистр Б.Энхболдтой ярилцлаа.


-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн, дагалдах дүрэм, журмуудаа баталж байна. Уг хуулийн хэрэгжилт хэр бодит үр дүнд хүргэх бол?

– Жозеф Стиглиц, Д.Ажемолу, Фрэнсис Фукуяама гэх мэт хөгжлийн онол судлаачид улс орнуудын хөгжилд төрийн инститүүцүүдийн чадавхи чухал нөлөөтэйг санал нэгтэйгээр баталдаг. Өөрөөр хэлбэл, төрийн алба мэргэшсэн, бодлого тогтвортой байх, Засгийн газар нээлттэй ил тод ёс зүйтэй бодлого явуулж засаглаж чаддаг байх тухай ойлголт юм. Шинэ Үндсэн Үндсэн хууль батлагдсан үеэс хойших энэ 27 жилийн хугацаанд 21 хүн Ерөнхий сайдаар ажиллаж, Засгийн газрын дундаж хугацаа 1.5 жил байснаас харахад ганц энэ хуулиар өргөс авах мэт асуудлыг шийдэх нь боломжгүйг харуулж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Намуудын тухай хууль, Захиргааны Ерөнхий хуульд бүрэн тодорхой орж чадаагүй хууль бусаар төрийн албан хаагчийг ажлаас нь халсан тохиолдолд хохирлыг тухайн шийдвэр гаргасан албан тушаалтан хүлээх зохицуулалтыг нарийвчлах гэх мэт цогц хууль эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай. Ийм улс төрийн сонгуулийн цикль, намуудаас хэт хамааралтай орчин нөхцөлд Төрийн албаны зөвлөл МЕРИТ зарчмыг сахиулан ажиллана гэдэг том сорилт юм. Мөн Цаашид багш эмч нараа салбар хуулиар гол харилцааг нь зохицуулдаг хэрнээ Төрийн албаны тухай хуулинд ёс төдий заалтууд оруулдаг. Үүний оронд бие даасан хуулиар зохицуулдаг бусад орны жишээг ч судлах шаардлага үүсэж байна.

-Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээг нэмж өгсөн биш билүү?

-Шинэ хуулиар төрийн албаны зөвлөлд төрийн албан хаагчдын зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах, албан тушаалтны хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэх мэт эрх хэмжээг нэмж өгсөн боловч сонгууль бүрийн дараа гарах гомдол, маргаан зөрчлөө бүрэн дийлж шийдвэрлэж чадах нь өөрөө эргэлзээтэй юм. Гол суурь нь дээр дурьдсан Үндсэн хууль, Намуудын тухай хуулийн хэмжээний асуудлууд байгаа учраас тэр. Төрийн албаны зөвлөлийн орон тоо хүн хүч нь хүрэлцэх эсэх асуудал ч яригдах байх.

-Таны бодлоор шинэ хуулинд дэвшилттэй ямар зохицуулалтууд орсон бэ?

-Ажлын гүйцэтгэл дээр нь тулгуурлан үнэлж дүгнэж урамшуулах, ажлын байрны шинжилгээ, хүний нөөцийн аудит хийж байх,олон нийт иргэдийн төлөөллөөс бүрдсэн хяналтын зөвлөл ажиллуулах, ажлын байрны тодорхойлолт боловсруулах нийтлэг журам боловсруулж буй зэрэг дэвшилттэй заалтууд орсон. Ажлын байрны шинжилгээ, аудит гэхэд л засгийн газрын бүтэц чиг үүрэг хир давхцалгүй зөв тодорхойлогдож хууль батлагдаж байгаа вэ гэдгээс бусад орнууд эхэлж төлөвлөж хийдэг. Манайд нэгэнт батлагдсан ЗГ, Яамдын бүтэц дээр ажлын байрны шинжилгээ хийх тухай яригдаж байна. Хамгийн гол нь энэ томоохон өөрчлөлтийн менежементийг шат шатандаа хэрэгжүүлэх, албан хаагчдын чадавхи ямар түвшинд байна вэ гэдгээс урган тэднийг давтан сургах бэлтгэх гэх мэт хийх асар их ажлын өмнө байна. Хууль журман дээр дурьдах нэг асуудал, яг амьдрал дээрээ түүнийг хэрэгжүүлэх боловсон хүчний чадавхи нь өөр асуудал юм. ОУ-ын байгууллагууд ялангуяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь энэ тал дээр томоохон дэм тус болно гэдэгт итгэлтэй байна. ЗГ төрийн албаны зөвлөлөөс оны өмнө зохион байгуулсан шалгалтын дүнгээр төрийн нийт албан хаагчдын 60 хувь 1-5 жил ажилласан албан хаагчид эзлэж байгаа дүн гарсан. Гайхаад байх тоо биш л дээ. 2016 оны сонгуулийн дараа халсан 20 мянган албан хаагчдынхаа оронд авсан хүмүүсийн л тоо юм. Манай улсын зовлон энэ болоод удаж байна. Энийг шийдэх алхам хийж, МЕРИТ зарчим хуулиндаа оруулсан. Гэсэнч уг хуулийнхаа гуравдугаар зүйл дэх Төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага хэсэгтээ ажилласан жилийн хатуу босго тавьж өгснөөрөө Мерит зарчим, шатлан дэвшүүлэх буюу карьерын зарчим хоёрынхоо тэнцвэрийг алдагдуулсан.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн гуравдугаар зүйлийн 23.2.3-д “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд наймаас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэж заасан. Тэгэхээр төрд заавал мэргэжилтнээр ороод ийм хэмжээний хугацаа зарцуулж байж ахлах түшмэл буюу яамны тасгийн дарга, дүүрэг, аймгийн засаг даргын тамгын газрын дарга, хурлын нарийн бичгийн дарга болно гэсэн үг. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулиа манайхан батлаад цөөнгүй жил болж байж “Гадаадын хөрөнгө оруулалтыг татъя”, “Томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлье” гэж байгаа энэ үед чадварлаг боловсон хүчнийг ийм хатуу босго тавих нь зохимжгүй. Өөрөөс нь доор боловсролтой ахлах мэргэжилтэн болон даргын доор ийм хугацаанд ажилла гэвэл хэдэн чадварлаг боловсон хүчин ажиллах бол. Тэд чинь бас өөрийн гэсэн үнэлэмжтэй хүмүүс шүү дээ.

-Солонгос, Япон гэх мэт өндөр хөгжилтэй орнуудал ч ажилласан жилийн өндөр босго тавьдаг шүү дээ?

-Манай улсын хувьд хүн ам цөөтэй, сонгуулийн циклээр улс төр нь савлаж байдаг ийм улсад төрийн албанд аль болох хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагад ажиллаж байсан ч юмуу, гадаадад сурч ажиллаж байсан чадварлаг боловсон хүчин орж ажиллаж салхи оруулахыг дэмжиж байх ёстой. Зарим хүмүүс Солонгос, Японтой жишиж яг ийм шатлалаар олон жил зарцуулах ёстой гэж ярьдаг. Гэсэн ч ид хөгжлийнхээ эхэн үед уян хатан системтэй байж аль болох олон хүнийг гадаадад сургаж тэднийгээ хариуцлага үүрүүлэн албан тушаалд томилж байж хөгжсөн байдаг. Улс орнуудын хөгжлийн төвшин онцлог гэж их чухал харгалзах ёстой хүчин зүйл шүү. Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг харахад Мерит зарчмыг хадгалах гээд байгаа юм шиг харагдавч төрд олон жил болж, бугшсан алдаа ч гаргадаггүй, ажилч хийдэггүй бүр дарга сайддаа ч захирагдахгүй болж бүлэглэсэн, дунд шатны хүнд сурталтай дарга нарыг дэмжсэн зохицуулалт л болсон. Нөгөө талаар төрд тэдэн жил ажилласан байна гэж заагаад орхичихгүй заавал тийм зэрэг дэвийн ажил тэдэн жил хийж дэвшинэ гэж байгаа нь дөрвөн жил тутам савладаг улс төрийн онцлогтой савлагаатай улсад хэрэгжихгүй заалт болсон.

Хугацаанаас нь өмнө шатлан дэвшүүлж болох заалт ороогүй гэж үү?

-Энэ хуулийн 26.3, 23.2-т “Ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно” гэж зааснаас аваад үзэхэд мэргэжилтнээр төрийн албанд орж ажиллах хүн найман жил тасралтгүй дэвшин тогтвортой ажиллаж байж яамны хэлтэс, газрын дарга болохоор байна. Хамгийн хурднаараа амжилттай явахад шүү дээ. Яг хуулийн заалтаараа бол яамны газар, хэлтсийн дарга болоход 12 жил төрд ажилласан, үүнээс дөрвөн жил нь яамны тасаг албаны даргын түвшний ажил хийсэн байх ёстой. Энэ тавиад байгаа шаардлагуудыг хэн хангаж чадах вэ, тэд төрийн албаны томоохон шинэтгэлийг хийж үргэлжлүүлэхэд хангалттай тархиа цэнэглэж чадаж байгаа юу, хамгийн гол нь тийм хүсэл тэмүүлэл байна уу гэдэг том асуудал.

-Анхаарал хандуулахаар өөр ямар заалтууд байна вэ?

-Төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн дээр ТАЗ-ын дарга Б.Цогоо “Төрийн албан хаагчдын нэгдсэн мэдээллийн санг шинэ хуулиар бүрдүүлж төрийн бусад байгууллагын хэрэгцээнд уг мэдээллийг ашиглах, стандарт шаардлага хангасан архитектурын нэгдмэл шийдэлд тулгуурласан, он-лайнаар мэдээлэл оруулах, хянаж засварлах, гаргах боломжтойгоор хийх болно” гэсэн нь чухал санаа хэлсэн. Нөгөө талаар цугларсан мэдээллийн санг зүй бусаар засварлах, ашиглахаас сэргийлжБЛОКЧЕЙН технологийг Сингапур,Япон гэх мэт орнууд нэвтрүүлж байгааг мөн бодолцох нь зүйтэй.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд дордуулсан өөрчлөлт оруулсан гээд байгаа. Энэ тухайд?

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.7 дахь “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэсэн одоогийн заалт байсан юм. Гэтэл Төрийн албаны тухай хуультай холбогдуулж дээрх заалтыг өөрчлөн найруулахдаа 23.7-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болох нь тогтоогдсон бол АТГ илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдлын талаар энэ хуулийн 23.6-д заасан мэдэгдэлд тодорхой дурдана” гэж өөрчлөн найруулаад 23.9 дэх “Энэ хуулийн 23.7-д заасан тохиолдолд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд энэ хуулийн наймдугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллах талаар баталгаа гаргах бөгөөд түүнийг тухайн албан тушаалд томилох, эсэхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ”. 23.10 дахь “23.9-д заасан баталгааны маягтыг АТГ батална” гэсэн заалтуудыг цоо шинээр нэмсэн. Ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн АТГ ын дүгнэлттэй ч баталгаа, амлалт өгсөн маягт бөглөөд л ажилдаа томилогдож болохоор байгаа нь төрийн албаны ил тод, хариуцлагатай байх зарчмуудтай зөрчилдөж байгаа юм.

-“Аймаг нийслэл, сум дүүргийн хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно гэсэн заалт Төрийн албаны тухай шинэ хуулинд хэвээрээ байгаа юу?

-Төрийн албаны шинэ хуулинд ийм заалт байхгүй. Харин 2017 оны арванхоёрдугаар сарын 7-нд шинэчилсэн найруулга батлагдсанаар хуучин хуульд оруулсан өөрчлөлт хүчингүй болсон. Харин Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 10.5-д нэмэлт өөрчлөлт оруулсан заалт болох “Аймаг нийслэл, сум дүүргийн хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно” гэсэн заалт хэвээрээ байгаа. Гэхдээ Төрийн албаны хуулиа дагах ёстой. Энэ талаар хуульчид тодорхой тайлбар өгөх шаардлага бий.

-Чадварлаг төрийн албатай болоход ямар гарц байж болох вэ. Судлаач хүний хувьд гадаадын сайн туршлагаас хуваалцахгүй юу?

-Төрийн албаны МЕРИТ зарчмыг ёс төдий хуульчилж болохгүй. Харин уг зарчмыг зөрчигчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байж Сингапурын мэргэшсэн төрийн албаны систем бүрэлдсэн байна. Төрийн алба нь нэр хүндтэй, улс орныхоо хөгжлийг нийгмийн хөгжилтэй уяж, шинэчлэлийн араас чирэгдэх бус харин ч байнгын тогтвортой манлайллыг үзүүлж байдаг Сингапурын төрийн албаны туршлагаас хэдэн санаа дурьдаж, гарц эрэлхийлье л дээ. Нам, төрийн алба хоёрынхоо үйл ажиллагааг заагласан шиг зааглаж, хэн чадвартай, хэн шалгалт шүүлгээ давж өөрийгээ тасралтгүй хөгжүүлж чадсаныг нь л төрийн албанд ажиллуулдаг. Тус улсад Төрийн албаны богино хугацааны мэргэжүүлэх коллеж гэж бий. Төрд ажиллаж буй нийт 124 мянган албан хаагчдаа байнгын сургалтанд хамруулж, зөвлөлгөө өгдөг тус коллеж нь засгийн газрынхаа харьяанд байдаг. Дотоод нөөц бололцоогоо ашиглаад зогсохгүй дэлхийн бусад улс орнуудтай хамтарч төрийн албан хаагчдад хууль эрх зүйн үйлчилгээ, зөвлөлгөө, манлайллын үйлчилгээ үзүүлдэг юм. Энэ коллежийн сургалт сайн байж, төрийн албан хаагчдаа нийгмийн ч, технологийн ч шинэчлэлд тасралтгүй бэлтгэх нь, Сингапурын төрийн албаны нүүр царай, хөгжил дэвшил, ёс суртахууны төлөвшил нь болж өгдөг.Шинэ хуулиар Удирдлагын Академийг энэ чиглэл рүү оруулж байгаа нь зөв шийдэл. Харин Төрийн албан хаагчдыг дан ганц Удирдлагын Академи сургана гэж туйлширвал буруу. Хувийн хэвшил, ОУ ын байгууллагуудаас ч мөн гэрээгээр сургалт захиалан хийлгэдэг бусад орны жишгийг харгалзах хэрэгтэй. Тэгж байж цаг үетэйгээ нийцсэн шинэлэг сургалтын хөтөлбөр бий болно.

-Сингапур улс төрийн албан хаагчдаасаа ямар ур чадвар шаарддаг юм бол?

-Тус улсад хэчнээн мундаг Ерөнхий сайд, сайд, дарга байсан ч төрийн алба гэдэг систем нь сайн ажиллаж өгөхгүй бол мотор нь доголддог машин л гэсэн үг гэдгийг ч сайтар ойлгосон байна. Өөрөөр хэлбэл, чадварлаг төрийн алба бол Сингапурын зүрх юм. Манай улсын хувьд ч үүнтэй агаар нэг байх ёстой. Тухайн улс орны хөгжлийн нэг тулгуур багана ньчадварлаг төр юм. Тиймээс ч төрийн албан хаагчдаасаа дараах чадваруудыг шаарддаг. Төрдөө авьяас чадвартайг нь шилж сонгон ажиллуулаад тодорхой хугацааны дараа өөр дүйцэх ажилд сэлгэдэг. Ажил дээрээ ахиц гаргасан ур чадварын түвшинг нь хагас жил бүр дүгнэн урамшуулал олгох, албан тушаал бууруулах, дэвшүүлэх шийдвэр гаргахдаа заавал харгалздаг тогтолцоотой. Зөвхөн цалин олгоод зогсохгүй эдийн засгийн нөхцөл байдалдаа тохируулан дунджаас арай өндөр хангамж өгнө. Харин хяналтыг маш сайн тавьж чаддаг тогтолцоотой. Итгэл бас хариуцлага алдвал очих газар нь тодорхой гэдгийг ойлгуулсан шиг ойлгуулна. Мөн эдийн засгийн ийм, тийм онол, зөв, буруу гэж эцэс төгсгөлгүй маргахаасаа илүү, “Энэ бодлого шийдвэр манай улсад хэрэгтэй юу? хэрэгтэй бол хэрэгжүүлье” гэсэн ажил хэрэгч тууштай зан чанар байх ёстой гэж үздэг. Дээрээс нь хууль дээдлэх, авлигалаас ангид байх шаардлага бол хамгийн хатуу мөрддөг зарчим нь. Үүн дээр нэмээд Төрийн түвшинд шийдвэр гаргах албан тушаалтнуудаасаа давхар хэд хэдэн зарчмыг шаарддаг. Тулгарсан асуудлуудаа нисдэг тэрэгнээс харж байгаа юм шиг тоймлон, тод томруун, өргөн хүрээ, ирээдүйн хөгжлийн чиг хандлагаар нь харж чаддаг байх. Тоймлон харж чадсан төлөвлөгөөгөө задлан дүгнэж аюул эрсдэл, нөөц боломжоо тооцож чаддаг, тулгарсан асуудлаа шийдэх гарцыг өөр өнцөгөөс шинэ хандлагаар төсөөлөн харж чаддаг байх нь чухал. Гаргаж буй шийдвэр дүгнэлт нь хөрсөн дээр буусан, уянгын халил багатай, бодит үр дүн авчирсан байхыг шаарддаг.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн автобус шатсан хэрэг гарчээ

Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Цайз 16 захын хавьцаа “Улаанхуаран-Мах маркет” чиглэлийн автобус шатсан хэрэг гарсан. Уг автобус нь техникийн бүрэн бус байдлын улмаас түр зогсолт хийсэн “Блюбус” ХХК-ийн эзэмшлийн автобус байсан.
Тэгвэл өнөө өглөө дахин нийтийн тээврийн автобус шатсан хэрэг гарчээ. Тодруулбал, Тэнүүн-Огоо ХХК-ийн Орбит, Тахилт чиглэлд явдаг том оврын автобус 06.30 цагийн үед зам дээр шатжээ. Үйлчилгээндээ гарах гэж байсан автобус болохоор гал гарах үед зорчигч суугаагүй байсан гэнэ. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Categories
мэдээ спорт

Их аварга Хакүхо М.Даваажаргал, Митакэүмид уналаа

Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 11 дэх өдөр Их аварга Хакүхо М.ДаваажаргалынМитакэүмитэй хийсэн барилдаан хамгийн сонирхолтой нь байв.

Учир нь энэ башёд нэг ч унаагүй тэргүүлж байсан Хакүхо аварга өнөөдөр 2 өдрийн барилдаан өнжөөд эргэн ирсэн Митакэүмигийн өөдөөс юу ч хийж амжилгүй, дэвжээнээс түлхэгдэн гарсан юм. Харин 69 дэх Их аварга Хакүхо ийнхүү нэгунаснаар түүний араас нэхэж яваа Тамаваши Б.Мөнх-Оргилд том боломж гарлаа. Өнөөдөр тэд хоорондоо барилдах бөгөөд Тамаваши давбал хоёр бөхийн даваа тэнцэх юм. Тамавашитай адил барилдаж байсан Маэгашира Чиёонокуни /8:2/ 11 дэх өдөр гэмтлээс болж барилдсангүй. Харин Озэки цолт Гойэдо болон Такаясү нар өнөөдөр өрсөлдөгчдөө давснаар 50 хувийн амжилтаа /качикоши/ хийх боломжоо хадгалсаар байна. Сэкиваке Такакейшо Хокүтофүжиг, Тамаваши Котошёогикүг давсан бол Ичиножёо А.Ичинноров Шохозанд унаж 6 даваа 5 унаатай болов. Маэгашира Чиёошома Г.Мөнхсайхан 11 дэх өдөр Такарафүжиг даван 5 дахь даваагаа авлаа. Хацү башёгийн 11 дэх өдрийн дараах байдлаар 5 зиндаанд 20 монгол бөх барилдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн барилдаан Бөхийн өргөөнд болно

Өчигдөр Монголын үндэсний бөхийн холбооны маргалдагч талууд уулзаж олон жилийн турш үргэлжилж байгаа маргааныг эцэс болгохоор тохиролцож санамж бичиг байгууллаа. Энэ уулзалтаар маргалдагч хоёр талын төлөөлөл нэгдсэн ойлголтод хүрч “Ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.”Гацуурт” компанийн захирал Л.Чинбат, Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс тэргүүтэй бөхчүүд яруу найрагч Ү.Хүрэлбаатар зэрэг хүмүүс уг уулзалтад оролцсон байна. Уг санамж бичигт, нэгдүгээрт, МҮБХ-ны ээлжит бус “Их Эе” хурлыг 2019 оны хоёрдугаар сарын 16-нд хууль дүрмийн хүрээнд зохион байгуулж үүсээд байгаа маргааныг шийдвэрлэх, хоёрдугаарт, “Бөхийн өргөө”-г нэн даруй нээж, Сар шинийн баярт зориулсан барилдааныг “Бөхийн өргөө”-нд зохион байгуулах, гуравдугаарт, Ээлжит бус “Их Эе”-ийн ажлын хэсгийг дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар ахалж ажиллахаар тохиролцжээ.

Categories
гадаад мэдээ

Венесуэл улс АНУ-аас дипломат харилцаагаа таслан гэдгээ зарлав

Венесуэлийн парламентын дарга, сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо лхагва гаригт өөрийгөө төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч гэж зарлажээ. Түүнийг АНУ, Канад, Аргентина, Бразили, Колумби, Парагвай, Перу, Чили, Эквадор зэрэг орнууд хүлээн зөвшөөрөөд байна. Харин Николас Мадуро энэ бүгдийг АНУ-ын зохион байгуулсан төрийн эргэлт гэж үзэн АНУ-аас дипломат харилцаагаа тасалж буйг зарласан байна.

Венесуэлийн хүчнийхэн жагсагчдыг буудаж байнаВенесуэлийн хүчнийхэн жагсагчдыг буудаж байна