Саран дээр хүн төрөлхтний анх удаа ургуулсан ургамал хэдийнэ “үхсэн” болохыг CNN мэдээлэв. Хятадын эрдэмтэд сарны гадаргуун дээр хөвөнгийн ургамал тарьсан нь дэлхийн дагуул дээр амьд ургамал тарьсан анхны тохиолдол боллоо гэж шуугиан тарьсны хэдхэн өдрийн дараа дээрх мэдээ цацагдсан юм. Улмаар туршилтыг бүрэн зогсоосон байна. Энэ оны нэгдүгээр сарын 3-нд Хятадын сансрын хөлөг анх удаагаа сарны нөгөө талд газардаж, улмаар тусгай хүлэмжинд хөвөнгийн үр ургуулж эхэлсэн. Уг туршилтын зорилго нь хэзээ нэгэн цагт хүн төрөлхтөн саран дээр амьдрахаар болвол хүнс тэжээлээ өөрсдөө ургуулах боломжтой эсэхийг турших байв.“Хүлэмжийн дотоод дулааныг удирдах хоёр ч төхөөрөмж байрлуулсан хэдий ч -30 хэмээс буугаагүй бөгөөд ийм хэмд ямар ч ургамал тэсэх боломж байсангүй” хэмээн төслийг удирдсан, Чунцин их сургуулийн профессор Xie Gengxin ярьжээ. Угтаа тэд 100 хоног тэснэ хэмээн төлөвлөж байсан аж.
Month: January 2019
Гэрлүүгээ орох гэж байсан 21 настай эмэгтэйг цохиж унагаан утсыг аваад зугтаасан хэрэг гарсан билээ. Дээрх хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлэн баривчилсан. Уг хэргийг үйлдсэн Б.Баярцогыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн хоёрдахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан бөгөөд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэрийг гаргажээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 03 дугаар тушаалаар зарласан анхан шатны шүүхийн сул орон тооны бүртгэлийн хугацаа дуусахад 8 хоног үлдсэн тул нэр дэвшигч та http://www.shuugch-songon.mn/ цахим хуудсанд амжиж бүртгүүлнэ үү.
ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалан явуулж байна. Хуралдаанаар Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотой “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Одоо чуулганаар “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ сарын 21-нд Өвөрмонголын өөртөө засах орны Баяннуур аймагт “Мөнгөн Ганц мод” өвлийн наадмын хүчит бөхийн барилдаан болж өнгөрлөө. БНХАУ, Монгол олон улсын өвлийн уламжлалт наадам урд хөршийн хотуудад ээлжлэн болж буйн нэг арга хэмжээ нь энэ юм. Баяннуур хошуунд болсон өвлийн наадмын 64 хүчит бөхийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж 50 мянган юаниар шагнуулсан бол аймгийн арслан Н.Баярбаатар үзүүрлэжээ. Барилдааны шөвгийн дөрөвт улсын начин Э.Даш, Зүүн Үзэмчин хошууны бөх Батжаргал нар үлдсэн байна. Их шөвөгт улсын начин Э.Даш, ӨМӨЗО-ы Зүүн Үзэмчиний Н.Батжаргал нар шалгарчээ.
Хоёр улсын хүчит бөхчүүд чуулан барилддаг энэхүү барилдаанд манай улсаас улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан У.Береке, аймгийн арслан А.Давааням, Н.Мустафа, Э.Тулга, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр, Н.Баярбаатар, Ж.Алтаншагай нарын бөхчүүд зорин очиж зодоглосон байна.
2015 онд мөн БНХАУ-ын Өвөрмонголд болсон олон улсын Монгол бөхийн аварга шалгаруулах тэмцээний аваргаар Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс шалгарч “Алтан бүс”-ийн эзэн болж байсан удаатай.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ.
Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулан төрийн бүх шатны байгууллага шударга ёс, сахилга, хариуцлагаа чангатгаж, иргэдэд төрийн үйлчилгээг ёс зүйтэй, ил тод нээлттэй, шударга, авлигагүй, алагчлалгүй, тэгш хүртээмжтэй хүргэх учиртайг Ерөнхий сайд төрийн албан хаагчдад онцгой анхааруулаад нийслэл энэ оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил”-ээр зарласныг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын эдийн засаг 2018 оны эхний 3 улиралд сүүлийн 4 жилийн хугацаанд хамгийн өндөр хувиар буюу 6.4 хувиар өслөө. Улсын нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн 8 жилийн хугацаанд анх удаа ашигтай гарав. Засгийн газар байгуулагдсанаас хойш зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 6.5 их наяд төгрөг төлснөөс 2018 онд 3.7 их наяд төгрөгийн төллөө. Макро эдийн засгийн орчин тогтворжиж, Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирлаа зэрэг эдийн засгийн өсөлтийн талаар тэрбээр хэллээ. Эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасагт шилжээд байсан эдийн засаг эмнэлгээс гарч гэрээр эмчлүүлж байна хэмээн тэрбээр зүйрлэв. Монгол Улс нефьтийн үйлдвэртэй болно. Шинэ цэвэрлэх байгууламжийн ажил энэ хавар эхэлнэ. Шинэ нисэх буудал энэ оны долдугаар сард ашиглалтад орно. Үүнийг дагаад дагуул хотууд бий болно зэрэг бүтээн байгуулалтын ажил энэ жил үргэлжилнэ. Засгийн газар ирэх тавдугаар сараас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж, ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК байгуулсан. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулсан. Улаанбаатар хотод 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс шатааж байна. 220 мянган бага оврын уурын зуух ажиллаж байна гэсэн үг. Дээр нь 3000 нам даралтын зуух байна. Эдгээр зуух Улаанбаатар хотын утааны 90 хувийг “үйлдвэрлэж” байгаа. Жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тн-ыг түлнэ. Тоон харьцуулалтаас харахад ч агаарын бохирдол 50 орчим хувиар багасахаар байгаа. Сайжруулсан түлшийг иргэдэд хүргэх, нийслэлийн утааг 50 хувь бууруулах ажлыг гол зохион байгуулах хүмүүс бол нийслэлийн төрийн албан хаагчид та бүхэн гэдгийг Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нэмэгдэж 50-145 см, Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голууд 5-30 см нэмэгдсэн байна.
Хэдийгээр Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгааг анхаарч үзэн цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх. Аялал жуулчлалын өвлийн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан мөсний баяр хийхээр төлөвлөж буй иргэд, албан байгууллагууд аюулгүй байдлаа сайтар хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болж байгаатай холбогдуулан удирдах ажилтнуудын зүгээс нийгмийн сайн сайхны төлөө, хүүхэд багачуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Сайн үйлсийн аян”-ыг зохион байгуууллаа.
Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвд 0-28 хоногтой хүүхдүүдэд нэн шаардлагатай, 10 нэр нэр төрлийн бүрэлдэхүүн хэсгүүдээс багтсан 7,5 сая төгрөгийн өртөгтэй хүчилтөрөгчийн аппаратыг хүлээлгэн өгсөн юм. Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан бусад төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудаа уриалж, жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо. Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн дэд захирал Ц.Алтантуяа:
“Манай эмнэлэгт жилдээ 0-28 хоногтой 2500 орчим хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг. Үүнээс 50 орчим хувь нь хугацаанаасаа өмнө эхээс мэндэлдэг учраас манай байгууллагад нэн шаардлагатай аппарат хэрэгсэл маань байсан. Төрийн байгууллагуудаас анх удаа удирдах ажилтнууд нь өөрсдөө санаачлан, мянга мянган хүүхдүүдийн эрүүл энхийн төлөө сайн үйлсийн аян зохион байгуулсанд маш их баярлалаа” гэж онцолсон юм.
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 35 минутад гишүүдийн 53.3 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Пүрэв, Баасан гарагийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар гадаадад албан томилолттой яваа тул Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь нь дэмжлээ.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” гэсэн дөрвөн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна.
Хуралдаан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Энэ талаарх холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан.
Хуралдаанд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо болон холбогдох албан тушаалтнууд оролцов.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Б.Энх-Амгалан нар санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Ажлын хэсгийн гишүүн С.Бямбацогт хариултдаа, тогтоолын төсөл нь Төрийн албаны зөвлөлийнүйл ажиллагааг тодорхой болгож, улс төрөөс хараат бус бие даасан байх нөхцөл бүрдүүлснийг онцолж байсан.
Тогтоолын төсөлтэй холбогдуулж Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, дүрмийн төслийн “Нийтлэг үндэслэл” гэсэн нэг дэх хэсгийн 1.5 дахь заалтын “Зөвлөл үйл ажиллагаагаа бие даан явуулах нөхцөлийг хангахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ” гэснийг, мөн 2.1.4 дэх дэд заалтын “төрийн албан хаагчийг хууль тогтоомжийн дагуу шагнаж урамшуулах” гэснийг тус тус хасахаар болсон. Ингээд “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Үргэлжлүүлэн “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Даваасүрэн, М.Билэгт нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс төрийн албаны хүний нөөцийн бодлого алдагсаныг онцлоод төрийн албаны бүтэц данхайсан, албан хаагчийн мэдлэг, чадавхи сул, иргэдэд хүнд сурталтай үйлчилгээ үзүүлж байгааг цэгцлэх шаардлагатайг анхааруулж байв.
Тогтоолын төсөлтэй холбогдуулж Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, тогтоолын төслийн хавсралтын “Албан тушаалын ангилал зэрэглэл” гэсэн баганын “Тэргүүн түшмэл АА-2”, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба” гэсэн хэсэгт “Оронтооны шинжээч” гэж, мөн “Албан тушаалын ангилал зэрэглэл” гэсэн баганын “Эрхэлсэн түшмэл АА-5”, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба” гэсэн хэсэгт “Ахлах референт” гэж, “Албан тушаалын ангилал зэрэглэл” гэсэн баганын “Ахлах түшмэл АА-6”, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба” гэсэн хэсэгт “Референт” гэж тус тус нэмэхээр тогтлоо. Иймд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн.
Хуралдаан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Элдэв-очир нар асуулт асууж, санал хэлсэн.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар төрийн албаны бүтэц цомхон байснаараа илүү дархлаатай болохыг онцолж байсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт иргэдийг аюулгүй, амгалан тайван амьдруулах, сурч боловсрох, эрүүл аж төрөхөд төрийн тусгай, төрийн үйлчилгээний албаны орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг тодотгов. Харин төрийн захиргааны албан хаагчдын бүтэц бүрэлдэхүүнд зайлшгүй дүн шинжилгээ хийж, цомхон чадварлаг болох шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хариултдаа төрийн албаны бүтэц данхайх асуудалд ялгамжтай хандахыг онцлохын зэрэгцээ одоогоор 191 мянган төрийн албан хаагч байгаагийн 135 мянга нь төрийн үйлчилгээ, 37 мянга нь төрийн тусгай, 19 мянга нь төрийн захиргааны албан хаагч байгааг тодотгов.
Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжсэн Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, тогтоолын төслийн хавсралтын “Зэрэг зиндаа” гэсэн баганын “ТӨ-III”, “Улс төрийн албан тушаал” гэсэн хэсэгт “Шадар сайд гэж,мөн төслийн хавсралтын “Зэрэг зиндаа” гэсэн баганын “ТӨ-IVА”, “Тусгай албан тушаал” гэсэн хэсэгт “Монголбанкны Ерөнхийлөгч” гэж, төслийн хавсралтын “Зэрэг зиндаа” гэсэн баганын “ТӨ-VI” “Захиргааны албан тушаал” гэсэн хэсэгт “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга” гэж,төслийн хавсралтын “Адилтгах албан тушаалын зэрэглэл” гэсэн баганын “ТӨ-VIА”, “Тусгай албан тушаал” гэсэн хэсэгт “Монголбанкны” гэсний дараа “тэргүүн дэд” гэж тус тус нэмэхээр тогтсон. Иймд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Хуралдааны төгсгөлд “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Мөнх-Оргил, Н.Учрал, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлэв.
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн гишүүдийн асуултад хариулахдаа, Төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон, хууль бусаар ажлаас чөлөөлсөн, халсан эрх зөрчсөн эсэх маргааны талаар өмнө нь Төрийн албаны зөвлөл зөвлөмж, дүгнэлт гаргадаг байсан. Харин өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн эрхийг нэмэгдүүлж, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон, хууль бусаар ажлаас чөлөөлсөн, халсан талаарх маргааныг хянан шийдвэрлэхээр болсныг онцолж байлаа. Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдийн завсарлагааны цаг болсон тул тогтоолын төслийг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.