Categories
мэдээ цаг-үе

А.Амбасэлмаа: Томуугийн вирусийн эсрэг вакциныг хийлгэхэд жилийн хугацаанд өвчлөхгүй

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаатай ярилцлаа.


-Хүйтний улиралд томуугийн вирусийн тархалт нэмэгддэг. Ийм үед өөрийгөө энэ төрлийн вирусийн халдвараас хэрхэн хамгаалах вэ?

-Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрнэ. Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт байдаг. Томуу, томуу туст өвчний талаар манай ард иргэд тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байх. Томуугийн вирусийн тархалт аравдугаар сард эхэлж тавдугаар сар хүртэл үргэлжилнэ. Улирлын томуу гэх өвчин ганц манайд тохиолд-дог юм биш. Дэлхий даяар л гардаг. Манайд бүртгэгдэж байгаа тохиолдлуудын дийлэнх нь 0-4 насны хүүхдүүдэд тохиолдож байгаа юм. Ханиад томуу амьсгалын замаар халдварладаг учраас энэ төрлийн вирусийн идэвхжилтийн үед олны хөлийн газраар явах шаардлагагүй.

-Энэ төрлийн вирусээр хүүхэд өвчилж байгаа шалтгаан нь юу бол?

-Хүүхдийн дархлаа сул байгаа учраас энэ төрлийн өвчин тусаад байгаа юм. Хүүхдийн биеийн эсэргүүцлийг сайжруулж ханиад томуунаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл эцэг эхчүүдэд байдаг ч өнөөдөр хэрэгжүүлж байгаа нь ховор байна. Цэцэрлэгийн насны хүүхдийг томуугийн вакцинд хамруулж байх хэрэгтэй. ХӨСҮТ-д ирээд л вакцинд хамруулахад нээлттэй.

-Томуугийн эсрэг вакциныг хийлгэснээр бүтэн жил ханиад хүрэхгүй байх боломжтой юу?

-ДЭМБ-д Монгол Улсын Томуугийн үндэсний төв тухайн жилд тархсан вирусийн омгийг мэдээлж, хүргүүлдэг. Манайх дэлхийн глобал сүлжээтэй нэгдсэн орон. Томуугийн тандалтын судалгааг хийж, вирусийн омгийг тодорхойлж явуулдаг байгаа. Монголд эргэлтэд байгаа вирусийн халдварыг эсрэг вакциныг захиалгаар хийлгэдэг гэсэн үг шүү дээ. Энэ жилийн тухайд томуугийн Н1, И1, Н3, И2 вирусийн эсрэг вакциныг захиалсан. Тухайн жилд давамгайлах томуугийн вирусийн эсрэг вакциныг хийдэг болохоор тэр вирусээр өвчлөхгүй гэж ойлгож болно.

-Томуугийн хүндрэл, үр дагаврын талаар ярихгүй юу?

-Амьсгалын хоолойд томуугийн вирус үржиж, амьсгалын замыг тоос шороо, бактерийг бусад зүйлээс цэвэрлэх үүрэгтэй сүүмэлзэх хөдөлгөөнт хучуур эдийг устгадаг. Сүүмэлзэх хөдөлгөөнт хучуур бүрхүүл устгагдвал хамгаалах үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүйгээс уушгинд нян их хэмжээгээр хялбархан нэвтэрнэ шүү дээ. Иймээс бактерит давхар халдвар гарах аюултай. Хүүхдэд ханиадны шинж тэмдэг илрэхэд яаралтай эмчид хандаж эмчийн заавраар эм уулгах хэрэгтэй. Эмийг эмчийн заавраар хэрэглэхгүй бол эм болохгүйг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй.

-Томуугийн шинж тэмдэг илэрсэн хүүхдийг эмнэлгийн байгууллагаар дагуулж явахад өөр төрлийн вирусийн халдвар авах магадлалтай гэж үздэг юм билээ. Гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

-Томуу томуу туст өвчний үед томуугийн H1, N1, H3, И2 вирус их байдаг. Хажуугаар нь амьсгалын замын хүнд халдвар үүсгэх вирусийн үед хүүхдээ олны хөлийн газраар дагуулж явахад өөр төрлийн өвчин халдварлах магадлалтай. Хөнгөн үед нь өрхийн эмчээ дуудаад зөвлөгөө аваад эмчилж болно. Эрүүл шим тэжээлтэй хоол хүнсээр хүүхдээ хооллох нь чухал.

-Шим тэжээлтэй хоол хүнс гээд л яриад байдаг. Ямар хүнс илүү шим тэжээлтэй талаар хүмүүсийн мэдэгдэхүүн бага байдаг шүү дээ?

-Хүүхдэд зохистой насанд нь тохирсон хоол өгөх хэрэгтэй. Бүр нялх хүүхдэд бантан хийгээд өгөхөд болно. Хүүхэд нэмэлтээр витамин уулгах нь дархлааг дэмжихэд чухал үр нөлөөтэй. Сайн амрааж дулаан хувцаслаж амраах хэрэгтэй.

-Насанд хүрсэн хүний тухайд энгийнээр дархлаагаа хэрхэн хамгаалах вэ?

-Цагаар хооллох нь зөв. Өлсгөлөн явж явж гэнэт ихээр идэх хандлага манайханд бий. Энэ нь хүний дархлааг унагаад байдаг. Цаашлаад хорт зуршил, архи, согтууруулах ундаанаас зайлсхийх шаардлагатай. Өнөөдрийн тухайд утаанаас шалтгаалж харшлын гаралтай вирусийн тархалт их байгаа. Долоо хоногтоо нэг удаа ч болов цэвэр агаарт гарч уушгиа цэвэрлэх нь үр дүнтэй.

-Энэ жилийн тухайд ханиад хүрээд ямар ч эмийн эмчилгээ хийлгээд салахгүй байна гэх хүмүүс олон байсан. Эмчилгээний гам алдаад байдаг юм болов уу?

-Ханиад хүрлээ гээд эмнэлэг ордог хүн өнөөдөр ховор байна. Эрт үед нь эмчид хандаж зөвлөгөө аваагүйтэй холбоотой. Дээрээс нь бичүүлсэн эмийн эмчилгээний горимыг зөрчөөд байдаг шүү дээ. Нэг өдөр нь эмээ уугаад маргааш нь мартчих жишээтэй. Мөн ханиалгахаа болиход нь л эмийн эмчилгээгээ зогсоочихдог. Вирус гүйцэд арилаагүй байхад нь больдог гэсэн үг. Энэ нь эргэж сэдрэхдээ эмчлэгдэхгүй удах гээд байдаг талтай.

-Энэ вирус хүндэрснээр уушгины хатгаа өвчин тусах магадлал өндөр байдаг юм билээ?

-Томуугийн элбэг тохиолдох хүндрэл нь уушгины хатгаа. Энэ нь хоёрдогч бактерит халдвар Streptococ­cus pneumoniae, Hae¬mophilus influenzae, Staphylococcus aureus-ээр үүсгэгдэнэ. Мөн вируст болон бактерит уушигны хатгаа тусах магадлал өндөр. Анхдагч вируст уушгины хатгаа үхэлд хүргэх аюултай. Хэрэв томуугийн хоруу чанар өндөртэй вирусээр үүссэн бол энэ өвчлөл тохиолдоно. Цус харвалтат уушигны хатгаагаар өвчилбөл 2-3 өдрөөс хэтрэхгүй амь насаа алдаж болно. Зүрх, уушгины архаг өвчтэй, уушгинд цус тогтонгошилтой өвчтөнүүдэд анхдагч томуугаас үүдэлтэй уушгины хатгаа ажиглагдана.

-Томуугийн вирусийн үед дур мэдэж антибиотик хэрэглэх хандлага манайхан дунд байдаг?

-Буруу. Вирусээр үүссэн ханиадны эрт үед антибиотик хэрэглэх шаардлагагүй. Хүндэрч хатгаа туссан үед эмчийн заавраар антибиотик хэрэглэнэ. Эмийн сангуудаар худалдаалж буй томуугийн эсрэг эмүүдийг эрт үед нь авч хэрэглэж болно. Шинэхэн хонины махаар сармистай битүү шөл хийгээд уухад хөнгөн хэлбэрийн томуу арилна.

-Томуугийн вирусийг эрт үед нь хэд хоногийн дотор эмчлэх боломжтой бол?

-Хэлэхэд хэцүү. Эрт үед нь зохистой эмийн эмчилгээг хийвэл 5-7 хоногийн дотор л эмчлэх боломжтой. Эмийн эмчилгээгээ горим зөрчвөл дахиж амархан сэдэрнэ. Ханиад хүрвэл тэр дор нь эмчид хандаж эмчилгээ бичүүлж авах нь чухал. Эмчилгээний зардал ч хямд төсөр тусна шүү дээ.


Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд “Иргэний хяналтын төв”-тэй боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Авлигатай тэмцэх газар хамтран төрийн байгууллага, албан тушаалтны хүнд сурталтай үйлчилгээ, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа явуулах зорилго бүхий “Иргэний хяналтын төв”-ийг нээж, өнөөдөр үйл ажиллагааг нь эхлүүллээ. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга Б.Дуламсүрэн, АТГ-ын Судалгаа шинжилгээний хэлтсийн дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр болон бусад ажилтан албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцов.

Иргэний хяналтын төвийг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон, Мишээл, Дүнжингарав, зургаан буудал дахь Оргил төвд нэгэн зэрэг нээж байгаа юм. Цаашид нийслэлийн есөн дүүрэгт нээн ажиллуулахаар бэлтгэл ажлыг нь хангаад байгаа аж.

“Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр, авлигатай тэмцэх хууль, тогтоомжуудыг биелүүлэх үүднээс энэ төвийг нээн ажиллуулж байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбарт 28 байгууллагын 330 гаруй үйлчилгээг хүргэж байна. Иргэн, төр хоёрын хооронд ямар нэгэн ойлгомжгүй байдал үүсэхэд шууд эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авах, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл өгөх боломжийг илүү ойртуулж өгч байна. Бид төрийн үйлчилгээг авлига, хувийн ашиг сонирхлоос ангид байлгахад иргэдийн оролцоо маш чухал” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ярилаа.

“Авлигатай тэмцэх газар нь орон нутагт бүтцийн нэгжгүй байгууллага. Тиймээс улсын хэмжээнд ажиллахад зарим бэрхшээл, хүндрэл тулгардаг. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдаснаас хойш энэ байдал арай өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэний хяналтыг бий болгоно, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцоог нэмэгдүүлнэ гэсэн байгаа. Бүх яам, агентлаг, аймгуудын ГХУСАЗЗ-ийн дэргэд иргэний хяналтын зөвлөл ажиллаж байгаа. Зөвлөлийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх шаардлагатай гэдгийг өнгөрсөн хугацаанд харуулж байна. Тиймээс НЗДТГ-тай хамтраад нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбарт “Иргэний хяналтын төв”-ийг нээж байна. Энэ төв дээр иргэн ААН, байгууллага ирээд төрийн байгууллага, албан тушаалтны хүнд сурталтай үйлчилгээ, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл өгөх, эрх зүйн зөвлөгөө авах боломжтой” гэж Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга Б.Дуламсүрэн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн орон сууц хороолол дунд бичил цэцэрлэгт хүрээлэн, ойн төгөл байгуулах ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт, Тохижилт нийтийн аж ахуй хэлтсийн дарга болон Дүүрэг хөгжлийн төвийн мэргэжилтэн болон бусад холбогдох албаны хүмүүс байгаа юм. Тус хуралд Захирагчийн ажлын албаны тохижилт, хог хаягдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Гансэлэм оролцож СӨХ болон бусад холбогдох хүмүүст заавар, зөвлөгөө өглөө. Энэхүү хуралд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, иргэдийн амьдрах орчинг таатай болгож буй сууц өмчлөгчдийн холбоодын төлөөлөл оролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ маргааш болно

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн хотын нийтийн аж ахуйн ажил үйлчилгээг эрчимжүүлэх чиглэлээр албан даалгавар энэ долоо хоногт гарсан. Сар шинийн баярыг угтан энэ долоо хоногийн Бямба гарагт Нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Энэ өдөр иргэд, аж ахуй нэгж байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэж, байгууллагынхаа цонх, хаалга, фасад, хаяг, хаягийн байгууламж, хайс хашлаганы тортгийг угааж, өнгө үзэмжээ сэргээн, байгууллага хамт олноороо идэвхтэй оролцохыг уриалж байна. Албан даалгавар гарсантай холбогдуулан хот нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагууд, дүүргүүдийн удирдлагуудад дараах албан даалгаврыг өгсөн.

– Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цас мөс, хог хаягдал орчныг цэвэрлэх,

– Хайс, хашлага, хогийн сав, сандал, хөшөө, баримал,

зар сурталчилгааны болон хаяг, хаягийн байгууламж, гэрлийн шон, гэрлэн чимэглэл, нийтийн тээврийн автобус, хог тээврийн автомашины тоос тортгийг цэвэрлэх,

– Эвдэрч гэмтсэн хайс хашлагыг засварлаж нөхөх,

– Шатсан гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийг сольж, асалтыг сайжруулах

– Инженерийн шугам сүлжээний худгийн алдагдсан тагийг нөхөх

– Хөрсний уснаас үүдэж мөстсөн халиа дошинг цэвэрлэж, иргэдийн зорчих нөхцлийг бүрдүүлэх,

– Гудамж талбайд эзэнгүй явж байгаа золбин нохой муурыг устгах ажлыг эрчимжүүлэх

Албан даалгаварын хэрэгжилтийг 2019 оны нэгдүгээр сарын 22-оос хоёрдугаар сарын 01-ний хугацаанд шуурхай хангуулж ажиллах бөгөөд үүргээ биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажиллах юм гэж УБЗАА-наас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хотын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Билгийн тооллын XVII жарны шороон гахай жилийн сар шинийн баярыг угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нийслэлээс хийж, хэрэгжүүлж буй томоохон ажлуудаа танилцуулаад “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Ахмадын зөвлөлөөс гаргасан санал хүсэлтийг судлан та бүхний эрүүл урт удаан наслах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, өөр хоорондоо мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэн ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Мөн өнгөрсөн онд улсын гуравдугаар төв эмнэлэг, ЧД-ийн Эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэг, шинжилгээ, оношлогоог зохион байгуулж та бүхнийхээ эрүүл мэндэд анхааран ажиллаж байгааг дурдахад таатай байна. Цаашид та бүхнээс гаргасан санал санаачлагыг дэмжин ажиллана” хэмээж байв.

Ахмадуудаа хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээний үеэр НЗДТГ-ын Ахмадын холбооноос нийслэлийн хөгжилд өөрсдийн санал санаачлалгыг хүргэхэд идэвх санаачлага гарган ажилласан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдод “Бидний төлөө” шагналыг гардуулан өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хамтарсан хяналт, шалгалтад 146 объектыг хамруулав

Нийслэлийн онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмж хэрэглэгч нийт 146 объектод хяналт, шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтаар дээрх байгууллагуудаас 381 зөрчил илрүүлж, шалгалтын явцад газар дээр нь 61 зөрчил буюу 16.6 хувийг арилгуулан, бусад үлдсэн зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан бичиг хүргүүлсэн байна. Түүнчлэн шалгалтын үеэр ноцтой зөрчил гаргасан хоёр газрын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн нийт 15 субъектэд шийтгэлийн арга хэмжээг оногдуулжээ. Хяналт, шалгалтыг Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран энэ сарын 14-21-ний өдрүүдэд зохион байгуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Амгаланбаатар: Байлдагч багийн эмнэлэгт очих замдаа нас барсан

Цэргийн алба хаагч амиа алдсан хэргийн мөрөөр Дорноговь аймагт ажилласан ажлын хэсэг мэдээлэл хийлээ.

Зэвсэгт хүчний хуурай цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар: Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явж байгаа учир би ямар нэгэн хүний нэр ус хэлэх, процессийг тайлбарлах боломжгүйг хэлье. Энэ хэрэг явдал 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 14:30-16:00 цагийн хооронд болсон. Энэ хугацаанд ангийн захирагчийн тогтоосон дэг журмын дагуу цагийн хуваарь, өдөр тутмын үйл ажиллагааны 5-6 дугаар цагийн хичээл орж байх үе байсан юм. Хэрэг явдал яагаад гарсан бэ гэвэл тухайн салбар уг өдөр харуулаас буусан байгаа юм. Энэ үед салбарын захирагчийн өгсөн үүргийн дагуу салбарын байранд үзлэг хийсэн. Үзлэгийн явцад эмх замбараагүй хадгалсан эд зүйлс, гар утас зэрэг зүйл салбарын байрнаас олдсон. Салбарын захирагч дотоод журмыг зөрчиж, гар утас ашигласан байна гээд нийт алба хаагчдад арга хэмжээ авах үүргийг ахлагчид өгсөн. Ахлагч цэргүүдийг биеийн тамирын талбай дээр гүйлгэсэн. Гүйж байх явцад талийгаач дотор эвгүйрхээд би гүйж чадахгүй нь гэсэн тайлбарыг өгчээ. Энэ үед салаан захирагч нар өөр салаан захирагчийн хамт очин гүйж байсан явцыг зогсоосон. Ингээд салбарын цэргүүдийг байранд нь оруулсан байгаа. Байранд оруулах явцад талийгаач байлдагчийн бие дахин муудаж, оронд нь оруулж хэвтүүлсэн. Дэргэд нь байсан ахлагч нар гар хөлөнд нь массаж хийж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх гэж оролдсон байгаа юм. Энэ хооронд цэргийн алба хаагчид дараагийн хичээлд орсон тэр хооронд талийгаач таталт өгсөн. Тэгээд эмч дуудсан. Ангийн эмчийг ирэхэд талийгаач ухаан алдсан байдалтай, таталт өгснийг сувилагч эмчдээ хэлээд Зүүнбаянгийн багийн эмнэлэг рүү авч явах шийдвэр гаргаад багийн эмнэлэгт очих замдаа нас барсан. Багийн эмч үзээд энэ хүн нас барсан зүрх нь зогссон гэдгийг тогтоосон. Үүний дагуу Зүүнбаянгийн цагдаагийн хэлтэст мэдэгдсэн. Багийн цагдаагийн хэсэг мөн Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс ажлын бүрэлдэхүүн дуудсан байгаа. Ажлын бүрэлдэхүүн газар дээр нь очиж ажилласан. Манай зүгээс ар гэртээ нь холбоо барьж ийм хэрэг боллоо гэдгийг дуулгасан. Нэгдүгээр сарын 23-ны өглөө 05:40 минутад ар гэрийнхэн нь Зүүнбаян багт очсон. Ар гэрийнхэн тэнд ажиллаж байсан байгууллага цэргийн удирдлагуудтай уулзсан. Энэ хэргийг шалгах ажлын хэсгийг хуурай замын цэргийн командлагчийн хувьд томилоод өнгөрсөн хоёр өдөр Зүүнбаян баг 336 дугаар анги дээр ажиллаад ирлээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр энд хэд хэдэн зөрчил дутагдал байжээ гэж үзэж байгаа.

1 Ангийн удирдлагаас өдөр тутмын ажиллагаанд тавих хяналт сул.

2 Салбарын захирагч шийдвэр гаргахдаа цэргийн сахилгын дүрмийг зөрчсөн.

3 Эмнэлгийн анхны тусламжийг хожимдож үзүүлсэн байна гэсэн ийм үндэслэлүүд тогтоогдсон. Энэ дүгнэлтийг би салбарын сайд болон холбогдох албан тушаалтнуудад танилцуулсан. Одоо Зүүнбаян багт Дорноговь аймгийн цагдаагийн мөрдөн шалгах алба, Дорноговь аймгийн тагнуулын газар хэргийн газар дээр ажиллаж байна. үйл ажиллагаанд тавигдах хяналт сл цэргийн дүрэм зөрчигдөх асуудал байгаа учраас бид холбогдох шат шатны удирдлагад арга хэмжээ тооцох саналаа Батлан хамгаалахын сайдтай ярьсан байгаа.

Дашрамд хэлэхэд харамсалтай хэрэг гарсан явдалд гүнээ эмгэнэж байгаагаа талийгаачийн ар гэр, хамаатан садан, найз нөхөд бүгдэд нь эмгэнэл илэрхийлж байгааг албан ёсоор дамжуулж хэлье.

ЗХЖШ-ын нэрийн өмнөөс хуурамч веб хуудас нээн эмгэнэлийн бичиг тавьж, сошиалаар явсан асуудал гарлаа. Энэ чиглэлээр кибер аюулгүй байдалтай тэмцэх алба, Тагнуулын ерөнхий газартай хамтран ажиллаад веб хаяг нээж эмгэнэл илэрхийлсэн хүнийг олж тогтоосон. Энэ бол Зэвсэгт хүчний албан ёсны байр суурь биш гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Өөрөө өөртөө үйлчлэх “Бичил номын сан”-г тодорхой цэгүүдэд байршуулна

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан 2017 оны нэгдүгээр сараас эхэлж “Номоо солилцъё” өдөрлөгийг сар бүр Д.Сүхбаатарын талбайд тогтмол зохион байгуулж ирсэн. Энэхүү арга хэмжээг улам өргөжүүлж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны нэгдүгээр сараас ”Номоо солилцъё” бичил номын сангийн үйл ажиллагааг НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, JCI Grand зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд төслийн нээлтийг өнөөдөр Нийслэлийн Хангарьд ордонд зохион байгууллаа.

Нээлтийн ажиллагаанд Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Д.Мөнхжаргал, НИТХ-ын ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга, JCI Grand салбар байгууллагын 2019 оны Eрөнхийлөгч Ж.Дамдинцэрэн, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сангийн захирал Д.Индра болон төслийн хамтрагч байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Бичил номын санг EБС, ИДС, Төрийн байгууллага, хувийн хэвшил, эмнэлэг, цэцэрлэгүүдэд байрлуулах бөгөөд зөвхөн төрийн оролцоотой бус төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү төсөл цаашид үргэлжлэх юм байна.

Өөрөө өөртөө үйлчлэх бичил номын санг тодорхой цэгүүдэд байршуулснаар хувь хүн, гэр бүл, байгууллага, хамт олны ном унших дадал зуршлыг нэмэгдүүлэх, өөрийнхөө уншсан номыг бусдад уншуулах, нийтээрээ номонд хайртай байх, эерэг хандлагыг бий болгох зорилготой аж.

“Номоо солилцъё” төслийн дүрэм энгийн – НЭГ НОМ ӨГӨӨД НЭГ НОМ АВАХ юм. Тиймээс иргэдийг бичил номын сангаар үйлчлүүлэхийг уриалж байна.

Бичил номын сангийн төслийг нээлээ

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” зах руу нэмэлт автобус үйлчилнэ

Тээврийн цагдаагийн алба, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдийн замын хөдөлгөөний ачааллыг багасгах ажлын хүрээнд дараах зохицуулалтыг хийсэн байна. Тодруулбал, Дэнжийн 1000, Баянхошуу, Нарангийн гол, Орбит, Сэлбэ амралт, ХМК, Чингэлтэй, Шархад, Нисэх болон Яармагаас Нарантуул худалдааны төв рүү 10:00, 12:30, 15:00 цагуудад тогтмол нийтийн тээврийн автобус үйлчлэхээр болсон байна. Иймд дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс иргэдийг Нийтийн тээврийн үйлчилгээг сонгон үйлчлүүлэхийг уриаллаа.


Categories
мэдээ эдийн-засаг

Инфляци энэ оны эцэст 7.8 хувьтай байна гэж шинжээчид үзжээ

Өнгөрсөн сарын Инфляцын тайланг төв банкнаас гаргаж, нээлттэй сонсгол хийв. Энэ үеэр олон улсын туршлагад тулгуурлан иргэд, ААН болон шинжээчдийн инфляцийн хүлээлтийг тооцоолсноо танилцуулав. Ингэхэд иргэд инфляцийг энэ оны эцэст 8.2, ААН-үүд 5.1, шинжээчид 7.8 хувьтай байхаар хүлээлттэй байгаа аж.

Өнөөдрийн байдлаар инфляц улсын хэмжээнд 8.1, Улаанбаатарт 9.7 хувьд хүрээд байна. Оны өмнө нийслэлд 9.3 хувьтай байсан инфляц Сар шинийн баяртай холбогдуулан бага зэрэг өсжээ. Сүүлийн хоёр сард инфляц эрэлтээс шалтгаалан огцом өссөн тухай Төв банкнаас мэдээлж байв. Тухайлбал, ирэх хавар нийслэл рүү нүүрс оруулахыг хориглосноос үүдэн түлээний үнэ өсөх, мөн өвлийн улирал эхлэхтэй холбогдуулан иргэд идшээ бэлддэг тул махны үнэ нэмэгдэх зэргээс шалтгаалан махны үнэ өссөнтэй холбон тайлбарласан юм. Тэгвэл энэ онд Азийн хөгжлийн банкнаас ДНБ өсөлтийг 4.3 хувь болж, инфляц улсын хэмжээнд долоон хувь байна гэж таамагласан юм. Харин ОУВС-гийн Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайланд инфляцыг 6.8 хувьд байхаар таамагласан бол Монголбанк найман хувьд барихаар болсон.