Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн аюулаас сэргийлье

Айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэн гал түймэр гарсаар байгаа юм.

Улсын хэмжээнд он гарсаар нэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 402 удаагийн тохиолдлын улмаас 8 хүн амь насаа алджээ.

Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж:

Пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулах,

Мөн орон сууц, гэрийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийг заавал эрх бүхий мэргэжлийн этгээдээр угсралт, засвар үйлчилгээг хийлгэх,

Бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүйгээр орхих, цоожилж үлдээхгүй байх, хөлдсөн, хөрсөн автомашиныг ил галаар гэсгээхгүй байх, галласан гэрийг эзэнгүй орхихгүй байх, цахилгаан тень, халаагуур бусад цахилгаан хэрэгслийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулж, холбогдох байгууллагуудаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Батбаяр тэргүүллээ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн гурван өдөр үргэлжилж өндөрлөлөө. Сургалт зөвлөгөөний үеэр Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийж, “Гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх арга зүй”, “Удирдах ажилтны сэтгэл зүйн бэлтгэл”, “Алба хаагчийн сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварт нөлөөлөх нь” сэдвээр мэргэжлийн байгууллагын багш нар сургалт зохион байгууллаа.

Зөвлөгөөний төгсгөлд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч цагдаагийн хурандаа С.Баатаржав нар төв орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн удирдах албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч, 2018 онд манлайлан ажилласан байгууллагын удирдлагуудад шагнал гардуулсан юм.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх, алба хаагчдын хариуцлага, харилцаа, хандлагыг дээшлүүлэх, иргэдийн цагдаад итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан “Байгууллагын соёлыг дээшлүүлье” аянд идэвх санаачилга, үр бүтээл гарган ажиллаж, тэргүүн байранд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр, дэд байранд Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, гуравдугаар байранд Архангай аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Золбаатар нар шалгарч шагнагдлаа.

Алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах “Эрүүл цагдаа хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд идэвх, санаачилга, үр бүтээл гарган ажиллаж, тэргүүн байрт шалгарсан Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл,шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн хурандаа Н.Амарзаяа, дэд байрт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч хурандаа Ц.Гансүх, гуравдугаар байранд Төв аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Ганзориг нар тус тус нар шалгарч мөнгөн шагналаар шагнагдсан юм.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хангахад идэвх санаачлага, үр бүтээл гарган ажиллаж, байгууллагын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний ерөнхий дүнгээр хангалттай үнэлэгдэн, аймаг дахь цагдаагийн газар, хэлтсүүдээс Орхон аймаг дахь цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа А.Батбаяр нар шалгарсан юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр бүх нийтээр цэвэрлэгээ хийх өдөр

Сар шинийн баярыг угтан өнөөдөр нийслэлийн бүх ААН, байгууллага нийтийн цэвэрлэгээний өдрийг зохион байгуулна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер хотын нийтийн аж ахуйн ажил үйлчилгээг сайжруулах албан даалгавар энэ долоо хоногт гаргасан. Энэ дагуу иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэж, байгууллагынхаа цонх, хаалга, фасад, хаяг, хаягийн байгууламж, хайс хашлаганы тортгийг угааж, өнгө үзэмжээ сэргээхэд хамт олноороо идэвхтэй оролцохыг уриалсан. Албан даалгавар гарсантай холбогдуулан нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагууд, дүүргүүдийн удирдлагууд дараах үүрэг хүлээв.

  • Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цас мөс, хог хаягдал орчныг цэвэрлэх,
  • Хайс, хашлага, хогийн сав, сандал, хөшөө, баримал,
  • Зар сурталчилгааны болон хаяг, хаягийн байгууламж, гэрлийн шон, гэрлэн чимэглэл, нийтийн тээврийн автобус, хог тээврийн автомашины тоос тортгийг цэвэрлэх,
  • Эвдэрч гэмтсэн хайс хашлагыг засварлах,
  • Шатсан гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийг солих
  • Инженерийн шугам сүлжээний худгийн алдагдсан тагийг нөхөх
  • Хөрсний уснаас үүдэж мөстсөн халиа дошинг цэвэрлэж, иргэдийн зорчих нөхцөлийг бүрдүүлэх,
  • Гудамж талбайд эзэнгүй явж байгаа золбин нохой муурыг устгах ажлыг эрчимжүүлэх

Албан даалгаварын хэрэгжилтийг энэ сарын 22-оос хоёрдугаар сарын 01-ний хугацаанд шуурхай хангуулж ажиллах бөгөөд үүргээ биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажиллах юм гэж УБЗАА-наас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад​ 100 ба түүнээс дээш настай 116 ​өндөр настан амьдарч байна

Монгол Улсад 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай 116 хүн энх тунх амьдарч байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Уг мэдээллийг хүн ам, өрхийн мэдээллийн сан, иргэний мэдээллийн сан болон аймаг, нийслэлийн статистикийн газар, хэлтсийн мэдээлэлтэй тулган шалгаж гаргасан байна.

Өндөр настнуудын 14 (12.1 хувь) нь эрэгтэйчүүд, 102 (87.9 хувь) нь эмэгтэйчүүд байгааг насаар авч үзвэл, 100 настай 50 хүн, 101 настай 28 хүн, 102 настай 15 хүн, 103 настай 6 хүн, 104 настай 6 хүн, 105 настай 5 хүн, 106 настай 1 хүн, 107 настай 2 хүн, 108 настай 1 хүн, 110 настай 1 хүн, 112 настай 1 хүн байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно

Сар шинийн баярын өмнө замын ачаалал эрс нэмэгддэг тул тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон.

Тэгвэл өнөөдөр буюу Бямба гаригт тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох юм.

Үүнд 0, 2, 4, 6, 8-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл орно.

Харин СОНДГОЙ буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүйг анхаарна уу.

Маргааш тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Маргааш тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон дугаарын хязгаарлалт 10:00-20:00 цагийн хооронд үйлчилнэ. Эдгээр өдрүүдэд өвлийн хязгаарлалтын бүс болон Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд “Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний баруунаас зүүн чиглэлд 08:00-17.00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авч байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Оддын хан хөвгүүн

Дэлхийн хүүхдийн зохиолын сор бүтээлийн нэг францын зохиолч Антуанде Сент-Экзюперийн “Оддын хан хөвгүүн” зохиолыг бид энэ удаагийн “Ном ярьж өгье” буландаа онцолж байна. Зохиолч Антуанде Сент-Экзюпери нь далайн цэргийн сургууль, дүрслэх урлагийн сургуульд суралцаж улмаар 1921-1923 онд цэргийн алба хааж нисгэгч болжээ. Тэрээр 1942 онд Америкт байхдаа хамгийн алдартай “Оддын хан хөвгүүн” зохиолоо туурвисан нь түүний үүлэн дээгүүр нисэн өнгөрүүлсэн асар олон цагийн нислэг, хэд хэдэн удаагийн онгоцны осол, үхэл амьдралын заагт ертөнц хорвоог ухаарсан ер бусын хувь заяаны эргүүлэг дэх гайхамшиг болон мөнхөрсөн юм. Энэ удаагийн “Оддын хан хөвгүүн” номыг нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч Э.Элбэг англи хэлнээс хөрвүүлэн уншигч олноо хүргэж байна. Номын орчуулагч Э.Элбэг нь уг номыг зургадугаар ангидаа анх уншсан аж. Дараа нь англи хэлээр уншин өөрийнхөөрөө ойлгон орчуулж, утга санааг тайлъя хэмээн зориг шулууджээ.

Дэлхийд уг бүтээлийг англи, герман, орос, итали, испани, хятад, япон зэрэг 200 гаруй хэлнээ хөрвүүлэн олон орны уншигчдын хүртээл болгожээ. Эл зохиол нь 27 жижиг хэсгээс бүрдэх бөгөөд хэсэг тус бүр нь ашиг хонжоо хайгчдын ертөнцийг шоглон үзүүлэхийн зэрэгцээгээр хүнлэг сайхан чанарыг яруу тод харуулж чадсан байдаг. Уг зохиолыг том хүнд зориулсан үлгэр ч гэдэг. Энэхүү ном нь анх 1942 онд хэвлэгдэж байжээ. Уг номд өөр гаригаас ирсэн бяцхан хүүгийн талаар өгүүлдэг. Оддын хан хөвгүүнийг анхандаа нисгэгч үл ойлгох боловч, тэд удаан хамт байсны дараа бяцхан гариг дахь амьдралынхаа төлөө, аливааг хайрлах чин сэтгэлийнхээ төлөө жаал хүү эрсдэлээс үл айн хэрхэн тэмцэж буйг ойлгон авна.Тэр гаригийн цорын ганц оршин суугч нь тэр өөрөө. Өөрийн гаригаасаа явж хайртай сарнайгаа орхин уртын урт аялалд гарна. Аяллын туршид учрах дүр бүр өөр өөрийн мөн чанартай байх бөгөөд дүрээрээ дамжуулан хүмүүст ухаарал хайрлахыг хичээсэн байдаг.

Оддын хан хөвгүүн-Сайхан сэтгэлтэй оддын хан хөвгүүн дэлхий дээр ирээд, том хүний ертөнцөд өөрийг нь ойлгох найз болох нэг ч хүн байхгүй хэмээн мэдэрч маш их ганцаардах болно. Том хүмүүс эрх мэдэл албан тушаалд ухаангүй дурлан сайхан сэтгэл өгөөмөр зан нь хумхын тоос болсон байгааг шүүмжилсэн байна.

Нисгэгч – Сахарын цөлд онгоц нь эвдэрч хорвоод ганцаардаж байгаагаа мэдрэх нисгэгч. Өөрийгөө хүүхэд байснаа мартаагүй цорын ганц том хүн байх ба ханхүүтэй найзууд болдог.

6 гаригийн оршин суугчид – Эхний гариг дээрх хаан зөвхөн эрх мэдэлд шунаж, бусдыг захиргаадан хэлсэн үг бүрийг нь ёсчлон биелүүлэх ёстой гэж үзнэ. Хоёрдогч гариг дээр үргэлж магтуулж өөрийг нь биширч байхыг шаардсан хүнтэй таарна. Хүн нэр алдрын төлөө үхэн хатан тэмцэж бодит орчноосоо тасран нүдээ боолгуулсан мэт амьдарч болохгүйг сануулжээ. Гурав дахь гариг дээр олз ашиг хайгч байх ба бүх оддыг худалдан авч банкинд хадгалахыг хүснэ. Мөн архичин, хүсэл зорилгогүй сохроор амьдрах гэрэл асаагч хүн болон газарзүйчтэй ч таарна.

Могой – Номон дээр гарах анхны амьтан,өөрийнхөө хороор хордуулан оддын хан хөвгүүнийг гаригт нь буцаж очиход нь тусалдаг. Үүгээрээ зарим зүйл могой шиг аймшигтай, магадгүй үхэж болох аюултай мэт санагдавч үнэн хэрэг дээрээ шинэ зам, шинэ аялал байж болохыг харуулдаг.

Үнэг – Бодит зүйлс нүдэнд харагддаггүй, чин сэтгэлээсээ харсан тохиолдолд нүдэнд харагддаг болохыг ойлгуулж хайртай бол хариуцлагатай байх ёстойг хэлдэг.

Сарнай – Мөнхийн хайрын илэрхийлэл. Бяцхан ханхүү сарнайтай учирсан цагаас эхлэн сэтгэлээсээ хайрлан өдөр бүр усалж тордоно. Гэвч сарнай ямагт дээгүүр байж хан хөвгүүнийг гаригаасаа явахад хүргэнэ. Оддын хан хөвгүүн урт аяллынхаа турш үргэлж бодож явах ба дэлхий дээр мянга мянган сарнайтай тааралдсан ч өөрийнхөө сарнайг санагалзан бодсоор эргэж очдог. Зохиолч эхнэрээ сарнайн дүрээр гаргаж ирсэн гэх таамаглал ч байдаг.

Зохиолч Антуанде Сент-Экзюпери 1944 оны долдугаар сарын 31-нд газар дундын тэнгис дэх Корсик арлаас тагнуулын нислэг хийхээр хөөрөөд эргэж ирээгүй аж. Тэрээр “Хайрлана гэгч бие биеэ ширтэхийг хэлэхгүй, нийлээд нэгэн зүгт харахыг хэлнэ” хэмээн хэлж байжээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Давсны хэрэглээг багасгах нь өвчин эмгэгээс сэргийлэх хамгийн өртөг багатай арга гэв

Монгол хүний давсны хоногийн дундаж хэрэглээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс хоёр дахин их буюу 11.1 грамм, түүнчлэн 10 хүн тутмын найм нь таван граммаас их давс хэрэглэж байгаа юм. Давсны илүүдэл хэрэглээнээс шалтгаалсан артерийн даралт ихсэх, тархины харвалт зэрэг зүрх судасны өвчлөл буурахгүй байгаа нь эрүүл мэндийн статистик дүн, хүн амын дунд хийсэн халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн судалгааны дүнгээр нотлогдож байгаа аж.

Үүнээс үүдэн “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” хоёр үе шаттай арга хэмжээг 2018-2020 онд хэрэгжүүлж байгаа юм. 2018 онд зохион байгуулсан нэгдүгээр шатны арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, СХД-ийн 101, 112, 226 дугаар цэцэрлэг, БГД-ийн 57, 94 дүгээр цэцэрлэг, “Атар өргөө” ХК, “Мах маркет” ХК, “Номадс”, “Бродвей” сүлжээ хоолны ресторан, ТӨХК ТЭЦ-IV-ийн Эрчим зоогийн газар зэрэг 11 аж ахуйн нэгж, байгууллага дэмжин оролцсон. Нийт 46 нэр төрлийн бүтээгдэхүүн (чанамал болон хагас утлагат хиам, зайдас, элэгний нухаш, найман төрлийн талх нарийн боов; 23 төрлийн хоол)-д агуулагдах давсны хэмжээг дунджаар 29.4 хувиар буулгаж чадсан байна.

Энэхүү арга хэмжээг үргэлжлүүлж хоёрдугаар шатны арга хэмжээг 2019-2020 онд ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ, МХЕГ, МХХ, НЗАА хамтран хэрэгжүүлэх болсон. Тэгвэл өчигдөр “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” хоёрдугаар шатны арга хэмжээг орон даяар зэрэг эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаа ХХААХҮЯ-нд амжилттай болж өндөрлөв. Арга хэмжээний нээлтэд ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ, МХЕГ, БСШУСЯ, БХЯ, ДЭМБ, НҮБ-ын ХХААБ, ШУТИС, НБГ, НХХААГ, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо, нийслэл хотод хүнс болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд оролцсон юм.

Энэ үеэр “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” хоёрдугаар шатны арга хэмжээ салбар дундын хамтын ажиллагааны үр дүнд амжилттай хэрэгжиж байгаа.

Цаашид давсны зохистой хэрэглээг хэвшүүлэх, хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг хамгаалахад хоол, хүнс үйлдвэрлэгчдийн идэвх, санал санаачилга туйлын чухал гэдгийг дурдаад энэхүү арга хэмжээнд нэгдэн ажиллахыг уриалж байна хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле хэлсэн юм.

Монгол Улсад цусны даралт ихсэх өвчин нь хүн амын дунд тохиолдож буй зүрх-судасны тогтолцооны өвчлөлийн 49.2 хувийг эзэлж, 10 000 хүн амд 564.3, хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байгаа аж. Түүнчлэн давсны хэрэглээг бууруулахад зарцуулсан зардал нь нийгмийн эрүүл мэндийн бусад үйл ажиллагаанд зарцуулсан зардлаас хамгийн өндөр үр ашигтай буюу давсны хэрэглээг бууруулах арга хэмжээнд зарцуулж буй 1 төгрөг нь 16 төгрөг болж өсдөг байна. ДЭМБ-ын шинжээчдийн баг Монгол Улс халдварт бус өвчин, түүнээс үүдэлтэй цаг бус нас баралтаас сэргийлэх хамгийн өртөг багатай, үр дүнтэй арга хэмжээ бол давсны хэрэглээг бууруулах интервенц гэж тодорхойлжээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь Монгол Улсын 15-64 насны гурван хүн тутмын нэг нь 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдрын аль нэгээс шалтгаалан нас барах эрсдэлтэй, 25-64 насны 10 хүн тутмын найм нь хоногт таван граммаас их давс хэрэглэж байгаа ба үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, хоолны 83-86 хувь нь давс ихтэй байгааг судалгаагаар гаргажээ. 2015-2025 онд хэрэгжүүлэх “Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратегид заасанчлан давсны агууламжийг 40 хувь хүртэл бууруулах, хэрэглэгчид давс багатай бүтээгдэхүүн хэрэглэх өргөн сонголтыг бий болгох, улмаар монгол хүний давсны хэрэглээг бууруулах, эрүүл мэндийг сайжруулахад хүнс болон хоол үйлдвэрлэгчдийн үүрэг, оролцоо дэмжлэг хэрэгтэйг дурдаж байлаа.

Энэ талаар НЭМҮТ-ийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалагтай ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр давсны хэрэглээг анхааралдаа авч багасгах талаар ярьж байна. Манайд ч энэ талаар арга хэмжээ явуулаад эхэллээ. “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээний хүрээнд ямар ажлууд хийгдэв?

-Энэ арга хэмжээг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв санаачлан ХХААХҮЯ, ЭМЯ, МХЕГ-тай хамтран 2018-2020 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Эхний шатны арга хэмжээг өнгөрсөн 2018 оны 1-10 дугаар сарын хооронд нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан. Хүнсний бүтээгдэхүүн болон хоолны үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй 11 аж ахуйн нэгж байгууллага өөрсдийн санаачилгаар оролцож, 46 нэр төрлийн хоол болон хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах давсны хэмжээг 29.4 хувь бууруулж чадлаа. Хоёрдугаар шатны арга хэмжээ 2019-2020 онд нийслэлийн бүх дүүрэг, 21 аймгийн бүх сумыг хамруулан үндэсний хэмжээнд үргэлжлэх юм. ДЭМБ-ын аргачлалаар 2011 онд хийсэн “Хүн амын давсны хэрэглээ” судалгаагаар 25-64 насны таван хүний нэг нь давс ихтэй хүнсний бүтээгдэхүүний талаар ойлголт мэдлэггүй, 10 хүний нэг нь давс их хэрэглэхэд цусны даралт ихсэхэд нөлөөлөхгүй гэсэн буруу хандлагатай, 20 хүн тутмын нэг нь хүнсний бүтээгдэхүүний шошго дээрх шим тэжээлийн мэдээллийн давсны агууламжийг шалгаж авдаггүй гэсэн үр дүн гарсан.Давс хэдийгээр хоол, хүнсэнд амт оруулан идэх дур хүслийг өдөөж, хүний биеийн эд эсийн шингэний солилцоо хэвийн явагдахад чухал үүрэгтэй ч хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нь дэлхийн эрдэмтдийн судалгаагаар нотлогдсон.

Хүүхэд анхны нэмэгдэл хоолонд орох үеэс эцэг эхчүүд хүүхдийнхээ бантан, каш болон бусад хоолонд нь давс нэмэх, давстай цай, хярам өгөх зэргээр давсны амтанд аажмаар дасгадаг. Цаашид амьдралынхаа туршид өдөр бүр давс хэрэглэдэг. Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралт ихсэлт, зүрхний шигдээс, тархины харвалт, ходоодны хавдар, яс сийрэгжилт, цөс чулуужих, бөөрний чулуужилт зэрэг өвчин эмгэг үүсэх томоохон шалтгаануудын нэг. Эдгээр өвчнөөр өвчлөгсөд, нас барагсадын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Давсны хэрэглээ 1 граммаар нэмэгдэхэд цусны даралт 4мм мөнгөн усны баганаар нэмэгддэг. Дэлхийн хүн амын нийт нас баралтын 70 хувийг халдварт бус өвчний нас баралт эзэлдэг гэсэн тоо баримт бий. Артерийн даралт ихсэлт нь тархины харвалтаар нас баралтын шалтгааны 51 хувь, зүрхний шигдээсээр нас баралтын шалтгааны 45 хувийг тус тус эзэлж байгаа юм. Зүрх судасны өвчнөөс шалтгаалсан нас баралтын тоо 2030 он гэхэд 23.3 сая болж өсөх хандлагатайг анхааруулж байгаа. Энэ хэвээр үргэлжилбэл 2050 он гэхэд тэрбум гаруй хүн зүрх судасны өвчнөөр нас барах магадлалтай. Хоол, цай болон хоногийн туршид хэрэглэж буй бүхий л хүнсний зүйлд агуулагдах давсыг нэгтгээд насанд хүрсэн хүн хоногт таван грамм давс хэрэглэхийг ДЭМБ зөвлөмж болгосон. Учир нь ердийн үед хүний бөөр хоногт хоёр грамм натри буюу таван грамм давсыг хүлээн авах, шимэгдүүлэх, биеэс гадагшлуулах чадвартай. Хоол хүнсээр бидний биед орж буй натрийн 90 гаруй хувь бөөрөөр дамжин шээсээр гадагшилдаг. Өнөөдөр дэлхийн олон оронд хүн амын хоногийн давсны хэрэглээ өндөр байна. Давсны хэрэглээг багасгах нь дээрх өвчин эмгэгээс сэргийлэх хамгийн өртөг хямд, олон хүнд хүрч чадах, үр дүнтэй арга хэмжээ юм. ДЭМБ-ын Халдварт бус өвчнөөс 2020 он гэхэд дэлхийн хүн амын давсны хэрэглээг таван граммд хүргэх, үүний тулд үндэсний стратеги, төлөвлөгөө хэрэгжүүлэхийг гишүүн орнуудын засгийн газарт үүрэг болгосон.Монгол хүний давсны бодит хэрэглээг тогтоох, хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг судлах, давсны зохистой хэрэглээний талаар хүн амд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа явуулах, хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах асуудлаар хүнс, хоол үйлдвэрлэгч нартай хамтран ажиллах, жижиг туршилтын төсөл хэрэгжүүлэх зэрэг нэлээд ажлууд хийгдэж байна.

-Монголчууд хэр их давс хэрэглэдэг юм бол. Давс ихтэй бүтээгдэхүүн юунд хамгийн ихээр агуулагдаж байна?

-Монголчуудын давсны хэрэглээ насанд хүрсэн хүний хоногийн дунджаар 11.1 грамм байгааг “Хүн амын давсны хэрэглээ” судалгаанд хамрагдагсдын 24 цагийн шээсэнд хийсэн шинжилгээгээр тогтоогдсон. Бид үүнээс хоёр дахин их, зарим аймагт гурав дахин их давс хэрэглэж байгаа нь анхаарахгүй орхиж болохгүй асуудал л даа. Судалгаанд хамрагдсан хүн амын 83.6 хувь нь хоногт таван граммаас их давс хэрэглэж байгаагаас үзэхэд хүн ам нийтлэг давс их хэрэглэж байна гэсэн үг. Давстай цайг манайхнаас өөр хүмүүс хэрэглэдэггүй. Харин бид кимчи, далайн байцаа, цуу, жанг аль алийг нь хэрэглэдэг шүү дээ. Цайгаа давсгүй уудаг хүмүүстэй харьцуулахад давстай хүмүүсийн хоногийн давсны хэрэглээ хоёр граммаар их байгаа. Зарим оронд хийсэн судалгаагаар хоногийн давсны хэрэглээний 11 хувийг байгалиасаа давс агуулсан бүтээгдэхүүн, 77 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүн, 12 хувийг хоол бэлдэхдээ хэрэглэж буй давс эзэлдэг. Харин бидний хувьд давстай хоол, цай ихэнх хувийг эзэлж байгаа. НЭМҮТ-өөс 2011 онд хийсэн судалгаагаар хоногийн давсны хэрэглээний 46.2 давстай цай, 33.5 хувийг давстай хоол, 20.3 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн эзэлж байсан. Бусад оронтой харьцуулахад Монгол хүний хоногийн давсны хэрэглээнд үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүн бага хувийг эзэлж байгаа ч хүнсний бүтээгдэхүүний 81.6 хувь, нийтийн хоолны 83.6 хувь нь “Давс ихтэй буюу хэрэглэхээс татгалз” гэсэн ангилалд багтаж байсан. Манайхны хоногийн давсны хэрэглээг бууруулахын тулд хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, хүнс импортлогч, нийлүүлэгч, хүн амд чиглэсэн бодлого, арга хэрэгжүүлэх шаардлагатай. Түргэн хоол, утсан, хагас боловсруулсан, нөөшилсөн махан махан бүтээгдэхүүн, лаазалсан болон шилтэй ногоо, төрөл бүрийн салатууд, хоол амтлагч, цуу, жан, чипсд давс ихээр агуулагдаж байдаг.

-Бүтээгдэхүүнийхээ давсыг бууруулах асуудлыг хүнс үйлдвэрлэгчид хэр нааштай хүлээн авч байгаа вэ. Зарим хүнс үйлдвэрлэгчдийн дунд давсыг багасгачихвал бүтээгдэхүүний амт муудаж, борлуулалт буурна гэсэн болгоомжлол байгаа байх?

-Давс бууруулах санаачилгыг дэмждэг үйлдвэрлэгчид олон бий. Бүтээгдэхүүний давсыг багасгахаар борлуулалт буурна гэж гэсэн болгоомжлол үйлдвэрлэгчдийн дунд байдаг. Гэхдээ “Талх чихэр” хувьцаат компанийн бүтээгдэхүүний борлуулалт 2011 оноос хойш эрс нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд хэрэглэгчид эрүүл мэндээ илүү анхаарч, аль болох эрүүл хүнсийг сонгож байгаа. Давсны хэрэглээг бууруулах талаар сургалт, сурталчилгааны ажлууд ч багагүй хийгдэж байна. Дэлхий нийтийн чиг хандлага, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бүтээгдэхүүний борлуулалт, бизнесийн ашгийг нэмэгдүүлэх боломж гэдгийг хүнс, хоол үйлдвэрлэгчид сайн мэддэг. АНУ-д давс бууруулах санаачилгыг эхлүүлэхэд хүнс үйлдвэрлэгч нараас нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байсан гэдэг. Бүтээгдэхүүний давсыг бууруулах асуудал нь сайн дурын, эсвэл албан журмын гэсэн 2 хэлбэрээр зохицуулагддаг. Ихэнх улсад тусгай хөтөлбөр, бодлого эрх зүйн орчинд албан журмаар зохицуулагдаж байгаа. Харин бүтээгдэхүүний давсыг бууруулснаар борлуулалт нь нэмэгддэг болохыг бусад орны туршлага харуулж байгаа. Давсны хэрэглээг багасгах нь хүн амын дундах цусны даралт ихсэлт, ходоодны хавдар, цөс чулуужих, бөөрний чулуужилт зэрэг өвчний тархалт, зүрхний шигдээс, тархины харвалтаас үүдэлтэй нас баралтыг бууруулах хамгийн хямд, өргөн хүрээтэй, үр дүнтэй арга болохыг би дээр дурдсан. Англи улсын туршлагаас харахад 2008 оноос хүн амын давсны хэрэглээг 9.5-8.6 грамм буюу 10 хувиар бууруулах хоёр жилийн стратеги хэрэгжүүлсний үр дүнд жилд 26 мянган тонн давсыг хэрэглээнээс хасч, зургаан мянган хүнийг зүрхний шигдээс, тархины харвалтын нас баралтаас аварч чадсан. Англи улс үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүний давсны агууламжийг 20-40 хувь, гэртээ хэрэглэж буй хоол, хүнсний давсыг 40-50 хувь бууруулах зорилтууд дэвшүүлж амжилттай хэрэгжүүлсэн. АНУ хамгийн их борлуулалттай 16 том үйлдвэрийн 85 хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах зорилттой ажиллаж байна.

-Зарим хүмүүс ямар ч давс хэрэглэдэггүй гэдэг?

-Давс хэрэглэхгүй нөхцөл бидэнд яагаад ч байх боломжгүй л дээ. Яагаад гэхээр сүү, хонины мах, жимсэнд ч натри байдаг. Натри агуулаагүй хүнсний бүтээгдэхүүн бараг байхгүй. Огт давс хэрэглэхгүй байхад давсны дутагдалд орно гэж байхгүй.

-Хувь хүн давсны хэрэглээгээ хэрхэн багасгах вэ?

-Давсны хэрэглээг багасгах хамгийн үр дүнтэй алхам бол шинээр хүнс худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний шошгыг харж, аль болох давс багатайг нь сонгох хэрэгтэй. Мөн цайны давсны амтыг аажмаар сулруулах хэрэгтэй. Давсгүй амтанд дасах хүнд асуудал биш шүү дээ. Давстай цайны оронд жимстэй цай, лемонтой цай зэрэг бидний хэлж заншсан байхуу, буцалсан ус, цэвэр ус хэрэглэж болно. Хоолны давсаа багасгах, хоолоо давсаар биш цагаан гаа, лимон, хөмүүл, гоньд, таана, жууцай, халиар, яншуй, саримс, мөн давс ороогүй бусад амтлагчаар амтлах хэрэгтэй. Төрөл бүрийн шинэ ногоо, жимс, самар, цагаан идээг түлхүү хэрэглэж болно шүү дээ. Долоо хоногийн нэг өдрийг давсгүй өдөр болгож болно. Ялангуяа албан байгууллага, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлдвэр, мөн цэргийн ангид хэрэгжүүлж болно шүү дээ. Хүүхдийг багаас нь давсны амтанд дасгахгүй байх нь хамгаас чухал. Ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо натрийн агууламж багатай бүтээгдэхүүн, хоол байгаа эсэхийг асууж лавлах хэрэгтэй. Энэ нь хүнс, хоол үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ давсны агууламж, давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарах юм. Энэхүү арга хэмжээ маань бүтээгдэхүүнээр дамжуулаад эрүүл хүнс иргэддээ санал болгохоор зорьж байна. Бид хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр гэрлэн дохиогоор тэмдэглэгээ хийнэ. Давс багатай бол ногоон, дунд зэргийн давстай бол шараар, их байвал улаанаар тэмдэглэх юм.

“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” II шатны арга хэмжээ амжилттай хэрэгжихэд бүх шатны боловсролын байгууллага цэцэрлэг, ЕБС, их, дээд болон тусгай мэргэжлийн сургууль, эмнэлэг, хүнсний үйлдвэрүүд, нийтийн хоолны газрууд, зохион байгуулалттай хооллодог цэрэг, анги нэгтгэл, үйлдвэр аж ахуйн газруудын оролцоо, хамгийн чухал үүрэгтэй. Энэхүү арга хэмжээний үр дүнд зах зээлд нийлүүлэгдэж буй хүнсний бүтээгдэхүүн болон хоолны давсны агууламж 40 хувь хүртэл багасч, олон улсын стандартад нийцсэн, давс багатай бүтээгдэхүүн, нийтийн хоолны нэр төрөл, хэрэглээ нэмэгдэнэ хэмээн онцолж байв.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Тогтохсүрэн: Төрийн албан хаагчийг хууль бусаар халвал ажилгүй байсан үеийнх нь цалинг буруутай албан тушаалтан гаргана

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


-МАН-ын бүлгээс эмнэлэг барих шийдвэр гаргасан. Цаашид ямар асуудлууд хэлэлцэж, шийдэхээр төлөвлөж байгаа бол?

-Маш олон асуудал бий. Намрын чуулганы төлөвлөгөөнд орсон заавал хэлэлцэх шаардлагатай хэд хэдэн том асуудлууд байна. Тухайлбал, Татварын багц хуулийг хэлэлцэх шаардлагатай байгаа юм. Татварын багц хуулин дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ойрын үед бүлгийн хурлаар хэлэлцэж саналаа нэгтгэх болно. Аж ахуйн нэгж, хувь хүнтэй холбоотой асуудал байгаа. Мөн татварын ерөнхий зохицуулалттай холбоотой асуудал байгаа учраас бүлгээр ярихаас өөр арга байхгүй. Тиймээс энэ асуудлыг бүлгийн хурлаар зарчмын хувьд хэлэлцэж боломж байвал намрын чуулганд багтаж батлуулъя гэсэн байр суурьтай байгаа. Аж ахуйн нэгжүүд энэ хуулийг хүлээж буй гэдгийг ч та бүхэн мэдэж байгаа байх.

Бүлэг дотроо зөрчилдсөнөөс болоод УИХ-ын үйл ажиллагаа гацсан. Харин одоо бол ажил хэвийн явж байна. Гэхдээ хурдтай ажиллах шаардлагатай байна. Нийгэмд тулгамдсан асуудлуудыг бүлэг тухай бүрт нь сонсож тодорхой шийдвэр гаргаж явж байх ёстой. Тиймээс өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн салбарын асуудлыг авч үзсэн. Томуу, томуу төст өвчний асуудал нийгэмд хүнд байна.

Хүүхдүүдийн өвчлөл их, нас барсан тохиолдол ч гарсан. Иймд МАН-ын бүлгийн зүгээс тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Ирэх оны төсөв, төсвийн тодотгол ч юмуу, Засгийн газар нөөцийнхөө хүрээнд шийдчихмээр асуудал байна гэж үзсэн. Ер нь бол томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор нэн тэргүүнд шийдэх хоёр асуудал бий.

Нэгдүгээрт, вакцинжуулалт, урьдчилан сэргийлэх явдал. Энэ асуудалд тодорхой хөрөнгө шаардлагатай. Хоёрдугаарт, эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх нь чухал байна.

Олон хүүхэд шалан дээр хэвтэж эмчлүүлж байна шүү дээ. Эмнэлэгт хэвтэж чадахгүй нь ч байгаа. Тиймээс энэ агуулгаар нь асуудалд хандаж байгаа юм. Намрын чуулганы төгсгөлөөр хэлэлцэх хуулиуд бий. Уг нь бид Сонгуулийн тухай хуулиудыг хэлэлцье гэж бодсон. Чадах эсэхийг нь мэдэхгүй байна. Энэ мэт асуудлууд хуримтлагдчихсан байна.

-Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмуудыг Их хурлаар хэлэлцэж байгаа. Энэ талаар тодруулаач?

-Төрийн албаны тухай шинэ хууль 2017 оны арванхоёрдугаар сард батлагдсан. 2018 онд бэлтгэл нь хангагдсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа юм. Энэ хуулийг дагаж нийт 47 журам гарна. Энэ 47 журмын есийг нь УИХ батлах ёстой. Түүний хоёр журам нь батлагдчихсан. Өнөөдөр таван журмынх нь анхны хэлэлцүүлгийг УИХ хийлээ. Хууль батлагдаж гардаг. Харин хуулийг хэрэгжүүлэх чухал зүйл нь журмууд байдаг. Журам хуулиндаа нийцээд, амьдралыг багтаан хэрэгжүүлдэг тийм л зүйл. Тиймээс журмын боловсруулалт дээр маш их анхаарч ажиллаж байна. Үүнд УИХ-ын даргын захирамжаар таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм. Уг ажлын хэсгийг миний бие ахалж байна. Журмуудыг УИХ ирэх долоо хоногт багтаан баталчих болов уу гэж бодож байна. Мөн ирэх долоо хоногт Төрийн албаны зөвлөлийн гишүүдийн асуудал батлагдах байх. Зарим хүмүүс нь шинэчлэгдэх юм. Ингэснээр Төрийн албаны зөвлөл болон Төрийн албаны тухай хууль хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Журмууд нь төрийн албан хаагчдын ажлаас хууль бусаар халагдсан, төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалттай холбоотой маргааныг хэрхэн хянан шийдвэрлэх вэ гэсэн асуудал байгаа юм. Шинэ хуулинд орсон нэг өөрчлөлт нь төрийн албан хаагчдыг хууль бусаар халвал түүнийг Төрийн албаны зөвлөл бие дааж хүчингүй болгох эрхтэй болж байгаа. Тиймээс энэ маш чухал журам. Мөн Төрийн албаны тухай хуулинд санхүүгийн хариуцлагын тогтолцоог бий болгох тухай оруулж өгсөн. Тодруулбал, Төрийн албан хаагчийг хууль бусаар халсан тохиолдолд ажилгүй байсан үеийнх нь цалинг буруутай албан тушаалтан өөрөө гаргана. Эдгээрийг зохицуулсан журмуудыг оруулж ирж байгаа учраас УИХ-аар өргөн хэлэлцүүлэг болж байна. Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжээд эхлэх юм бол төрийн алба өөрөө чадавх, хариуцлагатай, мэргэшсэн, тогтвортой болно гэж бодож байгаа юм. Төрийн алба тогтвортой болох юм бол иргэдэд үйлчилж байгаа үйлчилгээний чанар сайжирна.

-Ерөнхийлөгчийн зүгээс уиХ-ын чуулганы хуралдааныг сунгах санал гаргасан. Чуулганы хуралдааныг сунгах боломж хуулинд байдаг уу. МАн-ын бүлэг энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Чуулганы хуралдааныг завсарлуулах асуудал өөрөө хуультай. Үндсэн хууль, Улсын их хурлын тухай хууль, Улсын их хурлын Дэгийн тухай хуулинд бий. Үндсэн хуулинд хавар, намрын чуулган ажлын 50 өдөр хуралдах ёстой гээд заачихсан. Хугацааны хувьд 50 өдөр болчихсон юм билээ. Улсын Их хурлын Дэгийн тухай хуулинд намрын чуулган аравдугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын 10-ныг хүртэл хуралдана гээд заачихсан. Хоёрдугаар сарын 1-8-ныг хүртэл Сар шинийн амралт таарч байгаа юм билээ. Ямартаа ч хуулийнхаа хугацааг дуустал хуралдах болов уу гэж бодож байна. Хуримтлагдсан асуудал байгаа нь мэдээж. Тийм учраас ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болов уу гэж хувь гишүүнийхээ зүгээс бодож байна.

-Төсөвт тодотгол хийх болов уу?

-Сангийн яам бол хийхгүй л гэж байгаа. Би ч гэсэн төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж боддог хүний нэг. Төсөвт тодотгол хийхээр л манайхан олон асуудал гаргаж ирдэг. Түүнээсээ болоод төсвийн сахилга бат алдагддаг. Төсвийн сахилга батыг алдагдуулдаг зүйл нь тодотгол юм. Тэгэхээр тухайн жилийнхээ орлого, зарлагыг эхнээс нь сайн харж, зөв төлөвлөх хэрэгтэй.

-уиХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар огцруулах хуулийн төсөл батлагдчихсан. ын даргыг огцруулах хуулийн төслийг гишүүд энэ долоо хоногтоо багтаан өргөн барих болов уу. Энэ асуудал хэдийд эцэслэгдэх вэ?

-Үүнийг сайн мэдэхгүй байна. Ерөнхийлөгч өргөн барьснаар Улсын Их хурлын тухай хууль, Улсын Их хурлын Дэгийн тухай хуульд өөрчлөлт орсон. Одоо УИХ-ын даргыг өөрчилье гэж байгаа гишүүд УИХ-ын даргыг өөрчлөх тогтоолын төслөө өргөн барих ёстой. Тэрхүү тогтоолын төсөл өргөн баригдаагүй байна. Хуулийн хугацаа хэрэгжиж эхлээгүй байна. Тиймээс өнөөдрийн хувьд хэлэлцэнэ, хэлэлцэхгүй гэдэг зүйлийг ярих боломжгүй.

-Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ЗТХ, БСШУС-ын сайд нарыг өөрчлөх асуудал орсон. намрын чуулгандаа багтаж уг асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх үү?

-Сайд нарын асуудлыг ойрын хугацаанд шийдэх болов уу гэж бодож байна. Ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар орох байх. Ямартаа ч намрын чуулгандаа багтаж сайд нарыг чөлөөлөх, шинэ сайд нарыг томилох асуудлыг шийдэх шаардлагатай гэж бодож байна.

-2020 оны сонгууль дөхчихлөө. Эрх баригч нам хийсэн бүтээснээ дүгнэх, хийх ажлуудаа яаравчлах цаг үе ирчихлээ. Бүлгийн даргын хувьд та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Цаашид хууль эрх зүйн хүрээнд хийх ёстой олон зүйл байна. Энэ чиглэлээр ч бид ярилцаж байна. 2016 оны сонгуульд бид олон амлалт өгчихсөн. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд хийх ажлууд их байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ярих уу, үгүй юу гэдэг дээр ярилцаад эцэслэчих ёстой гэж бодож байгаа. Мөн Улс төрийн намуудын тухай хуулийг аль болох хурдан хэлэлцмээр байна. Улс төрийн намуудыг хариуцлагажуулах, санхүүжилтийг нь ил тод болгох зайлшгүй шаардлага бий. Улс төрийн нам хариуцлагатай байж гэмээнэ төр хариуцлагатай болно. Тиймээс энэ чиглэлийн хуулийг хурдан гаргах ёстой. Одоо бол сонгуулийн нэг л том хууль бий. Харин бид сонгуулийн гурван хууль гаргана гэж ярьж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Улсын их хурлын сонгуулийн хууль, Орон нутгийн сонгуулийн хууль гэсэн гурван хууль юм. Эдгээр хуулиудаа 2019 ондоо багтааж гаргах шаардлагатай. Эдийн засаг, санхүүгийн эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй байна. Дээр хэлсэнчлэн Татварын багц хуулийг сайжруулах нь чухал. Иргэдэд дарамт учруулж байгаа зүйл нь зээл, зээлийн хүү байна. Зээл, зээлийн хүүг бууруулахтай холбоотой асуудал ч бий. Иймд үүнтэй холбоотойгоор Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг явуулах нь зүйтэй. Хөрөнгө оруулалт болон бусад банкны хуулиудад өөрчлөлт оруулж зээл, зээлийн хүүг бууруулах, гадны банк санхүүгийн байгууллага орж ирэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх ёстой юм. Ингэж байж зээлийн хүү буурна. Манай Монголын 20-иод банк зээлийн хүүг буулгачихдаг бол буулгах цаг нь байлаа шүү дээ. Хадгаламжаасаа шалтгаалж зээлийн хүү өндөр гарч байгаа. Тиймээс өөрийн гэсэн эх үүсвэртэй, хадгаламж шаарддаггүй гадны банкуудыг оруулж ирэхээс өөр арга байхгүй.

Түүнчлэн орон нутгийн хөгжилтэй холбоотой хэдэн хууль бий. Монгол Улсын засаг захиргаа, түүний нэгж, удирдлагын тухай хуулийг шинэчилж гаргах хэрэгтэй байна. Үүнийг дагасан хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлууд ч байна. 2016 оныхоо мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хийх ёстой ийм ажлууд байна. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаан дахь сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтдээ үнэлэлт, дүгнэлт өгөх, үлдсэн хугацаандаа хийх ажлынхаа чиглэлийг тодорхойлох гэх мэт хийх ажлууд биднийг хүлээж байна.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль чуулганы хуралдаанаар орж ирээд, шийдэгдэж амжаагүй салбарын сайдын саналаар хэлэлцэх асуудлаас хасагдсан. Уг хуулиар алтны татварын хэмжээг 2.5 хувь хэвээр үргэлжлүүлэх саналыг Засгийн газраас тавиад буй. Алтны татвар бага байх нь зөв үү. Одоогоор алтны салбарынхан аль хуулиа барьж ажиллах вэ?

-Бид бас тодруулаад л байгаа юм. Засгийн газар алтны татварыг 2.5 хувь байлгая, энэ хугацааг 2023 болгож өгөөч гэсэн хуулийн төслийг оруулж ирсэн. Намын бүлэг дээр энэ асуудлыг хэлэлцээд алтны татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй, 2.5 гэдэг дэндүү бага байна гэж үзсэн. Бусад аж ахуйн нэгж арван хувийн татвар төлж байхад байгаль орчныг ихээр сүйтгэж байж олборлодог алтны татвар ийм бага байж болохгүй гэсэн шүүмжлэл их гарсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар энэ хуулийг ойрын хугацаанд татаж авч, шинэ хуулийн төсөл өргөн барих ёстой гэж бодож байна. Алтны татвар 2.5 хувь байх, энэ хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болсон. Гэсэн ч алтны татварыг таван хувь байлгах өмнөх хууль байхгүй юм билээ. Одоо мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулинд алтнаас бусад ашигт малтмалын татварын асуудал зохицуулагддаг. Алтны татвар тусгай хуулиар явж байж. Тэгэхээр Засгийн газар алтны татвар дээр дахин өөр хуулийн төсөл оруулж ирэхээс өөр арга байхгүй.


Categories
мэдээ цаг-үе

Алтан бумбанд жиргэсэн үзэсгэлэнт шувуухайн үлгэр буюу цаг үе ба зохиолчид

Монголын нийгэм соёл боловсрол, үзэл суртлын тодорхой түвшинд хүрч, бас ч гэж соёлт хүн төрөлхтний хөгжлийн түүчээнд монгол үндэстэн, монгол хэл, монгол соёлоор үнэт зүйлээ болгосон, тусгаар Монгол Улсын туг хиураа нүүр бардам зориг төгөлдөр асаах болсон “бүтээн байгуулалтын он жилүүд”-эд, Монголын зохиолчид гэдэг нийгмийн хамгийн дэвшилтэт үзэлтнүүд, дэвшилтэт сэхээтний давхарга болж, ард олон түмний дунд зохиолч хүний үнэлэмж, зохиолч хүний үүрэг хариуцлага гэдэг их “өөр түвшинд яригддаг” Зохиолчдын байгууллага гэдэг ч тэр үеийн төрийн том институци байсан гэдгийг өдгөө мэдэх хүн мэр сэр бий биз ээ.

Өнөөдөр Монголын зохиолчдыг дэлхий үнэлж байна. ОХУ, БНХАУ, Герман, Унгар, Япон, Солонгос, Франц зэрэг дэлхийн Монгол судлал өндөр хөгжсөн орнуудад Монголын хэл, түүх, соёл, уран зохиолын дурсгал болсон, нүүдэлчний оюуны их өв бүтээл «Монголын нууц товчоо», «Гэсэр», «Жангар» судлалын төв, тусгай секторууд ажиллаж, тэр чиглэлээр тусгайлан ажилладаг нөлөө бүхий томоохон эрдэмтэд өрнөд ч, дорнод ч жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. Өндөр гэгээн Занабазар, Зая бандид Лувсанпэрэнлэй, Данзанравжаа, Инжинашийн яруу найргийг орос, англи, герман, хятад хэлэнд орчуулж, барууны уншигчид монгол нүүдэлчдийн өвөрмөц ахуйд идээшүүлсэн буддын гүн ухааны ил далд утгат уран зохиолын онцгой жишээ болсон Данзанравжаагийн «Үлэмжийн чанар» тэргүүт яруу найргийн бүтээлүүдийг “XXI зуунд хүн төрөлхтний унших яруу найраг” хэмээн дуун алдаж, Нацагдоржийн өгүүллэг яруу найраг дэлхийн хорь гаруй орны хэлээр орчуулагдаж, гучаад оны цөөн тоотой ч хэдэн жүжгийн зохиолын ихэнхийг орос хэлэнд орчуулж, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэнгийн монгол хэл зохиол судлалын бүтээлүүдийг гадаад, дотоодын монголч эрдэмтэд дэг сургуулийн хэмжээнд судалж, дэлгэрүүлж, Чинагийн Галсангийн алдарт “Аянгат цагийн тууж”, “Хөх тэнгэр” роман тэргүүт олон бүтээл нь герман хэлээр гарч, аль 1990-ээд онд Германы утга зохиол судлагч Корнелиа Шрудда Чинагийн Галсангийн бүтээлээр докторын зэрэг хамгаалж, мөн Германы нөлөө бүхий эрдэмтэн Харк Борм “Эсгий гэрт төрж өссөн энэ монгол зохиолч бидний эх хэлийг /герман хэл/ утга зохиолынхоо хэл болгон сонгосон явдал нь Германы утга зохиол, магадгүй дэлхийн утга зохиолын хувьд азтай агшин юм” хэмээн дуун алдаж, алдарт «Шпийгель» сэтгүүл “Монголын уран зохиолд Нобелийн шагнал хүртэх эзнийг хайж эрэх биш, аль эрт төрчихөөд байгаа юм биш үү” хэмээн гайхан биширч, герман хэлээр 30 гаруй үргэлжилсэн үгийн томоохон зохиолоо хэвлүүлсэн түүнийг Монголын зохиолч гэхээсээ “Герман хэлт уран зохиол дахь Чинагийн Галсан” хэмээн алдаршуулж, тэр байтугай ХБНГУ-ын Бундестагийн дэд ерөнхийлөгч доктор Антье Фолльмер Ч.Галсан гуайд Холбооны гавьяаны загалмайн одонг гардуулахдаа;“Герман улс Монголын энэ сод зохиолчийг төрийнхөө дээд одонгоор шагнаж байгаа явдал нь цаад утгаараа, өөрийгөө Чинагийн Галсангаар шагнаж байгаа хэрэг юм. Үүгээрээ байгалиас заяасан авьяасыг хүндэтгэж, бүтээлээрээ дархалсан гавьяаг үнэлж чаддагаа дэлхий дахинд харуулж байна” хэмээн бахархаж байна. Германд төдийгүй Европт нэр хүндтэй, Герман хэлт гадаадын зохиолчдод олгодог Аделберг фон Шамиссогийн /Adelbert-von-Chamisso-Award/-шагналаа хүртээж /Энэ шагналыг авсан 10 дахь хүн, Ази тивээс авсан анхны хүн болжээ Х.С/, мөн түүний “Алт ба элс” романыг “Дэлхийн хэмжээний роман” гэж шүүмжлэгч судлаачид нэгэнт үнэлээд байна. Тэгэхэд өнөөдөр бие даасан тусгаар улс орнууд өөрийн нэрийн өмнөөс, үндэснийхээ хэмжээний алдартай зохиолчдыг Нобелийн шагналд нэр дэвшүүлдэг бөгөөтөл энэ алдарт зохиолчийн талаар Монголын төр засаг нэр дэвшүүлэх байтугай, олон улс орны уншигчдын саналаар нэгэнт өөрийнх нь нэр санал асуулгад орчихоод байхад улсаас нь дэмжсэн ганц хуудас үггүй байсаар сураг алдрах жишээтэй л байна. Энэ бол нэг л зохиолчийн хэрэг төдий үзэж, хэдэн ном нь хэвлэгдсэн тухай мэдээ гарвал өртөөд өнгөрөхөөс биш, зохиолчоос нийгэмд оруулж байгаа оюуны хөрөнгө оруулалт гэж үнэ мөнгөөр хэмжишгүй үнэт зүйлийг үнэлэх цэгнэх зүйл огт сураггүй байгаагийн нэг л жишээ.

Гавьяа шагнал авч гар дээрээ хэдэн төгрөг тоолуулах гээгүй юм аа, бид. Дэлхийн соёлт хүн төрөлхтөн өнөөдөр амьдрах орон гэр, унах унаа, идэх хүнсээ нэгэнт шийдчихээд одоо харин хүн төрөлхтний зогсолтгүй хөгжлийн уурхай болсон оюун сэтгэхүй, уураг тархиа юугаар тэжээх вэ, өөрөөр хэлбэл юу уншиж зүрх тархиа тэжээх вэ гэдгийгээ үндэсний хөгжлийн бодлогынхоо нэг хэсэг гэж анхаардаг, ажиж судалдаг болоод байна. Монголын хэдэн зохиолчид чөмгөө дундартал сууж бичсэн оюуны бүтээлээ өөрийн хэдэн төгрөгөөрөө хэвлүүлээд, өөрөө сугавчилж гүйгээд зах зээл дээр гарч, төрөөс нэг төгрөг, нэг халамж анхаарал шаардахгүйгээр “зөнгөөрөө амьдарч” байна. Энэ бол Монголын нэгэн үеийн биш нэг хэсэг үеийн оюуны “талхыг барьж өгч”, монгол хэл, соёл, түүхийн мөнхийн манаанд сайн дураараа зогсож байгаа чин сэтгэл юм. Энэ оюуны хөрөнгө оруулалтыг нь үнэлдэг төрийн бодлого тогтолцоо харин хаахна яваа бол?.

Монгол Улсын төрийн дууллыг зохиосон эрдэмтэн зохиолчоос эхлээд ард түмний амандаа хүлхэж өссөн аялгуу төгс яруу найраг дуу шүлгийг зохиосон нэрт зохиолчид төсвийн байгууллагын цалин, тэтгэврийн цөөн хэдэн төгрөгөөр амьдрал залгуулж, сайндаа л хороололд хоёр гурван өрөө нийтийн орон сууцанд амьдарцгааж, хэнээс ч юу ч хүсэхгүй, хэнд ч юунд ч өрөлхөхгүй эгэл даруухан амьдарцгаасан. Ардын уран зохиолчийг хүртэл алдартай бүх л шагналыг нь хүртсэн нэртэй зохиолчид ийнхүү хамгийн эгэл даруу хүлцэнгүй амьдарсныхаа төлөөсөнд өнөөдөр, өвдөөд хэвтэхэд тоолоод өгөх бэлэн хэдэн төгрөггүй, улс даяар “бадар барьж”, сайн хөөцөлдлөгтэй нэг нь ихдээ UB palase, багадаа Бөхийн өргөөндөө “хандивын тоглолт”/Ийм юм үзэж сонссоор би энэ үгэнд ясны дургүй болсон/ хийж, онгоцонд суух унааны өртөг, ор хоногийн хэдэн төгрөг төдийхнийг олж аваад, сураг төдий харийн орныг зорьж байгаа тухай бид зөндөө үзэж сонсож байна. Монголын уран зохиолын хэдэн зууны өвийг судалж, дэлхийн монгол судлал дахь төвд хэлт уран зохиол судлалын “нэрийн хуудас болсон” нэрт эрдэмтэн буурал багш минь хүнд өвчинд нэрвэгдэж, хаашаа хэнд хандахаа мэдэхгүй арга мухардан гудамжинд зогсож байх тэр үед, Японоос цахим сүлжээнд холбогдсон залуухан шавь маань ихэд зовнин, “Тийм үү, манай Японд жишээлбэл Шигэ Озова /Их багшийн нэрийг жишээ татан дурдсандаа бид хоёул уучлал хүснэм/ багш энгийн нэг халуурахад л төрийн тусгай асрамжинд тусгай эмнэлэгт, эмч нарын онцгой хяналтанд орно шүү, энэ бол тэр багшийн хэрэг биш нэг ёсондоо манай сургуулийн цаашдаа энэ улсын хэрэг болно шүү” гэж шогшрон хэлсэн үг одоо ч гол зурдаг.

Монголд өнөөдөр нийгэм цаг үе, улс төрийн их хэлмэгдүүлэлт, буруушаах үгүйсгэхийн бурангуйн салхинаас нутгийн хэдэн сүсэгтэн шавь нар, үе дамжсан хэдэн тахилчаар нь дамжиж үлдсэн XIX зууны их соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн гэр музей, мөн л гэр бүл дотны хэдэн шавь нар нь бөөцийлж, өдий хүрсэн, хааяа хана шалаа будах тосон будагны мөнгийг салбарын яамнаасаа хэдэн шат дамжлага болж байн гаргуулахаас өөр онцын ивээл халамжгүй оршсоор л ирсэн, Монгол Улсын төрийн дууллыг зохиосон ХХ зууны эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэнгийн гэр музей, Зохиолчдын хорооны нэг өрөөнд нэр төдий “амь хоргодох” аугаа их Нацагдоржийн музей, аймгийн орон нутгийг судлах музейн хаяа хамарганд нэг өрөө тасалгаа олон, мөн л гэр бүл үр хүүхэд нутаг усныхных нь халуун сэтгэлээр бий болсон, Ч.Лодойдамба, Б.Явуухулан, Р.Чойном, О.Дашбалбарын музей нэртэй дурсгалын танхимууд “амь зүдүүхэн” оршиж, угаасаа ийм л байх ёстой юм шиг “хувь заяатайгаа эвлэрч” байна. Ер гарсан насандаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар болсон Б.Бааст гуайн тухай аль эрт ХХ зууны хоёрдугаар хагаст, эгэл гүн сэтгэгч хүмүүн Лодонгийн Түдэв гуайн өгүүлсэн үг анхаарал татна. Нэгэн бээр, тэр үеийн Л.Түдэв гуайгаас “Энэ алдартай зохиолчдоос ирэх зуунд ер хэний бүтээл үлдэх бол гэж асуухад Л.Түдэв гуай “Бааст л үлдэнэ” гэсэн байдаг юм. Өөрийнхөө дараа үеийнхний тухайд мөн тэрээр, бага залуухан О.Дашбалбарыг “Гол ус намуухан урсана” номоо хэвлүүлэхэд нь “ХХI зууны яруу найргийг О.Дашбалбар эхлүүлсэн юм” гэж чин зоригт нэгэн үзүүрт сэтгэлээр үнэлсэн байдаг. Энэ бол нэгэнтээ хүн төрөлхтний урлаг уран зохиолын зүйл баримтат уран сайхны зохиол руу явж байгаа хөгжлийн чиг хандлагыг Б.Бааст гуайн тэр үед хийж байсан бүтээлүүдтэй холбож, мөн хүн төрөлхтний ирэх зууны яруу найраг эгэл байгалийн өгөгдөлт, дотоод сэтгэлийн уянга руу явж байгаа чиг хандлагыг хорин хэдхэн настай залуу шүлэгч О.Дашбалбарын яруу найрагтай холбож аль өмнөх зуунд танин мэдсэн,үнэлж дүгнэсэн их хүмүүний бодлогот нэгэн өгүүлбэр билээ. Чухам алсын хараа гэдэг л энэ юм.

Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад франц судлал, герман судлал, япон судлал гэж төдийлөн байдаггүй, харин тэнд монгол судлал гэж заавал нэг институци, судалгааны төв байдаг, энэ ард түмний минь оюуны их өвийг хадгалсан Ленинградын Дорно дахин судлалын, Бонны их сургуулийн Ази судлалын семинарын, Нью-Йорк, Лейпциг, Берлин, Бээжин, Токио дахь сан хөмрөгүүд үнэт ховор олдвор цуглуулгаараа өрсөлдөн хөгжиж байна. Энэ бол Дэлхийн соёл иргэншлийн түүхэн дэх нүүдлийн ба суурин соёл иргэншил гэсэн хоёр том ай савын “Нүүдэлчний соёл” гэх их салаа ундаргыг зөвхөн Монгол Улс, монгол үндэстэн, монгол хэл, соёл, аман болон бичгийн уран зохиол, түүхийн үнэт дурсгалуудаар баримтжуулан судлах нэг талаас шинжлэх ухааны, нөгөө талаас соёл сэтгэлгээний том шалгууртай холбоотой юм. Ийм байхад өнөөдөр Монгол Улсад уран зохиолын буюу зохиолчдын ганц музей, ганц хэвлэх үйлдвэр, монгол хэл, сэтгэлгээний дэг сургуулийг номлосон ганц их сургууль, зохиолчдын ганц ордон, ганц соёлын төв ч үгүй, зохиолч уран бүтээлчдийн эрхийг хамгаалах, бүтээлийг үнэлэх ганц хууль эрх зүйн баримт бичиггүй зуун зууныг элээж ирэв, бид.

Ирж буцах цагийн саалтанд энэ төрийн ихэс дээдсээс илүү юм нэхэж юунд зүрхэлнэ. Гэвч “Эртний түүхт Монгол Улс” гэж энгэр дүүрэн огшиж, элгэн халуун сэтгэлдээ бахдан өгүүлэхийн шалтгаан болсон, энэ улсын хэл, соёл, түүх, уран зохиолын баганыг өнө бат мөрлөн түшиж зогсоо, үе үеийн зохиолчдын амьдралд төрийн хайр хишиг гэдэг өнөөдрийн одон медаль,гавьяатын диплом энгэрийн тэмдэг төдий зүйл биш юм шүү. Монгол Улс энэ хэдэн зохиолчийнхоо оюуны бүтээлийг зүй ёсоор үнэлж, уул уурхайн хөрөнгө оруулалт гэхээсээ оюуны хөрөнгө оруулалтын зүй тогтлыг цэгнэж, энэ тухайд төрийн бодлого зохицуулалтыг бий болгож чадах аваас, энэ нь цаашдаа Монгол үндэстний үнэт зүйлсийг бүрэлдүүлж, монгол хүний зүрх тархийг тэжээх оюуны их хөрөнгө суурь, Монгол Улсаа мандуулан бадруулах хөгжлийн их стратеги төлөвлөлт нь болох юм.

Хүмүүн төрөлхтний хөгжлийн боломжит бүхий л үүд хаалга нээгдсэн энэ цаг үеийн сайхныг үлгэрийн алтан бумбанд зүйрлэж, үнэнийг өгүүлэн үйлдэгч, зохиолч яруу дуун утгыг үүсгэгчийг үзэсгэлэнт жигүүртэн лугаа сэтгэж, үнэндээ энэ хоёр зүйлийн гайхамшигт үнэ цэнэ нь эрдэнэ эрдэнэ гэвч, бумбыг бүтээсэн алтны үнэнд бус, эрэвгэр жирэвгэр гэвч шувуухайг чимсэн гоо үзэсгэлэнгийн сайханд бус, харин үнэт алтан бумбан доторх, үзэсгэлэнт тэр шувуухайн дотоод дахь,үнэнийг үлгэрлэн үлгэрлэн өгүүлсэн яруу утгат дуунд нь байх юм гэсэн дорны гүн утга түлгэрийн санаанд энэ цагийн ийм нэгэн явдал ёсны утгыг хурааж өгүүлэхийн учир энэ билээ.

Ямар нэгэн харамж хишиг хариулга ачлал нэхэлгүй энэхүү үнэт өв хөрөнгийг үеийн үед чимээгүйхэн босгож ирсэн зохиолчид, сэтгэгчдийнхээ давхаргыг өөрийн үндэсний дархлаатай байлгах төрийн бодлого зохицуулалт улам бүр үгүйлэгдэж байна шүү гэдгийг л гэмгүй нэг сануулахын үүднээс, Монголын зохиолчдын байгууллага үүсч хөгжөөд 90 жилийн нүүр үзсэн их цагийн нүүдлийн хөсөгт дайгдаж, ийн хэмээн өчүүхэн доорд бичгийн хүмүүн би аюумшиггүйгээр зориглон өгүүлвэй.

Нацагдоржийн шагналт яруу найрагч, Хэл бичгийн ухааны доктор (Ph.D), профессор Хургаагийн СҮГЛЭГМАА

Categories
мэдээ цаг-үе

Дэлхий нийт яагаад аналоги дуугаралтыг таашаах болов

Хуурцаг буюу бидний нэрлэж заншсанаар кассет гэх зүйл хөгжмийн зах зээлд орж ирснээр пянзны борлуулалт эрс буурсан байдаг. Удалгүй хамтлаг дуучид пянзанд дуугаа бичүүлэхээ больсноор энэ чиглэлийн дуу бичлэгийн студиуд хаалгаа барьцгаажээ. Удалгүй дижитал дуугаралтыг эрэн үеийн зайлшгүй сонголт хэмээцгээж хамтлаг, дуучид, алдартнууд компакт диск гаргах болсон нь хуурцгийн үе дууссаныг илтгэсэн юм. Мэдээж цаг үе, технологийн дэвшлийг хэн ч амьдралдаа хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж бусадтай хөл нийлүүлэн алхахыг хүснэ. Дэлхий нийт 2010 он хүртэл дижитал дуугаралтаар аливааг хэмжиж, хөгжмийн урлагийнхан ч энэ чиглэлд автсан байсан. Мода эргэдэг гэгчээр дижитал дуугаралтаас татгалзаж амьд дуугаралт буюу аналоги дуугаралтын бэлгэ тэмдэг болсон пянз дэлхийн хөгжмийн ертөнцөд эргэн ирсэн юм.

Одоо дэлхий дээр дижитал хөгжмийн борлуулалт буурч пянзны борлуулалт 50 хувиар өсөөд байна.

Дижитал дуугаралтыг компьютерийн хувиргалттай учир гаргасан дуу авиаг 100 хувь зөв, цэвэр, алдаагүй буулгадаггүй гэж үздэг юм. Урьдчилан бэлдсэн программ учир тухайн агшинд дуучны хоолойгоос гарсан нарийн, нандин өвөрмөц дуугаргалтыг гүйцэд гаргадаггүй. Нөгөөтэйгүүр программ нь хүний дуу хоолой, орчин тойронд өрнөж байсан үйл явдлын чимээ зэргийг дээд зэргээр ялгаруулдаггүй гэх мэт онцлогтой. Их цэвэрхэн дуугаргалттай мэт ч яг нарийн тооцоолол, задаргаа хийхэд асар их алдаа байдгийг эрдэмтэд тогтоожээ.

Жишээ нь, биеийн тамирын зааланд сагсан бөмбөг тоглож байгаа хүүхдүүдийн дэргэд нэг морин хуурчийг суулгаад “Алтайн магтаал”-ыг тоглууллаа гэж төсөөлье. Энэ зааланд өрнөж байгаа дуу авиаг пянз, хуурцаг, дижитал CD-нд буулгалаа. Тэгээд дараа нь уг гурван өөр дуугаралтыг нэг нэгээр нь сонсоход асар их ялгаатай нь ажиглагдана. Кассет их бохир дуугаралттай. Аль чанга чимээтэй дуу авиа илүү их наалдана. Соронзонд төмөр түрүүлж наалддаг шиг. Дижитал дуугаралт нь цэвэрхэн, аятайхан дуу авиаг буулгасан ч бүгдийг нь гүйцэд буулгах чадахгүй. Ойлгохгүй дуу авиаг гээх нь бий. Иймээс мэргэжлийн хөгжимчид дуурийг цомгоор нь биш, театрт очиж сонсохыг санал болгодог. Харин пянз нь яг 3D мэт амьд дуу авиаг мэдрүүлнэ. Та нүдээ аниад төсөөлөхөд яг тэр биеийн тамирын зааланд аваачина. Бөмбөг залж гүйж байгаа сурагчийн амьсгалаас эхлүүлээд морин хуурчийн зүүн гарын хуруу хоёр чавхдас дээр хэрхэн чирэгдэж, дарж, чичирхийлүүлж байгаа нь нэгэн зэрэг сонсогдоно. Аналоги дуугаралтыг дэлхийн хөгжмийн мастерууд онцлоод байгаа гол шалтгаан нь энэ. Морин хуурчийн тоглож байгаа аялгуу, сагсан бөмбөг тоглож байгаа сурагчдын орилооны хажуугаар шүүгчийн шүгэл, ханиаж байгаа охин, өсгийтэй гуталтай орж ирж шагайчихаад буцаад гараад явчихаж байгаа эмэгтэйн хөлийн чимээ гээд бүх дуу авиа маш эмх цэгцтэйгээр танд сонсогдоно.

Ийм ч болохоор пянз нь хүмүүсийн хувьд үнэт өв нь болж байна. Хэрвээ пянзыг зөв хадгалбал 100 жилийн настай эд бөгөөд хэзээ ч анхны дуугаралтаа алддаггүй.

Хөгжмийн бичлэгийн форматын цаг цагийн өөрчлөлтөд хамгийн тогтвортой байдаг нь аналоги дуугаралт. Тийм ч болохоор пянзны эрин эргэн ирж байгаа нь аналоги дуугаралттай нь шууд холбоотой.

Дижитал формат тоон систем учир хүний дуу хоолойноос гардаг өвөрмөц, давтагдашгүй хэсгийг бүрэн хуулж чаддаггүйгээсээ болж дэлхийн алдартай дуучид дижитал дуугаралтаас татгалзаж пянзанд дуугаа бичүүлэх болжээ.

Аливаа дуу, хөгжмийг дижитал дуугаргалтад хувиргаж гар утас, FM радио зэрэгт зориулж хэмжээг нь багасгаад дууны гаралтыг нь нэмчихдэг учир анх тоглож бичүүлсэн хөгжимчин, дуулсан дуучныхаас нь өөр болгочихдог. Энэ нь дижитал дуугаралтыг дэлхийн хөгжмийн ертөнцөөс ухрахад нөлөөлжээ. Өнөө цаг мэдээллийн аюулгүй байдалд нэн их анхаардаг болсон. Хамгаалалт сайтай зүйлийг илүү таашаадаг.

“Камертон” хамтлагийн тоглолт “UB palace”-т болж байхад тэр бүх дуу чимээг дижитал формат өөр дээрээ хүлээн авахдаа маш цэвэр ч гэлээ бага зэргийн засалт оруулдаг бол аналоги формат нь тээр хойноос хэн нэгэн “Камертон мандтугай” гэж сөөнгөтсөн хоолойгоор орилонгоо ичсэндээ инээж байгааг нь хүртэл алдалгүй буулгана. Ийм учраас аналоги дээр ямар нэгэн мэдээлэл алдагддаггүй гэдэг нь энэ юм.

Энэ бүхэн нь явж явж эцсийн бүлэгтээ хүний мэдрэмжийн асуудал. Дижитал форматаас цэвэр дуугаралтыг авч байгаа ч аналоги дуугаралт нь хүнд илүү амьд мэдрэмж өгнө.

MP3, MP4 формат нь дижитал форматын төрөл учир мэдээллийг 100 хувь буулгаж чаддаггүй гэж үздэг аж.