Categories
мэдээ нийгэм

Бэлэн мөнгөөр зорчсон иргэнийг 10000 төгрөгөөр торгоно

Нийслэлийн тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагчид шалгалт хийж байна.

Тодруулбал, цахим картаар зорчих хөлсөө төлөөгүй бэлэн мөнгөөр автобусанд зорчсон иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.1 заалтын дагуу 10.000 төгрөгөөр, зорчигчдоос бэлэн мөнгө авсан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 заалтын дагуу 25.000 төгрөгөөр торгож, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ тооцон ажиллаж байна.

Одоогийн байдлаар 6 чиглэлийн 79 тээврийн хэрэгсэл, 1067 зорчигч хамрагдсанаас бэлэн мөнгөөр зорчсон-4, зорчих хөлс төлөөгүй-22, хүүхдийн картаар зорчсон-4, ахмад настны картаар зорчсон-1, U money картын үлдэгдэл хүрэлцэхгүй-4, зэрэг нийт 35 зөрчил илэрчээ.

Categories
мэдээ спорт

Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнээс С.Цэрэнчимэд, С.Батцэцэг нар алтан медаль хүртлээ

30 дахь удаагийн Иван Ярыгиний нэрэмжит Гранпригийн гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин С.Цэрэнчимэд алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.

Ийнхүү С.Цэрэнчимэд “Бага дэлхийн аварга”-аас манайхны 13 дахь алтан медалийн эх орондоо авчирлаа.

Тэрбээр тус тэмцээнээс медалийн иж бүрэн цуглуулгатай болж байгаа бөгөөд 2014 онд мөнгө, 2016 онд хүрэл медаль хүртэж байв.

С.Цэрэнчимэд Красноярскт шөвгийн наймд ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын Бека Литерсийг 9:3-аар, хагас шигшээд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга Норвегийн Грейс Булланыг цэвэр, шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн Оросын аварга Ольга Хорошавцеваг 10:5-аар ялсан юм.

Мөн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг алтан медаль хүртэж, тус тэмцээний хошой аварга болов.

Өнгөрсөн жил ДАШТ-д жин өгсч, 68 кг-д зодоглох болсон С.Батцэцэг хоёр дахь тэмцээндээ ийнхүү түрүүлэв. Тэрбээр 2015 онд тус тэмцээнд аваргалжбайсан бөгөөд дөрвөн жилийн дахин өнгөллөө. С.Батцэцэг Красноярскт Японы Рио Ватариг 8:3-аар, нутгийн дүү нар болох ОУХМ Э.Дэлгэрмааг 3:0-ээр, спортын мастер Э.Даваанасанг цэвэр ялсан юм.

Энэ жинд Монголын гурван бүсгүй алт, мөнгө, хүрэл медаль хүртэцгээв. “Алдар” спорт хорооны тамирчин Энх-Амарын Даваанасан Гранпригээс анхны мөнгөн медалиа хүртсэн.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ахмадуудад гарын бэлэг тараах үеэр өндөр настан дарагдан нас барсан бололтой

Цагаан сарын өмнөхөн УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийнхоо ард иргэдэд гарын бэлэг буюу ул боов, цаг тооны календарь, чихэр, жимс зэрэг гарын бэлэг тарааж, сонгогчдодоо “эргэдэг” уламжлалтай.

Өнөө жилийн гишүүдийн гарын бэлэг тараалт эхэлжээ. ЗХГЭГ-ын дарга Г.Занданшатарын гарын бэлэг тараагдсан бол зарим гишүүд тойргийнхоо ахмадуудад бэлэг тараах ажлаа эхэлсэн байна.

Өчигдөр нэгэн харамсалтай зүйл тохиолджээ. Тодруулбал, БГД-ийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тойргийнхоо ахмадуудаа хүлээн авч сар шинийн гарын бэлгээ тараасан байна.

Уг арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх очсон гэнэ. Энэ үеэр зохион байгуулалт муу байж, нэг өндөр настан хүмүүсийн хөлд гишгэгдэж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар эх албан бус сурвалж хэлж байна.

Гишүүн Ж.Ганбаатар 3200 гаруй урилга тараахад 4000 ахмад уг арга хэмжээнд хүрэлцэн иржээ.

Урилга авсан хүмүүс дундаас 300 мянгаас сая төгрөгийн хооронд сугалаа явуулж, азтан тодруулсан байна.

Ерөнхий сайд азын сугалааны азтнуудыг тодруулж, шагналыг нь гардуулж өгсөн аж. Бэлтгэсэн улаан торонд нь нэг сувинер, нэг кг гурил, нэг кг чихэр байсан гэнэ. Ийнхүү арга хэмжээгээ өндөрлөж бэлгээ тарааж дуусаад хүмүүсээ гаргах үеэр 83 настай өндөр настан олны хөлд дарагдаж, ухаан алдан унажээ. Яаралтай түргэн тусламж ирсэн ч аль хэдийнэ амьсгал хураасан байсан гэн. Талийгаач 53 настай хүүгийнхээ хамт явж байсан гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын нэгнээс сайжруулсан түлшийг хямдралтай худалдаална

Энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглоно.

Харин сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн хямд үнээр иргэдэд нийлүүлэх юм. Ингэснээр өтгөн хорт утаа багасч, агаарын бохирдлыг тодорхой хувиар бууруулна гэж үзэж байгаа юм.

“Эрдэнэс таван толгой” компанийн дэргэд таван толгойн түлшний үйлдвэр баригдсан. Улаанбаатар хотын иргэдийг энэ үйлдвэр шахмал түлшээр хангах бөгөөд ингэхийн тулд 300 орчим мянган тонныг нөөцлөх шаардлагатай. Ирэх 10 сар хүртэл тасралтгүй үйлдвэрлэл явагдаж, иргэдийг дулаан байлгах түлшээ бэлтгэх юм. Харин энэ хэмжээний түлш хадгалах байр савны хувьд асуудалтай байгаа ажээ.

Тийм учраас ирэх зургадугаар сарын нэгний өдрөөс эхлэн борлуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ үнийг нь хямдруулна. Өөрөөр хэлбэл, өвөл хэрэглэх түлшээ зун нь бэлтгэх айл өрхүүд илүү хямд үнээр түлштэй болох боломжийг олгохоор төлөвлөжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Анхбаяр: Миний зорилго биелээгүй байхад шантрах эрх надад байхгүй

Аэрибикийн спорт сүүлийн жилүүдэд Монголд эрчимтэй хөгжиж байгаа. Энэ спорт нь удахгүй олимпийн төрөлд багтаж магадгүй. Дэлхийн таван тивийн 100 гаруй улсад хөгжсөн байвал олимпид багтах магадлалтай. Тиймээс тус спорт хэдэн оронд хэр зэрэг хөгжилтэй байгааг судалж байна. Дээрх шалгуурыг хангасан бол олимпийн төрөлд багтана. Ингээд саяхан аэробикийн спортын дэд мастер цолны болзлыг хангасан тамирчин Б.Анхбаяртай ярилцлаа. Тэрээр Ататуркийн нэрэмжит Тавдугаар сургуулийн 10Д ангид сурдаг юм.

-Аэробикийн спортоор хэзээнээс эхэлж хичээллэсэн бэ?

-Би 2012 оноос энэ спортоор хичээллэж эхэлсэн. Гуравдугаар ангиасаа. Энэ хугацаанд олон улсын болон улс, хот дүүргийн аварга болж, хамгийн сүүлд өнгөрсөн оны 11 дүгээр сард БНСУ-ын Сөүл хотноо болсон олон улсын тэмцээнээс гурвалсан төрлөөр алт, ганцаарчилсан төрлөөр хүрэл медаль хүртсэн. Түүгээрээспортын дэд мастер цолны болзлоо хангаад байгаа.

-Аэробикийн спортын онцлог юу вэ?

-Ер нь ганцаарчилсан, хос, гурвал, баг, стептэй аэробик гээд нэг тамирчин хэд хэдэн төрөлд оролцож, нэг тэмцээнээс олон медаль авах боломжтой. Мөн багаар ажиллах чавдар, тэсвэр тэвчээр, хатуужил суулгадаг. Хөдөлгөөний маш сайн эвсэлтэй болдог. Энэ спортоор хичээллэдэг хүмүүс ямар ч бүжгийг маш амархан сурч чаддаг.

-Анхны гараа хаанаас эхэлж байв?

-Би нэг хоёрдугаар ангидаа ХУД-ийн 34 дүгээр сургуульд сурч байсан. Гуравдугаар ангидаа Нийслэлийн ЧД-ийн Ататуркийн нэрэмжит Тавдугаар сургууль руу шилжсэн. Тэр цагаас энэ спортоор хичээллэх үүд хаалга нээгдсэн. Тавдугаар сургуулийн аэробик гимнастикийн багш Ш.Оюунчимэг багшийн шавь болж, тэр цагаас хойш тасралтгүй хичээллэж байна. Тавдугаар сургууль аэробик гимнастикиар улс хот дүүрэг, олон улсын тэмцээнд тасралтгүй оролцдог. Ш.Оюунчимэг багш маань маш сайн багш. Эхлэлийг зөв тавьж өгсөнд үнэхээр их баярладаг. Бид өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Өвөр Монголд очиж, зургаан сар хамтарсан бэлтгэл хийгээд 10 дугаар сард ирсэн.

-Хамтарсан бэлтгэл хийхэд тамирчин хүний хувьд хэр өсөж дэвжих боломж олгодог юм байна?

-Бэлтгэлээс өөр юу ч хийдэггүй. Өдөр шөнөгүй зөвхөн бэлтгэлээ л хийж байгаа болохоор тамирчин хүний хувьд чадвар сайн нэмэгддэг юм байна лээ. Бэлтгэлээс өөр юу ч бодох зав чөлөө ч бараг гардаггүй. Хувь хүний чадвар тэсвэр тэвчээр их нэмэгдэж, юмыг бас нэгэн өөр талаас нь харах нүд нээгддэг юм байна лээ.

-Хоёр улсын тамирчдын хооронд ялгаа байв уу? Хэр найзууд болов?

-Манай тамирчид илүү биеийн хөгжил болон чадвар сайтай санагдсан. Нөхөрсөг тоглолт, бэлтгэл цуг хийх үед Монголын тамирчид илүү тэсвэр хатуужилтай, чадвартай харагдсан. Тэндхийн хүүхдүүд их найрсаг, сайхан зан харилцаатай юм билээ. Тиймээс олон сайн найзтай болсон. Мөн их чармайлт сайтай. Бид нэг юм илүү хийж чаддаг бол тэрийг чинь сурья, заагаад өгөөч гээд өөрсдийн хичээл чармайлт их гаргадаг. Бид ч бас зөрүүлээд тэрийгээ зааж өг гээд хамтарсан бэлтгэлийн шим их байлаа. Чадахгүйгээ сурч, чаддагаа заагаад сайхан байсан.

-Урд нь Монголдоо тамирчид бөөнөөрөө кемпид гарч зөндөө бэлтгэл хийж байсан байх. Ер нь өөр оронд очоод бэлтгэл хийх, хөдөө бэлтгэл хийхийн ялгаа ямар байдаг юм байна?

-Өвөр Монголд ар гэрийнхнээсээ хол болохоор гэрийнхнээ санана. Найз нөхдөө санана. Тэр нь жаахан дарамттай байсан. Монголд бол тамирчдын бэлтгэлийн цаг бага, заримдаа заал олдохгүй. Кемпид гарсан ч бэлтгэлээ өдрийн зургаан цаг хийгээд үлдсэн цагт нь чөлөөтэй байдаг.

-Өвөр Монголд очоод дасан зохицоход хэр хугацаа оров? Хоол тамирчдын байр хангамжийн хувьд хэр байсан бэ?

-Санасныг бодоход их хурдан дасан зохицсон. Нэг хэвийн байдлаар л зургаан сар боллоо. Нэг л маршруттай. Тэр нь нэг бодлын их амар байж. Монголоос 30 гаруй тамирчин очсон. Хангамжийн хувьд тааруухан. Нэг жижигхэн өрөөнд арвуулаа байрладаг. Хоолны тухайд ногоо ихтэй. Бид нар шиг маханд дуртай хүмүүст эхэндээ хэцүү. Сүүлдээ ч дасдаг юм байна лээ.

-Ганцаарчилсан болон баг, гурвал гээд бүх төрөлд ороход ялгаа юу байдаг вэ? Давуу болон сул талууд юу байх уу?

-Ганцаарчилсан төрөл бол өөрөөс шалтгаалах бүхнээ хийдэг. Өөрийн чаддаг мэддэг бүх зүйлээ гаргана. Өөрт тохирсон комбинациудыг зохиож, нэг минут гучин секунтын хугацаанд бүхнээ гаргадаг. Тэр нь надад их таалагддаг. Багаар бол таван гишүүн янз бүрийн чадвартай байна. Хэрэв нэг нь нөгөөдүүлээсээ жаахан сул байвал тэр хүний темп, чадварт бусад нь тааруулж хийнэ. Тийм болохоор оноо буурч, медаль авах боломж буурах магадлалтай болдог. Харин бүгд нэгэн жигд сайн байвал багийн төрлөөр хийх хөдөлгөөнүүд олон сонголттой байдаг учир сайн баг байх нь чухал. Багийн гишүүд бүгд сайн байвал илүү хүчтэй, өрсөлдөөнтэй ширүүн байдаг л даа.

-Анхны багш Ш.Оюунчимэгээс эхлээд хэдэн багшийн гар дамжив? Багш нарын сургах арга барил хэр ялгаатай байдаг юм байна?

-Ш.Оюунчимэг багштай 2017 оныг хүртэл хичээллэсэн. Дараа нь Лайт клубын Мөнх-Оргил багштай хичээллэж эхэлсэн. Ш.Оюунчимэг багш их шахдаг. Байнга өсөн дэвжихийг шаарддаг. Чадахгүй байгаа хөдөлгөөнийг цаг үргэлж давтуулна. Тэгэсээр байгаад л нэг л мэдэхэд сурчихсан байдаг. Их мундаг багш. Энэ спорт өөрөө байнга өсөн дэвжихийг шаарддаг. Шинэ шинэ хөдөлгөөн комбинацыг өдөр бүр сурах шаардлага гардаг. Тэгэхээр өсөн дэвжих нь хурдацтай байна гэсэн үг.

-Чиний хувьд үлгэр дуурайлал авдаг хүн хэн бэ?

-БНСУ-ын тамирчин Кун Мин Гогоос үлгэр дуурайл авдаг. Бичлэгийг нь үзэж, хөдөлгөөнийг дагаж хийдэг. Чадвартай сайн тамирчдыг бичлэгээс бас их зүйл сурдаг шүү.

-Ирээдүйн зорилго юу вэ?

-Аэробикийн спорт олимпийн төрөлд ороосой гэж боддог. Тэгвэл Монголын тамирчид энэ төрлөөр эх орныхоо далбааг олимпийн тэнгэрт мандуулна гэдэгт итгэлтэй байдаг. Мэдээж тамирчин хүн олимпийн тэнгэрт эх орныхоо далбааг мандуулах нь ганц зорилго нь байдаг. Цаашид улсынхаа нэрийг олон улс тив дэлхийд гаргах зорилготой байгаа. Манай улсын тамирчид энэ төрлөөр Азийн аварга, Дэлхийн хүрэл медаль хүртсэн. Энэ нь цаашид дээшлэх боломжтой.

-Тамирчин хүний хувьд тулгамддаг зүйл нь мэдээж олон улсын тэмцээнд явахад зардал мөнгө хувиасаа гаргадаг болхоор хүнд тусдаг байх?

-Тийм шүү. Ялангуяа манай улс олимпийн төрөлд ордоггүй спортуудаа орхигдуулдаг. Энэ нь буруу хандлага. Спорт бүр хөгжиж олимпийн төрөлд орох магадлал байдаг. Аэробикийн спорт ч гэсэн олимпийн төрөлд багтах магадлал өндөртэй байгаа. Тиймээс бүх спортыг дэмжиж, ивээн тэтгэж, спорт заал, хэрэглэл хэрэгслүүдээр дэмжиж туслах ивээн тэтгэгчүүд олон байгаасай гэж хүсдэг. Хүмүүст нэг буруу ойлголт байдаг. Аэробик эмэгтэй хүүхдийн спорт гэдэг. Хэд хоног хичээллэчихээд охины спорт гээд эрэгтэй хүүхдүүд ч их хаядаг санагддаг. Тийм биш шүү. Харин ч бие бялдрын жигд хөгжил, эрэгтэй хүүхдэд байх бүх чадварыг суулгадаг. Эцэг эхчүүд эрэгтэй хүүхдүүдээ аэробикийн спортоор хичээллүүлж, олон тамирчинтай болох тусмаа өрсөлдөөн ширүүсэж, сайн тамирчин төрөх магадлал өндөр болно шүү дээ.

-Аэробикийн спортоос өөр сонирхдог зүйл бий юу?

-Хөлбөмбөг сонирхдог. К.Роналдог шүтдэг. Хувь хүний хувьд ч тэр, тамирчин хүний хувьд ч тэр мундаг хүн.

-Өдрийг хэр завгүй өнгөрөөх үү? Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Хичээл, бэлтгэл гээд өдөртөө зав хомс байдаг шүү. Сүүлийн үед давхар фитнест явж байгаа. Тиймээс бүр л зав бага болсон. Өглөө 07:00цагт гэрээсээ гараад орой 19-20 цагийн үед л гэртээ ордог. Мөн зургаан сар урд байсан хугацаан дах хичээлээ нөхөх, тэмцээн уралдаантай байх үед чөлөө авсан хичээлүүдээ нөхөх гээд давтлага хийж байгаа. Ихэнх уралдаан тэмцээн амралтын өдрүүдээр болдог болохоор амралтын өдөр ч амрах боломж хомс байдаг шүү. Гэхдээ ингэж завгүй байх нь надад таалагддаг. Залуу хүн завтай байх нь эмгэнэл гэдэг биз дээ. /Инээв/ Чөлөөт цагаараа хөлбөмбөг л тоглодог. Гэхдээ тоглох цаг нь бас ховор л доо.

-Бэлтгэлээ тасалж байв уу? Шантрах үе гардаг уу?

-Тасалж үзээгүй ээ. Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд чөлөө авна. Тэгэхдээмаш ховор л доо. Нэг удаа хөлөө гэмтээгээд хэд хоног хичээлдээ явж чадахгүй, бэлтгэлээ хийхгүй өнжсөн. Хийх юм олдохгүй ёстой хэцүү юм билээ. Дахиж л бэртэж болохгүй юм шүү л гэж бодсон. Одоохондоо би дөнгөж 10 дугаар ангийн сурагч. Миний зорилго биелээгүй байхад шантрах эрх надад байхгүй.

Categories
мэдээ нийгэм

Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 29-нд нийт нутгаар цас орж, салхи 16-18 м/сек хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Иймд:

Малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа
алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй
орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах,

Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин
хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний
улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

Тиймээс жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн
найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай
зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн
байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Төгсцогт 11 дэх ялалтаа байгуулж, IBO холбооны аварга боллоо

Н.Төгсцогт мэргэжлийн боксын IBO холбооны аварга боллоо

Мэргэжлийн боксын 10 тулаанд 10 ялсны 9-ийг нь
нокаутаар ялаад байгаа Монгол Улсын гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт өнөөдөр өрсөлдөгч Доминиканы БНУ-аас
гаралтай Клаудио Маррерог 12 үеийн турш давамгайлан ээлжит ялалтаа байгууллаа. Түүний өрсөлдөгч Марреро мэргэжлийн боксын дэвжээнд
23 тулаан хийснээс 2-т нь ялагдсан, 17 тулааныг нокаутаар дуусгаж байсан юм. Тэр хамгийн сүүлд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 29 ялалттай босоо
явсан Мексикийн Хорхе Лараг 33 секундэд нокаутаар ялж байсан. Өнөөдрийн тулаан Төгсцогтын хувьд маш чухал байсан. Учир нь Төгсцогт, Марреро нарын хэн ялсан нь IBO холбооны 57.2 кг жингийн
дэлхийн аварга цолыг эзэмшиж, цаашлаад WBC холбооны дэлхийн аварга цол,
бүсийн төлөө тулалдах эрхтэй болж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан билээ.

Тодруулбал, нэгдүгээр сарын 27 буюу өнөөдөр СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.

Үүнд: 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл орно.

Дээрх дугаарын хязгаарлалт нь 10:00-20:00 цагийн хооронд үйлчилнэ.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд “Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний баруунаас зүүн чиглэлд 08:00-17.00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авч байна.
Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ЭМГ-ын аж:илчид нэг өдрийн цалингаараа эмнэлгүүдэд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хандивлалаа

НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өчигдөр болов. Хурлын хүрээнд 2019 онд эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн тусламж, үйлчилгээнд анхаарах асуудлууд, өдрийн хими эмчилгээнд шаардагдах эмийн эмчилгээний төсвийн талаар Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр танилцууллаа.

Мөн томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэг, орны зохицуулалт, дэмжлэгт хяналтын талаар Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа мэдээлэл хүргэсэн бол, амьсгалын замын халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлт бүлгийн хүн амыг зохих стандарт шаардлагад нийцсэн амны хаалтаар хангах тухай болон харьяа байгууллагуудын жилийн эцсийн стастистикийн тайлан, шуурхай хурлаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн хурлаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа харвалтын дараах сэргээн засах эмчилгээний нэгж болон нярайн эмгэг судлалын тасгийг нээн ажиллуулах нөхцөл боломж хэр байгаа талаар зарим дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн дарга нарын саналыг сонслоо. Мөн уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөс гадна хоол, архины хордлого, осол гэмтэл зэрэг эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмжийг иргэд, олон нийтэд эрчимтэй хүргэж ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад даалгалаа.

Дашрамд дуулгахад амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын нийт албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлаж, хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй зарим эмнэлэгт ХЕПА шүүлтүүр бүхий 16 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг гардуулж өглөө.

Тухайлбал хүүхдийн 70 ортой тасаг нээн ажиллуулж буй Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд 8 ширхэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд тус бүр 4 ширхэг төхөөрөмж өгсөн юм. Мөн энэ үеэр “Мон тө бэ” хувийн эмнэлгийн их эмч Ч.Энхтуяа болон түүний гэр бүлийн зүгээс хүүхдийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч төхөөрөмж хандивласныг СХД-ийн эрүүл мэнд төвд хүлээлгэн өгч байна.

Агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хэрэглэснээр гадаад болон дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлэх төдийгүй хүүхдийн эмчилгээнд эерэг нөлөө үзүүлэх юм. Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийн төлөө энэхүү ажлыг дэмжин, өөрсдийн хэмжээнд үйл ажиллагаа болгон үргэлжлүүлэхийг НЭМГ-аас нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад хандан уриалж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
гадаад мэдээ

НҮБ сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлнэ

Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт бие даасан, олон улсын мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэхээр болсон тухай НҮБ баасан гарагт мэдээлэв.

Хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хуульч, шүүхийн эмгэг судлаач Агнес Калламард ирэх долоо хоногийн даваа гарагт Туркт очихоор болжээ. Саудын Арабын Засгийн газрыг шүүмжлэгч нэгэн байсан Ж.Хашогги өнгөрсөн оны 10 дугаар сард Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт амиа алдсан билээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан Саудын Арабын прокурорын газар 11 хүнд ял тулгаж, тавд нь цаазын ял ногдуулаад байгаа юм. Гэсэн хэдий ч НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан байгууллага шүүхийн энэхүү шийдвэрийг шударга бус хэмээн үзсэн байна.

А.Калламард мөрдөн шалгах ажиллагааны талаархи тайлангаа ирэх зургадугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлэх төлөвтэй байгаа ажээ.

Сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгт Саудын Арабын төрийн хэргийг хяналтдаа байлгадаг угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман холбоотой байж магадгүй гэх таамаглал олон нийтийн дунд тархаад байгаа юм.

Харин Саудын Арабын Засгийн газар энэ мэдээллийг үгүйсгэсээр байгаа бол хэргийн үнэн мөнийг илрүүлэх мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Туркийн засаг захиргаа олон улсад уриалсаар байгаа ажээ.