Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачиллаа

УИХ, эрх баригч нам, улстөрчид маш хариуцлагагүй, амлалтаа биелүүлдэггүй, хууль зөрчдөг бөгөөд сонгогчид сонгосон гишүүндээ хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалтгүй явсаар ирсэн билээ. Түүнчлэн өнөөгийн улс төрд үүсээд буй нөхцөл байдал болон иргэдээс ирсэн санал гомдлыг үндэслэн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилснаа УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээллээ.

Тодруулбал, тухайн тойргийн нийт сонгогчдын 1/3 нь санал гаргаж, гарын үсгээр баталгаажуулбал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль эрх зүйн боломжийг бүрдүүлж байгаа аж. Ингэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга иргэдийн уг саналыг байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаан дээр уншиж танилцуулснаар хууль хэрэгжиж эхлэх юм байна. Өөрөөр хэлбэл, сонгогчид УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санаачилга гаргасан бол уг асуудлыг чуулганаар хэлэлцэж, гишүүдийн саналыг авч батлах шаардлагагүй ажээ.

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн

6.6-д гишүүний бүрэн эрх энэ хуулийн 6.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болно хэмээн заахдаа

  • 6.6.1. нас барсан;
  • 6.6.3. гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
  • 6.6.4. хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
  • 6.6.5. Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
  • 6.6.6. гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд хэмээн хуульчилсан байдаг ч Дэгийн тухай хуульд давхар тусгаагүй байдгийг С.Эрдэнэ дурдав.

Тиймээс УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйл буюу “Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам”-д “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай” нэмэлт заалт оруулахаар санаачилсан байна.

Ингэхдээ дээр дурдсан Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 6.6-р заалтуудад дурдсан үндэслэлүүдээс гадна сонгогчдын 1/3-ын гаргасан санал гарын үсгээр баталгаажвал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, Байнгын хорооны дарга УИХ-ын чуулганы хуралдаан дээр уншиж танилцуулснаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ зэрэг заалтуудыг оруулж байгаа аж.

Мөн Сонгуулийн тухай хуульд холбогдох заалтыг оруулах юм байна. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахаар санал гаргаж, гарын үсэг зурсан иргэдийн жагсаалтыг хамгийн сүүлд болсон сонгуульд санал өгсөн иргэдийн нэрстэй тулгаж, 60 хоногийн дотор баталгаажуулж өгөх үүрэг хүлээх аж.

С.Эрдэнэ “Монгол Улсын Их хурлын 2016 оны сонгуульд сонгогдсон 76 гишүүний 65 нь МАН-аас сонгогдсон. Тэднээс нэг гишүүн нь хүчиндэх гэмт хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Үлдсэн 64 гишүүний 1/3 орчим хувь нь авлигын гэмт хэрэг буюу ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй зээлийг албан тушаалаа урвуулан ашиглаж авсан асуудалд холбогдоод байгаа.

Монгол Улсын ерөнхий прокуророос албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-д оруулсан боловч уг саналыг хүлээн авахаас татгалзаад байгаа. Энэ нь УИХ-ын гишүүн бусад гишүүддээ шударга ёсны болон хууль зүйн хариуцлага хүлээлгэх чадамжгүй болоод буйн тод жишээ” гэдгийг онцолсон юм.

Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа олон үндэслэлд тулгуурлаж, олон оронтой харьцуулсан судалгаанд үндэслэн боловсруулсан гэдгээ АН-ын дарга С.Эрдэнэ хэлсэн.

Тухайлбал, Канадад сонгуульд санал өгсөн иргэдийн 25 хувь нь гарын үсэг зурсан бол сонгогдсон төлөөлөгчийг эгүүлэн татаж болдог бол Их Британид 10, Австралид 10, БНХАУ-д 30, Беларусьт 20 хувь гэгчлэн хуульчилсан байдаг байна.

Categories
мэдээ улс-төр

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 1995 онд төрсөн Номуундарь гэдэг охинд шилжсэн гэв

УИХ-ын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд “Өнгөрсөн Баасан гарагт УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байсан ч янз бүрийн шалтгаанаар хэлэлцсэнгүй. Үүнд иргэд маш их бухимдаж байгаа. Бухимдсан иргэдээс 11 хүн улс төрийн өлсгөлөнд шилжсэн. 60 гаруй цаг өлсөж байгаа учир зарим настай хүний биеийн байдал нь сайнгүй байгаа. Гэсэн ч иргэний эрхээ эдэлнэ гээд өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна.

Маргааш бидний тэмцэл ялалтад хүрнэ. Хэрвээ маргааш ямар нэгэн шалтаг шалтгаан гаргах юм бол бид улс төрийн хурцын хурц тэмцэлд шилжихэд бэлэн байна. Өлсгөлөн зарласан 11 иргэний гэрээслэл, өргөн бичгийг УИХ-ын даргад өнөөдөр гардуулна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Бидний таван гишүүн “Баялагтаа эзэн Монгол” гэдэг бүлэг байгуулж байгаагаа мэдэгдэж байна. Маргааш УИХ-ын даргыг чөлөөлнө. Дараа нь хууль, шүүхийн байгууллагад реформ хийнэ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “Баялагтаа эзэн Монгол” бүлэг албан ёсоор байгуулагдсаныг мэдэгдлээ. Энэ бүлэгт бидний таван гишүүнээс гадна Д.Мурат гишүүн нэмэгдэж байгаа. Мөн Б.Энх-Амгалан гишүүн нэгдэхээ илэрхийлсэн. С.Жавхлан гишүүнийг нэгдэнэ гэж итгэж байгаа. Урилга явуулсан.

Сүхбаатарын талбайн урд, ногоон байгууламжтай хэсгийг гадны компанид өгсөн гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Үүнийг шалгана.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой бичиг ирсэн. Үүнийг нягталж үзэхэд үнэн болж таарсан. Чингэлтэй дүүргийн нотариат дээр хувьцаа худалдах болон эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байгааг олж мэдсэн. Үүнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад өгсөн.

400 орчим сая ам.долларын үнэтэй Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 40 сая ам.доллараар 1995 онд төрсөн Номуундарь гэдэг охинд Сингапурын бүртгэлтэй компанид шилжүүлсэн. Ингэснээр Эрдэнэтийн 49 хувь Монгол Улсын хуулиас гараад явчихна. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын тогтоол хэрэгжих ямар ч боломжгүй болж байна.

Хэрвээ Эрдэнэтийн 49 хувь Сингапурын компанид очих юм бол Оюутолгойтой адилхан зүйл болно.

Төв талбайд гэр барьснаас урагш буюу ногоон байгууламжтай газар хувийн компанийн өмч болсон байна. Үндсэндээ Эрдэнэтийн 49 хувийн авсан бүлэглэл үүнийг хийсэн. Тэр талбайд барилга барих зураг нь хийгдчихсэн байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Наймаас дээш гишүүнтэй УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан бүлэг. Нөгөө нь лобби бүлэг. Сүхбаатарын талбай дээр суулт, өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс бол өөрсдийн сайн дураар зарлаж байгаа. УИХ-ын гишүүд бид Мягмар гараг хүртэл тэвчээч гэж ятгасан. Иргэд М.Энхболдыг огцорно гэж итгэхгүй байна. Тиймээс бид өлсгөлөн зарлаж байна гэсэн. Хэрэв маргааш УИХ-ын дарга огцрохгүй бол бид таван гишүүн иргэдтэйгээ хамт өлсгөлөн зарлана.

Одоогийн байдлаар нийт 11 хүн өлсгөлөн зарлажээ. Тэднээс н.Баатарсүрэн н.Нанжмаа нарын биеийн байдал өчигдөр оройноос тавгүйтэж эхэлсэн аж. Тэдэнд эмнэлэгийн хяналтад өлсгөлөнгөө үргэлжлүүлэх санал тавьсан ч эмнэлэгт гэрээслэлээ бичээд буцаад суулт зарлаж байгаа гэрт очсон байна.
Categories
мэдээ нийгэм

Он гарсаар түймэрт зургаан том хүн, хоёр хүүхэд өртөж амиа алдсан

Он гарсаар 491 удаагийн объектын гал түймэр бүртгэгдээд байна. Түймэрт зургаан том хүн, хоёр хүүхэд өртөж амиа алдсан бол дөрвөн том хүн, нэг хүүхэд түлэгдэж гэмтсэн байна.Өчигдөр хувийн өмчид гал гарсан тухай есөн дуудлага бүртгэгджээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 хорооны 19-р байрны хогийн сувагт хог шатсан дуудлагын дагуу алба хаагчид ажиллалаа. Гал түймрийн утаажилтын бүсээс есөн хүүхэд, 18 том хүнийг гаргасан байна. Мөн тус дүүргийн 14-р хорооны 13-р байранд хогийн сувагт хог шатаж утаажилтын бүсээс 14 хүнийг гаргажээ.

Түүнчлэн байшин, машин, лангууны бараа шатсан дуудлагууд ч бүртгэгджээ. Иймд айл өрх, албан газруудыг галын аюулгүй байдлыг сайтар сахихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймгийн Улсын аварга малчны шагнал гардуулав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн малчин Шагдарын Батбаатарт “Улсын аварга малчин” цол тэмдэг, өргөө цагаан гэр, гарын бэлгийн хамт гардуулж өгөв. Улсын аварга малчин Ш.Батбаатар нь Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1959 онд төрж, 1976 оноос Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн илгээлтээр “Алтан тал” нэгдлийн Сүмбэр бригадад хоньчноор ажлын гараагаа эхэлж өдгөө мал маллан амьдарч байна.

Тэрбээр малын сүргийн бүтэц чанарт гол анхаарлаа хандуулж, сүрэг дэхь хээлтэгч малын тоогоо тогтмол өсгөж, бог малд 56-58 хувь, бод малд 42-46 хувьд хүргэж, Мал эмнэлэг үржлийн албаар баталгаажуулсан жишигт тэнцсэн хээлтүүлэгч тавьж, хонио Барга омгийн хуцаар, ямаагаа Баяндэлгэр омгийн ухнаар сайжруулсан байна.

Жилд хүлээж авах төлийн тоогоо тогтмол өсгөж, малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлж, саалийн хугацаанд монгол үнээнээс 330 литр сүү, нэг ямаанаас 320гр ноолуур, нэг тэмээнээс 5,2кг ноос, нэг хониноос 1,2кг ноос авч борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлж жилд дунджаар 130 гаруй сая төгрөгийн орлого олдог байна.

Залуу малчдыг бэлтгэж, амжиргааг дэмжихэд хувь нэмрээ оруулж сүүлийн гурван жилд гурван өрхийг 682 толгой малаар малжуулжээ. Бэлчээрийг хувиартай ашиглах, зуслан, намаржааны газрыг өнжөөх, сэлгэх аргаар даацыг нэмэгдүүлэн, бэлчээрийн хортон мэрэгчийн тархалтаас сэргийлж шувууны суулт хийж бэлчээрээ хамгаалах гэх мэт төрөл бүрийн аргыг хэрэглэж, 90-113 тн өвс, гар тэжээл 0,4-0,8 тн, 5-7 тн хужир шүүг бэлтгэн жилд 3-4 нүүдэл хийж, малаа зөвхөн мориор маллахыг эрхэмлэдэг аж.

Ш.Батбаатар нь мал аж ахуйн үйлдвэрлэлд хувийн амжилттай ажиллахын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарлан сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, албан байгууллага, хувийн аж ахуй нэгж, иргэдийг төрөл бүрийн хэлбэрээр дэмжиж хандив, тэтгэлэг хэлбэрээр хөрөнгө оруулалт хийдэг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын буцаан олголтыг Монгол банкинд шилжүүлээгүй байгаа гэв

2018 оны НӨАТ буцаан олголтыг 2019 оны нэгдүгээр сард багтаан олгох болсон талаар холбогдох албаныхан мэдээлсэн. Энэ дагуу Татварын ерөнхий газар мэдээлэл, судалгаагаа нэгтгээд Сангийн яаманд хүргүүлээд байгаа аж. Харин одоо Сангийн яам санхүүжилтээ Монголбанкинд шилжүүлчих ёстой юм. Ингэснээр НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжих боломж бүрдэх юм. Гэвч одоогоор Сангийн яам НӨАТ-ын буцаан олголтын санхүүжилтийг Монголбанкинд шилжүүлээгүй байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа

УИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргадаг Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаар гарчээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлсэн байна. Дээрх хуульд “УИХ-ын гишүүдийн олонх Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг УИХ-д албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг нэн яаралтай дэгээр хэлэлцүүлнэ” гэсэн заалт шинээр оруулсан юм. Мөн дугаарт УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийбүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай болон ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улаан гишүүнийг томилох тухай тогтоолыг нийтэлжээ. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг нийтэлсэн байна. Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй” хэмээн заасан нь Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн дүгнэсэн байна. Энэ заалт нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.” гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн зохицуулалт хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэжээ.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ “Цээжний хөндийн гэмтлийн тогтворгүйтлийг эмчлэх” мэс заслын аргыг нэвтрүүлэв

1ГССҮТ-ийн эмч нар “Цээжний хөндийн гэмтлийн тогтворгүйтлийг эмчлэх” мэс заслын аргыг нэвтрүүллээ. Тодруулбал, тус төвийн Хавсарсан гэмтлийн тасаг 2018 оноос цээжний хэнхэрцгийн тогтворгүйтлийг бэхлэх шинэ эмчилгээний технологийг нэвтрүүлж буй юм. Мөн эмч, сувилагч нарын багийг сурган дадлагажуулж байгаа юм.

Энэхүү мэс заслын давуу тал нь:
-Цээжний хэнхэрцгийн бүрэн бүтэн байдлыг сэргээнэ.
-Өвчтөний хөдөлмөрийн чадварыг сайжруулж амьдралын чанарыг сайжруулна.
-Өвчтөний эмнэлэгт хэвтэх ор хоног багасч амьдралын чанар сайжирч эдийн засгийн хувьд улс орон болон хувь хүнд өндөр үр дүнтэй.
-Амьсгалын архаг болон эрт үеийн дутагдалаас өвчтөнг эрт хугацаанд гаргаж чаддаг аж.

Мэс засал хийсэн багийн бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор М.Гантулга, зөвлөх эмч, клиникийн профессор Ц.Цэнд-Очир, тэргүүлэх зэргийн эмч эмч П.Баярсайхан, ахлах зэргийн эмч Ц.Батбаяр, эмч З.Энхмандах, Х.Батдэлгэрэх нар багтжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагаан сараар бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөж байна

Хүний биеийн гадаргуу дээр өвчин үүсгэгч 4-5 төрлийн вирус байдаг. Тиймээс сар шинийн баяраар золгохдоо бага насны хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг тооцоолж үнсэлгүй зөвхөн духан дээр нь үнэрлэхийг НЭМҮТ-өөс зөвлөж байна. Учир нь томуугийн вирус амны хөндийгөөр дамжиж уушги гуурсан хоолой руу ордог. Бага насны хүүхдийн дархлаа сул байдаг. Үнсэх хүрэлцэхэд халдвар дамжих эрсдэл өндөр байдаг байна.

Сар шинийн баяраар хүүхдүүд хордлого, насанд хүрэгсэд нойр булчирхайн өвчинд ихээр өртдөг. Тэгвэл майонез, өндгөн бүтээгдэхүүнээр хутгасан зууш тодруулбал, нийслэл салат зэргийг тасалгааны температурт, ширээн дээр 3 цагаас илүү хугацаанд байлгахгүй байхыг зөвлөж байна. Мөн баярын шүүс болох чанасан ууц, өвчүүнд энэ хамааралтай аж.

Сар шинийн баяраар хүүхдийнхээ дархлаа сэргээх 8 цэгт гавар түрхэх, айлаас айл хооронд зочлохдоо гарыг нь угаах эсвэл бактери устгагч хэрэглэх, айлууд энэ нөхцөл бололцоогоор хангахыг зөвлөж байна. Мөн дотоод орчны бохирдол, тоосжилтоос сэргийлж, улавч хэрэглэх болон гадуур гутлаа үүдэнд тайлж орох нь хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Санамж ба зөвлөмж

Томчууд балчир хүүхдээ өхөөрдөн уруул дээр нь үнсэж байгааг харсан нэгэн ээж өөрт тохиолдсон сургамжит явдлаа фэйсбүүк хуудсаараа дамжуулж бусдад анхааруулсан байна. Тодруулбал, хомхой долоосон хүн бусдад вирусыг маш амархан халдааж болно. Хомхой долоосон үед болон цэврүү арилсны дараах хэд хоногт үнсэлцэх, аяга таваг дундаа хэрэглэх, хүрэлцэх байдлаар шууд халдана. Хомхой долоосон үед гараа байнга угаах хэрэгтэй бөгөөд цэврүүнд гараа хүргээд дараа нь нүдэндээ хүргэх тун аюултай аж. Тиймээс эцэг эхчүүддээ анхааруулахад хэрэв таныг хомхой долоосон бол хүүхдээ бүү үнсээрэй!

Эцэг эх бүр хүүхдээ хордуулах аюултай байдаг. Ялангуяа амьсгалын замын халдварт вирус (RSV) тээж байгаа үед хүүхдэд амархан халдварладаг байна. Энэ вирусээс болж нялх хүүхдүүдийн уушгинд нөлөөлж, амьсгалахад төвөгтэй болдог аж. Нярай хүүхдийн гуурсан хоолой маш нарийн байдаг агаад энэхүү вирусээр халдварласанаар гуурсан хоолой үрэвсэж амьсгалахад бүр л их хүндрэл үүсдэг байна. Цаашлаад уушиг үрэвсэлвэл насанд хүрэгчидийн ч амь насанд хөнөөлтэй.

Мөн л уруул дээр үнсч болохгүй шалтгаан бол таны хүүхэд ямар нэг хүнсний бүтээгдэхүүнээс харшилтай байлаа гэж бодоход тэр хүнсийг хэрэглэсэн зочин танай хүүхдийг үнсэхэд харшилийг нь өдөөж өгдөг байна.Түүнчлэн бид хэдэн зуун төрлийн химийн элемент нүүрэндээ наа_ сүрчиг ханхлуулчихаад хүүхдээ үнсч, хацраараа үрэн эрхлүүлдэг. Энэ нь зүгээр л нялх үрдээ арьсыг нь цочроох химийн элементүүд наачихлаа л гэсэн үг юм!

Нярай хүүхдийн шүд дөнгөж ургаж эхэлж буй үед эцэг эхчүүдийн буруугаас болж үрэвсэх үе бишгүй л гардаг. Гол шалтгаан нь эцэг эх болон бусад хүмүүсийн шүлсээр дамжуулан авсан нян, бактери хүүхдийн аманд орсноор буйлны үрэвсэл үүсгэдэг байна. Уруул дээр нь үнсэх, өөрийн идэж байсан аяга халбагаараа хүүхдэдээ хоол өгөх зэрэг нь энэ халдвар дамжих шалтгаан болдог. Мөн хүүхдийнхээ хоолыг хөргөх гэж үлээдэг хүмүүс аль болох шүлсээ үсчүүлэхгүй хүүхдийнхээ хоолыг хөргөхийг хичээгээрэй!

Дөнгөж төрсөн хүүхдийн дархлалын систем эхний хэдэн сардаа тун эмзэг байдаг. Хэдий пробиотикууд (probiotic) болон хөхөөр хооллох нь тэдний дархлалын системийг дэмждэг ч эхний хэдэн сар тун хэврэг байдаг аж. Нялх хүүхэд нь маш жижиг зүйлээс ч өвчин тусч болзошгүй тул бактерийн эсрэг савангаар гараа тогтмол угааж байх нь зүйтэй юм. Хэрэв та ханиад хүрсэн бол хүүхдээ үнсэх тухай бодоод ч хэрэггүй. Нялх хүүхдийн дархлалын систем тэдгээр ханиадтай тэмцэж чаддаггүй аж.

Гэдэсний вирус нь маш халдвартай байдаг тул энэ төрлийн вирустэй хүн хүүхдийг үнсэхэд л халдварлах эрсдэлтэй байдаг. Халдвар авснаар нялх хүүхдэд ходоод өвдөх, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Хамгийн аюултай зүйл нь хүүхэд шингэн алддаг ба энэ үедээ хөхөөрөө хооллож чаддаггүй аж

Categories
мэдээ спорт

Б.Батмагнай хүрэл медалийн эзэн боллоо

ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит 30 дахь удаагийн чөлөөт бөхийн Гран при тэмцээн ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 24-27-нд болсон бөгөөд эрэгтэйчүүдийн 65 кг-д ОУХМ Батчулууны Батмагнай хүрэл медаль хүртлээ. Азийн АШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Батмагнай, өсвөр үеийн Азийн аварга, “Хүч” спорт хороо, “Арслан” клубын тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга нар хүрэл медалийн төлөө барилдаж насаар ах, туршлагаар илүү Б.Батмагнай 4:2-оор яллаа. 30 дахь удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн зургаа, эмэгтэйчүүдийн найман жингийн барилдаан болоход Монголын бөхчүүд хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Авлига, хүнд суртлын мэдээллийг “Иргэний хяналтын төв”-д өгөх боломжтой

АТГ-аас төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, авлигын гэмт хэргийн талаар иргэдээс гомдол авах, мэдээлэл, сурталчилгаа өгөх “Иргэний хяналтын төв”-ийн дөрвөн салбарыг өнгөрсөн баасан гарагт нээлээ. Дүнжингарав худалдааны төв, Драгон, Мишээл экспо, 6 буудал дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд үйл ажиллагаагаа явуулах тус хяналтын төвүүдийг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нээсэн байна. Нээлтэд АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцов. Иргэний хяналтын төв нь Авлига, ашиг сонирхлын зөрчлийн улмаас иргэдэд учирч буй хүндрэл, бэрхшээлийг газар дээр нь шийдвэрлэхээс гадна зөвлөгөө мэдээлэл өгч, гэмт хэргийн шинжтэй өргөдөл, гомдлыг АТГ-т түргэн шуурхай шилжүүлэх, шийдвэрлэх арга хэмжээ авах юм. Цаашид Нийслэлийн есөн дүүрэг, Хангарди ордны нэг цэг, Улаанбаатар хотын гаалийн бүрдүүлэлт, 1, 2, 3 дугаар эмнэлэг, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ зэрэг гуравдугаар шатлалын эмнэлгүүд, АТҮТ-ийн нэг цэгт байгуулахаар төлөвлөж байна.