НИТХ-ын ээлжит XXI хуралдаан боллоо. Хуралдаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлого, хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан танилцууллаа.
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй байна. Нийслэлийн гэр хороололд 201474 айл өрх байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны 14 хороололд 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцны 1077 ш блок барилгад нийслэлийн нийт хүн амын 30 хувь буюу 45,462 өрх амьдарч байгаагаас “Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 70,3 Гкал/цаг дулааны эрчим хүчийг хэмнэнэ.
Угсармал барилгын дулаан, техникийн шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн хэмжээнд 148 барилгад 2011-2015 онд газар хөдлөлтөд тэсвэрлэх үнэлгээ хийсэн бөгөөд дулаалах барилга нь зайлшгүй тухайн үнэлгээнд хамрагдсан байна. Орон сууцны барилгыг дулаалснаар хэмнэсэн дулаанаар 9,404 айл өрхийн орон сууцыг төвлөрсөн дулаан хангамжид холбох боломж бий болно. Мөн барилга байгууламжийн дулаан алдагдал болон хүлэмжийн хий тодорхой хувиар буурч дулааны эрчим хүчний хэмнэлт гарна.
Нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцыг өргөтгөж хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр 2018 онд СХД, БГД, ЧД, СБД, БЗД 5 дүүргийн 23 хорооны нийт 21,362 айл өрхийг 4 кВт чадлын цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх шугам, дэд станцын өргөтгөл, шинэчлэлтийн 30 багц ажлыг хийж дууссан. Техникийн болон Улсын комисс ажиллаж байна. ЗГ-ын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаар тогтоолоор СХД, БГД, ЧД, СБД 4 дүүргийн нийт 23 хорооны гэр хорооллын 20602 айл өрхийг 4 кВт чадлын цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх 26 багц ажил хийгдэж байна.
2018 оны 2 дугаар сарын 28 ны Засгийн газрын 62 дугаар тогтоолоор нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Уг ажлын хүрээнд 180 халаалтын зуухны байгууламжид зуух ашиглалт, түүхий нүүрсний хэрэглээг хориглосон ЗГ-н 62 тогтоолыг сурталчилсан зурагт хуудас тараасан.
Түүхий нүүрс түлэхийг хориглосон тогтоолтой холбоотой Нийслэлийн Засаг даргын Захирамж гарсан. Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн зориулалтаар 10 га газар, сайжруулсан түлш түгээх нөөцлөх агуулахын зориулалтаар 8 байршилд газар шийдсэн байна.
Сайжруулсан түлшний үйлдвэр ашиглалтад оруулах төлөвлөгөөний дагуу MNS-5679-2014 стандартад нийцсэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх “Таван Толгой Түлш” ХХК –ны сайжруулсан түлшний үйлдвэр байгуулагдаж 2018 оны 11 дүгээр сарын 23нд нээлтээ хийсэн. Тус үйлдвэр нь Энержи Ресурс ХХК-ийн Ухаа худагийн уурхайгаас угаасан нүүрсийг тээвэрлэн авчирч боловсруулан сайжруулсан түлш үйлдвэрлэж байна.
Түлшний дэмжлэг туслалцаа шаардлагатай байгаа зорилтот бүлгийн айл өрхийн судалгаа гаргаж тэдгээр өрхүүдэд сайжруулсан түлш үнэгүй олгох ажлын хүрээнд Зорилтот бүлгийн 473 өрхөд 473 тн сайжруулсан түлшийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр олгосон. 2018-2019 оны өвөл зорилтот бүлгийн 1000 өрхөд сайжруулсан түлш олгохоор ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын А/562 дугаар захирамжийн дагуу “Улаанбаатар хотын нийтийн тээврийн том оврын автобусанд байгалийн шатдаг хийн түлш нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.
“Улаанбаатар байгалийн хий” ХХК нь Байгалийн хийн станц болон агуулахын газар дээр суурийн цутгалт хийгдэж байгаа ба тоног төхөөрөмжийг БНСУ болон БНХАУ-д үйлдвэрлэх процесс гэрээнд заасан хугацааны дагуу явагдаж, эхний тоног төхөөрөмж болон насосууд, түгээгүүрүүд, хийн шугам хоолойнууд тээвэрлэхэд бэлэн болсон ба хяналт, угсралт, туршилт, тохируулгыг хийхээр бэлтгэл ажил хийгдэж байна. Төслийн гол ажил болох Монгол улсын цаг агаарт нийцсэн байгалийн хийн технологи нэвтрүүлэхээр нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтнуудад технологийн туршилт тохируулга хийн, тоног төхөөрөмж үйлдвэрлэлт, тээвэрлэлт, угсралтын явцад хяналт тавьж, технологийн бичилт хийн ажиллаж байна. Автомашин хийгээр цэнэглэх станцыг 2019 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Улаанбаатар хотын ногоон байгууламжийн нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайн хэмжээг 2016 онд 2,4м.кв байсныг 2020 онд 2 дахин буюу 5м.кв болгон нэмэгдүүлнэ.
Монгол Улсын Их хурлаар батлагдсан “Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т нийцүүлэн нийслэл хотын гэр хорооллын чиглэлд авах арга хэмжээг 3 бүсчилж хувааж хөгжүүлэхээр тусган, тус бүрд нь авах арга хэмжээ, хүрэх үр дүнг тодорхой болгон “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг боловсруулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 27-ний 14/01 тогтоолоор батлуулсан.
Төвийн бүсийн гэр хороолол – Төвлөрсөн шугам сүлжээнд холбох техникийн шийдлийн хувьд боломжтой, хотын барилгажсан хэсэгтэй хил залгаа бүсийг дахин төлөвлөн барилгажуулан, өндөр давхрын орон сууц хороолол үйлчилгээний барилга байгууламж барьж байгуулна.
Дундын бүсийн гэр хороолол – Төвлөрсөн шугам сүлжээнд холбоход техникийн шийдлийн хувьд боломжгүй, хэсэгчилсэн шугам сүлжээгээр хангах боломжтой дундын бүсэд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх дэд бүтцийн төв төслийг хэрэгжүүлнэ.
Захын бүсийн гэр хороолол – Хотын захын хэсэг , харьцангуй өндөр бүсэд орших айл өрхийг байгаль орчинд ээлтэй өндөр, дэвшилтэт технологийн сэргээгдэх эрчим хүч, цахилгаан эрчим хүчинд суурилсан халаалтын систем, бие даасан бохирын системээр хангаж амьдрах нөхцөлийг сайжруулна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29, 12/43, 14/02 дугаар тогтоол, 2014 оны 19/23 дугаар тогтоол, 2018 оны 127 дугаар тогтоолоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайг баталсан. Тус батлагдсан 25 байршил 76 хэсэгчилсэн талбай нь 16,317 нэгж талбар бүхий 1516.6 га газрыг хамарч байгаа бөгөөд гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувийг эзэлж байна.
Одоогийн байдлаар батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 89,968 айлын 961 блок орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдсөн байна. Энэхүү 89,968 айлын орон сууц ашиглалтад орсноор гэр хорооллын 41.5 хувь орон сууцанд орох боломжтой болох юм.
Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд айлын газрыг чөлөөлж, 7,227 айлын орон сууц ашиглалтад оруулж, 1,712 нэгж талбарын газрыг чөлөөлж, орон сууцанд оруулан 5,001 айлын яндан буюу агаарын бохирдуулж буй эх үүсвэрийг байхгүй болгосон.
Нийслэлийн зүгээс 3 талт гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 117,3 тэрбум төгрөгийг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажилд зарцуулаад байгаа.
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж буй “Дэд бүтцийн төв” төсөлд хамрагдсан 280 айл өрхөөс 73 айлын байшин сууцыг дулаалгын аянд хамруулж, дулаан алдагдлыг багасгасан.
“Дэд бүтцийн төв”-ийг барьж байгуулах ажлыг Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрийн 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт хэрэгжүүлж байна. Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрийн 220 нэгж талбарыг хамарсан 280 айл өрхийг Дэд бүтцийн төвд холбоно. Төслийн талбайд хамрагдсан 280 айл өрхийг дулаан, цахилгаан, холбоо дохиолол, цэвэр, бохир усан хангамжаар хангана. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж буй “Дэд бүтцийн төв” төслийн инженерийн шугам сүлжээний эхний ээлжийн ажил, Дэд бүтцийн төвийн барилга угсралтын ажил хийгдэж дууссан. Эхний ээлжийн айлуудад инженерийн хангамжийг өгөх туршилтын ажил хийгдэж байна.
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж буй “Дэд бүтцийн төв” төсөлд хамрагдсан 280 айл өрхөөс 73 айлын байшин сууцыг дулаалгын аянд хамруулж, дулаан алдагдлыг багасгасан гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.