Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн боловсон хүчний хөгжлийг дэмжих зорилготой “УР ЧАДВАРЫГ БЭХЖҮҮЛЭХ” төслийн нээлт боллоо

Хөгжиж буй орнуудын боловсон хүчний хөгжлийг дэмжих, сургалтын бэлтгэгч багш нарыг бэлтгэх “Ур чадварыг бэхжүүлэх” төслийн олон улс дахь анхдугаар нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Төслийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга Х.Батхүлэг, Азийн хөгжлийн банзны Хот байгуулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн Арнауд Хэкманн болон бусад албаны төлөөлөл оролцсон юм.

Уг төсөл нь дэд бүтцийн төслүүдийн ашиглагдаагүй нөөц бололцоог нээж, ажлын байран дээр дадлагажуулах, Монгол улс дахь мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг: Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод “Мэдлэгт суурилсан ниймэг ба ур чадвартай Монгол хүнийг бий болгох зорилт” тусгагдсан байдаг. Энэ зорилтод хүрэхийн тулд Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байгаа. Үүний тулд багшлах боловсон хүчинг чадавхижуулах, техникийн баазыг өргөжүүлэх, мэргэжилтэй боловсрол сургалтын эрэлтэд нийцсэн тогтолцоог төлөвшүүлэх, үндэсний ажиллах хүчний хэрэгцээг мэргэжлийн ажиллах хүчээр хангах зэрэг үйл ажиллагааг шат дараалалтайгаар хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. ХБНГУ-ын хувьд энэ тал дээр байнга хамтарч ажиллаж байна. ХБНГУ-ын Холбооны Эдийн засаг хамтын ажиллагааны, хөгжлийн яам болон Азийн хөгжлийн банкны хамтарсан “Ур чадварыг бэхжүүлэх нь” төслийн эхлэл тавигдаж байгаад баяртай байна. Уг төслийн хүрээнд дэвшилтэт цахим арга хэрэгслүүдийг ашиглан хөдөлмөрийн зах зээлийн талаар дүн шинжилгээ хийх, мөн сургалтын эрэлт хэрэгцээ болсон нийлүүлэлтийн талаар нэгдсэн мэдээллийн бааз бий болгох замаар илүү баримтад суурилсан бодлого боловсруулах боломжтой болох юм. Энэ төсөл дэлхийд хоёрхон улсад хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдөр ийнхүү анхны нээлтийн үйл ажиллагаа Монгол улсад болж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: Монгол Улсад ХБНГУ-аас хэрэгжүүлж байгаа “Ур чадварыг бэхжүүлэх” төсөл нь Улаанбаатар хотод их хэрэгтэй төслийн нэг гэж харж байна. “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө 2020-2030”-ны хүрээнд гэр хорооллыг төвийн, дундын, захын гэсэн үндсэн гурван бүсэд хувааж хөгжүүлэхээр болсон. Захын бүсүүдийг хөгжүүлэхийн тулд сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийг хэрэгжүүлэх бодлого баримталж байгаа бол дундын бүсүүдэд хэсэгчилсэн инженерийн байгууламжийн ажлуудыг эхлүүлээд явж байна. 2018 онд Чингэлтэй дүүргийн 7-р хорооны 285 айлыг дэд бүтцэд холбож, Улаанбаатар хотыг нэг төвт биш олон төвт хот болгох зорилтыг тавиад ажиллаж байна. Мөн Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн ажил нилээн урагштай байна. Эдгээр томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийхэд хамгийн түрүүнд ур чадвартай боловсон хүчний нөөц маш их хэрэгтэй. Ур чадвартай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх нь томоохон бүтээн байгуулалтыг урагшлуулахад асар их нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. Тиймээс чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргах “Ур чадварыг бэхжүүлэх” төсөл Улаанбаатар хотод хэрэгжиж байгаад их баяртай байна.

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел: Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны Парламентын төрийн нарийн бичгийн дарга асан Ханс Йоахим Фухтел болон АХБ-ны ерөнхийлөгч Такехико Накао нарын 2016 оны 5-р сард Франкфурт хотноо зохиогдсон АХБ-ны 49 дэх удаагийн уулзалтын үеэр үзэглэсэн хамтарсан мэдэгдлийн хүрээнд “Ур чадварыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх эхлэл тавигдсан. Энэхүү төслийн анхдугаар нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр ийнхүү Монгол улсад болж байна. Бидний зүгээс энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагыг судлах, энэхүү зах зээл дээр тоглогч бүхий л талуудын хариуцлага, оролцоог нэмэгдүүлэхэд энэ төсөл ихээхэн ач холбогдолтой. Үүнээс гадна Монгол улс дахь мэргэжлийн боловрол сургалтыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр болно гэж харж байна.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороод хуралдана

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, 09.00 цагт эхлэх Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 11 асуудал хэлэлцэхээр товлосон байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтад УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төсөл болон Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зургаан тогтоолын төсөл багтжээ. Мөн УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тов, зардлын хэмжээг батлах тухай, 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт болон МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх юм.

Үдээс хойш буюу 14.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаарх ХНХ-ийн сайд, БСШУС-ын сайдын мэдээллийг сонсоно.

Хууль зүйн байнгын хороо 15.00 цагт хуралдаж, Өмгөөллийн тухай хуулийн төсөл , Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 29-нд болох үйл явдал

09.00 цагт МҮХАҮТ-д Монгол-Беларусийн бизнес уулзалт болно.

10.00 цагт Улсын хүүхэлдэйн театрт “Бид хүүхэлдэйчид” уралдааны Нэгдүгээр шатны шилдэг бүтээлүүдийн тоглолт болно. Утас: 80894004. 80232323

11.00 цагт Засгийн газрын VI байранд Санхүүгийн зохицуулах хорооноос “Санхүүгийн зах зээлийн тойм”-ыг танилцуулна. Утас: (51)-261611, 99818612

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д өмгөөлөгч Ц.Монгол байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцож буй хуулийн хариуцлагын талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Монголын үндэсний номын санд “Нохой жилийн тэргүүн ном” шалгаруулах ёслол болно. Утас: 94984565

13.00 цагт Нээлттэй нийгэм хүрээлэнд “Транспэрэнси Интэрнэшнл Монгол” байгуулагаас “Авлигын индекс 2018” тайланг танилцуулна.

14.00 цагт ЭМЯ-нд “Монголын Анагаахын Мэргэд” сангаас Эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг шалгаруулах ёслол болно.

Төрийн ордонд:

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хорооны хуралдана.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Улаан: Боловсруулсан бодлого, батлуулсан хуулиа бодитой хэрэгжүүлж, үр дүнд хүргэх л хугацаа үлдсэн байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаантай ярилцлаа.


-Таны хувьд сайдын ажлаа хүлээж аваад байгаа. МАН гарснаас хойших яамны үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар бол их өргөн хүрээтэй, том салбар юм. Хүн амыг аюулгүй хүнсээр хангах, газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх, хөнгөн үйлдвэр буюу боловсруулах аж үйлдвэрийг дэмжих, цаашлаад барилгын материал, ой модны боловсруулах үйлдвэр, нийтийн хоол, худалдаа, ахуйн үйлчилгээ гэх зэрэг салбаруудыг дэмжих бодлогыг хариуцсан том яам юм.

Монгол Улсын эдийн засгийн тэн хагас нь гэж хэлэхэд хилсдэхгүй байх гэж бодож байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний ашиглалтын аргаар тооцсон хэмжээг авч үзвэл ДНБ-ий 50 хувь нь энэ салбарт бүтээгдэж, бий болж байна. Тэгэхээр үнэхээр том салбар гэдэг нь харагдаж байгаа байх.

Өнгөрсөн сонгуулиас хойших хугацаанд яам хөгжлийн бодлого, бодлогыг дэмжих төсөл хөтөлбөр боловруулахад нэлээдгүй цаг хугацааг зарж ажиллажээ. Олон чухал асуудлууд шийдэгджээ. Маш чухал хуулиуд ч батлагдаж гарсан байна. Хуулийн хэрэгжилтийг иж бүрэн зохион байгуулахад чиглэсэн журам, дүрмүүдийг гаргах ажил хийгдэж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бодлого боловсруулах эрх зүйн зохицуулалтаа бий болгох асуудалд ихээхэн анхаарч, цаг гарган ажилласан гэдэг нь харагдаж байгаа юм.

-2020 оны сонгууль болоход тун бага хугацаа үлдээд байна. Энэ хариуцлагатай үед ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна вэ?

-Одоо Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа талаасаа илүү өнгөрчихлөө. Боловсруулсан бодлого, батлуулсан хуулиа бодитой хэрэгжүүлж үр дүнд хүргэх л хугацаа үлдсэн байна. Хөгжлийг дэмжих бодитой ажил хийх л цаг хугацаа юм байна. Бичиг цаас боловсруулах гэхээсээ илүүтэй бүтээж босгох, бодитойгоор үйлдвэрлэж, үйлчилгээг үзүүлэх ажил руугаа анхаарах хэрэгтэй болжээ. Энэ үүднээс яамны бодлого үйл ажиллагаа, түүний дотоод газруудын уялдаа зохицолдоог боловсронгуй болгох, эрчимжүүлэх тодорхой шаардлагууд байна. Мөн өнгөрсөн хугацаанд манай яамны системд алдаа дутагдал цөөнгүй гарсан байна. Үүний хамгийн том жишээ нь ЖДҮХС-гаас олгосон зээлийн асуудал юм. Ногдсон ажилдаа хариуцлагагүй ханддаг, зарим талаар хууль зөрчсөн, ашиг сонирхолд хөтлөгдсөн, албан тушаалаа урвуулан ашигласан явдал гарсан. Энэ байдлыг таслан зогсоох тодорхой үүрэг чиглэл өгөгдсөн. Энэ ажлыг хугацаа алдалгүй шуурхай хийх ёстой. Мөн анхаарал хандуулж байгаа нэг гол асуудал бол энэ сарын 1-нээс Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэн явдал юм. Бүхэлдээ Монгол төрийн мэргэшсэн чадавхыг сайжруулах, төрийн жинхэнэ албыг бэхжүүлэх зорилт хэрэгжиж эхэлж байна. Сая Засгийн газрын өргөтгөсөн хурал зохион байгууллаа. Түүгээр гурван асуудал хэлэлцлээ. Тэдгээр нь төрийн албыг бэхжүүлэх, үр бүтээлийг нэмэгдүүлэх, зардал чирэгдлийг бууруулах тухай байв. Төр бүхэлдээ ард иргэддээ үйлчилж ажиллана гэдэг концепци руугаа анхаарал хандуулж байгаа үе гэж тодорхойлж болно. Ийм бодлогын үүднээс асуудалд хандаж ажиллаж байна. Харьяа газар болон яамдынхаа салбар нэгжийн ажилтайгаа танилцсан. Хамтран ажилладаг олон улсын байгууллага, хоёр талын хамтын ажиллагаатай улсын Элчин сайдуудтай уулзаж, хийж байгаа ажлынхаа тухай дүгнэж, ойрын үед хийхээр төлөвлөсөн зүйлүүд дээрээ байр сууриа нэгтгэж, нэгдмэл байр суурьтай болж байна. Ингээд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэ жилийнхээ төлөвлөгөө, зорилтыг оны эхнээс эрчимтэй хэрэгжүүлэх ажилдаа шуурхайлан орсон.

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам сайдгүйгээр багагүй хугацааг өнгөрөөсөн. Энэ хугацаанд ажил цалгардсан зүйлүүд танд ажиглагдав уу?

-Тус яам хоёр сар гаруй хугацаанд сайдгүй байлаа. Энэ хугацаанд ажил цалгардаж, засаглалын хомсдол бий болоогүй гэж би хувьдаа үзсэн. Учир нь оногдсон ажлуудаа бүгд л хөөцөлдөж, боломжийн хэрээр амжуулж байсан сайн тал байна. Мэдээжийн хэрэг тулгамдсан, шийдэх ёстой ажлууд нэлээдгүй хуримтлагджээ. Сайд гэдэг хариуцлагатай том субьект шүү дээ. Сайд салбарыг тэргүүлдэг. Төр, засгийн бодлогыг тухайн салбарт зохион байгуулах ажлыг удирдаж, уялдуулан зохицуулж, төрийн албан хаагчдын үр дүнтэй ажиллах бололцоо нөхцөлийг хангаж өгдөг. Төсөв хөрөнгийг нь хуваарилж олгодог. Өөрөөр хэлбэл, ажил хийх баталгааг нь хангадаг гэсэн үг. Энэ утгаараа сайдгүй байсан хоёр сарын хугацаа тодорхой боломж, төлөвлөсөн ажил амжуулах цаг хугацааг алдсан гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ нэг сайн тал нь цаг агаарын байдал харьцангуй тааламжтай байлаа. Энэ жилийн ургац хураалтын байдал тун боломжтой. Малын өвчин гарсангүй. Эдгээр нөхцөл байдлаас үүдэн салбарт ихээхэн тулгамдсан зүйл болоогүй байна.

-Таныг сайд болох үед Ж.Мөнхбат тэргүүтэй залуу гишүүд Төрийн сайдаар удаа дараа сонгогдож ажилласан хэрнээ залуучууддаа боломж олгож, зөвлөж өгөөд суусангүй. Албан тушаалын хойноос шуналаа гэх шүүмжлэлийг хэлж байсан л даа. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Яахав улстөрч хүн бол сайшаал, шүүмжлэл хоёрын дунд л байдаг шүү дээ. Үүнд нэг их эмзэглээд байх явдал байхгүй. Сургамж авах нь л чухал. УИХ-д сууж байгаа ахмад гишүүд амаа хамхиад, дуугүй сууж хэн нэгнийг отож хүлээгээд, боломж гарангуут энэ тэрүүгээр гүйлдээд байгаа асуудал байхгүй. Энэ бол сэтгэлийн хөөрлөөр өнгөцхөн хэлсэн дүгнэлт гэж бодож байгаа. Бид тодорхой хугацаанд төрийн ачааллыг үүрээд, хариуцлагаа ойлгож, ухамсарлан ажиллаад, дадлага туршлага, капитал хуримтлуулчихсан хүмүүс юм. Хэрвээ бидний 2016 оноос бүлэг, байнгын хороо, намын Удирдах зөвлөл, чуулганы хуралдаан дээр хэлж, зөвлөж байсан асуудлуудад анхааралтай хандсан бол ийм алдаа дутагдал гаргахгүй байх бүрэн бололцоо байсан. Бид дуугүй суудаг хүмүүс биш. Бүх зарчмын асуудлаар байр сууриа илэрхийлдэг. Илэрхийлэхдээ зүгээр л танин мэдэхүйн асуудал ярьдаггүй. Бид асуудыг оновчтой, зөв шийдэх механизмыг дандаа гаргаж тавьдаг. Тийм учраас аль, аль талаас нь ойлгох нь зөв байх. Ер нь тэдэн оныхон хойшоо, урагшаа гэх байдлаар асуудалд хандах хэр оновчтой зүйл байдаг юм болдоо. Би үүнийг сайн ойлгохгүй байгаа. Асуудалдаа мэргэжлийн үүднээс л хандах ёстой. Тэр шүүмжлэлийг хаана, хаанаа бодох ёстой шүү.

-Парламентад олон сонгогдсон, туршлагатай гишүүний хувьд эрх баригч намын дотоод хагарлыг юу гэж дүгнэж байгаа вэ?

-Бүгдээрээ л харж байгаа шүү дээ. УИХ хоёр сар завсарласан. Яам хоёр сар сайдгүй байсан. Тодорхой боломж, хугацаа алдсан. Илүү их зүйл амжуулах боломж байсан. Би инженер, эдийн засагч хүн. Эдийн засгийн байгууллагад олон жил ажилласан. Миний хувьд энэ ажлыг үүнээс илүү хийх боломж байсан уу гэдэг шалгуураар асуудалд ханддаг. Тийм байдлаар асуудалд хандаж байх ёстой. Ингээд үзэх юм бол өнөөдрийнхөөс ч илүү ажил амжуулах боломж бидэнд байсан. Үүнд бид дүгнэлт хийх хэрэгтэй. Юу, юугүй МАН хагарлаа, бутарлаа гэж дуулиан, шуугиан болох хэрэггүй байх. МАН бол том систем. Систем дотроосоо өөрийнхөө алдаа дутагдлыг ил гаргаж, түүнээсээ цэвэршиж байгаа процесс гэж ойлговол арай л өөр дүгнэлт гарах байх. Хэрвээ үүнийгээ нууж, хаагаад бүгдээрээ бөмбийгөөд байсан бол алсдаа ямар байдалд хүрэх вэ. Засч, залруулж болохгүй байдалд хүрчихсэн байхыг үгүйсгэх аргагүй. Тиймээс энэ бол зүй ёсны хийгдэх ажлууд хийгдэж байна гэж бодож байна. Аливаа зүйл үнэн төрхөөрөө, байгаа байдлаараа байх нь хаана хаанаа дээр шүү дээ. Зохиомол багтай байгаад хэрэггүй биз дээ.

-Намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй чухал асуудлууд цөөнгүй бий. Ээлжит бус чуулган зарлаж эдгээр асуудлуудыг хэлэлцэх нь зөв гэсэн Ерөнхийлөгчийн саналыг та дэмжиж байгаа юу?

-Шийдэх ёстой олон асуудал байна. Энэ асуудлуудаа хэлэлцэж шийдмээр байна. Тодорхой салбар хариуцсан хүний хувьд Татварын багц хуулиудаа хэлэлцэх хэрэгтэй гэж бодож байгаа. Тендерийн хуулийг аль өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийг яаралтай баталмаар байна. Энэ оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд дөрөвдүгээр сарын 15-наас эхэлнэ шүү дээ. Түүнээс өмнө тендерийг шалгаруулаад гүйцэтгэгчээ сонгочихосон байж байвал энэ оны ажил эрчимтэй, хурдацтай явна. Гэтэл хууль нь ч гарахгүй удаашраад байхаар нөгөө л хуучнаараа алдаа, дутагдал хэвээрээ үргэлжилнэ. Шахаж хэлэлцэх асуудлууд олон байна. Тэгэхээр зайлшгүй сунгаж, эсвэл ээлжит бус чуулган зарлан хуралдуулж хэлэлцэх хэрэгтэй. Хуульд зааснаар намрын чуулган ажлын 50 өдөр хуралдаад завсарлах ёстой. 50 хоног хуралдчихсан. Гэхдээ завсарлаад явъя гэхээр хийх ажлууд их байгаад байна шүү дээ. Миний хувьд ажлаа хийх ёстой гэж бодож байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлт хийхээр яригдаж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү?

-Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Үндсэн хууль дээр нэлээд ажиллах байлгүй. Хөнгөн шуурхай хэлэлцдэг асуудал биш шүү дээ. Тэр тусмаа ороо бусгаа, сарнимал үзэл бодол нь цэгцрээгүй байгаа үед энэ том асуудлыг хэлэлцэх боломж арай бүрдээгүй болов уу. Үргэлжлүүлж ажиллах байх гэж бодож байгаа.


Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган хуралдана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ. УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр төрийн удирдах албан тушаалыг үнэлэх замаар сонгуулийн санхүүжилт босгох төлөвлөгөө буюу “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой хэмээн нэр бүхий 40 гишүүн энэ сарын 25-нд тогтоолын төслийг өргөн барьсан. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу уг асуудлын нэн яаралтай дэгээр хэлэлцэх ёстой. Тиймээс өнөөдөр 09.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор дээрх тогтоолын төслийг хэлэлцсэний дараа чуулган хуралдахаар товлоод буй юм.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монголын хамгийн дулаан “арал” Ханбогдод хот байгуулцгаая

Монголчууд цаг уурын эрс тэс уур амьсгалдаа дасан зохицсон ч сүүлийн жилүүдэд утаа гамшгийн хэмжээнд хүрсэн болохоор өвлийн урт саруудад нийслэлд амьдарна гэдэг эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж байгаатай адил аюултай болчихоод байна. Боломжтой нь гадаадад очиж өвөлжиж, бусад нь чадлаараа л хотоос зугтаадаг. Гэсэн ч бүгдээрээ утаанаасаа гарч чаддаггүй. Тийм ч болохоор дулаан оронд, далай, тэнгист Монгол Улс өөрийн гэсэн арал худалдаж аваад тэрэндээ өвлийн утааны үеэр хөгшчүүл, хүүхдүүдээ аваачдаг болох тухай санал гарч, энэ талаар их дуугардаг ч “Арал үнэтэй, арай сэрүүдсэн үлгэр байна” гэж татгалздаг хүмүүс бий. Уг нь нэг ордоороо л солио хийчих наймаа л даа. Захын нэг сум юм уу, Увсын нэг сумыг өгөөд авчих боломжтой, уул нь их амархаан болчихоор зүйл.

Гэхдээ газрын хол, үнэ ханш гээд бэрхшээл их учир гадаадад арал худалдаж авахынхаа оронд дотоод нөөц бололцоогоо ашиглаж дулаан хоттой болох боломж байна. Өмнөговь аймгийн Ханбогд сум бол Улаанбаатар, Тосонцэнгэл, Дархадын хотгорт жавар тачигнаж, амьтай бүхэн бээрч байхад нар ээгээд налайж л байдаг өнөтэй газар. Ханбогд сум удахгүй хар замаар холбогдчихно. Оюу толгой гэж том бүтээн байгуулалт байна. Тийшээ хар зам, төмөр замыг нь бариад өгчихсөн байхад Оюу толгой баяжмалаа ч гаргачихна, наанаас нь иргэд ч нүүгээд оччихно. Удахгүй Оюу толгой өөртөө цахилгаан станц барина. Тэгэхээр зам, цахилгаан гээд дэд бүтцийн асуудал нь шийдэгдчихээр тэнд том хот байгуулах бүрэн боломж нээгдэнэ. Хамгийн гол нь гадаад орон руу усны шувууд шиг нүүдэллэхгүйгээр Улаанбаатараас 650, Өмнөговь аймгийн төвөөс 250 км-ийн зайд байх Ханбогдод сайхан өвөлжих боломж нь нээлттэй байгаа юм. Өчигдөр Ханбогдод өдөртөө гурван хэм дулаан байсан бол өнөөдөр нэмэх дөрвөн хэм дулаан байна. Өнгөрсөн шөнө Ханбогдод есөн хэм хүйтэн хоносон. Өдийд Монголд ийм дулаахан газар өөр байна уу. Улаанбаатарынхан утаа, жавраас хамгаалж хоолой, хүзүү нүүрээ маск, ороолтоор баглаад цантаад чичигнэж байхад Ханбогдынхон нимгэн хүрмээ задгайлаад малгай, бээлий, ороолт гэж мэдэхгүй олон олон арван жилийг ардаа үдэхдээ ханиад гэдгийг тоотой хүртээд хоноод л эдгэчихдэг тийм эрүүл агаарт амьдарч байна.

Улаанбаатарт хөгшид, хүүхдээ хашиж, хар утаагаар хордуулахын оронд Ханбогдод том хот байгуулаад тэндээ эрүүл орчинтой, дулаан газарт өвөлжүүлэх нь өвөг дээдсээ хүндэтгэж, үр үндсээ тэтгэсэн үйлс болно. Манай өмнөд хөрш далай, тэнгис, томоохон нуур, мөрний эрэгт ард нийтийн амралтын цогцолбор газрыг зориуд бий болгодог. Тэнд усан спортын бүхий л үйл ажиллагаа явж, усан бассейны төрөлжсөн үйлчилгээ, тэрийгээ дагасан ардын эмчилгээ, бариа засал, чийрэгжүүлэлт, сувиллын газар дүүрэн байдаг. Яг л тийм аялал жуулчлалын цогцолборыг Ханбогдод сүндэрлүүлэхэд Монголын томоохон компани, бизнес эрхлэгчдийн хүчийг ашиглах нь зүйтэй. Хүүхэд, хөгшдөд хэрэгтэй бүхий л төрлийн үйлчилгээтэй, ая таатай амарч, амьдрахад тохиромжтой бүхнийг тэнд байгуулчихсан байхад зах зээлийн зарчмаар үйлчилгээний салбарууд нь дагаж орж ирээд салбар салбар нь салаалан хөгжих боломжтой. Харин ийм хот байгуулахад санал санаачилга гаргаж, хөрөнгө оруулахаар шийдэж байгаа аж ахуйн нэгж компани, хувь хүнийг төр бодлогоор дэмжиж татвараас нь хөнгөлөх зэргээр зохицуулалт хийж болно. Монголын томоохон бизнес эрхлэгчдийн анхаарлыг Ханбогдод сүндэрлэх дулаан хот руу хандуулж хөрөнгө оруулалт татах нь нэн чухал юм.

Нийслэлд жилд 5.9 орчим сая тонн нүүрс шатааж агаарт 260 мянган тонн хорт бодис цацагддаг бөгөөд хотын нэг иргэнд жилд 317.8 кг хорт бодис ногддог. Ийм байхад мэдсэн ч мэдээгүй юм шиг амьдрал, эрүүл мэндээ алдаж байгаа учраас Ханбогдод дулаан хоттой болчихвол ядаж үр хүүхэд, хөгшид, хөл хүндтэй эмэгтэйчүүдээ өвлийн хэдэн сарыг тэнд амьдруулахад ханиад гээчийг мартана.

2008-2016 онд утаанд 800 тэрбум, 2017 онд найман тэрбум, 2018 онд 137.9 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа юм. Хэрвээ энэ байдлаараа цааш үргэлжилбэл агаарын бохирдолтой холбоотой хүүхдийн өвчлөлийг эмчлэх зардал 2025 он гэхэд 33 хувиар нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагууд жил бүр 4.8 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гаргах төлөвтэй байгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан судалгаанд дурджээ. Утаа болон ханиаданд зарцуулж байгаа энэ их мөнгийг Ханбогдод хот байгуулахад хөрөнгө оруулалт болгож тусгавал нэлээд жин дарна шүү.

Өөрсдөө очиж өвөлждөг, дулаахан, хамгийн тохитой, сэтгэл татам хотыг Ханбогдод байгуулчихвал мэдээж тэнд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлж, хүн тогтвортой амьдрах орчин нөхцөлийг нь бүрдүүлэх нь ойлгомжтой. Аяндаа үүсгээд өгчихөд зах зээлийн зарчмаар тэндхийн амьдрал хөврөөд явчихна. Хэрвээ тэгвэл арваннэгдүгээр сарын сүүлээс эхлээд хөгшид, азай буурлууд нүүж очоод олон сараар хөлслөхөд байр нь бэлэн болохоор арванхоёрдугаар сар гаруут л ач, зээ нарыг нь араас нь явуулчихна.

Манай ихэнх байгууллага компаниуд ажилчдаа зуны цагт амраадаг. Харин тийм хоттой болчихвол ид утааны үеэр, өвлийн цагт зарим байгууллагуудыг амрааж зун нь ажиллуулдаг болох зэргээр зохион байгуулалтын ажил ч өрнүүлэхэд гэмгүй. Өвөл, зунгүй л хүн шавуулж, утаанаас зугтсан болгоныг хүлээж аваад сувилж амраагаад таатай байлгачихдаг хиймэл диваажин мэт ийм нэг дулаан хотыг Монголын хамгийн дулаан “арал” Ханбогдод байгуулцгаая.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Бавуугийн Лхагвасүрэн: Монгол гэдэг чинь дэлхийн ухааны их сав, тэнгэрийн хамгаалалттай ард түмэн

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч, “Болор цом” наадмын гурван удаагийн тэргүүн, драмын урлагийн “Гэгээн муза” наадмын хоёр удаагийн, утга зохиолын “Алтан– Өд” наадмын хошой шагналт зохиолч, яруу найрагч, Америкийн Аризон мужийн Дэлхийн их сургуулийн соёлын доктор, С.Лувсанвандангийн нэрэм-жит гоо зүйн дээд шагналт Бавуугийн Лхагвасүрэнтэй хөөрөлдлөө. Аюулт өвчинд нэрвэгдсэн өвгөн найрагч “Сар шинэ гаргачихвал уг нь яг далан таван насны босгоор алхах юм даа” гэж санаашрангуй өгүүлж хэвтэнэ. Түүний мах мариагаа барсныг харахад нүд халтирч, нулимс унагам гунигтай. Нөгөө их үс гэзэг нь нь шингэрч, сахал нь сөрвийж, шанааны яс нь горзойсон нь түүнийг мэдэх нэгэнд “Ийм ч хүн байгаагүй юм даа” гэх харуусал төрүүлмээр. Хавирганууд нь тоолж болом эрийж нэг л их том цээж, том толгой үлджээ. Их найрагч эдүгээ үзгээ ч, утсаа ч даахаа больж дэмий л адар ширтэн хэвтэх болсноо уйтайхан хүүрнэнэ. Ерэн дөрвөн килограмм жинтэй байсан тэрээр одоо дөчин есөн кг болтлоо хөнгөрчээ. “Боржгоны бор тал”-аа хүнгэнүүлэн уншдаг аргил баргил хоолой нь сөөж, цээжний гүнээс бүгтхэн авиа л оволзсон амьсгааг нь давж ядан сонстоно. Хэдий тэрээр хэвтэрт хүний гарт орсон ч чонын зурагтай оймс өмссөн хөлөө харуулж “Ах нь оймсоор гангарах дуртай. Америкаас захиалж авчруулсан юм. Надад ерөнхийлөгч Трампын зурагтай оймс хүртэл бий” гэж гэргий Баасангаа дуудан шүүгээнээсээ гаргаж үзүүлэх нь гоё сайханд сэтгэл тавьдаг яруу найрагч гэнэн араншингийнх нь илрэл гэлтэй. Одоогоос хэд хоногийн өмнө эргэж очиход ярих ч тэнхээгүй байсан тэрээр хоёр хоногийн өмнө “Үйлийн үрээ эдэлж буй ах нь сүүлийн ярилцлагаа чамд өгмөөр байна” хэмээн өчсөн сөн. Монголын ард түмний хайртай найрагч тэрбээр айсуй цагийн эрхээр илааршин тэнхрээсэй билээ дээ!


-Лхагваа ах минь бие лагшин тунгалаг уу?

-Яахав, бэлгэ бодож сайн л гэхээс цаашгүй боллоо доо, муу ах нь. Зарим хүн “Их өвдөх юм уу” гэж асуух юм. Өвчин гэдэг асуусан, асуугаагүй бэрх эд юм. Ах нь орчлонгийн сайн, муу бүхнийг л үзэж тууллаа. Одоо их зовохгүйхэн шиг л үхэхээс сайхан юм алга. Ээ, мөн ч хэцүү юм аа. Өвдөх нь л хэцүү болохоос ухаан санаа харин тунгалаг л байна даа.

-Таныг би Монгол төрийн дархлааг тархиа гашилтал боддог төрийн хар хүн гэж боддог. Нөгөөтэйгүүр ертөнцийн жамыг нэтэд ухаарч гэгээрсэн бодлын тунгалаг далай гэж төсөөлдөг юм…

-Цэнгэл ээ, энэ дээр чинь, бидний дээр, бидний сэтгэлийн дээр, бидний хүндэтгэлийн дээр, бидний хайрын дээр байгаа төрийн дээдэс нь яагаад байгаа юм бэ.

Чингис хааныг авч хаях гээд байгаа юм уу, Чингисийн хөшөөг авч хаях гээд байгаа юм уу. Их олон гэр бариад Чингисийн их хуралдай хийх гээд байгаа юм уу, би ерөөсөө ойлгохгүй юм. Энэ яаж байгаа юм бол. Энэ юуны шалтгаар ингээд байна. Хэвтэрт байгаа хүний хувьд чамаас би асууж байна.

-Төр ч бас хямралтай л байх шиг байна шүү дээ. УИХ-ын даргаа огцруулчихна гэхээр “Үндсэн хууль” зөрчих ч юм шиг л зүйл сонстох юм?

-Тэр хууль чинь том хууль шүү дээ. Ганцхан би ч батлалцсан юм биш. Монголын ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хууль даа. “Хөдөлмөрийн хууль” хүчинтэй байгаа юу?

-Хүчинтэй байгаа…

-Аан. Би бодож байна. “Хөдөлмөрийн хууль” хүчинтэй байгаа цагт ажлаа хаяад өрөөндөө түгжээд суучихдаг, гараад хаячихаад явдаг хүнийг шийтгэж болдоггүй юм уу?

-За, наадахь чинь ёстой дүүгийнх нь эрх мэдэл байтугай бодол ч хүрэхгүй зүйл байна даа?

-Яахаараа шийтгэж болдоггүй билээ. Би үүнд маш их дургүй хүрч байна. Би юу ойлгож байна вэ гэхээр Монголд дээдэст зориулсан зүйл ангитай хууль, доодос бидэнд үйлчилдэг хууль гэсэн хоёр хууль байдаг юм байна. Улсын Их хурлын дарга яагаад “Хөдөлмөрийн хууль”-нд захирагдаж болдоггүй юм. Маш их чухал цаг үед уршигтайгаар ажлаа хаялаа шүү дээ. Би дэлхийн улс орнуудын парламентын спикерүүд ажлаа хаяж байна гэж амьд байх түүхэндээ сонсоогүй. “Хөдөлмөрийн хууль” яахаараа УИХ-ын даргад хамаагүй байгаа юм бэ. Мань мэт хэрвээ М.Энхболд шиг ингэж ажлаа тасалсан бол хэдийнэ ажилгүй болоод сэргийлэх юм уу, шоронд хагас нь яваад, мань мэтийн оронд дээдсүүдийн хамаатны хүн ирээд ажлаа авчихсан явж байгаа. Улс буй цагт, төр буй цагт том толгойтой дээдсийг цаазлахад том илд, жижиг улсыг цаазлахад тонгорог хэрэгтэй гэсэн зааг байхгүй. Тийм ялгалгүй байж байж дагавар хуулиуд, бусад хуулиуд жигд хэрэгждэг. Энэ Их хурлын ажлаа хийдэг цаглабаруудыг хар. Утаа туйлдаа хүрэхээр арванхоёрдугаар сард утаагаа хэлэлцдэг. Өмхий үнэр туйлдаа хүрэхээр зун лагийнхаа талаар ярьдаг. Цаглабар, төрт ёсны зохицуулалт, ухаан гэж алга. Жаахан гомдол санал гаруут л золионд нь нэг хүнийг ажлаас нь халдаг. Ингэж бидний амыг тагладаг. Зөв төрийн сэжүүрийг нэг харах юм сан.

-Загас толгойноосоо эхэлж өтдөг гэдэг шиг төр ч бас толгойноосоо өтдөг байх шүү?

-Нэг хүн ажлаа хаясныг шийдчих хууль Монголд байхгүй юу. Байгаа шүү дээ. Би нэг монгол үгэнд их дургүй хүрч байгаа.

-Ямар үгэнд таагүй хандах болов?

-Олон намаас бүрдэл болдог парламентын засаглалтай оронд олонх, цөөнх гэдэг бол хонины ээлж шиг зүйл байгаа юм. Ээлжилж төр барьдаг. Гэтэл яахаараа нэгийг нь сөрөг хүчин гэж нэрлэдэг юм. Сөрөг гэдэг энэ нэр томьёог ямар тэнэг амьтан гаргав аа. Яагаад би ингэж хэлж байгаа юм гэвэл нэг нь ярвайдаг, нөгөө нь ярзганадаг байж болдоггүй. Сөрөг хүчин гэж үхсэнийх нь сөрөг хүчин байх юм. Сөрөг хүчин бол ерөөсөө цөөнх. Парламентад цөөнх, олонх гэсэн хоёр л ангилал бий. Цөөнх, олонх хоёр бол бие биеэ мохоож, ирлэж байдаг билүү хутга хоёр. Мохосноо ирлэж, буруудсанаа зөвтгөж байж нэг зорилгын доор нэгддэг. Монголын парламент Монголын төлөө нэгдсэн парламент. Нэг нам нь Хөхдэй мэргэн одноос ирсэн юм шиг, нөгөө нь Монголыг тохинуулах гэж үүрийн гялаанаас ирсэн юм шиг ярвайсан улс. Цөөнх олонхоос илүү сэтгэх, олонх цөөнхөөс илүү сэтгэх тал байдаг. Гэхдээ олонхын дарангуйлал парламентад байж болдоггүй. Сонгуульд цөөнх, олонх сонгогдсоны дараагаар даруй Монгол Улсын мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа аль аль талынхаа мөрийн хөтөлбөрийг маш хянамгайгаар харж, маш сонор соргогоор тусгаж, нийлсэн нэгдсэн мөрийн хөтөлбөр рүүгээ зүтгэх ёстой байхгүй юу. Тэгж байж хоёр намын зорилго биелэх ёстой. Би зөвхөн хоёр намын хэмжээнд ярьж байна л даа. Хэдэн нам ч гарсан ийм л байх учиртай. Тиймээс сөрөг хүчин гэдэг үгийг дахиж битгий дурдаасай гэж бодох юм. Сөрөг гэхээр тэнэгүүд нь үг л хэлбэл ярзганаад байна, алдааг нь л түүх ёстой бид нар гэж үзээд байх юм. Эд нар номын залруулга биш. Хоёулаа залруулга мөн. Хоёулаа ном мөн. Хоёулаа чиглэл мөн, хоёулаа бодлого мөн.

-Хоёр тусдаа нам битгий хэл, нам дотроо эрх мэдлийн төлөө алалцаад л байх улс юм байна шүү дээ?

-Урьд нь алдаж оноод, ажлаа өгсөн хүмүүс өнөөдрийн буруудаж зөвдөж байгаа хүмүүсийн алдаан дээр ямар их сайхан хурц нүдтэй болж, ямар сайхан хурц үгтэй болж шүүмжилж чадаж байна аа. Би энийг монгол төрийн хүн чанар алга болж гэж бодож байгаа. Өөрснөө чадаагүй байж дараачийн хүмүүсийн алдаа гаргасан дээр ирж хашгирч байгааг нь хараач. Монголчуудын “Хэрээ хэрээнийхээ нүдийг ухдаггүй” гэсэн маш хатуу үг бий. Алсан гөрөөснийхөө дээр гишгэчихээд арслангууд архирч байгаа юм шиг араншинг хүн гаргадаггүй юм. Бид нар энэнээс сайн байсан, бидний алдаа жижиг байсан, бидний алдаа зөв байсан гэх гээд байгаа юм уу. Яах гээд байгаа юм. Явж явж монгол хүмүүс яахаараа бусдыг муу хэлэхээрээ би сайн хүн болно зангаа л байчихаасай. Эд нар чинь уг нь хүн юм шүү дээ. Ариун юм үлдэхээ байлаа. Бие биеэ ухалцаад байвал гэргий нь, хамаатан нь, үр хүүхэд нь гээд бузар булайд оролцоогүй нэг ч амьтан алга. Ариун хүнгүй эх орон боллоо. Болиоч дээ. Тэнэг байна, тэнэг байна гэхэд даанч дээ гэж би харамсаж байна. Монгол төрийн мөн чанар, монгол хүний хүн чанар, монгол хүний хүн хүндээ хандах мөн чанар алга боллоо. Монголд харь гаригаас ирсэн юм шиг намууд бий болж, нэг их сэтгэдэггүй юм сэтгэдэг юм шиг олон өнцгийн болсон болоогүй юм цуглуулж ярьдаг хүмүүс олширч намууд байгуулж эхэлсэн. Намууд Монголын ард түмнийг ёстой нэг хэрчиж, хувааж, хагалсан. Ашгүй дээ. Би энэ намуудад баяр хүргэе гэж бодож байгаа.

-Ард түмнийг хагалган бутаргасан нөхдөд яахаараа баяр хүргэдэг билээ?

-Намын тэргүүн та нар Монголын ард түмнийг хуваах гэсэн, үндэсний эв нягтралыг эвдэх гэсэн, монгол сэтгэлийн нэгдэл, чин сэтгэлийн бөөгнөрлийг хагалах гэсэн санаандаа хүрлээ. Та нарын намуудын мөрийн хөтөлбөр их амжилттай биеллээ. Одоо бүр газар бууж, газрын татах хүчинд орж хоёр хүн ч биентэйгээ таарахаа байлаа. Та нар эх орондоо ингэж дайсагнадаггүй юм. Та нарын хагалгаж бутаргаж байгаа зүй бус үзэгдэл хэтэрсэн гэж хэлэхэд багадна. Нэг биеийг ч хоёр хуваах шахаж байгаа чинь одоо болсон.

-Дээдсийн ёс жудаг ч өдрөөс өдөрт л муудсаар байх юм даа, хөөрхий…

-С.Жавхлан гишүүн УИХ-ын индэр дээрээс “Та нар бүгдээрээ зайлцгаа” гэж хэлж байхыг сонслоо. Ганцаараа үлдэх нь л дээ. Монголчууд нэг сандал дээрээс хүнийг хөөх нь битгий хэл, хүнийг гар гэж хэлдэггүй юм шүү дээ. Энэ монгол жудаг. Магадгүй, Их хурлын даргын асуудлыг шийдэж чадахгүй байгаа чинь тэр монгол жудаг үйлчилж байж болох үндэстэй. Энэний дундуур манай залуу улстөрчдийн сэтгэл хөдлөл, гэнэн сэтгэл дэндүү гэнэн байна. Сонгуулийн үеэр баганан дээр хадчихсан зураг нь урагдаа л, салхинд пар пар гээд дэрвээд байгаа юм шиг дүр л нүдэнд харагдаад байх юм. С.Жавхлан улаан малгайтай орос чихрийн цаас шиг юм суучихаад ингэж хэлэх, эсвэл ташуур барьж давхих нэг л зохимжгүй байна. Нэг их Монголоо боддог хүн болж жүжиглэнэ. Монгол цусыг ингэж сүржигнэж, ярьж хамгаалдаггүй юм. Монголыг угсаатны зүйн хувцсаар хамгаалдаггүй. Дутуу хөтүү уншсан зан заншлаар хамгаалдаггүй. Монгол гэдэг чинь тэнгэрийн хамгаалалттай ард түмэн. Үл ойлгогч, юм бага уншсан улсууд “Еэ мөн сайхан юм хэлж байна” гэж хөөрөгдөөд байх юм. Үгүй энэ чинь ингэж амны алдас хийж яаж болох юм бэ. Хөдөө жаахан байхад нэг залуухан хүн хоёр хөгшинд ирж агсам тавиад, элдэв долоон юм донгосоод байлаа. Өвгөн дуугарахгүй л байлаа. Хөдөөний буурлууд чинь ухаантай шүү дээ. Уул шиг юм сууж сууж “Борог нүдэлж, бор шувуу жиргээгүй байхад битгий хуц” гэнгүүт нөгөө агсам чинь дуугарч чадахаа байгаад гараад явсан. Монголчууд өвгөдөө хүндэлж ирсэн ард түмэн. Өвгөд нь бүр ясанд нь тултал гашуун юм хэлдэг байсан. Ярих юмаа жаахан бодож ярьж байгаач гэж хэлье. Юухан хээхэн болгонд улс төрийг хэрэглэж, юм болгон дээр “Монгол, Монгол” гэж хашгирснаар Монгол бөхөждөггүй юм. Хорвоод дэмий дэмий буруу ойлгодог хүн зөндөө бий. Тэгээд нэг нь “Монголын төлөө үгүй мөн сайхан сэтгэлээ зориулж байгаа хүн” гээд хөөргөнө. Энэ салхилаад байгаа улсаас яг харийн овоо хараан дээр очиж зогсож чадах хүн хэд бол доо. Эх орныг бүхий л бие, сэтгэл, мах цусаа өгч, хэдэн үеийнхэн өчнөөн амьдралаа өгч хамгаалдаг юм. Энэ бидний доор гишгээд байгаа алт эрдэнэс чинь өвгөд дээдэс минь арьсаа хуулж бүтээж үлдээсэн, цусаа асгаж гагнасан, бидэнд тавьсан хоол. Хойч үедээ үүцэлсэн юм. Тэгэхэд солиорцгоогоод байх юм. Болиоч дээ. Даанч дээ, та нар. Би бол юм мэдэхгүй ухаан мунхаг хүн. Хүн болгон юм мэддэг болчихсон, нэг юм ярихаар л өөдөөс дэмийрцгээгээд. Уншсан юм байхгүй, гэгээрсэн юм байхгүй. Уншсан номоо худлаа ярина. Хүн уншсан юмаа ярьж байна гээд миний уншсан юмыг худлаа яриад байхад би дургүй хүрдэг. Хүн ил ч, далд ч үнэн байх ёстой. Тиймээс гэгээрээч ээ гэж энэ парламентынханд хэлье. Парламентат засаг Монгол Улсад тогтсоноос хойших адгийн оюуны хоосролтой парламент энэ байлаа. Би чамаас нэг юм асууя. Тангараг гэж юу юм бэ?

-Хэлсэндээ эзэн болох юм бол уу даа?

-Наадах чинь тийм нялх юм биш. Монголын иргэн байх уу, үгүй юу гэдгээ өргөдөг тангараг. Тугаа духандаа хүргэж байгаад баахан юм тангарагладаг. “Төрдөө өргөсөн тангаргаа няцвал би тэгнэ, ингэнэ” гэсэн бараг намайг алаарай гэсэн үг байдаг. Гэтэл өнөөдөр УИХ-ын дарга болоод Их хурлын зарим гишүүд төрд өргөсөн тангарагаасаа няцлаа. Ард түмэн тэнэг юм гэж бодоод түмний өмнө няцаж болдог байж. Төрийн өмнө ам алдаж, тангараг няцсан хүнийг төрт ёсны эртний түүхтэй Монгол яаж залхаадаг байлаа.

-Мохируулдаг л байсан байх даа?

-Үгүй тэр ёс тэгээд хаа байна. Чингис хаан алтан бүсээ хүзүүндээ өлгөж байгаад Бурхан Халдунд тангараг өргөдөг байсан. Тангарагтаа уултайгаа элбэж, тэнгэртэйгээ элбэж байгаад хүрэх шиг хүрсэн. Одоо үед эд нарт ямар арга хэмжээ авах гээд байгаа нь тодорхойгүй. Тангаргийн тухай нэг ч ярихгүй. Төрийн тангаргаас няцаад байна шүү дээ. Төрөөс урваад байна шүү дээ. (Найрагч судас нь гүрийж яс арьс болсон хоёр гараа тэнгэр өөд сарвалзуулан дуугаа жаахан өндөрсгөв. сур) Төрийн нүд сохроо юу, тэнгэр нүдээ аньчихаа юу. Үгүй шүү дээ. Тэнгэр өдөр шөнөгүй Монголыг тормойтол ширтэж байгаа. Тангараг няцсан хүнд арга хэмжээ авах зүйл анги алга уу. Өөрийнх нь өргөсөн тангараг дотор зүйл анги нь байгаа шүү дээ. Төрийн тангараг няцсан хүнийг яадаг юм бэ, амьд ахуйд минь сэжүүрийг нь ч болтугай харуулаач гэж төрөөс гуймаар байна. Юунд ч дийлддэггүй тэнэгүүдээр Монгол Улс дүүрэх ёсгүй. Монгол бол дэлхийн ухааны их том сав. Энэ сав ариун байх ёстой. Би Монголын ард түмний өмнө хойд насандаа төлж барахгүй өртэй. Үүнийгээ би мэднэ. Хамгийн сүүлд амьд хүний хувьд ганцхан юм гуйхад үнэн үг хэлсний минь төлөө “Тэр муу өвгөн үхээсэй” гэж битгий зүхээд байгаарай. Над дээр үг овоолох газар байхгүй, шороо овоолох л газар байгаа шүү!


Categories
мэдээ нийгэм

Хонгорцог одтой, улаан бар өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 29, Ангараг гариг. Билгийн тооллын 24, Хонгорцог одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 8:22 цагт мандан, 17:47 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангаргаа буцаахад сайн. Золиг гаргах, бумбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Монголчууд өмнийн цэнхэр говьдоо “Сентоза арал” бий болгох бүрэн боломжтой” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Монголчууд өмнийн цэнхэр говьдоо “Сентоза арал” бий болгох бүрэн боломжтой” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Т.Бадамжунай Яармагт баригдах нийслэлийн шинэ захиргааг тойрсон бүх газрыг авчихсан гэв.

У.Хүрэлсүхийн сүржигнэл 83 настай хөгшний амь үрэгдсэнээр төгсөв хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлэв.

“Улс төр” нүүрт Насжилт дууссан автобусыг нийтийн тээвэрт явуулахгүй байх арга хэмжээ авна гэв.

МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав: Төрийг МАН биш, Үндсэн хуулийн Цэц гацаасан хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьжээ.

“Цаг үе, үйл явдал” нүүрт Их хэмжээний хар тамхи хилээр оруулсан Нигер улсын иргэнийг баривчиллаа.

“Спорт” нүүрт ММСУХ-ны ерөнхийлөгч Ц.Батсайхан: VII их хурлаар баяр наадмаа эрлийз монгол гэсэн хэл ам, хэрүүл шуугиангүй хийх гарцаа олсон хэмээв.

Цахилгаан мотоцикль хэмээн “Танин мэдэхүй” нүүрт бичив.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: Ээлжит бус сонгууль зарлаж ард түмнээрээ дүнгээ тавиулъя хэмээн “Улс төр” нүүрт өгүүллээ.

“Эмч” нүүрт А.Буяндэлгэр: Таны эрүүл мэнд таны гарт хэмээжээ.

Х.Клинтон Ерөнхийлөгчид өрсөлдөх үү? хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хяналт шалгалт хийж байна

Цагаан сарын баярын урьдчилан сэргийлэх шалгалтыг хүнсний худалдааны дэлгүүрүүд, бууз банш үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд үргэлжилэн хийгдэж илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Дотоод хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчлийн дагуу 3 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 300.000 төгрөгийн торгууль ногдуулж ажиллав.
Шалгалт үргэлжилж байна.

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар