Categories
мэдээ нийгэм

Ахуйн хүрээнд гар аргаар тарьж ургуулдаг хар тамхины хэргийг таслан зогсоожээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар өнгөрсөн онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв мөн Хэвлэл мэдээллийн төвтэй хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулжээ. Улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс эрэгтэй 337, эмэгтэй 75 ба уг гэмт хэргийг насны байдлаар авч үзвэл 82.5 хувь нь 18-35 насны залуучууд байна. 2018 онд Монгол Улсын хилээр мансууруулах, эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн хэргүүдийг илрүүлснээс сүүлийн хоёр сарын хугацаанд интернэт сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг тогтоон мөн мансууруулах төрлийн бодисыг ахуйн хүрээнд гар аргаар тарьж ургуулдаг хэргүүдийг илрүүлэн таслан зогсоон ажиллаж байна

Categories
мэдээ нийгэм

Монголын Олимпын хорооны ерөнхийлөгчийг шалгах хүсэлт гаргажээ

Монголын “Олимпизмыг аваръя” хөдөлгөөн Олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг шалгах хүсэлтийг Олон улсын Олимпын хорооны Ёс зүйн хорооны дарга Бан Ги Мүнд илгээжээ. “Олимпизмыг аваръя” хөдөлгөөний тэргүүн Ч.Бат-Эрдэнийн илгээсэн уг захидалд, Д.Загдсүрэн нь Монголын Олимпын хорооны нэр хүндийг унагасан бөгөөд түүнийг албан тушаалаас нь огцруулах хэрэгтэй гэж бичсэн байна. Д.Загдсүрэн нь 2017 онд Олимпын хорооны ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон. Ингэснээр тэрбээр дөрвөн жил хашдаг уг албыг тав дахь удаагаа улиран хашиж байгаа юм. Ч.Бат-Эрдэнийн хэлснээр, “Олимпизмыг аваръя” хөдөлгөөнөөс Д.Загдсүрэнг нэрээ татахыг удаа дараа шаардсан боловч амжилт олоогүй бөгөөд тэрбээр гэмт хэрэг үйлдсэнээс үл хамааран тус албанд дахин сонгогдсон байна. “Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх хүсэлтийг гаргаж байна” гэж захидалд тэмдэглэсэн байжээ.

Categories
мэдээ спорт

Хүндийн өргөлтийн 2019 оны УАШТ болно

Image result for Хүндийн өргөлт

Хүндийн өргөлтийн 2019 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-13-нд Спортын төв ордны Хүндийн өргөлтийн зааланд болно. Монголын хүндийн өргөлтийн холбооноос зохион байгуулах энэ жилийн УАШТ нь эмэгтэйчүүдийн 49, 55, 59, 64, 71, -76, +76 кг жинд медальтнуудаа шалгаруулах бол эрэгтэй тамирчид 55, 61, 67, 73, 73, 81, -96, +96 кг жинд шилдгүүдээ тодруулах юм. Энэ удаагийн УАШТ-ий гол зорилт нь шилдэг тамирчдын бэлтгэл сургуулилт ямар түвшинд байгаа болон “Токио-2020” олимпийн наадамд оролцож тамирчдыг сонгон шалгаруулах юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын бүлэг хуралдахаар болсон тул чуулганы нэгдсэн хуралдааныг түр хойшлуулав

Улсын Их Хурлын дарга М.Энхболд 10 цаг 32 минутад чуулганы нэгдсэн хуралдааны танхимд хүрэлцэн ирсэн гишүүдэд шинэ оны мэнд хүргэж, ажлын амжилт, сайн сайхныг ерөөгөөд гишүүд хуралдааны танхимд хүрэлцэн ирж ирцээ бүрдүүлэх шаардлагатай байгааг сануулав.

Улсын Их Хурлын дарга энэ үеэр хэлэхдээ, өнгөрсөн оны сүүлчээр Улсын Их Хурлын нэр бүхий 40 гишүүн гарын үсэг зурж, Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаасаа сайн дураараа чөлөөлөгдөх шаардлага тавьсныг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Харин уг шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тухай албан бичгийг Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангаас ирүүлсэн. Учир нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан “Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах” асуудлыг зохицуулсан 5 үндэслэл буюу нас барсан; өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан; хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан; Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан; гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэсэн 5 үндэслэлээс аль нэг нь үүссэн тохиолдолд Улсын Их Хурлын тухай хуулийн 10.3-10.7-д заасан дэгээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах хууль зүйн нөхцөл үүснэ.

Гэтэл Улсын Их Хурлын даргаас Байнгын хороонд шилжүүлсэн асуудлаар хуульд заасан дээрх 5 үндэслэлийн аль нь ч бүрдээгүй учраас гишүүдээс тавьсан уг шаардлагыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тухай хариу ирүүлсэн. Тиймээс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэр бүхий 40 гишүүний шаардлагын хариуг албан бичгээр хүргүүлсэн гэдгээ хэллээ.

Гишүүдийн ирц бүрдээгүйгээс шалтгаалж оны өмнө чуулганы 7 удаагийн нэгдсэн хуралдаан хуралдаж чадаагүйгээс хэлэлцэх асуудал хуримтлагдсан, зайлшгүй хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай олон асуудал хүлээгдэж байгааг хуралдаан даргалагч сануулав. Тухайлбал, Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлторуулах тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байна.

Мөн Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох, Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, огцруулах асуудлыг шуурхай шийдвэрлэж, Засгийн газрын танхимыг бүрдүүлэх хэрэгтэй байна.

Түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхлээд байна. Хууль хэрэгжихтэй холбогдуулан Улсын Их Хурлаас тогтоол гаргаж батлах “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” тогтоолын төслүүдийг хэлэлцэж батлах шаардлагатай байна.

Иймээс Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар баталсан хуваарьт тусгагдсан асуудлуудаа шуурхай хэлэлцэж шийдвэрлэхийн тулд Улсын Их Хурал дахь намын бүлгийн дарга нар гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхэд анхаарч, чуулганы нэгдсэн хуралдааны хэвийн үйл ажиллагааг хангахыг сануулсан юм.

Энэ үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдааны өмнө намын бүлэг хуралдах шаардлагатай байгаа тул нэгдсэн хуралдааныг түр хойшлуулах хүсэлт гаргасны дагуу хуралдаан даргалагч чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг түр хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Галилео” байршил тогтоох систем энэ оноос иргэдэд үйлчилнэ

Европын холбооны “Галилео” байршил тогтоох систем энэ оноос иргэдэд үйлчилж эхлэх гэж байна. Европын холбоо ба Европын сансрын агентлагаас хамтран энэхүү хиймэл дагуулын байршил тогтоох системийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж дуусчээ. Одоогоор олон нийтийн хэрэгцээнд ашиглагддаг АНУ-ын GPS ба ОХУ-ын “Глонасс” системүүдийн адилаар бие даан, гаднын хамааралгүйгээр байршил тогтоох үйлчилгээтэй болохыг европчууд 1990-ээд оны эхнээс л эрмэлзэж байжээ. Тиймээс 2011 оны 10-р сарын 21-нд анхны хоёр ширхэг хиймэл дагуулыг тойрог замд оруулсан байна. Түүнээс хойш найман жилийн турш 30 ширхэг хиймэл дагуулыг хөөргөж, дэлхийг бүрэн бүрхэснээр хүн бүрт байршил тогтоох үнэгүй үйлчилгээг үзүүлэхэд бэлэн болжээ. БНХАУ анх “Галилео” төсөлд оролцож байгаад улс төрийн шалтгаанаар оролцох боломжгүй болж “Бейдоу” хэмээх зөвхөн өөрийн бүс нутгийг хамарсан байршлын системтэй болохоор ажиллаж буй юм.

“Галилео” байршил тогтоох систем нь 1 метр хүртэл нарийвчилалтай байршлын дохиоллыг дамжуулах бөгөөд ерөнхий дохиололтой үнэгүй үйлчилгээ ба нарийвчлалтай дохиотой үнэтэй үйлчилгээ гэсэн 2 төрлийн үйлчилгээг үзүүлэх гэнэ. “Галилео”-гийн гол давуу тал нь хэрэглэгч хэрэгцээ гарсан үед аюул тулгарсан дохиог хиймэл дагуулын төвд дамжуулж байршлаа мэдээлж болохоос гадна төвөөс тусламж ирж байгааг мэдээлсэн дохиог авч болдог онцлогоороо GPS ба “Глонас”-аас давуу юм байна. “Галилео”-г газраас Германы Мюнхен болон Италийн Фучиногоос удирдах ажээ.

GPS-тэй өрсөлдөх "Галилео" байршил тогтоох систем ашиглалтад орно

GPS-тэй өрсөлдөх "Галилео" байршил тогтоох систем ашиглалтад орно

2011 оны 10-р сарын 21-нд “Галилео” системийн анхны 2 хиймэл дагуулыг хөөргөжээ.

GPS-тэй өрсөлдөх "Галилео" байршил тогтоох систем ашиглалтад орно

GPS-ийн 24 хиймэл дагуул дэлхийгээс 20000 км зайд тойрог замд ажиллаж, байршлын дохиоллыг тасралтгүйгээр дамжуулдаг

GPS-тэй өрсөлдөх "Галилео" байршил тогтоох систем ашиглалтад орно

GPS-ийг ашиглаж Америкийн “Томохавк” далавчит пуужин нь 2000 км зайд байгаа байг 1 м-ийн нарийвчлалтай онодог байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хятадууд судалгааны станцаа сарны нөгөө талд буулгалаа

Image result for chang'e-4 landing

БНХАУ дэлхийн цорын ганц дагуул сарны нөгөө талыг судлах судалгааны станцаа амжилттай газардуулжээ. “Chang’e-4” гэх уг төслийн хүрээнд сарны харанхуй буюу нөгөө талыг судлах юм. Өнгөрөгч оны сүүлчээр газардагч станцыг өөрөө явагч судалгааны станцтай хамт дэлхийгээс хөөргөж байсан юм. Сар зөвхөн нэг талаараа дэлхий рүү хардаг бөгөөд өмнө нь америкууд нүүрэн хэсэгт нь газардаж байсан. Сарны нөгөө талд газардах тун асуудалтай бөгөөд тэнд байгаа станцтай дэлхийгээс холбоо барих боломжгүй. Харин хятадууд өнгөрсөн V сард холбооны хиймэл дагуулаа урьдчилан илгээжээ.

Уг станцын газардсан хэсэг нь нэн эртний тогоо бөгөөд уг хэдэн сая жилийн өмнө сансрын томоохон чулуулаг биет саран дээр унахад үүссэн гэж үздэг. Тиймээс энэ тогоонд нарны аймгийн үүсэлтэй холбоотой ихээхэн баримт хадгалагдаж байгаа гэдэг. Газардагч станц өөрөө явагч робот станцыг биенээсээ салгаж, ажилд оруулна. Өөрөө явагч нь сарны гадарга дээр аялж, төрөл бүрийн багаж хэрэгслээр судалгаа хийж эхлэх юм.

Categories
мэдээ улс-төр

Д.Тогтохсүрэнгийн өрөөнд албан бус уулзалтууд болж байна

Image result for Д.Тогтохсүрэн

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Пүрэв гаригийн чуулганы хуралдааныг түр хойшлуулах хүсэлт тавьсан. Үүний дагуу чуулган завсарласан ч МАН-ын бүлгийн хурал одоогоор эхлээгүй байна. Харин бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өрөөндөө гишүүдээ дуудаж цөөн хэдээр нь уулзаж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан нар бүлгийн даргатайгаа уулзахаар өрөө рүү нь орсон юм. Одоогийн байдлаар таван гишүүн бүлгийн даргын өрөөнд байна гэдгийг эх сурвалж өглөө.

Categories
мэдээ нийгэм

Тамирчдыг хүлээн авч уулзлаа

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг өнөөдөр ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооны тамирчин, Монгол Улсын аварга Я.Батсуурь, МУ-ын харцага О.Хангай, МУ-ын начин Д.Анар нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол Улсын харцага О.Хангай, үзүүрлэсэн Монгол Улсын аварга Н. Батсуурь шөвгийн дөрөвт шалгарсан Монгол Улсын начин Д.Анар нарт баяр хүргэж, цаашдынх нь спортын их үйлсэд амжилт хүссэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

ОУИМ Д.Эрдэнэбилэг чансаагаараа дэлхийд 65-д эрэмбэлэгдлээ

Монголын даамчдаас ОУИМ Д.Эрдэнэбилэг 2292 оноогоор 2018 оны сүүлийн улиралд нийт тамирчдаа манлайлж, дэлхийд 65-д эрэмбэлэгджээ. Улирал тутамд дүгнэдэг Дэлхийн даамын холбооны чансаа шинэ оны анхны өдөр гарсан бөгөөд уг рейтингээр манай 31 тамирчин шинээр ДДХМ/FMJD/-ын ID-тай болж, Дэлхийн даамын холбоонд албан ёсоор нэрээ данслуулсан байна. Тухайлбал, өнгөрсөн 12 дугаар сарын 1-2-нд болсон блиц, рапид тоглолтын УАШТ-ий дүнг харгалзаж олон улсын чансаа боджээ. Д.Эрдэнэбилэг өнгөрсөн 11 дүгээр сард БНХАУ-д болсон “Лишуй Опен 2018” олон улсын тэмцээнд амжилттай тоглож, чансаагаа +6 пунктээр ахиулжээ. Харин эмэгтэйчүүдийн чансааг Голланд улсад амьдарч, Лигт нь тоглож буй ДДХМ Н.Мөнхтуяа 2079 оноогоор тэргүүлж, 15 настай СМ Б.Мишээл 2062, 12 настай ДМ Н.Лхагвадолгор 2060 оноогоор тус тус 2, 3 дугаар байр эзэлжээ. Олон улсын тэмцээнд идэвхтэй оролцдог улс орнуудыг чансаагаар ангилахад Монгол Улс нээлттэй ангилалд 16 дугаар байр, эмэгтэй ангилалд есдүгээр байрт тус тус бичигдлээ. Уг чансаагаар Монголын даамчдаас шинээр олон улсын цол хүртсэн тамирчин гараагүй байна. Харин “Лишуй Опен 2018” тэмцээнээс СМ Б.Мишээл эрэгтэйчүүдийн Олон улсын мастер цолны 1 балл, ДДХМ Э.Хүслэн эрэгтэйчүүдийн Дэлхийн даамын холбооны мастер цолны 1 баллыг тус тус биелүүлсэн юм

Categories
мэдээ нийгэм

Төрийн банкны захиралыг яллагдагчаар татах саналыг шүүх рүү шилжүүлжээ

Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханыг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, прокуророос яллагдагчаар татах саналыг шүүхэд хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, Д.Баярсайханыг 20 орчим тэрбум төгрөгийн хэргээр шалгаж байгаа гэх ба уг хэрэгтэй холбогдуулан түүний автомашин болон ажлын өрөөг битүүмжилжээ. Тэрбээр өмнө нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар есөн жил ажилласан бөгөөд 2016 онд Төрийн банкны ерөнхий захирлаар томилогдоод байсан юм. Харин өнгөрөгч 2018 оны аравдугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн нарыг Авлигатай тэмцэх газраас саатуулсан байдаг.