Categories
мэдээ цаг-үе

“Бөртэ чоно”-ын эзэн М.Нандинцэцэг: Мэргэжлийн боксын рингэнд гарах сонирхол бий

Зүүн гараас ОУХМ Г.Нандинзаяа, Бөртэ чонын эзэн М.Нандинцэцэг, гавьяат тамирчин О.Насанбурмаа

2018 оны шилдгийн шилдэг тамирчин олон улсын хэмжээний мастер Мягмардуламын Нандинцэцэгтэй ярилцлаа.


-2018 оны шилдгийн шилдэг тамирчнаар нэрлэгдэж “Бөртэ чоно” шагнал хүртсэн танд баяр хүргэе?

-Баярлалаа. Оны сүүлээр насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Оны шилдэг тамирчинд анх удаагаа нэр дэвшээд л шилдгийн шилдгээр шалгарсандаа баяртай байна. Надад олон спортын сэтгүүлчид санал өгсөн байна лээ. Баярласанаа илэрхийлье. Оны шилдэг тамирчнаар гавьяат тамирчин О.Насанбурмааг шалгарах болов уу гэж бодож байтал намайг зарласан. 2018 он миний хувьд амжилт бүтээлийн жил байлаа. Тавьсан зорилгынхоо 80 хувьд нь хүрчихлээ.

-Энэ онд ДАШТ-ээс өөр ямар тэмцээнүүдэд өрсөлдөв. Ямар амжилт үзүүлэв?

-Шилдэг наймын тэмцээнд өрсөлдсөн. Хэд хэдэн олон улсын тэмцээнд өрсөлдөөд медальт байраас мултраагүй шүү.

-Томоохон тэмцээн нь Жакартагийн Азийн наадам байсан. Таны хувьд энэ жил оролцоогүй?

-Боксын холбооны зүгээс миний оронд өөр тамирчин Азийн наадамд оролцуулах шийдвэр гаргасан л даа. Миний хувьд 2014 оны Инчеоны Азийн наадамд оролцож хүрэл медаль зүүж байсан. өнөө жил амжилтаа ахиулах зорилготой байсан ч боломж олдоогүй. Энэ шийдвэрийн дараа хөгшрөөд жийгдэж эхэлж байгаа юм байна даа гэж сэтгэлээр бага зэрэг унасан шүү. Анхны багштайгаа хоёр сарын хугацаанд эрчимтэй бэлтгэл хийж байгаад л дэлхийн аваргыг зорьсон доо. Анхны багш маань миний бэлтгэлийн юу болж байгаа, юу алдаатай байгааг сайн мэдэрч чаддаг.

-Багшийнхаа тухай ярихгүй юу?

Миний багш бол Л.Энхбаатар гэж хүн байгаа. Багштайгаа 15 жилийн турш хамтдаа ажиллаж, хөдөлмөрлөж байна. Манай багш эмэгтэй бокс Монголд хөгжихөд үнэтэй гавьяа байгуулсан, эмэгтэй боксыг хөл дээр нь босгож өгсөн хүн. Анхны шигшээ багийг долоон тамирчинтайгаар эхлүүлж байсан хүн. Ер нь эмэгтэй боксын “анхны” гэсэн болгон багштай минь холбоотой.

-2006 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж байсан. Дэлхийн аваргын медаль танд хэр хол харагдаж байсан бол?

-Би 2004 оноос боксын спортоор хичээллэж эхэлсэн л дээ. 17-хон насандаа дотооддоо сорил тулаан хийж хоёр тамирчинг ялаад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ өвөртөлж байлаа. Том тэмцээний рингэнд гараад айж сандрах зэрэгцээд тулаандаа төвлөрч ч чадаагүй. Тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тамирчинтай ойрхон тулаан хийгээд ялагдсан. Туршлагагүй залуухан охинд медалийн тавцан хол харагдаж байсан.

-Боксын спортыг яагаад сонгох болов. Манай олимп дэлхийн медальтнууд бие хамгаалах зорилготой бэлтгэлд явснаар алдрын замналаа эхлүүлсэн байдаг?

-Миний хувьд ч ялгаагүй. Эмэгтэй бокс гэдгийг мэддэг ч үгүй байхдаа бэлтгэлд нь очиж байлаа. Биеэр жижиг туранхай, зожиг охин ямар ч хүнээс биеэ хамгаалж сурна гээд тулааны урлагийг сонгосон хэрэг. Өнөөдрийн амжилтад хүрнэ гэж зүүдэлж ч байсангүй.

-Амьдралд хэрэгтэй ямар чанарыг Боксын спортоос олж авсан бол?

-Тэсвэр тэвчээрэтй занг л боксын спортоос олж авсан даа. 15 жилийн турш боксын спортоор хичээллэж байгаа минь тууштай зангийн илрэл байх. Энэ хугацаанд унасан бүдэрсэн олон он жил байсан. Энэ бүхнийг туулж гарахдаа сэтгэлийн хаттай болсон.

-Та тулааны өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ. Тулаандаа хэрхэн төвлөрдөг вэ?

-Эмэгтэй хүн рингэнд гараад зодолдоно гэдэг хэцүү л дээ. Бэлтгэл сургуулилт хийхэд ч тэр. Тамирчин хүн бэлтгэл сургуулилт сайтай байхад л сэтгэл зүй өндөртэй байдаг гэж ойлгодог юм. Тэмцээний айдасгүй болчихдог байхгүй юу.

-Тулааны спортын тамирчдыг харахад гоо сайхнаа гэмтээсэн байдаг. Хөмсөг сэтэрсэн, хамар хугарсан байх нь энгийн үзэгдэл байдаг шүү дээ. Таны хувьд тийм сорви ажиглагдахгүй юм?

-Хүмүүс боксчин гэхээр муруй хамартай, онгорхой шүдтэй хүн байдаг гэж төсөөлдөг. Бокс чинь бүх төрлийн хамгаалалттай цэвэрхэн спорт шүү дээ. Ялангуяа хөнгөн жинд хүнд цохилт авч бэртэл гэмтэл авах нь гайгүй.

-2008 онд Бээжингийн олимпт хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нар шигшээд шалгарч байсан. Танд урам зориг өгч байсан байх?

-Залуухан тамирчин байхад ах нар маань энэ гаригийн хамгийн том тэмцээнээс алт мөнгөн медаль зүүгээд Монголын төрийн дууллыг Шувууны үүр цэнгэлдэхэд эгшиглүүлэхэд гэртээ уйлаад л үзэж байлаа. Эмэгтэй бокс олимпийн хөтөлбөрт багтсанаас хойш энэ том тэмцээнээс нэг медаль зүүчих юм сан гэсэн хүсэл төрдөг болсон шүү.

-Улсын аварга шалгаруулах тэмцээнд та 11 удаа түрүүлсэн. Дотоодын өрсөлдөөний талаар яриач. Ширүүн байж л олон улсын тэмцээнд амжилт үзүүлнэ шүү дээ?

-Эхэндээ тамирчид цөөхөн байсан л даа. Сүүлд олимпийн хөтөлбөрт багтсанаас хойш гурван жинд л өрсөлддөг болсон. Улсын аварга ч 51, 60, 75 кг-ын жингүүдэд явагддаг. Иймээс өрсөлдөөн ширүүсч байгаа юм л даа. Нэг жинд 20 гаруй тамирчин өрсөлддөг болсон. Сүүлийн үед боксын спортыг сонгож хичээллэх охидын тоо ч эрс нэмэгдсэн. Үүнийг дагаад тамирчдын ур чадвар ч хурдтай ахисан гэж ойлгож болно.

-Та долоон удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Зорилгодоо хүрэлгүй ялагдаад ирэхэд хүнд биз. Цахим ертөнцөд улсын мөнгөөр тансаглаад ирлээ гэх шүүмжлэл хөвөрдөг. Та хэрхэн хүлээж авдаг вэ?

-Анх хүнд байсан шүү. Одоо ач холбогдол нэг их өгөөд байдаггүй.

-2016 оны олимпийн эрхийн тэмцээнээс мултарсны дараа таны сэтгэл зүй хүнд байсан байх?

-Эргээд бодоход хамгийн их шантарсан үе минь 2016 он байсан шүү. Олимпийн эрхээ авч чадаагүй. Шигшээ багийнхан олимпт яваад өгдөг. Сэтгэлээр унаад л, зуны гурван сар уул хадаар яваад, Алтай Таван богд гараад л. Ер нь зодог тайлъя гэж бодож байлаа. Тэрний дараа багш маань “Юу байхав дээ. Одоо хоёрхон жил зүтгэчих. Энэ олон жилийн хөлс хөдөлмөрөө зориулсных дэлхийн аваргаас ганц медаль зүүчих” гэж ятгаад авч үлдсэн. Ойр тойрны хүмүүс ч “Чи л дэлхийн аваргаас медаль авахгүй бол дараагийн тамирчин бэлтгэгдэж медаль зүүнэ гэдэг хол шүү. Ойртож ирсэн дээрээ зүтгэ ” гэж зоригжуулж байлаа. “Энэ олимпт орж чадахгүй л бол чиний замнал дуусна” гэж хэлэх хэсэг бүлэг хүмүүс ч байсан. Багш минь загнахдаа загнаж, аргадахдаа аргадаж, бэлтгэлийн бус үед зөөлөн, боксын зааландаа хатуу чанга боловч үгэнд нь гомдох гээд олон л юм болсон доо. Тэгээд “Миний төлөө юм шүү” гээд л бүхнийг даваад гарч чаддаг.

-2017 оны “Улаанбаатар цом”-д ялагдахад “Нандиа минь одоо больж байна” гэх хүмүүс олон байсан шүү?

-Монголдоо хожигдоогүй удаж байгаад “Улаанбаатар цом”-оор жингийнхээ жаахан охинд ялагдчихсан. Энэ тулаанаас хүмүүс намайг дүгнэж “Хөгширчихөж, хурд хүч нь саарчихаж, юун дэлхийн аваргын медаль” гэж байсан юм билээ. Тэмцээний дараа амралт авч байгаад багштайгаа зөвлөөд энэ оны дэлхийн аваргад зориулж бэлтгэлээ анхны багштайгаа хамтдаа бэлтгэлээ базааж эхэлсэн.

-Таны тулааны арга барилын онцлог юу бол?

-Тулааны үед урагшаа улайрч дайраад байдаггүй. Угтуулсан цохилтуудыг оновчтой гүйцэтгэдэг. Толгойгоо ажиллуулж тоглодог гэх үү дээ.

-Та холимог тулааны спорт сонирхдог уу. Ирээдүйд тулалдах бодол бий юу?

-Олон хүмүүс надаас холимог тулаан тэр дундаа “UFC”-д тулалдах уу, тэр Ронда Рөүзтэй очиж тулалдаач” гэж хэлдэг юм. Гэхдээ надад тийм сонирхол байхгүй. Би барилдах эвсэлгүй. Харин мэргэжлийн рингэнд гарч үзэх сонирхол бий.

-2020 оны олимп хаяанд иржээ. Медалийн боломж танд нээлттэй байгаа?

-Ирэх жилийн ДАШТ-ээс олимпийн наадмын эрхээ авна. Амьдралынхаа тэн хагасыг зориулсан учраас олимпийн наадмын ринг үзээд зодог тайлмаар байна. Эмэгтэй боксчдоос дэлхийн аваргын анхны медалийг авсан юм чинь олимпоос яагаад болохгүй гэж. Зүтгэнэ дээ. Багштайгаа зөвлөөд 51 юм уу, 59 кг-ын жинд тулалдана.


Categories
мэдээ цаг-үе

Хоёр нүүрт зэс

Монголчууд өөрсдийгөө амны хишигтэй улс гэж ярьдаг. Үнэхээр амны хишигтэй. Газрын дээр, доор байгаа баялгаа тооцвол гурван сая гаруй иргэн цөм долларын саятан байх боломжтой. Хэдийгээр нүүрсний экспорт ааштай авгай шиг болсон ч дэлхийн зах зээлд манай хөдөө аж ахуйн түүхий эдийн эрэлт байнга өсөн нэмэгдэж байна. Дээр нь сэргээгдэх эрчим хүчний эрэлт нэмэгдэж байгаа нь манай зэс, уран, газрын ховор элементийн ордуудыг үнэд оруулна. Манайд зэсийн цөөнгүй орд бий. Өнөөгийн байдлаар Эрдэнэт, Оюу толгой компаниуд олборлолт хийж байна. Цаашдаа олон орд илрэх магадлал өндөр байгаа тухай мэргэжилтнүүд ярьдаг. Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд 36.3 сая тонн зэсийн нөөцийг хайгуул хийж тогтоогоод байна. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр манай улсын эдийн засгийн 20 гаруй хувийг бүрдүүлдэг. Тус үйлдвэрийн зэсийн нөөц нь 4.6 сая тонн, харин молибидений нөөц 125 мянган тонн. Гэвч үйлдвэрийн ашиглах нөөц саяхан УУХҮЯ-наас мэдээлснээр гурван сая тонн зэс, 55 мянган тонн молбиденээр нэмэгджээ. Энэ нөөцийг 24 тэрбум ам.доллараар үнэлж буй. Оюу толгой орд нөөц, уурхайн хүчин чадлаараа дэлхийд эхний тавд ордог гэдэг. Тус ордоо 31.1 сая тонн зэс, 1.3 тн алт, 7.6 мянган тн олборлоно хэмээн тооцсон. Өнөөгийн байдлаар Оюу толгой компани баяжуулах үйлдвэрээ барьж эдүгээ туршилтын журмаар ажиллаад байна. Уг баяжуулах үйлдвэр өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Цагаан суваргын ордын лицензийг “МАК” компани эзэмшдэг. 94.7 сая тонн сульфидийн хүдрийн нөөцтэй. Тус ордоос 568.6 мянган тонн зэс олборлох боломжтой. Хэрэв Эрдэнэтийн шинээр илэрсэн гурван сая тонн зэсийн нөөц 24 тэрбум ам.доллар юм бол Оюу толгойн нөөцийг 240 тэрбум доллараар үнэлж болно. Шинжээчдийн үзэж буйгаар өнөөгийн илэрсэн ордууд мөсөн уулын орой гэх нь бий. Учир нь Монголын газар нутгийн 20 хүрэхгүй хувьд л хайгуулын ажил хийгдсэн. Өнөөгийн Монгол төрийг самраад байгаа зэсийг төрийн ба хүний гэж хоёр хувааж болно.

ТӨРИЙН ЗЭС

Мэдээж төрийн зэс бол Эрдэнэт үйлдвэр. Монголын авлигын голомт болсон энэ үйлдвэрийн ашиг хэд гэдгийг бодитоор хэлэх хүн өнөөдөр алга. Түүгээр зогсохгүй хэний өмч нь ч мэдэгдэхээ больсон. Монголын улстөрчийг авлигач болгосон төрийн зэс худалдах гэрээ нь л хэдэн тэрбумын ашигтай гэдэг. Дээр нь оросуудаас 49 хувийг авчирсан залуус эх орончид уу, эх захаа алдсан луйварчид уу гэдэг нь тодорхойгүй өнөөдрийг хүрч байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр Эрдэнэтийн 49 хувийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд төсөвт төлөх татвар 30 гаруй хувиар нэмэгдэх боломжтой. Өнөөдөр Монголын намуудын мөрөөдөл Эрдэнэт, Таван толгой тэргүүтэй төрийн мэдлийн ордууд бол улстөрчдийнн мөрөөдөл лиценз болсон гэхэд хилсдэхгүй. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид дэлхийн ижил төстэй үйлдвэрүүдтэй харьцуулахад хамгийн бага цалин авдаг, энэ үйлдвэрт шилэн дансны хууль үйлчлэхгүй, техник технологи хоцрогдсон гээд олон муу мэдээ байдаг. Энэ үйлдвэрт өчнөөн тэрбумын шахааны асуудал яригдсаар ирсэн. Харин 49 хувь нь хувийн компанид өгсөнөөс хойш улстөрчдийн шахааны талаарх шуугиан эрс багассан тал бий. Газрын теннисний талбайгүй боловч найман мянган ширхэг газрын теннисийн бөмбөг шахсан гэсэн мэдээллийг шалгах газар байхгүй гэдэгт итгэхэд бэрх. Хүний санаанд оромгүй мэдээлэл сошиалаар зураг хөрөг, тоо баримттайгаа гарсаар байгаа ч өнөөдөр хуулийн байгууллага үнэн эсвэл худал гэсэн мэдээллийг өгөөгүй байна. Эрдэнэт бол аль хэдийнэ өртгөө нөхсөн үйлдвэр. Ашиг бол хангалттай. Гэтэл үйлдвэрийн удирдлагууд байнга техник, технологи шинэчлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн гомдоллодог. Гэтэл шахаа нь үнэн бол хангалттай хөрөнгө оруулах боломж байгаа нь харагдана. Эцэстээ энэ үйлдвэртэй холбогдсон асуудал улс төр бол хувирч байна. Ерөнхий асан С.Баярын үед “Жаст”-ын Ш.Батхүү Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж зээл авсан байдаг. Зээл авсан банк Хятадын мэдэлд очсон мэдээлэл бий. Харин сүүлийн үеийн мэдээгээр нөхөр Ш.Батхүү Эрдэнэтийн 49 хувийг биш зэс худалдах гэрээгээ л барьцаалсан тухай яриа гарсан. Түүний авсан зээл 100 сая ам.долларын өрөнд Монголыг унагаж байгаа нь зэс нь худалдааны гэрээнээс үнэтэй гэсэн үг биш. Харин зэсийн борлуулалтын орлогыг л хэд дахин дардаг гэсэн харыг төрүүлнэ. Өнөөдөр Эрдэнэтийн үйл ажиллагаа ямар хуулиар зохицуулагдаж байгаа нь тодорхой бус. Учир оросуудтай байгуулсан гэрээ хүчинтэй эсэх, Дээд шүүхийн гаргасан шийдвэрийг УИХ биелүүлэх эсэх нь тодорхойгүй болов. Энэ үйлдвэр өнөөдөр улстөрчдийг ачуулаад зогсохгүй Монгол Улсын хууль эрх зүйн өвчин болж хувирч байна. Монгол төрийг сүйрүүлж мэдэх энэ үйлдвэрийг цэгцлэх ганц арга бол Эрдэнэтийн хувьцааг биржээр арилжаалах гэж зарим эзийн засагч үздэг.

ХҮНИЙ ЗЭС

Оюу толгойн тоо баримтыг нийтлэлч Баабар саяхан манай сонинд дэлгэрэнгүй нийтэлсэн. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Анхнаасаа би Ерөнхий сайд С.Баярт Монголын тал хувь эзэмшээд хэрэггүй гэсэн санал тавьж байсан. Гэтэл нийгэм хүлээн зөвшөөрөхгүй. Тэгвэл барууны хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэсэн” хэмээн ярив. Эндээс харвал тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярт 34 хувийг авах эсвэл нэг ч долларын хөрөнгө оруулалтгүй үлдэх гэсэн хоёр сонголт үлдсэн нь анзаарагддаг. Үнэн хэрэгтээ түүнд сонголт байгаагүй. Дотоодын дарамтыг зөөллөхийн тулд л 34 хувийг авч “Рио тинто”-гийн аманд унасан юм. Зах зээлийн эдийн засгийн хувьд монголчууд лицензээ хувьцаалж болох байсан. Гэхдээ бид Оюу толгойтой толгойгүй амьдарсаар л ирсэн. Бэрдийн нүдэнд далай харам гэгчээр өнөөдөр Оюу толгойг маш их мөнгө гэж харахаасаа илүүтэй өндөр хөгжилтэй орны соёл иргэншил, бизнесийн зарчим, техник технологийн нутагшил гэж харсан нь бидэнд өлзийтэй тусна. Оюу толгойн гүний уурхайн өрөмдөх машин нь дэлхийд хоёрхон байдаг. Нэгийг нь Чилид болсон ослын үеэр хэрэглэсэн гэдэг. 1000 метрээс доош гүнд өрөмддөг машин Монголд ажиллаж байгаа нь дэлхийн уул уурхайн акулуудын анхаарлын төвд байна. Дэлхий монголчуудыг Чингис, 1990 оны цуглаан, самбо, сумогоор л мэддэг байсан. Харин өнөөдөр санхүүгийн том гарууд өдөр шөнөгүй ажигладаг болсон. Өнөөдөр “Рио тинто” Монголд байх эсэх асуудал яригддаг. Гараад явж болно. Мэдээж эзэн нь өмнөх хөрш болно. Гэхдээ технологио аваад л гарна. Өөрөөр хэлбэл дэлхийд хоёрхон байдаг машины нэгийг хятадуудад орхихгүй. Гэсэн хятадууд түүнийг нь ямар ч үнээр авч чадна. Тэдэнд газрын гүнд байгаа зэс биш, Монголд өөрийн гэсэн бүс байх л сонирхол бий. Бидний ад үзээд байгаа “Рио тинто” цаашид үйл ажиллагаа явуулах нь дараа дараагийн олон том ордыг ашиглах замыг нээж өгнө. Энэ компани 2012 – 2018 онд улсад өгсөн татвар хураамжаас гадна Өмнөговь аймагт үндсэн болон дэд бүтцийг барьж байгуулахад 400 шахам тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

ТАНИХГҮЙ ЗЭС

Саяхан УИХ дээр гарсан хэрүүл хөрөнгө оруулалтыг таг зогсоох шалтгаан болно. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Цагаан суваргын ордоо буцааж өг” гэсэн санал, заналхийлэл хоёрын аль нь мэдэгдэхгүй загнав. Хэрэв УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тус ордыг хуулиар авсан бол Ерөнхий сайд булааж авах эрхгүй. Хууль бусаар авсан бол Ерөнхий сайдгүйгээр дээлээ нөмрөх учиртай. Бид хүний болон төрийн зэсийн нийгэмд үзүүлж байгаа нөлөөллийг мэднэ. Ерөнхий сайдын хэлсэн үгнээс болж ямарч тохиолдолд Цагаан суваргын ордод хөрөнгө оруулах сонирхол гадныханд төрөхгүй л болов уу. Учир нь “УИХ-ын гишүүн бизнес хийж чадахгүй байхад бид хөрөнгөө оруулах нь элсэнд ус асгахтай адил хэрэг болно” гэж тэд болгоомжилно.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч төслөө өргөн барих гэсэн боловч УИХ хүлээж авахаас татгалзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлаад байна. Уг төсөлдөө санал авахаар Засгийн газар хандсан бөгөөд Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж уг хуулийн төслийг нь дэмжихээ илэрхийлсэн юм. Энэ хуулийн төсөл нь “УИХ-ын даргыг огцруулах асуудлаар нийт гишүүдийн олонх нь санал гаргасан тохиолдолд УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн заалттай юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үдээс хойш энэхүү төслөө УИХ-д өргөн барих гэсэн боловч хүлээж авахаас татгалзжээ. Учир нь, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хууль санаачлагч төслөө 30 хоногийн турш цахим хуудсанд байршуулж олон нийтийн саналыг авах ёстой. Гэвч Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл энэхүү шаардлагыг хангаагүй учраас хүлээж авсангүй. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тайлбар хийсэн юм. Ерөнхийлөгчийн үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг утгаараа энэхүү хуулийн төслийг санаачилжээ. Нөгөөтэйгүүр сүүлийн нэг сар УИХ-ын даргыг огцруулах асуудлыг олон нийт хэлэлцсэн учраас Хууль тогтоомжийн тухай хуулийн дээрх шаардлагыг хангасан гэж үзэж байгаа ажээ. Тиймээс энэхүү тайлбаруудаа бичээд маргааш төслөө өргөн барина гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсаныг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ. Нэр бүхий гишүүдээс гаргасан саналыг төсөлд тусган хууль санаачлагчид уламжлахаар болов. Төсөлд “УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлнэ”, “Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын үйл ажиллагаа гацаанаас гарч, нийгэм, эдийн засгийн хүлээгдэж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзжээ

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхүүдийг томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр захирамж гаргаж Чойжингийн Хурц, Жамбын Бямба нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо.

Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны доктор, профессор Жамбын Бямба, Хөдөлмөрийн баатар, Геологи-эрдэс зүйн ухааны доктор Чойжингийн Хурц нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Уул уурхай, ашигт малтмалын асуудлыг хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

ММСУХ-ны VII Их хурал энэ сарын 24-нд Улаанбаатарт болно

Монголын морин спорт уяачдын холбоо /ММСУХ/-ны VII Их хурал энэ yэгдүгээр сарын 24-нд нийслэл Улаанбаатар хотноо болно.

Монголын мянга мянган уяачдыг төлөөлөн чиглүүлдэг тус холбооны анхны тэргүүнээр Г.Пунцагбалжир агсан ажиллаж байсан юм. Түүний дараа улсын алдарт уяач У.Буяндэлгэр, тод манлай уяач Д.Бат-Эрдэнэ ММСУХ-ны тэргүүнээр ажиллаж байлаа. Өнөөдөр тус холбооны тэргүүн нь УИХ-ын дарга М.Энхболд юм.

Тус Их хурлын төлөөлөгчдийг ММСУХ-ны тэргүүлэгчид болон тод манлай уяачдаас 110 төлөөлөгч, нийслэлийн уяачдын холбооноос 40, аймгуудын уяачдын холбооноос тус бүр 5, дүүргүүдийн уяачдын холбооноос тус бүр 10, сумын уяачдын холбооноос нэг төлөөлөгчийг тус тус сонгон оролцуулна.

Categories
мэдээ нийгэм

2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарлав

Нийслэлийн Засаг даргын зөвлөл шинэ оны анхны хуралдаанаа өнөөдөр хийж, 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарлахаар шийдвэрлэв.

Хөгжлийн жилийн хүрээнд иргэн төвтэй төрийн үйлчилгээг дээдэлж, нийслэлийн иргэдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төрийн үйлчилгээний чанар, төрийн байгууллагын чадавхи, төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, инновацид суурилсан бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн үйлчилгээний чанарт ахиц дэвшил гаргах зорилт тавьж байгаагаа мэдэгдлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ,“2019 он бол Улаанбаатар хотын хувьд онцлогтой жил. Энэ онд Улаанбаатар хотын 380 жилийн түүхт ой тохиож байна. Тиймээс хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, иргэдийн хөгжлийн чиглэлээр бүх төрийн үйлчилгээг хөгжлийн шинэ шатанд хүргэхийг зорьж төрийн байгууллагын бүх албан тушаалтан үүнд анхааран ажиллах болно. Түүхт ойн хүрээнд бүтээн байгуулалт, дэд бүтцийн бүх салбарт иргэдийн оролцоотой хөгжлийг сайжруулахаар зорин ажиллана” гэдгийг онцлов.

Хурлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ хийх ажлын талаар хэлэлцлээ. Энэ нь бүх шатанд ажлын хариуцлага сахилгыг өндөржүүлж, санаачлагыг өрнүүлэх замаар амжилтыг бататгах, хүндрэл бэрхшээлийг арилгаж, иргэдэд үйлчлэх, төрийн үйлчилгээнд чанарын ахиц дэвшил гаргах, бодлогын зорилтууд, тогтоол шийдвэрийн биелэлтийг бүрэн хангахад оршиж байгаа юм.

Хурлын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан дүүргийн Засаг дарга нарт үүрэг даалгавар өглөө. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээг сайжруулах жил” болгон зарласан. Нийслэлээс 2017 оныг “Иргэдийн оролцоотой-Эрх зүйн шинэтгэлийн жил”, 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарлаж байсан. Тиймээс энэ жилийн “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил”-ийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөнд тусгах саналаа ирүүлэх”-ийг уриалав.

“Төрийн албаны тухай хууль”-ийг шинэчлэн энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах ажлыг энэ оны эхний улиралд багтаан зохион байгуулах, Нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг бүрэн хангаж ажиллах, Төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллах, Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу шуурхай зохион байгуулах, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, нийслэлийн зарим хороог өөрчлөн зохион байгуулахад шаардагдах тооцоо, судалгааг шинэчлэн гаргаж өгөх, Тохижилт цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг эрчимжүүлэх, Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор бүх түвшинд бэлтгэл ажлыг сайтар хангах зэрэг үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймагт болно

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2019 оны УАШТ-ийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод нэгдүгээр сарын 7-9-нд зохион байгуулна. Тэмцээн эрэгтэй 60, 66, 73, 81, 90, -100, +100, эмэгтэй 48, 52, 57, 63, 70, -78, +78 кг-ийн жингийн ангиллаар явагдаж, аваргуудаа тодруулах юм байна. Монголын жүдо бөхийн холбооноос зохион байгуулах энэ удаагийн УАШТ нь “Токио 2020” зуны олимпийн наадмын эрхийн оноо авах олон тэмцээний өмнө болж байгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой. Манай эрэгтэй, эмэгтэй жүдочдоос УАШТ-д хэн нь шилдэг байж энэ онд болох уламжлалт “Гран при”, “Их дуулга” тэмцээнүүд болон залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д хүчээ сорих эрхээ өвөртөлж Токиогийн олимпийн эрхийн оноогоо цуглуулах боломж олдох юм.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын шинэ оны анхны хуралдаан болж байна. Өчигдөр Засгийн газрын хуралдах товтой байсан ч хуралдаагүй.

Өнгөрсөн сарын 26-ны өдөр Засгийн газар хуралдаж Тавантолгойн ордыг түшиглэн Оюутолгойн төслийг эрчим хүчээр хангах цахилгаан станц барих тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

МСҮТ-ийн оюутнуудад 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно

Улсын хэмжээнд 83 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 36 мянга орчим хүн мэргэжилтэй ажилтан болохоор суралцаж байна. Үндэстний ур чадвартай ажилтныг олноор бий болгох ажлыг дэмжих үүднээс эдгээр суралцагсдад энэ оны нэгдүгээр сараас эхлэн сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгох гэж байна.

Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад суралцагсдын тоо жилээс жилд буурсаар байгааг графикаас харж болно. 70 мянган төгрөгийн тэтгэлгийг 2016-2017 оны хичээлийн жилээс зогсоосноос үл шалтгаалан ЕБС төгсөгч, суралцагчдын цонх үе таарсантай уялдуулж суралцагсдын тоо буурсан гэж үзэж байна. Тэгвэл цаашид сар бүр тэтгэлэг олгохдоо дараах шалгуур үзүүлэлтийг тавьж байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дарга Ц.Батдорж “Хуучин насны үзүүлэлтийг 24 гэж байсан бол энэ жил 35 хүртэлх насны суралцагчид гэж олгож байгаа. Мөн ирц нь 75 хувь, сурлагын үзүүлэлт D үнэлгээнээс дээш бол тухайн хүүхдэд тэтгэлэг олгохоор төлөвлөж байгаа” гэв.

Ноос, ноолууран бүтээгдэхүүний дотоодын томоохон үйлдвэрүүд 1000 орчим ажлын байр зарлаж байгаа ч энд ажиллах мэргэжилтэй боловсон хүчин Монголд дутагдалтай, элсэгчдийн тоо ч хангалтгүй хэвээр байгаа юм. Тиймээс төр засгийн зүгээс мэргэжилтэй боловсон хүчнийг дэмжих үүднээс уг тэтгэлгийг олгох шийдвэр гаргасан. Тэгвэл хөнгөн үйлдвэрийн цорын ганц мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад одоогоор энэ чиглэлээр 600 гаруй хүн суралцаж байна гэлээ.

Монгол-Солонгосын политехник коллежийн сургалтын албаны менежер Д.Буяндэлгэр “Хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжлийн сүлжигч, нэхэгч, ээрэгч зэрэг мэргэжлүүд асар их хэрэгцээтэй байгаа ч үүнийг сонирхож элсэх хүүхэд бага байгаа. Хэрвээ энэ ажил мэргэжлийг сонгон суралцах юм бол хөдөлмөрийн зах зээл дээр ажлын байр, бүтээмжээс хамаарсан цалин хөлсний боломж байгаа гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчдад олгох тэтгэлгийн шалгуур үзүүлэлтийн журмыг Засгийн газар хараахан батлаагүй, нийт суралцагчдаас хэд нь авах талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байна. Зөвхөн Монгол-Солонгосын политехник коллеж дээр жишээ авахад суралцагсдын 90 хувь нь тэтгэлгийг шалгуур үзүүлэлтийг хангахаар байгаа юм.

Тэтгэлэгт зориулж энэ онд улсын төсөвт 41 тэрбум төгрөг суулгажээ.