Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Энэхүү хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдийн олонхи Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх тухай саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх асуудлыг тусгаж,дагаж мөрдөх хугацааг заасан байна. “Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын үйл ажиллагаа гацаанаас гарах, хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн асуудлууд шийдвэрлэгдэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, холбогдох бусад хуультай нийцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан болно” хэмээн төслийн танилцуулгад дурджээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн даатгалын сангаас 5.4 тэрбум төгрөгийг урсгал зардалд зарцуулна гэв

Жил бүр Эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой хэмжээний төсөв гаргаж, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг тогтолцоо манай улсад бий. 2019 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас 407.6 тэрбум төгрөгийг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, үнийн хөнгөлөлттэй эмийн үйлчилгээнд зарцуулахаар болжээ. Мөн тус мөнгийг өрх, суманд эрүүл мэндийн төвүүдээс үзүүлдэг дөрвөн төрлийн тусламж үйлчилгээнд болон “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт зарцуулах юм.

Өнгөрсөн онд тус сангийн орлогыг 376 тэрбум, зарлагыг 341.3 тэрбум төгрөг байхаар баталсан юм. Энэ онд орлого, зарлагыг тэнцүү буюу 407.6 тэрбум төгрөгөөр баталжээ. Орлогын дийлэнхийг ажиллагсдаас төлөх шимтгэл бүрдүүлж байгаа бол зарлагыг төрийн өмчийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд эзэлдэг. Тухайлбал, энэ онд төрийн өмчийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад 244.5, сумын эрүүл мэндийн төвд 8.7, хувийн эмнэлэг, эмийн санд 148.7, үйл ажиллагааны урсгал зардалд 5.4 тэрбум төгрөг гэх мэтээр зарцуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна

Нийслэлийн цэргийн тоо бүртгэлийн ажлыг энэ сарын 4-21-ний өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд байгуулах гэж байна. Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл бэлтгэл офицер, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд 50 нас хүртэл хамрагдах аж.

Цэргийн албаны тухай хуульд:

-Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.

-Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ.

-Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ хэмээн заасан байдаг.

Цэргийн бүртгэлд бүртгүүлэх иргэн дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

1. Иргэний үнэмлэх,

2. Цэргийн үүрэгтний үнэмлэх,

3. Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй иргэн /2х3 хэмжээтэй цээж зураг 2 ширхэг/

Цэргийн бүртгэлд тус хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн, цэргийн жинхэнэ алба хааж байгаа, ял эдэлж байгаа иргэн хамрагдахгүй гэж заасан байдаг. Тиймээс цэргийн бүртгэлд хамрагдах иргэн нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг үүргийг хүлээдэг байна.

Цэргийн албаны тухай хуулийг зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага:

Зөрчлийн тухай хуулийн 15, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу цэргийн бүртгэлийн журам зөрчсөн иргэнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

“Одонгийн мөнгө”-ийг цагаан сараас өмнө олгоно

Жилд нэг удаа буюу Цагаан сарын өмнө Алдарт эхийн одонтой ээжүүдэд “Одонгийн мөнгө” олгодог. Өнгөрсөн жил 216.679 ээжид 28.5 тэрбум төгрөг олгож байсан бол энэ жилийн төсөвт 29.4 тэрбум төгрөг суулгажээ.

Алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжид 200 мянга, хоёрдугаар одонтой ээжид 100 мянган төгрөгийг жилд нэг удаа олгодог. Хуульд заасны дагуу цагаан сарын баярын өмнө “Насны хишиг”, “Одонгийн мөнгө” олгох ажлыг зохион байгуулах ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Хариуцлагатай хэрэглээ- Хэрэглэгчийн эрхийн жил”-ийн нээлт болно

2019 оны нэгдүгээр сарын 07-ны өдөр Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газраас 2019 оныг “Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрх”-ийн жил болгож буйтай холбогдуулан нээлтийн ажиллагааг хийх гэж байна.

Тус арга хэмжээ нь жилийн турш үргэлжлэх ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудалд хэрэглэгч, үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч иргэн, хуулийн этгээдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлж, иргэдийн хэрэглээний соёл, мэдлэгт анхаарч, төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдэж байна.

Нээлтийн арга хэмжээнд хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг хариуцан ажилладаг Яамдын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбар зөвлөл, агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ, хэрэглэгчийн мэргэжлийн төрийн бус байгууллагууд зэрэг төр, төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцох юм.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Энэ онд 19 байршилд гэрэлтүүлгийн ажил хийнэ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өнгөрсөн онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тохижилт, гэрэлтүүлгийн нийт 16 төсөл арга хэмжээг хийж гүйцэтгэжээ. Тодруулбал гэмт хэрэг, зөрчил ихээр гардаг гэр хорооллын 14 байршилд нийт 438 ширхэг гэрэлтүүлэг хийсэн бол долоон байршлийн нийт 8.000 мкв талбайд тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийжээ.

Түүнчлэн дүүргийн Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсээс дүүргийн 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл арга хэмжээг төлөвлөхөд 28 хорооны 94.971 өрхөд саналын хуудсыг хүргүүлэн ажилласан. Санал асуулгад иргэд 79,4 хувьтай хамрагдаж тэдгээрийн саналд үндэслэн тохижилтын 14 ажил хийх бол гэрэлтүүлгийн 26 байршилд зураг төсвийн ажил хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээ, аюулгүй байдал, анхаарах асуудлаар зөвлөж байна

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

​Эрх баригчид хэнээс шударга ёс шаардаж жагсаад байна вэ​

Ард түмэн дарлагдаж байвал төр засгаасаа шударга ёс нэхэж, шаардаж жагсаал цуглаан хийх эрхтэй. Нийгэмд шударга ёс алдагдаж, ард түмний амьдрал хүндэрч ядуурал нэмэгдэж, амьдрахад тавгүй болоход “Та нар болохгүй байна”, “Та нар төр засаг барьж чадахгүй байна. Бидэнд таагүй байна” гэж мэдэгдэх цор ганц хүчтэй арга нь ард түмний жагсаал цуглаан юм. Жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх нь ардчиллын амин сүнс. Тийм ч учраас Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж баталгаажуулж заасан байдаг.

Өчигдөр “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” уриатай эсэргүүцлийн жагсаал Сүхбаатарын талбайд болсныг та бүхэн мэдэж байгаа. Жагсаалыг зохион байгуулагчид энэ удаагийн цуглаанд гучаад мянган хүн оролцсон гэж ярьсан ч найм, есөн мянган хүн байсан гэсэн таамаг байна. Яахав, ер нь жагсаалд оролцсон хүний тоог тойрсон яриа бол мөнхийн сэдэв л дээ. Жагсагчид нь амныхаа зоргоор өндөр тоо хэлдэг бол сөрөг талынхан нь аль болох дарж бага тоо хэлдэг. Гэхдээ өчигдрийн цуглаанд найм, есөн мянган хүн байсан болов уу гэж сэтгүүлчид ярьж байна.

Энэ жагсаалыг зөвтгөнө өө. Зөв ч алхам болсон. Бид жагсаалыг дэмждэг. Харин энэ жагсаалыг эрх баригчид удирдсан нь үнэхээр сонирхолтой. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд бол сөрөг хүчнийхэн. Энэ хоёр төрийн эрх барихгүй байгаа ч УИХ-ын гишүүд гэдэг утгаараа төр барьж байгаа хүмүүс хэмээн тооцогдоно. Нөгөөдүүл нь 65-уулаа эрх барьж байгаа ялсан намын УИХ-ын гишүүд. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар. Тэд хэнээс юу шаардаад жагсаад байгааг нь ер ойлгосонгүй. Өөрсдөө төр барьж байж ард түмэнтэйгээ нийлж жагсаал хийгээд “МАНАН-г устгана”, “М.Энхболд огцор” гэсэн шаардлага тавиад байх юм.

Та нар өөрсдөө энэ бүхнийг хийсэн биз дээ. Төр барьж байгаа та нар л бүгдийг яаж хийхээ мэднэ шүү дээ. Ард түмэн бид юугаа мэдэх юм. Яагаад вэ гэвэл та нар эрх баригчид. Хуулиа өөрчлөөд энэ бүхнийг шийдэх бүрэн боломж нь байна, та бүхэнд. Цуглаад чуулганаа хий, хуулиа өөрчил. Хууль тогтоох эрх мэдлийг та нарт итгэж өгсөн, Монголын ард түмэн. Одоо бид өөр нэмж юу өгөх юм бэ, та нарт. Бүх эрх мэдэл нь та нарын гарт байгаа. Хууль ёсны зам мөр нь ерөөсөө л хууль өөрчлөх хувилбар. Яагаад энэ замаараа явахгүй аль болох зайлсхийгээд гудамжинд гарч ард түмнийг турхирах замыг сонгоод байгаа юм. Хуулиа барьж авч тохиромжтой өөрчлөлтүүдийг хийх замаар энэ гацааг арилга л даа. Өөрсдөө эрх барьж байж, өөрсдөөсөө юм шаардаад жагсаал хийгээд байдаг чинь ямар ч утгагүй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд хоёрыг бол ойлгож байна. Тэртээ тэргүй жагсах хоббитой, эрх бариагүй болохоороо эрх баригчдаасаа шударга ёсыг шаардаад жагсч үгээ хэлж байгаа биз гэж бодно. Тэглээ ч гэсэн энэ хоёр жагсаад сурчихсан хүмүүс.

Харин МАН-ын залуучууд та нар хэнээс шударга ёс шаардаад байгаа чинь тун ойлгомжгүй байна. Өөрсдөөсөө биш юм бол ард түмнээс та нар шударга ёс нэхээ юу. Төрийг шударга бус байна гэж үзэж байгаа бол төр барихаа болиоч дээ. Та нар өөрсдөө төр шүү дээ. Тэгсэн атал төр нь төрөөсөө шударга ёс шаардана гэж юу байдаг юм. Төр чинь шударга биш байгаа бол та нар өрөөндөө ороод хурлаа хийгээч, микрофоноо асаагаад ярилцаач. Тэгж гэмээнэ шударга бус бүхнийг засч залруулж хэлэлцэнэ. Ийм л зам байна, эрх баригчдад.

Хаа хамаагүй мөрөөрөө байгаа ард түмнийг турхирч авчраад орилоод байгаа чинь юу болж байна вэ. Тэглээ ч гудамжинд улс төр хийгээд олны анхааралд өртдөг цаг нь өнгөрсөн гэдгийг өчигдрийн цуглаан бэлээхэн харуулаадахлаа. Гудамжинд орилсноор Ү.Хүрэлсүх, М.Энхболд хоёроос салж чадахгүй гэдгээ ухаарсан болохоор одоо Төрийн ордонд орж парламент, төрийн өндөрлөгүүдтэйгээ хэл амаа олох нь үр дүн өгнө гэдгийг ойлгоцгоо. Өчигдрийн жагсаалд урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын “Миний дуунууд” концертыг үздэг үзэгчдээс ч бага хүн цугларахыг үзлээ. Тэгэхээр хуулиа өөрчлөх замаар Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрыг огцруулж салахаас өөр арга зам үлдсэнгүй. Хэрвээ ингэхгүй бол энэ мухардлаас гарахгүй, дахин жагсаал хийвэл хүн ч ирэхгүй нь.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 4-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд “Ойн хомсдол, доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр” хэлэлцүүлэг болно. Утас: 88054040

09.00 цагт НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн үйл ажиллагаатай танилцана. Уас: 70119921, 99268461

10.30 цагт Хангарди ордонд Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаан болно. Утас: 70119921, 88084523

12.00 цагт СУИС-ийн “Оюутан” театрт эргүүлэх профессор, Ардын багш С.Дуламын “Эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган” гурван боть номын нээлт болно. Утас: 99237173

Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын аль алинтай нь уулзсан

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.


-Ирц хүрэхгүйн улмаас парламентын үйл ажиллагаа тасалдаад нэлээд хугацаа өнгөрлөө. УИХ-ыг тараах асуудал ч хөндөгдөөд эхэллээ. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Байнгын ажиллагаатай парламентын мэтгэлцээний талбар нь Байнгын хороодын хуралдаан, УИХ-ын танхим байдаг. Тэнд л асуудлаа шийдэж, буруу зөвөө ард түмнийхээ нүүрэн дээр ил тод ярилцдаг. Харамсалтай нь сар гаруй хугацаанд байнгын ажиллагаатай парламент тасалдаад байна. Би нэг л зарчим барьж байгаа. Аль нэг улстөрч, бүлэглэлийн талд олигархуудыг дэмжих сонирхол надад ер алга. Монголын байнгын ажиллагаатай парламент жигд хурал зөвлөгөөнөө хийж байх ёстой. Бид 1990 онд ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээсээ хойш 29 дэх жил рүүгээ орж байна. Ардчилал, зах зээлийн энэ нийгэмд монголчууд 3.2 сая ард түмнээсээ шилдэг 76 хүнээ байнгын парламент буюу УИХ-д сонгодог гэж ойлгодог. Тэр сонгогдож байгаа 76 хүн УИХ-ын сонгуулийн үеэр бусад нам эвслээ заналхийлж, биднийг л сонгох юм бол улс орныг хөгжүүлж сайхан болгочихно гэж том амлалтууд хэлж, намынхаа мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг дэмжин хууль дүрэмд зохицож ажиллана гэж тангаргаа өргөчихсөн хүмүүс шүү дээ. Төрийн түшээ болоод 76-уулаа тангаргаа өргөхдөө хариуцлагатай, сахилгатай байх талаар ганцхан өгүүлбэр л хэлдэг. Ажлаа хийхгүй байна. Энд хэн нэгэн хүнийг буруутгаж, зөвтгөхөөсөө илүү ажлаа л хиймээр байна. Би өмнө нь ч хэлж байсан. Чуулганы хугацаандаа ирээч ээ гэж шахсаар байгаад овоо цаг хугацаандаа ирдэг болчихсон байсан. Тэгээд овоо жигдэрлээ гэж бодож байтал хуралдаж чадахаа байчихсан нь харамсалтай байна.

-Шинэ оны ажлын эхний өдөр УИХ-ын үйл ажиллагаа доголдолгүй ажиллах болов уу гэж бодож байлаа?

-Өнгөрсөн ондоо хамаг юмаа үлдээгээд шинэ оны эхний өдөр хурал нь эхэлчих болов уу гэж бодсон. Монгол хүн бэлгэ дэмбэрэлээрээ байдаг шүү дээ. Ерөнхийлөгч он солигдоход эрс шинэчлэлт гэж ярьсан. Шинэ жилийн үеэр орон орны төрийн тэргүүнүүдийн хэлсэн үгийг сонслоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлж байгаа үг, урд, хойд хөршийн ерөнхийлөгчийн хэлж байгаа үгний агуулгаас хөгжиж байгаа улс ямар их бүтээн байгуулалтаа ярьж байна, ямар зорилго тавьж ажиллаж байна гэдгийг харж болно. Бидэнд эрс шинэчлэлт гэдэг үгнээс өөр 2018 онд ямар том бүтээн байгуулалт хийчихэв гэдэг талаар сонсогдсонгүй. 2019 онд яг ямар зорилттой ажиллах нь ч харагдсангүй. Ядаж оны эхний өдөр эрс шинэчлэлтээр эрч хүчтэй эхлэх юм болов уу гэж бодоод иртэл хуралдаж чадахгүй хэвээр байна. Туйлын харамсаж байна. Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг шалгасан шалгалтын ажлын хэсгийн материал бэлэн болчихсон. Хуралдах юмсан гэж хүсээд л байгаа. Шинэ, хуучин оны зааг дээр, зааг ялгааны асуудал байна. Зааг ялгаа хэзээ гарчихсан юм. Яагаад үргэлжлээд байгаа юм. МАНАН хэзээ үүссэн юм. Ер нь Монгол төрийн байдал ямархуу байна гэдэг талаар 31-ний орой ажлаа тарчихаад нэг нийтлэл эхлүүлсэн. 1-нд дуусгалаа. Нийтлэлдээ МАНАН будан, зааг ялгааг яаж арилгах талаар бичсэн.

-Он гарахаас өмнө Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд жагсаал, цуглаан зохион байгуулсан. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Өвлийн хүйтэнд 20-30 мянган хүн жагслаа гэж зарим хүмүүс ярьж байна лээ. Цагдаагийн албаны албан бус мэдээллээр 3600-4000 хүн жагссан гэсэн. Өвлийн цагт гурав дөрвөн мянган хүн зузаан хувцастай сүртэй харагддаг. Ер нь хавар амаргүй юм болох байх гэсэн зүйл яригдаж байна. Хаврын жагсаал цус урсгасан юм болбол яах вэ. Долдугаар сарын 1-нд таван хүний амь нас үрэгдсэн талаар ярьдаг. Гэтэл тэр үеэр цагдаагийн 300 гаруй албан тушаалтан гэмтэж бэртсэнээс долоогийнх нь амь нас үрэгдсэн. Одоогийн нийгмийн бухимдал сошиал, хэвлэл мэдээллээр явж байгаа зүйлүүдийг харахаар хавар юу болох вэ гэдгээс сэтгэл эмзэглэж байна. Тиймээс энэ асуудлуудаа ордон дотроосоо хамаагүй задлахгүйгээр буруу, зөвөө дотроо мэтгэлцэж, огцруулахыг нь огцруулж, хариуцлагаа ярих ёстой.

-Энэ үүсээд буй нөхцөл байдлыг хараад УИХ тарвал тарчихъя гэсэн бодол танд төрж байна уу?

-1989 онд Берлиний хана нурахад хоёр ард түмэн тэврэлдэн уулзаж байсан. Кимийг Трамп бүдүүн гахай гээд л, нөгөөдөх нь хөгшин зөнөгөөрөө дуудалцаж байгаад уулзсан. Бид хариуцлагын тогтолцооноос ер бултаж болохгүй. Хариуцлагын тогтолцоог заавал ярих ёстой. Хариуцлагагүй үйлдэл хийсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой. УИХ-ыг тарчих гэсэн нэг хэсэг гишүүд байгаа. Би тэр УИХ-ыг тараах бичигт эмзэглэх зүйлгүй гарын үсэг зурчихаж чадна. Гэхдээ одоо Их хурал тарвал санхүүгийн ямар асуудал гарах вэ, үүний дараа яг ямар хүмүүс гарч ирэх юм. Бэлтгэчихсэн боловсон хүчин байгаа юм уу, байхгүй юм уу гээд л Монгол төрийг иж бүрнээр нь харахыг бодож байгаа болохоос хэн нэгэн хүн, фракцыг хамгаалаад байгаа зүйл байхгүй. Засгийн газар огцрохгүй бол сайн, огцорвол бүр сайн гэдэг үг бий. Энэ нь огцрохгүй байсан ч гарын үсэг зурж Засгийн газарт ухамсрын шанаа гэдэг шиг ойлгоосой гэж бодож байна. ЖДҮ-ээс хулгай хийж, хариуцлагагүй байж болдоггүй юм байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Сонгууль хийж болно. Гэхдээ заавал ч үгүй намаас хүн дэвшүүлнэ гэдгийг эргэж харах хэрэгтэй. Монгол төрд намын бүлэглэл, фракцаас зугтааж төрийн ноён нуруу болж өөрийнхөөрөө амьдарч байгаа өндөр боловсрол, мэдлэгтэй залуучууд, эрдэмтэн судлаачид олон. Цаашдаа Монгол төрийн ноён нуруу болсон зөв үзэл, хандлагатай хүмүүс гарч ирэхгүй бол нам гэдэг зүйл их л ялзарч байна даа. Ардчиллын үед намгүйгээр явж болдоггүй. Намууд нь өөрчлөгдөж, шинэчлэгдэх гэж хичнээн хугацаа болох вэ гээд л олон талаас нь бодох асуудал их байна.

-Та Ерөнхий сайд болон УИХ-ын даргатай уулзаж, эвлэрүүлэх талаар ярилцаж үзэв үү. Танай нам энэ хоёр хүн дээр л хуваагдаж байгаа шүү дээ?

-Уулзсан. Аль алинтай нь уулзсан. Би аль нэгнийх нь фракц биш. УИХ-ын дарга 60 тэрбумтай холбоотой асуудлын талаар нийтийн сонсгол хийх гэж байхад Оюун-Эрдэнэ гишүүн манай өрөөнд орж ирсэн. 18 гишүүн болчихлоо. Та тулхтай хүн 19 дэх гишүүн болоод гарын үсэг зурчих гэсэн. Би тэрийг нь уншаад үзэхэд хортой зүйл байхгүй, 60 тэрбумын асуудлыг нэг тийш нь гаргах агуулгатай байсан болохоор нь гарын үсэг зурчихсан. У.Хүрэлсүхийн Засгийн газарт ЖДҮ-ийн асуудал яригдсан. Сайд дарга нар нь холбогдсон. Энэ үед би олон талаас нь харж 27 дахь гишүүн болж гарын үсэг зурсан. Би гарын үсэг зурахаасаа өмнө У.Хүрэлсүхтэй уулзаж “Та нар учир начираа олцгоо. Ол гэдэг нь хоорондоо тэврэлдээд муу муухайгаа ярилц гэсэн үг биш шүү” гэж хэлсэн. Хоёр гурван ч удаа энэ талаар уулзсан. УИХ-ын даргатай өнгөрсөн сарын 29-ний өдөр уулзсан.

-Намрын чуулганы үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байгаа вэ. Улсын төсөв баталснаас өөр дорвитой хийсэн ажил бий юу?

-Намрын чуулганаар төсвөөс гадна хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдсэн. Харамсалтай нь их хурал байгуулагдсан цагаас УИХ-ын гишүүд гэдэг өөрсдийгөө хэн болчихсон гэж боддог нь гайхал төрүүлээд байна. Миний ойлгож байгаагаар УИХ-ын гишүүд гэдэг ард түмний элч шүү дээ. Гэтэл УИХ-ын гишүүн гэхээрээ хэнийг ч загнаж болдог, юуг ч хийж болдог эрх дархтай, авлига хээл хахууль, бузар бусармаг үйлдлээс эргэж харахад бодож үзэх асуудал их байна даа. Хууль дүрэм батлаад идэвхтэй ажиллаад сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулийн асуудалд чадлынхаа хэрээр ажиллаж байгаа гишүүд бий.

-Алтны татварын хуулийн талаар та ярихгүй юу?

-2.5 хувиар гэж орж ирсэн. Алтыг нь аваад байгаль дэлхийгээ сөнөөгөөд айхавтар үйл явдлууд зөндөө болсон шүү дээ. Үүнд таван хувь байтугай тавьчихаж болж болно. 68 хувь гэдэг зүйл яриад байгаа юм. 2.5-аас 68 хувь гэдэг хэд дахин илүү байна вэ. Үүнийг зөв болгоё гэж их ярьдаг. Гэвч алтны лобби гээд л буцаад 2.5 хувь болгочихсон л доо. Одоо ч алтны лобби зөндөө байгаа. Үүнийг шийдчих хэрэгтэй байгаа юм. 2.5 хувийг хэлэлцэхгүй явчихаар ерөөсөө татвар төлөгч байхгүй болчих юм шиг санагдаад байна. Хуулиа баталж сунгаагүй шүү дээ. Тиймээс нөгөө татвар төлөх сонирхолгүй хүмүүс нь “Уучлаарай, хууль байхгүй” гээд л явчихна. Цаг хугацаа хомсхон учраас асуудлуудыг хуралдаад баталчих хэрэгтэй байна.

-Баянхошуунд худаг барих тендер гаргуулна гэж байсан. Энэ ажил юу болж байна вэ?

-Арванхоёрдугаар сарын 31-ний орой 19:11 цагт би Улаанбаатар хотын удирдлагуудтай утсаар ярьж, мессэж бичсэн. Их хатуу мессэж бичсэн. Тухайлбал, “Би ард түмэнтэйгээ хамт жагсана. Та нар ард түмнийхээ ундны уснаас хулгайлж, улсын төсөв дээр суулгасан мөнгийг тавиулж өгөхгүйгээр авч үлдлээ шүү” гэх мессэж хүртэл биччихсэн. Ийм мессэж биччихээд 20:00 цагт би ажлаасаа гарсан. УИХ-ын 76 гэж яриад л байна. Хотын болон дунд албан тушаалтнуудын хүнд суртал хэрээс хэтэрчихлээ. Дунд албан тушаалын хүмүүс ардаа хэд хэдэн компанитай байдаг юм байна. Улсын төсөв дээр яаж ийгээд хэдэн төгрөг суулгадаг. Тендер нэрээр албан хаагчид нь тэр компанийг шалгаруулахгүй бол та нар заргалдаарай гээд хоорондоо ярьчихдаг юм байна. Тэгээд бүтэн жилжингээ тендерийн ажил нь явж өгөхгүй болдог. Тэгээд бидэнтэй ажил, авлигаа өг гэдэг зарчмаар явдаг шинжтэй юм. Үүнд би туйлын их харамсаж байгаа. Өнөөдөр 600 сая төгрөгийг Баянхошууны ундны усгүй байгаа хүмүүст худаг барих тендер зарлаад өгөөч гэж бүтэн жил хөөцөлдлөө. 31-ний орой хүртэл хадаг барин гуйлаа. Гэтэл өөрсдөө өрөөндөө хаалгаа түгжчихээд онгойлгохгүй юм. Би зөвлөхтэйгөө хотын захиргаа руу хичнээн ч удаа очив.

Б.АМАРТҮВШИН