Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын байгууллагын 2018 оны онцлох үйл явдлууд

1125 хүний амь насыг авран хамгаалав

2018 оны эхний 12 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 4367 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдсон байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1125 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 41.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэн, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдал, чадавхыг дээшлүүлэх замаар тохиолдсон аюулт үзэгдэл, ослын хохирлын хэмжээг 15,3 хувиар бууруулж, аварсан эд хөрөнгийн тоог 92,2 хувиар нэмэгдүүлсэн үзүүлэлттэй шинэ оноо угтаж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар Монгол Улсын хэрэгжүүлж байгаа бодлогыг Азийн улс орнуудад таниулж чадлаа

Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах чиглэлээр бүс нутгийн түвшинд Монгол Улсын хүрсэн ололт амжилтыг бататгах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулсан тус хуралд Ази, Номхон далайн 50 гаруй улс, орны Засгийн газар, 1500 гаруй иргэний нийгмийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшил, шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид зэрэг нийт 3500 төлөөлөгч хуран чуулж, “Улаанбаатарын тунхаглал”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бүсийн төлөвлөгөө 2018-2020”, “Оролцогч талуудын мэдэгдэл” баримт бичгүүдийг батлан гаргасан юм. Эдгээр бодлогын баримт бичгүүдийг батлан гаргаснаар ирэх 15 жилд дэлхий нийтээр гамшгийн эрсдэлийг бууруулахад баримтлах үндсэн зарчим, арга хэмжээ болох Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах олон нийтийн чадавхыг бэхжүүлэхэд орон нутгийн болон үндэсний цаашлаад бүс нутгийн хүчин чармайлтыг нэгтгэн уялдуулах боломж бүрдэж байна.

Салбар нэгжийн бүтэц, орон тоог нэмэгдүүлэв

Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийг Үндэсний аврах бригад болгон өргөжүүллээ. Ингэснээр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний ангиуд нэгдсэн зохион байгуулалтад орж, бүс нутгийн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын жишгээр өөрийн улсдаа төдийгүй олон улсад үүрэг гүйцэтгэн ажиллах боломж бүрдэж байна. Мөн Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, Баянхонгор аймгийн Бууцагаан, Төв аймгийн Мөнгөнморьт, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумдад нийт 5 Гал түймэр унтраах, аврах анги, Баянхонгор аймгийн Баянговь,Төв аймгийн Лүн болон Баян сумдад нийт 3 Эрэн хайх, аврах бүлгийг шинээр байгуулах, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийг Онцгой байдлын хэлтэс болгон өргөтгөн, салбар нэгжийн бүтэц орон тоог нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол батлууллаа.

Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах нөхцөл бүрдлээ

Өнгөрсөн 2017 онд УИХ-аар шинэчлэгдэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар батлууллаа. Мэргэшлийн зэргийг офицер, ахлагчийн гэж ангилах ба дөрвөн жилийн хугацаатай, зэргийн нэмэгдлийг тухайн албан тушаалын сарын үндсэн цалингийн 5-15 хувиар тооцож олгох юм. Мөн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувиар тооцож олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн бол Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг батлууллаа. Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр”-ийг батлан гаргаад байна. Ингэснээр алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшүүлэх, мэдлэг, ур чадварыг үнэлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангах томоохон ажил болж байгааг онцлон тэмдэглэж байна.

1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ажиллах орчин нөхцөл жилээс жилд сайжирч олон улсын стандартын, орчин үеийн багаж, техник хэрэгслээр хангагдсаар байна. Гадаад улс орнуудын дэмжлэг, ард иргэдээс ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжтайгаар Онцгой байдлын байгууллагад 2018 онд аврах ажиллагаанд ашиглагдах багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг сайжруулахад 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.

186 алба хаагчийг гадаад улс оронд туршлага судлуулав

Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагын зүгээс алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургаж дадлагажуулахад ихээхэн анхаарч ажиллалаа. 2018 онд нийт 186 алба хаагчийг гадаад улс оронд 60 удаагийн хурал, сургалт, семинар, уулзалтад хамруулж, туршлага судлуулаад байна. Эдгээр алба хаагчдаас дээд офицер -7 , ахлах офицер – 74, дунд офицер – 27, ахлагч бүрэлдэхүүн – 75, энгийн – 3 алба хаагчийг оролцуулсан нь Онцгой байдлын байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх, хүний нөөцийг чадавхжуулах зорилтыг биелүүлсэн томоохон дэвшил гэдгийг онцолж байна.

Гамшгийн орон зайн мэдээллийн сан байгуулах эхлэл тавигдлаа

Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах нөхцлийг бүрдүүлэх, гамшгийн үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх зорилгоор “Орон зайн мэдээлэл, технологийн тасаг”-ийг байгууллаа. Энэхүү тасгийг байгуулснаар гамшгийн төрөл тус бүрээр “Гамшгийн орон зайн мэдээллийн сан” бий болгож, гамшиг ослын талаар бодит мэдээллээр хангах, зөв оновчтой шийдвэр гаргах, орон зайн мэдээлэлд суурилсан гамшгийн түүхчилсэн мэдээллийг бүрдүүлэх боломжтой юм. Цаашлаад Ази, Номхон далайн бүс нутаг, улс орны хэмжээнд газрын гадаргуу дээрх өөрчлөлт, байгалийн гамшгийн мониторинг хийх зорилгоор сансрын технологид суурилсан гамшгийн орон зайн мэдээллийн системийг байгуулах, хөгжүүлэх, бүс нутгийн орнуудтай гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцан мэдээлэл солилцох, Онцгой байдлын байгууллагын орон зайн мэдээллийн хэрэглээ, үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Улсын нөөц судлалын төвийг байгуулав

Улсын нөөцийн талаар баримтлах бодлого, стратеги болон удирдлагын талаар судалгаа хийж зөвлөмж гаргах, бараа материалын бүрдүүлэлт, тэдгээрийн хадгалалтын нөхцөл, бүтээгдэхүүний чанар байдалд туршилтын эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Гамшиг судлалын хүрээлэнгийн дэргэд Улсын нөөц судлалын төвийг шинээр байгуулан ажиллаж байна. Тус төв нь тэжээлийн үйлдвэр, сорт сорилын гэсэн хоёр хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Төв аймгийн Жаргалант сумын нөөцийн салбарыг түшиглэн, тэжээлийн үйлдвэрийг байгууллаа. Мөн гамшгийн нөхцөл байдал үүссэн үед малчдад өртөг багатай, малын тэжээлээр хангах зорилгоор “Байгалийн эрдэст багсармал тэжээл”-ийн үйлдвэр-ийг байгуулан ажиллаж байна. Таримал ургамлын үрийн сортыг Увс аймгийн Баруунтуруун сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шар тал, Булган аймгийн Сэлэнгэ сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Төв аймгийн Жаргалант сумдад тариалан, анхны ургацаа аваад байна.

“Гүний усны сургалтын төв”-тэй боллоо

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, сургаж дадлагажуулах, иргэд олон нийтэд гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулах ажлуудыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд “Гүний усны сургалтын төв”-тэй боллоо. Хөвсгөл нуурын ай сав бүхий цогцолбор газрыг түшиглэн байгуулсан энэхүү сургалтын төвд жилдээ 200 гаруй мэргэжлийн усчин аврагчийг сургаж, бэлтгэх 500-1000 иргэнд гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох анхан шатны сургалт зохион байгуулах боломжтой боллоо. Энэхүү гүний усны сургалтын төв нь ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн харьяанд үйл ажиллагаагаа явуулах юм. Дашрамд дурдахад Давтан сургалт, сэргээн заслын төв нь сувиллын үйл ажиллагаандаа цахим програмыг нэвтрүүлсэн Монгол Улсад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг сувиллуудаас анхдагч нь байгууллага төдийгүй ISO 9001 Олон улсын стандарт Чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах “Цагаан ном”-ыг гаргаад байна

Монгол Улсын гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, гамшгийн нөхцөл байдал, түүний талаарх үнэлэлт, дүгнэлтийг бодит байр сууринаас тодорхой баримтад тулгуурлан олон нийтийн оролцоог хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор анх удаа гамшгаас хамгаалах “Цагаан ном”-ыг гаргалаа. Гамшгаас хамгаалах “Цагаан ном”-д гамшгаас хамгаалах хууль эрхзүйн орчин, шинэчлэл, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гадаад, дотоод хамтын ажиллагаа, галын аюулгүй байдал, улсын нөөц, хүмүүнлэгийн тусламж, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний ажил болон гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь төсөв, хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг нэгтгэн оруулсан нь Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг гадаад, дотоодод сурталчлан таниулах, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх боломжийг бүрдүүлж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн улсын аваргын тэмцээн хойшиллоо

Монгол улсын аварга шалгаруулах Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 42 дахь, эмэгтэйчүүдийн 18 дахь удаагийн тэмцээний тов хойшилжээ. Тодруулбал, жил бүрийн нэгдүгээр сард болдог энэхүү уламжлалт тэмцээн энэ оны зургадугаар сард зохион байгуулагдах төлөвтэй байна. Чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сард, залуучуудын улсын аварга дөрөвдүгээр сард тус тус болох аж. Мөн “Mongolia open” тэмцээн дөрөвдүгээр сарын эхээр болно. Өнгөрсөн жил Орхон аймагт чөлөөт бөхийн улсын аваргын тэмцээн зохион байгуулагдаж байсан бол энэ жил Архангай аймаг, Багануур дүүргийн аль нэгэнд зохион байгуулагдахаар яригдаж байгаа тухай холбогдох албаныхан дуулгажээ. Цаашид жил бүр орон нутагт улсын аваргын тэмцээнийг зохион байгуулахаар шийдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдол 0.5 хувийг эзэлж байна

Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу ЭМЯ, НЭМГ-ын хамтарсан ажлын хэсэг дүүргийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлэн байдалд хяналт тавин ажиллаж байна.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 200 ортойгоос энэ сарын 03-ны байдлаар 248 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 48 орыг дэлгэн зохицуулалт хийжээ.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 80 ортойгоос энэ сарын 03-ны байдлаар 164 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 84 орыг дэлгэн зохицуулалт хийжээ. Мэдрэлийн тасгийн 40 ор, нөөцөөс 44 орыг хүүхдийн оронд шилжүүлж, Физик эмчилгээний өрөө, Сэргээн засах болон Ажилчдын амралтын өрөө, Хүүхдийн тоглоомын өрөө зэрэг нөөц орон зайд ор дэлгэсэн байна.
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 125 ортойгоос энэ сарын 03-ны байдлаар 194 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насанд хүрэгчдийн болон Мэдрэлийн тасгийн 21 ор, нөөцөөс 48 орыг хүүхдийн оронд шилжүүлсэн байна.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 230 ортойгоос энэ сарын 03-ны байдлаар 220 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 165 ортойгоос энэ сарын 03-ны байдлаар 248 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 83 орыг дэлгэн зохицуулалт хийжээ.
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 80 ортойгоос энэ сарын 03-ны байдлаар 167 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Сувилагчийн өрөө, Физик эмчилгээний өрөө, Хүүхдийн тоглоомын өрөө зэрэг нөөц оронд зайд нийт 87 орыг дэлгэн ажиллуулж байна.
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 61.887 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3118 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 42.7 хувийг 0-1 нас, 25.6 хувийг 2-4, 13.3 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 2007 дуудлага ирснээс 57.6 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Нийслэлийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн 2239 орон дээр 2272 хүн хэвтэн эмчлүүлж, нийт орны ачаалал 1.5 хувь, хүүхдийн орны ачаалал 42.0 хувиар тус, тус нэмэгджээ. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 90.4 хувийг амьсгалын замын өвчтэй хүүхэд эзэлж байна. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт 1019 хүүхэд ирж үйлчлүүлж, 234 тохиолдол буюу 35.1 хувь нь хэвтэн эмчлүүлсэн байна. Дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-аар 234 хүүхэд үйлчлүүлсэн бол, зөвлөх утсанд 82 хүн ханджээ.

Categories
мэдээ нийгэм

Адуу хулгайлж нядалдаг байсан этгээдүүдийг илрүүлжээ

Баяр ёслолын үеэр малын хулгай гаардаг талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Тиймээс малчдыг бэлчээрийн малаа сайн харах, сонор сэрэмжтэй байхыг анхааруулав. Тухайлбал, Тѳв аймаг дахь Цагдаагийн газрын Лүн сумын Замын цагдаагийн алба хаагчид Булган аймгийн Баяннуур сумын нутгаас бусдын адууг хулгайлан нядалж шулан гэдэс, толгой, шийрийг нь хаяж мах ширийг тээвэрлэн явсан этгээдүүдийг илрүүлэн саатуулжээ. Одоогоор цагдаагийн байгууллагаас хохирогчийг олж тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Солонгос улсад хөдөлмөр эрхлүүлэх талаар санал солилцов

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр БНСУ-ын Элчин сайдын яамны консул Кил Кан Муктай албан уулзалт хийлээ. Уулзалтаар нийслэлийн иргэдийг БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхлүүлэх боломжийн талаар санал солилцсон юм.

“Бид нийслэлийн иргэдийг БНСУ-д улирлын чанартай гурван сарын хугацаатайгаар албан ёсны эрхтэй хөдөлмөр эрхлүүлэх боломжтой. Өнгөрсөн онуудад хөдөлмөрийн гэрээгээр явсан иргэдийн зарим нь хууль бусаар үлдэх, хувийн аж ахуйн нэгжүүд хууль бусаар өндөр өртөг авч зуучлах зэрэг асуудал гарч байсан. Үүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар зохицуулж гэрээгээр хөдөлмөр эрхлэх асуудлыг албажуулах, хариуцах эзэнтэй болгож, зохион байгуулж өгөхийг хүсч байна” хэмээн БНСУ-ын Элчин сайдын яамны консул Кил Кан Мук уулзалтын үеэр онцолж байв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Солонгос улсад иргэдийг ажилд зуучлах явдал албан бусаар явагдаж байгааг үгүйсгэхгүй. Үүнийг хуулийн дагуу болгохын тулд бидний зүгээс анхааран ажиллах болно” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Д.Тогтохсүрэн: Зөвшилцөлд хүрээд шийдсэн зүйл одоогоор алга

УИХ-ын чуулган ирц бүрдэлгүй сар гаруй хугацаа өнгөрч байна. Чуулганы өнөөдрийн хуралдаанаас олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ажлын тав хоногийн завсарлага авчээ. Энэ талаар тэрээр “УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс болж чуулганы үйл ажиллагаа гацаж байна гэж яриад байна. Манай бүлгийн 40 гишүүн УИХ-ын даргыг хурал удирдах ёсгүй гэж “бойкот” зарлаад байгаа. Шаардлагын үүднээс тавьж буй асуудал. Түүнээс биш гишүүнийхээ хувиар хуралдаа ирэхгүй байгаа асуудал биш юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их хурлын тухай, Улсын Их хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төслийг манай намын бүлэг өнөөдөр хуралдаж хэлэлцсэн. Хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед гишүүд хуралдаа сууна гэж байгаа. Тэгэхээр энэ төслийг ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх болов уу гэж бодож байна. Тиймээс ирэх даваа гаригт манай бүлэг хуралдаж, нэгдсэн шийдэлд хүрэх шаардлага байгаа. Энэ хүрээнд УИХ-ын нэгдсэн чуулганаас завсарлага авч байна” гэлээ. Мөн тэрээр “Бүлгийн гишүүдтэй өчигдөр уулзсан. Зөвшилцөлд хүрээд шийдсэн зүйл одоогоор алга” гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичиг илгээлээ.

ТАЙЛБАР ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

Монгол Улсын Их Хурлын 40 орчим гишүүн өнөөгийн Улсын Их Хурлын даргыг төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах ёс зүйн эрхгүй гэж үзэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2-д заасны дагуу өөрийн хүсэлтээр ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлага тавьсан, Улсын Их Хурлын дарга гишүүдийн тавьж буй шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүлээн авахаас татгалзсан, шаардлага тавьсан Улсын Их Хурлын гишүүд тухайн шаардлагыг нь Улсын Их Хурлын дарга хүлээн авч ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй тохиолдолд Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа нэг сарын турш гацаж, Улсын Их Хурлын 9-10 удаагийн чуулган бүрэн тасалдсан байна.

Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг зогсоох хэмжээнд хүртлээ хурцдаж байгаа энэхүү хямрал нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчигдөх, хууль дээдлэх ёсыг алдагдуулах, Үндэсний аюулгүй байдалд, тэр дундаа Монгол Улсын оршин тогтнохын, нийгэм-төрийн байгууллын, иргэдийн эрх, эрх чөлөөний болон эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахуйц нөхцөл байдалд хүргэж мэдэхээр болсон. Тухайлбал улс орны хөгжил, иргэдийн ахуй амьдралд чухал нөлөөг үзүүлдэг хоёр гол яамны сайд нарын томилгооны асуудал хуулийн хугацаанд шийдвэрлэгдээгүй гацсан, алтны татварын асуудал шийдлээ хүлээн зогссон, иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаа утааны асуудлыг хэлэлцэх үйл ажиллагаа тасалдсан зэрэг тоочоод байвал олон асуудал байна.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд хууль санаачлах бүрэн эрхээ хэрэгжүүлж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлэхээр хандсан боловч Таны зүгээс хуулийн төслийн бүрдүүлбэр дутуу, дагалдах хуулийн төсөлд зардлын тооцоо болон холбогдох бусад судалгааг хийх, хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагатай гэх хуульд нийцээгүй шаардлагыг амаар мэдэгдсэний улмаас энэхүү үйл ажиллагаа зогссон болно.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт хууль тогтоомжийг төсөл боловсруулахад Засгийн газраас баталсан “хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх” аргачлалуудыг мөрдөх тухай заасан боловч тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “нийт 24 төрлийн хууль тогтоомжийн төсөл боловсруулахад эдгээр аргачлалыг баримтлахгүй байх” тухай маш тодорхой заасан байна.

Тодруулбал Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.22-т “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас баталсан дээрх аргачлал хамаарахгүй гэдгийг хоёрдмол утгагүйгээр туйлын тодорхой заажээ.

Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төсөлд хавсаргах баримт бичгийн бүрдүүлбэрийг нэг бүрчлэн заасан байх бөгөөд тус зүйлийн 40.1.3-т заалтаар хууль санаачлагчид тухайн санаачилсан хууль тогтоомжийнхоо төсөлтэй уялдуулан “дагалдаж өөрчлөлт оруулах хууль тогтоомжийн төсөл”-ийг боловсруулж хавсаргасан байх шаардлага тавигдаж байна.

Өөрөөр хэлбэл хууль санаачлагч өөрийн санаачилсан хууль тогтоомжийн төсөлтэй уялдуулан “дагалдаж өөрчлөлт оруулах хууль тогтоомжийн төсөл”-ийг боловсруулсан тохиолдолд тухайн дагалдаж буй хууль тогтоомжийн төслийн хүрээнд ямар нэгэн судалгаа, тооцоо хийх шаардлага Хууль тогтоомжийн хуулиар тавигдаагүй болно.

Хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтны Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын албан ёсны цахим хуудас болох www.parliament.mn сайтад бүрэн байршсан байдаг. Эдгээр хууль тогтоомжийн төслүүдэд судалгаа хийж үзэхэд хууль тогтоомжийн төслийг дагалдаж өөрчлөлт оруулахаар боловсруулагдсан хууль тогтоомжийн төсөлд Хууль тогтоомжийн тухай хуульд заасан аргачлалаар тусгайлан тооцоо, судалгаа хийсэн тохиолдол байхгүй байна.

Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 12.2-т заасан хууль тогтоомжийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахгүй байж болно” гэж заажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл боловсруулж, уг хуулийн төслийг дагалдуулж Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан бөгөөд энэ нь хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулгаар бүрэн нотлогдоно.

Хууль санаачлах нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ бүрэн эрхийг боловсруулсан хууль тогтоомжийн төслийнх нь эрэмбэ, дарааллыг үзэмжээрээ үнэлэн дүгнэж, шүүх байдлаар хуульд байхгүй үндэслэл шаардлага тулган хязгаарлах, тасалдуулах эрх хэнд ч олгогдоогүйг анхаарах хэрэгтэй.

Тодотговол Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлд Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.22 дахь заалтын дагуу Засгийн газраас баталсан аргачлал хамаарахгүй бөгөөд тухайн аргачлалуудаар тооцоо, судалгаа хийх шаардлагагүй, түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтын дагуу Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан хуулийн төслийг дагалдаж өөрчлөлт орохоор боловсруулагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Засгийн газраас баталсан аргачлалын дагуу тооцоо, судалгаа хийх хууль зүйн шаардлага тавигдаагүй, мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийнхөө хүрээнд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахгүй байж болох зэрэг хуулийн тодорхой зохицуулалтууд байгаа учраас хуулийн төслийг хүлээн авахаас татгалзах, өргөн мэдүүлэх үйл ажиллагаанд саад хийх боломжгүй юм.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төсөлд хавсаргах баримт, бичгийг нэг бүрчлэн заасан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан хуулийн төсөл уг хуулийн шаардлагыг хэрхэн хангаж байгааг мөн нэг бүрчлэн харуулъя.

Хууль тогтоомжийн тухай

хуулийн заалт

Баримтлах эсэх Тайлбар
40.1.1.хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэх тухай хууль санаачлагчийн албан бичиг; Тийм Холбогдох албан бичгүүдээр хандсан
40.1.2.хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг тандан судалсан, эсхүл хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийсэн тайлан; Үгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.22 дахь заалтын дагуу Засгийн газраас баталсан аргачлал хамаарахгүй тул тухайн аргачлалуудаар тооцоо, судалгааг хийх шаардлагагүй
40.1.3.дагалдаж өөрчлөлт оруулах хууль тогтоомжийн төсөл; Тийм Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хавсаргасан
40.1.4.олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөлд энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан журмын дагуу хянан баталгаажуулсан олон улсын гэрээний монгол хэлээрх орчуулга; Үгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл энэхүү шаардлагад хамаарахгүй
40.1.6.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төслийн тухайд Засгийн газрын санал, дүгнэлт; Тийм Засгийн газрын санал дүгнэлтийг хавсаргасан
40.1.7.Засгийн газрын өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төслийн тухайд энэ хуулийн 20.7-20.9-д заасны дагуу санхүү, төсвийн, гадаад хэргийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр өгсөн зөвшөөрөл; Үгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл энэхүү шаардлагад хамаарахгүй
40.1.8.энэ хуулийн 15.2-т заасны дагуу хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлсэн тохиолдолд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвлөмж; Үгүй Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан хуулийн төслийнхөө үзэл баримтлалыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлээгүй тул энэхүү шаардлагад хамаарахгүй
40.1.9.энэ хуулийн 40.1.1-40.1.8-д заасан баримт бичгийн цахим хувь; Тийм Цахим хувийг хавсаргасан
40.1.10.энэ хуулийн 38.6-д заасан саналын товъёг. Үгүй Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт заасны дагуу олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагагүй тул хамаарахгүй

Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа хямран гацаж, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахуйц нөхцөл байдал үүсэн, даамжирсан тохиолдолд ард иргэдийг хамарсан нийгмийн томоохон хямралд хүргэж мэдэх аюул ойрхон байгаа ийм эгзэгтэй үед төрийн албан хаагчид үүрэг хариуцлагаа ухамсарлан асуудалд нэн хариуцлагатай хандах шаардлагатай байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг нэн яаралтайгаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бололцоог олгож, хамтран ажиллана уу” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгийн хүсэлтээр УИХ-ын чуулганы хуралдаан дахин хойшлов

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан МАН-ын бүлгийн даргын хүсэлтээр дахин хойшлов. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай тул чуулганы хуралдааныг ирэх долоо хоногийн даваа гараг хүртэл хойшлуулах хүсэлтийг Д.Тогтохсүрэн гишүүн гаргасныг УИХ-ын дарга хүлээн авлаа. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд, “УИХ-ын даргыг чөлөөлөх тухай заалтыг Ерөнхийлөгч Х.Баттулга өргөн барьсан хуулийн төсөлдөө тусгасан байна. Энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилохтой холбоотой асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байна. Тиймээс УИХ-ын гишүүд ирэх долоо хоногоос чуулганы ирцийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч 43,200 төгрөгийн шимтгэл төлдөг болов

УИХ-аас баталсан 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогын хүрээнд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдээд байна. Албан журмаар даатгуулах тохиолдолд нэмэгдэж буй нэг хувийн шимтгэлийг ажил олгогч, ажилтан хоёроос тэнцүү хуваан гаргуулах бөгөөд тус бүр 0.5 хувийн шимтгэл нэмж төлөх болсон. Харин сайн дурын даатгуулагч сар бүр өөрийн мэдүүлсэн орлогынхоо 13.5 хувиар тооцож шимтгэл төлөх нь.

Сайн дураар даатгуулагч нь хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хамгийн ихдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний орлогоос хувь тооцож НДШ төлөх боломжтой байдаг. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг болж нэмэгдсэн. Тэгэхээр сайн дураар даатгуулагч хамгийн багадаа 43,200 шимтгэл төлөхөөр болж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийт нутгийн 50 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 50 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтжээ.

Үүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнодын ихэнх, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0-5 см, Увсын Давст, Тэс, Түргэн, Хяргас, Завханы Баянхайрхан, Яруу, Тэс, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тосонцэнгэл, Цэцэн-Уул, Булганы Сэлэнгэ, Дашинчилэн, Тэшиг, Сэлэнгийн Орхон, Орхонтуул, Дархан-Уулын Дархан, Төвийн Цээл сумдын нутгаар 6-10 см, Баян-Өлгийн Алтай, Даян, Увсын Малчин, Баруунтуруун, Зүүнговь, Улаангом, Завханы Баян-Уул, Улиастай, Хөвсгөлийн Хатгал, Улаан-Уул, Сэлэнгийн Ерөө (Бугант) сумдын нутгаар 11-18 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.

Бусад нутгаар цасгүй байгаа тухай УЦУОШГ-аас мэдээллэсэн аж.