Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарын өвлийн наадам ирэх сард болно

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл энэ жилийн өвлийн наадмыг хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. 2010 оноос хойш хийж ирсэн“Улаанбаатарын өвлийн наадам”-ыг энэ удаа “Скай ресорт” цанын баазтай хамтран зохион байгуулах талаар Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх мэдээллээ. Өвлийн наадмаар үндэсний уламжлалт тоглоом наадмын нэг сурын улсын аварга шалгаруулах тэмцээн, мөн мөсний шагайн тэмцээн болно. Мөсөн хананд авирах, нохойтой чарга, сноуборд, олс таталт зэрэг иргэдийг хамруулсан гэр бүлийн тэмцээнүүд зохион байгуулж нийслэлийнхнийг өргөнөөр оролцуулах ажээ. Энэ үеэр иргэдэд халуун хоол хүнсээр үйлчилж, амьтны минипарк зэрэг хүүхэд залуусын сонирхлыг татах үйл ажиллагаанууд ч зохиох юм байна. Өвлийн спортоор хичээллэх нь нэгэн төрлийн эмчилгээ болдог бөгөөд амьсгалын замын эрхтнүүдийг дэмжин, биеийн тэнцвэрийг сайжруулах, үе мөч бэхжүүлэх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, биеийн булчинг бэхжүүлэх, уян хатан болгох, эрүүл хооллох дуршлыг нэмэгдүүлэх, сэтгэл санааг сэргээх, гүн унталтыг дэмжих зэрэг маш олон эрүүл мэндийн ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна

Related image

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт гарсан хүн амины хэргийн сэжигтэнг эрэн сурвалжилж байна. Энэ сарын 3-ны шөнө 01:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн “Орчлон” хорооллын урд 36 настай эрэгтэй хутгалуулж, нас барсан байсныг тус хорооллын оршин суугч цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Дуудлагын дагуу шуурхай албаны бүрэлдэхүүн хэргийн газарт очин үзлэг шалгалт явуулж, цогцсыг шүүх эмнэлэгт шилжүүлжээ. Харин уг хэргийг үйлдсэн этгээд хэргийн газраас оргон зайлсан бөгөөд одоогоор сэжигтэн этгээд тодорхойгүй байгаа тул цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Гарал үүслийн бичиггүй их хэмжээний самар оруулж ирснийг илрүүлжээ

Image result for самар

Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод зорчигчдын ачаа тээшинд хяналт, шалгалт хийх явцад нэгэн иргэний тээшинд гарал үүслийн бичиггүй их хэмжээний самар Казахстан улсаас импортоор оруулж ирснийг илрүүлжээ. Cамрыг одоогоор холбогдох байгууллага хураан авч, шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

16 хүртэлх насны хүүхдийг галт тэргээр ганцааранг нь зорчуулахгүй байхыг анхааруулж байна

Сурагчдын амралттай холбогдуулан хүүхдийг асран хамгаалагчгүйгээр галт тэргээр зорчуулах үйлдэл гарч байгаа талаар Төмөр зам дахь цагдаагийн газраас мэдээллээ. Галт тэргэнд бага насны хүүхэд асран хамгаалагчгүй явснаар өртөө андуурч буух, унтаж байгаад өөрийн буух өртөөнөөс зөрөх, эд зүйлээ хулгайд алдах, мөн бусад төрлийн гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох эрсдэлүүд үүсдэг байна. Иймд эцэг, эхчүүдийг 16 хүртэлх насны хүүхдийг галт тэргээр ганцааранг нь зорчуулахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, ард иргэдэд мэдээллээ. Энэ сарын 6-нд зарим газраар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 9-нд говийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Харин 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрах аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн “Хийморь” уран сайхны кино нээлтээ хийнэ

Төрийн соёрхолт зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн “Хийморь” уран сайхны кино өнөөдөр “Corporate Convention Centre”-т нээлтээ хийнэ. Гурван жилийн хугацаанд бүтээсэн энэхүү киног жүжигчин Г.Эрдэнэбилэг найруулж, гол дүрд нь 10 настай хүү Ч.Ариунболд, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, дүрүүдэд жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Ялалт нар тогложээ.

Найруулагч Г.Эрдэнэбилэг хэлэхдээ, “Монгол морин туурайгаар дэлхийн талыг тамгалсан шиг, эрдэнэт хүлгээ магтан дуулсан уран бүтээлээрээ бид яагаад гаднын улс орнуудыг байлдан дагуулж болохгүй байх билээ гэсэн хүсэл зорилгоор хичээж ажиллалаа. Кино зохиол нь мундаг. Тиймээс хүүхэд залууст монгол өв соёлоо таниулан мэдүүлэх, түүх болгон үлдээх зорилгоор “Хүрэн морь”-ийг дэлгэцэнд амилуулж, мөнхөлж байгаадаа олзуурхаж байна. Энэ бол орчин цагийн хүүхэд залууст их сургамжтай, эх орноо бахархан хайрлах, ёс заншлаа танин мэдэхэд тустай кино болсон” хэмээн тодотгов.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

“Болор цом-36” яруу найргийн наадам болж байна

Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон жил бүр зохион байуулдаг “Болор цом” яруу найргийн наадам Говьсүмбэр аймагт эхэллээ. Уг наадамд шилдэг 27 найрагч бүтээлээрээ өрсөлдөж байна. Мөн энэ жилийн наадамд Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголоос яруу найрагчид оролцож байгаа аж. Тухайлбал яруу найрагч Х.Алагаа, М.Амархүү, Н.Батжаргал, Б.Баттулга, Т.Баянсан, Сүглэмаа, Ч.Ууганбаяр, М.Уянсүх, О.Цэнд-Аюуш,Б.Чулуунцэцэг, Б.Элбэгтөгс,Д.Энхболдбаатар,Д.Одгэрэл, Г.Лхагвадорж зэрэг 27 найрагч оролцож байна.

Наадмын хөтлөгчөөр МҮОНТ-ийн хөтлөгч Г.Агааноров, нэвтрүүлэгч Б.Гантигмаа нар ажиллаж буй. Утга зохиолын салбарын хийгээд “Болор цом” наадмын түүхийн шаргал хуудсыг баяжуулж буй 36 дахь удаагийн “Болор цом” наадам Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог аж. Болор цом наадамд Ардын уран зохиолч Т.Галсан, Ардын уран зохиолч Б.Догмид,төрийн соёрхолт, “Болор цом” наадмын тэргүүн байрын шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж, СГЗ, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар зэрэг олонд алдаршсан уран бүтээлчид мялаалга шүлэг уншжээ.

Утга уянга, гоо зүй, хүний сэтгэлийн нарийн чанадыг хөглөдөг энэ наадмыг анх 1983 онд ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж санаачилж зохион байгуулсан бөгөөд “Хүн төрөлхтөнд хүргэх шүлэг”-ээрээ тэргүүлж байсан бол удаах жил нь ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд”, дараа жил нь ардын уран зохиолч, Бавуугийн Лхагвасүрэн “Шагнал” шүлгээрээ тэргүүн байрт шалгарч байжээ. Наадмын тэргүүн байр, айргийн тавын эзэд өнөөдөр үдээс хойш тодорно. “Боржигин голомт-Болор цом-36” яруу найргийн наадмыг Говьсүмбэр аймгийн иргэд болон хүссэн хүн бүр үнэ төлбөргүй үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн төвүүд ажиллаж байна

Related image

Сүүлийн үед томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ амралтын өдрүүдэд эмнэлгүүд ажиллахаар болсон. Дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон салбар амбулаториудын хүүхдийн кабинет энэ бямба, ням гарагт 10-19 цагийн хооронд ажиллахаар талаар НЭМГ-аас мэдээллээ.

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 61.887 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3118 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 42.7 хувийг 0-1 нас, 25.6 хувийг 2-4, 13.3 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 2007 дуудлага ирснээс 57.6 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Categories
мэдээ спорт

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт эхэллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өнөөдөр (2019.01.05) Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Төрийн ордонд эхэллээ. Нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Д.Лүндээжанцан хэлсэн үгэндээ, энэхүү тэмцээн энэ жил 7 дахь удаагаа болж буй бөгөөд тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, нэр хүнд, чанар чансаа нь улам өсч байгааг тэмдэглэв. Тэрбээр мөн “Энэ жилийн тэмцээн 2018 оны арваннэгдүгээр сараас эхэлж, анхан шат, хагас шигшээ тэмцээнд нийтдээ 6500 гаруй шатарч оролцлоо.Баянхонгорт 626 Завханд 387, Ховд аймагт 481 гаруй тамирчин тэмцээний анхан шатанд өрсөлдсөн нь тэмцээний цар хүрээ өргөжин тэлж байгаагийн илрэл юм. Улс орон даяар оюунаа уралдуулсан 6500 гаруй шатарчнаас тэргүүлж шалгарсан 100 гаруй шатарч Улсын аваргаа тодруулахаар өнөөдөр энд хуран цуглаад байна.

Монголын шатарчид, ялангуяа өсвөр залуу үеийнхэн гайхалтай сайхан амжилт үзүүлж, монгол хүний оюуны чадавхийг дэлхий нийтэд нотлон харуулсаар байгааг бид мэднэ. Зөвхөн 2018 онд л гэхэд сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс монгол шатарчин Б.Баярмаа хошой аваргаар тодорч, сурагчдын дэлхийн болон Азийн аваргууд төрж, дэлхийн шатрын олимпиадаас манай эрэгтэй шатарчид мөнгөн медаль хүртлээ.

Энэ тэмцээнээс шалгарсан тамирчдад Азийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгодог. Яг энэ өдрүүдэд БНХАУ-д болж буй шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өнгөрсөн жилийн аварга Хэнтий аймгийн тамирчин Ганболдын Амарсанаа, Дорноговь аймгийн тамирчин Эрдэнэбаатарын Одгэрэл нар амжилттай оролцож байна.

Өнөөдөр Төрийн ордонд эхэлж буй тэмцээний аваргууд ирэх жил Азийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Балба улсыг зорих болно.

Зөв сэтгэх, оновчтой шийдвэр гаргах, бусдын сэтгэхүйг шинжих, тэвчээр хатуужилтай болох гэх мэт олон сайхан чанарыг шатраас олж авдаг. Тиймээс шатрын спортыг улс орон даяар түгээн дэлгэрүүлэх, шатрын спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, монгол хүн бүрийг шатартай нөхөрлүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг юм” хэмээгээд тамирчдад амжилт хүслээ. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Улсын Их Хурлын тамгын газар ажиллаж, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ИТХ, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулдаг уламжлалтай юм.

Нээлтийн ажиллагаанд мөн Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар үг хэллээ.

Дараа нь дэлхийн шатрын олимпиадаас мөнгөн медаль хүртсэн эрэгтэй баг тамирчдыг индэрт урьж, баяр хүргэсэн юм. Нээлтийн ажиллагааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан тэмцээний эхний нүүдлийг Орхон аймгаас оролцож байгаа 18 настай А.Золжаргалтай хийж, тэмцээнийг албан ёсоор эхлүүлэв. Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан өдөрт зориулдаг энэхүү тэмцээнд Үндсэн хуулийг батлалцаж байсан Ардын Их Хурлын депутатуудаас оюун ухаан сөрөн өрсөлддөг уламжлалтай. Энэ жилийн тэмцээнд Ардын Их Хурлын депутат Д.Найдан, Д.Чилхаажав, В.Цамба нар өрсөлдөж байна.

Ховд аймгийн Алтай сумаас буюу 360 дугаар тойргоос Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Үндсэн хууль батлалцаж байсан Д.Найдан “Нутаг нутгийн шилдэг тамирчид ирж тоглодог энэ тэмцээн маш өрсөлдөөнтэй, сонирхолтой болдог. Миний хувьд зургаан удаагийн тэмцээнд оролцсон. Жилээс жилд оролцогчдын чадвар сайжирч, өрсөлдөөн ширүүн болж байна” хэмээв. Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас оролцож байгаа эмэгтэй тамирчин М.Хэнчбиш “Сумын аваргаас шалгараад аймгийн аваргад 20 гаруй тамирчинтай өрсөлдсөн. Аймгийн аваргаас шалгараад өнөөдөр шигшээ тэмцээнд оролцож байгаадаа сэтгэл өндөр байна. Хоёр жилийн өмнө энэхүү тэмцээнд оролцоод долдугаар байранд шалгарсан амжилтаа ахиулахыг зорино” гэлээ. Тэмцээний дундуур ерөнхий шүүгч, Олон улсын шүүгч, УИХ-ын Тамгын газрын референт Г.Алтан-Очоос зарим мэдээллийг тодруулахад, шигшээ тэмцээнд хагас шигшээ тэмцээн буюу аймаг, дүүргийн аваргаас шалгарсан эрэгтэй 104, эмэгтэй 35 тамирчин өрсөлдөж байна. Энэ жилийн тэмцээний онцлог орон нутагт маш өргөн дэлгэр болсон. Зарим аймагт 600 гаруй тамирчин анхан шатанд өрсөлдсөн. Шигшээ тэмцээн өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ. Швейцарь системээр найман өрөг тоглоод дүнгээ гаргана” гэв. Насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын зэрэг, цолгүй, сонирхогчид өрсөлддөг энэхүү тэмцээнд тэргүүлсэн эрэгтэй нэг, эмэгтэй нэг шатарчинд спортын дэд мастер цол олгодог бөгөөд аваргалсан эрэгтэй, эмэгтэй шатарчин Ази тивийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Налайхын замыг XI сард ашиглалтад оруулна

Налайхын замыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих” төслийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна. Одоогийн байдлаар замын зураг төсөл, түүнийг дагаж хийгдэх газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дуусчээ. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамыг хоёр жилийн хугацаанд барихаар төлөвлөж байсан ч нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, ажлыг эрчимжүүлснээр энэ оны XI сард ашиглалтад оруулахаар тооцжээ. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Сино Хайдро” ХХК шалгарч, дотоодын 20 гаруй компани туслан гүйцэтгэгчээр ажиллах аж.