Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын хэлтэст нисэх төхөөрөмж хандивлав

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэст нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дронн/, Dell маркийн хоёр ширхэг иж бүрэн компьютерийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас хандивлалаа. Төхөөрөмжийг дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Мөнхдоржид гардуулан өгсөн юм.

Дүүргийн хэмжээнд гарч болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, аврах, хүч хэрэгслийг нэмэгдүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг эрчимжүүлэхэд зориулж дээрх тоног төхөөрөмжүүдийг гардуулсанд Онцгой байдлын хэлтсийн хамт олон баярласнаа илэрхийллээ гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гурвансайхан суманд газар хөдөлжээ

Дундговь аймгийн Гурвансайхан суманд газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, тус сумын Гурвансайхан багийн ”Уул хадарганатай” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 50 км-т,/ нэгдүгээр сарын 06-ны өдрийн 13:05 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 7-нд болох үйл явдал

09.00 цагт АШУҮИС-л Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн сувилахуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулах төслийн нээлт болно. Утас: 80016984

09.00 цагт “Чингис” зочид буудалд “Монголын орчин үеийн уран зохиол- Соёлын шинэ өв” эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана. Утас: 70119921, 99268461

10.30 цагт Бишрэлт зочид буудалд ШӨХТГ-аас зарлаж буй “Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрхийн жил 2019”-ийн нээлт болно. Утас:51263675

11.00 цагт ЭМЯ-нд Томуугийн А хүрээний вирусийн тархалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 99179899

11.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар “МАНАН дэглэмийн эсрэг бүх нийтийн жагсаал”-ын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд УИХ-ын гишүүн А.Ундраа МУИС-ийн удирдлагуудтай уулзалт хийнэ.

11.30 цагт “Ардчиллын ордон”-д Ардчилсан намын Удирдлагын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 88989878, 91020880

13.00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн барилгын явцтай танилцана. Утас: 99179899

14.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шилдгүүдийг тодруулах арга хэмжээ болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт Охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах “Охидын түүх” ТББ, талийгаач Чамин-Эрдэнийн гэр бүлийнхэн мэдээлэл хийнэ.

12.00 цагт ЖДҮХС-аас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын зээлийн эргэн төлөлт болон цаг үеийн асуудлаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар Салхитын мөнгөний орд газраас болж Арбитрын шүүхэд дуудагдах уу

-ХУУЛЬЧИД САЛХИТЫН ОРД ГАЗРЫГ ЭРГҮҮЛЭН АВАХДАА ЗАСГИЙН ГАЗАР ХУУЛИЙГ БУРУУ АШИГЛАСАН ХЭМЭЭН ҮЗЭЖ БАЙНА-

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний орд газрын маргаантай асуудал сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байгаа билээ. Монголын хууль хяналтын байгууллагын нэр нөлөө бүхий хүмүүсийг хоёр хуваасан гэгдэх хятадууд дээрх орд газрыг булаацалдаж байгааг Ерөнхийлөгчөөс эхлээд жирийн иргэн хүртэл мэддэг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл Засгийн газар шинэ оны өмнө буюу өнгөрсөн сарын сүүлчээр Салхитын мөнгөний орд газрын ашиглалтын лицензийг цуцалж байгаагаа мэдэгдэж, төр тус газрыг эрх мэдэлдээ эргүүлэн авсан. Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Тагнуул, Цагдаагийн тусгай, Дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт тус аймгийн прокурорын хяналтан дор тусгай ажиллагаа зохион байгуулж, тус аймгийн Гурван сайхан сумын нутагт байрлах Зүүн болон Салхитын ордыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан юм. Тагнуулын ерөнхий газрын баг өмссөн тусгай албаны ажилтнууд уурхайн хамгаалалтын ажилтнуудыг газар хэвтүүлэн дотогш нэвтрэхийг завдаж байгаа сүрдмээр бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд тарж, улмаар ЗГХЭГ-ын дарга, Г.Занданшатар “Салхитын мөнгөний ордыг эзэмшигчид Монгол Улсын хууль тогтоомжуудыг удаа дараа зөрчиж, олборлолтын сорьцын мэдээллийг багасгаж худал мэдээлсэн, мөн татвараа нуун дарагдуулсан, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон тул ийнхүү Монгол Улс дээрх ордоо төрийн мэдэлд буцаан авч, олборлолтын лицензийг нь хүчингүй болгож байна” хэмээн мэдэгдсэн.

Засгийн газар, албаны эх сурвалжууд “Салхитын мөнгөний ордыг эзэмшиж байсан “Жи Пи Эф” ХХК нь 930 сая гаруй төгрөгийн татварыг нууж, худал мэдүүлсэн. Мөн орд газрын эрх шилжүүлж, бусдад худалдахдаа 30 хувийн татвараа улсад тушаагаагүй” хэмээн мэдээлж буй. “Жи Пи Эф” ХХК-ийн 2010 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын Удирдлага арга зүйн газраас 2015 оны долдугаар сарын 7-ны өдрөөс есдүгээр сарын 17-ныг хүртэл хяналт хийсэн байдаг. Шалгалтаар Гаалийн лабораторийн агууламжийн нарийвчилсан тооцооллоос үүссэн 2014 онд мөнгөний хүдэр борлуулсны орлого 13.199.472.644.50 төгрөгөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заатыг зөрчсөн байна. Дээрх заалтыг үндэслэн Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэснийг зөрчсөн гэж 659.973.632.22 төгрөгийг нөхөн татвар 197.992.089.67 төгрөгийг торгууль, 71.702.695.33 төгрөгийн алданги нийт 930.668.417.21 төгрөгийн акт тавьж, Дундговь аймгийн татварын хэлтсийн дансанд 15 хоногийн дотор шилжүүлэхийг “Жи Пи Эф” ХХК-ийн захирал Жин Жиан Минд даалгасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл (Тусгай зөвшөөрлийг цуцлах) 56.1.10 дахь хэсэгт ““тусгай” зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 16.11, 16.14-д заасан аргачлалын дагуу холбогдох татварыг тайлагнаагүй, эсхүл үнэлгээ тооцоход шаардагдах, мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байдаг” хэмээн мэдэгдсэн.

Товчхондоо, ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл (Тусгай зөвшөөрлийг цуцлах) 56.1.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн хэмээн үзсэн. ингээд Засгийн газар дээрх хуулийн дагуу арга хэмжээ авч, Салхитын мөнгөний орд газрын тусгай зөвшөөрлийг цуцалсан юм.

Г.ЗАНДАНШАТАР ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ДАВХАР АЙЛГАЖ, МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ХОЁР ДАХЬ УДААГАА ГАЙ ТАРИВ УУ

Засгийн газар Салхитын мөнгөний орд газрын төрд эргүүлэн авсан асуудалтай холбоотой олон нийт янз бүрийн байр суурь илэрхийлээд байна. “Төр төмөр нүүрээ харуулах нь зөв. Хятадуудын орд газрыг авсан нь зөв” хэмээн дээрх тусгай ажиллагааг сайшаан магтах нэгэн байхад “Засгийн газар хууль зөрчиж, тусгай ажиллагаа явууллаа. Гадаадын хөрөнгө оруулагчид үүнээс болж үргэж байна. Монголын эдийн засаг, уул уурхайн салбарыг энэ үйлдлээрээ хорлож байна. Г.Занданшатар өмнө нь эдийн засаг сэргээд улс орон хөгжих гэж ядаж байхад буруу, алдаатай хууль батлуулж байсан. одоо дахиад л хөрөнгө оруулагчдыг айлгаж, үргээх ажил эхлүүллээ” хэмээн бухимдах хүмүүс ч байна. одоогоос хэдэн жилийн өмнө Гадаад хэргийн сайд асан одоогийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуулийг санаачлан батлуулж байлаа. Тус хуульд, уул уурхай, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, банк санхүүгийн байгууллагын 49-өөс дээш хувийг гадны байгууллага эзэмшихээр болж, 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийхээр болбол Засгийн газар, УиХ-аас заавал зөвшөөрөл авахаар тусгаж өгөөд байв. чөлөөт зах зээлийн харилцаанд шууд байдлаар хориг тавьсан уг хууль батлагдсанаар хөрөнгө оруулагчид Монгол Улсаас дөлж эхэлсэн байдаг. ингэж 2012 оны тавдугаар сард батлагдсан хууль 2013 оны аравдугаар сард цуцлагдах хүртлээ эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, валютын урсгалыг царцанги байдалд оруулсныг олон улсын шинжээчид төдийгүй эдийн засагчид өнөөг хүртэл ярьдаг. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын олонх нь тухайн үед манайхаас нүүр буруулж, Канадыг зорьсноор багагүй хөрөнгө оруулалтыг монголчууд алдсан гэхэд буруудахгүй.

Ж.Билгүүн: ЗАСГИЙН ГАЗАР ХУУЛИЙГ БУРУУ АШИГЛАСАН ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

Салхитын мөнгөний орд газрыг төр засаг эргүүлэн авсан нь хууль зөрчсөн, зөрчөөгүй гэсэн асуудал нийгэмд үүсээд байгаа. Энэ талаар Хуульч Ж.Билгүүнтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа.


-Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр салхитын мөнгөний орд газрын ашиглалтын лицензийг Засгийн газраас цуцалсан. ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн хэмээн үзсэн гэсэн. Засгийн газар хууль зөрчсөн, зөрчөөгүй гэсэн асуудал яригдаж байна. Үүнийг хуульчид юу гэж үзэж байна вэ?

-ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Тагнуул, Цагдаагийн тусгай, Дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр орд газарт очоод ашиглалтын эрхийг цуцалж байгаа бичлэгийг цахим сүлжээнээс харсан. Хамгаалагчдыг нь сүр дуулиантайгаар газарт унагаж байгаа бичлэг байна лээ. надад ямар үндэслэлээр тус орд газрыг эзэмшиж байгаа компанийн ашиглах эрхийг түдгэлзүүлж байгаа талаар албан ёсны мэдээлэл, бичиг баримт алга. Гэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд гарсан мэдээллээр “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн” хэмээн үзсэн гэсэн. Өөрөөр хэлбэл, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр буруутган, ашиглах эрхийг нь цуцалсан гэх мэдээлэл байгаа. Хуульч хүний хувьд шууд хэлмээр байна. Засгийн газар хуулийг буруу ашигласан. Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэлтэй байна. Яагаад ингэж үзэж байна вэ гэдгийг одоо тайлбарлаж хэлэх нь зүйтэй байх. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 онд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тус нэмэлт өөрчлөлтөд “Татвараа төлөөгүй, эсвэл орлогоо үнэн зөвөөр нотлоход шаардлагатай баримтуудаа нуун дарагдуулан тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцална” гэсэн байгаа. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байх Салхитын мөнгөний орд газарт миний олж мэдсэн мэдээллээр Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг “Жи Пи Эф” ХХК нь 930 сая гаруй төгрөгийн татварыг нууж, худал мэдүүлсэн. Мөн орд газрын эрх шилжүүлж бусдад худалдахдаа 30 хувийн татвараа улсад тушаагаагүй. Тус компанийн 2010 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газраас 2015 онд шалгалт хийсэн гэсэн. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар заалтад нэмэлт өөрчлөлт оруулахаас хоёр жилийн өмнө шалгалт хийж, зөрчил илрүүлсэн гэсэн үг. Мэдээж тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу арга хэмжээ авсан байх. Тэгэхээр 2015 онд төлөөгүй татвартай холбоотой асуудалд 2017 оны хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийг хэрэглэж, 2018 онд Ашиглалтын лицензийг цуцалж болохгүй. Ямар нэгэн хууль шинээр батлагдахдаа тухайн цаг үеэс эхлэн мөрддөг. Өөрөөр хэлбэл, өмнөх асуудлыг тухайн үед мөрдөгдөж байсан хуулиар шийдэх ёстой. Тус орд газрыг эзэмшиж байгаа компанийн эзэд үүнийг үндэслэл болгоод шүүхэд хандахад Засгийн газар буруудах магадлал маш өндөр.

-Шүүх Засгийн газрын эсрэг шийдвэр гаргавал яах вэ?

-Шүүх Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгочихвол тухайн компанид хохирол төлөх асуудал ч үүснэ. Мөн манай улс БНХАУ-тай байгуулсан гэрээ бий. Дээрх асуудалтай холбоотой маргаан олон улсын арбитрын шүүхэд харьяалагдана. Тэгэхээр Засгийн газар Салхитын орд газартай холбоотой асуудлаар Арбитрын шүүхэд ч дуудагдаж болох эрсдэл бий болоод байна. Арбитрын шүүхэд ялагдвал маш том асуудал араасаа дагуулж, их хэмжээний мөнгө улсын төсвөөс нөхөн төлбөрт гарна гэж ойлгож болно.


Categories
мэдээ цаг-үе

Нэг нь ч ангиасаа шилжиж зүрхлээгүй 8б-гийнхэн

1975 оны есдүгээр сарын 1-нд Сэлэнгэ аймгийн Орхон сумын найман жилийн дунд сургуульд нэг анги болон нэгдэж амьдралын замналаа эхлүүлсэн эвсэг, нэгдмэл нэг ангийнхныг энэ удаа онцолж байна. 1970-аад оны үед өсвөр насны залуус Абба хамтлагийн дуугаар амьсгалж, Ала Пугачёвагийн дууг пянз хөгжмөөр сонсож, шүтэн биширч өссөн билээ. Тухайн үед орц бүрийн үүдэнд гитарын дуу хангинаж, өнөөх гадаадын хөгжмийг дуурайн дуулж өссөн байдаг. Тэгвэл энэ удаагийн зочин анги дуучин, бүжигчин тухайн үеийн шинэ соргогийг мэдэрсэн хамт олон байжээ. Жишээ дурдахад ангийн сурагч В.Дэлгэрмаа СУИС-ын элсэлтийн шалгалтад Ала Пугачёвагийн “Миллион алых роз” дууг дуулж Сосорбарам, Чаминчулуун нараас өндөр үнэлгээ аван тэнцсэн боловч, Санхүү эдийн засгийн техникумийг сонгон суралцсан байна. Энэ анги сургуулийнхаа хүрээнд урлагийн наадамд оролцон таван жил дараалан түрүүлж байж. Эдний ангийнхан 1983 онд наймдугаар ангиа төгсжээ. Ангийн багш нь Ж.Үржинлхам.

Эл анги 25 сурагчтайгаар анх Орхон сумын сургуульд элсэн орж байжээ. Ангийг нь Доржханд гэх залуухан бүсгүй дааж авсан байна. Багшийнхаа уншиж өгч байсан үлгэр домгийг одоо хүртэл тэд сэтгэл дотроо дүрслэн амьдралын харгуй замдаа мөрдлөг болгон амьдарч байгаа гэнэ. Тэдний бага насны гэнэн хонгор үе аль хэдийн дурсамж болон үлджээ. Алсран холдсон тэр цаг хугацаагаа ангийн нөхөд дурсан санаж хааяадаа жижигхэн хэмжээний уулзалт хийн бага насны гэнэн томоогүй үеэ дурсацгаадаг. Ээж аавынхаа өврөөс гараагүй балчир байх үеийн дурсамж нь үлдсэн ч одоо тэд өвөө, эмээ болцгоон Монгол Улсын өнцөг булан бүрт аж төрж байна. Энэ ангийнхан наймаа төгссөнөөс хойш үндсэндээ цацсан будаа шиг л талын нэг тарчихсан хамт олон. Эрдэнэт, Булган, Улаанбаатар, Өмнөговь, Могод, Дорноговь, Хөвсгөл, Тэшиг, Гурванбулаг, Хангал гээд ёстой л Монголын өнцөг булан бүрт үүрнээсээ ниссэн шувуухай шиг тархжээ. Эдний анги алдартан суутан хомсхон Монголын түм түм төгсөлтийнхний л адил эгэл жирийн нэг анги. Ангийн төлөөлөл болсон Хэл шинжлэлээр докторын зэрэг хамгаалсан ангийн бүлгийн дарга, таван онцын эзэн Д.Буянхишиг Дархан хотын ХААИС-д багшаар ажилладаг. Орхон сумын брэнд “Орхон” үүлдрийн хонийг насаараа малласан улсын аварга малчин Жигжиддоржийн охин Жаргалдалай төрөлх Орхон сумынхаа Засаг даргын тамгын газарт Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Түүнчлэн ангийн хоёрдугаар салааны дарга В.Дэлгэрмаа мөн л төрөлх сумандаа ЗДТГ-т Нийгмийн даатгалын байцаагч хийдэг. У.Гантөмөр, Б.Эрдэнэбаатар, Д.Мягмардарь нар хувь хувийн бизнесээ эрхэлж, салбартаа тэргүүлэгчид болсон гэж ирээд яривал дор бүрдээ амьдрал нь тэгширцгээжээ.

Сэлэнгэ аймгийн Орхон сум нь дөрвөн уулын дунд оршдог. Тиймээс өвлийн улиралд чаргаар гулгах нь нутгийн хүүхдүүдийн хамгийн дуртай тоглоом. Эл ангийнхан ч цасаар байлдаж, уулын орой дээрээс чаргаар гулгаж хөгжилддөг байж. Сумын төвийн урд уулын орой дээрээс ангиараа нэг том чарганд суугаад “Макарина” дууг орилон дуулж байснаа тэд дурслаа. Ангийн сэргэлэн хөвгүүн Батдэлгэр, том биетэй ч томоотой зантай Гантөмөр нар дөрвөн есийн хүйтэнд сургууль дээрээ хааш хаашаагаа дөрвөн метр урттай чарга авчирчээ. Тэр хоёр аахилж уухилсаар ангийнхаа эв нэгдлийн төлөө энэ чаргаар бөөнөөрөө уулын орой дээрээс гулгая гэж ангийнхандаа хэлжээ. Ангийн хүүхдүүд санал хуваагдаад тэрүүхэндээ хийсэн гэнэ. Ангийн хамгийн урт үстэй Бадамжав нүдээ бүлтийлгэн “Урд уулаас доошоо энэ том чаргаар гулгаж байгаад айлын хашаа цөмлөвөл яах юм бэ” гэтэл гэнэн цайлган Жаргалдалай охин “харин ч сонирхолтой юм биш үү. Тэгье л дээ” хэмээн ангийнхаа хөвгүүдийг дэмжсэн байна. Тэд санал хурааж эцэст нь уул өөд явахаар шийджээ. Чаргаа ээлжлэн чирсээр уулын оройд очиж л дээ. Энэ үеэр ангийн дарга Батдэлгэр “Бөөнөөрөө уруудахдаа макарина дууг дуулна шүү” гэж орилоод чарга руу үсрээд орчихож. Аажим аажмаар урагшилж байсан чарга руу ангийн хүүхдүүд нэг нэгээрээ үсрэн оржээ. Бүгд чарган дээр гараад “Ээе макарина…” гээд л дуулж гарсан байна. Удалгүй тэдний суусан гараа уулын бэлээр нутагладаг ууртай ах Хүрлээгийн хашааг зүглэж эхэлжээ. Бүгд сандран замаасаа үсрэн буусаар хамгийн сүүлд Гантөмөр үлдэн чаргаа зогсоохын тулд араас нь чирэгдсээр хашаа цөмлөн орсон аж. Маргааш нь багш нарын хурлаар ангиараа орсон ч одоо тэдний хувьд хамгийн сайхан дурсамжуудынх нь нэг энэ ажээ.

Ангийн 35 жилийн ойн уулзалтын үеэр

Ангийн охин В.Дэлгэрмаа ангийнхаа хөвгүүдийн талаар “Манай ангийн хөвгүүд их тусч хөдөлмөрч зантай хүүхдүүд байлаа. Тухайн үед манай суманд үйлдвэр, завод, хөдөө аж ахуй цэцэглэж байсан үе. Тэр үед нэгдлийн ажилд их тус болдог байлаа. Сагс волейболын мастерууд ч бий” гэсэн юм.

Тухайн үед Орхон суманд ажил өрнөж буцалдаг байж. Атаман ч их байсан цаг гэнэ. Тиймээс сурахын хажуугаар хүнд зодуулахгүй байхаас эхлээд амьдралын их тэмцэлтэй байлаа шүү дээ хэмээн Гантөмөр ярьсан юм. Энэ дөрвөн уулын дунд ёстой л амьдрал буцалж байжээ. Математикийн багш нь тэдэнд маш их даалгавар, давтлага өгдөг байж. Багшийнхаа хамгаалалтад байгаа хүүхдүүд рүү сургуулийн хэмжээнд хэр баргийн хүмүүс халдаад байдаггүй байсан гэнэ. Ангийн хөвгүүд тухайн үеийн нэгдлийн ажилд чадах чинээгээрээ л тусалдаг байснаа дурсав. Тахиан фирм цэвэрлэхээс эхлээд шуудайтай буудай үүрэх гээд хөвгүүдэд хийх ажил их байжээ. Үүнийхээ хөлсөнд нэг талх, ундаахан авах хэмжээний мөнгөтэй болж амттан аваад ангидаа найрладаг байсан гэнэ. Энэ мэтчилэн олон дурсамжийг бичиж болно. Нэг үеийн залуус нэг анги болон ижилдэн дасч, ээнэгшин дотносч нэгнээсээ холдох аргагүй дотно холбоо тогтоожээ.

Нэг намар, хоёр намар, гурван намар… Нэг л мэдэхэд бага насны хамгийн сайхан үе өнгөрчихдөг нь жам билээ. Цаг хугацаа гэж ийм л хурдан санж. 1983 онд найман жилийн сургуулиа төгссөн тэд нэг л мэдэхэд 35 жилийг ардаа үлдээсэн байна. Ойгоороо тус ангийнхны уулзалт Улаанбаатар хотод тунчиг сайхан баярлацгаасан гэдгийг ангийн хүүхдүүд дуу нэгтээ хэлж байлаа. Эдний ангиас нэг ч хүүхэд шилжиж, эсвэл шилжин ирээгүй нь содон. Нэгдүгээр ангидаа уулзалдсан нөгөө л 25 хүүхэд төгсөхдөө ч хамт байжээ.

Тус ангийн Буяндэлгэр ангийнхаа хүүхдүүдэд зориулж шүлэг тэрлэснээ сонирхуулав. Түүний шүлгийг сурвалжлагынхаа төгсгөлд хүргэе:

Ганган хээнцэр бас мода хөөсөн гадаадын дууг гайхалтай дуулдаг айл саахалт болж, дандаа хамт явсан ангийн дарга Батдэлгэр минь

Дуу хөгжмийн төрөлх сонсгол авьяастай, дотуур байранд хамт байсан цэвэр цэмцгэр найз Мягмардарь минь

Арын гуу, Сайхны аманд хамт тугал, бяруу хөөцөлдөж явсан дуучин бас цэвэрхэн охин Ариунболор минь

Урт сайхан үстэй, уян зөөлөн ааштай ухаалаг онц сурлагатан Бадамжаргал минь

Манай сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дарга онц сурлагатан шийрийн бригадад тоглож өссөн найз Уранцэцэг минь

Том сайхан нүдтэй, гоё дуулдаг, хааяа аав, ээжээрээ айлгадаг Энхзаяа минь

Орос хэлдээ онцгой сайн надтай адил малын эмчийн охин, ухаалаг сэргэлэн Сарангэрэл минь

Эргэлдсэн алаг нүдээрээ үргэлж инээмсэглэж явдаг хэзээ ч бусадтай маргалдаж үзээгүй гэмгүй сайхан охин Гэрэлтуяа минь

Ангийнхандаа хүндлэгдсэн гэм зэмгүй гэнэн томоогүй Батсайхан минь

Урт сайхан үстэй, цав цагаан царайтай, халуун дулаан сэтгэлтэй Дагва минь

Нэг ширээний найз, нэг ч удаа өөр ширээ рүү явж урваагүй Дээгий минь

Чихэр өгсөн ч дэргэдээ суулгаагүй, бие нь том, ухаан нь бүр ч том Гантөмөр минь

Голын захын хороолол руу өглөө оройгүй хамт алхаж, хорвоогийн бүхий л явдлыг хамт ярилцдаг, урлагийн үзлэгийн медалийг ээлжлэн зүүж явсан Дэлгэрмаа минь

10 жил нэг ангид хамт байж, хамт уйлж дуулсан Орхон руугаа гүйж, анхны хайрын түүхээ хуваалцаж явсан Жаргалдалай минь

Хамгийн жижигхэн нь мөртлөө, хамгийн адтай, сагч тоглодог, хичээлдээ онц Алтанцэцэг минь

Ангиараа бид Алтанбулаг руу Зил-130 машинд ачигдан зугаалж явахад хамт явсан, анхны хайрын захиа өгсөн сайхан хүү Бадрах минь

Сагс тоглохдоо тэргүүний, хов жив нэг ч ярьж үзээгүй, багш айлын охин Мөнхжаргал минь

Ажилсаг шаламгай, хүний төлөө сэтгэлтэй хөөрхөн охин Орхонцэцэг минь

Дээгийтэй хамт нэг ширээнд суудаг том ах хочтой, адуу малд хорхойтой, хурдан шаламгай Сүхбаатар минь

Гитар тоглоно. Дуулна. Бүжиглэнэ. Сагс волейбол тоглоно. Чадахгүй зүйлгүй Орхончимэг минь

Цагаан сайхан царайтай, дуу цөөтэй боловч царайлаг Мягмаржав минь

Өндөр сайхан биетиэй, буржгар гоё үстэй, сагс мундаг тоглодог ээжийн хайртай охин Цэцгээ минь

Сэргэлэн авхаалжтай, сайхан хүү Энхбаатар минь

Сагч сайн тоглодог, урт сайхан үстэй Энхмаа минь

Хамгийн дулаан сэтгэлтэй, ажилсаг, тусч Эрдэнэбат минь

Удаан тайван зантай уужим дэлгэр ухаантай, манай ангийн од Очирбат нар минь бүгдээрээ сайн байна уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирээдүйг өөрчлөх 10 технологи

2020 он гэхэд хүний ажиллагаа зайлшгүй оролцдог долоон сая ажлын байр үгүй болж, хүний хөдөлмөрийг техник орлодог болно хэмээн технологийн салбарынхан таамаглаж байна. Энэхүү таамгийг батлах мэт хүн төрөлхтний амьдралыг өөрчлөх цоо шинэ технологийн шийдлүүдийг турших ажил дэлхий дээр өдөр бүр явагдаж байна. Ирээдүйг өөрчлөх шилдэг технологиудыг хүргэе.


1.“Тэсла” болон “SpaceX” компанийн үүсгэн байгуулагч Элон Маск цагт 1223 километр зам туулах чадвартай галт тэрэг зохион бүтээх мөрөөдлөө биелүүлэхээр шийджээ. Түүний санаачилсан Хайперлүүп систем нь тусгай вакум хоолойны тусламжтайгаар ажиллах юм. Шахсан агаар болон индукцийн моторын тусламжтайгаар галт тэрэгний хурдыг нэмэгдүүлэх аж. Тэрээр энэ долоо хоногт Хайперлүүп системийнхээ автомашинд зориулсан хувилбарыг туршсан билээ. Тэгвэл галт тэргэнд зориулсан хувилбараа хоёр жилийн дараа туршихаар төлөвлөөд байна. Хэрвээ энэ технологи амьдралд нэвтэрвэл Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу явахад ердөө 75 минут зарцуулах аж.

2.Ирээдүйд хүн төрөлхтнийг сансарт аялуулах хамгийн хурдан тээврийн хэрэгсэл агаарын бөмбөлөг болно. “World View” компани газрын гадаргаас дээш 32 километрт, стратосфер давхарга хүртэл халуун агаарын бөмбөлөг ашиглан хүн төрөлхтнийг аялуулах шинэ төслийг санаачилсан байна. Сансрын хөлөг нь далайн түвшнээс дээш 100 километрийн өндөрт хөөрдөг байна. Тус компани дэлхийн ерөнхий байдлыг харахад 32 километрийн өндрийг хангалттай гэж үзжээ. Тэд 2016 оны зургадугаар сард анхны туршилтаа амжилттай хийсэн бөгөөд мөн ондоо тасалбараа борлуулж эхэлсэн байна. Нэг хүний тасалбар 75 мянган фунт буюу 250 орчим сая төгрөгөөр борлуулагдаж байна. Гэхдээ зорчигчдыг хэзээнээс тээвэрлэж эхлэх нь одоогоор тодорхой бус байгаа юм.

3.АНУ-ын Үндэсний зам тээврийн аюулгүй байдлын газар нэгэн шинэ төхөөрөмж хөгжүүлж байна. Энэхүү төхөөрөмж нь жолоочийн амьсгалаар архи уусан эсэхийг нь тогтоодог бөгөөд хэрвээ жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд автомашин нь унтарч, жолоодох боломжгүй болох аж. Уг төхөөрөмжийг жолооч нарын хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг дэмжих үүднээс тэдэнд даатгалын хөнгөлөлттэй үнэ санал болгох юм байна.

4.“Тэсла” компанийн үүсгэн байгуулагч Элон Маскийн дараагийн төлөвлөгөө нь дэлхийн бүх иргэдийг утасгүй интернэтээр хангах юм. Нэн тэргүүнд тэрээр дэлхийн доод орбитод 4000 ширхэг хиймэл дагуул хөөргөх зөвшөөрөл авах хэрэгтэй байгаа аж. Тус төслийг 2020 онд хэрэгжүүлж дуусгана хэмээн тооцоолж байна. Мөн Английн тэрбумтан Ричард Бренсон түүнтэй ижил зорилготой байгаа бөгөөд тэдний дунд энэ төслийг түрүүлж хэрэгжүүлэх өрсөлдөөн явагдаж байгаа гэнэ.

5.2050 он гэхэд дэлхийн хүн ам хоёр тэрбумд хүрнэ гэж НҮБ таамаглаж байна. Энэ үед хүн төрөлхтний хүнсний хэрэгцээ 70 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Архитектур Жавир Понс энэ асуудлыг шийдэхийн тулд 24 метрын өндөр, гурван давхар, оройн хэсэгтээ нарны эрчим хүч хураагчтай байгууламжийн санааг гаргасан байна. Энэхүү байгууламжийн доод давхарт загас үржүүлж, хоёр дахь давхарт нь төрөл бүрийн ногоо тарих боломжтой аж. Ингэхдээ ямар ч хөрс ашиглахгүй бөгөөд загас үржүүлж буй усаа ашиглан ногоогоо ургуулах юм байна. Энэхүү байгууламжаа “Хөвж буй ферм” гэж нэрлэсэн бөгөөд нэг тус бүр нь 70 мянган метр квадрат талбайтай байх юм. Нэг “Хөвж буй ферм”-ээс жилд 1.7 тонн загас, 8.1 тонн хүнсний ногоо хураан авах боломжтой гэнэ.

6.Италийн мэдрэлийн мэс засалч Сержио Канаверо хамгийн анхны толгой шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр төлөвлөөд байна. Одоогийн байдлаар амьтан дээр хийсэн амжилттай туршилт байхгүй бөгөөд эрдэмтэд түүний санааг хэтэрхий хийсвэр гэж дүгнээд байгаа юм. Нугасны эсийг тархитай холбох боломжгүй учир энэ төрлийн мэс ажил хийгддэггүй байна. Тэгвэл Канаверо мэс засалч энэ асуудлын шийдлийг олжээ. Полиэтилены глицол гэх бодис нь гоо сайхны бүтээгдэхүүнд түгээмэл ашиглагддаг байна. Энэхүү бодис нугасны мэдрэлийн эсийн ургалтанд нөлөөлдөг болохыг тэрээр олж нээжээ. Түүний энэхүү нээлт толгой шилжүүлэн суулгах мөрөөдлөө биелүүлэхэд нь тусална гэж тэрээр найдаж байгаа боловч энэ салбарынхан ойрын арван жилийн хугацаанд энэ мэс ажилбар хийгдэх боломжгүй гэж үзсэн хэвээр байна.

7.Дэлхийн хүн амын 30 хувь нь ямар нэгэн байдлаар нойрны асуудалтай байдаг гэнэ. Вашингтоны Их сургуулийн судалгааны баг тархины хамгийн жижиг хэсгийг эзэлдэг, нойрыг зохицуулдаг мэдрэлийн эсүүдийг олж нээжээ. Харин одоо лабораторийн аргаар энэхүү эсийг үржүүлж, тэдний унтах болон сэрэх үед явагддаг үйл ажиллагааг нь судлаж байна. Энэхүү судалгааны ажил нь нойрны эмгэгийг судлах, түүнд зориулсан төхөөрөмж зохион бүтээхэд туслах аж.

8.Хийлгэсэн шивээсэндээ харамсаж явдаг хүн цөөнгүй бий. Тун удахгүй шивээс арилгах хамгийн хурдан бөгөөд хямд аргыг танилцуулах гэж байна. Америкийн докторантур, оюутан Алек Фалкенхам хүний биеийн дархлааны системийн тухай судалгаа хийж байхдаа энэ бүтээлийнхээ санааг олсон байна. Түүний зохион бүтээсэн тос цусны “Макропейж” буюу их идэгч хэмээх бодисыг цагаан эсэд хүргэдэг байна. Цусны цагаан эсэд энэ бодис нэвчсэнээр шивээсний бэхийг бүдгэрүүлж, аажмаар арилгадаг байна. Энэхүү тос гурван фунт буюу ойролцоогоор 10 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гарна. Одоо хэрэглэгддэг лазераар арилгах аргатай харьцуулахад түүний шинэ бүтээл хямд, өвдөлтгүй гэдгээрээ онцлогтой юм.

9.Утасгүй цэнэглэгч хэрэглээнд нэвтрээд ердөө жил гаруйн хугацааг ардаа үдэж байна. Хэдий утсаар холбох шаардлагагүй болсон ч гэлээ заавал тусгай хавтан дээр гар утсаа байрлуулах хэрэгтэй гэдэг нь энэ технологийн нэг сул тал юм. Энэ дутагдлыг шийдэхээр “Пи” цэнэглэгчийг зохион бүтээхээр ажиллаж байгаа гэнэ. Та гар утсаа тус цэнэглэх төхөөрөмжинд 30 сантиметрийн зайд ойртуулахад л хангалттай. Энэ нь гар утсаа цэнэглэж байх үедээ давхар ашиглах боломжийг бүрдүүлэхээс гадна олон хүн нэг дор зэрэг ашиглаж болох юм байна

10.Лондонгийн кофены аж ахуй эрхлэгчид нэгэн шинэ санаа сэджээ. Жил бүр 200 мянган тонн кофены шаар хаягддаг бөгөөд энэхүү хаягдлыг ашиглан био түлш гарган авах санааг энтрепренер Артур Кей амьдралд хэрэгжүүлэхээр шийдээд байна. Хүн төрөлхтний кофений хэрэгцээ жил бүр нэмэгдэж байгаа учир түүнээс ялгарах хог хаягдал ч мөн даган өсөх болно. Кофений хог хаягдлын 85 хувийг био түлш болгон хувиргаж, барилга, байшинг халаахад болон тээврийн хэрэгслийн түлш болгон ашиглах юм байна.

Бэлтгэсэн Э.МАРАЛМАА

Categories
мэдээ нийгэм

Элдэв тэнгэртэн одтой, хөх луу өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 7, Сумъяа гариг. Билгийн тооллын 2, Элдэв тэнгэртэн одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 8:36 цагт мандан, 17:20 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д ““Салхит”-ын тусгай ажиллагаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах биш, татраах шалтаг болчихов уу?” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс ““Салхит”-ын тусгай ажиллагаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах биш, татраах шалтаг болчихов уу?” хэмээх нийтлэлийг уншина уу.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: УИХ-ыг бойкотлон, жагсаал цуглаан хийж ЖДҮ-ийн асуудлыг бүрэн дарахыг оролдож байна хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

МХЕГ-ын газрын дарга тэргүүтэй арав гаруй байцаагчийн авлигын хэрэг юу болсон бэ хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт бичив.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Д.Ханхярваа: УИХ-ын даргыг нэг хэсэг бүлэгт нь таалагдахгүй бол гарын үсэг цуглуулаад огцруулдаг болох нь гэв.

“Үйл явдал” нүүрт Замын цагдаагийн албаны замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга хурандаа Б.Батболд: Нэг машинд ногдох авто замын хэмжээ дутаад байгаа болохоор түгжрээд байна хэмээв.

“Эдийн засаг” нүүрт Яагаад Оюу толгой өнөөг хүртэл БНХАУ-аас цахилгаан авсан бэ гэлээ.

“Болор цом-36” наадмын эзнээр яруу найрагч Б.Баттулга тодорлоо гэж “Цаг, үе” нүүрт бичлээ.

“Танайд өнжье” нүүр Шүүхийн “цахим манаач”-ийнхд өнжжээ.

Монголын Хүүхдийн ордны багш С.Ганчимэг: “Нарны хаан хүүхдүүд” дууны хоорыг би тавьсан гэж “Өөрөөс нь” нүүрт өгүүлэв.

“Дэлхийн мэдээ” нүүрт В.Путин,Т.Эрдоган нар энэ сарын сүүлчээр уулзана гэв.

2019 онд тохиох спортын томоохон арга хэмжээнүүдийн хураангуйг “Спорт” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

8-наас хойш бүртгүүлсэн НӨАТ-ын баримтад урамшуулал бодогдохгүй

НӨАТ-ын 2018 оны баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас анхаарууллаа. Энэ хугацаанаас хойш баримтаа бүртгүүлбэл “ААН илгээгээгүй” гэсэн төлөвт шилжих юм байна. Учир нь буцаан олголтыг Сангийн яамнаас нэгдүгээр сарын 8-наар тасалбар болгон хаах тул дээрх хугацаанаас хойш уншуулсан баримтад урамшуулал бодохгүй гэсэн үг юм.

НӨАТ-ыг буцаан олгох журамд зааснаар, албан татвар төлөгч нь буцаан олголтод хамрагдахын тулд дараах нөхцөлийг хангасан байна.

Үүнд:

1. Албан татвар суутган төлөгчөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай бүр худалдан авалтаа нотолсон төлбөрийн баримтыг цаасан эсхүл цахим хэлбэрээр авсан байх;

2. Төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байна;

3. Албан татвар төлөгчийн албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар зөрүүтэй талаар нэгдсэн системээс мэдэгдэл хүргүүлсэн тохиолдолд мэдээллийг арван тав /15/ хоногийн дотор засварлах.

Албан татвар төлөгч нь хэрэглэгчийн овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудан /имэйл/-ийн хаяг, утасны дугаар, албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар зэрэг мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцах үүрэгтэй.

Албан татвар төлөгч нь 2018 оны сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн буюу 2019 оны нэгдүгээр сарын 8-ны дотор цахим төлбөрийн баримтын систем (https://ebarimt.mn/)-д бүртгүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногоос хүйтний эрч суларна

Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө -33 градусаас-44 градус хүртэл хүйтэрч байгааг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ. Гэхдээ хүйтний эрч ирэх мягмар гаригаас бага зэрэг сулрах төлөвтэй байгаа аж. Нэгдүгээр сарын 9-нд говийн нутгийн өмнөд, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно.

Нийт нутгаар өнөөдөр цаг агаар ямар байх вэ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 35-40 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 26-31 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 34-39 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус, өдөртөө бүх нутгаар 13-18 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байх аж.