Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Хариуцлагатай уул уурхайг дэмжинэ

Салхит, Асгатын мөнгөний орд болон Цагаан эргийн ордыг төрийн мэдэлд авч “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх болсонтой холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийв. Тэрээр “Засгийн газар хариуцлагатай уул уурхайг ямагт дэмжинэ. Энэ нь аж ахуйн нэгжүүд холбогдох хуулийн хүрээнд, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, татвар, төлбөрөө үнэн зөв мэдүүлж төлдөг, эдийн засгийн үр өгөөжийг нь иргэд хүртдэг байх ёстой гэсэн үг” гэж мэдэгдлээ. “Харин үүний эсрэг буюу хариуцлагагүй байвал хатуу тэмцэж, хуулийн байгууллагад ч шилжүүлнэ. Газрын баялаг бол ард түмний өмч. Энэ өмчийг ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүд хууль зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хуулийн 11 үндэслэл бий. Хамгийн гол нь ард түмний өмчийг зүй ёсоор ашигладаггүй, хууль зөрчдөг, үр ашиггүй, өгөөжгүй байгаа газруудад хариуцлага тооцож ажиллаж байна” гэлээ. “Цаашид хэл амнаас айж, шийдвэртэй арга хэмжээ авч чадахгүй бол өнгөрсөн 27 жил шиг урсгалаараа явах болно. Монгол Улсын Засгийн газар хуульчид, хуулийн байгууллагын нотолгоо, баримт бичигт үндэслэн хуулийн хүрээнд ажиллаж, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нээсэн ордуудыг төрийн мэдэлд буцааж авч байгаа. Хэрвээ тухайн аж ахуйн нэгж гомдолтой гэж үзвэл шүүхийн байгууллагад хандах эрх нь нээлттэй. Үнэн зөвийг шүүх шийднэ” гэв.

“Эрдэнэс Монгол” ХХК хувьцаагаа Хөрөнгийн биржээр арилждаг, хөрөнгө босгодог, ард түмэнд ноогдол ашиг өгдөг, иргэдэд үйлчилдэг, “Ирээдүйн өв сан” бүрдүүлдэг компани байх ёстой гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар үзэж байна. Энэ үүднээс ажлын арга барилаа өөрчилж, шинэчлэгдэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг компанийн удирдлагад үүрэг болгожээ.

“Ирээдүйн өв сан” одоогоор өмнөх дөрвөн жилийн өрийг дарж, 540 тэрбум төгрөг хуримтлуулж өрөө төлж байна. Ирэх онд 550 тэрбум төгрөг, нийт нэг их наяд төгрөг уул уурхайн компаниуд болон төрийн өмчит компаниудаас орж ирэх юм. Сонгуулиас сонгуулийн хооронд өр үлдээдэг жишгийг энэ Засгийн газар халж, анх удаа өв үлдээж байгаагаа улам өгөөжтэй болгохыг зорьж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сүм хийд, шашны байгууллагуудыг шалгаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу сүм хийд, шашны байгууллагуудад шалгалт хийхээр болжээ. Ингэхдээ төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2019 оны нэгдүгээр сарын 04-25-ны өдрийн хооронд, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хоёрдугаар сарын 01-14-ний өдрийн хооронд тус тус зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Шалгалтаар сүм хийдийн барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах тухай хууль болон галын аюулгүй байдлын тухай хууль, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг хуралдсангүй

Хуваарийн дагуу өнөөдөр МАН-ын бүлэг хуралдах ёстой. Гэвч намын бүлэг хуралдсангүй. Өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаан эхлэхийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Гишүүдийн зарим нь хөдөө орон нутагт ажиллаж байгаа учир ээлжит хуваарийн дагуу даваа гарагт намын бүлгийн хуралдаан болно. Ирэх долоо хоногийн нэг дэх өдрийг хүртэл чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх санал гаргасан. Гэвч гишүүдийн ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар өнөөдрийн бүлгийн хуралдааныг цуцлав.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн уртасгасан амралтын хичээлийг нөхнө

БСШУС-ын сайдын тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, сурагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацаанд өөрчлөлт орсон.

Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарийг 2018 оны арванхоёрдугаар сарын 15-наас 2019 оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд тогтоосон. Ханиад томууны дэгдэлт ихтэй үе учраас сурагчдыг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүй, харин багш нарт зориулсан сургалт, семинарыг шат дараатай зохион байгуулж байгаа. Уртасгасан амралттай холбоотой хичээл нөхөх асуудлыг хуваарьт оруулсан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Аймгуудыг хөдөлмөр эрхлэлтийн байдлаар нь эрэмбэлсэн байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо өнгөрсөн жилийн эцсийн байдлаар 35 мянгад хүрээд байсан. Үүний 60 гаруй хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд юм.

Тэгвэл Эдийн засгийн бодлогын өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан гаргахдаа орон нутагт хөдөлмөр эрхлэлтийн судалгаа явуулжээ. Өөрөөр хэлбэл, 21 аймгийг хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох ажилгүйчүүдийн тоогоор эрэмбэлсэн байна.

Ингэхэд Орхон аймагт 14 хүн буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин муу гарсан байна. Харин Төв аймагт хамгийн сайн буюу хөдөлмөрийн насны 100 хүн тутамд ажилгүй хоёр хүн байжээ. Түүнчлэн Дорноговь, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэд хөдөлмөр эрхлэлт сайн байсан бол Увс, Ховд, Өмнөговь, Говьсүмбэрт тааруу дүнтэй гарчээ.

Categories
мэдээ спорт

Шинэ үндсэн хуулийн 27 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан болно

Нэгдүгээр сарын 13-ны ням гарагт Шинэ үндсэн хуулийн 27 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Буянт-Ухаа спортын ордонд болно. Тэртээ 1992 оны энэ өдөр монголчууд шинэ үндсэн хуулиа баталж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг тунхаглан зарласан билээ.

Тухайн жилээс эхлэн жил бүр оны эхээр шинэ үндсэн хуулийн барилдааныг зохион байгуулж заншсан юм. Хамгийн анхны барилдаанд улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж байсан бол дархан аварга Б.Бат-Эрдэнэ гурав дараалан түрүүлж байв. А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Н.Батсуурь нарын аваргууд мөн тус барилдаанд түрүүлж байсан ажээ. Тус барилдааны сүүлийн арван түрүү бөхчүүд:

2009 он улсын начин Г.Эрхэмбаяр

2010 он цэргийн арслан Ч.Санжаадамба

2011 он улсын начин Ч.Баянмөнх

2012 он улсын гарьд И.Доржсамбуу

2013 он хийгээгүй

2014 он улсын гарьд Д.Рагчаа

2015 он улсын заан Д.Баасандорж

2016 он улсын арслан Н.Батсуурь

2017 он улсын начин Э.Даш

2018 он улсын гарьд Ө.Бат-Орших

Categories
мэдээ нийгэм

“СТАНДАРТ-БИДНИЙ АМЬДРАЛД” эсээ бичлэгийн уралдааны шагналын эзэд тодорлоо

Стандартыг бий болгох, сонирхлын тэнцвэртэй байдлыг хангахын тулд талуудын үүрэг оролцоо чухал байдаг. Ялангуяа залуу үеийнхний дунд стандартын талаарх мэдлэг ойлголтыг төлөвшүүлэх асуудал нэн чухал. Тиймээс стандартын тухай мэдлэг ойлголтыг таниулан сурталчилах, төлөвшүүлэх, нийгэм, эдийн засгийн салбарт стандартын үүрэг, ач холбогдлыг таниулах зорилготой “Стандарт-Бидний амьдралд” эсээ бичлэгийн уралдааныг оюутан, залуучуудын дунд Стандарт, хэмжил зүйн газраас зарласан.

Ингээд тус уралдааныг зохион байгуулах ажлын хүрээнд хамтын ажиллагааны санамж бичигтэй Улаанбааатарын Их Сургууль болон бусад их дээд сургуулийн оюутнууудын дунд нээлттэйгээр зохион байгуулсан юм.

Эсээ бичлэгийн уралдаан хоёр шаттайгаар явагдсан бөгөөд I шатанд оюутнуудад стандартын талаарх ерөнхий ойлголтыг өгөх зорилгоор СХЗГ-ын Стандартчилал тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Г.Батзориг илтгэл мэдээлэл өгсөн.

Харин II шатанд эсээг цахим хаягаар хүлээн авч шалгаруулсан. Нийт 30 гаруй эсээ ирсэнээс I байранд УБИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн гуравдугаар курсын оюутан Б.Чанцалдулам, хоёрдугаар байранд УБИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн гуравдугаар курсын оюутан Б.Сувд-Эрдэнэ болон МУИС-ын Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн салбарын хоёрдугаар курсын оюутан М.Оюун-Эрдэнэ, III байранд УБИС-ийн Сэтгүүлзүйн гуравдугаар курсын оюутан Я.Амарзаяа болон УБИС-ын Монгол судлалын магистрант Э.Дэлгэрмаа нар тус тус шалгарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Махны экспортоос 146.5 сая ам.доллар олжээ

Махны үнэ энэ жил өсөлттэй байна. Тухайлбал, үхрийн мах кг нь 12000-13000 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Үүнийг махны экспорттой холбон олон нийт шүүмжлээд буй. Манай улсын экспортолсон махны хэмжээ өнгөрсөн онд 90 гаруй хувиар өссөн байна. Махнаас олсон орлогын хэмжээ 146.5 сая ам.доллар болжээ. Орлогын дийлэнхийг адууны махны экспорт бүрдүүлж байгаа бол хонь, ямааны мах, дулааны аргаар боловсруулсан лаазалсан махан бүтээгдэхүүн багахан хувийг эзэлж байна.Өнгөрсөн онд махны экспортоос 146.5 сая ам.доллар олжээ

Categories
энтертаймент-ертөнц

“Алтан бөмбөрцөг” наадмын 76 дахь удаагийн шагнал гардуулах ёслол боллоо

Кино болон телевизийн шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын 76 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотод өнгөрсөн ням гарагт эхэлжээ.

Америкийн жүжигчин Майкл Дуглас энэ жилийн “Алтан бөмбөрцөг” наадмын шагналыг хамгийн эхэнд хүртжээ. Тэрбээр “Телевизийн цуврал, инээдэм, мюзикл киноны шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд “Алтан бөмбөрцөг”-ийн эзнээр тодорсон байна. Майкл Дуглас нь “The Kominsky Method” цувралын гол дүрийг бүтээжээ. Энэ төрөлд мөн “Тоглож байна” цувралд гол дүр бүтээсэн жүжигчин Жим Керри, “Америк гэж хэн бэ” цувралын гол дүрийн жүжигчин Саша Барон Коэн нар өрсөлдсөн байна.

“Шилдэг найруулагч”


Мексикийн найруулагч Альфонсо Куарон “Рома” киногоороо “Шилдэг найруулагч”-аар шалгарсан байна. Энэ төрөлд “Одод төрсөн нь” киноны найруулагч Брэдли Купер, “Ногоон ном”-ын найруулагч Питер Фаррелли, “BlacKkKlansman” киноны найруулагч Спайк Ли, “Эрх мэдэл” киноны найруулагч Адам Маккей нар өрсөлдсөн байна.

“Шилдэг драм кино”


“Алтан бөмбөрцөг” наамдын “Шилдэг драм кино” төрөлд найруулагч Брайн Сингерийн “Bohemian Rhapsody” кино шалгарсан байна. Найруулагч Райан Куглерийн “Хар ирвэс”, Спайк Лигийн “BlacKkKlansman”, Барри Женкинсийн “Хэрвээ Бил гудамж ярьдаг байсан бол”, жүжигчийн Брэдли Куперийн найруулсан “Од төрсөн нь” кинонууд энэ төрөлд өрсөлдсөн байна.

“Драм киноны шилдэг эрэгтэй жүжигчин”


“Драм киноны шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд “Bohemian Rhapsody” киноны гол дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Рами Малек “Алтан бөмбөрцөг” шагналыг хүртжээ. Жүжигчийн Малекийн хувьд энэхүү шагналыг анх удаа хүртэж байгаа юм. Өмнө нь тэрбээр “Mr. Robot” цувралд бүтээсэн дүрээрээ энэ төрөлд нэр дэвшиж байжээ.

“Драм киноны шилдэг эмэгтэй жүжигчин”


“Эхнэр” кинонд бүтээсэн дүрээрээ Америкийн жүжигчин Гленн Клоуз “Драм киноны шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр шалгарсан байна. Клоуз өмнө нь энэхүү шагналыг 2 удаа хүртэж байжээ. Шведийн найруулагч Бьёрн Рунгегийн “Эхнэр” хэмээх тус кинонд нэгэн гэр бүлийн хосуудын амаргүй харилцааг харуулдаг байна.

Энэ төрөлд дуучин Леди Гага (“Од төрсөн нь”), Австрали гаралтай Америк жүжигчин Николь Кидман (“Сүйтгэгч”), Их Британийн жүжигчин Розамунд Пайк (“Хувийн дайн”), Америкийн жүжигчин Мелисса Маккарти (“Та намайг уучлах болов уу?”) нар өрсөлдсөн байна.

“Шилдэг драм цуврал кино”


Энэ жилийн “Шилдэг драм цуврал кино” төрөлд АНУ-д ажиллаж буй зөвлөлтийн тагнуулчдын тухай өгүүлэх “Америкчууд” цуврал “Алтан бөмбөрцөг”-ийн эзнээр тодорчээ.

Харин “Шилдэг инээдэм болон мюзикл кино” төрөлд найруулагч Питер Фаррелийн “Ногоон ном” кино шалгарсан байна.

“Инээдэм болон мюзикл киноны шилдэг эрэгтэй жүжигчин”


“Инээдэм болон мюзикл киноны шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Их Британийн жүжигчин Кристиан Бэйл “Эрх мэдэл” (Vice) кинонд бүтээсэн дүрээрээ шагнал хүртжээ.

“Инээдэм болон мюзикл киноны шилдэг эмэгтэй жүжигчин”


“Инээдэм болон мюзикл киноны шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд “The Favourite” кинонд бүтээсэн дүрээрээ Их Британийн жүжигчин Оливия Колман шагнал хүртжээ.

“Шилдэг хүүхэлдэйн кино”


“Шилдэг хүүхэлдэйн кино” төрөлд “Хүн аалз: Аалзны ертөнц рүү” хүүхэлдэйн кино шалгарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хүн ам, орон сууцны туршилтын тооллого энэ сарын 10-наас эхэлнэ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Тус зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Хүн ам, орон сууцны туршилтын тооллого нэгдүгээр сарын 10-16-ны хооронд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн зарим хороонд зохион байгуулагдана. Тооллогын комисс сонгогдсон өрх, айлуудын бүрэн хамруулах чиглэлээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай” гэдгийг онцолж хэллээ. Мөн 2019 оныг “Иргэдийн оролцоотой, Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа арга хэмжээндээ иргэд олон нийтийг оролцуулах, санал санаачилгыг дэмжих, төрийн үйлчилгээг шуурхай болгох энэ чиглэлээр бүх байгууллага анхаарч ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.