Categories
мэдээ спорт

​Жүдо бөхийн улсын аваргууд тодорч байна

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 42, эмэгтэйчүүдийн 27, багийн долоо дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ өчигдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан явагдаж, медальтнууд тодров.

Тэмцээний дүн:

Эмэгтэйчүүдийн -48кг жинд:

Хүрэл медалийг: Хилчин спорт хорооны Уртнасан, Боржин клубын Бүрнээбаяр

Мөнгөн медалийг: Женко клубын Ойдовчимэг

Алтан медалийг: Алдар спорт хорооны Наранцэцэг

Эрэгтэйчүүдийн -60кг жинд

Хүрэл медалийг: Эрч спорт хорооны Өнөболд, Хангарьд спорт хорооны Марал-Эрдэнэ

Мөнгөн медалийг: Хилчин спорт хорооны Мягмардорж

Алтан медалийг: Алдар спорт хорооны Ариунболд

Эмэгтэйчүүдийн -52кг жинд

Хүрэл медалийг: Хүч спорт хорооны Энх-Отгон, Хилчин спорт хорооны Гэрэлмаа

Мөнгөн медалийг: Дархан хотын тамирчин Гал-Од

Алтан медалийг: Баянхонгор аймгийн Сосорбарам

Эрэгтэйчүүдийн -66кг жинд

Хүрэл медалийг: Хилчин спорт хорооны Басхүү, Хилчин спорт хорооны Төмөрхүлэг

Мөнгөн медалийг: Сүлд спорт хорооны Хэрлэн

Алтан медалийг: Женко клубын тамирчин Мөнхбаяр

Эмэгтэйчүүдийн -57кг жинд

Хүрэл медалийг: Хилчин спорт хорооны Аззаяа, Женко клубын Алтанцэцэг

Мөнгөн медалийг: Женко клубын Хорлоо

Алтан медалийг: Сүлд спорт хорооны Энхрийлэн

Эмэгтэйчүүдийн -63кг жинд

Хүрэл медалийг: Номин, Женко клубын Сүнжидмаа

Мөнгөн медалийг: Женко клубын Мөнгөнчимэг

Алтан медалийг: Алдар спорт хорооны Ганхайч

Эрэгтэйчүүдийн -73кг жинд

Хүрэл медалийг: Эрч спорт хорооны Баяртүвшин, Женко клубын тамирчин Одбаяр

Мөнгөн медалийг: Хангарьд спорт хорооны тамирчин Батболд

Алтан медалийг: Сүлд спорт хорооны тамирчин Цогтбаатар тус тус хүртсэн байна.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 81, 90, -100, +100 эмэгтэй 70, -70, +78 кг-ын жингийн аваргууд тодорно. Харин сүүлийн өдөр холимог багийн барилдаанууд явагдаж, аваргуудаа тодруулах юм.

Categories
мэдээ улс-төр

Ёс зүйн дэд хороо “60 тэрбумын хэрэг”-ийн талаар хэлэлцэнэ

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, Хууль зүйн байнгын хороо 09.00 цагт хуралдаж, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.

Эдийн засгийн байнгын хороо 11.00 цагт хуралдаж, ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Үдээс хойш буюу 14.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтад Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээс гадна Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийн тухай болон 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаарх ХНХ-ын сайд, БСШУС-ын сайд, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох юм.

Мөн өнөөдөр 10.00 цагт УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж, ЖДҮХС-гийн зээлийн асуудал “60 тэрбумын хэрэг”-ийн талаар хэлэлцэхээр товлосон байна.

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: УИХ-ын даргын эсрэг юм бол тэр хүнтэйгээ ярь. Чуулганыг хуралдуул л даа

УИХ-ын гишүүн О.Баасанхүү бойкот хийж буй 40 гишүүн УИХ-ын даргыг огцруулах боломжтой хуулийн төслийг өргөн барьж, хуулийн хүрээнд асуудлыг шийдэх боломжтой хэмээн байр сууриа илэрхийллээ.


-Чуулганы хуралдаан дахин хойшиллоо. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Ард түмэн 65 гишүүнийг Үндсэн хуулийг өөрчилж болно, УИХ-ыг тарааж болно гээд эрхийг нь өгсөн. Нөхдүүд сонгуульд орохдоо бүгд намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, намайг сонгоод өгөөч, би сонгогдвол ажил хийе гээд УИХ-ын гишүүн болсон гэж ойлгож байна. Миеэгомбын Энхболд гэдэг хүнийг огцруулж, тэр хүнтэй тэмцэнэ гэж УИХ-ын гишүүн болсон гэж ойлгохгүй байна. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд манай намын хамгийн мундаг, хамгийн хайртай хүн гээд, УИХ-ын дарга болоход нь 65-уулаа кноп дараад сонгосон шүү дээ. Одоо юунаас болоод чуулганыг хуралдуулахгүй байгааг ойлгохгүй байна. Тэмцээд байна гэх юм. Юуны төлөө тэмцээд байгааг нь ойлгохгүй байна. Тэмцэл улс төрийн, эдийн засгийн гэсэн хоёр хэлбэртэй. Эдийн засгийн гэхээр мөнгө, цалин хөлс, санхүү гээд эдийн засгийн агуулгатай шаардлага тавьдаг. Харин улс төрийн тэмцэл нь эрх мэдэлд хүрэхийн төлөө байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хүнийг чөлөөлөөд би Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болоод төрийн эрх мэдэлд гараад та нарын хийж чадаагүйг бид хийнэ гэдэг. Гэтэл эд нар чинь өөрсдөө эрх мэдэлтэй байж, эрх мэдлийн асуудлаар тэмцэл хийнэ гэхээр би ойлгохгүй байгаа юм. М.Энхболд огцор, огцрохгүй бол нийт ард түмний хурцын хурц тэмцэл хийнэ ч гэх шиг.Хэний эсрэг хэн тэмцээд явааг ойлгохгүй байна. Яагаад гэхээр өөрсдөө гаргаж ирээд дараа нь өөрсдөө больё гэдэг чинь тэдний л асуудал биз дээ. Энэ УИХ-ын үйл ажиллагаанд ямар хамаатай юм бэ. Их тэнгэрийн гадаа зогсоод, жагсаад оруулахгүй гээд зам дээр нь дээшээ харж хэвтээд, хувцас хунараа тайлаад ингээд яв л даа. УИХ гэдэг бол шал өөр асуудал. Ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгох, Зөрчлийн хуулийг өөрчилье, Эрдэнэтийн 51 хувийн асуудалд сар бүр 1.2 сая ам.долларын торгууль тавиад байгаа зэрэг яаралтай шийдэх олон асуудал байна.

-Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл оруулж ирээд энэ асуудлыг шийдэж болно гэж та үзэж байна уу?

-УИХ-ын даргыг би өргөдлөө өгчих гэсэн “Үгүй” гэсэн. Тагнуулын ерөнхий газрын дарга Гэрэл хажууд нь байсан, миний гэрч. Би үүнээс илүү яах юм бэ. Тэр хүн нь “үгүй” гэж байвал 40-үүлээ юм чинь хуулиа өргөн бариад түүнийг нь батлахгүй байна гээд тэмцвэл би ойлгоно. Гэтэл ийм боломж байхад хийхгүй байж, УИХ-ын чуулганыг бойкотолно гэдэг ард түмнээ барьцаалж, ард түмнээ доромжилж, шаардлагатай хэрэгцээтэй зүйлийг хийхгүй төрийн үйл ажиллагааг санаатай гацааж байгаа олигархуудын бүлэглэлийн дайн байна гэж харж байна. Эрх нь байгаа юм чинь УИХ-ыг тараая гэвэл тараа. Миний хэлээд байгаа гол санаа бол энэ нөхөд хэний эсрэг тэмцэж байгаагаа ойлгохгүй байна. УИХ-ын даргын эсрэг юм уу, УИХ-ын эсрэг юм уу. УИХ-ын даргын эсрэг юм бол тэр хүнтэйгээ ярь. УИХ-ын даргыг орлох хоёр хүн байна. Чуулганыг хуралдуул л даа. УИХ-ын чуулган хуралдахаар эд нар өөрсдөө балрах гээд байна шүү дээ. ЖДҮХС-гийн асуудалтай холбоотой 20 гаруй гишүүний хавтаст хэрэг бэлэн болчихсон өнөөдөр ч өргөн барихад бэлэн байна. Үүнийг би ч хэлээд байгаа юм биш намын бага хурал дээрээ Ц.Нямдорж хүртэл хэлсэн байна лээ. Би Ерөнхий прокурортой уулзаж асуусан. Эд нар чинь аймшигтай юм байна. Авлига авчихаж. Мөнгө угаачихаж. Гурван хувийн хүүтэй зээл аваад, 60 хувийн хүүтэй зээл олгосон байна. Энэ чинь гэмт хэрэг биш юм уу. Нэг хүнтэй тэмцэх гэж байгаа юм бол тэр хүнтэйгээ л тэмц. Гэр оронд нь, тэр Их тэнгэрийнх нь гадаа очоод тэмц. Төрийн ажлыг гацааж байгаа зорилгоо МАНАН энэ тэр гэж худал ярихаа боль.

-МАНАН-гийн эсрэг тэмцэж байна гээд байгаа шүү дээ?

-МАНАН-гийн эсрэг тэмцээгүй. МАНАН-гийнхан МАНАН-гийн эсрэг тэмцэхгүй шүү дээ. Энэ бүхний цаад зорилго нь Монгол Улсыг, Монгол төрийг чадамжгүй болгох гээд зохион байгуулалттайгаар гадны гар хөл болоод явж байна гэж би хардаж байна. Өнөөдрийн дотор энэ асуудлаа зогсоохгүй бол би хуралдаа суухгүй байгаа гишүүдтэй очиж лайв бичлэг хийнэ. Та юуны төлөө тэмцэж байгааг нь асууя. М.Энхболдтой тэмцэж байвал түүнтэйгээ л тэмц.

-Таны хувьд үүн дээр ямар нэгэн гарц, шийдэл бий юу?

-Манай нам 76-уулаа сонгуульд орсон. 75-ыг нь ард түмэн боль, О.Баасанхүү та ажилла гэсэн. Би ажлаа хиймээр байна. МАН ч гэсэн 76-уулаа сонгуульд өрсөлдсөн 65-ыг нь ажилла гэсэн. Гэтэл нөгөө 65 нь хоорондоо тэмцдэг хошин шог. Тиймээс бүгд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах хэрэгтэй. Та нар ч асуу, би ч уулзъя. Хаалга үүдийг нь балбая. Намын дарга хүн намаасаа хөөдөг юм уу, яадаг юм зөндөө арга байна. Би аргаа бараад хэлсэн надад бүлгийн даргынхаа ажлыг өгчих өө, би долоо хоногийн дотор асуудлыг шийдэж чадна гэсэн. Уг нь хүний намын асуудал юм даа гээд харзнаад соёлтой хандаад байсан чинь сүүлдээ хатуухан хэлэхэд шоронд орохгүй гэсэн цөөхөн хоног амь зогоож байгаа хэлбэрийг харахаар ичиж үхэж байна. У.Хүрэлсүхийг, Х.Баттулгыг би мэднэ ээ. М.Энхболдыг ч мэднэ. Энэ нөхөд өнөөдөр Монгол төрөөр ингэж тоглох болоогүй. Монгол төр эд нарт буянаа өгсөн. Төрийн хамгаалалтад, төрийн цалин аваад, эрх мэдэлтэй том дуугарах эрхтэй болсон. Тэгээд өнөөдөр Монголын ард түмнийг доромжилж болохгүй. Төрийн ордонд ирж ажлаа хий. Авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох эрх нь өөрт нь байхад яагаад ажлаа хийхгүй байгаа юм, У.Хүрэлсүх. М.Энхболдтой, М.Энхболдгүй эдгээр асуудлыг шийдэх боломж байна шүү дээ. Юу ч хийж чадахгүй байгаа юм шиг нэг хүнтэй тэмцээд байгааг нь ойлгохгүй байна.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 8-нд болох үйл явдал

11.00 цагт ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд Мал аж ахуй, биотехнологийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад олгох “ИДЭР ОЮУНЫ УНДРАА” тэтгэлэгт хөтөлбөрийн нээлт болно. Утас: 99287297

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Эрс шинэчлэл тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт ХНХЯ-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх болон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн асуудлаар яаралтай хуралдана.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд үндэсний үзэлт хөдөлгөөн, ТББ-ууд өлсгөлөн зарлах талаар мэдээлэл хийнэ. Утас: 98110300

14.00 цагт МУИС-ийн Номын санд “Монголын шинэ үеийн уран зохиолын өнөөгийн төлөв, ирээдүйн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал болно.

18.00 цагт Монголын хүүхдийн ордонд “Утгын чимэг 2018” наадам болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Г” танхимд Ёс зүйн дэд хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Улаан урлан

Зохиолч С.Баттулгын 2015 онд хэвлүүлсэн “Улаан урлан” өгүүллэгийн номыг энд сонирхуулъя. Энэ номонд багтсан өгүүллэгүүд нь хүн байгалийн шүтэлцээ, далд ертөнц, ёр бэлгэ, зүүд, учир тайллын нарийн харилцааг гаргажээ.

“Зүрх цагаан” өгүүллэгт Дулам гэж бүсгүйн тухай гарна. Тэрээр хүүхэд асран хүмүүжүүлэх төвд өсч торниод нас биед хүрэхийн цагт нэгэн залуутай учрахад өнөөх нь өөдгүй эр болж таарна. Өөрийг нь ялд унагаад хаашаа ч юм арилчихна. Цагдаа сэргийлэхийн байгууллагад баригдахгүйн тулд хөл хүнд бүсгүй Дулам хогийн цэг дээр очиж бүгнэ. Тэнд хүн цөөн, тэглээ ч цагдаа нар эрж ирэхгүй учир нуугдах боломжтой газар гэж сонгоно. Шинэхэн нярайлсан Дуламд хоргодох газар, ходоодондоо хийх хоол олдсонгүй. Хүйтэн жавраас нөмөрлөх, хүүгээ дулаан хонуулах газар ч байсангүй. Харин гөлөгнүүдээ хөхүүлэн хэвтэх зүрх цагаан жингэрийн хэвтэр л энд хамгийн дулаан нөмөр байлаа. Ингээд эх, жингэр хоёр зэрэгцэж, нуруугаа наан хэвтэж шөнийг ардаа хийнэ. Амьтны зөн, амьд байгалийн шүтэлцээгээр нохой, бүсгүй хоёр нэгнээ харцаараа ойлгож байлаа. Хоол унд муутай учир хөх нь ивлэхгүй хүү нь шөнөжингөө уйлна. Аргаа барсан Дулам жингэрийн ивэлсэн хөхөнд хүүгээ ойртуулна. Хүү нь цадтал хооллож бөх гэгч нойрсоход Дулам харамсан гашуудан уйлна. Ингээд өдөр хоногууд өнгөрч 10 гаруй жилийг энд өнгөрөөв. Гэнэт Дуламын бие муудаж бүр хэвтэрт орно. Олон хоног хэлэн дээрээ юм тавиагүй болохоор хацрынх нь яс товойж үнэхээр нүд халтирам болж байгааг хүү нь хараад тэсч чадахгүй байлаа. Дулам нэг сэртэл хүү нь “Ээж ээ, шөл уу” гэсээр уур нь савссан шөл дөхүүлэв. Дулам ямар махаар шөл хийснийг түвэггүй ойлгож буцааж түлхэх гэснээ хүүгийнхээ сэтгэлийг бодоод ууж орхино. Гадаах бороо оромжинд нь дусахад хүү тэр бороог яагаад шорвог байгааг ойлгохгүй байгаагаар өгүүллэг дуусна.

Бас “Бэрх шагай” өгүүллэгт хүүхэд тогтдоггүй айлын тухай өгүүлнэ. Янз бүрийн шалтгаанаар эх үр хагацдаг ч энэ айлын хувьд эрт дээр үеийн л хараалын гайгаар үр нь тогтдоггүй байж. Хүүхэд бурхан тахилыг төнхөж, дээжинд тавьсан идээ будааг зооглож, амттанг нь дуусгаад бурхан шүтээнийг бүр татаж унагавал тэр айлын бүхий л үеийн хараал жатга, удмын барцад арилдаг гэдгийг энэ өгүүллэгт гаргажээ. Хүүхэд өөрөө бурхан байдаг.

С.Баттулгын энэ номонд багтаасан өгүүллэгүүдэд хүмүүсийн сонирхдог, уншихыг хүсдэг сэдэвтэй, үйл явдалтай бүтээлүүд багтжээ. Та ч гэсэн “Улаан урлан”-гаар зочилж зохиолчийн ер бусын ертөнцөөр ороод гараарай.


Categories
мэдээ нийгэм

​“Өдрийн сонин”-д “Бас л нэг баланкан дээрх гарын үсэгт барьцаалагддаг албан тушаал бий болох нь ээ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн онин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Бас л нэг баланкан дээрх гарын үсэгт барьцаалагддаг албан тушаал бий болох нь ээ” хэмээн өгүүлжээ.

Д.Эрдэнэбат: УИХ-ыг нэн даруй тарааж, ээлжит бус сонгууль зарлан явуулна хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

АН-ын дарга С.Эрдэнэ: 60 тэрбум, ЖДҮ гэх хоёр бүлэглэлийг дагаад МАН бүх шатанд хуваагдалтай байгаа хэмээн “Улс төр” нүүрт ярив.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном: Баялаг бүтээж биш, хууль зөрчиж, төрийн өмчийг завшиж хөрөнгөждөг компани байсан бол “МАК” компанид миний хөл гишгэхгүй байх байсан хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьжээ.

Г.Занданшатар: Монгол Улсын хуулийг зөрчиж байгаа бол тусгай зөвшөөрлийг нь цуцална хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Улс төрийн суулт хийж, өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ” хэмээн “Улс төр” нүүрт бичив.

“Дэлхий нийт яагаад аналоги дуугаралтыг таашаах болов” хэмээн “Танин мэдэхүй” нүүрт өгүүлжээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Төрийн банкнаас ямар ч барьцаагүйгээр гадаадын хуулийн этгээд гуравхан цагийн дотор 20 тэрбум төгрөг авсан хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

“ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт шалгагдаж байгаа гишүүдийн нэрсийг Прокурорын байгууллага ил болгожээ” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлэв.

“Ам.долларын өсөлт сүүлийн гурван жилд монголчуудын орлогын 30 хувийг хамжээ” хэмээн “Нийгэм” нүүрт бичжээ.

СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Төр бодлогынхоо алдааг татвар нэмэх замаар засч болохгүй хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьжээ.

Яруу найрагч Б.Баттулга: “Болор цом” яруу найрагч, уншигч хоёрыг уулзуулдаг хамгийн гэгээн наадам гэж боддог хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярилаа.

“Завхан аймагт 2019 онд 47.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ” хэмээн “Завханы мэдээ” нүүрт бичжээ.

Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар: 2019 онд Улиастай суманд 11.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ гэж “Завханы мэдээ” нүүрт ярьсан байна.

Сантмаргаз сумын Засаг дарга М.Өнөржаргал: Өнгөрсөн зун зуншлага сайхан болсон тул малчид тэнүүн сайхан өвөлжиж байна хэмээн “Завханы мэдээ” нүүрт ярилаа.

“Ялархуу зантай хүмүүс ядаргаатай байдаг” хэмээн “Энэ өдөр” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Д.Дорлигжавын гэрт АТГ-аас нэгжлэг хийж, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан бололтой

Image result for дорлигжав

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хууль зүйн сайд, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын гэрт АТГ-аас нэгжлэг хийж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа гэх мэдээлэл гараад байна. Түүнийг дөрвөн сая ам.долларыг “Алтан Дорнод Монгол” компаниас дүүгийнхээ дансанд шилжүүлсэн авсан. Ингэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж, бизнес эрхлэгчдийг дарамталсан хэмээн саяхан “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд мэдэгдсэн юм. Мөн АТГ-аас Д.Дорлигжавын дүү Д.Баатарын гэр, оффист нь нэгжлэг хийн шалгаж байгаа гэх мэдээлэл ч байна.

Categories
мэдээ нийгэм

“Монголын сайхан бичигтэн-2018” уралдааны шилдгүүд шагналаа гардлаа

Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүн бичиг” сонин “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 22 дахь жилдээ зохион байгуулж, дүнгээ гаргажээ. “Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээх, шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон, шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууж үг хэллээ.

Тэрбээр “Улс орны маань тусгаар тогтнолын үндэс нь хүн ард, бичиг соёл, хил хязгаар юм. Үндэсний соёлоо өвлөн авч, улс орныхоо түүх соёлыг уншин судалж, бахархах нь монголчууд бидний эрхэм үүрэг юм. Тийм ч учраас ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаа МОНЦАМЭ агентлаг, “Хүмүн бичиг” сонины хамт олонд, хамтран ажилласан байгууллагынханд, арга хэмжээнд оролцсон эрдэмтэн багш, суралцагчид, азай буурлууддаа талархал илэрхийлье” гэлээ. Мөн Монгол сайхан бичиг соёлоо дэлгэрүүлэх, олон түмний хүртээл болгоход Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд миний бие бүх талаар тусалж дэмжиж хамтран ажиллах болно гэлээ.

Монголын сайхан бичигтэн улсын уралдаан нь 12 дугаар ангийн дөрвөн сурагчид МУИС, МУБИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх олгодог, уралдааны бусад ангиллын зургаан шилдэг оролцогчийг гадаадад аялах эрхээр урамшуулдаг, шагналын сан өндөртэй гэдгийг МОНЦАМЭ агентлагийн захирал Б.Ганчимэг тэмдэглэж байлаа. Уралдаанд оролцогчдын хамрах хүрээ, ур чадвар жилээс жилд нэмэгдэж чанаржиж байна. Үүнийг оролцогчдын бүтээлээс дээжилсэн үзэсгэлэнгээс мэдэрнэ. Энэ хэрээр үндэсний бичиг соёл маань улам өргөн хүрээнд тархан дэлгэрч байгаа болно. Үүнд МОНЦАМЭ агентлагаас 27 дахь жилдээ эрхлэн гаргаж буй “Хүмүн бичиг” сонин ихээхэн үүрэг оролцоотой байсан, цаашид ч байх болно гэдгийг тэрбээр онцоллоо. “Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдаанд нийт 3000 орчим оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

13 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүд давж заалдахаар болжээ

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Очир” төв зочид буудалд 13 настай охин М-ийг хүчээр архи уулгаж, хордуулан, онц хэрцгийгээр хүчирхийлж амийг насыг нь хөнөөсөн этгээдүүд болох Д.Жавхлан, М.Амарболд нарт шүүхээс бүх насаар хорих ял оноосон билээ. Харин Д.Жавхлан, М.Амарболд нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдахаар болсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, 13 настай охины амийг хохироосон этгээдүүдийн хүсэлтийн дагуу давж заалдах шатны шүүх энэ долоо хоногт шилжих байх. Цагаан сарын өмнө эсвэл хойно шүүх хурал болж магадгүй. Шүүх хурлын дараахан талийгаач охины аав Т.Лхагвасүрэн бие нь муудаж СЭМҮТ-д эмчилгээ хийлгэж байгаад гарсан гэв.

Categories
мэдээ нийгэм

Эх барих, эмэгтэйчүүдийн найман эмч Японд сурна

Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар Япон улсад эсэн мэнд амаржихуйд чиглэсэн эмч, эх баригч нарын сургалтад 2014 оноос хойш хамрагдаж буй. Өнгөрсөн жил гэхэд Говь-Алтай, Өвөрхангай аймгийн 35 сумын эмчийг эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр Японд сургасан бол энэ удаад найман эмчийг нэг сарын сургалтад хамруулахаар болжээ. Энэ удаагийн сургалтад Завхан, Дархан-Уул, Хөвсгөл, Увс аймгийн эх барих, эмэгтэйчүүдийн найман эмч багтаж байна. Уг сургалтыг гурван жил дараалан явуулахаар төлөвлөсөн бөгөөд хоёр дахь жилд Өвөрхангай, Ховд, Дорнод аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, ЭХЭМҮТ, Нийслэлийн хоёрдугаар амаржих газрынхан Японд суралцана.