Categories
мэдээ улс-төр

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Дорлигжавыг дүүгийнх нь хамт баривчлан, хорьжээ

Авлигатай тэмцэх газрынхан өчигдөр Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын гэрт нэгжлэг хийсэн. Түүнийг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байх үедээ “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж, 4 сая ам.долларыг авсан гэх хэрэгт буруутган шалгах болсон юм. Улмаар түүнийг дүү Д.Баатарынх нь хамт цагдан хорьсон болохыг эх сурвалж мэдээллээ. Д.Дорлигжав, Д.Баатар нарыг өнөө өглөө 04.00 цагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байна.

“Алтандорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд нь өнгөрсөн сард телевизэд өгсөн ярилцлагадаа, “Ерөнхий прокурор байсан Д.Дорлигжав дөрвөн сая ам.доллар надаас нэхсэн. Дээрх мөнгийг нь Д.Дорлигжавын төрсөн дүү болох Д.Баатарын данс руу шилжүүлмэгц намайг сулласан” гэв.

Харин тэрбээр уг мэдээллийг үгүйсгэж, “Тэр мөнгийг миний дүүгийн данс руу андуурч хийсэн. Дараа нь тэр мөнгөө татсан байна лээ” гэсэн хариултыг өгчээ.

Харин дараа нь Т.Ганболд, “Голомт банкыг дарамталж байгаад андуурч хийсэн гэх тайлбартай бичиг хийлгэсэн” гэж тайлбарлажээ.

АТГ-аас Д.Дорлигжавыг дүүтэй нь дээрх үйлдэлтэй нь холбогдуулан байцаан шийтгэх ажиллагаа эхлүүлсэн гэдгээ мэдэгдсэн.

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг цагдан хорьсон хэдий ч энэ нь түүнийг гэмт хэрэгт буруутай гэсэн үг биш юм. Хуулийн байгууллага тодорхой шалтгааныг үндэслэн шалгаж байна гэж эх сурвалж мэдээлж байна.

Хуульд зааснаар шүүхийн шийдвэргүйгээр 72 цагаас илүү баривчлах боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд багтааж АТГ цагдан хорих саналаа нийслэлийн прокурорт хүргүүлж, прокурорын хүсэлтийг харьяалах шүүхэр хэлэлцэх ёстой. Хэрвээ шүүхээс “Цагдан хорих шаардлагагүй” гэж үзвэл гадуур байцаах бас боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст вирусын эмнэлзүйн онцлог шинжүүд

Categories
мэдээ улс-төр

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

Categories
мэдээ нийгэм

Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж, мэргэжлийн эмч утсаар зөвлөгөө өгч байна

Томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбогдуулан дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд дээрх цагийн хуваарийн дагуу уртасгасан цагаар ажиллаж иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхээр зорьж байна.
Түүнчлэн эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах вэ гэх мэт олон талын зөвлөгөөг мэргэжлийн эмчээс утсаар асууж лавлах бүрэн боломжтой юм.

Categories
мэдээ спорт

23 хүртэлх насны чөлөөт бөхийн Азийн АШТ Улаанбаатарт болно

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлт тавьсан Монголын чөлөөт бөхийн холбоонд албан ёсоор хариу өгч, өөрийн төлөвлөгөөт хуваарьт оруулсан баяртай сайхан мэдээг дуулгалаа. “U-23”-ын анхдугаар Азийн АШТ 2019 оны гуравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Манай улс 1973, 1993, 2001 онд насанд хүрэгчдийн, 2014 онд залуучууд, 2013 онд өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа хүлээж авч байсан түүхтэй.

Categories
мэдээ нийгэм

Их сургуулийн хамт олон болон нийт сонсогчдод талархлын бичиг гардууллаа

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс ХСИС-ийн Цагдаагийн сургууль, Ахлагчийн сургуулийн нийт 700 сонсогч 2018 оны 12 дугаар сарын 25-наас 2019 оны нэгдүгээр сарын 01-ний хооронд хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэсэн.

Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж өндөржүүлсэн бэлэн байдлын үед идэвх санаачилга гарган хамтран ажилласан Их сургуулийн хамт олон болон нийт сонсогчдод талархал гардууллаа.

Мөн ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Ахлагчийн сургуулийн сонсогч Л.Лувсандондог, Ц.Бат-Очир, О.Батзориг, Б.Хулан, Б.Цэндсүрэн, М.Марал-Эрдэнэ, Б.Мөнгөнболор нарт “Баярын бичиг” мөнгөн шагналаар шагнав.

Шинэ жилийн баярын өдрүүдэд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар, гэмт хэргийн дуудлага 54 хувиар, зөрчлийн дуудлага 26 хувиар тус тус буурсан байна.

Үүнээс дээрэмдэх гэмт хэрэг 53 хувь, хулгайлах 73 хувь, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах 50 хувь, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 88 хувь, хүний эрүүл мэндэд хохирол учруулах 65 хувиар тус тус буурчээ.

Categories
мэдээ нийгэм

Гал унтраах тактикийн сургууль хийлээ

НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гал унтраах тактикийн сургуулийг “Mongolian Aviation Fuel” ХХК-ийн байранд зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг дээшлүүлэх зорилгоор гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүнд гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж ашиглах талаар сургалт дадлагыг хийсэн юм.

Дадлага сургуульд Гал түймэр унтраах, аврах 14,30 дугаар ангги болон “Mongolian Aviation Fuel” ХХК-ийн нийт 50 гаруй алба хаагч хамрагдлаа гэж гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

2019 онд тохиох спортын томоохон арга хэмжээнүүдийн хураангуй

Шинээр золгон буй 2019 он бидэнд спортын ямархуу томоохон үйл явдлыг бэлэглэх вэ гэдгийг хураангуйлан толилуулъя.


Нэгдүгээр сард

01.05-02.01 Арабын Нэгдсэн Эмират улсад хөлбөмбөгийн Азийн цомын тэмцээн зохиогдоно. Австрали улс аваргынхаа цолыг хамгаалахын төлөө бэлтгэлээ базааж буй.

01.09-27 хүртэл. Герман, Дани гэсэн улсууд хамтраад эрэгтэйчүүдийн гандболын ДАШТ-ийг зохион байгуулж тоглох ба шилдэг 24 баг нь цуглараад байгаа билээ.

01.14-28 хүртэл. Газррын теннисний шинэ улирал “жинхнээсээ” эхэлж “салхийг нь” Australian Open нээх нь.

01.21-27 хүртэл. Минск (Беларусь) Европын аварга шалгаруулах мөсөн гулгалтын тэмцээн явагдана.

Хоёрдугаар сард

02.04 “Супербоул” хэмээх NFL-ын супер тэмцээн АНУ-г доргиох нь.

02.05-24 хүртэл. Шведэд уулын цанын ДАШТ зохиогдоно.

02.13 Аваргуудын лигийн1/8 финал эхэлж хөлбөмбөг сонирхогчдыг баярлуулна.

02.15-наас эхлээд Лига Европын 1/16 финалын тоглолтууд зохиогдоно.

Гуравдугаар сард

03.02-17. Өвлийн XXIX дэх Универсиад ОХУ-ын Красноярск хотноо зохиогдоно.

03.07-ноос эхлэн Шведийн Эстерсунд хотод биатлоны ДАШТ эхэлж арав хоног үргэлжилнэ.

03.18-24 хүртэл. Мөсөн гулгалтын ДАШТ Токио хотноо (Япон).

03.21-25-ны хооронд Норвегийн Холменколлен хотод биатлоны цомын цуврал тэмцээнүүд үргэлжилж энэ жилийн буутай цаначдын улирал дуусгавар болох нь.

03.22 “Евро-2020”-ын хэсгийн тоглолтууд Европын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд эхлэх нь.

Дөрөвдүгээр сард

04.10 ба 04.17-нд. Хөлбөмбөгийн Аваргуудын лигийн 1/4 финал.

04.12 ба 04.19-нд. Европа лигийн 1/4 финал.

04.30 Аваргуудын лигийн1/2 финалын эхний хосуудын тоглолт.

Тавдугаар сард

05.03 ба 05.10 Европа лигийн хагас шигшээ тоглолтууд.

05.03-19 Ирланд улсад идэрчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ зохиогдоно.

05.08 Аваргуудын лигийн хагас шигшээгийн хариу тоглолтууд.

27.05.27 Парис хотноо Их Дуулгын хоёр дахь тэмцээн болох “Ролан Гаррос” эхэлж шороон хучилттай талбайд теннисчид шилдэгээ шалгаруулна.

29.05. Баку (Азербайджан) хотноо Европа Лигийн финалийн тэмцээн явагдаж энэ жилийн эхний азтан баг тодрох нь.

Зургадугаар сард

Мадрид хотноо зургадугаар сарын эхний өдөр Аваргуудын лигийн финалын тоглолт явагдаж дэлхийг донсолгоно. Уг тэмцээн “Атлетико” багийн эзэмшил болох “Метрополитано” цэнгэдэхэд зохиогдоно.

06.15-7.07.08 Америкийн цом (Бразилид, хөлбөмбөг).

06.15-07.14 Африкийн цом (Камерун улсад, хөлбөмбөг).

Долдугаар сард

Уимблдон Лондон хотноо 07.1-14 хооронд явагдаж зүлгэн хучилттай талбайд теннисчид аваргаа шалгаруулна.

07.12-28 Өмнөд Солонгос улсад усан спортын ДАШТ зохиогдоно.

Наймдугаар сард

08.26-наас эхлэн Нью-Йорк хотноо АНУ-ын газрын теннисний нээлттэй аварга шалгаруулах тэмцээн зохиогдоно.

08.31-нээс БНХАУ-д сагсан бөмбөгийн ДАШТ эхэлнэ.

Есдүгээр сар

28-наас Катар улсад хөнгөн атлетикийн ДАШТ эхэлнэ.

09.07-21. Боксын ДАШТ манай хойд хөршийн Екатеринбург хотод явагдана.

Аравдугаар сард

АНУ-д сагсан бөмбөгийн лиг НБА-гийн шинэ улирал эхэлнэ.

арваННэгдүгээр сар

30-наас эхлэн Японы Кумамото хотноо эмэгтэйчүүдийн гандболын ДАШТ 14 хоног үргэлжлэн наадах нь.

арваНХоёрдугаар сард

Формула-1 автомашины уралдааны улирал дуусна.

Бэлтгэсэн Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Амарзаяа: УИХ-ыг бойкотлон, жагсаал цуглаан хийж ЖДҮ-ийн асуудлыг бүрэн дарахыг оролдож байна

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Хурлын даргад өргөн барилаа. УИХ-ын гишүүдийн олонх Их Хурлын даргыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх асуудлыг уг хуульд тусгажээ. УИХ-ын үйл ажиллагаа гацаанаас гарах, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзсэн байна. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Хууль санаачлах эрх Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газар гэсэн гурван субьектэд байдаг. Хууль санаачлах эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч уг хуулийн төслийг санаачилсан байна. Тэр дундаа нэн яаралтай журмаар батална гэж хугацааг заажээ. УИХ энэ асуудлыг холбогдох хууль дүрмийнх нь дагуу хэлэлцэх ёстой. Монгол Улс бол парламентын засаглалтай орны хувьд УИХ тогтвортой байх нь хамгийн чухал. Мөн УИХ-ын дарга хэн нэгэн нам, улс төрийн захиалгаар бус хуульд заасан таван үндэслэлээр л бүрэн эрхээс нь чөлөөлж болно. Миний хувьд Ерөнхийлөгчийн өргөн барьж буй уг хуулийн төслийг УИХ-ын даргыг хүчээр буулгахын тулд хийж байгаа алхам гэж харж байна. Тэр бүү хэл уг хуулинд гишүүдийн 50+1 гэсэн саналаар огцруулна гэж заасан байгаа юм. Ядаж гуравны хоёр нь байж болно оо доо. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын хэдэн төлөөлөгч нь өөрт нь таалагдахгүй, тендер өгөхгүй, өөрийнх нь хүнийг албан тушаалд тавихгүй бол санал гаргаад л Засаг дарга, хурлын даргаа огцруулдаг. Үүнтэй л агаар нэг болж байна. Дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаанд гэхэд дөрвөн ч дарга сольж байсан тохиолдол бий. Яг ийм тогтворгүй, хувийн эрх ашгаа урьтал болгож хэсэг бүлгээрээ нийлээд эрх мэдэл, албан тушаалын төлөө улайран зүтгэдэг буруу жишиг УИХ руу чиглэж байна. Энэ бол маш том алдаа. Хууль гэдэг өнөөдөр бий болсон зүйл биш. Хуульт төрт ёсны олон жилийн уламжлал гэдэг бол тогтвортой, тасралтгүй зарчимтай байж шинэчлэгдэн хөгжих ёстой. Гэнэтийн шийдвэр болгоныг хуульд тусгана гэдэг хууль өөрөө урт хугацаанд тогтвортой байх механизмаа алдаж буй хэрэг. Ийм ч учраас эцэг хууль болох Үндсэн хуулийн олон зохицуулалттай зөрчилдөж байна гэж дүгнэж байна.

-Нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцруулахаар жагсаал цуглаан хийж буй. Тэдгээр гишүүдэд Ерөнхийлөгчийн өргөн барьсан уг хуулийн төслийг санаачлах эрх бий. Гэсэн ч хууль санаачлахгүй, УИХ-ыг бойкотолсон хэвээр байгаа нь УИХ-ыг хуралдуулахгүй байх сонирхол тэдгээр гишүүдэд байна уу гэх хардлагыг нийгэмд төрүүлж байна. Үүнд таны бодол?

-Үнэн. Чуулганы хуралдааныг хуралдуулахгүй байх сонирхол тэдгээр гишүүдэд байна гэж харж байгаа. Ерөнхийлөгчийн санаачилсан уг хуулийг энэ 38 гишүүн өргөн барих боломжтой байсан. УИХ-ын гишүүн бүр хууль санаачлах эрх нь өөрт нь бий. Ер нь бол чуулганы хуралдааныг хуралдуулахгүй гацааж байгаа энэ үйл явцад гурван ч үндэслэл байгаа нь харагдаж байна. Тухайлбал, УИХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зурсан 38 гишүүний 60-70 хувь ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд байгаа. Тиймдээ ч ЖДҮХС-гийн асуудлыг хэлэлцүүлэхгүйн тулд чуулганы хуралдааныг хуралдахгүй цаг авч байна. Бидний хэдэн гишүүд гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад хүртэл ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлыг шалгуулахад бэлэн байна гэдэг тал дээр хатуу зогсож байгаа.Хоёрдугаарт, чуулганы хуралдаанаар Засгийн газар хуулийн дагуу хийж буй ажлын тайлангаа тайлагнаж үйл ажиллагаа нь нээлттэй байх ёстой. Засгийн газар өөрийн үндсэн үйл ажиллагаа болон түүний тайлагналыг хууль эрх зүйн хүрээнд УИХ-ын гишүүдийн асуулгад хариулах хэлбэрээр, албан бичгээр танилцуулахаас гадна Байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх, УИХ-ын гишүүдийн дунд чөлөөт мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлэх учиртай.Энэ утгаараа ард түмний өмнө ил тод, нээлттэй явагдах ёстой төрийн үйл ажиллагаа гацаанд орж байна. Нөхцөл байдлыг ийм байлгахыг тэд улам ихээр хүсч байна. Гэсэн хэрнээ ард түмэнд нийгмийн сүлжээгээр“УИХ ажиллахгүй, хариуцлага алдаж байна. Үүнд УИХ-ын дарга л буруутай, түүнийг л огцруулчихвал бүх зүйл сайн болно” хэмээн ухуулж байна. Мөн хууль хяналтын байгууллагын бүхий л хууль бус үйл ажиллагааг УИХ-ын даргатай холбон тайлбарлаж, чуулганыг хуралдуулбал ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудлаар хэлмэгдүүлэлт явуулах нь ч гэж ярьж байна. Ингэж ард түмэнд буруу ташаа ойлголт өгч байгаад би маш их харамсаж байгаа. Гэхдээ ард түмэн маань үүнийг ялгаж салгаж ойлгон, энэ ялгаа зарчмыг зөв тунгаан бодно гэдэгт би эргэлзэхгүй байна. Гуравдугаарт, 2020 оны сонгууль дөхөж байгаа учраас улс төрийн үйл ажиллагааг үүн дээр дөрөөлөн явуулж байна. Уг нь энэхүү намрын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль гээд асар олон хуулиудыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Одоо чуулганаа хуралдуулж уг хуулиудаа хэлэлцмээр байна. Энэ бүхнээс дүгнэлт хийж үзвэл төрт хуульт ёсны дээр улс төрийн нам байх уу, эсвэл намын дээр бидний хуульт ёс бүхий төр байх уу гэдэг асуудал урган гарч байгаа юм. Намын Бага хурлаар УИХ-ын даргын асуудлыг хэлэлцдэг болчихсон байна. Уг нь бол Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн асуудлыг, хаанаас хэн томилдогийг заасан байдаг.

-МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас тав хоногийн завсарлага авсан. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд саналаа нэгтгэнэ гэдгийг бүлгийн дарга хэлж байгаа. МАН-ын бүлэг хуралдах уу?

-МАН-ын бүлгийн дарга УИХ дахь 64 гишүүнээ хуралдуулж, тэдгээрээс гарсан шийдвэр олонхын санал авсан тохиолдолд бүлгийн шийдвэр гэж үзэх ёстой. Ойрын үед бүлгийн хурал хийгээгүй. Энэ асуудлаар тав хоногийн завсарлага ч аваагүй. Өнгөрсөн долоо хоногийн хоёр чуулган дээр бүлгийн дарга бүлгээ хуралдуулах асуудал ярьж чуулганы хуралдаан хойшилсон. Энэ зөвхөн бүлгийн даргын шийдвэр ээ.Бид хуулийн дагуу л асуудалд хандах ёстой. Эцсийн аргаа хэрэглэж Ерөнхийлөгчөөр хууль өргөн бариулж байна. Энэ асуудлыг хэлэлцэх тохиолдолд чуулганы хуралдаанд орж ирнэ гэж ярьж байгаа нь дараагийн бойкотын сэдэв болж байна л даа. Хуулийг санаачлах эрх нь байгаа хэдий ч хуульд л захирагдаж, хуулийн шаардлагын дагуу заагдсан шатлал бүрээр явах, хэлэлцэх, батлах, мөрдөх, дахин нэмж сайжруулах ёстой.

-Зөвшилцөх түр хороо байгуулсан гэж байгаа. Уг хороо хуралдаж зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа хэрэг үү?

-Түр хороо ч байгуулагдаагүй шүү дээ. Албажаагүй гэсэн үг. Хоёр талаас дөрөв, дөрвөн гишүүн нийлж уулзахын хувьд уулзсан. Ганц хоёр удаа л уулзсан байх. Гэхдээ бусдын үгийг, асуудлыг сонсох, гишүүдээ хүндэтгэх, цаашид хэрэгжүүлэх гарц гаргалгааг гаргах ямар ч сэтгэл зүй алга байна. Уулзалт бол Засгийн газрыг огцруулах уу, эс огцруулах уу гэдэг асуудал яригдсаны дараа л болсон үйл явдал шүү дээ. Түүнээс хойш нэг ч удаа уулзаагүй байх аа. Янз бүрийн буруу мэдээллийг нийгэмд өгч байна. Ер нь бол УИХ-д олонхыг бүрдүүлсэн манай намын гишүүд эв нэгдлийг сахиж, хамтран асуудлаа ярилцаж, нэгдэн зөвшилцөж, улс орныхоо эрх ашгийг хангах нь бидний томоохон эрх ашиг гэж үзэж байгаа. Нэгдэх нийлэх хэрэгтэй. Үүнийг намын удирдлага л өөрөө хийх ёстой.

-Төрийн гацаанаас хэрхэн гарах вэ. Та бүхэн юу гэж харж байгаа бол?

-УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаандаа орох ёстой. Энэ нь УИХ-д сонгогдсон үүрэг нь байх ёстой. Хууль ч ийм л байгаа. Дэгийн тухай хуулиа сахих хэрэгтэй. Түрүү жил Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хуралдаанаа удаа дараа тасалбал хариуцлага, сахилгын олон асуудлыг мөрдөхөөр хуулийг өөр-чилсөн. Жижиг гэхгүйгээр хариуцлагын тогтолцооны асуудлыг ярих ёстой. Нө-гөө 38 дотор хуралдаа суух гишүүд ч байгаа. 50+1 ирцээ бүрдүүлбэл чуулганы хурал явагдчихна шүү дээ. Гэсэн ч цаана нь асар том ашиг сонирхол, хувь хүний үзэл бодлоо нэн тэргүүнд тавьсан гишүүдийн эрх ашиг ноёлж байна. Өөрөөр хэлбэл тэдний ашиг сонирхол хуулийн дээгүүр байна. Их хүнд буюу хууль бус нөхцөл байдлыг гишүүд өөрсдөө үүсгэж байна.

-МАН-ын Бага хурлаас УИХ-ын даргатай холбоотой тогтоол гарсан. Энэ тогтоол хэрэгжих боломжтой юу?

-МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс төрийн илтгэл дээрээ асуудал тавьсан. Хамгийн сүүлийн хэлсэн үгэндээ УИХ-ын даргыг 60 тэрбумын асуудалтай холбож ёс зүйн хувьд хариуцлага хүлээх ёстой гэсэн. Энэ асуудлаар тогтоол гаргаж Бага хурлын гишүүдийг дэмжих санал санаачилга гаргасан. Тэр нь биелэлээ олж, гишүүд дэмжсэн. Ерөнхий сайдын нэрийг Бага хурлаар дэвшүүлж, УИХ-д оруулж ирдэг. УИХ-ын даргын нэрийг намын ямар ч хурлаар дэвшүүлдэггүй. Намын дүрмэнд ч байхгүй. Намын хурал,намын дүрмийн дагуу л асуудал хэлэлцэх ёстой. Хийх ёстой ажлаа л хийцгээе. Хуулийн дагуу аливаа хэлэлцэх асуудлыг хэлэлцэх газар нь хэлэлцье. Асуудалд хуулийн дагуу л хандъя. Монгол Улсын хууль тогтоогчид, санаачлагчид өөрсдөө хуулиа хэрэгжүүлж ажиллах ёстой. Өөрсдөө чадахгүй байгаа хэрнээ өөр хэн нэгнийг хууль сахиул гэж бид яаж хэлэх билээ. Нөгөө талаас энэ асуудал бол манай тусгаар тогтнолтой туйлын хамааралтай асуудал шүү. Хуулийн дор захирагдаж, хуулийн дор нэгдэж байж л бидний тусгаар тогтнолыг бусад орнууд үнэлнэ, цэгнэнэ, хянана, зөвшөөрнө шүү дээ.

-ЖДҮХС-гаас нэр бүхий албан тушаалтнууд өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад хэрэг үүсгэх хэмжээнд хүрсэн гэдгийг зарим УИХ-ын гишүүд хэлсэн. Энэ тухайд?

-ЖДҮХС-гаас зээл авсан эсэх асуудал бол нотолгоотой, баримттай, хууль зүйн үр дагавартай асуудал. Мэдээлэлд ойр байдаг албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн хууль бус үйлдэл. Хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой үйлдэл мөнөөс мөн. Гэсэн ч УИХ-ыг бойкотлон, жагсаал цуглаан хийж ЖДҮ-гийн асуудлыг бүрэн дарахыг оролдож байна. УИХ-ын даргыг огцруулах эсэх асуудал нь ЖДҮ-ийн энэ асуудалтай салшгүй холбоотой гэж би үзэж байгаа.

Чуулганаар хамгийн сүүлд ХААХҮ-ийн сайдыг томилох асуудлыг ярьж эхэлсэн, мөн алтны татварын асуудлыг хэлэлцэж байсан. Хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн асуудлууд, татварын хуулийн орчны асуудал гээд нийгэмд хүлээгдэж буй олон асуудал бий. Тэгсэн ч бүх зүйлийг гацаасан хэвээр л байна.

-МАН-ыг тарсан нь дээр гэх хүмүүс ч байна л даа…

-МАН-ын Бага хурал бол нам нь төрийн дээр гарах гэсэн үзлийг илэрхийлсэн хурал болсон гэж дүгнэж байгаа.Хурал дээр бүх зүйлийг үнэнээр, хуулийн гаргалгаатай, цаашид юунд хүргэж болох талаар нь хэлж сануулсан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдыг ажлаас нь чөлөөллөө. Бага хурлын үеэр 50 орчим хүмүүс үгээ хэлсэн. Тэдэн дотор хуулийн дагуу хандахыг сануулсан олон журмын нөхөд байсан. Юу ч хэлсэн ойлгохыг хүсэхгүй хүч түрсэн нөхөд ч байв. МАН 2016 оны сонгуулиар олонх болж засаглалын бүх эрхийг авснаар зарим хүмүүс холбогдох томоохон албан тушаалд томилогдсон. Тэд албан тушаалдаа бялуурч, намынхаа маргаашийг харж чадахгүй болтлоо сохорч дээ гэдгийг Бага хурлын үеэр харж суулаа. Манай нам өөрөө хүн бус дарга төвтэй болж, үнэ цэнэтэй,үзэл бодолдоо үнэнч журмын нөхөд ховордож дээ. Энэ бол цаг хугацааны л асуудал. Харамсалтай шийдвэрүүдийг гаргаж байна лээ. Түүнийгээ мэдэхийг ч хүсэхгүй байгаа нь эмгэнэлтэй юм. Хүч түрэн боомилж байгаа нь ч илт байв. Зарим нь 30 минут ярьж байхад нэг хэсэг нь дотоод журамдаа зааснаар таван минут л ярина. Хаалттай хурал гэчихээд өөрсдөд хэрэгтэй мэдээллээ тэр даруй нийгмийн сүлжээгээр дамжуулна. Ийм л хуралд анх удаа л суусан. Намын байр руу ороход л илт байсан л даа. Дүүрэн залуучууд зогсоож сүр хүчийг үзүүлсэн, нэгэн бодлын аймшигтай гэмээр санагдсан. Мэдээж ард түмэн үүнийг тунгааж байгаа. Тийм ч учраас биднийг шинэчлэж, сайжирч, аливаа асуудалд үндэсний, ард түмний эрх ашгийг тусгаж, хамгийн гол нь хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй бол “Тарсан нь дээр дээ” гэсэн нийтлэг үзэл байгаа нь нууц биш юм.