Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой ярилцлаа.
-Төрж өссөн нутаг ус, аав, ээжийн тань талаар ярилцлагаа эхэлье. Та хаана төрсөн, аав ээж, ах дүүгийнхээ тухай ярихгүй юу?
-Би Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт байдаг Аргалын уул хэмээх хайрхан уулын хойд талд Гарамын голын Илийн бууц хэмээх намаржаанд 1933 онд төрсөн юм билээ. Аав минь “Аргалын уулын Алтан Чой” хэмээх цолтой Чойжамц, ээж минь Цэвэгийн Думаа. Тэд олон хүүхэдтэй гэр бүл байсан. Миний дөрвөн ах, нэг эмэгтэй дүү нар минь малчин, багийн дарга, үйлчлэгч, багш, жолооч, боловсон хүчний эрхлэгч зэрэг ажил хийж амьдарсан, хоорондоо эвсэгээрээ гайхагддаг хүмүүс байсан.
-Таныг шаггүй урлагийн авьяастай гэдгийг олон түмэн мэддэг. Нэгэн цагт Эрхүүгийн радио таны дуулсан хоёр ч дууг бичин авч үлдсэн гэдэг. Энэ тухай дурсах уу?
-Сангийн яамны нэр дээр тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж байхдаа хамт суралцаж байсан монголчуудтайгаа оюутнуудын дунд зохиогддог спорт уран сайхны арга хэмжээнд оролцдог байлаа. Оюутан залуучуудын урлагийн наадамд оролцож миний дуулсан монгол орос хоёр дууг Эрхүүгийн радио бичлэг хийгээд Монголд дамжуулсан юм билээ. Азаар Дорноговь аймгийн Зүүнбаянд амьдарч байсан миний ээж, ах дүү нар, найз нөхөд сонссон гэдэг. Тэр үед би тембр сайтай баргил хоолойгоор дуулдаг байсан нь хүмүүст таалагддаг байсан. “Москва орчмын үдэш“ гэдэг дууг оросын Трошин гэдэг дуучин дуулж алдаршуулсан. Тэр хүний дуулахыг сонсоод Ээж минь “Хөөрхий, миний хүүтэй ямар адилхан дуулдаг юм” гэж байж билээ. Хоолойн өвчнөөс болж би дуулж чадахаа больсон. Харамсалтай нь ангинаар хоолой өвчлөхөөс хамгаалах аргыг оройтсон хойно мэдэж авсан. Хүний биед иод дутсанаас болж ангинаар хоолой өвдөгийг анагаах аргыг би олж мэдсэнээ хүмүүст хэлж өгдөг болсон юм.
-Хаана хэдэн онд ямар ямар сургууль дүүргэж байв. Тухайн үеийн боловсролын систем ямар байсан бол?
-Дорноговь аймгийн Баянмөнх гэж нэрлэдэг байсан сумын сургуульд 1942-1946 онд суралцаж бага ангийн боловсролтой болсон. Дараа нь Улаанбаатар хотод Санхүүгийн техникумд 1946-1950 онд суралцаж нягтлан бодогч мэргэжилтэй болж, ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуульд 1954-1958 онд суралцаж санхүүч мэргэжилтэй болсон. Тэр үед манай боловсролын систем ухаалаг байсан гэж боддог. Хамгийн чухал нь бүх хүүхдийг боловсролтой болгодог, ямар мэргэжилтэн бэлтгэх шаардлагатайг төлөвлөж, сургасан хүмүүсээ бүгдийг мэргэжлээр нь ажиллуулдаг систем.байсан. Боловсрол мэргэжил олгох бүх төрлийн сургалт үнэ төлбөргүй, ажил хийдэггүй хүнийг зэмлэдэг, заавал ажилтай болгодог байсан шүү.
-Та ажил амьдралынхаа гарааг хэрхэн эхлүүлж байв. Тухайн үеийн нийгмийн амьдрал, улс төрийн нөхцөл байдал ямар байсан талаар ярихгүй юу?
-Сангийн яамны харьяа Санхүүгийн техникумийг 1950 онд төгсөөд 17 настай хүүхэд Сангийн яаманд санхүүгийн байцаагч гэх албан тушаалтай ажилтан болж байлаа. Мишиг гэдэг ахмад ажилтан намайг дагуулж оёдлын нэг үйлдвэр дээр сар гаруй хугацаанд хийсэн санхүүгийн баримтын шалгалтандаа оролцуулж ажиллуулахдаа нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг яаж бүрдүүлдэг, тэдгээрийг хэрхэн нэгтгэдэг, тайлан тэнцлийг яаж гаргадаг зэргийг зааж өгч билээ. Би тэр сар гаруйн хугацаанд техникумд суралцахдаа анзаараагүй нягтлан бодогчийн хийдэг ажлыг мэдэж авсан. Сангийн яаманд байцаагч, санхүүч, нягтлан бодогчийн албан тушаалд ажилласан 1950-1954 он бол санхүү бүртгэлийн ажлыг амьдралын их сургуулиар суралцсан жилүүд. Тэр үеийн нийгмийн амьдралын хувьд бол ахмадууд нь залуучууд, хүүхдүүдээ амьдрал ажилд сургахын төлөө бүхнийг зориулж байсан үе. залуучууд хүүхдүүд нь ахмад үеэ хүндэтгэж, тэднээсээ суралцахыг эрхэмлэдэг хүмүүжилтэй байсан гайхалтай сайхан үе гэж би хэлнэ. Улс төрийн нөхцөл байдлыг бол төр төвшин, түмэн амгалан байсан үе, сахилга дэг журамтай байсан үе, бүхнийг тэгш байлгах оролдлого хийж байсан социализмын үе гэж хэлж болох байх.
-Та гэр бүлийнхээ хүнтэй анх хэзээ танилцаж байсан бэ?
-Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуульд (одоогийн Байгалийн улсын их сургууль) 1954-1958 онд суралцаж байхдаа ханьтайгаа танилцсан. Миний заяаны хань болсон хүн бол Оросын Холбооны Улсын Алтайн хязгаарын Славгород хотод төрсөн Луценко Вера Степановна. Надтай гэрлээд Содном Вера Степановна болж, 1959 оноос 2011 он хүртэл Монголд амьдарсан бурхан хүн байсан. Сургуулиа төгсөж дипломаа авсан тэр өдөр гэр бүлээ бүртгүүлж байж билээ.
-Сэтгэл байвал хүмүүс хоорондоо ойлголцоод ажиллаад байж болдог гэж та хэлж байсан. Үүнийг жаахан тодруулахгүй юу?
-Манай зарим удирдах нөхөд боловсрол, сэтгэл, даруу түвшин зангийн аль нэг дутуугаас хоорондоо ойлголцож хамт ажиллаж чадахгүй байгааг ажиглаад хэлж байсан санаа. Намайг 1990 он хүртэл ажилласан 14 дахь Ерөнхий сайд гэдэг. Чойбалсан гуай 1952 онд өөд болсноос хойш 32 жилийн хугацаанд Засгийн газраа тэргүүлж байсан Ю.Цэдэнбал гуай, Ж.Батмөнх гуай нарын дараа би 1984 онд томилогдож, 1990 онд огцорч байлаа. Арав хорин жил нэг албан тушаалд ажилласан хугацааг хэтэрсэн урт хугацаа гэж ярьдаг. Ахмад нөхдүүд ариун сэтгэлтэй, улс ард түмний төлөөх үзэл баримтлалдаа үнэнч, эвийг сахиж, ойлголцож чаддаг хүмүүс байсан учраас Засгийн газраа олон жил тогтвортой ажиллуулж байсан болов уу.
Гэтэл 1990 оноос хойш 28 жилд Засгийн газар 15 удаа солигджээ. Хэт богино настай буюу тогтвортой ажиллаж, тогтвортой хөгжлийн асуудлыг шийдэх чадвартай Засгийн газартай байсангүй. Үүний шалтгаан нь төрийн эрх барьж байгаа улс төрийн намуудын удирдлага, тэдний дэвшүүлсэн зарим албан тушаалтны сэтгэл ариун бишийнх. Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх урт хугацааны бодлого төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхэд сэтгэл гаргаж ажилласан Засгийн газар байсангүй нь засаг тогтворгүй байсны гол шалтгаан. Авлига, албан тушаал ашиглалтай холбогдож байдаг, боловсрол хүмүүжил тааруу хүмүүс төрийн албанд очихоор эв нэгдлийг эвдэж, засаг төрийг тогтворгүй болгож, хөгжил дэвшилд саад болдгийг төр засгийн зүгээс онц анхаарах цаг болсон байна. Юуны өмнө төрийн яамдад чадварлаг хүмүүс сонгон авч тогтвортой ажиллуулдаг, тэд нарт тухайн яамны хариуцсан салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлж байх үүргийг хариуцуулдаг болмоор байна. Би яамны бодлого гэж байх ёстой, сайдын бодлого гэж байх ёсгүй гэж боддог.
Иргэдэд үйлчлэх үүрэгтэй төрийн дунд, доод шатны байгууллагад байгаа боловсрол хүмүүжил тааруу албан тушаалтнуудтай иргэд уулзахаас халширдаг боллоо. Иргэнд тус болох сэтгэлгүй, бүдүүлэг харилцаатай хүнд сурталтан нарыг олон нийт үзэн яддаг. Ийм түшмэд төрийг муухай харагдуулж байгааг анхаарахгүй бол болохоо байлаа. “Ариун сэтгэл авралын үндэс“ гэж Дилав хутагт Жамсранжавын хэлсэн үг байдаг. Хүний нөөцийнхөн хүний сэтгэл рүү өнгийж байхад илүүдэхгүй. Боловсролтой, зарим гадаад хэл мэддэг, ном харж байдаг хүмүүсийн ажил амьдралыг ажиглахад ялгаа байна. Нэг нь үйлдвэрлэл эрхэлж, баялаг бүтээж, олсон ашгаа улс орны хөгжилд хэрэгтэй шинэ төслүүдэд зориулж байдаг. Мэдээж хангалуун амьдардаг. Нөгөө нэг нь хувийн амьдралаа эрхэмлэж, валютын арилжаа, төрийн оролцоотой томхон аж ахуйн нэгжүүдийн удирдлага хавьд, өөрөөр хэлбэл, мөнгөний үнэр ханхалдаг газарт хэзээний л оччихсон хялбар аргаар мөнгө олоход мэдлэгээ ашигладаг. Энэ нь тухайн хүний сэтгэл нь ариун эсэхээс хамаарч байгаа юм. Одоогийн нөхцөлд боловсрол чадвартай, улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа ариун сэтгэлтэй баялаг бүтээгч нараа хувиа хичээгчид, бүтэл муутай улс төрчдөөс хамгаалж, тэдний компани, үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг эрхэмлэх нь чухал болж байна.
-Та цэл залуу гучин насандаа Сангийн сайдын албан тушаалд томилогдсон. 55 жилийн өмнөх тэр томилолтын түүх сонин байж болох. Орчин үед танил тал, мөнгөтэй нэг нь өндөр албан тушаалд очиж мөнгө олох оролдлого дэлгэрсэн гэж ярих юм.
-Бавуугийн Лхагвасүрэн нэг удаа “Таны юу нь таалагдаад тэр залуудаа төрийн сайдаар томилогдож байсан бэ“ гэж надаас асууж билээ. Би тэгэхэд “Бэлтгэгдсэн гэж үзэж томилж байсан болов уу“ гэж хариулж байсан. Сангийн сайдын ажлаа надад хүлээлгэж өгсөн Б.Дүгэрсүрэн гуай яагаад өөрийнхөө оронд намайг томилуулж байгааг ярьсан. Тэрээр “Сангийн яам чамайг харьяа Санхүүгийн техникумдаа суралцуулж нягтлан бодогчийн мэргэжилтэй болгоод байцаагч болон нягтлан бодогчоор ажиллуулаад, яамныхаа нэр дээр Эрхүү хотод дээд сургуульд суралцуулж санхүүч мэргэжилтэй болгосон. Дээд сургуульд сурч байхад чинь яамандаа улсын төсвийн реформ хийх тооцоон дээр ЗХУ-ын мэргэжилтэнтэй хамт ажиллуулсан. Эрхүүгээс ирэхэд чинь яамандаа валютын хэлтсийн эрхлэгчээр томилж, гадаад тооцооны асуудлыг хариуцуулж ажиллуулсан. Энэ бүхний үр дүнд чамайг Сангийн сайдын ажлыг хийх бэлтгэлтэй болсон гэж үзэж байгаа юм“ гэж билээ. МАХН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны хуралд намайг томилох асуудал яригдахад би “Сайдын ажлыг хийж чадахгүй байх, би айж байна“ гэж үнэнээ хэлж билээ. Тэгэхэд Ю.Цэдэнбал гуай: “Чи энэ яамны сайдын ажлыг хийж чадна. Чи бэлтгэгдсэн мэргэжилтэн. Сайдын ажил хийх туршлага дутна. Бид нар чамд тусална шүү дээ” гэж хэлээд шийдвэрээ гаргаж байсан. Намайг Сангийн сайдаар зургаан жил ажиллуулаад, Улсын төлөвлөгөөний Комисст шилжүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого төлөвлөгөө боловсруулах ажил хариуцуулсан. 1984 онд Засгийн газрын Ерөнхий сайдын ажилд томилсныг би төрийн боловсон хүчний бодлогын дагуу миний ажил амьдрал урсаж дээ гэж боддог. Орчин үед, Төрийн сайд зэрэг өндөр хариуцлагатай албанд “хүссэн, дурласан” бүхнийг биш, харин мэргэжилтэй, хийх ажил, хүлээх хариуцлагаа бүрэн ухамсарласан хүнийг сонгон томилж, хариуцлага тооцож тогтвортой ажиллуулдаг болох онцгой шаардлага байгаа.
-Улс төрийн өндөр албан тушаалд ажиллахад чухам юуг илүү анхаарах ёстой вэ?
-Улс төрийн өндөр албан тушаал гэдэгт би юуны өмнө Засгийн газрын Ерөнхий сайдын албан тушаалыг хамааруулж бодлоо хэлье. Гүйцэтгэх засаглалыг тэргүүлэгч бол Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг хангаж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлж байх бүх талын арга хэмжээг зөв төлөвлөж, зохион байгуулж ажиллах маш чухал үүрэг хүлээсэн өндөр албан тушаалтан. Ерөнхий сайдын анхаарал төвлөрүүлж ажиллах ёстой гол ажил бол Монгол Улсын хүн ам урт, дунд хугацаанд хэрхэн өсч, амьдралын хэрэгцээ нь тоо чанарын хувьд хэрхэн өөрчлөгдөхийг тооцож, түүнийг хангахад шаардагдах эдийн засаг, нийгмийн арга хэмжээ буюу хөгжлийн бодлого төлөвлөгөөг үндэслэл тооцоотой боловсруулж хэрэгжүүлдэг байх явдал. Улсыг эдийн засгийн хувьд бие даасан, хүчирхэг болгох, үүний тулд өндөр үр ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлж, гадаад худалдаа, улсын төсвийг ашигтай байлгах шаардлагыг хангаж ажиллах ёстой. Улс нийгмийн хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой гол зангилаа асуудлыг зөв тодорхойлж шийддэг чадвартай байхын тулд Ерөнхий сайд өөрөө эдийн засаг санхүүгийн мэдлэг туршлагатай, алив төсөл арга хэмжээний талаарх шийдвэрийг техник эдийн засгийн үндэслэлээр үр ашигтай байх нь баталгаатай болсон нөхцөлд гаргадаг, тэргүүний техник, технологийг судалдаг, хамт олны эвийн хүчийг ашиглах чадвартай байхын чухлыг хэлмээр байна.
-Тэртээ 1989-1990 онд Ардчилсан хувьсгал өрнөж, Улс төрийн товчоог огцруулсан. Эрс өөрчлөлтөд нам төрийн удирдлагад байсан та бүхэн энэ үйл явдалд яаж хандсан, таны ажил амьдралд шууд утгаараа яаж нөлөөлсөн талаар ярихгүй юу. Тухайн үед танаас хууль хяналтын байгууллагынхан дуудаж, байцааж байсан гэдэг…
-Би саяхан “Өлсгөлөн зарлаж, Огцролт болж, Өөрчлөлт эрчимжсэн түүхээс” гэсэн нэртэй ном бичиж хэвлүүлсэн. Тэр номондоо би 1990 оны гуравдугаар сарыг ардчилсан хувьсгалын оргил цаг гэж хэлээд болсон үйл явдлуудыг баримттай, гэрэл зурагтай нь нийтэлсэн. Сүхбаатарын талбайд 1990 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс өлсгөлөн зарлаад байсан С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл болон бусад залуучуудтай би Ерөнхий сайдын хувьд 8-ны өдөр Монгол телевизэд уулзалт хийж, Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэх асуудлыг хэрхэн шийдэх, МАХН-ын үүрэг ролийг өөрчлөх буюу нам ба төрийн ажлыг тусгаарлах, МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоог огцруулах асуудлаар залуучуудын тавьж байсан санал шаардлагыг хэрхэн шийдвэрлэвэл зохистой байх асуудлаар санал солилцсон. Тэр уулзалт харилцан ойлголцохыг эрмэлзсэн, соёлтой хүндэтгэлтэй тайван ярилцлагаар тулгамдсан асуудлыг шийдэх гарцыг хайсан уулзалт болсныг иргэд харсан. Маргааш нь буюу гуравдугаар сарын 9-ний өдөр Ж.Батмөнх дарга телевизээр иргэдэд хандаж хэлсэн үгийг номондоо оруулсан. Тэр орой нь өлсгөлөн зогссоныг, мөн хэд хоногийн дараа болсон МАХН-ын Төв Хорооны Бүгд хурлаас гаргасан шийдвэрийг номонд бичсэн байгаа. Эрс өөрчлөлт, хувьсгалын шаардлагыг нам, улсын тэр үеийн удирдлага зөв гэж үзэж, өөрчлөлтийн асуудлуудыг залуучуудын төлөөлөлтэй хамтарч зөв арга замаар, шийдэж байсан бодит түүхийг дээрх номоос мэдэж болно.
Ардчилсан хувьсгал тайван хувьсгал болсон. Түүнийг санаачлагчид болон нам, төрийн удирдлагын хооронд өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй болсон талаар саналын зөрөө байгаагүй, харин шинэчлэлтийг аажмаар уу, эсвэл эрчимт хурдаар хийх үү гэдгээр саналын зөрүү байсан боловч зөвшилцөж чадсанаар тайван хувьсгалын нөхцөл бүрдсэн гэж боддог. Ардчилсан хувьсгал өрнөж байх үед нам, засгийн удирдлагад олон жил итгэл үнэмшлээрээ шударга, үр бүтээлтэй ажиллаж байсан гавьяа нь үнэлэгдэх ёстой ахмадууд хэсэг хугацаанд хаягдсан. Намын Төв Хорооны Улс төрийн товчооны жинхэнэ болон орлогч гишүүн, намын Төв хорооны нарийн бичгийн дарга байсан хэдэн ахмадууд эрхэлсэн ажилгүй, авдаг цалин орлогогүй, бүх насаараа хуримтлуулах гэж оролдож банкинд хадгалуулсан хэдхэн мянгаар тоологдох төгрөгөө авч ашиглах, гэрийнхээ эд хогшилд ч эзэн байх эрхээ хасуулчихсан байдалтай хоёр жил амьдарцгаасан. Тэд нар маань бид хэлмэгдэж байна гэж хэзээ ч ярьж гомдоллож байсангүй. Харин “Цэдэнбалын тойрон хүрээлэгч” гэж цоллож, өөрсдийг нь байлцуулалгүй Бүгд хурал хийж, намаас хөөх хүртэл арга хэмжээ авч, хэрэг биш хэрэг гэгчээр прокурорт хоёр жил байцаалгаж байсанд нь гомдож явдгаа МАХН-ын шинэ удирдагч нарт хандаж хэлж байсан. Ж.Батмөнх даргын хэлж байсан үг дээрх номонд бий. Өнгөрсөн гуч шахам жилийн хугацаанд тэдгээр ахмадууд маань бараг бүгд гомдлоо тээгээд бурхны оронд одож дээ.
-Таны бахархал юу вэ?
-Надад бахархмаар юм их бий. Зарим зүйлийг хэлье. XIII зуунд монголчуудыг нэгтгэн их гүрэн байгуулж, Ази Европыг холбосноор дэлхийн түүхийг мэндлүүлж байсан Чингис хаанаар бахархдаг. XX зуунд Монгол Улсын тусгаар тогтнолыг хангаж, хоёр их гүрэнтэй улсынхаа хилийг тогтоож чадсан ахмадуудаар бахархна. Би нэгэн жарныг улс орныхоо төлөө, үүнээс 41 жилд нь төрийн байгууллагад тасралтгүй хөдөлмөрлөсөн. Намайг ажил хөдөлмөр, амьдралд сургаж хүмүүжүүлсэн ахмадууд, хамтран ажиллаж байсан үнэнч бүтээлч журмын нөхдөөрөө бахархахгүй байх аргагүй.
Монгол Улсын үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлж байршуулах ерөнхий схем нэртэй эдийн засаг нийгмийн хөгжлийн 1975-1990 оны бодлого төлөвлөгөөг удирдан боловсруулж, хэрэгжүүлэх ажилд оролцсоны үр дүнд дурдсан хугацаанд улсад маань бид бүхний одоо хүртэл үр шимийг нь хүртэж байгаа их бүтээн байгуулалтын ажил хийгдсэнийг бахархаж дурсдаг.
“Монголын Алт” хэмээх хувийн хэвшлийн компанид 2014 оныг хүртэл 19 жил зөвлөхөөр ажилласан юм. “МАК” компани Өмнөговь аймгийн нутагт Монгол Хятадын хилээс 50 орчим км зайд байдаг нүүрсний ордод олборлолт хийж экспортод борлуулсан орлогоор улсын экспортын орлого, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлж, орон нутгийн нийгмийн хэрэгцээг хангахад тус болж, ашгийнхаа чөлөөт хэсгийг Цементийн үйлдвэр барьж импорт хэмнэж, Хийт бетон үйлдвэрлэж, барилгын салбарыг чанартай ханын материалаар хангаж, Аялал жуулчлал, Агаарын тээврийн салбарыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулж байна. Дорноговь аймгийн нутаг дахь гадны компанийн мэдэлд байсан Цагаан суваргын зэсийн ордыг ашиглах зөвшөөрлийг авч геологи хайгуулын дутуу хийгдсэн ажлыг гүйцээн хийж, ашиглалтын техник эдийн засгийн үндэслэлийг олон улсын стандартын дагуу боловсруулж, ордыг ашиглах уурхайн техникийг бүрдүүлж, эрчим хүчний хангалт, мэргэжилтэй ажиллагчдыг бэлтгэх, тэдний амьдрах ажиллах нөхцөлийг хангах зэрэг асуудлыг шийдээд байгаа. Ийм их бүтээн байгуулалт, үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлж, улсынхаа эдийн засаг нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа “МАК” компанийн олон мянган ажилтан ажилчдын хөдөлмөр бүтээлд, тэдний дунд хэсэг хугацаанд ажиллаж байснаараа би бахархаж байдаг.
-Таныг МАК компанид зөвлөхөөр ажиллаж байсныг олон нийт мэддэг. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн хувийн компанийн зөвлөх хийхийг ёс зүйгүй гэж шүүмжилдэг хүн байдаг. Мэдлэг туршлагатай ахмадуудаа ашиглаж, тэдний үгийг сонсож байх нь чухал гэж олонх үздэг л дээ. Таны байр суурь?
-“Монголын Алт” компани шиг улс орны эрх ашгийг эрхэмлэж, үйлдвэрлэл хөгжүүлж, улс орон нутгийн төсөв, валютын нөөц арвижуулж байгаа үндэсний компанид зөвлөж ажиллахыг зөв гэж үздэг. Улс орны хөгжилд дорвитой нөлөө үзүүлэх үйлдвэрлэл эрхлэх чадвартай бизнесмэн олон байдаггүй. Өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийг манлайлж яваа дэлхийд алдаршсан цөөхөн компани, алдар цуутай цөөхөн бизнесмэний нэр дуулдах юм. Тэд нарыгаа төр, засаг нь бүх талаар дэмжиж, алдаршуулж байдаг. Ийм үзэл бодлоор би “МАК” компанид улс орныхоо эрх ашгийг эрхэмлэж ажиллахыг зөвлөж ажиллаж байсан. Харин баялаг бүтээж биш, хууль зөрчиж, төрийн өмчийг завшиж хөрөнгөждөг компани байсан бол “МАК” компанид миний хөл гишгэхгүй байх байсан.
-Ер нь улс эх орны хөгжлийг улстөрчид авч явдаг уу, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, инженер, эрдэмтэд авч явдаг юм уу?
-Аль нэгийг нь гэж туйлширч болохгүй. Боловсролтой, ариун сэтгэлтэй, улс нийгмийг хөгжүүлэх ухаалаг бодлого төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулж чаддаг улстөрчид улс орны хөгжлийг манлайлдаг. Үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, инженерүүд, эрдэмтэд бол улстөрчдийн боловсруулсан хөгжлийн бодлогыг шүүж, зөвийг нь дэмжиж, үр ашигтай арга замаар хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдгийг онцолж хэлмээр байна.
-Монгол Улсын эдийн засгийг уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэсэн салбар авч явна гэдэг. Эдгээр салбарын өгөөж иргэдэд хэрхэн хүрч байх ёстой вэ?
-Чухал сэдэв. Нийгэмд зөв ойлголт өгөх шаардлагатай байгаа. Дурдсан салбаруудын үр ашиг, түүний хуваарилалтаар өөрийн ойлголтыг товч тайлбарлая. Уул уурхайн салбарт, ашигт малтмалын тодорхой орд ашиглах ажлыг тодорхой тооны ажилчидтай аж ахуйн нэгж компани хариуцаж гүйцэтгэдэг. Геологи хайгуулын ажлыг хийж ордын нөөц, түүний чанарыг тодорхойлоод, шаардагдах техник тоног төхөөрөмж, зарах хөрөнгө, үйл ажиллагааны зардлын хэмжээ, орлого, ашиг зэргийг тодорхойлсон техник, эдийн засгийн үндэслэл тооцоог боловсруулаад үр ашигтай нь баталгаатай гэж үзвэл ордыг ашиглах шийдвэр гаргана. Стратегийн ач холбогдолтой гэж үзсэн ашигт малтмалын ордыг ашиглахад төр оролцох эсэхээ шийдвэрлэнэ. Уул уурхайн үйлдвэрүүдийн ашгаас нь хуулиар тогтоосон хувиар татвар хураамжийг улс орон нутгийн төсөвт төвлөрүүлж, улмаар улс нийгмийн хэрэгцээнд зориулан хуваарилж ашигладаг. Хувьцаат компани бол татвар хураамжийг төлсний дараахь ашгийг хувьцаа эзэмшигчдэд хуваадаг. Энэ бол дэлхий даяар хэрэглэдэг журам. Ийм учиртайг мэддэггүй зарим хүн уул уурхайн үйлдвэр эрхэлж байгаа компани, тэдгээрийн эзэд бизнесмэнүүдийг ашигт малтмалын ордыг хувьдаа ашиглаж баяждаг гэж андуурдаг байх. Ард түмний өмч, бүгдэд тэгш хүртээх ёстой гэж хэлээд гурван сая хүнийг орд дээр очиж баялгийг ухаж гаргаад тэгш хувааж авцгаа гэж болохгүй шүү дээ. Харин бүтээлч хөдөлмөр эрхэлж үзээгүй зарим улстөрчид баялаг бүтээгчдэд атаархаж ажилд нь саад хийдэг, уул уурхайн салбарт хөдөлмөрлөж байгаа мэргэжилтэй ажилтан ажилчид, тэдгээрийн гэр бүлийн олон мянган иргэдийн зүй ёсны ашиг сонирхлын эсрэг хүмүүсийг турхирдаг байж хэрхэвч болохгүй.
-Таны ярьсан энэхүү үзэгдэл одооны нийгэмд нэлээд их ажиглагдах боллоо л доо…
-Тийм учраас л үүнийг ярихгүй байж болохгүй байгаа юм. Түрүүн хэлж байсан санаагаа үргэлжлүүлье. Хоёрдугаарт, хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэгч 200 орчим мянган өрх айлын хүн ам 800 шахам мянган хүн бий. Үүний дотор 400 орчим мянган малчид байгаа. Улсын хүн амын дөрөвний нэг хувийг эзэлдэг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс амьдрал нь хамаардаг эдгээр хүмүүсийн ашиг сонирхлын үүднээс энэ салбарын үйлдвэрлэлийн үр ашгийг өсгөх, үүний тулд малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр хөгжүүлэх ажилд анхаарах шаардлагатай. Сүүлийн 28 жилд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл тогтвортой өсч, хэрэгцээнийхээ ихэнх хэсгийг хангах боллоо. Буудайн үйлдвэрлэл өсч байгаа боловч хэрэгцээгээ тогтвортой хангаж байх нөхцөл бүрдүүлэх шаардлагаар услалттай талбайг нэмэх, агро техникийг сайжруулах хэрэгтэй хэвээр байгаа. Малын тоо хэт нэмэгдэж, бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоог өсгөхгүй байх аргаа олох шаардлага бий болоод байна. Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрийг богино хугацаанд эрчимтэй хөгжүүлбэл хөдөө аж ахуйгаас амьдрал нь хамааралтай тэдгээр хүмүүсийн амьдралыг сайжруулах болно. Манай улсын нийт 21 аймгийн 100 суманд мал нядлах, мах боловсруулах үйлдвэр барих санал дэвшүүлдэг. Жилд бойжуулж байгаа 20 орчим сая төлтэй тэнцэх тооны буюу 20 сая малыг зарлагадаж байвал малын тооны бэлчээрийн даацаас хэтэрсэн өсөлтийг тогтоож болно. Малыг үйлдвэрийн аргаар нядалдаг, боловсруулсан махны 50 хувь буюу 10 сая малын боловсруулсан махыг экспортод гаргадаг байвал, үлдэх 10 сая малын мах дотоод хэрэгцээг хангана. Энэ ажлын ач холбогдол нь нэгдүгээрт, малын тооны хэт өсөлт зогсож, бэлчээрийн даац хэтрэл нэмэгдэхгүй. Хоёрдугаарт, малчдаас хэрэгцээнээс илүү малыг газар дээр нь зах зээлийн үнээр худалдаж авах учраас тэдний орлого нь нэмэгдэх бөгөөд мал аж ахуй эрхлэгчид олширно. Гуравдугаарт, цаг агаар хүндэрсэн нөхцөлд мал зүй бусаар хорогдохоос сэргийлнэ. Дөрөвт, махны экспорт түүнээс орох валютын орлого нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Нөгөөтэйгүүр Зүүн, Төв, Баруун бүсэд нийлбэр дүнгээр жилд 20 сая малын арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг сайн техник технологи сонгон авч байгуулах шаардлагатай. Мөн үйлдвэрлэгдэж байгаа бүх ноолуур, ноосыг бүрэн боловсруулж эрэлт их, өндөр чанарын бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг ойрын хугацаанд байгуулах, үүний тулд ноолуур, ноосыг угаах, хялгаснаас цэвэршүүлэх, ээрэх томхон үйлдвэрүүд бариад сүлжих, нэхэх олон тооны жижиг дунд үйлдвэрүүд барих санал тавьдаг нөхдийн зөвлөгөөнийг авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Мах, арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр хөгжүүлснээр Монголын уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэл хөгжлийн шинэ шатанд гарч, эдийн засгийн ихээхэн үр ашиг нь салбартаа ажиллагсдад шууд очно. Монгол өөрийн онцлогтой эдийн засагтай болно. Монголын ард иргэдийн амьдралын хэрэгцээний ихээхэн хэсэг дотоод тогтвортой эх үүсвэрээсээ хангагдана. Түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг хувьцаат компаниуд хэлбэрээр байгуулаад, малчдад хувьцааг эзэмшүүлбэл мал аж ахуй эрхэмлэгчдийн орлого нэмэгдэх, хөдөө аж ахуйн салбар тууштай хөгжих болно.
Манай улсын хөгжлийн тулгуур болсон гурав дахь гол салбар бол аялал жуулчлал. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэхэд анхаарах юм бий. Тухайлбал, жуулчдын ихэнх нь Монголын онгон байгалын үзэсгэлэн, монгол зан заншлыг сонирхож ирдэг. Нөгөө талаас түүхийн дурсгалыг сонирхох, Чингис хааны холбогдолтой газруудыг үзэхээр ирэх жуулчид цөөн байх. Жуулчдын ихэнх дулааны улиралд ирэх магадлалтайг тооцож салбарын хөгжлийн бодлого төлөвлөгөөг боловсруулах нь зүйтэй. Гадаадын жуулчдыг олон тоогоор ирүүлэхийн тулд нисэх онгоцны тарифыг хямд байлгах, жуулчдын явах зам, байрлах газарт цэвэр тохилог бие засах газартай болгох асуудалыг шийдэх хэрэгтэй. Бүх насаараа гадаа хүндэрч үзээгүй гаднын хүнийг яаж үйлчлэхээ бодохгүй байж болохгүй. Аялал жуулчлалыг хөгжүүлснээр төв орон нутагт олон хүн ажиллаж амьдарч байгаа газар дээрээ бага зардлаар орлого олно гэсэн үг шүү дээ.
-Аж ахуйн нэгж компани, үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид рүү дайрч, ор үндэсгүй зүйлээр үйл ажиллагааг нь харлуулах, үүгээрээ өөртөө ашиг хонжоо хайх үйлдэл гаргадаг зарим ойворгон улстөрчийг дахин сонгуулахгүй байхын тулд яах хэрэгтэй вэ?
-Засаг төрийг удирдаж байгаа буюу удирдаж байсан зарим нөхөд улс төрийн тогтворгүй байдлыг өдөөж байгаа. Ялангуяа үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн эсрэг ард олныг турхирах үйл ажиллагаа өдөөж байгаа нь тун харамсалтай. Сүүлийн үед Монголын баялгийг хувьдаа ашиглаж улс ард түмэнд гай болж байгаа 30 гэр бүл байдаг, түүний нэг нь “Монголын Алт” компани гэж ярьж байна. “МАК”-д Д.Содном зөвлөхөөр ажилласан гэж ярихыг ч сонссон. Цаашлаад гай болдог гэх 30 гэр бүлийг тодруулж, хөрөнгийг нь хураах бололтой. Ямар зорилгоор, ямар нөхцөлөөр, ямар хөрөнгө хураах гэж байгаа нь тодорхой болох үед зөв буруугаа ойлгох биз. Тодорхой нэрийн ашигт малтмалын ордыг ашиглах эрх авсан компаниас нь хурааж аваад ашиглахгүй царцаах уу? Эсвэл өөр ямар нэг компанид өгч ашиглуулах бол ямар нөхцөлөөр? Хэрэв төрийн эзэмшлийн компанид өгч ашиглуулах бол шахаа гэдгээсээ хамгаалсан ямар нөхцөлөөр ашиглуулах уу? Уг ордыг ашиглалтад бэлтгэх, ашиглахад зарцуулсан хөрөнгө оруулалтын болон менежмэнтийн зардлыг компанид нь яаж нөхөж өгөх вэ гэх мэт олон асуудалд зөв хариу байх ёстой. Баялаг бүтээж байгаа үндэсний хэдэн компанийнхаа ашиглаж байгаа ашигт малтмалын ордыг хурааж авах яриа өдөөж байгаа улс төрчид гадаад дотоод хөрөнгө оруулагчдыг Монголоос дайжуулах үр дагавар гарахыг бодолцсон байдаг болов уу гэдэгт би их гайхдаг. Орд хураах тухай ярихын оронд хуулийнхаа дагуу ордынх нь ашиглалтад төр зохистой хувиар оролцож, улсынхаа валютын орлого, төсвийн орлогыг нэмэгдүүлэх бодлогоор хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах нь зохистой баймаар. Дахин хэлэхэд би Монголынхоо бүтээн байгуулалтыг эрхэмлэж ажилладаг үндэсний аж ахуйн аль ч нэгж компанид мэдлэг туршлагаасаа хэрэг болох зүйл байвал хуваалцаж байх болно. Баялаг бүтээгчид рүүгээ дайрсан ойворгон улстөрчийг дахин сонгохгүй байхын тулд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, улстөрчдийг иргэд өөрсдөө нэр дэвшүүлж байгаад сонгодог болгох нь зүйтэй. Итгэл даахгүй Улс төрийн намуудаас нэр дэвшүүлсэн хэдэн хүний нэрийг жагсаагаад аль нэгийг нь сонго гэж тулгалт хийж, сонголтгүй сонгууль явуулж байгаа нь ард түмний сонголт биш учраас сонгуулийн журмыг өөрчлөх хэрэгтэй. Улс төрийн намын тулгалтаар гарч ирсэн зарим бүтэлгүй улс төрчийг зааж энэ нөхрийг Та нар л сонгосон шүү гэж, Ямар ард түмэн байна тийм л улс төрч байдаг гэж сонгогчдоор тохуурхдагийг болиулах юм сан.
-Та “Монгол Улсын тусгаар тогтнол баттай байхын үндэс нь ард түмний эв нэгдэл” гэж хэлсэн. Гэтэл өнөөгийн нийгэм бүх шатандаа хуваагдаж талцдаг болж. Ард түмний эв нэгдэлд хортой нөлөөлж байгаа гол субьект нь хэн, гол шалтгаан нь юу байна вэ?
-Өөрийн бодлыг шууд товч хэлье. Дараахь үндсэн шалтгаанаар эв нэгдэл эвдэгдэж байгаа санагддаг. Засгийн эрхийн төлөө өрсөлддөг улс төрийн намууд улсынхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлогоор өрсөлддөггүй, эрх мэдлийг ашиглахын төлөө ичгүүргүй тэмцэлддэг болсон байна. Тэр тэмцлийг манлайлагч нарт нь эв нэгдлийг хангах хүмүүжил, боловсрол, ёс зүй дутаж байна. Энэ бол эв нэгдэлгүй байгаагийн нэг гол шалтгаан. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг гажуудуулж, сахилга хариуцлага дэг журамгүй болсон явдал бас нэг гол шалтгаан. Монголчууд бие биенээ сонсдоггүй, бусдадаа хүндэтгэлтэй хандах хүмүүжилгүй, ухамсаргүй болж байгаа учраас эв нэгдэл эвдэгдэж байна. Энэ нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх аюултай. Ер нь ардчилал, хүний эрх эрх чөлөөг туйлшруулж эмх замбараагүй, тогтворгүй байдлыг бий болгох замаар улс орны нь тусгаар тогтнолыг алдагдуулах алсаас үүдэлтэй бодлогод бид бүгд өөрийн бодолгүйгээс өртөгдөж байгаа болов уу гэж санаа зовдог. Хүн бүхэн үүнийг эргэцүүлж бодох хэрэгтэй.
-Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна. УИХ ажлаа хийх аргагүй болж, Засгийн газар нь тулгамдсан асуудлуудыг шийдэж чадахгүй байгаа ч юм шиг. Энэ “зодоон” сайн зүйлд хүргэх үү?
-Сайнд хүргэх “зодоон” яагаад ч биш. Сар гаруйн өмнө энэ зодоонтой холбогдуулж хэрхэн зохицуулах санаа бодлоор “Ийгл“ телевизэд ярилцлага өгч, түүнийгээ бичиж “Өнөөдөр“ сонинд нийтлүүлсэн. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн гишүүд буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэх төрийн гурван өндөрлөг гэж өргөмжлөгддөг нөхөд төрөө түвшин, түмнээ амгалан байлгах үндсэн үүргээ биелүүлэхгүй, УИХ-аа тараах, Засгийн газраа огцруулах зэрэг шаардлагыг бие биедээ тавьж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэж байгаа нь үндэслэл шалтгаангүй, байж болохгүй, тэвчээд байх асуудал биш гэдгийг хэлээд, У. Хүрэлсүх, М. Энхболд, болон Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нарыг сайн дураараа огцроод эвээ олж, хамтарч ажиллах чадвар сэтгэлтэй хүмүүсийг томилж ажиллуулбал дээр биш үү гэсэн санал хэлж байсан. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, төрийн тогтолцоог боловсронгуй болгох, “Улс төрийн намын тухай” хуульд өөрчлөлт оруулж, намуудын хариуцлагыг өндөржүүлэх, “Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдэд улстөрчдийг шалгаруулж сонгодог эрх өгөх асуудлыг ирэх онд багтаан боловсруулж шийдвэрлүүлээд 2020 онд шинэчилсэн хуулиар төрөө сонгох сонгууль явуулах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч хариуцан хэрэгжүүлэхийг санал болгосон. Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд байлгаж, төр, засгийг тогтвортой ажилладаг, нийгмийг сахилга дэг журамтай болгоход тус болно гэх бодлоор эдгээр саналаа хэлж бичсэн дээ.
-Төрийн тогтолцоог боловсронгуй болгох, парламентыг хоёр танхимтай болгохын ач холбогдлыг жаахан тодотгох уу?
-Ард түмний хяналтад биш, улс төрийн намын захиргаадалд байдаг гишүүд бүхий “Улсын Их Хурал” гэх нэг танхимтай парламент, Давхар дээлтэй буюу УИХ-ын болон Засгийн газрын гишүүнийхээ үүргийг биелүүлж амждаггүй гишүүдтэй, улс нийгмийн хөгжлийн алсыг харсан бодлогогүй Засгийн газартай удаан байж болохгүй нь тодорхой болоод байна. Парламентыг хоёр танхимтай болговол, тухайлбал сум, дүүрэг бүрээс иргэд өөрсдөө нэрийг нь дэвшүүлж байгаад сонгосон гишүүдээс бүрдсэн төрийн эрхийг барих дээд байгууллага – Ардын Их Хурал, түүнээс сонгогдож томилогдсон хууль боловсруулах үүрэгтэй Улсын Бага Хурал байвал засгийн бүх эрх ард түмний мэдэлд ойртоно. Ардын Их Хурлаас Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгож, Шүүх Прокурор, Цэцийг томилдог, Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрыг толгойлж ажиллах үүргийг хариуцуулдаг болох саналыг би дэвшүүлдэг. Зөвхөн энэ нөхцөлд манай төр, засаг ард түмний мэдэлд ойртож төлөвшиж чадахгүй байгаа улс төрийн намууд, тэдний талцсан зодооноос ангид байх болно гэж боддог. Төрийн тогтолцоог ингэж боловсронгуй болговол төрийн ажилд тавих ард олны хяналт сайжрах, ажил хариуцаж асуудал шийдэх эрх үүрэгтэй Ерөнхийлөгч буюу төр улсын нэг гол удирдагчтай болсноор сахилга, дэг журам, хариуцлага өндөржих болно.
-Ардчилал, зах зээлийн эдийн засгийн систем хэр зөв тогтолцоо вэ. Үүнийг монголчууд амьдралдаа хэр зэрэг ашигтай хэрэгжүүлж байгаа вэ?
-Ардчилал, зах зээлийн эдийн засгийн системийг сонгосны зөвд эргэлздэггүй. Харин уг системийг зөв, үр ашигтай хэрэгжүүлж сурах хэрэгтэй байгаа нь амьдралаас харагдаж байна. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэдгийг туйлшруулж, сахилга дэг журам сулруулж анархи байдал газар авснаас амсаж байгаа зовлон бэрхшээлийг би дээр хэлсэн. Энэ алдааг даруй засах боломжтой. Харин зах зээлийн эдийн засгийг төгөлдөржүүлэхэд, ялангуяа иргэд бэлэнчлэх сэтгэлгээг бүрэн орхиж засаг, төрөөс нэхэж шаардахгүй амьдралаа аваад явчих нөхцөлийг нь бүрдүүлж өгөхөд их хугацаа шаардагдах бололтой. Манай цөөн хүнтэй, баялаг ихтэй, боловсролтой иргэдтэй улсад зах зээлийн эдийн засгийн механизмыг зөв ашиглаж чадвал богино хугацаанд түргэн хөгжих боломж байгаа. Миний бодлоор хамгийн чухал бөгөөд дутаж байгаа зүйл бол ухаалаг удирдагч буюу лидертэй болох, сахилга дэг журмыг эрхэмлэх явдал. Сайн лидер бэлэн байхгүй байгаа бол бэлдэх сургах хэрэгтэй. Төрийн эрхийн төлөө зүтгэдэг улс төрийн намууд бүгд нэгдэж сайн удирдагчийн эрэлд гарцгаа гэж уриалмаар байдаг.
-Танд олон асуудал тавьж тодорхой товч, шулуун төлөв хариултууд авсандаа талархлаа илэрхийлье. Эцэст нь нэг түвэгтэй асуудалд тухайлбал, төр, засгийн удирдлагад ажиллаж байгаа болон ажиллаж байсан зарим эрхэм хууль шүүхийн байгууллагыг шударга ёсны эсрэг ажиллаж байна гэж ярих болжээ. Үүнийг та яаж хүлээж авч байгаа вэ?
-Хууль тогтоох байгууллага УИХ-аа тараах, Гүйцэтгэх засаглал Засгийн газраа огцруулах хэрүүл зодоон болж байхад Шүүх засаглалын эсрэг зодооныг өдөөх гэж байгаа бололтой. Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх гэдэг засаглалын гурван баганыг бүгдийг ганхуулах зодоон өдөөж яавч болохгүй. Шүүх Прокурорын байгууллагын ажилд ололт ч, дутагдал ч байгаа байх. Хэрэг шийдэхгүй удааж байна гэсэн шүүмжлэл нь шударга шүүсэнгүй гэхээс илүү сонсогддог. Зарим шүүгч, зарим прокурор шударга шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол тэр хүнтэйгээ ярь, шүүх тогтолцоог бүхэлд нь муу хонгил гэж нэрлээд сүйтгэж болохгүй гэж хэлмээр байна. Та нөхөд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Алтанхуягийн “шударга бусын хонгил“ бий гэж ярьж байгаа юманд яаж хандахыг асууж байна уу. Багануурын уурхайн нүүрсийг 20 мянган төгрөгөөр албадаж аваад 80 мянгаар зарж завсраас нь завшсан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар хүргэнээ томилсон, тэр хүн нь албан тушаалаа ашиглаж хөрөнгө завшсан гэсэн шуугиан байсан. Энэ асуудлыг нь ямар үндэслэлээр хэрхэн шийдсэнийг шүүх хэлж өгөхгүй удаад байвал шүүх засаглалын эсрэг зодоон улам дэвэрч магад. Хонгил гэж байдаг, тэнд нь шүүх байдаг юм бол “шударгын хонгил“ байдаг болгох асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний зөвлөх шийдчихсэн байж болмоор. Төрөө төвшин, түмэн олноо амгалан байлгаасай.