Categories
мэдээ улс-төр

Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийнхэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа танилцуулав.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.2.29 дэх зорилтын 4 дэх хэсэг, УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 68-д Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар заасны дагуу хуулийн төслийг боловсруулжээ.

Инновацийн тухай хуульд инновацийн тогтолцоо, дэд бүтэц, үйл ажиллагаатай холбоотой зарим нэр томьёог агуулгын хувьд дутуу томьёолсныг дахин, зарим нэр томьёог орхигдуулсныг дахин шинээр томьёолон хуулийн төсөлд тусгажээ.

Түүнчлэн инновацийн тэргүүлэх чиглэлийг тодорхой болгох, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу Засгийн газар батлан мөрдүүлж, хэрэгжүүлэх чиг үүргийг тусгасан байна.

Гарааны компаниудын хувьд хуульд заасан хөнгөлөлтийг эдлэхээс гадна, олон нийтээс хөрөнгө босгох, хувьцаагаа хөрөнгийн биржээс гадуур санал болгох боломжийг бий болгох, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх инновацийн грант олгох зэргээр төрийн дэмжлэгийг тодорхой, ойлгомжтой болгох, төрийн оролцооны зохистой түвшинг бий болгох асуудлыг мөн тусгасан байна.

Инновацийн тухай хуулийн 16.1-д заасан “Засгийн газрын тусгай сан, венч хөрөнгө оруулалтын компаниас” бусад дэд бүтцүүдийг сэргээх, гарааны компаний бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт хийхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хамтын оффис, бизнес менежментийн компанийг шинээр нэмж тусгасан аж.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа асуулт асууж, хариулт авсаны дараа төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсов

Дараа нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсов.

Байнгын хорооны тогтоолд заасны дагуу тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан.

Тухайлбал, 2019 оны төсөвт мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төвийн тухайн оны төсвийн зардлын 50 хувийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр баталсан байна. Мөн Үнэлгээний төвийн өөрийн орлого бүрдүүлж, хэвийн үйл ажиллагааг хангахын тулд Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн хурлаар оруулан тогтоол гаргуулахаар бэлтгэж буй аж.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон эх үүсвэр бүхий санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхээр тусган ажиллаж буйг сайд мэдээлэлдээ дурдсан. Боловсролын тухай хуулийн 40.4.4-д политехник коллеж сургалтын төлбөр авах эрх зүйн орчин бүрдсэн тул 2019 оны 01 дүгээр сард зохион байгуулах мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн, үр дүнгийн гэрээ байгуулах уулзалт хийж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас албан мэдээлэл, чиглэл өгөхөөр ажиллаж буйг тэрбээр нэмж хэлсэн.

Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан тус хуулийн 7.1-д дэх хэсэгт “Бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь багшийн хөгжлийн төвтэй байна” гэж заасны дагуу багш бэлтгэх, давтан сургах төв ажиллуулах талаар 85 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага бүрт чиглэл өгсөн байна.

Багшийн хөгжлийг дээшлүүлэх ажлын хүрээнд 2018 оны байдлаар давхардсан тоогоор төрөл бүрийн сургалтад нийт 4000 гаруй багшийг сургалтад хамруулан мэргэжил, ур чадварыг дээшлүүлэн ажилласан хэмээн С.Чинзориг сайд мэдээлсэн. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарыг бэлтгэх, давтан сургах, ажиллах нөхцөл бололцоог сайжруулах зорилгоор “Багш бүрийг компьютержүүлэх” арга хэмжээг авч 2019 оны хагас жилээр нийлүүлсэн байхаар төлөвлөж, нийт хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн ажиллаж буйг тэрбээр дурдсан.

Үүнээс гадна мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын цалингийн урамшуулал таван хувь байсныг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 10 хувь болгон нэмэгдүүлж олгохоор Засгийн газрын тогтоолын төсөлд саналаа өгч, цалингийн урамшуулалд шаардагдах зардлыг 2019 оны төсөвт тусгуулан батлуулсан гэсэн мэдээллийг өглөө.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Ундармаа, М.Оюунчимэг, А.Ундраа, Ё.Баатарбилэг нар асуулт асууж хариулт авсан юм.

2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо

Мөн хуралдаанаар 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонссон юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 36 тэрбум 723.3 сая төгрөгийн төсөвт өртөгтэй /шилжих хөрөнгө оруулалт бүхий/ барилга, тоног төхөөрөмж, их засвар, хөрөнгө оруулалтын 97 төсөл арга хэмжээ хэрэгжихээр Улсын Их Хурлаас баталсан. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд 2018 онд 17 тэрбум 340 сая төгрөг зарцуулахаар төлөвлөгдсөн хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан.

Үүнд: Их засварт нийт 34 арга хэмжээнд 2 тэрбум төгрөг, тоног төхөөрөмж нийт 35 арга хэмжээнд 1 тэрбум 830 сая төгрөг, нийгмийн даатгалын байгууллагуудын барилгын их засвар нийт 13 арга хэмжээнд 1 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалт нийт 24 арга хэмжээнд 12 тэрбум 510 сая төгрөг зарцуулахаар батлагдсан байна.

Эдгээр арга хэмжээнээс нийслэл, дүүргийн Засаг даргад нийт 2 тэрбум 400 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 4 төсөл, арга хэмжээ, аймгийн Засаг дарга нарт нийт 5 тэрбум 67 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 23 төсөл, арга хэмжээ, салбарын харьяа газар, агентлаг, төсвийн төвлөрүүлэн захирагчдад нийт 2 тэрбум 676 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 43 төсөл, арга хэмжээг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт нийт 30 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 төсөл, арга хэмжээг тус тус эрх шилжүүлэн хэрэгжүүлсэн гэлээ.

Мөн яамны хэмжээнд 20 тэрбум 150.3 сая төгрөгийн /2018 онд санхүүжих 7 тэрбум 167.0 сая төгрөг/ 26 төсөл, арга хэмжээний худалдан авалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж хэрэгжилтийг ханган ажиллажээ.

2018 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар хөрөнгө оруулалтын нийт санхүүжилт 97.2 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Өнгөрсөн онд салбарын хэмжээнд газрын асуудал шийдэгдээгүй, зураг төсөвгүй батлагдсан 16 төсөл, арга хэмжээг салбарт хэрэгжсэн нэг маягийн загвар зургаас холболтын зураг төсөв хийлгэж, холбогдох техникийн бичиг баримт, газрын зөвшөөрөл, дэд бүтэцийн холболтын зөвшөөрлүүдийг холбогдох байгууллагуудаар гаргуулан тендер шалгаруулалтыг зохион байгуулж төлөвлөгөөт хугацаанд нь багтаан хэрэгжүүлж ажилласан гэж сайд С.Чинзориг мэдээлсэн юм.

2018 онд боловсролын салбарт 265, соёлын салбарт 50, спортын салбарт 10 төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэдээлэв.

Нийт 73 сургуулийн барилгад 73 тэрбум, 105 цэцэрлэгийн барилгад 72.5 тэрбум, 18 спорт заалын барилгад 11.1 тэрбум, 19 дотуур байрын барилгад 12.4 тэрбум, их, дээд гурван сургуулийн барилгад 8 тэрбум, 29 барилгын их засварт 16.9 тэрбум, тоног төхөөрөмж болоод бусад 14 арга хэмжээний хөрөнгө оруулалтад 14.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Салбарын сайдын мэдээлснээр 2018 онд боловсролын салбарын 53 барилга ашиглалтад орсон бөгөөд үүний 27 нь цэцэрлэг, 12 нь сургууль, долоо нь спорт заал, долоо нь дотуур байр аж. Ирэх онд 278 барилга ашиглалтад орно гэж Ц.Цогзолмаа сайд мэдээлэлдээ дурдсан.

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд Эрүүл мэндийн сайдын багцад нийт 193.3 тэрбум төгрөгийн 63 төсөл, арга хэмжээ хэрэгжихээр батлагдсанаас 60.7 тэрбум төгрөг тусгагдсан хэмээн Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн мэдээлэв.

Он дамжин хэрэгжихээр 2018 онд 105.7 тэрбум төгрөгийн 13 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр батлагдсанаас 2018 онд 22.1 тэрбум төгрөг тусгагдсан гэлээ.

Үүнд он дамжин хэрэгжүүлэхээр 10.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 10 барилга, 12 тэрбум төгрөгийн өртөгтэй гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй гурван төсөл буйг дэд сайд дурдсан.

Шинээр 2018 онд хэрэгжүүлэхээр 87.6 тэрбум төгрөгийн 50 төсөл, арга хэмжээ батлагдсанаас 2018 онд 38.6 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд эдгээр нь 23.6 тэрбум төгрөгийн өртөгтэй 29 шинэ барилга, 4.8 тэрбум төгрөгийн өртөгтэй 10 их засвар, 10.092 тэрбум төгрөгийн өртөгтэй 11 тоног төхөөрөмжийн төсөл арга хэмжээ юм байна. 2018 оны жилийн эцсийн байдлаар санхүүжих 60.7 тэрбум төгрөгөөс 46 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон гэсэн мэдээллийг дэд сайд өгсөн.

Салбарын сайд нарын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр энэ өдрийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний тохиолдол 7.2 хувийг эзэлж, хүүхдийн 695 орыг нэмэлтээр дэлгэлээ

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 07-ны байдлаар, амбулаторийн 57.508 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4136 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 2.2 хувиар их, өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байна.

Нийт өвчлөгсдийн 35.6 хувийг 0-1 нас, 26.8 хувийг 2-4, 14.4 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 3098 дуудлага ирснээс 59.5 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 977 орыг ажиллуулж, нэмэлтээр 695 орыг дэлгэн зохицуулалт хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар, нийт 1672 орон дээр томуу, томуу төст өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна.

Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллах бол, бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагт ажиллахаар боллоо.

Мөн иргэд дүүргийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө өгөх утсаар дамжуулан хүүхдийн мэргэжлийн эмчээс томуу, томуу төст өвчний зөвлөмж, мэдээллийг авах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн А.Ундраа 15 оюутанд тэтгэлэг олгоно

УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор /Ph.D/ А.Ундраагийн санаачилсан “Идэр оюуны ундраа” аяны хүрээнд тэтгэлэгт хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зарлаж, нийт 15 оюутанд олгохоор боллоо.

Өнгөрсөн онд тэрбээр шинжлэх ухаан, боловсролыг дэмжих зорилгоор МУИС-ийн байгалийн шинжлэх ухааны салбарын 10 оюутанд нэрэмжит сургалт, судалгааны тэтгэлгээ олгосон. Харин энэ жил МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар /хими, физик, биологи, математик/-т суралцаж буй 10 оюутнаас гадна ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуульд суралцаж буй 5, нийт 15 оюутан тус бүрт нэг сая төгрөгийн тэтгэлэг олгох юм.

Тэрбээр байгалийн шинжлэх ухаан, мал аж ахуй, биотехнологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад бодит дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихээс гадна оюуны хөдөлмөрийн үнэ цэнэ, оюунлаг залуусын бүтээлч үйл ажиллагааг нийгэмд үнэлүүлэх зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг өргөтгөн үргэлжлүүлж байна. Мөн онолын болон хэрэглээний шинжлэх ухааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инженер бэлтгэх, энтрепренер буюу бүтээлч сэтгэлгээг хөхиүлэн дэмжихэд төр, хувийн сектор, хүмүүнлэгийн байгууллага, сан, хувь хүмүүсийг идэвхтэй оролцохыг уриаллаа.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 7-ны өдрөөс гуравдугаар сарын 1-нийг дуустал явуулах аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.num.edu.mn, МУИС-ийн II байр, 216 тоот, Оюутны хөгжил, үйлчилгээний газар. Утас 7707730-1511, www.muls.edu.mn ХААИС, Мал аж ахуй, биотехнологийн сургууль, 23 тоот өрөө, захирлын туслах ажилтан Утас: 976-75107777-223; 976-11-341924, www.undraa.mn хаягаар орж авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

“ЦЭВЭР АГААРТ – ГЭР БҮЛЭЭРЭЭ” уриалгад нэгдэхийг хүслээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотын ногоон бүс, Горхи-Тэрэлжид амралт, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад хандан “Цэвэр агаарт – Гэр бүлээрээ” хөнгөлөлт урамшууллын аянд нэгдэж Нийслэлчүүддээ бэлэг барихыг уриалж байна.

Тус аян нь энэ өвлийн турш иргэдийг эрүүл, цэнгэг агаарт хөнгөлөлттэй үнээр амрах боломжийг бүрдүүлж өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой юм.Одоогийн байдлаар

·“УБ-2” зочид буудал хоёрдугаар сарын 28-ны өдөр хүртэл бүх өрөө 20 хувь,

·“Чингис Хааны хүрээ Hotel&Resort” Даваагаас Пүрэв гарагуудад бүр гэрүүд 50 хувь,

·“Redrock resort” хоёрдугаар сарын 05-ны өдөр хүртэл бүх өрөө 20 хувь

·“Terelj star resort” гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл Пүрэвээс Ням гараг хүртэл шалны халаалттай Цомцог гэрүүд 24-40 хувь хямдрах бол 2 хоног+1 хоног, 4 хоног+2 хоног, 6 хоног+3 хоног, 8 хоног+4 хоног, 10 хоног+5 хоног үнэгүй амрах эрх зэрэг хөнгөлөлтүүдийг зарлаад байна.

Нийт аж ахуйн нэгжүүд, иргэдээ тус аянд идэвхтэй оролцохыг уриалж байна

Categories
мэдээ спорт

Х.Цагаанбаатар жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 42, эмэгтэйчүүдийн 27, багийн долоо дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ Сэлэнгэ аймагт албан ёсоор эхэлсэн. Өчигдөр хөнгөн жингийн барилдаанууд тун өрсөлдөөнтэй явагдаж дууссан. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -81кг, -90кг, -100кг, +100кг, эмэгтэйчүүдийн -70кг, -78кг, +78кг жингийн барилдаанууд явагдаж өндөрлөлөө.

Олимпийн их наадмын хүрэл, Дэлхийн аваргын алт, хүрэл медальт Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д -90 кг жинд оролцон мөнгөн медаль хүртсэн байна.

Өдгөө 34 настай Х.Цагаанбаатарын хувьд Монгол улсын аваргад нийтдээ найман удаа түрүүлсэн байдаг. Тэрээр хамгийн сүүлд олон улсын дэвжээнээ 2015 оны Астанагийн багийн ДАШТ-д хүрэл медаль хүртэн зодог тайлж буйгаа зарлаж байсан билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Тамгагүй төр” эмгэнэлт драмын жүжиг тоглогдоно

Жүжгийн зохиолыг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, СГЗ Б.Лхагвасүрэн бичжээ.
Ерөнхий найруулагч УГЗ Ч.Найдандорж ажиллажээ. Харин ерөнхий зураачаар СТА Т.Ганхуяг,
хөгжмийн зохиолыг Х.Булган бичсэн байна.

Гол дүрүүдэд: Арчуг хаан: МУГЖ Б.Жаргалсайхан
Эгэрэг өрлөг: АЖ П.Цэрэндагва
Цэцэр хатан: СТА Б.Нармандах
Гүргэл хатан: СТА М.Тогтохжаргал

Тоглогдох хуваарь: 2019 оны нэгдүгээр сарын 18-нд 19:00 цагт, 19.20-нд 18:00 цагт

Тасалбарын үнэ: 10,000₮, 15,000₮, 20,000₮, 25,000₮ (суудлын зэрэглэлтэй) юм байна.

Categories
энтертаймент-ертөнц

“Aquaman” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлж байна

“Aguaman” кино нь нээлтээ хийснээсээ хойш Хойд Америкийн кино театруудаас нийт 260 орчим сая ам.долларын ашиг орлого олсон бол дэлхий даяарх орлогын хэмжээ 640 сая ам.долларын ашиг олжээ. Мөн “Aquaman” кино нь супер баатрын тухай кинонууд дундаас хамгийн их ашиг орлого олсон киногоор шалгарчээ.

Түүнчлэн “Aquaman” кино Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг гурав дахь долоо хоногтоо тэргүүлж байна.

“Aquaman” киног АНУ-ын “Warner Bros.” Компанийн чадварлаг уран бүтээлчид бүтээсэн аж.

Уг киног бүтээхэд 200 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт зарцуулжээ. Aquaman киноны гол дүрд жүжигчин Жэйсон Момоа тоглосон юм. Тэрээр 1979 оны 08 дугаар сард Хавайд төрсөн байна. Жүжигчин Жэйсон Моамо 20 орчим наснаасаа загвар өмсөгч, жүжигчнээр ажиллаж байжээ. Тухайн үед түүний карьер тийм ч өндөр байсангүй. Гэхдээ хүн хүссэн зүйлдээ тууштай байж чадах юм бол амжилтанд хүрдэгийн тод жишээ бол Жэйсон Моамо юм. Учир нь тэр харьцангуй хожуу буюу 40 дөхсөн насандаа алдар нэрд хүрсэн нь энэ юм. Жэйсон Момоаг бодит амьдрал дээрээ ч aquaman гэж хэлж болно. Учир нь тэрээр өсвөр насандаа хамгийн залуу аврагч хийж байжээ.


Categories
гадаад мэдээ

UFC-гийн тулаанч бүсгүйг дээрэмдэх гэж байгаад зодуулжээ

Бразилын Рио-де-Жанейро хотын гудамжнаа такси хүлээн зогссон нэгэн бүсгүйг гэмт этгээд хуурамч буугаар сүрдүүлэн дээрэмдэх гээд өөрөө зодуулж, Цагдаагийн хэсэгт хүргэгджээ.

Гэмт этгээдийн дээрэмдэхийг завдсан бүсгүй нь UFC-гийн тулаанч Поляна Виана байж таарсан аж. Энэ тухай Поляна Виана “Эхлээд тэр надаас цаг хэд болж байгааг асуусан юм. Би хариулсан. Гэтэл дэргэдээс холдохгүй, буу шиг зүйл биед тулгаад гар утсаа өгөхийг шаардсан. Тэгэхээр нь би түүнийг хэд хэд цохиод, гарыг ард нь өчөөд, цагдаад өгсөн” гэж ярьжээ. Цагдаа нар ирээд гэмт этгээдийг эхлээд эмнэлэгт хүргэж анхан шатны тусламж үзүүлээд дараа нь хэсэг рүүгээ аваачжээ. UFC-гийн ерөнхийлөгч Дан Уайт болсон явдлын талаар мөн дурсаад авчээ. “UFC-гийн тулаанч бүсгүйг дээрэмдэх гэдэг мөн ч тэнэг санаа шүү” гэж бичээд зургийг нь сошиалд оруулсан байна. Поляна Виана UFC-гийн октагонд 10 тулаанд өрсөлдөгчөө ялж, хоёр ялагдсан тамирчин аж.

UFC-ийн тамирчин бүсгүйг дээрэмдэхийг оролдоод зодуулжээ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлэв

УИХ-ын ээлжит сонгууль дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө 60 хувийг биелүүлээгүй намыг дараагийн сонгуульд оролцуулахгүй байх хуулийн төсөл боловсруулах хүсэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлэх талаар өнөөдөр Үнэн ба Зөв намын удирдлагууд мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр тус намын дарга А.Отгонбаатар, “Засгийн эрх барьж буй МАН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө огт хэрэгжүүлээгүй. Түүнчлэн тус намын хагарлаас үүдэлтэйгээр төрийн ажил гацаж байна. Үүнтэй зэрэгцээд АН УИХ-ын ээлжит бус сонгууль зохион байгуулах асуудлыг хөндөх болсон. Ээлжит бус сонгууль зохион байгуулсан тохиолдолд АН ялах магадлал өндөр. Гэтэл АН 2012 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө мөн л хэрэгжүүлээгүй. Тиймээс мөрийн хөтөлбөрийнхөө 60 хувийг хэрэгжүүлээгүй намыг дараагийн сонгуульд оролцуулахгүй байх хуулийн төсөл санаачлах хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргэж байгаа юм. Хуулийн төслийг баталсан тохиолдолд Монгол төрд ёс зүй, хариуцлага тогтох болно” гэлээ

Categories
мэдээ нийгэм

Мөнгөн аяга хулгайд алдсан хохирогчийг хайж байна

Урт цагааны гудамжинд байрладаг дархан болон алт мөнгөний ченжүүд олон тооны мөнгөн аяга болон мөнгөн аяганаас хуулсан металыг үл бүтэх хүмүүсээс тогтмол худалдаж авч байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид эл дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад гарал үүсэл тодорхойгүй мөнгөн аяга эд зүйлсийг явуулын хүнээс худалдаж авсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Тухайлбал, хурааж авсан эд зүйлс дунд “Хилийн цэргийн 0225 дугаар ангийн хамт олноос дурсгав”, “113 дугаар цэцэрлэгийн 30 жилийн ойгоор дурсгав”, “Хоёр дүүдээ аз жаргал эрүүл энхийг хүсье. Д.Мягмарсүрэнгийн гэр бүлээс” гэсэн . Тиймээс