Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төслийн менежер Б.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Нүүрснээс хий гаргах төсөл хэрэгжүүлэх болсон шалтгаанаас ярилцлагаа эхэлье?
-Манай улсын нүүрсний тогтоогдсон нөөц нь 160 тэрбум тонн. Ашиглалтын нөөц гэвэл арай багасна. Нийт нөөцийн ихэнх буюу 90 хувь нь эрчим хүчний хүрэн нүүрс. Хүрэн нүүрсийг цахилгаан станц, айл өрхүүд ашиглаж байна. Их хэмжээний хүрэн нүүрсээ ашиглах хоёр л арга байна. Нэг бол эрчим хүч үйлдвэрлэх. Эсвэл хийжүүлэх, шингэрүүлэх. Дэлхий тэр чигээрээ нүүрснээс татгалзаж эхэлсэн энэ үед үүнээс өөр зам байхгүй. 2015 оны Парисийн хэлэлцээр, Европын эдийн засаг хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын гаргасан зөвлөмжийг харахад олон улсын банк санхүүгийн байгууллагууд нүүрсний цахилгаан станцуудыг санхүүжүүлэхээ больж байгаа. Тавдугаар цахилгаан станц зогссон нь ийм шалтгаантай. Супер юм уу, ультра супер критикал гэсэн технологи ашиглах тохиолдолд л санхүүжүүлнэ гэсэн босго тавьчихсан. Тэр технологийг ашиглана гэвэл хамгийн бага блок нь 300 байх жишээний. Манайд хэрэглээ бага учраас хамаагүй том хэмжээ. Тэгэхээр нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх гэсэн хоёр л хувилбар бидэнд байна.
-Танай төсөл хэзээнээс яригдаж эхэлсэн бэ. Өмнө нь ҮАБЗ-өөр хэлэлцээд буцаж байсан төсөл мөн үү?
-Хөрөнгө оруулалтын гэрээ зурахын өмнөхөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж “Хэтэрхий том” гэсэн үндэслэлээр цуцлагдсан түүх бий. Манай төслийн хувьд анх 2013 оноос хойш ямар нэг хэмжээнд яригдсаар өнөөг хүрсэн. Тэр үедээ маш том төсөл байсан л даа. 16 тэрбум метр куб хий үйлдвэрлэж Хятадын зах зээл дээр гаргаж хий экспортлогч орон болох зорилготой эхэлсэн юм. ҮАБЗ-өөс буцсанаас хойш 2016 онд ахиж сэргээсэн. Тэгэхдээ моделийг нь бага зэрэг өөрчилсөн ТЭЗҮ хийсэн юм. Дэлхийн банкны санхүүжилтээр МИНИС төслийн хүрээнд ТЭЗҮ боловсруулж, өнгөрсөн оны тавдугаар сард УУХҮЯ-ны Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөлөөр батлуулсан. Одоогоор яамны архивт хүлээгээд авчихсан байгаа. Дараагийн хийх ажил гэвэл Байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээ. Энэ хоёр бичиг баримтыг боловсруулж батлуулсны эцэст банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт авах боломж нээгдэнэ.
-Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх ажлаа эхэлсэн үү?
-Хийгээд эхэлчихсэн. Ирэх оны эхний улиралд дуусчих байх.
-Жилдээ хичнээн хэмжээний хий үйлдвэрлэх чадалтай үйлдвэр барихаар төлөвлөж байгаа вэ?
-Манай төсөл жилд 725 сая метр куб хий үйлдвэрлэх хүчин чадалтай. Улаанбаатар хотыг тэр чигт нь хийгээр хангана. Энэ бол 2030 оны өсөн нэмэгдэх хэрэглээнд тулгуурлаж гаргасан тоо.
-Хийнээс гадна шатахуун үйлдвэрлэнэ гэв үү?
-Тэгнэ. Манай улсын айл өрхүүд сэрүүний улиралд л нүүрс түлдэг. Тэр үедээ хий хэрэглээд, бусад үед нь хэрэглээ байхгүй болчихдог онцлогтой. Бусад цагт нь үйлдвэр сул зогсолт хийвэл үр өгөөж нь хумигдана. Тиймээс дулааны улиралд өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж л ашигтай ажиллана. Хийжүүлсэн нүүрсээ метанол болгож шингэрүүлээд бензин үйлдвэрлэх блок барих төлөвлөгөө гаргаад байна. 326 мянган тонн бензин үйлдвэрлэнэ гэсэн тооцоо бий. Манай улсын бензиний нийт хэрэглээ л дээ.
-Улсын хэрэглээг хангана гэхээр багагүй хэмжээний бензин үйлдвэрлэх нь. Үнэ өртөг нь хэр байх вэ, зах зээлийнхээ багтаамж хэрэгцээг тооцож үзсэн үү?
-Үнэтэй бензин гарна. Нэг тонн нь 830 гаруй ам.доллараар гарах юм. Өнөөдөр бид нэг тонн бензинийг 780, 790 хавьцаа авч байгаа болов уу. Үнэтэй учраас Монголын зах зээлд борлогдоход хэцүү. Экспортод гаргана гэж төлөвлөсөн.
-Хаашаа экспортлох вэ?
-Хүнд металлын хольцгүй цэвэр бензин гардаг учраас эрэлттэй. Хятадын Бээжин, Шанхай гэх мэт том хотуудад зөвхөн ийм бензин хэрэглэх стандарт тавьдаг. Утаа бага гардаг, шаталт сайтай, хүнд металлын орц байхгүй шатахуун хэрэглэхийг шаарддаг. Гэтэл манайд хэрэглэдэг бензин өөр. Хар тугалга шатааж байгаа гээд ойлгочихож болно. Бидний хувьд үйлдвэрлэсэн бензинээ Хятад руу экспортолно. 320 мянган тонн бензин бол Бээжин хотын долоохон хоногийн хэрэглээ.
-Нүүрс хийжүүлэхээр дагалдах зүйлс гэж гарах байх…?
-Тэгнэ, жишээ нь синтетик хий гэж гарна. Бүх хуванцар болон карбон материалын түүхий эд болдог. Өөрөөр хэлбэл дагаад химийн үйлдвэрлэл хөгжих боломжтой. Нүүрс шороо, үнс боллоо гэж байна. 160 тэрбум тонн нүүрсийг хий болгож гадагш экспортлох боломж байгаа нь энэ төслийн маш том давуу тал.
-Төсөл хэрэгжүүлэгчид нь ямар газрууд байна?
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан төсөл. Нүүрс хийжүүлэх үйлдвэр байгуулна гээд заагаад өгчихсөн. Тэр дагуу төслийн нэгж байгуулагдсан. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны нэгж болоод ажиллаж байна. Аж ахуйн нэгж болж байж компаниудтай яриа хэлээ үүсгэх ёстой. Тодруулж хэлбэл бидний ажлын дараагийн шат бол төрийн өмчит компани байгуулах. Тэгээд хөрөнгө оруулагчидтайгаа ярьж эхэлнэ. Одоогоор хөрөнгө оруулагчидтай урьдчилсан байдлаар харилцаж байна. Хятадад үйлдвэрлэж буй бензин, байгалийн хийн экспорт импортыг хариуцдаг том компани болох CNPC-тэй хамтрах бодол бий. Байгалийн хийг импортлох онцгой эрхтэй компани юм. Бидэнтэй хамтрах сонирхлоо илэрхийлсэн. Яамнаас маш сайн дэмжиж байгаа төсөл.
-Нүүрс хийжүүлэх үйлдвэр хэзээнээс ажил болох вэ, багцаа таамаг байна уу?
-Бичиг цаасны хувьд шахаж ажиллалаа гэхэд жилийн ажил байна. Дараа нь санхүүжилт босгоно. 2019 оны сүүл, 2020 оны эхээр бүтээн байгуулалт нь эхлээд явчих болов уу гэсэн таамаг төсөөлөл байна.
-Аль орд дээр түшиглэж байгуулах вэ?
-Багануур, Тэвшийн говь, Эрдэнэцогтын уурхай, Шивээ-Овоогийн нүүрсийг судалж үзсэн. Багануур хавь асар их нөөцтэй. Тэнд Нялга Чойрын гээд том бассейн бий. Багануураас урагш Цайдам, Бөөрөлжүүт, Төгрөг нуур, цаашаа Шивээ-Овоо хүртэл том бассейн байдаг. Дэд бүтэц, усны нөөцөө бодсон ч энэ хэсэг илүү тохирч байгаа.
-Хөрөнгө оруулалтын хэмжээ нь?
-ТЭЗҮ-д тооцоолсноор 2.5 тэрбум ам.доллар. Үйлдвэр, Улаанбаатар хот хүртэлх газар доогуур явах шугам хоолойн зардал өртөг багтаж байгаа.
-Хийн хоолойг Багануураас Улаанбаатар хүртэл татна гэсэн үг үү?
-Тэгнэ. Бид жил гаруйн хугацаанд Улаанбаатар хотын бүх гэр хорооллоор явж судалгаа хийсэн. Хийн хоолойг Багануураас нааш Богд уулын урдуур татах юм. Баруун талын цэг нь авто худалдааны төв хүрнэ. Хийгээр хангах гол бааз нь тэнд байна гэсэн үг. Нөгөө бааз нь Налайхаар орж ирээд хотын зүүн талд байх юм. Өөрөөр хэлбэл нийслэл рүү түгээх сүлжээ ингэж орж ирнэ. Түгээх сүлжээг хаагуур яаж тавихыг Улаанбаатар хотын газрын албатай ярилцаж эхэлсэн. Эхний ээлжинд ерөнхий төлөвлөгөөнд тусгах ажил хийгдэнэ. Энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа хийхээр болж тендер зарлаад байна.
-Нүүрснээс байгалийн хий, бензин гаргах төсөлд санхүүжилт татах боломж хэр байна вэ?
-Дэлхийн банк, ОУСК зэрэг байгууллага нүүрс хэрэглэх төслийг санхүүжүүлэхээс татгалзсан талаар би ярианыхаа эхэнд дурдсан. Америкийн Эксим, ЕСБХБ зэрэг байгууллагууд ч ийм зарчимтай ажиллаж байгаа. Тэдний хувьд нүүрс хийжүүлэх төслийг дэмжинэ гэж байна. Эко төсөл учраас тэр л дээ. Энэ өнцгөөс нь харвал нүүрс хийжүүлэх үйлдвэрийн төслийг гадны аль ч банк дэмжих боломжтой. Хамтрах тал маань зээл, санхүүжилт босгоход асуудалгүй гэсэн байр суурь илэрхийлсэн.
-Өртөг ашгаа нөхөх хугацаагаа хэдэн жилээр төлөвлөсөн бэ?
-Наймаас арван жилд өртгөө нөхнө. Ашиглалтын хугацааны хувьд 30 буюу түүнээс дээш жил гэж ойлгож болно. Улсад жилдээ 70 гаруй сая ам.долларын татвар төлнө.
-Хүний нөөцийн хувьд мэргэжилтэн, ажилтнаа сургаж авах асуудал гарч ирэх байх…?
-Нүүрс хийжүүлэх үйлдвэрт 600 орчим хүн ажиллах тооцоо гарсан. Маш том үйлдвэр боловч ихэнх нь автомат удирдлагатай. Дамжуулах, түгээх сүлжээнүүдэд ажиллах хүмүүсийг нэмбэл нийтдээ 1000 гаруй ажлын байр шинээр бий болно. Бүтээн байгуулалтад давхардсан тоогоор 10 мянга орчим хүн ажиллана. Хүний нөөц бэлдэх чиглэлээр ажиллаад эхэлчихсэн. ШУТИС гэх мэт дотоодын хэдэн сургуультай хүний нөөц бэлдэх асуудлаар санамж бичиг байгуулсан. Төслийн ажил урагшилбал хүнээ сургаад эхэлнэ. Хөрөнгө оруулагч тал яг технологийн талын хичээлийг үйлдвэртээ, өөрсдийнхөө хамтардаг сургуульд заана. Өөрөөр хэлбэл урд хөршид хүмүүсээ сургана гэсэн үг.
-Үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний үнэ өртөг зах зээлийн өнөөгийн ханшаас хэр байх бол?
-Бидний үйлдвэрлэх хийний хувьд арай өөр төрлийнх. Өнөөдөр ахуйн хэрэглээнд ашиглаж байгаа нь бутан хий. Та бид хоёрын яриад байгаа хийний хувьд байгалийн хий гэсэн категорит ордог. Үнэ өртгийн тухайд ерөнхийдөө ойролцоо. Гэр хорооллын айлуудыг хангах үнэ тариф маань өөр. Нэг айл дулаан өвөлжихийн тулд гурван тонн орчим нүүрс хэрэглэдэг. Гурван тонн нүүрсэнд хичнээн төгрөг зарцуулдагийг нь тооцсоны үндсэн дээр үйлдвэрлэсэн хийнийхээ тарифыг гаргаж ирнэ гэж төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл нүүрснээс хийн хэрэглээнд шилжлээ гээд айл өрхөөс гарах зардал нэмэгдэхгүй. Харин ч бүр агаар, хөрсний бохирдлоо шийдэх сайн талтай.
-Бензинээс өөр ямар бүтээгдэхүүн гарах вэ?
-Амоны бордоо гэж гарна. Амоны бордоо гэхэд л 30 гаруй мянган тонн гарах юм. Манай улс импортоор 50 орчим мянган тонныг авдаг. Тэр хэрэгцээг хангах боломжтой. Дайвар бүтээгдэхүүн учраас эхний ээлжинд үнэгүй нийлүүлэхэд асуудалгүй.
-Хийгээ урагшаа экспортлох боломж бий юу?
-Хоёрдугаар ээлжинд чадлыг нь томсгоод урагшаа экспортлох боломж бий. Хилийн цаана Бугатын хоолой явж байгаа. Төв Ази руу явж байгаа хоолой. Тус бүр нь 30 тэрбум метр куб хий дамжуулах чадалтай гурван хоолой бий. Дөрөв дэх хоолойгоо бариад эхэлчихсэн. Ирэх оны сүүлээр ашиглалтад оруулна. Өөрөөр хэлбэл Төв Азиас 120 тэрбум метр куб хий авч байгаа гэсэн үг. 30 тэрбум гэдгийг жаахан тодруулъя. Гурван хоолойны нэг нь гэхэд л манай зүүн талаар явж буй Сило Сибирь гэж том төслийн хэмжээний. Гэтэл манай үйлдвэрлэх хэмжээ тэрбум хүрэхгүй шахуу. Ийм аварга том хоолой манай урдуур, 280 гаруйхан км-ийн цаана байна. Цаана нь хийгээр үргэлж ангаж байдаг аварга зах зээл бий. Хятад улс 2025 он гэхэд 529 тэрбум метр куб хий хэрэглэх тооцоо гарчихсан. Дотоодын үйлдвэрлэл нь 317 тэрбум метр куб. Импортоор 210 тэрбумыг авдаг. Дотоодын үйлдвэрлэл болох 317 тэрбумынхаа 90 гаруй тэрбумыг нь нүүрснээс гаргаж авдаг. Хятадын технологийг сонирхож байгаа нь учиртай. Урд хөрш нүүрс химийн технологийг өндөр хэмжээнд хөгжүүлсэн улс. Эхлээд Багануурт хэрэгжүүлээд, боломж олдвол Шивээ-Овоо, Таван толгой гээд цаашлах бүрэн бололцоо бий.