Categories
мэдээ нийгэм

ОБГ-ын дарга нарын хэрэг шүүхэд шилжжээ

Онцгой байдлын албаны удирдах албан тушаалтнуудтай холбоотой, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэргүүдийг АТГ-аас шалгасан билээ. Уг хэрэг прокурорын шатанд хянагдаж дуусаад шүүхэд шилжсэн аж. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Б нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад прокурорын хяналтад шилжүүлжээ. Тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ээлжийн амралтаараа БНСУ руу явсан алба хаагчдад ээлжийн амралтын үндсэн хоног дээр нэмж чөлөө олгоод зогсохгүй, чөлөөтэй байсан алба хаагчдыг ажилласан мэтээр цалинг нь бодуулж, хандив хэлбэрээр түүнийгээ буцаан авч, хувьдаа завшиж байсныг мөрдөн байцаалтаар тогтоожээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад айлчилна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 12-15-нд Япон улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлалаар ямар асуудлуудыг шийдвэрлэхийг ажлын албанаас нь өгөөгүй байгаа ч Японы хэвлэлүүд энэ талаар мэдээлээд эхэлжээ. Тухайлбал, Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг ярилцана хэмээн Киото онцолсон байна. Тус хэвлэлд өнгөрсөн сард Улаанбаатар хотноо уулзсан Японы тагнуулын ажилтнууд болон Хойд Солонгосын албаныхны уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн талаар бичжээ. Хэрэв У.Хүрэлсүх, Шинзо Абэ нарын уулзалт төлөвлөсөн ёсоор болбол хулгайлагдсан иргэдийн асуудлыг ярилцана гэж тус хэвлэлд бичсэн байна. Мөн хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинд хэд, хэдэн асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Categories
мэдээ нийгэм

Хүн ам, барилгажилтын нягтралыг хориглох бүс тогтоолоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2016 онд ажлаа авсан даруйдаа Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргасан. Энэхүү захирамж хэрэгжсэнээр нийтийн эзэмшлийн талбайд болон сургууль, цэцэрлэгийн эзэмшлийн талбайд цаашид замбараагүй баригдах барилга, байгууламжийг хязгаарлаж эхэлжээ. Мөн нийслэлийн “Газрын реформ”-ын хүрээнд нийтийн эзэмшлийн болон сургууль, цэцэрлэгийн талбайд талбайд хууль бусаар олгогдсон газруудыг хуулийн дагуу цуцалж, ногоон байгууламж, амралт зугаалга, спорт цогцолбор байгуулах ажил үргэлжилж байна. Хотын дарга өчигдөр дахин нэгэн захирамж гаргалаа. Захирамжаар хүн амын тооцоот нягтрал 1 га газарт 450 байх хязгаарыг давсан нийслэлийн 6 дүүргийн 111 байршил, 1044 га газарт цаашид инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар, шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй. Энэхүү шийдвэрийн дагуу Баянгол дүүрэгт 36, Баянзүрх дүүрэгт 31, Сүхбаатар дүүрэгт 13, Чингэлтэй дүүрэгт 6, Хан-Уул дүүрэгт 15, Сонгинохайрхан дүүрэгт 10 байршилд тус тус шинээр барилга барих зөвшөөрөл олгохгүй юм байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Бөхийн өргөөний уулзвараас урагш Сангийн хорооны гудамж орчмын 7.2 га талбайд хүн ам, барилгажилтын нягтралыг тооцож үзэхэд нягтрал 500-600 хүн/га байна.

Хүн ам, барилгажилтын нягтралыг хориглох бүс тогтоолоо

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ынхан аврал болсон нэгнээ ад үзэж, ална гэж ярьсныгаа шүтээд байдаг нь ямар учиртай юм бэ

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-ын хоёр бичлэг ил болсон. Нэг нь Топор гэх У.Хүрэлсүх, Херо хэмээх Баатартай утсаар ярьж байгаа бичлэг. Б.Баатарыг У.Хүрэлсүх “…Чи арай бичлэг хийгээгүй биз” гэсэн хардсан үг шидсэнээр тэр хоёрын яриа эхэлдэг.

Б.Баатар ”Оюука над руу хэлээд би юу яасан ш дээ. Тулга ахад юм хэлсэн ш дээ. Өнөөдөр уулзах уу гэсэн”.

У.Хүрэлсүх “Хөгийн хөгийн юм ч их боллоо. Уулзаж байгаад ярья. Үлгэр домог шиг ч юм..”

Б.Баатар “Харин тийм ээ, үлгэр домог шиг юм болсон. Та цаадахтайгаа нэг ярих юм биш үү. Би бол ерөнхийдөө хэлчихсэн. “Топортой уулзчихъя л даа, тэгвэл” гэсэн. Таны нууц нэр Топор ш дээ. (инээв) Топортой уулзчихмаар байна гээд л инээгээд байна лээ. Ерөнхийдөө таны ялалтын чинь тавин хувь Хүрэлсүх ах шүү. Та өөрөө мэдэж байгаа биз дээ. Ингэж байгаа шүү гэсэн. Харин тийм ээ, тэднийг бол арчих ёстой байсан…”

У.Хүрэлсүх “Өөр юу байна”

Б.Баатар “Эрлийз морьд дээр их баярлаж байгаа цаадах чинь. Ганцаараа үзэж суугаад татаж унаад байсан”.

У.Хүрэлсүх “Та нар ч алдаг хүмүүс шүү. За яахав, уулзаж байгаад ярина. Өнөө орой юм уу, маргааш залгая. Оюука та хоёр байж байгаарай.

Б.Баатар “Тэгээд юу юм биш үү, ах. Оюукатай ярьж байна. За тэгье. Баярлалаа ах”.

У.Хүрэлсүх “Би чамд морь, морь гэж хэлээ биз дээ.

Б.Баатар “Одоо бас таны юм руу орж таныг бас уралдуулмаар байх юм”.

У.Хүрэлсүх “Уг нь чи дээр үед хоёр ахыгаа уралдуулъя гэж ярьсан. Нэг нь ч түрүүлчих шиг боллоо”.

Б.Баатар “Одоо таныг түрүүлүүлнэ ээ. Одоо таны юм руу орж таныг бас … гэх мэтээр ярьсан байдаг. Утасны энэ яриаг хэн бичиж, хэн ил болгосон бол гэж таамаг дэвшүүлж шаагиад өнгөрсөн. Нэг хэсэг Б.Баатарыг тараасан гэх яриа ч явсан. Харин тэр өөрөө тараагаагүй гээд л баахан тайлбар хийсэн. Хэн тараасан эсэхээсээ илүүтэй энэ үед юу яригдсан нь сонирхол татмаар. Топор нь одоогийн МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх шүү дээ. Ерөнхийдөө У.Хүрэлсүх МАН-ыг алж байсан тухай өгүүлж байгаа биз дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өөрийн намын нэр дэвшигчийн эсрэг ажилласнаа энд өгүүлсэн нь тодорхой байна.

Бичлэгт дурдагдаж байгаа эрлийз морь гэдэг нь наадмын комиссын хурлын үеэр Шадар сайд байхдаа У.Хүрэлсүх “Монгол наадамд зөвхөн монгол морьд л уралдана. Эрлийз морь шургуулбал хуулийн байгууллагад тэр хүнийг өг. Бид монгол адуугаараа бахархах ёстой” гэж ирээд ярьсан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-аас нэр дэвшигчийн талаар гаргасан цуу яриатай холбож шидсэн мессэж гэдэг нь ойлгогдоно. Одоо Херо, Топор хоёрын яриаг хэн задалсан нь сонин биш, тэдний яриа үнэн бодитой, дуу хоолойгоороо бичигдэж, бас үйл явдлын өрнөл бодитой болсныг бид бодитоор харсан. Тэдний ярианд дурдагдсан Л.Оюун-Эрдэнэ гишүүн үүнд оролцоотойг ч мэдэх боллоо. Үүнийг нотолж өнөөх Л.Оюун-Эрдэнэ одоо хэрхэн гол дүрд тоглож, шударга ёс ярьж, МАН-ыг хагалан бутаргах төлөвлөгөөг биелүүлж байгааг ч та бид хараад сууж байна.

Энэ бичлэгийг МАН-ынхан юу ч биш гэж үздэг. Нэг ч удаа энэ талаар хэн ч дурдахгүй байгаа. Тиймдээ ч намаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулахад гар бие оролцсоноо ярьсан У.Хүрэлсүхээ оройдоо залж, намын дарга, Ерөнхий сайд болгоод мөргөх нь холгүй байна. Б.Баатарын хэлснээр “Одоо таныг түрүүлүүлнэ ээ” гэсэн нь биелж, У.Хүрэлсүхийг бүхний охь манлай хэмээн шүтээд, шударга үнэний дуу хоолой, энхийн цагаан тагтаа, авралын бурхан болгож байна.

Харин сонгуулийн үед яригдсан нөгөө бичлэг буюу “60-н тэрбум”-ын талаар МАН-ынхан дээр дооргүй амтай болгон ярьж зүхэж байна. Өчигдөр гэхэд л хүний өөрийн намынхан нийлсэн хэдэн гишүүн чуулганы үүдэнд ч нэг сууж, дотор орж ч нэг зогсож, өнөөх бичлэгийн талаар яриад зогсч байна. Шоронд хийнэ, эрүү үүсгэнэ, Их хурлын даргаас нь огцруулна гээд сүйд. Нөгөөх бичлэг гэдэг нь УИХ-ын сонгуулийн үеэс улбаатай, Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сэдрээж гаргаж ирээд одоог хүртэл хэрүүлийн алим болгож байгаа 60 тэрбумын бичлэг. Угтаа тэр бичлэг МАН-д аврал болох тухай ярьж байсан. Намаа яаж ялуулахав, ингэхийн тулд яавал дээр вэ гэдгийг ярилцаж суугаа хүмүүс. Бичлэг хийсэн хүн нь ч тодорхой. Сонгуулийн ажлын хөлсөө голсон нэг нөхөр урьдчилан төлөвлөж байгаад зураг хөргийг нь авч бичсэн хэрэг. Ингэж төлөвлөж хуралдаж намаа ялуулах гэж зүтгэсний ачаар 65-уулаа болж ялсан. Сонгуулийн стратеги төлөвлөгөө боловсруулж байгаа гэх Ц.Сундуй тэргүүтэй хэдэн нөхөр үүнийгээ танилцуулахаар тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболдыг “ирж сонсооч” гэж. Өнөөх нь очоод тэрийг нь сонсч. М.Энхболдын оронд хэн ч байсан сонгуулийн стратеги төлөвлөгөөг сонс гэхээр очиж сонсч л таараа шүү дээ. Төлөвлөгөө боловсруулсан нөхөд 60 тэрбум босгох тухай ярьдаг. Ийм л бичлэг байдаг. Яг жаран тэрбумын схем хэрэгжсэн эсэхийг хэн ч батлаагүй байна. Угаас бичлэгт яригдсан тэр схем хэрэгжиж амжихаасаа өмнө задраад олон нийтэд хүрч сонгуулийн сөрөг пиар болчихсон шүү дээ. Хэдийгээр сонгуульд намаа үнэмлэхүй ялуулж, 65 суудал авчирсан ч сонгуулийн дараа тэр 60-н тэрбумыг босгох схемийг хэрэгжүүлсэн эсэхийг нотолж, баталсан баримт одоогоор алга.

Барих барьцгүй, баримтгүй, хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй. “Хүн ална гэж ярьсан, алсан л гэсэн үг” гэж ялладаггүй биз дээ. Гэтэл 60-н тэрбумын схемийг очиж сонссон гэж М.Энхболдыг буруутгаж, албан тушаалаа өг гэж чичлэх нь үнэнд нийцэх үү. Үүний дэргэд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан задарсан Топор, Херо нарын бичлэг бол хэрэгжсэнийхээ баяр баясгаланг хуваалцаж буй, ахаа эгчээдээ тултлаа дотноссоныг нотлох яриа. Бүр биеллээ олж, төлөвлөгөө хангагдсан нь өнөөх эрлийз морины ярианаас эхлээд ахыгаа түрүүлүүлнэ гэдгийнхээ дагуу У.Хүрэлсүхийг намын дарга, Засгийн газрын тэргүүн болгосноос бэлхнээ харагдана. Дараагийн алхам нь М.Энхболдыг зайлуулах гэж үхэн хатан тэмцээд байгаа Оюук дүү буюу Л.Оюун-Эрдэнэ гишүүний гол дүрд тоглож буй үйл явдлууд. Дээр нь саяхан задарсан ЖДҮ бол жинхэнэ баримт нотолгоотой. ЖДҮ, 60-н тэрбум хоёр газар, тэнгэр шиг. Нэг нь батлагдаж нотлогдсон, нэртэй устай баримттайгаа дэлгэгдээд, шалгагдаад, эхнээсээ прокуророос яллах дүгнэлт үйлдээд түдгэлзүүлэх санал оруулж ирээд явж байгаа. Ийм ялгааг яагаад олж харахгүй байна. Та нар чинь бүгдээрээ зөвөө буруу гэдэг. Буруугаа зөв гэдэг болчихсон юм уу, МАН-ынхаан.

Ард түмний хувьд бол хэн юм хийхийг нь л сонгосон хэрэг. Тиймдээ ч МАН-ыг бүр олуулаа эрх барих боломжийг олгож сонголтоо хийсэн. Гэтэл МАН-ынхан та нар галзуурчихаа юу. М.Энхболдыгоо Ерөнхийлөгчийн сонгуульд ялаад зайлна гэж бүгдээрээ бодсон юм уу. Оронд нь намын даргын суудлыг нь УИХ-ын даргын албатай нь авна гэсэн хүлээлттэй байсан хэрэг үү. Юу ч мэдэхгүй, эсвэл мэдэхийг хүсэхгүй хөөрч, намаа самраад, самруулаад байх юм. Хүн амьтны гар хөл болоод нэг хэсгийнхээ тоглоом болоод байгаагаа мэдэж байгаа юу. Дэлхийн хаана ч сонгуульд оролцоход нь дэмжиж хувь хүмүүс болон компаниуд санхүүгийн дэмжлэг өгч л байдаг. Тэр нь зөвхөн хуулийн хүрээнд заасан хэмжээнд, сонгуулийн тайланд тусгагдсан л байх ёстой.

Мөнгө өгөөгүй ч сонгуульд нь дэмжиж ажилласан хүмүүс бүгд л ажилтай болдог. Д.Трампыг хар л даа. Сонгуулийн кампанит ажилдаа оролцсон хүмүүсийг багтаа түлхүү авч ажиллуулж байгаа. Энэнд гэнэт гайхаж цочирдох юм алга. Гэтэл МАН-ынхан бусдын шидсэн өгөөшинд сайн дураараа гүйж ороод байх юм. Хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийнэ гэдэг л болж байх шиг. Өрсөлдөгчид нь энийг дөгөөгөөд л кино үзэж байгаа мэт “татаж унатлаа” инээгээд сууж байгаа. МАН ингэж хэрэлдэх нь ард түмэнд хохиролтой байна. Сүүлийн үед ажил хийхээ ч болилоо. Улс оронд хэрэгтэй чухал хууль батлах энэ тэр бол бүүр сонин биш боллоо. Түүний оронд МАН-ыг ялуулах гэж үхэн хатан явсан М.Энхболдыгоо намаараа нийлж, нам дарах гэж хашгираад, ялагдуулах гэж явсан У.Хүрэлсүх нь баатар болчихсон явж байх юм. Аварна гэснийгээ энэ намынхан нэг нүдээрээ үзэхгүй, ална гэж ярьсныг нь шүтэж мөргөөд байдаг нь ямар учиртай юм бэ.

Б.ДОНРОВ

Categories
мэдээ нийгэм

Олон улсын “Уулын Өдөр”-ийг дэлхийн олон оронд тэмдэглэж байна

НҮБ-ын шийдвэрээржил бүрийн 12 дугаар сарын 11-ний өдрийг олон улсын “Уулын өдөр” болгон тунхаглан баталж дэлхий даяр тэмдэглэж ирсэн билээ. Энэ өдрийг дэлхийн олон нийт 2003 оноос эхлэн 16 дахь жилдээ тэмдэглэж байна.Жил бүрийн уриа өөр байдаг. Өнөө жилийнх “Уулын ач холбогдолд анхаарлаа хандуулья” уриан дор зохиогдох юм. Байгаль орчныг хамгаалах зорилготой олон санал санаачилга гарч, ажил өрнөж байдаг хэдий ч мэргэжилтнүүдийн судалгаагаар уул бол нэг ёсондоо мартагдсан орчин гэж үзэж болохоор. Уулчин ба ууланд аялах дуртай хүмүүсийг эс тооцвол уул бол хүмүүсийн анхаарлын гадна байдгийг анзаараарай. Өөрөөр хэлбэл, нийт хүмүүсийн сэтгэл санаанд шууд утгаараа хол байдаг. Чухам иймийн учир өнөө жилийн “Уулын өдөр”-ынуриаг уул усны ач холбогдолд олон нийтийн анхаарлыг хандуулж буй ажээ. Энэ сэдвийн гол агуулгыг тоймловол:

Уул нь усны эх үүсвэр болдогын хувьд ач холбогдолтой. Учир нь, ихэнх гол мөрөн уулнаас эх авдаг бөгөөд уул нь нэг ёсны усны цамхаг болж буй. Уулнаас урсаж буй цэвэр ус нь манай гаригийн цэвэр усны нөөцийн 60-80 хувийг бүрдүүлдэг. Гэтэл цэвэр усны томоохон нөөц болдогмөсөн голууд гэхэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хайлж үгүй болж байна. Тухайлбал, сүүлийн 10 жилд 600 орчим томоохон мөсөн гол бүрмөсөн хайлж алга болсон нь хэдэн тэрбум жижиг гол горихуудад сөрөг нөлөө үзүүлсэн байна.

Уул нь байгалийн гамшигийг багасгахад ач холбогдолтой. Уур амьсгалын өөрчлөлт нь олон төрлийн байгалийн гамшгийг өдөөж байдаг. Жишээ нь, цасны нуралт, шаврын урсгал, гулсалт нь ой модыг сүйтгэх, хот суурийн газрыг үет автуулах аюул учруулж байдаг.

Уул нь аялал, жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдолтой. Дэлхийн хэмжээнд аялан жуулчлагчдын 15-20 хувь нь уул руу явж байна. Уулын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь бизнест ашигтай, эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц болдог ч уулын аялал жуулчлалын ашиг шим нь ууланд амьдарчбуй орон нутгийн хүмүүст хүртээмж багатай, тэдний амьдралядуу хэвээр байна.

Уул бол хоол хүнсний хувьд ач холбогдолтой. Ууланд болон уулын бүс нутагт олон төрлийн ногоо, тариа будаа тариалж хүнсэнд хэрэглэж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь уулын хөдөө аж ахуй/ХАА/-д сөрөг нөлөө үзүүлж улмаар ууланд амьдардаг хүмүүс хүнсний хомсдолтой нүүр тулж эхэлжээ.

Уул нь залуучуудын хувьд ач холбогдолтой. Хэдийгээр уул сайхан ч тэнд амьдарч буй олон мянган залуучууд уугуул нутгаа орхин хот суурин газар бараадах болсон нь уулан дахь газар тариалан болон уулын бэлчээрийг эзэнгүйдүүлэх, уулын ХАА-н салбарт ажиллах хүчний хомсдол үүсгэж, түүхэн уламжлал тээгч өвөрмөц ахуй, соёл уламжлал алдагдах аюул нүүрлэж буй .

Уул нь нутийн уугуул иргэдийн хувьд чухал ач холбогдолтой.Тухайн уулархаг нутагт олон зуун жилийн турш амьдарч ирсэн нутгийн иргэд байдаг бөгөөд тэд өөрийн гэсэн ахуй, хэл, соёл уламжлалтай. Уулын иргэдийн байгаль орчинтойгоо дасан зохицсон ахуй амьдралын хэв шинж, орон нутгийн байгалийн тэнцвэрт төлөв байдлыг хадгалахад чиглэгдсэн олон зуун жилийн ухаалаг хэрэглээний арга уламжлалыг хадгалах нь чухал ач холбогдолтой юм. Эс бөгөөс “устах” аюул ойртох болно.

Уул нь биологийн олон янз байдалд ач холбогдолтой. Дэлхийн биологийн олон янз байдлыг илтгэсэн “халуун цэг”-ийн тал хувь нь ууланд байдаг бөгөөд газрын гадаргуйн биологийн олон янз байдлын дөрөвний нэгийг уул тэтгэж байдаг. Уул бол ховор ан амьтан, ургамлын байгалийн орчин билээ. Жишээ нь, янгир, аргаль угалз, ирвэс г.м.ховор амьтан, вансэмбэрүү, цагаан уул цэцэг г.м. ургамал эдгээрт хамаарна.

Хүмүүсийн ахуй амьдралд уул ус ямар ач холбогдолтой, уул усны ойролцоо зохистой аж төрөх, уулархаг бүсэд амьдарч буй хүмүүсийн нааштай үйл ажиллагааг дэмжих, байгальорчноо хамгаалах талаар энэ өдөр олон нийтийн дунд соён гэгээрүүлэх ажил зохион байгуулахыг Олон Улсын Уулчдын Холбоо/UIAA/-ноос гишүүн байгууллагуудад уриалжээ.

ОУУХ нь дэлхийн 68 орны 92 үндэсний уулчдын болон спорт авиралтын байгууллагуудыг нэгтгэдэг. МУҮХ нь тус холбоонд 2010 онд бүрэн эрхэт гишүүнээр элссэн бөгөөд 2015 онд анх удаа ОУУХ-ны Залуучуудын комиссын орлогч гишүүн, 2017 онд тус комиссын бүрэн эрхт гишүүнээр сонгогдсон юм. Түүнчлэн тус холбооны Аюулгүй байдал болон Эрүүл мэндийн комиссын орлогч гишүүнээр 2016 онд тус тус сонгогдон ажиллаж байна.МУҮХ-ны урилгаар ОУУХ-ны Дэд Ерөнхийлөгч П.Фааркашнь 2014 оны 10 сард Монголд анх удаа ажлын айлчлал хийсэн бөгөөд тэрбээр мөн 2016 оны 1 дүгээр сард болсон МУҮХ-ны Чуулганд урилгаар оролцож байв.ОУУХ/UIAA/-ны Ерөнхий чуулганыг 2018 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо анх удаа амжилттай зохион байгуулсан билээ. МУҮХ-ноос сүүлийн жилүүдэд Олон улсын “Уулын Өдөр”-ийн үйл ажиллагаанд анхаарал хандуулан ажиллаж байна. Хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүдээр сурталчлах, гадаад орнуудын сайн туршлага, мэдээ мэдээлэлийг манай улсын иргэдэд таниулах зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Цаашид үүнээс илүү ашиг тустай олон ажил өрнүүлэх бүрэн боломжтой. Иймд МУҮХ-ний гишүүн клуб, холбоо, ууланд алхагч, аялагч нар болон уулархаг бүсэд ажиллаж амьдардаг ард иргэд Та бүхнийг өөр өөрсдийн нөхцөл бололцоог ашиглан “Уулын өдөр”-т ажил хэрэгчээр нэгдэхийг уриалж байна. Өөрсдийн санал бодол, хийж бүтээсэн үйл хэргийн талаар бидэнд: ganchimeg_1226@yahoo.com хаягаар хандвал туйлаас талархах болно. Бид хичээнгүйлэн эмхэтгэж МУҮХ болон UIAA-д уламжилж хүчээ нэгтгэе.

А.Батсүх Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, phD

О.Батсайхан Олон Улсын Уулчдын Холбооны Залуучуудын комиссын гишүүн

Categories
мэдээ спорт

Боулингийн УАШТ болно

Монголын боулингийн холбооны 2018 оны улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 10-12-нд “Big bowling” төвд болно. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй, ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог баг /2 эрэгтэй, 1 эмэгтэй/ гэсэн төрлөөр зохион байгуулна. Тухайн тамирчин бүх төрөлд оролцвол нийт 16 тоглолт хийх юм. Төрөл тус бүрт байр эзлүүлж, цом, медаль, мөнгөн шагнал олгох бөгөөд хамгийн өндөр оноотой тамирчид “Мастерс” ангилалд өрсөлдөх эрхтэй болно. Тэмцээний зорилго нь боулинг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, клубуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх, тамирчдын чансааг тогтоох, олон тэмцээн, уралдаанд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулахад оршино.

Categories
мэдээ нийгэм

“Үндэсний аварга шалгаруулах Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын их наадам” болов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар бол өргөн хүрээг хамарсан том салбар. Үүнд жижиг, дунд үйлдвэр, хоршоо, худалдаа, нийтийн хоол, үйлчилгээ зэрэг салбарыг багтааж байна. Үйлчилгээний салбар гэхэд л маш өргөн бөгөөд энд ахуйн үйлчилгээний салбарыг нэрлэж болно. Ахуйн үйлчилгээний салбар нь хүн амын хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ахуйн соёлыг хөгжүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан манай улсын ууган салбарын нэг юм.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед ахуйн үйлчилгээний салбар нь улсын хэмжээнд ахуйн үйлчилгээний зориулалтын 200 ажлын байртай, аймаг бүрт ахуйн үйлчилгээний комбинат 14, төрөлжсөн үйлдвэр 4, сум, суурин газарт ахуйн үйлчилгээний төв 181, нийтдээ 2100 гаруй цэг салбарт 31600 ажиллагсад ажиллаж байсан юм. 2017 оны Үндэсний статистикийн газрын мэдээнээс үзэхэд салбарын хэмжээнд нийт 14 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 20 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Энэ төрлийн үйлчилгээнд үсчин, гоо сайхан, хумс засах, оёдол, гутал засвар, цаг, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар зэрэг 20 гаруй нэр төрлийн үйлчилгээ хамаарна.

Тэр дундаа улсын хэмжээнд үсчин, гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 2000 гаруй цэг салбар бий гэсэн тоо бий. Энэхүү салбарыг дэмжих үүднээс төрөөс Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үйлчилгээний салбарыг хамруулахаар тусгаад байна. Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг төслийг боловсруулан 21 аймаг, нийслэлийн хэмжээнд хэлэлцүүлэг зохион байгуулж аж, ахуйн нэгж иргэдийн саналыг тусган хөтөлбөрийг батлуулахаар ажиллаж байна.

Мөн “Үс засах үйлчилгээний MNS 5160:2002” стандартыг шинэчлэх, “Хумс заслын үйлчигээний стандарт”-ыг шинээр боловсруулах хүрээнд салбарын мэргэжлийн холбоотой хамтран ажиллаж байгаа юм. Түүнчлэн салбарын ажиллагсдын мэдлэг, ур чадвар, сургалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр “Мэргэжилтэн ажилтан хөтөлбөр”-ийг боловсруулж байгаагаа ч дурдах нь зүйтэй.

Ийнхүү ахуйн үйлчилгээний салбарын томоохон төлөөллийн нэг болсон үсчин, гоо засалч, хумс урлаачдын ур чадварыг сорих, шударга өрсөлдөөн бий болгох, тэдний хичээл зүтгэлийг урамшуулах замаар уг дэд салбарыг хөгжүүлэх зорилготой, жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Үндэсний аварга шалгаруулах Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын 24 дүгээр их наадам” энэ долоо хоногийн Мягмар гарагт (2018.12.04) Буянт-Ухаа спорт цогцолборт амжилттай болж өндөрлөлөө.

Наадмын үйл ажиллагааны нээлтэд, ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон, Монголын үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаа, Монголын үйлдвэрлэлийн хоршооллын төв холбооны ерөнхийлөгч Ч.Алтангаяа нар оролцож, тэмцээнд оролцогчдод амжилт хүссэн юм.

Мэргэжлийн ур чадвар, хийсвэр болон бодит сэтгэлгээ шаардсан, орчин үеийн донж маягийг илэрхийлсэн, гоо сайхан мэдрэмж төрүүлсэн “Үндэсний аварга шалгаруулах Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын их наадам”-ын шүүгчдийн бүрэлдэхүүнд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мастер үсчид, олон жилийн туршлагатай гоо засалч, чадварлаг хумс урлаачид багтсан. Наадам үзэгчдэд нээлттэй явагддаг учраас шүүлт ч маш шударга явагддаг гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Оролцогчдын зассан үс, хумс, нүүр будалтаас орчин үеийн шинэлэг өнгө төрх, залуусын сэтгэлгээ, мэргэжлийн ур чадварын ахисан байдлыг харж болохоор байв.

Ингээд 29 төрлөөр шилдэг үсчин, гоо засалч, хумс урлаачдыг шалгаруулснаас Эмэгтэй үсчний төрөлд Гранпри шагналыг “S салон”-ы н.Сундуйжав, Эрэгтэй үсчний төрөлд Гранпри шагналыг Ө.Цацралтуяа, гоо сайхны төрөлд Гранпри шагналыг “Evergood салон”-ы И.Буджав, шилдэг аймгийн үсчний холбоогоор Сэлэнгэ аймаг, шилдэг сургалтын байгууллагаар Үйлдвэрлэл урлалын политехник коллеж тус тус шалгарч, алтан цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн шагналаар шагнууллаа.

Categories
мэдээ нийгэм

Чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагаас эхлэхээр товлогдсон хэдий ч ирц бүрдээгүй байна. Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхээс өмнө Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан суулт хийсэн юм. Улмаар ирэх долоо хоногийн даваа гариг гэхэд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа өгөх хүсэлтээ гаргахыг шаардаж буйгаа илэрхийлж, 40 гишүүний бойкот үргэлжилнэ гэж мэдэгдсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Ломбард ажиллуулдаг иргэдэд эрх зүйн боловсрол олгоно

Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо хамтран барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд эрх зүйн боловсрол олгох сургалт зохион байгуулахаар болжээ.

Засгийн газрын “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй “Ломбард эрх зүйн боловсрол” сургалт энэ 15-нд 10:00 цагаас Нийслэлийн иргэний танхимд болох юм байна.

Сургалтанд оролцогчдыг энэ сарын 13-ныг дуустал бүртгэх бөгөөд хамрагдсан хүмүүст батламж олгох аж.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн шалтгаант эдийн засгийн дарамтыг тооцоолох эмч мэргэжилтнүүдийн сургалт болов

Томуу нь улс орны цаашилбал дэлхийн нийгэм эдийн засагт томоохон дарамт үзүүлдэг нийгмийн эрүүл мэндийн анхаарал татсан асуудлуудын нэг юм. Улирлын томуугийн шалтгаант эдийн засгийн дарамтыг тооцоолсноор томуугийн дархлаажуулалтын оновчтой стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх, дархлаажуулалтанд хамрагдах эрсдэлт бүлгийн хүн амын зорилтот бүлгийг эрэмбэлэн тодорхойлох, эрүүл мэндийн хязгаарлагдмал нөөцийг нийгмийн бүлгүүдэд зөв зохистой хуваарилж, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлууд дээр нотолгоонд суурилсан шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

Манай улсын хэмжээнд 2016 онд өмнөх хоёр жилийн томуугийн байнгын тандалтын тоон мэдээн дээр үндэслэн томуугийн шалтгаант дарамтыг тооцсон. Эл судалгаагаар хоёр хүртэлх насны хүүхдэд дарамт хамгийн их буюу жилд дунджаар 100 мянган хүүхдийн 4982 нь томуугийн халдвар авч өвчилдөг болохыг харуулсан байна. Улирлын томуугийн эдийн засгийн дарамтыг судалсан судалгааг өндөр хөгжилтэй, хөгжсөн орнууд хийсэн байдаг ч дунд бага орлоготой улс оронд хийгдсэн тохиолдол ховор билээ. Иймд улирлын томуугийн эдийн засгийн дарамтын судалгааг Улаанбаатар хотын томуугийн харуулдан тандалтын нэгжийг түшиглэн АНУ-ын “Өвчний хяналт сэргийлэлтийн төв” болон “Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллага”-ын санхүүгийн болон мэргэжил аргазүйн тусламж дэмжлэгтэйгээр арванхоёрдугаар сараас эхлэн зохион байгуулахаар болсон тул судалгаанд оролцох эмч, мэргэжилтнүүдийг сургах шаардлагатай байна.

Улирлын томуугийн эдийн засгийн дарамтыг тооцоолох судалгаанд оролцох тандалтын нэгжүүдийн эмч, мэргэжилтэн нарт хийх сургалт энэ сарын 6-нд Контенинталь зочид буудалд боллоо. АНУ-ын Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагын дэмжлэгтэйгээр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны алба, Томуугийн үндэсний нэгжээс зохион байгуулсан энэ сургалтанд Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, томуугийн тандалт хариуцсан тархвар судлагч эмч, ӨЭМТ-ийн дарга, эмч нар оролцлоо. Сургалтын үеэр улирлын томуугийн эдийн засгийн дарамтын судалгааны аргачлал, судалгааны хуудас, календарьчилсан төлөвлөгөөг танилцуулж, судалгааны хуудсыг бөглөх аргыг танилцуулан оролцогч нараар бөглүүлж санал авчээ.