УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрээр, “МАН-ын гишүүд бүгдээрээ шалгагдаж байгаа юм билээ. Хэн нь хэнийгээ түрүүлж хорих анги руу авч явах вэ гэдгийг л би харж байна. Шударга бусын хонгил гэж яриад байдаг, гэтэл хулгай хийсэн хүн нь хулгай хийсэн хүнээ барих гээд сууж байгааг ямар хонгил гэх вэ. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх эрхтэй. Надад ирсэн мэдээллээр, ЖДҮХС-ийн зээлийг эхнэр нь аваад, зориулалтын бусаар ашигласан бол ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой гэж бодож байгаа. Тойргийн иргэд болон найз нөхдөдөө ЖДҮХС-аас зээл авч өгөөд хувь хүртсэн УИХ-ын гишүүд ч байгаа. Мөн авсан зээлээ буруугаар ашигласан, тодорхой хувь авсан, гурван хувийн хүүтэй аваад 60 хувийн хүүтэйгээр зээл олгосон нь мөнгө угаасан хэрэгт холбогдож байгаа юм. Одоогоор гурван гишүүнийг мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа, түдгэлзүүлэх санал оруулахаар нийслэлийн прокурор дээр яллах дүгнэлт үйлдсэн байгаа гэдэг мэдээлэл ч тодорхой юм билээ. Ерөнхий прокурорын байгууллагаас лавлахад удахгүй энэ асуудлыг оруулна гэдэг мэдээлэл өгсөн. Хэрвээ гишүүдийг эргүүлэн татчихвал шүүрэн шанагаар гоожиж буй мэтээр бусад нь ч мөн дагаж асуудалд орно.” гэлээ.
Month: December 2018
Хуульч Д.Миеэгомботой ярилцлаа.
-УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцрохыг шаардаж байна. Энэ нь хууль эрх зүйн талаасаа огцрох үндэслэл болж чадах уу?
– УИХ-ын даргыг огцруулах хэд, хэдэн үндэслэл бий. Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, хүндээр өвчилсөн, Үндсэн хуулийн Цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэл гаргаж, түүнийг нь УИХ хүлээн авсан, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдэх тогтоолоор батлагдсан бол УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь огцруулж, чөлөөлж болно. Гишүүдийн шаардлагад энэ үндэслэлүүдээс аль нь ч байхгүй. 60 тэрбумын асуудлыг ярьсан, төлөвлөснийхөө төлөө огцрох ёстой гэж гишүүд хэлж байна л даа. Энэ шаардлага нь хуульд заасан үндэслэлүүдэд алга гэдгийг УИХ-ын дарга хэлж байгаа. Нөгөө талдаа хуульд заасан шалтгаанууд тогтоогдохгүй байхад яасан гэж огцрох вэ гэдгийг ч хэлж байна. Ингээд хууль зүйн хувьд мухардмал зүйл болчихож байна.
-Таны хувьд энэ асуудлыг хэрхэн шийдэх нь зөв гэж харж байна вэ?
-Прокурорын байгууллагаас 60 тэрбумын хэрэг гэх зүйл тогтоогдохгүй байна гэдгийг хэлсэн. Гэхдээ Ц.Сандуй гэх хүн энэ үндэслэлээр албан тушаалаа өгсөн. Тэгэхээр төлөвлөсөн хурал зөвлөгөөн болохын хувьд болжээ гэж харж байгаа. Хэрэв огт байхгүй байсан бол Ц.Сандуй дарга огцрохгүй байсан болов уу.
Мөн 60 тэрбумын талаарх бичлэгийг хулгайгаар хийсэн Г.Доржзодов гэж хүн байж байгаа. Тэгэхээр парламент энэ асуудлаар түр хороо байгуулж, ажлын хэсэг гаргах хэрэгтэй. Парламентад нээлттэй хэлэлцүүлэг хийх чиг үүрэг, эрх бий. Үүнийхээ хүрээнд 60 тэрбумын хэргийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийж болно. Ц.Сандуй, Г.Доржзодов нар оролцож болно шүү дээ. М.Энхболд дарга ч өөрөө байж байна.
Мөн зарим гишүүд “Хууль хяналтын байгууллагуудыг М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын бүлэглэл томилсон, тэд нэг талд үйлчилж байна” гэж яриад байгаа. Хууль хамгаалах байгууллагуудад Ерөнхийлөгчийн институцийн нөлөөлөл байсаар ирсэн гэдгийг би хувьдаа хэлсээр ирсэн. Шүүх бол бүрэн утгаараа Ерөнхийлөгчийн мэдэлд оччихоод байгаа. Учир нь 2012 онд Шүүхийн захиргааны хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Уг өөрчлөлтөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийг Ерөнхийлөгч томилдог болчихсон юм. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүх байгуулах, татан буулгах, шүүгч нарыг томилох, огцруулах саналыг гаргадаг. Уг байгууллагын шүүгчдэд нөлөөлөх нөлөөлөл нь их өндөр. Энэ өндөр үүрэг хариуцлагатай, эрх мэдэл бүхий байгууллагыг Ерөнхийлөгч байгуулахаар хуульд заачихсан. Шүүхийн мэргэжлийн хороог байгуулах эрх нь ч төрийн тэргүүнд бий. Үүнээс үүдэн Ерөнхийлөгч шүүхэд эрх мэдлээ бүрэн тогтоочихоод байгаа юм. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Ерөнхий прокурорыг томилдог. УИХ Ерөнхийлөгчийн оруулж ирсэн Ерөнхий прокурорын нэрийг нэг удаа л буцаах эрхтэй. Дараагийн хүнийг буцаах эрх УИХ-д байхгүй. Шууд томилно. Дээрээс нь Прокурорын байгууллагын тухай хуульд зааснаар прокурорын үйл ажиллагаа нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байдаг. Дээд шатны прокурорын даалгаврыг заавал биелүүлдэг. Энэ агуулгаараа прокурорт ч Ерөнхийлөгч нөлөөтэй байсан, байгаа хэрэг. Ингэхээр өнөөдрийн УИХ-д 60 тэрбумын хэргийн хувьд, шүүх эрх мэдлийн буюу прокурорын шийдвэрийг өмнөө барьсан, нөгөө талд нь прокурорыг үгүйсгэж хардсан нэг хэсэг байна. Гуравдагч талд прокурор өөрийн зөв гэж, энэ эцсийн шийдвэр гэдгийг хэлж байна. Хууль хяналтын байгууллагаас тухайн хэргийг тогтоогоогүй ийм дүгнэлт шийдвэртэй байхад яг энэ үндэслэлээр УИХ-ын даргыг огцруулах боломжгүй харагдаад байдаг.
-Таван үндэслэлээс бусад зүйлээр УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ярих нь Үндсэн Хууль болон бусад хуулийг зөрчиж байгаа гэдгийг түүний хуулийн зөвлөх хэлж байсан л даа. Энэ тухайд?
-Тавьж байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлэхгүй байгаад л гацаа үүссэн. Асуудлыг шийдэх, шийдлээ олох л хэрэгтэй.
-ХХААҮ-ийн сайдыг томилох асуудал 21 хоногоор хойшлоод байна. Ерөнхийдөө УИХ-ын үйл ажиллагаа сүүлийн үед багагүй саарч байна гэж харагдаж байгаа. Үүнийг УИХ чадамжгүй болж байна гэж ойлгох уу?
-УИХ-ын үйл ажиллагаа тасалдахгүй явах ёстой. Одоогоор УИХ-ын чуулганы хуралдааныг явуулахгүй байх шалтгаан бол алга. Харин энэ мэтээр асуудал хойшилж байгаа нь ердөө л шалтаг. Тодруулбал, улс төрийн зорилгоор үр дүнгүй, үр өгөөжгүй, хий хоосон асуудлыг хурцатгаж, дэвэргэж зориуд ийм байдал руу аваачиж байна. Энэ нь өнөөдрийн намуудын төлөвшил муу, гишүүдийн ёс зүй, ухамсрын түвшинг л илэрхийлж байгаа юм. Эднээс сайн сайхан зүйл хүлээгээд байх шаардлагагүй нь нэгэнт илэрхий болчихсон.
Сарын дараа Беверли Хиллсд болох Холливүүдийн томоохон наадам “Алтан бөмбөрцөг”-ийн шагнал гардуулах ёслолыг анх удаа Ази гаралтай жүжигчин хөтлөхөөр болсныг зохион байгуулагчид нь өчигдөр зарлалаа. Ирэх оны нэгдүгээр сарын 6-нд болох 76 дахь удаагийн арга хэмжээг 47 настай, солонгос гаралтай Канадын жүжигчин Сандра О хошин урлагийн жүжигчин Энди Сэмбергтэй хамтран хөтлөхөөр болжээ. Тэд өнгөрсөн есдүгээр сард энэ оны Эммийн шагналтны нэрийг зарлахаар хамтдаа тайзан дээр гарч ирж байв.Жүжигчин бүсгүйн эцэг эх нь Өмнөд Солонгосоос Канадын нийслэл Оттавад цагаачлан ирсэн хүмүүс юм. Сандра О бараг арван жил үргэлжилсэн “Grey’s Anatomy” цувралын дүрээрээ “Алтан бөмбөрцөг” хүртэж байсан юм. Одоо тэр BBC сувгийн “Killing Eve” цувралд дүр бүтээж байгаа. “Алтан бөмбөрцөг” шагналыг Ази гаралтай нийтдээ 12 хүн хүртэж байжээ. Телевиз, киноны салбарын шагналын энэ жилийн нэр дэвшигчдийг Улаанбаатарын цагаар өнөөдөр орой зарлах юм.
Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай. “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг Дорноговь аймагт 2019 оны 09 дүгээр сард зохион байгуулахаар болсон Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ЫН дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр АНУ-ын Аляскийн Үндэсний гвардын нэгдсэн штабын дарга, хурандаа Кимберли Дироун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар олон улсын сургалт, дадлага сургуулийн онцлог болоод Монгол, Америкийн аврагчдын хамтран хийх дадлага сургуулийн талаар хэлэлцэж, санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Дэвжээнийхээ залуу бөхөд гар хүрсэн хэргээ хүлээн зөвшөөрөөд буй Таканоива А.Баасандорж зодог тайлахаар болсон байна. Түүнийг Японы Сумо бөхийн холбооноос Фүкүокад болох өвлийн тойргийн барилдаанаас чөлөөлж, хэргийг дахин нягтлахаар болоод байсан. Гэвч тэрээр өөрийн бурууг хүлээж, ийм шийдвэр гаргах болсон талаар Японы хэвлэлүүдэд бичиж эхэллээ. Өнгөрсөн оны аравдугаар сард Таканоива А.Баасандорж ёкозуна Харумафүжид зодуулсан хэмээн гомдол гаргаж, сумо бөхийн ертөнцөд томоохон шуугиан дэгдээсэн байдаг. Энэ хэргийн дараахан ёкозуна Харумафүжи зодог тайлж, сумо бөхийн ертөнцийг орхисон. Японы Сумо бөхийн холбоо энэ хэрэг явдлын дараа ахин ийм зүйл болохгүй хэмээн хариуцлагатайгаар мэдэгдэж байсан ч жилийн дараа Монголын дахин нэг бөх ёс зүйн алдаа гаргалаа. Хэргийг дахин сануулахад, Таканоива А.Баасандорж орон нутагт болж буй тэмцээний үеэр байрлаж байсан зочид буудалдаа өөрийн туслахыг ямар нэгэн зүйл авчрахаа мартсанд нь буруутган нүүрэнд нь цохисон байна. Японы Сумо бөхийн холбооны Олон нийттэй харилцах албаны мэдээлж буйгаар туслах бөх хүнд бэртээгүй ч нүүр рүүгээ 4-5 удаа цохиулсан тул хавдаж, хөхөрсөн гэжээ.
АТГ-аас ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ. Тус хурлаар ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой хэргийг буйг мэдээлэв. ЖДҮХС-гаас 2016 онд 200 гаруй аж ахуйн нэгжид зээл олгосон асуудалд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж. Уг хэрэгт ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийг дуудаж байцаасан байна. Түүнээс өөр хүнийг дуудаж байцаагаагүй гэдгээ АТГ-аас мэдээллээ.
Буддын шашин нь монголчуудын ахуй амьдралд бүрнээ нийцсэнээс гадна буддизм нь онол, арга зүйн хувьд төрийн хэргийг эрхлэн явуулахад эерэг нөлөө үзүүлснийг өнөөдөр болсон “Монгол дахь буддын судлал ба нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхийн асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын үеэр судлаачид онцлов. Тус хурлыг доктор, профессор Г.Лхагвасүрэнгийн мэндэлсний 60 жилийн ойд зориулсан “ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, Удирдлагын академи, “Гүржавын Лхагвасүрэн” сан хамтран зохион байгууллаа. Доктор, профессор Г.Лхагвасүрэн нь буддын йогачара философи, Ноён хутагт Данзанравжаагийн гүн ухааны үзлийг системтэй судалж, эрдэм шинжилгээний олон бүтээл туурвисан нь өнөө хэр судлаач, суралцагчдын ширээний ном, гол эх сурвалж болсоор байна. Хурлыг ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, МУИС-ийн ШУС-ийн захирал доктор (Ph.D.), профессор Г.Эрдэнэбаяр, Удирдлагын академийн захирал доктор (Ph.D.), профессор С.Зүльфикар нар нээж үг хэлэв. Уг хурлыг “Монголын буддын судлалд”, “Монголчуудын нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүх судлалд”, “Ноён хутагт Данзанравжаа судлалд”, “Сэтгэлийн тухай буддын сургаалын судлалд” гэсэн салбар хуралдааны хүрээнд зохион байгуулж, салбарын нэр хүндтэй эрдэмтэд илтгэлээ танилцуулж бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тухайлбал, доктор (Sc.D.), профессор, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Л.Тэрбиш “Жанжаа хутагт Ролбийдорж төгс зохионгуйн товч”, доктор профессор С.Янжинсүрэн, доктор профессор Б.Дагзмаа нар “Монголын нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүх интердисциплинар сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага”, доктор профессор Б.Тунгалаг “Г.Лхагвасүрэнгийн “Ноён хутагт Данзанравжаа” бүтээл дэх нийгэм-зан суртахууны орчин үеийн ач холбогдол”, доктор профессор Т.Булган “Буддын Йогачара философийн зарим категориудыг авч үзэх нь”, доктор профессор М.Гантуяа “Сэтгэлийн чанар ба гүн ухааны мэтгэлцээн” сэдэвт илтгэлээ танилцуулав. Нийт 17 эрдэмтэн, судлаач илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Сонгуулийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний орон гарсан бол нөхөн сонгууль явуулна” гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана” гэж заасан. Иймд Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлаж, санал авах өдрийг тогтоох, сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай шийдвэр гаргуулах саналаа Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хуралд хүргүүллээ.
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд өнгөрсөн долдугаар сарын 13-нд үл таних этгээд хоёр залуугийн бие рүү шатахуун асгаж шатаасан харамсалтай хэрэг гарсан билээ. Хохирогч болох хоёр эрэгтэй 34, 37 настай, эгч дүүсийн хүүхдүүд бөгөөд нэг нь түлэнхийн шархаа даалгүй нас барсан бол нөгөө нь түлэнхий гүн соривтой болж хоцорсон юм. Хэрэг явдын тухайд гэвэл, тэр үед ах дүү хоёр дэлгүүрт байхдаа үл таних хүнтэй маргалдсан байна. Тэднийг дэлгүүрээс гарч ирэхэд тухайн маргасан этгээд ах руу нь таван литрийн савтай бензин цацаж галдан шатаахад дүү нь ахыгаа хамгаалан дээрээс нь дарахад мөн түүний дээрээс шатахуунаасаа асган шатаасан онц хэрцгий жигшүүрт хэргийг үйлдсэн байдаг. Тэгвэл энэхүү аймшигт хэргийг үйлдсэн этгээдийг шүүх хурал Хэнтий аймгийн шүүхэд болж байгаа ажээ. Шүүх хурлын шийдвэрийн талаар эргэн мэдээлнэ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Чингэлтэй дүүргийн төрийн өмчит бүх цэцэрлэгийн багш нарт “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтыг зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн сургалтад Чингэлтэй дүүргийн төрийн өмчит бүх цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, дүүргийн болон өрхийн эмнэлгийн эмч, нийгмийн ажилтан, дүүргийн Засаг даргын тамгын газрын эрүүл мэнд, боловсрол хариуцсан мэргэжилтэн, хүүхэд, гэр бүл хөгжлийн мэргэжилтэн нарыг хамруулах юм байна. Сургалтад хамрагдсан сургагч багшаар дамжуулан цэцэрлэгийн багш нарт “Амны хөндийн эрүүл мэнд” сэдвээр мэдлэг олгох ажээ. Сүүлийн жилүүдэд сургуулийн өмнөх насныхан болон ЕБС-ийн сурагчдын дунд шүдний цоорол өвчин эрс нэмэгдэх болсон. Шүдний цоорол нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнөөс гадна 200 гаруй төрлийн өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй, хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлийн дам шалтгаан болж байна. Тодруулбал, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн 2017 онд хийсэн судалгаагаар, бага насны хүүхдийн 86 хувь нь шүдний цооролтой, 14 хувь нь эрүүл гарчээ. Шүд цоорох өвчний тархалт сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд 86.2 хувь, сургуулийн насныханы дунд 86.1 хувьтай байсан аж. Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт өндөр байгаа нь иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал заншил бүрэн төлөвшөөгүйтэй шууд холбоотойг холбогдох албаныхан хэлж байна. Үүний улмаас шүдний өвчин хүндрэх, шүдгүйдэлд хүрэх, зажлах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямрах, төдийгүй нийгэмд харилцах өдөр тутмын идэвх алдагдаж, амьдралын чанар буурахад хүргэж байгааг онцолжээ.