Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын тайлангийн хугацаа дуусахад 3 хоног үлдлээ

Санхүүгийн тайланг тогтоосон хугацаанд гаргаж татварын албанд ирүүлдэг хуулийн дагуу НӨАТ-ын тайланг татварын албанд тушааж татварын тооцоо хийхэд 3 хоног үлдээд байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын улирлын тайланг улирлын дараа сарын 20-ны дотор, тухайн жилийн эцсийн тайланг дараа жилийн 2 дугаар сарын 10-ны дотор, НӨАТ-ын тайланг дараа сарын 10-ны дотор, онцгой албан татварын тайланг дараа сарын 5-ны дотор татварын албанд тушааж, татварын тооцоо хийх хуулийн хугацаатай юм.

Та тайлангаа өөрийн биеэр болон цахим хэлбэрээр, мөн шуудангаар ирүүлж болно гэдгийг татварын байгууллагаас мэдэгдэж байна. Татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байдаг.Энэ нь тайлан хүргүүлэхдээ татвараа төлсөн байх ёстой гэсэн үг. Татвар тайлагнах хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал түүний өмнөх ажлын өдөр татварын тайлангаа ирүүлнэ.

Та татварын хуулийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдах бол тайлан тушаах үүргээс чөлөөлөхгүй бөгөөд уг тайлан нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамруулах үндсэн баримт болно. Энэ нөхцөлд та тайлангаа тайлбарын хамт өөрийн биеэр татварын албанд ирүүлэх ёстой гэдгийг анхааруулж байна.

Та татварын албанд ирүүлсэн тайлангаа тайлагнах эцсийн хугацаа хүртэл засварлах эрхтэй ба засварлах тухай хүсэлтээ бичгээр илэрхийлэх ёстой. Татварын алба тайлан хүлээн авсан хугацааг татвар төлөгч өөрийн биеэр ирүүлсэн тайлангийн хувьд уг тайланг татварын албанд хүлээн авч баталгаажуулсан өдрөөр, шуудангаар ирүүлсэн тайлангийн хувьд илгээсэн өдрөөр, интернетээр ирүүлсэн бол цахим мэдээллийн системд илгээсэн өдрөөр тооцдогоо мэдэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй болно

Аргын тооллын 12 сарын 8, Санчир гараг. Билгийн тооллын 1, Гар одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 25 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ улс-төр

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо манай улсад айлчилж байна

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо энэ оны 12 дугаар сарын 8-9-нд Монгол Улсад айлчлал хийхээр ирж байна. Тэрээр Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчлал хийж байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, түүний дотор ГХЯ-д хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоно гэж ГХЯ-наас мэдээлж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт 17 градус хүйтэн байна

Өнөө маргаашдаа хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.

2018 оны 12 дугаар сарын 07-ны 20 цагаас 12 дугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

2018 оны 12 дугаар сарын 09-нөөс 12 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11, 12-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн 16 дугаар хорооны өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо

НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч П.Төмөрхуяг нарын санаачлагаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны “Насан урт” өрхийн эрүүл мэндийн төвд биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авах боломжтой иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Ингэснээр биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг анхны өрхийн эрүүл мэндийн төв болж байгаа юм.

Уг тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар цусны ерөнхий шинжилгээний хариуг 23 үзүүлэлтээр нэг минутын дотор гаргах боломжтой болж байгаа аж. Мөн биохимийн автомат анализатор нь хамгийн сүүлийн үеийн LED технологийг нэвтрүүлсэн элэг, цөс, нойр булчирхай, зүрх судас, бөөр зэрэг дотор эрхтний үйл ажилллагааг дүгнэх боломжтой юм байна.

Насан урт өрхийн эрүүл мэндийн төв нь тус хорооны 25490 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг байна. Өнөөдрөөс эхлэн иргэд биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ өгөхийн тулд заавал хоёр дахь шатлалын буюу дүүргийн эмнэлэг рүү явах шаардлагагүй, өрхийн эрүүл мэндийн төвдөө өгөх боломжтой болж байгаа юм.

НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар “БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч П.Төмөрхуяг, Япон, Монголын нийгэмлэг болон иргэд, байгууллагуудын тусламжтайгаар 40 гаруй сая төгрөгийн үнэ бүхий энэхүү тоног төхөөрөмжийг өнөөдөр 16-р хорооны ӨЭМТ-д гардуулан өглөө. Бид эдгээр аппарутуудыг авахдаа иргэдээс авсан судлагаан дээр үндэслэсэн. Дүүргийн эмнэлэгт иргэд очиж шинжилгээ өгөхөд оочер дараалал ихтэй, хариу удаан гардаг зэрэг гомдол их иржг байсан. Өнөөдрөөс эхлэн 16, 19 дүгээр хорооны иргэд, оршин суугчид дүүргийн эмнэлэг рүү явалгүй, ачаалал багатай өрхийн эрүүл мэндийн төв дээрээ шинжилгээ өгөх боломжтой болж байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн байгууллагуудад сахилга хариуцлагаа сайжруулж ажиллахыг даалгалаа

НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар дамжуулан “Нийслэлийн эх, хүүхэд, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” зөвлөгөөн болон эм, эмнэлгийн хэрэгслийн захиалга, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн төрийн өмчийн 234 цэцэрлэгийн захирал, эрхлэгч, арга зүйч нарт зориулсан “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтыг зохион байгуулах талаар холбогдох хэлтсээс нь мэдээлэл хүргэлээ.
Мөн энэ хүрээнд улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын хамралтын мэдээ, цахим программ ашиглалтын байдалд хийгдсэн хяналт үнэлгээ, 2018 оны эхний 11 дүгээр сарын байдлаар хепатит В, С вирүсийн илрүүлэг үзлэгийн мэдээллийг харьяа байгууллагын удирдлагуудад танилцуулсан юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар энэхүү хурлын төгсгөлд томуу, томуу төст өвчний үед эмнэлгүүдийн хүүхдийн нэмэлт орыг үе шаттайгаар дэлгэн зохицуулалт хийж, уртасгасан цагаар ажиллаж буй эмч сувилагч нарын хуваарилалт болон эм тарианы хангамж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд хүлээгдэл чирэгдэлгүй түргэн шуурхай хүргэхэд анхаарч, сахилга хариуцлагаа сайжруулах, мөн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлаа эрчимжүүлэх үүрэг даалгаврыг харьяа байгууллагын дарга нарт үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

“Шинэ санаа – Шилдэг инноваци 2018” уралдаан боллоо

Нийслэлд болон жижиг, дунд үйлдвэрийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх төсөл гэсэн үндсэн хоёр чиглэлийн хүрээнд шинэ шийдэл бүхий техник технологийг нэвтрүүлэх, шинэ санаа, инновацийг дэмжих зорилгоор “Шинэ санаа – Шилдэг инноваци 2018” төслийн уралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран амжилттай зохион байгууллаа.

Уралдааны эхний шатанд дээрх хоёр салбар бүрээс 10 төсөл шалгаруулж нийт 20 төслийн эздийг Улаанбаатар инновацийн төвд гурван өдрийн хурдасгуур хөтөлбөрт хамруулан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн орчин үеийн чиг хандлага, бизнесийн хэтийн стратеги, гол анхаарах зүйлс болон түгээмэл гаргадаг алдаануудын талаар сургалт зохион байгууллаа.

Ийнхүү шалгарсан 20 төслөөс Нийслэлийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шилдгийн шилдгээр “Эко бин” ХХК-ийн “Экобин хог хаягдлын менежментийн шийдэл” төсөл шалгарч 10,000,000 төгрөг, Жижиг дунд үйлдвэрийн салбарын шилдгийн шилдгээр “Бийлог Техноложиес” ХХК-ийн “Бэлгэвчний ATM” төсөл шалгарч 15,000,000 төгрөгийн грант олголоо гэж Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.

“Шинэ санаа - Шилдэг инноваци 2018” уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Categories
мэдээ нийгэм

Нийтийн сонсгол зохион байгууллаа

Баянзүрх дүүргийн 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн төсөөллийн Нийтийн сонсголыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр зохион байгууллаа. Нийтийн сонсгол нь иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчиллын үндсэн зарчмыг баримтлан ‘’Нийтийн сонсголын тухай’’ хууль, ‘’Нийтийн сонсгол зохион байгуулах’’ журмын дагуу дүүргийн Тамгын газрын ‘’Чуулга’’-ны танхимд болсон юм. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин нийтийн сонсголыг даргалсан бол Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Өсөхбаяр Баянзүрх дүүргийн 2019 оны төсвийн төсөөллийг танилцууллаа. Харин Төлөвлөлт, гүйцэтгэл хяналт, шинжилгээний хэлтсийн дарга П.Сумьяасүрэн дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөгөө, Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн талаарх сонсголыг нийтэд хүргэлээ. Төсвийн төсөөллийн талаар мэдээлэл авч, сонсголд оролцохоор 122 иргэн хүсэлтээ ирүүлснээс 70 хүн оролцсон байна. Харин сонсголтой холбогдуулан долоон иргэн санал хүсэлтээ хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын байгууллагын аварга шалгаруулах 2018 оны спортын тэмцээн Сэлэнгэ аймагт эхэллээ

Онцгой байдлын албаны алба хаагчдын ажил, үүрэг гүйцэтгэх бие бялдрын байнгын бэлэн байдал, ур чадварыг дээшлүүлэх, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, спортоор бие даан хичээллэх идэвхи сонирхлыг өрнүүлэх зорилгоор ОБЕГ-ын харъяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооноос зохион байгуулж буй 2018 оны спортын аварга шалгаруулах гурван төрөлт тэмцээн өнөөдөр Сэлэнгэ аймагт эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа Я.Гантөмөр, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай, бүсийн төвүүдийн дарга нар болон НОБГ-ын дарга, хурандаа Ж. Чүлтэмсүрэн нар оролцож, тэмцээнд амжилт хүссэн юм.

Спортын тэмцээнд ОБЕГ, Үндэсний аврах бригад, Нийслэлийн онцгой байдлын газар, болон бүсийн төвүүдийн нийт 300 гаруй алба хаагч оролцож байна.

Алба хаагчид сагсан бөмбөг, усанд сэлэлт, заалны хөлбөмбөгийн төрлүүдээр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ХАА-н гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна гэв

ЗГХЭг-ын дарга Г.Занданшатар өнөөдөр дэлхийн банкны суурин төлөөлөгчийг түр хамаарагч Паскал Нгануг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдсанаас хойш тодорхой үр дүн гарч байгааг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Эдийн засагт өсөлт гарч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн алдагдалгүй болж байгааг тэмдэглэв. Цаашид эдийн засгаа төрөлжүүлэх, экспорт, ялангуяа ноос, ноолуур, мах, махан бүтээгдэхүүн гээд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна гэв.

Мөн “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Хөгжлийн банкны удирдлага, зохион байгуулалтыг олон улсын стандартад нийцүүлж сайжруулахаар ажиллаж байгааг хэлэв. Монгол Улсын Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа үр дүнд хүрч байгааг Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэлээд хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн өдөр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломменийг хүлээн авч уулзлаа. Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-оо тодорхойлж энэ хүрээнд төрийн албаны болон эдийн засгийн шинэчлэл зэрэгт онцгой анхаарч үр дүнд хүрч байгааг сайд Г.Занданшатар тэмдэглэв. Уул уурхайд түшиглэсэн эдийн засгаа олон тулгууртай болгох үүднээс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг дэмжих чиглэлээр шаардлагатай бүх арга хэмжээ авч байгааг хэлэв. Тухайлбал АНУ-д ноос, ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй оруулах, бусад орон руу мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг бүтээгдэхүүн түлхүү экспортлохоор тохиролцож байна гэлээ. Хөгжлийн банк ч экспортыг дэмжих чиглэлээр ажиллах ёстой. Иймээс банкны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр туршлагаа хуваалцаж, техникийн туслалцаа үзүүлэхийг Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчөөс хүсэв.

Мөн нэр бүхий судалгааны байгууллагаас олон нийтийн дунд явуулсан судалгаагаар иргэдийн дийлэнх олонхи нь Засгийн газрыг дэмжиж байгааг дурдлаа.

Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, үр дүнд хүрч байгаадаа сэтгэл хангалуун байна гэдгээ Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен илэрхийлэв. Тухайлбал “Эрдэнэс Монгол” компанитай хамтран засаглал, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, аймаг, сумдын хөгжлийг дэмжих зэрэг төсөл амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд удахгүй өртөг багатай, ногоон орон сууцны хороолол барих төсөл эхлэх гэж байгааг хэлэв. Цаашид Хөгжлийн банкны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.