Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ангарагийн салхины чимээг NASA анх удаа хүн төрөлхтөнд сонсгож байна

АНУ-ын сансар судлалын агентлаг NASA судалгааны шинэ робот станцаа арваннэгдүгээр сард Ангараг гарагт амжилттай газардуулсан. Уг судалгааны станцын тусламжтайгаар хүн төрөлхтөнд анх удаа алс холын Ангараг гарагийн салхины чимээг сонсох боломж тохиож буй талаар www.theguardian.com мэдээлжээ. Энэхүү станц нь Ангарагийн хөрсний дотор талыг судлах зорилготойгоор хөрсний чичиргээ, доргионыг хэмжих зориулалттай өндөр мэдрэмтгий багаж төхөөрөмж суурилсан байгаа аж. Уг төхөөрөмж арванхоёрдугаар сарын 1-ний өдөр салхины нөлөөгөөр үүссэн агаарын урсгалын чичиргээг бичиж авснаа дэлхий рүү илгээжээ. Судлаачдын тооцоолсноор тухайн үед салхины хурд 16-24 км/цаг орчим байжээ. Гэхдээ салхины чимээг бичих зорилго NASA-д анхнаасаа байгаагүй, энэ нь санамсаргүй тохиолдол байжээ. 2020 онд Ангарагт илгээх дараагийн станц нь өөр дээрээ хоёр микрофонтой байх тул харь гарагийн дуу чимээг бодитоор нь сонсгох ажээ.

Categories
мэдээ нийгэм

535 мянган га талбайд ойжуулалт хийхээр төлөвлөжээ

Монгол Улсын хэмжээнд 1,701.3 мянган га ой түймэрт нэрвэгдсэн, 134,8 мянган га ой ойн хөнөөлт гавж, өвчинд нэрвэгдсэн, 104,8 мянган га талбайд мод бэлтгэсэн байна. Дэлхийн нийт газар нутгийн 30 орчим хувийг эзлэн ургадаг ой мод нь дэлхийн дулаарлын үндсэн шалтгаануудын нэг болсон нүүрс хүчлийн хийг 80 хувь хүртэл шингээдэг. Өнөөгийн байдлаар манай улсад 535, 0 мянган га талбайд ойжуулалт хийхээр, 1,202.4 мянган га талбайд байгалийн сэргэн ургалтанд туслах ажил гүйцэтгэхээр 43.0 мянган га талбайд өсвөр модыг хамгаалахаар авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан байна. Ой доройтож хомсдосоор байгаа өнөө үед ойжуулалт ойг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх түүнийг чанар, үр дүнг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Avengers”-ийн шинэ ангийн трейлэр цацагдлаа

“Марвел студи”, “Уолт Дисней” компани “Avengers” франчайзын үргэлжлэл “Avengers: Endgame” киноны албан ёсны трейлэрийг өчигдөр олон нийтэд цацлаа. Ирэх оны дөрөвдүгээр сарын 26-нд албан ёсны нээлтээ хийх уг кинонд өмнөх ангийн дүрүүдээс гадна Ахмад Марвел, Шоргоолжин хүн албан ёсоор нэмэгдсэн байна. Киноны зураг авалт “Infiniti War” төсөл дууссаны дараа албан ёсоор эхэлсэн байна. Түүнээс гадна “Avengers: Endgame” киноны визуал эффектийг “Industrial Light & Magic”, “Weta Digital” тэргүүтэй 12 компани хийж байгаа аж. “Avengers”-ийн шинэ ангийг өмнөх ангийн нэрээр нэрлэнэ гэж 2014 онд олон нийтэд зарласан ч ийнхүү эцсийн мөчид “Endgame” гэж нэрлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Илүүдэл жингээ хасах арван аргыг хэрэгжүүлээрэй

1. Ус байнга уу, зарим үед цай уу

Ус илчлэггүй тул турахыг хүсэж буй хүн бүрийн уух ёстой цор ганц ундаа. Ус мөн хорыг гадагшлуулж, бодисын солилцоог дэмжиж өгдөг учир жин хасахад тусалдаг. Байнга ус уухад хэтэрхий амтгүй санагдаж байвал зарим үед бүлээн цай ууж болно. Ногоон болон хар цай аль аль нь антиоксидант, полифенолоор баялаг тул илүүдэл жинтэй хүмүүс уухад тустай.

2. Хоолоо удаан зажилж ид

Хоолыг удаан зажилж идсэнээр хурдан турдаг. Тархи хоол тэжээл хэрэглэж буй тухай дохиог биений бусад хэсэгт 20 минутын дараа өгдөг тул хоолоо удаан зажилж идвэл амархан цадах болно. Түүнээс гадна удаан иддэг хүмүүс хоолоо ихдүүлдэггүй гэнэ. Хурдан иддэг хүмүүс хүнд жинтэй, таргалах хандлагатай байдаг нь судалгаагаар нотлогдоод байна.

3. Халуун ногоотой хоол ид

Халуун ногоотой хоол илчлэг шатаах үйл явцыг хурдасгадаг гэнэ. Мөн бодисын солилцоог ойролцоогоор 8%-иар нэмэгдүүлдэг. Халуун ногоотой хоолонд дуртай хүмүүс хоолоо удаан иддэг тул мөн жин хасахад амархан байдаг аж.

4. Зуушиндаа зохистой хоол хүнс хэрэглэ

Хооллолтын дундуур хөнгөн зууш идсэнээр хоолыг хэт их идэхээс сэргийлж чаддаг. Гэхдээ ямар төрлийн зууш идэхээс бүх зүйл шалтгаална. Чипсний оронд самар, жимс хэрэглэх нь илүү эрүүл сонголт байх болно. Зүсэм алим эсвэл жимстэй тараг идэхэд тохиромжтой.

5. Үндсэн хоолоо идэхээс өмнө шөл уу

Үндсэн хоолоо идэхээс өмнө жижиг аяга шөл уувал хоолны дуршлыг дарж чаддаг аж. Ингэснээр их хэмжээний мах, шарсан тахиа эсвэл паста идэх хүсэлгүй болчихно. Хоолыг удаан зажилж идэхтэй адил шөлөө хөрөхийг хүлээж байх зуур тархи ходоод руу хоол ирж буй тухай дохиог илгээх болно. Илчлэг ихтэй хоолыг их хэмжээгээр идэхээс өмнө танд цатгалан болсон мэт мэдрэмж төрөх ажээ.

6. Сайн унт

Эрдэмтдийн хэлж буйгаар нойр дутуу хүмүүс их идэж, таргалах хандлагатай байдаг байна. Шөнө нь хангалттай нойр авч чадаагүй тул өдрийн турш нойрмог явна. Энэ үед бие махбод таныг сэргээж, эрч хүч авахын тулд илүү илчлэг, шимтэй хоол нэхэж дохио өгдөг. Нойргүй явах нь мөн бодисын солилцоог удаашруулах муу талтай. Бодисын солилцоо муудсанаар илчлэгийг шатаах бус хадгалах болж, улмаар таргалах болно.

7. Сэрүүн өрөөнд унт

Хүний биеийн хэм унтаж байх хойгуур буурдаг ба бие тань өөрийгөө дулаацуулахын тулд хадгалсан өөх тосыг шатааж эхэлдэг. Харин сэрүүн өрөөнд (18оС) унтсанаар хэвийн хэмтэй (23оС) өрөөнд унтсан хүнээс 7%-иар илүү их илчлэгийг шатааж чаддаг гэнэ. Мөн сэрүүн өрөөнд унтах үед бие тань хэрэгцээт өөх тосыг шатаах нь 2 дахин нэмэгддэг тул бодисын солилцоо сайжирдаг байна. Бас нэг давуу тал нь та өглөөд илүү сэргэг, эрч хүчтэй сэрэх болно.

8. Өөдрөг үзэлтэй бай

Судлаачдын тогтоосноор хүн 15 минут инээх үед 10-40 илчлэг шатдаг аж. Та энэ хэмжээний илчлэгийг 30 минут хүчний дасгал хийснээр шатаах боломжтой. Гэхдээ үүнийг сонсоод буйдан дээрээ суугаад инээдмийн нэвтрүүлэг өдөржин үз гэсэн үг биш. Харин өөдрөг үзэлтэй байж, сайн сайхан зүйлсийн талаар бодож, таныг өдөр бүр инээлгэх зүйлсийг олж хийснээр бие махбод тань дотроосоо эрүүлжих нь гарцаагүй. Мөн илчлэгийг шатаахаас гадна өөдрөг бодол санаа дархлааны тоогтолцоог идэвхжүүлдэг тул та өвдөхгүй байх нөхцөл бүрдэх юм.

9. Стрессээ хяна

Бие махбодийн болон сэтгэл санааны стрессээс болж анхандаа жин хаях магадлалтай. Гэхдээ стрессээс үүдэн бие дахь кортизолын түвшин нэмэгдэх үед хоол эсвэл амттан идээд л баймаар санагдах болно. Иймд стрессээ хянаж, иог, алхалт, гүйлтээр хичээллэж, өөрийн сонирхдог зүйлсээ хийх хэрэгтэй.

10. Олон ажил нэг дор хийхээс татгалз

Нэг дор олон зүйлд санаа зовсоноор стрессийн түвшин нэмэгдэж, тархи нэг зүйлд төвлөрөхгүй сатаарч эхэлдэг. Олон ажил хийх үед та хийх ёстой зүйлсийнхээ талаар бодож зөв зохистой хооллолтын талаар мартаж орхино. Мөн энэ үеэр хүн өөрийн мэдэлгүй их идэх хандлагатай байдаг тухай Харвардын анагаахын сургуулийн хийсэн судалгаанаас харж болно.

Categories
мэдээ эдийн-засаг

Ирэх онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 төгрөг болно

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон өсгөх шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Энэхүү шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх юм. Мөн гурван талын хэлэлцээгээр 2020 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмж, 420 мянган төгрөг болгохоор тохиролцсон.

Хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтоохоор заасан байдаг. Хамгийн сүүлд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг болгосон бөгөөд ийнхүү ирэх оны эхний өдрөөс уг хэмжээ 320 мянгад хүрэх нь. Ингэснээр ажил эрхлэгч иргэн хамгийн багадаа цагийн 1904.7, өдрийн 15.2 мянган төгрөгөөр цалинжих юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өөрчлөлт:

2008.01.01-нээс 108000 мянган төгрөг
2011.04.05-наас 140400 төгрөг
2013.09.01-нээс 192000 төгрөг
2017.01.01-нээс 240000 төгрөг
2019.01.01-нээс 320000 төгрөг

Categories
мэдээ спорт

Азийн “Challenge Cup” тэмцээнээс Монголын хоккейчид мөнгөн медаль хүртлээ

Малайзын нийслэл Куала-Лумпур хотод зохиогдсон олон улсын шайбтай хоккейн холбооны /IIHF/ албан ёсны тэмцээн болох 20 хүртэлх насны Азийн “Challenge Cup” тэмцээнээс Монголын баг мөнгөн медаль хүртлээ.
Монголын залуучуудын шигшээ баг эхний тоглолтод Тайландад 14:1-ээр хожигдсон ч Кувейтийн шигшээ багийг 9:2-оор хожсон. Улмаар хэсгийн сүүлийн тоглолтоо Индонезитой хийж, 3:1-ээр ялалт байгуулснаар Азийн “Challenge Cup” тэмцээний дэд аварга болов. Тайландын баг гурван хожилтой, есөн оноогоор тэргүүлсэн бол Монголын баг зургаан оноогоор удаалж, Индонез нэг хожилтойгоор гуравдугаар байрт бичигдэв. Харин Кувейтийн баг нэг ч хожил авч чадаагүй байна.



Categories
мэдээ нийгэм

Ан агнуур, загасчлалын үндэсний анхдугаар чуулган болж байна

“Ан агнуур, загасчлалын үндэсний анхдугаар чуулган” өнөөдөр Цэнгэг ус, байгалийн нөөцийн газарт болж байна. Монголын Ан, агнуурын холбоо, БОАЖЯ-наас зохион байгуулж буй чуулганаар БОАЖЯ-ны мэргэжилтэн Н.Жамьянхүү “Монгол Улсын ан агнуур, загасчлалын эрхзүйн орчин, уламжлал, өнөөгийн байдал-ын талаар, МУИС-ийн профессор, Монголын Ан агнуурын холбооны тэргүүн Р.Самьяа “Агнуурын нөөцийн менежментийг боловсронгуй болгох арга зам” сэдвээр илтгэл тавьж байна. Мөн Геоэкологийн хүрээлэнгийн доктор Б.Мэндсайхан “Монгол орны агнуурын загасны нөөц, ашиглалт, хамгаалал” сэдвээр, “Монголын загасчлах спортын холбоодын нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Тэмүүжин “Монголын загасчлалын өнөөгийн байдал, ололт амжилт, цаашдын зорилт”-ын талаар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж байна. Чуулганаар манай улсад агнуур зүйн салбарын мэргэжилтэн бэлтгэх боломж, олзворын ангийн уламжлал, олон улсын туршлага, агнуурын бүс нутгийн менежмент зэрэг ан агнууртай холбоотой олон асуудлыг хөндөж, мөн ан агнуурын үзэсгэлэн гарч байна.

Categories
мэдээ нийгэм

Малын хулгайг хяналтын системээр илрүүлдэг боллоо

Хулгайн малыг хяналтын системээр илрүүлж болох тухай Мал эмнэлгийн Ерөнхий газар мэдээлсэн. Энэ тухай тус газрын мэргэжилтэн Л.Даваасүрэнгэээс тодрууллаа. ” Авто замын постуудад тоног төхөөрөмж байршуулна. Машинд ачиж яваа малыг ээмэгнийх нь дугаараар алсын зайнаас /10-20 метрийн зайнд/ унших юм. Гарал үүслийн бичгийг малын эмчээс авсан бол малын мэдээлэл гараад ирнэ. Аль аймгийн ямар сумаас, хэн гэдэг малчны хотоос авч яваа вэ гэдэг нь тодорхой гарна. Хэрэв гарал үүсэл байхгүй бол малын хулгай юм уу, эсвэл зөвшөөрөгдөөгүй мал явж байна гэсэн үг. Магадгүй сэжигтэй бүсээс нууцаар мал тээвэрлээд явж байж магадгүй, энэ тохиолдолд халдварт өвчин тарах эрсдэлтэй. Замын пост дээр ажиллаж буй эмч, цагдаа нар үүнийг хянаж зогсооно. Ийм маягаар малчнаасаа малын эмчийн зөвшөөрөлтэйгээр сумаасаа гараад, постонд ирээд, постоосоо үйлдвэрт, үйлдвэрээсээ боловсруулагдаад хүнсний дэлгүүрт ирнэ. Мөн хүн бүр ухаалаг утас хэрэглэдэг болсон учир мал эмнэлгийн гэрчилгээ апплейкшныг андройд үйлдлийн системтэй утсандаа суулгаж, махны QR кодыг уншуулснаар дэлгүүрт худалдаж буй махны гарал үүслийгч ч мэдэх боломжтой гэж гэсэн хариулт өгөв.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны дэд сайд Бали-гийн Ардчиллын форумд оролцов

“Хөгжил цэцэглэлтийн төлөөх ардчилал” сэдвийн хүрээнд болсон энэ жилийн Бали-гийн Ардчиллын форумын Ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг оролцож, үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ ардчилал болон хөгжил цэцэглэлт нь хоорондоо харилцан хамааралтай бөгөөд Монгол Улс ардчиллын замыг сонгосон нь улс орондоо хөгжил цэцэглэлтийг цогцлоох хүчин чармайлтад томоохон хувь нэмэр болж байгааг тэмдэглээд өнөөгийн түвшинд хүрэхэд туулсан бэрхшээл, туршлагаас товч танилцуулсан байна. Форумын үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн дэд сайд Др.Абдуррахман Мохаммад Фачиртай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Бали-гийн Ардчиллын форум энэ удаа Индонез улсын Бали аралд 12 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд болсон юм.

Categories
мэдээ нийгэм

13 иргэнээс 70 сая төгрөг цахимаар залилжээ

Эрүүгийн цагдаагийн албаны “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс”-ийн алба хаагчид бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч мэхлэх аргаар мөнгө залилдаг байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. 14-18 насны таван этгээд бүлэглэн цахим орчин ашиглан 13 иргэнээс нийт 70 орчим сая төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулжээ. Гэмт этгээдүүд иргэдийн цахим хуудас, фейсбүүк хаягт хууль бусаар нэвтрэхдээ утасны дугаараар буюу дараа төлбөртэй 9911, 9910, 9909, 8811, 9191, зэрэг үүрийн холбооны дугаар эзэмшдэг иргэдийн фэйсбүүк хаягийг олж, нэвтрэх нэр, нууц үгийг утасны дугаараар тааруулан хакердан нэвтэрдэг байжээ. Ийнхүү тухайн хувь хүний харилцсан мессеж, чатыг уншиж судлаад мөнгө зээлэх боломжтой найз нөхөд хамаатан садан руу мөнгө зээлэх, гуйх зэрэг мессежүүдийг явуулж, мөнгө шилжүүлэн авсан үйлдлүүд тогтоогдоод байна. Тэд бас гудамжинд явж буй иргэдээс “Ах аа, эгч ээ хѳдѳѳ гэрээс мѳнгѳ ирж байгаа яаралтай авахгүй бол болохгүй байна. Би картаа гээчихсэн” гэх мэтээр худал хэлж, үл таних иргэний данс ашиглан дээрх мѳнгѳѳ гарган авдаг байжээ. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдүүдийн хоёр нь насанд хүрээгүй сургуулийн сурагчид байсан бөгөөд залилангийн гэмт хэрэгтээ улайран сургуульдаа сурахаа больсныг шалгалтаар тогтоосон байна. Уг хэргийг УЕП-ын хяналтад авч хэрэг бүртгэлтийн хэрэг нээн сэжигтэн Ш, Т, Н, Э, Д нарыг шалгаж байна. Эдний гурвыг нь цагдан хорьж, хоёрыг нь батлан даалтад шалгаж байна. Гэвч сэжигтэн 18 настай Ш нь энэ тѳрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн тул баривчилж цагдан хорьсон байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 26.1.2 мөн 17.3 дах зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Тиймээс цагдаагийн газраас иргэн та өөрсдийн гэсэн цахим хуудас тэр дундаа фэйсбүүк хаяг, нууц дугаарын энгийн байдлаар хийх, мөн сониуч байдлаасаа болж гэмт хэргийг хохирогч болохгүй, ѳѳрийн хувийн мэдээллээ нууцлах зэргээр болзошгүй эрсдлээс ѳѳрсдийгѳѳ хамгаалаарай. Мѳн ѳсвѳр насны хүүхдээ эцэг эхчүүд цахим орчинг хэт удаан хэрэглүүлэхгүй байх тал дээр онцгой анхаарахыг сануулж байна.