Ам.долларыг өчигдөр “Найман шарга” дээр 2617 төгрөгөөр авч 2626 төгрөгөөр арилжааллаа.
МАН Засгийн эрх авахаас өмнө инфляци нэг хувь, бодлогын хүү 10.5 хувь, валютын нөөц 1.3 тэрбум ам.доллар, долларын ханш 1980 төгрөгтэй тэнцэж байсан юм. Харин өнөөдөр инфляци долоо орчим хувь, бодлогын хүү 11.0 хувь, валютын нөөц 3.0 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй. Бараг гурван дахин их валютын нөөцтэй атлаа төгрөгийн ханшаа тавиад туучихсан, бодлогын хүү буураагүй, бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн муу дүр зурагтай байна. 2016 оны сүүлийн хагасаас хойш төгрөгийн ханш 646 төгрөгөөр суларсныг онцолъё. Ногоон валютын ханшийн өсөлтийг урт хугацаандаа улам чангарна гэсэн таамаг голлож эхэллээ. Төгрөгийн ханш суларч, доллар чангарч буй шалтгааныг жагсаая.
Төв банк валютын нөөцийг өсгөх бодлого барьж буйг ирэх оны мөнгөний бодлогоос харж болно. Монгол банк өдгөө гурван тэрбумд хүрсэн нөөцөө таван тэрбумд хүргэх зорилго тавьсан нь долларын ханш өсөх суурь болсон гэж тайлбарлах эдийн засагч цөөнгүй байна. 2019 оны мөнгөний бодлогыг анзаарахад Монголбанк аль хэдийнэ “Ирэх жил тун хэцүү байх болно. Бид долларын ханшийг интервэнцээр барьж чадахгүй шүү. Амь амиа бодоорой” гээд хэлчихсэн. Тоо уншдаг, бизнес хийдэг хэн ч мөнгөний бодлогоос ийм гаргалгаа хийж дөнгөнө. Манайх шиг импортын хамааралтай аж төрдөг улсын бизнес эрхлэгчдэд “Байгаа цөөхөн доллараа нөөцлөөд суухаас аргагүй” гэсэн дохиог төв банк нэгэнт өгчихсөн гэсэн үг.
Ирэх оны төсвийн зардал 11.6 их наяд төгрөг. Үүний гурван их наядаар нь барилга, байгууламж барина гэсэн тооцоо гарчихсан. Ийм шалтгаанаар төсвөөс тендер авч бизнес хийдэг эрхмүүдийн компаниуд доллар цуглуулж нөөцөлж байх магадлал өндөр гэх таамгийг эдийн засагчид хэлээд эхэллээ. Эдгээр компанийн хувьд бүтээн байгуулалт эхэлдэг үе буюу ирэх хавар барилгын материалаа гаднаас импортолж таарна. Дараа жил доллар ховордоно гэсэн дохиог төв банк бодлогоороо өгчихөөр барилгын компаниуд ногоон валют нөөцөлж эхэлсэн байхыг үгүйсгэх аргагүй.
Ер нь ханшийг удирддаг газрууд гэвэл үсрээд 100 гаруй компани, арилжааны банкууд л бий. Компаниудын тухайд уул уурхайн томчууд, шатахуун импортлогчид, өргөн хэрэглээний барааны цөөн хэдэн импорлогч компаниудыг нэрлэж болох юм. Ирэх саруудад доллар хомсдоно гэсэн дохио тэднийг доллар нөөцлөх, байгаа хэдээ тас атгахад хүргэсэн байж мэднэ.
Валютын сангийн шугамаар 800 сая ам.доллар орж ирнэ гэж буй. Гэхдээ яг орж ирэх эсэх нь өнөөхөндөө яг таг болоогүйг онцлох учиртай. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ч өнгө муутай байгаа. Оюу толгойг эс тооцвол гаднаас орж ирэх доллар бараг байхгүй шахам гэчихэд хэтрүүлэг болохгүй.
Шинэ жил дөхсөн өдийд хэрэглээний барааны импорт мэдрэгдэхүйц өсдөг. Өөрөөр хэлбэл зэс, нүүрс, ноолуураас олдог доллараа эргүүлээд импортондоо зарж байгаа нь долларын ханш өсөхөд бага ч гэсэн нөлөө үзүүлж эхэлжээ. Товчхондоо ирэх саруудад долларын хэрэгцээ өндөр байх шалтгаан нөхцөл бүрдээд байна. Ийм бодит шалтгаанаас гадна улстөрийн тогтворгүй байдал ч долларын ханш чангарахад ташуур өгч байна хэмээн эдийн засагчид онцолж эхэллээ.
Дашрамд дурдахадп Монголбанк 2018 он гараад 980 орчим сая ам.доллар зарсан ч, төгрөгийн ханш өнөө жилийн эхнээс долоо орчим хувиар суларсан статистик гарлаа. Эндээс төгрөгийн ханшийг сулруулж буй гол шалтгаан нь Монголбанк доллар зарж байна уу, үгүй юу гэдэгт биш гэсэн дүгнэлтийг хийчихэж болохоор байна. Харин төсөв, мөнгөний бодлогын уялдаагүй байдал, төсвийн 1.9 их наядаар тоологдож буй алдагдал, бараг хоёр их наяд дөхсөн алдагдлаа гадаад зээлээр нөхөөд явах зураг төгрөгийн сулралд том нөлөө үзүүлж эхэлсэн гэсэн эдийн засагчдын таамаг үнэнд ойрхон сонсогдож байна. Ирэх оны улсын төсөв эдийн засгийн суурь өвчнийг анагаахад, бүтцийг нь шинэчлэхэд эерэгээр нөлөөлөх бус, харин ч суурь өвчнийг даамжруулах, дараагийн хямрал руу халтирахад нөлөөлнө гэх таамаг давтамжтай сонсогдож буй.
Монголбанк энэ долоо хоногт бодлогын хүүгээ өсгөж, шинээр 28 долоо хоногтой үнэт цаас гаргах шийдвэр гаргасан. Төв банкны энэ шийдэл төгрөгийн ханш сулрах хурдыг бага боловч сааруулахад нөлөөлөх ч хангалттай үр дүнтэй байж чадах эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ ийм шийдэл гаргасан нь урагш ахисан алхам мөн үү гэвэл мөн. Ямартай ч Төв банк мөнгөний бодлогоо чангалаад эхлэхээр зээлийн хүү цаашдаа буурахгүй нь тодорхой боллоо. Энэ шийдвэрийг нөгөө талаас нь харвал эрсдэл өсч байна гэсэн үг. Ийм дохиог зах зээлд өгчихлөө. Төв банкны хувьд аргаа барсан шийдвэр. Учир нь энэ шийдвэр зах зээлд эргэлдэх төгрөгийг доллар болж хувирахад мэдрэгдэхээр саад үзүүлж чадахгүй. Өөрөөр хэлбэл төгрөгөө доллар болгох хандлага буурахгүй гэсэн үг.
Тэгвэл ийм арга ядсан байдлаас яаж гарах вэ? Эдийн засагчдын байр суурийг тоймлоод харахаар хэд хэдэн гарц байна. Засгийн газар үнэт цаас гаргахаа 2017 оны аравдугаар сараас зогсоосон. Үүнээс болж дөрөв гаруй их наяд төгрөг төв банкны үнэт цаасанд овоороод байгаа. Бүр тодруулж хэлбэл ханш суларна гэсэн хүлээлт нэгэнт бий болсон үед ийм их хэмжээний төгрөг доллар болж хувирах эрсдлийн өмнө улсаараа зогсч байна. Товчхондоо Засгийн газар хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд дотооддоо төгрөгийн үнэт цаас гаргадаг болох шаардлага үүсчээ. Ингэснээр төв банкны үүрч буй ачааг хөнгөвчилж, төгрөгийн ханшин дээрх дарамт шууд багасах давуу тал бий. Засгийн газрын дараагийн хийх учиртай алхам нь ирэх онд төсвийн алдагдлаа тэглэх. Ингэснээр шинээр өр үүсэхгүй, гадаадаас долларын зээл авах шаардлага гарахгүй, импортын өсөлт ч саарч, төгрөгийн ханш, инфляци дахь дарамт буурна.
Засгийн газрын оролцох дараагийн ажил нь ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас шилжүүлж авах. Ипотекийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, дурын иргэн дурын банкин дээр очиж найман хувийн ипотек авдаг болох боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Ингэснээр хүмүүсийн орлого орон сууцанд уягдаж, инфляци буурч, төгрөгийн ханшин дээрх дарамт багасах эерэг нөлөөлөл бий. Хүмүүс автомашин авч унахаа болихоор автомашины импорт ч багасна. Төгрөгийн ханшид ч дэмтэй.
Дотоодын үйлдвэрлэл, жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг дэмжиж, арилжааны банкуудаар дамжуулж олгох орчныг бүрдүүлэх ажил ч Засгийн газрын өмнө байна. Ингэснээр ирээдүйд ажлын байр нэмэгдэж, орлого, хуримтлал сайжрах боломж бүрдэнэ. Энэ засгийн хувьд дан ганц уул уурхай дээр суурилсан эдийн засгийг өөрчлөх алхмыг хийхгүй явсаар өнөөг хүрээд байгаа юм.