Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
34 нас гэдэг мэргэжлийн тамирчин хүний хувьд пүүзээ хананд өлгөж замналаа өндөрлүүлэх талаар бодож эхэлдэг үе. Ийм насандаа спортод хөл тавьж тив дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож өндөр амжилт гаргасан бодибилдинг, фитнессийн спортын дэлхийн гурван удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Ганбагын Угалзцэцэгийн гэр бүлийг “Танайд өнжье” буландаа онцолж байна. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Хүннү” хороололд байрлах “CHAMP” фитнесс клубт бэлтгэлээ базааж байхад нь очсон юм. Үүдний текен дээр суух 20 орчим настай бүсгүйгээс нэвтрүүлгийн зочноо сураглавал бэлтгэлийн заал руу заасан юм. Бэлтгэлийн тэнхимийн үүдэнд хэд хэдэн алт, мөнгөн цом, медалиуд байршуулжээ. Тус клубийн тамирчдын үзүүлсэн амжилтууд нь бололтой. Цааш алхвал зүүн гар талын ханан дээрх гарын үсгүүд нүдэнд туслаа. Лавлаж асуувал өнгөрсөн наймдугаар сард болсон тус клубийн нээлтийн хүлээн авалтад ирсэн эрхмүүд гарын үсгээ үлдээсэн нь энэ аж. Анхааралтай харвал жүжигчин Амарсайхан, Эмоци продакшны хамт олон зэрэг олны танил эрхмүүд “CHAMP” клубийн хананд мутраа үлдээжээ.
Заал руу шагайвал Угалзцэцэг клубийн тамирчдын хамт бэлтгэлээ базааж байв. Ирэх долоо хоногт Тайланд улсад зохион байгуулагдах насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ зэхэж буй нь энэ ажээ. “Амьдралын нэг өдөр энэ зааланд л өнгөрнө дөө. Өглөө 6:00 цагт ирнэ. Орой 12:00 цагт гэртээ харина. Өдөртөө зав гаргаад өрөөндөө унтчихна. Өнөөдөр ч гэсэн оройтож харих нь шиг байна” гэсээр биднийг угтсан юм. “CHAMP” фитнесс клубт зүгээр жин хасах гэсэн хүмүүс цугладаггүй бололтой. Гол төлөв тэмцээнд оролцдог тамирчид бэлтгэлээ хийж байгаа харагдав. Клубийн нэг хэсэгт тамирчдад зориулсан хоол хүнс, хувцас хэрэглэл өрсөн лангуу байрлуулжээ.
Тэртээ 1978 онд Гамбага гэдэг айл шинэ хүнээ хүлээж авсан нь өнөөдрийн Монголын бахархал Угалзцэцэг байжээ. “Намайг төрөхөд ээж эмнэлэг орж амжаагүй юм билээ. Хүн болж мэндэлсэн газар маань нагац ахын минь гэр. Нэг их угалзан хээтэй хивсэн дээр төрсөн учраас аав, ээж минь Угалзцэцэг гэх нэр хайрласан” хэмээн содон нэрнийхээ учрыг тайлбарлав.
Г.Угалзцэцэгийн бага насны амьдрал спортоос хол хөндий байж. Тамирчин болох нь битгий хэл биеийн тамирын хичээлдээ ч ордоггүй махлаг охин байсан гэнэ. Сүүлд дэлхийд данстай тамирчин болоод ангийнхантайгаа уулзахад мэл гайхацгаасан аж. Дэлхийд үнэлэгдсэн тамирчин болохоо төсөөлөө ч үгүй охин дунд сургуулиа төгсөөд дизайнерийн чиглэлээр суралцаж бакалаврын диплом өвөртөлжээ.
Угалзцэцэг бэлтгэлээ базаах зуураа “Би эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж үзээгүй. Сурагч байхдаа гэрэл зурагт дуртай, аппарат цүнхлээд явдаг охин байлаа. Сургуулиа төгсөөд хүмүүсийн гэрэл зураг авбал хэдэн төгрөг олж болох юм байна гэсэн санаа төрсөн л дөө. Санаагаа ажил хэрэг болгож гэрэл зургийн студи ажиллуулж эхэллээ. Хажуугаар нь бэлэн хувцасны лангуу ажиллуулна. Дизайны мэдрэмжтэй болохоор ч тэр үү, авчирсан хувцас маань хоёр хоноод л дуусчихна. Дуусангуут нь дахиад бараандаа явна. Ийм эргэлттэй явахаар сарын бараг 15 хоногийг замд явж өнгөрүүлнэ. Нөхөр маань гэр бүлийн харилцаа хөндийрлөө гэж хэлэхэд больсон. Гэрэл зургийн студидээ ажиллаж байхдаа хөдөлгөөний дутагдлаас болоод жин нэмсэн л дээ. Жингээ хасах зорилгоор фитнесст явж эхэлсэн юм. Аэробикээр хичээллэж идэвхтэй хөдөлгөөн хийгээд эхлэхээр огцом турдаг юм билээ. Хэтэрхий тураад байсан учраас төмөр өргөж эхэлсэн” гэж ярьсан юм.
Энэ үедээ Угалзцэцэг аль хэдийнэ 30 гарсан байжээ. Энэхүү хүнд спортоор хичээллэж эхлэхэд нь эрс хориглосон хүн олон байсан гэнэ. Угалзцэцэг энэ тухайгаа “Бэлтгэл хийж эхлэхэд ойр тойрны хүмүүс эмэгтэй хүн хэзээ төмөр өргөж байсан юм. Бие хаа чинь ч дийлэхгүй. 34 нас хүрсэн чамд тамирчин болох амар биш гэж дургүйлхэж хорьж байсан” хэмээн дурсав.
Угалзцэцэг гурван сар орчим төмөр өргөөд л үр дүнг нь мэдэрчээ. Биеэ хөгжүүлээд тэмцээнд орж болох юм гэсэн бодол тэр үед төржээ. “Ажлаа хийгээд хажуугаар нь бэлтгэл сургуулилт хийхэд амар байгаагүй. Дээрээс нь уураг, нэмэлт тэжээлийн мөнгийг өөрөө гаргах учраас санхүүгийн хувьд хүндрэлтэй байлаа. Гэхдээ дур сонирхолтой зүйлдээ яаж ийж байгаад цаг зав, мөнгө хөрөнгө гаргасан л даа. Хэрэгцээтэй аминдэмээ хэрэглээд болоод л байсан” гэж байна.
Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль авчихаад баярласнаа ярив. Манайхан хүрэл медалийг хожигдож биш, хожиж авдаг медаль хэмээн бэлгэшээдэг болохоор л тэр шүү дээ” гэж хэлээд хөгжилтэй инээв. Энэ медаль ч булган сүүлтэй байж дараа дараагийн уралдаан тэмцээндээ амжилтаа ахиулжээ.
2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль зүүгээд ирэхэд ойр тойрныхон нь одоо болно, том тэмцээнээс медаль авлаа гэх хандлагатай байсан гэнэ. Харин дараахан нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд ирэхэд тэдний хандлага өөрчлөгдөж бэлтгэл хийх боломж бололцоогоор хангаж, тэмцээнд явахад нь дэмжиж эхэлжээ. Дургүйцээд байсан англи, хятад хэлний орчуулагч дүү нар нь хүртэл фитнессийн заалаар эргэлдэж салахаа больжээ. “Би бусад хүмүүсээс хоёр дахин илүү бэлтгэл хийж, хоолны дэглэмээ ч илүү нарийн барьдаг байсан учраас гуравхан жилийн хугацаанд дэлхийн аваргын хэмжээний тамирчин болсон. Алдартай тамирчны зураг хараад л үүн шиг биетэй болно гээд төмрөө өргөдөг байлаа” хэмээн ярив.
Амжилтанд хүрсэн хүн бүрийн цаана гэр бүл нь байдаг. Г.Угалзцэцэгийн гэр бүлийн хүнийг Мөнгөнбаяр гэдэг. Удам дамжсан зураач мэргэжилтэй тэрбээр эхнэрээ дэмжиж Монголын бодибилдинг фитнессийн холбоонд алба хашдаг юм байна. “Гоо сайхны шивээс чадварлаг хийдэг гэдгээр хүмүүс илүү танина даа” гэж Г.Угалзцэцэгийн шавь нар хэлсэн юм.
“Дэлхийн аваргын тэмцээнд бэлдэх бүх санхүүг гэр бүлийн хүн маань хариуцдаг. Тэмцээний бэлтгэлийн үед миний санхүүгийн орлого зогсоно шүү дээ. Энэ үед миний ард бат зогсож, амжилтын нэг хэсэг болж өгдөг” гэж гэр бүлийнхээ хүний талаар ярив.
Бодибилдинг, фитнессийн спортын тамирчид эрүүл хооллох шаардлагатай байдаг.Олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэгийн гол хүнс нь тахианы цээж мах, болон броколли байцаа гэнэ. Бодибилдингээр хичээллэдэг тамирчдын хүнсэндээ түлхүү хэрэглэдэг өндөг ч түүний хүнсний цэсийн эхэнд бичигддэг.
Өнгөрсөн жил АШУҮИС-ийг дүүргэсэн М.Мойлоо ээжийнхээ шийрийг хатаахаар бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Тэрбээр Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхний тавд шалгарснаар олон улсын тэмцээнд оролцох эрхээ авчээ. Өнөө жил залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа гэнэ.
“Фитнессийн спорт хүнийг залуу харагдуулдаг шүү. 40 хүрсэн би охинтойгоо гадуур алхахад үеийн юм шиг л харагдана шүү дээ. Би охиныгоо ийм хүнд спортыг сонгож хичээллэ гэж шаардаагүй. Өөрийн сонирхлоороо сонгосон зам нь энэ. Өөрийн дур сонирхолтой зүйлээрээ амжилт гаргах магадлал өндөр байдаг. Амжилт гаргахад шаардлагатай бүх зүйлээр нь дэмжиж өгнө. Өөрийнх нь хичээл зүтгэл шийдэх биз. Өнөөдөр охин маань надаас ч ачаалалтай бэлтгэл хийдэг” хэмээв.
Ээжийнхээ дэргэд эрхлэх биш, дасгалжуулагчийн ажилд нь хувь нэмрээ оруулж, хажуугаар бэлтгэлээ базааж буй охин нь “Ээж намайг хүчилж энэ спорт руу оруулаагүй. Фитнессийн спортын гоё сайханд татагдаж л энэ замыг сонгосон. Оргилд нь гарахын тулд хичээнэ дээ” хэмээн ярилаа.
Г.Угалзцэцэгийн нэг зорилго нь чадварлаг тамирчдыг бэлтгэж гаргах гэнэ. Энэ зорилгынхоо хүрээнд өнгөрсөн наймдугаар сарын 1-нд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд “CHAMP” фитнесс клубийг нээжээ. Гол төлөв залуу тамирчид болон урлаг спортын одод энэ клубээр үйлчлүүлдэг байна. Удахгүй төрөн гарах шилдэг тамирчдын нэг нь түүний том охин М.Мойлоо ч байж болох юм.
Бодибилдинг фитнесс гэх эмэгтэй хүнд ахадсан ачаалалтай спортоор ердөө зургаан жил хичээллэж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алтан медаль хүртсэн түүний амжилтыг төр өнөөг хүртэл үнэлж амжаагүй л байна гэсэн үгийг ойр тойрныхон нь хэлж байсныг энэ дашрамд онцолъё. Их спорт хэмээн нэрлэдэг жүдо, чөлөөтийн тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль зүүгээд ирэхэд л мөнгөн аягатай сүү, хадагтай бариад үүнийг дагаад гавьяатын тэмдэг энгэрт нь гялалздаг гээд бодохоор хэлэхээс аргагүй үг шиг санагдсан. Адилхан л Монгол орны нэрийг ертөнцийн чихэнд дуурсгахаар хөлс хөдөлмөрөө зарж яваа тамирчид гэдэг утгаар нь харвал толгой дохихоос аргагүй. Тамирчин хүний амжилтын замнал богинохон байдаг. Гаргасан амжилтыг нь цаг тухайд нь үнэлээд өгөхөд хувь тамирчин илүү хурцлагдаж өндөр амжилт үзүүлдэг нь спортын бичигдээгүй дүрэм шүү дээ. Гурван удаагийн дэлхийн аварга Г.Угалзцэцэг удаах бөмбөрцгийн наадамдаа ур чадвараа сорихоор Тайландыг зорих гэж байна.
“Тэмцээний зааланд Монголын төрийн дуулал эгшиглэж, төрийн далбаа мандахад бүх хүн босч хүндэтгэл үзүүлэх нь хамгийн сайхан мэдрэмж байдаг. Үүний л тулд хором мөч бүрийг бэлтгэл сургуулилтдаа зориулж шавь нараа бэлтгэж байна. Шагнал урамшуулал гэхээс илүү намайг ойлгодог хүмүүсийн дэмээр өдий зэрэгтэй явна даа” гэв.
Угалзцэцэг энэ жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоны дараа спортоос түр завсарлаж хувийн амьдралдаа цаг заваа түлхүү зарцуулахаар төлөвлөжээ.
“Зөвхөн өөрийнхөө бэлтгэл сургуулилтыг базаагаад явахад шавь нараа бэлтгэж амжихгүй юм. Бодибилдинг фитнессийн спортын сайн тамирчдыг бэлтгэхийн тулд системтэй бэлтгэх сайн дасгалжуулагч хэрэгтэй. Нийтээрээ өвөл, зунгүй хичээллэж болох спорт учраас манайд өндөр түвшинд хөгжих бүрэн боломжтой” хэмээн ярилаа.
Монгол гэх нэрийг ертөнцийн чихэнд дуурсгаж, хөлс хөдөлмөрөө зарж буй эгэл жилийн тамирчин бүсгүйн бэлтгэлийн нэг өдөртэй танилцахад ийм байна.