Categories
мэдээ нийгэм

Шүүхийн байгууллага 2019 оны зорилгоо тодорхойллоо

Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 5-7-нд болж энэ жилийн ажлаа дүгнэж, 2019 оны зорилтоо тодорхойллоо. Мөн 2018 оны ажлаараа тэргүүлсэн шилдэг Шүүхийн Тамгын газрыг шалгаруулав.Шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах, шүүхийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр нөлөөтэй хэрэгжүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, бэхжүүлэхийн төлөө санаачилга, зүтгэлтэй ажиллаж 2018 оны ажлын үнэлгээгээр тэргүүн байрт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, дэд байрт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, гутгаар байрт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар шалгарлаа. “Иргэдийн итгэл хүлээсэн шүүх”-ээр Говь-Алтай аймгийн шүүхийн Тамгын газар, “Хэргийн хөдөлгөөний удирдлагаар манлайлагч хамт олон”-оор Хөвсгөл аймгийн шүүхийн Тамгын газар, “Бүтээлч хамт олон”-оор Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар шалгарсан юм. Шүүхийн захиргааны байгууллага 2018 онд хэргийн хөдөлгөөний удирдлагыг жигдрүүлэх, шүүхийн үйлчилгээг сайжруулах зорилт тавьснаа хэрэгжүүлснийг гадаад, дотоодын судалгааны дүн нотолдог. “Азийн сан”-аас арван аймаг, есөн дүүрэгт хийсэн судалгаагаар шүүхийн үйлчилгээ сайжирсан дүгнэлт гарсан. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жилд хоёр удаа зохион байгуулдаг “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгаагаар шүүхийн үйлчилгээ сайжирсан гэдэг дүгнэлт гарчээ. Дээрх зөвлөгөөний үеэр “Ирэх онд өмнөх амжилтаа бататгаж, шүүхийн хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллана” гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж онцолжээ. Мөн хүний хөгжлийн бодлогод анхаарч шүүхээр үйлчлүүлсэн иргэдийг эрх зүйн мэдлэг, шүүхэд мэдүүлэх эрхийн мэдээллээр хангах нь ирэх оны зорилт гэдгийг танилцуулсан юм.

Categories
мэдээ улс-төр

Дөрвөн байнгын хороо болон намын бүлгүүд хуралдаж байна

УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, энэ долоо хоногт чуулган, байнгын хорооны хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудлыг баталжээ. Үүнд:

12 дугаар сарын 10-ны Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 10-ны Даваа гарагт:

Төрийн албаны шинэчилсэн найруулгын тухай хуульд заасан дүрэм, журмуудыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.

12 дугаар сарын 11-ний Мягмар гарагт:

Төрийн албаны шинэчилсэн найруулгын тухай хуульд заасан дүрэм, журмуудыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.

12 дугаар сарын 12-ны Лхагва гарагт:

“Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас “В” танхимд;
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.

12 дугаар сарын 13, 14-ний Пүрэв, Баасан гарагт:

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгээс зохион байгуулж буй “Нийтийн сонсгол: хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үр дүнтэй арга” сэдэвт сургалт 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

12 дугаар сарын 11-ний Мягмар гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудал;
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудал;
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ”Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2018.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.17-ны өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/.

12 дугаар сарын 12-ны Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан/;
“Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд:

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ”Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2018.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.

3. Ёс зүйн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 13-ны Пүрэв гарагт 10.00 цагаас:

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудал;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудал;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудал;
Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
“Түр хороо байгуулах тухай” /Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий/ Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр нарын 9 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.17-ны өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/;
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан/;
“Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

12 дугаар сарын 14-ний Баасан гарагт 10.00 цагаас:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл /Хаалттай/;
Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.

Categories
мэдээ нийгэм

Хоолны газар буу гарган танхайрсан этгээдийг баривчилжээ

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, Сансарт байрлах “KFC” хоолны газарт согтуу хүн танхайрч, буу гарган ажилтнууд болон үйлчлүүлэгчдийг сүрдүүлсэн хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайраад байна” гэсэн мэдээллийг 12 дугаар сарын 8-ны 05:50 цагт хүлээн авч шалгахад тус зоогийн газар БЗД-ийн хоёрдугаар хороонд оршин суух хаягтай “Э” /эр.40н/ согтуурсан үедээ хийн буу гаргаж тус хоолны газрын ажилтнууд болон үйлчлүүлэгч нарыг айлган сүрдүүлж танхайрсаныг таслан зогсоож ПБ-4-2 маркийн хийн гар буу, хоёр ширхэг сумны хамт хураан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Жирэмсэн эмэгтэйчүүдэд харъяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгажээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гаргаж эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг даалгавар өгчээ. Тэрбээр эрүүл мэндийн байгууллагуудын хаягийг монгол хэлээр, үгийн товчлолгүй гаргацтай бичих, шөнийн цагаар гэрэлтүүлэгтэй, харагдахуйцаар байрлуулахыг албан даалгаварт дурдсан байна. Мөн ямар ч эрүүл мэндийн байгууллага жирэмсэн эмэгтэйд оочер дугаар, харьяалал харгалзахгүйгээр тусламж үзүүлж байхыг даалгажээ.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Баян Монгол” жазз найрал, рок попын дуучдын нэгдсэн “Snow melody” тоглолт болно

Улсын филармонийн Симфони найрал хөгжим Морин хуурын чуулга, “Баян Монгол” жазз найрал, рок попын дуучдын нэгдсэн “Snow melody” тоглолт “Корпорэйт” концертын танхимд энэ сарын 28-ны 19:00 цагт болно. Хуучин оноо үдэж, шинэ 2019 оноо угтах баярын уур амьсгал ноёлсон өдрүүдийн оргил арга хэмжээ нь мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн “Snow melody” тоглолт байх нь ээ. Олны хайртай морин хуурчид, үргэлж цоглог, шинэлэг жазз хөгжимчид, ур чадварын гайхамшиг симфони найрлынхан, өөр, өөрийн, дахин давтагдашгүй өнгө аясаар сонсогч олноо суудал дээр нь өндөлзүүлдэг дуучид үзэгч түмнээ хүндэлж “Корпорэйт”-д хүлээж авах гэж байна. Шинэ жилийн концерт учраас үзэгчдийн танил дотно хөгжим туурвил, найруулга, дуунуудыг сонгосон. Монгол талаас вальсын хаан гэгддэг хөгжмийн зохиолч Д.Түмэнжаргалын “Дурлалын вальс”-аас алдарт С.Гончигсумлаагийн “Азийн цагаан дагина” Улаанбаатартаа өргөн барьсан хайрын цэнхэр аялгуу эгшиглэнэ. “Тройка” буюу “Гурвалсан морьд”, хацар жиндүүлэн илбэх зөөлөн цасан шамарга дүрслэх “Метель” зэрэг бүтээл туурвилаараа алдаршсан Оросын алдарт хөгжмийн зохиолч Г.Свиридовын цасан өвлийн өнгийг сэтгэлд дулаанаар мэдрүүлдэг “цэмцгэр” зохиолууд энэ үдэш таных байх болно.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт эмэгтэйчүүд залуучуудын эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж байна

НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, ДЭМБ, Австралийн Элчин сайдын яам, ЭМЯ, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хамтарсан “Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр”-ийн удирдах хороо хуралдаж, 2018 оны ажлын хэрэгжилтийг хэлэлцлээ.

2018 онд хөтөлбөрийн хүрээнд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор гадаадын болон улсын томоохон эмнэлэг, АШУИС-ийн зөвлөхүүд орон нутгийн эмч нарт сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлсэн. Хүүхэд залуучууд, оюутнуудын дунд эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, зөвлөгөөг өгөх арга хэмжээг зохион байгуулав.
Төрөх эмнэлгийн үр хөндөлтийн кабинетийн үйл ажиллагааг стандартын дагуу явуулах орчин нөхцөлийг бүрдүүлж, зарим шаардлагатай тоног төхөөрөмжийг хангаж өгсөн байна.
Categories
мэдээ спорт

БНАСАУ-ын Сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллана

УИХ-ын гишүүн, “Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо”-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 9-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтад МҮСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга, шигшээ багийн тамирчдын төлөөлөл Г.Цэнгүүнбаяр, Д.Дэлгэрням нар байлцлаа. Уулзалтын эхэнд хоёр улсын найрсаг харилцааны талаар дурдаад хоёр орны сагсан бөмбөгийн спортын хамтын ажиллагааны тухай харилцан санал солилцов. Энэ оны есдүгээр сард БНАСАУ байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан намын төлөөлөгчид тус улсад ажлын айлчлал хийсэн билээ. Айлчлалын үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ МҮСБХ-ны Ерөнхийлөгчийн хувиар БНАСАУ-ын Сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн юм. Санамж бичгийн дагуу солилцооны хөтөлбөрөө эхлүүлж, Үндэсний лигт дөрвөн тамирчин дасгалжуулагчийн хамт ирэх оны нэгдүгээр сард Монгол Улсад тоглохоор ирэх бол, манай шигшээ багийн тамирчид ирэх оны эхний хагаст багтаан БНАСАУ-д хамтарсан бэлтгэл сургуулилалт хийх талаар талууд санал нэгджээ. Дашрамд дурдахад, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо нь улсынхаа “Сагсан бөмбөгийн холбоо”-г тэргүүлэн ажилладаг аж.

Categories
мэдээ улс-төр

Монгол, ОХУ-ын ГХЯ хоорондын XVI консулын зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улс, ОХУ-ын ГХЯ хоорондын XVI консулын зөвлөлдөх уулзалт 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Москва хотноо боллоо. Монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг, оросын талын төлөөлөгчдийг ОХУ-ын ГХЯ Консулын газрын дэд захирал Латыпов Н.М. нар тус тус тэргүүлсэн бөгөөд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, Улаан-Үд, Эрхүү, Кызыл дэх ЕКГ-уудын төлөөлөл оролцов. Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд хоёр талын консулын харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, хоёр улсын иргэд хилээр зорчих болон оршин суух зөвшөөрөл авахтай холбоотой үүсч буй хүндрэлийг арилгах зэрэг иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн сэдвүүдээр санал солилцон, холбогдох арга хэмжээ авч ажиллахаар тохиролцсон болно.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймаг гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсрууллаа

Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас “Мерси Кор Монгол” ОУБ-тай хамтран “Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар болон стандарт LEGS” сургалтыг хамтран зохион байгууллаа.

“Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийн хүрээнд зохион байгуулагдсан сургалтад аймгийн 18 сумыг хамруулаад байна.

Сургалтад сумын Онцгой комиссын гишүүд, мэргэжлийн анги, хувийн мал эмнэлгийн аж ахуй нэгж, малчдын төлөөлөлийг хамруулан багийн түвшинд цаг агаарын мэдээ мэдээллийг мессежээр гар утсандаа авах, гамшгийн менежмент, мал бүхий иргэдийн амжиргаа болсон мал сүрэгт яаралтай тусламж үзүүлэх, хамгаалах, нөхөн сэргээлтийг олон улсын стандартын дагуу үр дүнтэй хэрэгжүүлэх зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн юм.

Мөн сургалтын үеэр 18 сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг олон улсын заавар зөвлөмжийн дагуу шинэчлэн боловсрууллаа гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

2017 оны буцаан олголт ороогүй бол дансны мэдээллээ баталгаажуулаарай

НӨАТ-ын тухай хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам”-ын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн е-баримтын 2 хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг. Тэгвэл 2017 онд нийт 272,697,943 баримт хэвлэгдэж, иргэд 169,370,846 баримтыг е-баримтын системд бүртгүүлэн батагаалжуулжээ. Үүнээс 6117 иргэний мэдээлэл зөрүүтэй тул нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал Монгол банкнаас гүйлгээ хийх явцад буцаагдсан байна.

Мөн НӨАТУС буюу сугалаанд оролцож, хонжвор таарсан иргэдийн 2143 нь мэдээллээ баталгаажуулаагүй, эсхүл данс буруу, эзэмшигчийн нэр зөрсөн зэрэг иргэдээс өөрсдөөс нь шалтгаалсан хүчин зүйлийн улмаас урамшууллаа авч чадахгүйд хүрчээ. Иймд дээрх иргэдийн е-баримт бүртгүүлдэг апп руу “Таны 2017 онд авах нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал Монгол банкнаас гүйлгээ хийх явцад мэдээлэл зөрүүтэйн улмаас буцаагдсан байна. Иймд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө бүртгэлийн мэдээллээ залруулж, хүсэлтээ гарган баталгаажуулаагүй тохиолдолд “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 6 дугаар зүйлийн 6.14-т заасны дагуу урамшууллыг цуцалж, санхүүжилтийг буцаах болно. Санхүүжилт буцсан тохиолдолд урамшуулал олгох боломжгүйг анхаарна уу” гэсэн санамжийг илгээж байна.

Иргэн та 2017 онд бүртгүүлсэн баримтын буцаан олголтыг аваагүй, эсвэл 2018 онд бүртгүүлсэн баримтын сугалааны хонжвор дансанд тань орж ирээгүй бол 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө харьяа татварын албанд очиж, мэдээллээ шинэчлүүлэх, е-баримтын системд нэвтэрч мэдээллээ баталгаажуулах эс бөгөөс 1800-1288 дугаарт залгаж, бүртгэлийн мэдээллээ залруулахыг сануулж байна.

Буцаан олголтын урамшуулал, сугалааны хонжвор авах иргэд цахим төлбөрийн www.ebarimt.mn системд хувийн мэдээллээ буруу оруулсан болон 131313 тусгай дугаараар мессеж илгээж төлбөрийн баримт бүртгүүлдэг иргэд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө дараах тохиргоог хийнэ үү.

EBARIMT.MN – ХУВЬ ХҮН/ НЭВТРЭХ ДАНС – ТОХИРУУЛАХ гэсэн дарааллаар орж, доорх байдлаар мэдээллээ үнэн зөв болгоно уу. Үүнд:

  • Овог, нэр кирилээр байх
  • Регистрийн дугаарын формат зөв эсэх
  • Банкны нэр, хамтран эзэмшигчгүй зөвхөн өөрийн дансны дугаараа зөв оруулсан эсэхийг шалгах хэрэгтэй.

Жишээ загвар