Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

2017 оны НӨАТ-ын урамшууллаа аваагүй иргэд энэ сарын 15-ны дотор мэдээллээ баталгаажуулаарай

НӨАТ-ын тухай хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам”-ын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн е-баримтын хоёр хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Тэгвэл 2017 онд нийт 272,697,943 баримт хэвлэгдэж, иргэд 169,370,846 баримтыг е-баримтын системд бүртгүүлэн баталгаажуулжээ. Үүнээс 6117 иргэний мэдээлэл зөрүүтэй тул нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал Монгол банкнаас гүйлгээ хийх явцад буцаагдсан байна.Мөн НӨАТУС буюу сугалаанд оролцож, хонжвор таарсан иргэдийн 2143 нь мэдээллээ баталгаажуулаагүй, эсхүл данс буруу, эзэмшигчийн нэр зөрсөн зэрэг иргэдээс өөрсдөөс нь шалтгаалсан хүчин зүйлийн улмаас урамшууллаа авч чадахгүйд хүрчээ. Иймд дээрх иргэдийн е-баримт бүртгүүлдэг апп руу “Таны 2017 онд авах нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал Монгол банкнаас гүйлгээ хийх явцад мэдээлэл зөрүүтэйн улмаас буцаагдсан байна. Иймд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө бүртгэлийн мэдээллээ залруулж, хүсэлтээ гарган баталгаажуулаагүй тохиолдолд “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 6 дугаар зүйлийн 6.14-т заасны дагуу урамшууллыг цуцалж, санхүүжилтийг буцаах болно. Санхүүжилт буцсан тохиолдолд урамшуулал олгох боломжгүйг анхаарна уу” гэсэн санамжийг илгээж байна.

Иргэн та 2017 онд бүртгүүлсэн баримтын буцаан олголтыг аваагүй, эсвэл 2018 онд бүртгүүлсэн баримтын сугалааны хонжвор дансанд тань орж ирээгүй бол 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө харьяа татварын албанд очиж, мэдээллээ шинэчлүүлэх, е-баримтын системд нэвтэрч мэдээллээ баталгаажуулах эс бөгөөс 1800-1288 дугаарт залгаж, бүртгэлийн мэдээллээ залруулахыг сануулж байна.

Буцаан олголтын урамшуулал, сугалааны хонжвор авах иргэд цахим төлбөрийн www.ebarimt.mn системд хувийн мэдээллээ буруу оруулсан болон 131313 тусгай дугаараар мессеж илгээж төлбөрийн баримт бүртгүүлдэг иргэд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө дараах тохиргоог хийнэ үү.

EBARIMT.MN – ХУВЬ ХҮН/ НЭВТРЭХ ДАНС – ТОХИРУУЛАХ гэсэн дарааллаар орж, доорх байдлаар мэдээллээ үнэн зөв болгоно уу. Үүнд:

Овог, нэр кирилээр байх
Регистрийн дугаарын формат зөв эсэх
Банкны нэр, хамтран эзэмшигчгүй зөвхөн өөрийн дансны дугаараа зөв оруулсан эсэхийг шалгах хэрэгтэй.

2017 оны НӨАТ-ын урамшууллаа аваагүй иргэд мэдээллээ баталгаажуулах шаардлагатай

2017 оны НӨАТ-ын урамшууллаа аваагүй иргэд мэдээллээ баталгаажуулах шаардлагатай

2017 оны НӨАТ-ын урамшууллаа аваагүй иргэд мэдээллээ баталгаажуулах шаардлагатай

2017 оны НӨАТ-ын урамшууллаа аваагүй иргэд мэдээллээ баталгаажуулах шаардлагатай

Categories
мэдээ нийгэм

Худалдаа эрхлэгч байгууллагуудын оны шилдгүүд шалгарлаа

Монгол Улсад худалдааны салбарүүсэж хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, МҮХАҮТ, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос хамтран “Худалдаа эрхлэгчдийн үндэсний IV чуулган”-ыг энэ сарын 7-ны өдөр зохион байгууллаа. Чуулганы үеэр худалдааны салбарын хууль эрх зүйн орчин, хөгжлийн шинэчлэл хандлага, технологийн дэвшил, инноваци, салбарт тулгамдаж буй асуудал, хүний нөөцийн бодлогын талаар илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс Худалдаа Үйлчилгээний дарга Б.Эрдэнэчимэг “Худалдааны салбарын хөгжлийн шинэчлэл, хандлага” сэдвээр илтгэл тавив.

Ойн арга хэмжээний хүрээнд Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос “Их хүрээ” авардс ёслол хүндэтгэлийн цэнгүүнийг зохион байгуулж Шилдгийн шилдгүүдээ тодрууллаа.

1.Шилдэг Минимаркет: Налайх дүүрэг Алсу ХХК

2.Шилдэг Супермаркет: Алтан Жолоо Трейд ХХК “Сансар Сүлжээ”

3.Шинэ технологи нэвтрүүлэгч: “Ой партнерс” ХХК

4.Хэрэглэгчийн шилдэг худалдагч: УБТЗ Шугаман замын худалдагч Э.Буянхишиг

5.Шилдэг менежер: Алтжин Бөмбөгөр Худалдааны төвийн менежер Б.Ганзориг

6.Шилдэг борлуулагч: Өгөөж Чихэр Боов Б.Дэлгэрмаа

7.Шилдэг худалдааны салбарыг дэмжигч: Гурван Тулга Групп тус тус шалгарлаа.

Мөн Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан тус салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж 2018 оны ШИЛДЭГ “ХАМТ ОЛОН”-оор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хүнс Худалдаа Үйлчилгээний хэлтсийг шалгаруулан “ХҮРЭЭ ЦОМ-2018”, “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагналаа гэж УБЗАА-наас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Emneleg.mn вэб, аппликэшнийг хэрэглээнд нэвтрүүллээ

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжтой

EMNELEG.MN вэб, аппликэшн бий болж, хэрэглээнд нэвтрүүллээ.

Өнгөрсөн нэг жл гаруйн хугацаанд судалгаа, хөгжүүлэлтийн ажлаа гүйцэтгэсэн тус аппликэшн нь ашиглахад бэлэн болсон байна. Одоогоор нийт 170 гаруй эмнэлэг нэгдэж, мэдээ мэдээллээ ирүүлж, үйлчилгээгээ үзүүлэхэд бэлэн болжээ. Тухайлбал, эдгээр эмнэлгийн байршил, ажиллах цагийн хуваарь, үзүүлж буй үйлчилгээ, өвчний зовуурийг тодорхойлох асуулт хариулт, мэргэжлийн эмчийн 147 төрлийн зөвлөгөө зэрэг мэдээллийг тус тус нэг дороос авах боломжтой болоод байна.

Т.Алтанзул Emneleg.mn-ийн менежер “Энэхүү аппликэшнийг суулгаснаар ухаалаг утсыг ашиглан өөрт хэрэгтэй, хамгийн ойр буй эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой болж байна. Бид тус аппликэшнийг сүүлийн жил гаруйн хугацаанд судалж, хөгжүүлсний эцэст ийнхүү бэлэн боллоо. Одоогоор нийт 170 гаруй эмнэлэг манай аппликэшнд нэгдээд байна. Нэгдсэн эмнэлгүүдийн 90 гаруй хувийг хувийн эмнэлгүүд эзэлж байна, тухайлбал улсын 17, хувийн 150 гаруй эмнэлэг байна. Эмч дуудан үйлчилгээ авсан тохиолдолд тус эмнэлгийн үнэ, тарифаар явна гэсэн үг” гэлээ.

“ЭМНЭЛЭГ” цэсээс:

Өөрийн сонирхож буй эмнэлгийн талаарх мэдээллийг хайх, эсвэл өвчний зовуурын дагуу ойр буй эмнэлгээ хайх боломжтой, үүнд тухайн эмнэлгийн танилцуулга, хаяг, байршил, холбоо барих утасны дугаар, цагийн хуваарь, эмнэлгийн ойролцоох автобусны буудал зэрэг мэдээллийг харуулдгаараа хэрэглэгчдийн цагийг ихээр хэмнэж байгаа юм.

“ЭМЧ ДУУДАХ” цэсээс:

Хэрэглэгчдэд өөрийн буй газраасаа, боломжтой цагаа эмчтэйгээ тохирч цагийн болон дусал тариа хийлгэх, эрүүл мэндийн зөвлөгөө авах, анхан шатны үзлэг оношилгоо хийлгэх боломжтой үйлчилгээ юм. Ингэснээр яаралтай тохиолдолд өөрт ойрхон буй эмнэлгээсээ анхан шатны эрүүл мэндийн тусламж авах боломжтой гэсэн үг.

“ЦАХИМ ЭМЧ” цэсээс:

Өвдсөн тохиолдолд насанд хүрсэн, хүүхэд, эрэгтэй эмэгтэй гэсэн 4 хэсгээс сонгож, гарч ирсэн асуултуудад үнэн зөв хариулснаар цаг алдалгүй анхан шатны оношоо тогтоож, мэргэжлийн эмч нарын 147 төрлийн зөвлөгөөнөөс авах боломжтой. Энэхүү шинэ аппликэшнийг ухаалаг утастай хүн бүр Android болон IOS үйлдлийн системээс үнэгүй татаж авах боломжтой юм.

Categories
мэдээ спорт

Улсын харцага О.Хангай түрүүлж, Улсын начин Б.Чимэдвандан үзүүрлэлээ

Монгол хүн Японы мэргэжлийн сумод барилдаж эхэлсний 26 жил, Монголын сумо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Өчигдөр Буянт ухаа спорт цогцолборт Монголын сумо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Аймгийн арслангаас дээш цолтой “Шилдгийн шилдэг хүчит 64 бөхийн барилдаан” болсон. Шилдгийн шилдэг хүчит 64 бөхийн барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, Улсын харцага О.Хангай, Улсын арслан Р.Пүрэвдагва нараар ахлуулсан чансаа өндөр 64 бөх зодоглосон бөгөөд Улсын харцага О.Хангай түрүүлж, Улсын начин Б.Чимэдвандан үзүүрлэлээ.

Шөвгийн 4-т Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Улсын арслан Э.Оюунболд, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул улсын харцага Б.Бат-Өлзий нар шөвгөрлөө. Чансаа өндөр бөхчүүдийн гал гарсан ширүүн барилдаан болж, түрүү бөх 10 сая төгрөгийн шагналын эзэн болсон. Мөн өчигдөр тус цогцолборт урлаг соёлын оддын 16 бөхийн барилдаан болж үзэгч олныг хөгжөөсөн. Энэ барилдаанд дуучин Ж.Хишигбат түрүүлж, МУСТА дуучин Д.Намсрайноров үзүүрлэсэн байна

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчдийн байгууллага Хотын даргад талархал илэрхийлэв

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл 2018 оны ажлаа дүгнэж, ирж байгаа онооугтан салбарын шилдэгүүдээ тодруулах“Ган үзэг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг анх удаагаа зохион байгууллаа. Уг арга хэмжээг нээж Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлэхдээ “Улиран одож буй 2018 он дөрөв дэх засаглалынхны хувьд уран бүтээлийн амжилтаар дүүрэн жил байлаа. Мэргэжлийн байгууллагын зүгээс сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудалд онцгойлон анхаарахын зэрэгцээ сургалт судалгаа, шүүмж судлал, гадаад харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ 51 жилийн түүхтэй Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээ өөрийн гэсэн ордонтой болгох, хэвлэл мэдээллийн ажилтнуудаа орон сууцаар хангах асуудалд үр дүнтэй, санаачлагатай ажлууд хийсэн. Ирж байгаа 2019 оноо Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцээд “Гадаад харилцаагаа өргөжүүлэх” жил болгон зарлаж байна” гэдгийг хүндэтгэлийн индэр дээрээс хэллээ.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл анх удаа 99 сая төгрөг бүхий шагналын сантай “Ган үзэг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж байна. Нийтдээ 25 номинациар шилдгүүдээ тодруулж, салбартаа манлайлагчдаа шалгаруулдаг уламжлал тогтоож байгааг хэлсэн юм. Мөн 2018 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын захирамжаар “Сэтгүүлч ордон” барих газрын асуудлыг шийдвэрлэж өгсөнд сэтгүүлчид талархаж байгааг Х.Мандахбаяр ерөнхийлөгч онцлон, хотын даргад хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Монгол улсад сэтгүүл зүйн салбар үүсээд 105 жил, сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл байгуулагдаад 51 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд бодитоор газрын асуудлыг шийдвэрлэж, ордон барих эрхийг ямар ч хотын дарга нар олгож байгаагүй. Зөвхөн амлалт төдий явж ирсэн. Харин Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэсэнээр “1000 сэтгүүлч орон сууц” хөтөлбөр амжилттай хэрэгжих боломж бүрдсэн. Ирэх оны хавраас бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Тус ордон, орон сууцны хорооллыг барих барилгын компаниуд шалгарсан гэдгийг тэрбээр онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Хойд бүсийн баг тамирчид спортын аваргаар тодров

ОБЕГ-ын харъяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хороо, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас 2018 оны спортын аварга шалгаруулах гурван төрөлт тэмцээнийг энэ сарын 07-08-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгууллаа.Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байранд Хойд бүсийн баг тамирчид, хоёрдугаар байранд Өмнөд бүсийн баг тамирчид, гуравдугаар байранд НОБГ-ын баг тамирчид шалгарсан бол эмэгтэй төрөлд нэгдүгээр байранд Ахмадын хорооны баг тамирчид, хоёрдугаар байранд Хойд бүсийн баг тамирчид, гуравдугаар байранд ОБЕГ-ын баг тамирчид шалгарсан юм. Хөл бөмбөгийн төрөлд нэгдүгээр байрыг НОБГ-ын баг тамирчид, хоёрдугаар байрыг Хойд бүсийн баг тамирчид, гуравдугаар байрыг Өмнөд бүсийн баг тамирчид эзэллээ. Харин усан сэлэлтийн 50 м-ийн төрөлд нэгдүгээр байранд НОБГ-ын аврагч, ахлах ахлагч Э.Амарсанаа, хоёрдугаар байранд ОБЕГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа О.Тамир, гуравдугаар байранд Хойд бүсийн тамирчин, ахмад А.Отгонбаяр нар шалгарсан бол эмэгтэй төрөлд нэгдүгээр байранд Хойд бүсийн тамирчин, дэслэгч Г.Уртнасан, хоёрдугаар байранд Үндэсний аврах бригадын тамирчин, дэд ахлагч Н.Анужин, гуравдугаар байранд ОБЕГ-ын мэргэжилтэн Ц.Пагма-Орлом нар шалгарсан юм. Мөн 100 м-ийн өврөөр даллах сэлэлтийн эрэгтэй төрөлд нэгдүгээр байранд Үндэсний аврах бригадын тамирчин, ахлах ахлагч Э.Амарбаяр, хоёрдугаар байранд ОБЕГ-ын тамирчин, дэд хурандаа О.Тамир, гуравдугаар байранд НОБГ-ын тамирчин, дэслэгч Д.Батболд, эмэгтэй төрөлд нэгдүгээр байранд Хойд бүсийн тамирчин, дэслэгч Г.Уртнасан, хоёрдугаар байранд Үндэсний аврах бригадын тамирчин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг, гуравдугаар байранд НОБГ-ын тамирчин, ахлах ахдагч Б.Нарангэрэл шалгараад байна. Харин хөлбөмбөгийн шилдэг тоглогчоор НОБГ-ын тамирчин Э.Ариунболд, сагсан бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор Өмнөд бүсийн тамирчин Д.Эрдэнэбаяр, сагсан бөмбөгийн эмэгтэй шилдэг тоглогчоор ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спортын хорооны тамирчин Д.Мөнхцэцэг нар тус тус шалгарлаа. Ингээд тэмцээний нийлбэр дүнгээр гуравдугаар байранд Өмнөд бүсийн баг тамирчид, хоёрдугаар байранд Нийслэлийн Онцгой байдлын газрын баг тамирчид, нэгдүгээр байранд Хойд бүсийн баг тамирчид шалгаран 2018 оны спортын аваргаар тодорлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.





Categories
мэдээ улс-төр

МАН-ыг татан буулгах асуудлаар Улсын дээд шүүхэд өргөдөл гаргажээ

Хуульч А.Эрдэнэцогт МАН-ыг татан буулгах асуудлаар Улсын дээд шүүхэд өргөдөл гаргасан байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь заалтад, “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс үндэс, арьс өнгөөр ялгавaрлан гадуурхсан бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ” хэмээн заасан. 2016 оны УИХ-ын сонгуулийн үед төрийн удирдах албан тушаалуудыг үнэлэх замаар 60 тэрбум төгрөг босгох талаар тухайн үеийн МАН-ын удирдлагууд ярилцаж буй бичлэг нийтэд ил болсон. Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан “60 тэрбум”-ын гэх тодотголтой энэхүү хэрэг нь МАН-ыг татан буулгах хууль зүйн үндэслэл болно. Энэ хэрэг үнэн болохыг одоогийн МАН-ын удирдлагууд болон ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хүлээн зөвшөөрсөн тул татан буулгах нь зөв” гэлээ.

Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-т зааснаар дээрх хүсэлтийг Улсын дээд шүүх ажлын таван өдөрт шийдвэрлэх ёстой юм.

Categories
мэдээ эдийн-засаг

“Энэтхэг улстай хамтран ажиллах бизнесийн боломж” сэдэвт уулзалт болно

МҮХАҮТ-аас гадаад худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин Сайдын Яамтай хамтран “Энэтхэг улстай хамтран ажиллах бизнесийн боломж” сэдэвт уулзалтыг зохион байгуулах тул бизнес эрхлэгчдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Уулзалтын зорилго нь бизнес эрхлэгчдийг Энэтхэг улсын зах зээлд нэвтрэх боломж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын орчны тухай мэдээллээр ханган, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Тухайн уулзалтын хүрээнд Энэтхэг Улсын тухай дараах сэдвүүдийн хүрээнд мэдээлэл хийгдэнэ. Үүнд:

Энэтхэг Улсын худалдаа эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын боломж (Энэтхэг Улсаас Монгол улсад суугаа ЭСЯ)
Хөдөө аж ахуйн (сүү,сүүн бүтээгдэхүүн) салбарын хөгжил, хамтран ажиллах боломж (НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллага FAO )
Эм, эм зүйн салбарын өнөөгийн байдал, хамтран ажиллах боломж
Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны боломж
Хүнсний салбарын хамтын ажиллагааны боломж (цай, кофе, халуун ногоо)
Боловсролын салбарын хамтын ажиллагааны боломжууд
Хамтран ажиллах бизнес саналуудын тухай мэдээлэл

Уулзалтад Энэтхэг улстай бизнесийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхол бүхий бизнес эрхлэгчид оролцох боломжтой бөгөөд хүний тоо хязгаартай тул дараах хаягаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дотор бүртгүүлнэ үү.

БҮРТГҮҮЛЭХ: http://membership.mn:8080/front/login

Уулзалт төлбөргүй бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 -13.00 цагт МҮХАҮТ-ын 1 дүгээр давхрын Их танхимд болно.

Холбогдох хаяг:
МҮХАҮТ, Гадаад Харилцаа, Худалдаа ,Хөрөнгө Оруулалтын Газар
Утас: 312501, 99117644
Цахим хаяг: tsetsegmaa@mongolchamber.mn

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар энэ долоо хоногт чуулган байнгын хороогоор хэлэлцэх хууль тогтоолын төсөл болон цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм.

Харин УИХ дахь АН-ын бүлэг одоогоор хуралдаагүй байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол банкны ерөнхийлөгч мэдэгдэл гаргалаа

Эдийн засаг, зах зээл дээр үүсээд буй нөхцөл байдал, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг бодитоор тайлбарлах үүднээс энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Эдийн засаг 2018 оны эхний гурван улирлын байдлаар 6.4 хувийн өсөлттэй байна. Энэхүү өсөлтөд экспортын үнэ таатай нөлөө үзүүлэхийн зэрэгцээ бодлого боловсруулагчдын эдийн засгийн тогтвортой байдлыг зорьсон бодлогын арга хэмжээнүүд чухал нөлөөтэй байлаа. Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээг нэгтгэн дурьдвал: Нэгдүгээрт, төсвийн шинжтэй үйл ажиллагаанд оролцож, төсвийн алдагдлыг мөнгө хэвлэж нөхдөг байсан үйл ажиллагааг зогсоосон нь олон улсын санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээлээ. Мөнгөний бодлого нь үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн чиг үүргээ биелүүлж эхэлсэн нь улсын зээлжих зэрэглэл сайжирч, хөрөнгө оруулалт сэргэхэд гол түлхэц болов. Хоёрдугаарт, Төв банкны тухай хуулийн шинэчлэлээр төсвийн шинжтэй арга хэмжээ, төсвийн ужгирсан алдагдлыг Төв банкнаас он дамжин санхүүжүүлэхгүй байх, Мөнгөний бодлогын болон хяналт шалгалтын бодлогын аливаа шийдвэрийг харилцан зөвлөлдөж, хамтын зарчимд тулгуурлан гаргадаг тогтолцоог бүрдүүлсэн нь Монголбанк нь дэлхийн жишигт нийцсэн Төв банк болох үйл явцыг шат ахиулсан алхам болсон юм. Банкны тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Банкны салбарын тогтвортой байдлын тухай зэрэг санхүүгийн системийн тулгуур хуулиудыг шинэчилж, олон улсын сайн туршлага, зарчмуудыг суулгаж өгсөн нь санхүүгийн систем эрүүлжиж, бэхжих үндэс болов. Гуравдугаарт, инфляцийн зорилтыг алдагдуулалгүйгээр Мөнгөний бодлогын хүүг 2016 оны 8 дугаар сараас хойш 5 нэгж хувиар аажмаар бууруулан 10 хувьд хүргэсэн нь сүүлийн 8 жилийн хамгийн доод түвшин байлаа. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамтыг нэмэгдүүлэлгүйгээр эдийн засгийн өсөлтийг дэмжих зарчмыг баримтлалаа. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч гурван байгууллага (Moody’s, S&P, Fitch) бүгд Монгол улсын зээлжих зэрэглэлийг 2018 онд дээшлүүлсэн нь бодлого зөв байсан гэдэгт гадаад талаас өгсөн үнэлгээ юм. Инфляцийн түвшин энэ оны 10 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.3 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.8 хувь байгаа бөгөөд цаашид цаг агаар, бензиний үнэ зэрэг нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс болон улирлын онцлогтой холбоотойгоор түр хугацаанд зорилтоос давж хэлбэлзэх боловч 8 хувийн орчимд тогтвортой хадгалагдаж, Төв банкны үндсэн зорилт үргэлжлэн хангагдахаар хүлээгдэж байна. Бодлогын хүү болон макро зохистой бодлогын арга хэрэгслийг хослуулан эдийн засгийн сэргэлтийг дэмжсэн бодлого нь санхүүгийн салбарын системийн эрсдэлийг бууруулах, зээлийн хэмжээг зохистой түвшнээс хэтрүүлэлгүйгээр зээлийн хүүг бууруулах замаар хэрэгжиж байна. 2015 оны сүүлийн хагасаас эхлэн сар тутам дунджаар 4-5 хувиар агшиж байсан зээлийн үлдэгдлийн жилийн өсөлт 2017 оноос тогтвортой сэргэж 10 дугаар сарын байдлаар 20 орчим хувьтай байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг хангах санхүүгийн гол эх үүсвэр болж байна. Гаднаас орж ирсэн валютын урсгалыг гадаад валютын нөөцийн хуримтлал руу хөрвүүлж, банкуудын зээлийн эх үүсвэрийг гадаад валютаар бус төгрөгөөр бүрдүүлж, банкуудын эх үүсвэр Монголбанк, Засгийн газрын хараат байдлаас ангижирч, иргэд, ААН-ийн харилцах, хадгаламжаар бүрдэх болсон нь банкууд зээл гаргах таатай боломжийг олгож, зээлийн тасалдал арилж, санхүүгийн зуучлал хэвийн явагдах нөхцөл болсон юм. Бодлогын хүүг инфляцийн хэтийн төлөв, зорилттой нийцтэйгээр бууруулсан, банкны эх үүсвэрийг хэрэглээний зээлээс бизнесийн зээл рүү шилжүүлэх макро зохистой бодлогын арга хэмжээ авч эхэлсэн нь банкуудын зээлийн зах зээл дээрх өрсөлдөөнийг нэмэгдүүлж, зээлийн хүү буурахад нөлөөлж байна. 2017 оны 3 дугаар улирлаас эхлэн шинээр олгож буй зээлийн хүү үргэлжлэн буурч, 17.6 хувьд хүрсэн нь 2011 оноос хойш санхүүгийн зах зээл дээр ажиглагдаагүй эерэг үр дүн болоод байна. Энэ оны 10 дугаар сард банкны салбараас ААН-д шинээр олгосон төгрөгийн зээлийн 74 хувь нь 12-17 хувийн хүүтэй, иргэдэд олгосон зээлийн 65 орчим хувь нь 12-18 хувийн хүүтэй байна. 2015 оноос хумигдаж байсан бизнесийн зээлийн өсөлт 2018 оны 5 дугаар сараас эхлэн сэргэж, 9 дүгээр сарын байдлаар жилийн өмнөх түвшнээс 13.8 хувиар өсөөд байна. Төв банкны шинэ хуулийн дагуу УИХ-аас томилогдож байгуулагдсан Мөнгөний бодлогын хорооны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны хуралдаанаар бодлогын хүүг 1 нэгжээр нэмэгдүүлэх шийдвэрийг 100 хувь санал нэгдэж гаргасан. Энэ нь эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдалд дотоод болон гадаад талаас учирч буй, цаашид учирч болзошгүй байгаа эрсдэлийг харгалзан үзэж өнөөдрийн өсөлтийг нэмэгдүүлэхээс илүүтэйгээр тогтворжуулж, дунд хугацаанд хадгалж хамгаалах зорилготой шийдвэр юм. Эдийн засгийн 6.4 хувийн өсөлтийг бүрдүүлэхэд нийт дотоод эрэлт 14.6 хувиар өсч байгаа нь дунд хугацааны тогтвортой байдлыг эрхэмлэж байгаа бодлого боловсруулагчдын хувьд хэд хэдэн асуултыг бий болгож байна. Дотоод эрэлтийн энэ өсөлт цаашид тогтвортой байж чадах уу?, Дотоод эрэлтийн өсөлтөөс үүдэлтэй төлбөрийн тэнцлийн дарамтыг даах уу?, Гадаад орчинд үүсээд буй эрсдэлүүд энэхүү дотоод тэлэлтийг цааш үргэлжлүүлэх бололцоог бидэнд олгох уу? эсвэл 2013-2016 оны хүндрэлийг дахин давтах уу? гэсэн шийдлээ хүлээсэн олон асуудлууд бидний өмнө байна. Ирээдүйн тогтвортой байдлыг зорьж байгаа тул өнөөдөр хамгийн эрсдэл багатай хувилбарыг сонгох нь зүй ёсны хэрэг юм. Хэрэв үгүй бол дэлхийн эдийн засгийн төлөв, түүнийг дагасан эрдэс бүтээгдэхүүний үнийн сэргэлт, экспортын эрэлт сайжрахыг хүлээж гадаад өр тавьсан өмнөх алдаагаа давтах эрсдэлтэй байна.

Монгол улсын гадаад валютын нөөц 3.4 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд түвшиндээ хүрээд байна. Хэдийгээр гадаад валютын нөөц 2012 оны эцэст 4.1 тэрбум долларт хүрсэн нь хамгийн дээд үзүүлэлт мэт боловч үүний 2.1 тэрбум ам.долларыг Чингис бонд, Хөгжлийн банкны бондын өрөөр бүрдүүлсэн билээ. Гэхдээ одоогийн хүрсэн түвшин нь өндөр мэт боловч эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулахад хүрэлцээтэй бус хэвээр байна. Тухайлбал, Монгол улс 27.9 тэрбум ам.долларт хүрсэн гадаад өрийн дарамтаа бууруулах шаардлагатай; дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал муудах эрсдэл өндөр байгаа; 2020 оны сүүлийн хагасаас эхлэн гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлтүүд хийгдэж эхлэхээр хүлээгдэж байгаа нөхцөлд валютын нөөцөө хэрэглэж, зарцуулах бус үүлэн чөлөөний нарыг ашиглан ургацаа хурааж, өвөлдөө бэлтгэх нь ирээдүйд тустай. Гадаад валютын улсын нөөцийн зохистой хэмжээ нь улс орны тусгаар тогтнолын санхүүгийн баталгаа мөн. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн банкны салбарын бүтцийн өөрчлөлттэй холбоотой зорилтуудыг Монголбанк хариуцан хэрэгжүүлж, 6 удаагийн үнэлгээнд амжилттай дүнтэйгээр оролцов.

Эдийн засгийн өсөлт сайн, санхүүгийн салбарын зуучлал, зээл олголт хэвийн үргэлжилж, гадаад валютын нөөц харьцангуй өндөр түвшинд хүрээд буй энэ үед төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн 2 сарын хугацаанд 200 орчим төгрөгөөр суларсан нь эдийн засаг уул уурхай болон гадаад орчноос ямар өндөр хамааралтай эмзэг байгааг; гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, хадгаламж эзэмшигчдийн итгэлийн дархлаа ямар сул байгааг маш тодоор харуулж байна. Манай улсын төдийгүй бусад хөгжиж буй орнуудын валютын ханшид олон улсын нөхцөл байдал сөргөөр нөлөөлж суурь дарамтыг бий болгож байна. Гэхдээ сүүлийн сар гаруй хугацаанд бий болсон төгрөгийн ханшийн савлагаа нь нэгд, нүүрсний экспорт саатсан; хоёрт, улс төрийн тогтворгүй байдлаас үүдэлтэй тодорхой бус байдал нэмэгдэж, итгэл суларсантай холбоотой. Тухайлбал, БНХАУ-ын талаас манай улсаас худалдаж авах нүүрсээ 11 дүгээр сарын дунд үеэс эхлэн хязгаарласан нь валютын урсгалд сөргөөр нөлөөллөө. 2017 оны сүүлээс сайжирч байсан хэрэглэгчийн итгэлийн индекс 3 дугаар улирлаас эргэн муудах хандлага ажиглагдлаа. Иргэд, ААН-ийн итгэл суларснаар сүүлийн 2 сар гаруйн хугацаанд гадаад валютын харилцах, хадгаламж 220 гаруй сая ам.доллараар өсөөд байна. ААН нэгж байгууллагын цэврээр худалдан авсан ам.долларын хэмжээ 10 дугаар сартай харьцуулахад 11 дүгээр сар болон 12 дугаар сарын эхний долоо хоногийн байдлаар 240 гаруй сая ам.доллараар нэмэгдэв. Зах зээл дээр үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор Монголбанк 11 дүгээр сарын эхнээс 400 гаруй сая ам.долларыг валютын захад интервенц хэлбэрээр нийлүүлсэн боловч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш үргэлжлэн суларсан нь зах зээлд оролцогчдын хүлээлт, зан төлөв өөрчлөгдөж спекцуляци эрэлт нэмэгдсэнтэй холбоотой байлаа. Монголбанкны зүгээс 2018 онд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтворжуулахын тулд нийт 1.2 тэрбум ам.доллар зах зээлд нийлүүлээд байна. Зөвхөн өнгөрсөн 7 хоногт 130 сая ам.доллар банкуудад арилжаалав. Улс төрийн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй боловч Засгийн газрын үйл ажиллагаагаа үргэлжлэх шийдвэр гарч, Монголбанк бодлогын хүүг өсгөж, интервенцийн хэмжээг нэмэгдүүлж, нүүрсний экспорт сэргэж эхэлснээр төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжих хандлагатай байна.

Гэхдээ эдийн засгийн тогтвортой байдлыг цаашид хадгалахын тулд улс төрийн тогтвортой байдлыг хангах, тогтворгүй байдлаас үүдэн эргэлзээтэй нөхцөл байдалд ороод буй хөрөнгө оруулагчдын эргэлзээг арилгах, улс төр, дипломат арга замаар нүүрсний экспортыг дэмжих шаардлагатай байна. Эрдэнэс таван толгой компаний IPO хийх, хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж худалдаалах бэлтгэл хангагдаж буй одоо цаг үед гадаадын хөрөнгө оруулагчдаас Монголд итгэх явдал өндөр байх нь туйлаас чухал байна.

Эдийн засгийн аюулгүй байдал, эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хадгалахын тулд төсөв, мөнгөний бодлогын төлөвийг ирээдүйг харж тодорхойлох шаардлагатай. Мөнгөний бодлого сулрах нь сайн, хатуурах нь муу гэж ойлгох нь өрөөсгөл бөгөөд бодлогын төлөв өөрчлөгдөхийн үр дүнтэй байдал нь эдийн засгийн тогтвортой байдлыг дунд хугацаанд хэр хангаж чадсанаар хэмжигдэх учиртай. Ирээдүйд эрсдэл үүсч болзошгүй байгаа үед эдийн засгийн чадавхи нь дотоод эрэлт (хэрэглээ, хөрөнгө оруулалт, төсвийн тэлэлт)-ийн өсөлтөө даахааргүй бол хурдаа сааруулах, түүнд чиглэсэн бодлогын тохируулгыг хийхээс өөр сонголтгүй. Харин ирээдүйн боyломж хангалттай бөгөөд эрсдэл харьцангуй бага үед тогтвортой байдлаа хадгалж, хэт халалт бий болгохгүйгээр эдийн засгийг тэлэх орон зайг бодлогоор дэмжих хэрэгтэй.

Эдийн засгийн өсөлтийг тогтвортой байдлыг хамгаалахуйц бодлогын тохируулгыг цаг тухайд нь хийж, харилцан бие биенийхээ нөлөөг тэнцвэржүүлж явах нь төсөв, мөнгөний бодлогын зохистой хослол юм. Монгол улсын эдийн засгийн уул уурхайгаас хамаарах байдал нэмэгдэж, төсөв, мөнгөний бодлогын тэлэх орон зай хязгаарлагдмал болж, гадаад өрийн дарамт нэмэгдэж байгаа энэ үед бодлого боловсруулагчид дотоод, гадаад орчноо мэдэрч, алсын хараатай шийдвэрүүд гаргаж чадах эсэхээс Монгол Улсын цаашдын хувь заяа, эдийн засгийн аюулгүй байдал шууд хамаарна.

Сайн үйлс дэлгэрч, арвижих болтугай.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ

Н.БАЯРТСАЙХАН