Categories
гадаад мэдээ

Оны онцлох хүмүүсийн жагсаалтад Жамаль Хашогги багтжээ

АНУ-ын “Time” сэтгүүлээс жил тутам гаргадаг Оны онцлох хүмүүсийн энэ оны жагсаалтад Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги багтсан байна. Энэ тухай сэтгүүлийн газраас даваа гарагт мэдээлжээ. “Washington Post” сонины сэтгүүлч байсан Ж.Хашогги нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй нэр нөлөө бүхий хүмүүсийн хамтаар дээрх жагсаалтад бичигдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Гурван үсэгтэй газар байгаагүйсэн бол…

Авлигатай тэмцэх газрыг АТГ гэж товчилж нэршээд хэдийнэ тогтжээ, бид. Сүүлийн үед өнөөх гурван үсэгтэй газар гэж хэлдэг болов. Хуулийн байгууллага дандаа сайн нэртэй байдаг биш дээ. Ямар нэг хэрэг төвгийн араас байнга л хөөцөлдөнө. Тэгээд ч гэмт хэрэгт холбогдсон хүмүүс хэзээ байтлаа л “Би буруутай” гэдэг байлаа. Мэдээж хуулийн байгууллага хүлээсэн үүргийнхээ хүрээнд хэргийг илрүүлэх гэж мөрдөнө, мөшгөнө, байцаана.

Хэрвээ энэ гурван үсэгтэй газар байгаагүй бол гэж та бодож үзсэн үү. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжсэн манай улсад зайлшгүй байх ёстой газар бол АТГ. Яагаад гэвэл хүн болгон хөрөнгөтэй болж, их, бага мөнгөтэй харилцаж байгаа нь чөлөөт эдийн засгийн нэг ололттой тал. Гэвч үүнийг дагаад авлига, хээл хахууль газар авдаг үзэгдэл бас байна. Аливаа ажил төрөл авлигаар шийдэгддэг болсон нь улс орны эдийн засагт нүүрлэсэн хамгийн том гамшиг. Та бидний хуруу хумсаа хугалан байж олсон татварын хэдэн төгрөгийг хэн нэгэн эрх мэдэлтний гарын үсэг зурах төдийхнөөр хулгайлах нь таатай зүйл мөн үү. Улсын хөрөнгө, концессын гэрээгээр хийгдэх олон тэрбумын төсөвтэй тендерүүдийг цөөн хэдэн хүн хуваагаад идэх нь шударга явдал гэж үү. Том дүнтэй төсөл, хөтөлбөрүүдэд улс төр хамгийн их нөлөөлдөг нь АТГ-ын илрүүлж байгаа хэргүүдээс бэлхнээ харагддаг. Жишээлбэл, бүтээн байгуулалтын 100 ажлын хорь, гуч нь авлигаар шийдэгджээ гэж бодъё. Хууль бусаар явуулж байгаа эдгээр ажлаас АТГ арвыг нь илрүүлсэн байхад л асар их том мөнгө гарна даа. Авлигын хэргийг толгой дараалан илрүүлнэ гэдэг амаргүй. Хуулиндаа авлига өгсөн, авсан хоёулаа бурууддаг болохоор тэр бүр ил болоод байдаггүй. Магадгүй энэ гурван үсэгтэй байгууллага байгаагүй бол албан тушаалтнуудын идэж, уусан хэргүүдийн зах зухаас нь өнөөдөр бид мэдэх ч үгүй нүдэн балай, чихэн дүлий гэгчээр таг сууцгааж байх байсан биз ээ.

АТГ дөнгөж арав гаруйхан жилийн өмнө байгуулагдсан гэхэд чамгүй их ажил хийжээ. Хэдэн арван тэрбумаар хэмжигдэх мөнгөн дүнтэй томчуудын гэх хэргийн араас тэд л хөөцөлддөг. АТГ илрүүлсэн, шалгаж байгаа хэргүүдээс хэдэн тэрбум илрэх чухал биш. Албан тушаалтнуудад төрийн мөнгө хяналттай гэдгийг мэдрүүлснээр дараагийн олон тэрбумыг хулгайлах замыг хаадаг нь АТГ байсны л үр шим. Энэ нь улсын эдийн засагт хичнээн чухал билээ. Тэд авлига авсан хүмүүсийг илчилж, зарлахаасаа урьдаар ийм хэрэг давтагдуулахгүйн тулд соён гэгээрүүлэх ажлыг түлхүү явуулдаг. Ойрын жишээ гэхэд боловсролын салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлсон хэлэлцүүлгийг өрнүүллээ. ЖДҮ гэж яригдаад байгаа энэ санг яаж авлигаас ангид хөгжүүлэх талаар өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулсан. Бас төрийн албан хаагчдыг татвараас ангид байхыг уриалсан “Бичгийн хавчаар” аяныг явуулж байна. Бичгийн хавчаарыг авлигын эсрэг хийж буй үйлдлийн бэлгэ тэмдэг болгон, үнэт зүйлдээ үнэнч, шударга ёсыг эрхэмлэгч залуусын гоёл байх эерэг шийдэл. АТГ-ын хамгийн том саад бол улстөрчид байдаг. Анхны дарга Австрид учир битүүлгээр нас барсан. Хоёр дахь дарга нь төсөв хэтрүүлсэн гэгдээд шүүхийн хаалга татсан. Өнөөдөр гурав дахь даргыг хугацаанаас нь өмнө огцруулах хүчтэй лобби явж байна. Аливаа авлигын хэрэг илрэхэд ард түмэн АТГ авлигатай тэмцэж байна гэж хардаг. Харин томоохон хэрэг илрэх болгонд улстөрчид АТГ-ыг буруутгаж эхэлдэг. Эдийн засагчдын хэлж буйгаар өнөөдөр далд эдийн засгийн 30 хувь л илэрсэн гэдэг судалгаа бий. Тэгвэл үлдсэн 70 хувийг хулгайлагсад хэзээ нэгэн цагт ил болох нь дамжиггүй.

Гурван үсэгтэй газар байгаагүй бол яах байсан бол…

Categories
мэдээ нийгэм

“Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар” шинэчлэн батлагдлаа

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 120-р тушаалаар “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар”-ыг шинэчлэн баталлаа. Энэхүү заавар нь “Аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар”, “Гамшгаас хамгаалах албаны төлөвлөгөө боловсруулах заавар”, “Байгууллага, аж ахуйн нэгжийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар” гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа юм. Түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүрэг, гамшгаас хамгаалах албад, байгууллага, аж ахуйн нэгжид баталсан зааврын дагуу 2019 оны гуравдугаар улиралд багтаан гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө шинэчлэн боловсруулахыг Монгол Улсын Шадар сайдаас үүрэг болголоо. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний загварыг ирэх оны 1 дүгээр сард багтаан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар батлах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Р.Төмөрхуяг: Бидэнд мэдэгдэхгүйгээр хүүгийн минь хэргийг шүүхийн шатанд шилжүүлчихсэн байсан

Талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.

Хохирогчийн аав Р.Төмөрхуяг “49 хоног дээр та бүхэнтэй уулзаж хэвлэлийн хурал хийснээс хойш хоёр сар өнгөрчээ. Бидний хувьд хүүгийнхээ ясыг өндөлзүүлэн байж хэвлэлийн хурал хийхээс өөр аргагүй боллоо. Шүүхийн газрыг үнэн зөв ажиллаж үнэнийг гаргах байх гэсэн боловч тэгсэнгүй. Шүүх хэргийг татаж аваад тодорхой шалгалт хийгээд сайн ажиллаж байсан. Гэтэл сүүлийн үед итгэл алдарлаа. Үнэн зөвөөр шүүж өгсөнгүй. Шүүх, мөрдөн байцаалтын газрууд, баримтын араас хөөцөлдөж, асууж лавласангүй. Ингээд шууд прокурорт өгч бидэнд мэдэгдэхгүйгээр шүүхийн шатанд өгчихсөн байх юм. Ингэхдээ Б.Махбалыг хамгийн хөнгөн зүйл ангиар шийтгэх гэж байна. Тийм учраас би та бүхэнд хандлаа. Энэ хэрэг бол албан тушаалын төлөөх зориуд зохион байгууллалттайгаар хийсэн хэрэг гэж бид үзэж байгаа. Одоо ч хэвээрээ. Албан тушаалын төлөө зориудаар амь намыг хөнөөсөн гэдгийг дэд сайд нотлоод өгчихсөн байхад авч хэлэлцсэнгүй. Үүнд цаанаасаа албан тушаалтан, улс төрийнхөн оролцож нөлөөлөөд байна. Би хүүдээ хуулийг гууль болголгүй, шударга сайн ажиллараарай гэж хэлдэг байсан. Хүү минь албан тушаалын төлөө бус ажил мэргэжилдээ үнэнч явсан юм шүү. Хууль хяналтын байгууллага энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж чадахгүй байгаад харамсаж байна. Үүнийг шударга шийдүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно. Одоо Хуульзүйн сайдад хугацаатай шаардлага хүргүүлэх гэж байна. Миний хүүгийн амь насны хэрэг тухайн үедээ Засгийн газрыг огцруулах зүйлчлэлээр явж байсан” гэв.

Хохирогчийн өмгөөлөч .Отгонбаатар “Хэрэг гарснаас хойш дөрвөн сар хоёр хоногийн хугацаа өнгөрсөн байна. Прокурорын байгуулалагуулаас гомдолын талаар ямар нэгэн хариу мэдэгдэл өгөөгүй байна. Тухайн үед энэ хэргийн талаар ташаа мэдээллийг таслан зогсоохоор ар гэрийхний зүгээс хэвлэлийн хурал хийж байсан. Өнөөдөр хэвлэлийн хурал хийж байгаа хохирогчийн аавын үгийг сонсож, авч үзэх шаардлагатай. Мөрдөн шалгах явцад өмгөөлөгчдийн зүгээс олон шаардлага тавьж байсан. Бид энэ хэргийг шударга бус шийдсэн гэж үзээд гомдол гаргасан байгаа” гэлээ.

Хохирогчийн амь насанд хүрсэн этгээдийг Эрүүгийн хэргийн тусгай ангийн 10.1 буюу хүнийг санаатай алах зүйлээр шалгасан байна. Тухайн хэргийн хажууд байсан хоёр этгээдийг хэрэгт холбогдолгүй гээдхэргийг нь хаажээ.

Шүүх шударга шүүгээгүй гэх шалтгаанаар гомдол гаргажээ. Гомдлын хариуг 14 хоногийн хугацаанд өгөх хуультай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ам.долларын аашнаас шатахууны үнэ буурах эсэх нь шалтгаална

“Найман шарга” валютын зах дээр өчигдөр ам.долларыг 2635 төгрөгөөр авч 2645 төгрөгөөр арилжааллаа. Ам.долларын ханш цаашид өснө гэсэн таамаг эдийн засагт голлож байна. Хөрөнгийн зах зээлд ажилладаг “Новел инвестмэнт” компанийн захирал Д.Ангар “Ам.долларын ханш өсч байгаа нь Монголбанкны буруу бодлоготой холбоотой. Нүүрсний үнэ өндөр, зэсийн зах зээл дажгүй, урд хөршийнхөн мах их хэмжээгээр импортолсон гэх мэтээс харвал эдийн засгийн нөхцөл сайн байсан. Бид 2012-2016 оны төв банкийг төгрөг хэвлэж долларын ханшид нөлөөлсөн гэж шүүмжилж суусан ч энэ засгийн өнгөнд мөнгөний бодлогыг хэрэгжүүлж буй төв банк бүр муу ажиллаж байна. Өнгөрсөн засгийн үед эдийн засаг маш муу байсан. Энэ засгийн үеийн эдийн засагтай харьцуулбал там, диваажин шиг ялгаатай. Аж ахуйн нэгжүүдийн нүүрс, зэс, мах зараад олж ирсэн долларыг Монголбанк ирэх жилүүдэд төлөх өрөө дарна гээд төгрөг хэвлэж худалдаж аваад байна л даа. Өөрөөр хэлбэл, төв банк долларын зохиомол хомсдол бий болгочихлоо. Н.Баяртсайхан төв банкны өмнөх ерөнхийлөгчөөс илүү их мөнгө хэвлээд байна. Монголбанк энэ буруу бодлогоо зогсоохгүй бол ам.долларын ханш 3000 төгрөг давах эрсдэлтэй” хэмээн онцоллоо.

Долларын ханшийн өсөлтийн суурь шалтгааны нэг нь төлбөрийн тэнцэл гэж харах эдийн засагч цөөнгүй байна. Төлбөрийн тэнцэл өнгөрсөн сарын байдлаар багагүй алдагдалтай гарсан юм. Одоогоор өнгөрсөн сарын төлбөрийн тэнцлийн статистик гараагүй ч алдагдал өссөн гэх таамаг зонхилж буй. Тухайн сарын валютын ханшийн өсөлтөөс харахад төлбөрийн тэнцэл чамгүй алдагдалтай гарсан байхыг үгүйсгэх аргагүй. Төв банк долларын ханшийн эсрэг интервенц хийхдээ амсуулах төдий валют нийлүүлж байгаа нь зөв шийдэл биш гэсэн шүүмжлэл ч дуулдаж эхэллээ. Төв банк интервэнцээ мэдрэгдэхээр хэмжээнд хийхгүй энэ янзаараа амсуулах төдий яваад байвал долларын ханш дахиад ч өсөх эрсдэл бий.

Ханшийн өсөлтийг тогтворжуулахзэвсэг төв банкинд л бий

Доллар зах зээлд хомсдож эхэлсэн шалтгаануудыг жагсаая. Бараг хоёр их наядын алдагдалтай сонгуулийн өмнөх жилийн төсвийн хөрөнгө оруулалтын дийлэнх нь барилгын компаниудад очно. Өнөөдүүл нь ирэх хавар барилгын материалаа импортлох гэж доллараа хав дарсан гэх хардлага таамаг хэлэх эдийн засагч цөөнгүй байна. Валютын захын бүрхэг тодорхойгүй орчин ам.долларын зээл авч шатахуун импортолдог компаниудад том дохио болж буй. Ногоон валютын ханш өссөөр байвал сар бүр “Роснефть” рүү доллар шилжүүлж худалдаа хийдэг импортлогчдын ашиг хумигдсаар байх эрсдэлтэй. Ер нь импортын бизнес хийдэг компани бүр долларын ханшийн галзуурлаас болгоомжилж дансан дахь ногооноо таг дарчихсан суугаад эргэлзэх зүйл алга. Долларын гүйлгээ хумигдаж, бизнес эрхлэгчид дор бүрнээ доллараа атгачихсан суугаа энэ өдрүүдэд иргэдэд ирэх дарамтын нэг нь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт. Доллар хомсдох хэрээр импорт хумигдана, импорт хумигдах тусам өргөн хэрэглээний барааны үнэ өсөх нь тов тодорхой асуудал.

Нүүрс, зэсээс багагүй хэмжээний доллар олж байгаа ч долларын гадагшлах урсгал ихэсчээ. Эдийн засгийн идэвхжлээс шалтгаалж уул уурхайн салбарт тоног төхөөрөмжийн худалдан авалт нэмэгдсэн, автомашины импорт өссөн тоонууд статистикаас харагдаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт бараг зогссон гэх том шалтгаан бас бий. Ноён ногооны галзуурлыг богино хугацаанд барих ганц арга нь төв банкны интервенц гэж эдийн засагчид хэлж байна. 2022 он хүртэл доллар орж ирэх баталгаатай суваг олчихвол өнөөгийн нөөц ирэх гурав, дөрвөн жилдээ ханш барих хэмжээнд хүрэлцэнэ гэх тооцоог судлаачид гаргажээ. Нөгөө талд төв банкнаас ОУВС-гийн шаардлагыг биелүүлэх ёстой гэсэн тайлбар хэлж байгаа. Валютын нөөцөө өсгө гэсэн шаардлагыг тус сангийн зүгээс манай улсад тавьж буй.

Засгийн газарт үнэт цаас гаргаж доллар олж ирэх боломж байгаа ч өрийн хэмжээ нэмэгдэж зээлжих зэрэглэл буурах сөрөг тал бий. Тэгэхээр засагт долларын галзуурлын эсрэг богино хугацаанд хийж чадах зүйл байхгүй гэсэн үг. Харин урт хугацаанд экспортын төрөл хэмжээгээ нэмэгдүүлэх, аялал жуулчлал буюу үйлчилгээний экспортыг хөгжүүлэх, санхүүгийн зах зээлийн хэрэгслийг ашиглаж зэс нүүрсний үнээ барьж авдаг болох гэх мэт ажлуудыг хийвэл долларын ханшийг тавиад туучихгүйхэн шиг аж төрөх боломж байна.

Долларын өсөлт төсөв захиран зарцуулдаг улстөрчдөд ашигтай

Төгрөгийн ханш сулрах нь иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг. Доллар чангарч төгрөг сулрах нь хэнд ашигтай вэ гэсэн асуултад хариу хайя.

Төгрөгийн ханш ам.долларын эсрэг сулрах нь улсын төсвийн орлогыг нэмэгдсэн дүнтэй гарахад эерэгээр нөлөөлдөг. Энгийнээр тайлбарлавал, улсын төсвийн орлогын 90 орчим хувийг татварын орлого бүрдүүлдэг. Татварын орлого дотроо гаалийн татвар, НӨАТ, онцгой татвар, аж ахуйн нэгж болон хувь хүний орлогын албан татвар гээд хөвөрнө. Гадаад худалдааны бараа эргэлтэд хамаарах, ам.долларын суурьтай татварын орлогын төгрөгөөр илэрхийлэгдэх хэмжээ төгрөгийн ханш суларвал өсч, төгрөгийн ханш чангарвал буурч харагддаг. Ийм учраас төгрөгийн ханш ам.долларын эсрэг сулрах нь улсын төсөвт, төсөв захиран зарцуулдаг улс төрч, сайд нарт эерэг байдаг юм.

Төгрөгийн ханш ам.долларын эсрэг сулрах нь төв банкны тэнцэлд бас эергээр нөлөөлдөг. Уг нь төв банк бизнесийн байгууллага биш. Мөнгөний бодлого хэрэгжүүлдэг бодлогын байгууллага. Тэр утгаараа тайлан тэнцэл нь ашигтай гарах уу, алдагдалтай байх уу гэдэг нь олон улсын практикаар бол ёстой хэнд ч сонин биш асуудал. Гэтэл өнөөгийн төв банкны удирдлага Монгол банкны тэнцлийг ашигтай гаргахаар чармайдаг нь алхам бүрээс нь анзаарагддаг. Дэлхий дээр өөрөө л ашигтай ажиллахын төлөө ажилладаг, ашигтай ажиллачихлаа гэж пи ар хийдэг төв банк ганц Монголд байгаа нь гашуун ч гэлээ үнэн. Төв банкны хөрөнгийн дийлэнх хэсгийг гадаад валютын улсын нөөц эзэлдэг. Гурван тэрбум ам.долларын нөөцтэй төв банкны хөрөнгийг төгрөгөөр илэрхийлэх гээд үзье. Долларын ханш 2016 оны дунд үед 2000 төгрөг байсан. Харин өнөөдөр 2645 төгрөг болоод цойлчихсон. Долларын ханш өсөх хэрээр төв банкны хөрөнгө ихэснэ гэсэн үг.

Дараагийн нэг шалтгаан нь улс төрч, эрх баригчид, хөрөнгө мөнгөтэй чинээлэг давхаргынхны хадгаламж. Чинээлэг хэсэг хадгаламжаа доллараар байршуулдаг. Тэгэхээр төгрөгийн ханш сулрах нь тэдэнд бас ашигтай болж таарч байна. Нүүрсээр баяжсан, ашигт малтмалын лицензээр хөлжсөн улстөрчдөд төгрөгийн ханш сулрах нь ашигтай гэдгийг энд дурдахад илүүдэхгүй байх. Яагаад гэвэл тэдний орлого ам.доллараар, харин эгэл жирийн иргэдийн орлого төгрөгөөр орж ирдэг.

Ихгүрнүүдийн геополитикийн тоглолт шатахууны үнийг савлуулж байна

Ногоон валютын ханш өсөх нь иргэдийн авч буй цалингийн үнэ цэнийг навс унагаж байгаа. Иргэдэд ирэх бас нэг ачаа нь шатахууны үнэд үзүүлэх нөлөө гэдгийг онцолъё. Зарим эдийн засагчийн таамаглаж байгаачлан 3000 төгрөг давбал шатахууны үнэд харин ч эсрэгээрээ нөлөөлөх эрсдэл бий. Учир нь бид шатахуунаа 100 хувь гаднаас ам.доллараар худалдаж авдаг.

Шатахууны эрэлтийн зах зээлийг OECD буюу АНУ, Европ, Хятад, бусад зах зээл гэж гурав ангилдаг. Нийлүүлэлтийн хувьд хамгийн том нь ОПЕК, тэр дундаа Саудын Арабыг онцлох учиртай. Саудын Арабын дараа Иран, Ирак гээд жагсдаг. Сүүлийн үед газрын тосны зах зээлд нэг өөрчлөлт гарсан нь АНУ. Ердөө зургаахан жилийн өмнө тав, зургаан хувиар хэмжигдэж явсан АНУ-ын нийлүүлэлт 11 хувь давчихсан яваа. Өнгөрсөн хугацаан дахь нефтийн үнийн огцом бууралт, өсөлтийг Америкийн геополитикийн тоглолтоос үүдсэн гэх тайлбар давамгайлсан нь ийм учиртай. Занараас шатахуун гаргах технологийг атгасан нь АНУ-ын давуу тал болоод буй. Хямд зардлаар шатахуун гаргах технологитой болчихсон учраас АНУ дэлхийн зах зээл дээр ОХУ, ОПЕК-той тоглож эхэлсэн юм. Тодруулж хэлбэл дэлхийн газрын тосны зах зээл дээр их гүрнүүдийн дунд улс төрийн геополитикийн тоглолт ид өрнөж байна. Улс төрийн геополитикийн хүчтэй тоглолтоос болж газрын тосны үнийг таамаглах аргагүй болсон хэмээн шинжээчид онцлоод эхэллээ. Одоогоор занараас шатахуун гаргах технологийг атгасан АНУ Иранд хориг тавьж, энэ улсыг газрын тосны зах зээлээс шахах бодлого барьж буй. Гэхдээ нөгөө талд Иранд ч өөрийн гэсэн зэвсэг бий. Газрын тосыг зах зээлд нийлүүлдэг Ормузын хоолойг энэ улс эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, Иран эзэмшдэг хоолойгоо хаачихад л газрын тосны үнэ өгсөх эрсдэл байгаа. Булангийн орнууд буюу Иран, Саудын Араб, Ирак, Кувейт, Катар, Арабын нэгдсэн Эмират улс нийлээд өдөртөө 19 сая баррель нефтийг энэ хоолойгоор дамжуулж зах зээлд нийлүүлдэг юм.

Газрын тосны үнэ өмнөх шигээ 30 ам.доллар хүртэл уруудах болов уу, өнөөгийн ханшин дээрээ тогтворжих уу гэсэн асуулт бас бий. Газрын тосны зах зээл дэх гол тоглогчийн нэг болох ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хувьд 70 ам.долларт барихад хангалттай ашиг олно гэж буй. Учир нь хойд хөршийн газрын тос олборлох өртөг 35 орчим ам.долларт хэлбэлздэг. Саудын Араб ба ОПЕК-ийн тухайд 70-80 ам.долларт барихыг хичээж байна. Голлох зах зээлүүдийн энэ тооцооноос харахад газрын тосны үнэ доод хязгаартаа 60 ам.доллараас буух боломжгүй гэсэн таамаг үнэнд ойрхон сонсогдож байгаа юм. Эцэст нь онцлоход тоглогчид дахиад улс төрийн нүүдэл хийж толхилцоод эхэлбэл үнэ өсөх эрсдэл бийг шинжээчид үгүйсгэхгүй байна. Трамп газрын тосны үнийг цаашид бууруулах боломжтой гэж мэдэгдэж байгаа ч хар алтны зах зээлд хүчин мөхөсдөх эрсдэл ч анзаарагдаад эхэлчихлээ. Путин, Арабын ханхүүтэй мэндлэх төдийд газрын тосны үнэ өгссөн, энэ зах зээлийн 40 хувийг атгадаг ОХУ, Араб нийлүүлэлтээ танахаа мэдэгдсэн, Трампад шахагдсан Венесуэл хойд хөршөөс хөрөнгө оруулалт татахаар болсон гэх мэт хар алтны үнийг өсгөх геополитикийн тоглолт үргэлжилсээр байна.

Манай улсын хувьд газрын тосны үнэ буух тусмаа сайн. Геополитикийн тоглолт энэ янзаараа хурцдаж үнэ өсвөл мэдээж хүнд тусна. Газрын тосны үнэд олон улсын зах зээлээс гадна Оросын татвар, онцгой албан татвар, компаниудын зардал ашиг, хамгийн гол нь ам.долларын үнэ нөлөөлдөг гэдгийг бас онцлохгүй орхиж болохгүй.

Categories
мэдээ нийгэм

Багануур дүүрэгт 320 хүүхдийн суудалтай цогцолбор сургууль ашиглалтанд орлоо

Нийслэлийн Багануур дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр 320 хүүхдийн хүчин чадал бүхий бага сургуулийн барилгыг хугацаанаас нь өмнө ашиглалтанд оруулж, нээлээ.
Энэхүү сургуулийг нийслэлийн Засаг даргын 2018 оны наймдугаар сарын 02-ны өдрийн А/703 тоот захирамжаар Багануур дүүргийн 125 дугаар сургуультай нэгтгэн “Оюуны эрин” цогцолбор сургууль болгон өргөжүүлж, 104 багш, ажилтан, албан хаагчтай, 1056 суралцагчидтайгаар үйл ажиллагаа явуулж эхэллээ.
Багануур дүүргийн 125 дугаар сургууль нь 2014 онд Дэлхийн банкны санхүүжилтээр баригдаж 64 багш, ажилтан, 640 хүүхдийн хүчин чадалтай үйл ажиллагаагаа эхэлж байсан.
Цогцолбор сургуулийн барилгын ажлыг хоёр тэрбум 764.8 сая төгрөгийн нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Мөнхийн үргэлжлэл” ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэсэн байна.
Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, дүүргийн Засаг даргын орлогч дарга Т.Отгонбаяр, дүүргийн Иргэдийн Хурлын дарга С.Даваасүрэн болон дүүргийн сургуулийн захирлууд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү бүтээн байгуулалтын ажил нь Багануур дүүргийн боловсролын хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд хийгдсэн томоохон хөрөнгө оруулалтын нэг боллоо гэдгийн дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир цохон тэмдэглэлээ.
Цогцолбор сургуулийн захирал Г.Бат-Эрдэнэ “Шинэ сургууль маань үеийн үед бяцхан шавь нарынхаа ирээдүйг чиглүүлэгч, эрдмийн өргөө болон цэцэглэн хөгжих болтугай. “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” бодлогыг чанартай хэрэгжүүлэхийн тулд бидний хамт олон итгэл зүтгэл, сэтгэлээрээ нэгдэн ажиллах болно” гэж онцлов.

Categories
мэдээ нийгэм

Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

Он гарсаар 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдлоор 7 хүн амь насаа алджээ. Түүнчлэн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арваннэгдүгээр сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд нимгэн мөсөн бүрхүүл тогтсон байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл татаж авах заавар

Тусгай зөвшөөрөл хүсч, баримт бичиг ирүүлэх байгууллагууд зураг дээр үзүүлсэн болон видео зааврын дагуу баримт бичгийн бүрдэл болон, өргөдлийн маягтыг татан авч ашиглана.


Categories
мэдээ нийгэм

Иргэдийн зорчих эрэлттэй үеэр үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүллээ

Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирсэн санал хүсэлт, иргэдийн зорчих эрэлттэй уялдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг иргэдэд хүртээмжтэй байхаар төлөвлөн үе шаттайгаар дараах ажлуудыг хийж байна.

  1. Нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, ачаалал ихтэй зогсоолуудын ачааллыг бууруулах чиглэлээр дараах ажлуудыг эхлүүлээд байна.

Өглөөний оргил ачааллын цагаар дараах богино эргэлтийн чиглэлүүдэд өглөөний 7:10, 7:25 цагуудад тус бүр нэг автобус явахаар зохицуулалт хийгдсэн.

  1. “Саппоро – МУБИС”
  2. “25 дугаар эмийн сан – Зүүн 4 зам”
  3. “5 богд – МУБИС”
  4. “7 буудал – МУБИС”
  5. “Монгол кино үйлдвэр – МУБИС”
  6. “Саппоро – 3,4 дүгээр хороолол – Гандан – МУБИС”
  7. “3 дугаар эмнэлэг – Баруун 4 зам-Чингэлтэй дүүрэг – МУБИС”
  8. “Хархорин – Гурвалжингийн гүүр – Зайсан”

Оройн оргил ачааллын 18:20 цагт дараах богино эргэлтийн чиглэлүүдэд тус бүр нэг автобус явахаар зохицуулалт хийгдээд байна.

  1. “Ард кино театр – 120 мянгат – Яармаг”
  2. “Ард кино театр- ЭТӨЧ – 5 шар”
  3. “Цэцэг төв-Хүнсний 1 дэлгүүр – 7 буудал”
  4. “Төв цэнгэлдэх – Зүүн 4 зам”
  5. “Баянгол зочид буудал – Нисэх”
  6. “Элба – Дэнжийн 1000”
  7. “Бөмбөгөр-Алтай хотхон – БММЗ”
  8. “Өргөө амаржих газар – Офицеруудын ордон”
  9. “МУБИС /зүүн/ – МУИС – 3.4-р хороолол – Өнөр хороолол – 5 шар

4 дүгээр дэлгүүр – Сэлх”

  1. Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хот орчмын болон алслагдсан чиглэлүүдэд өглөөний эх авалтыг урагшлуулах, хүртээмж багатай зорчигч урсгал ихтэй чиглэлүүдэд гаралт нэмэгдүүлэх ажлын хүрээнд :

Ø Алслагдсан дараах 16 чиглэлд өглөөний эх авах цагийг 5-9 минутаар урагшлуулах зохицуулалт хийгдсэн.

o Ч:9 “Нисэх”

o Ч:7 “Зунжин”

o Ч:14 “Нарангийн гол”

o Ч:15 “Сонсголон”

o Ч:13 “Тахилт”

o Ч:28 “Сэлх”, “Ард кино театр”

o Ч:32 “ТЭЦ3”

o Ч:38 “Хайлааст”

o Ч:41 “Халдвартын эмнэлэг”

o Ч:44 “Дүнжингарав”

o Ч:53, Ч:54, “Яармаг”

o Ч:56 “Буянт ухаа”

o Ч:57 “Нарангийн гол”

o ХО:2 “Дүнжингарав худалдааны төв”

o ХО:3 “Гордок”

o ХО:8 “Найрамдал” зогсоолуудаас тус тус хөдлөхөөр

Ø Ачаалал ихтэй Ч:8 “Хайлааст – МУБИС – Цэцэг төв”, Ч:27 “Вокзал – Бөмбөгөр – Өвөр согоот”, Ч:41“Баруун салаа – Их тойруу – Халдвартын эмнэлэг”, Ч:42 “Сүлжмэл – Нарны гүүр – Зайсан”, Ч:65 “Зайсан – Офицеруудын ордон”, чиглэлүүдэд үйлчлэх автобусны тоог нэмэгдүүлсэн.

Ø Хэт хол буюу 50 км-с дээш урттай зарим чиглэлийг богиносгон хүлээгдлийн хугацааг багасгаж, өдөрт үйлчлэх давтамжийг нэмэгдүүлж, давхцалыг бууруулах ажлын хүрээнд Ч:65 “Зайсан – Офицеруудын ордон”, Ч:66 “Зайсан – Цэцэг төв – 11-р хороолол” чиглэлүүдийг шинээр төлөвлөсөн,

Ø Хот орчмын ХО:10 “Эмээлт /хурган/ – Хархорин – 10-р хороолол” чиглэлд иргэдийн эрэлтэд суурилан дунд багтаамжийн автобус үйлчилж байсныг их багтаамжийн автобус явахаар, ХО:6 “Өлзийт хороолол – 120 мянгат” чиглэлд иргэдийн санал хүсэлтээр зорчилт багатай өдрийн цагт цонхлолт хийгдэж байсанд зохих судалгаа хийж цонхлолтгүй явахаар, мөн орой сүүлийн автобус 19:44 хөдөлж байсныг 21:11 цагт хөдлөхөөр цагийг уртасгасан,

o Ч:13, Ч:44, Ч:46, ХО:2 чиглэлүүдэд эргэлтийн хугацаа хасч өдөрт ажиллах рейсийн тоо нэмэгдснээр үйлчилгээний хүртээмж нэмэгдсэн.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 болон дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Сайн ноён хан Т.Намнансүрэн-140” үзэслэнгийн нээлт боллоо

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд сэргээн байгуулагдсан Монгол Улсын тусгаар тогтнолыг бататган хамгаалах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх тэмцэлд жинтэй хувь нэмэр оруулсан түүхэн зүтгэлтнүүд цөөнгүй бий. Тэдний нэг нь XX зууны Монголын төрийн нэрт зүтгэлтэн, дипломатч, анхны Ерөнхий сайд Түмэнхэн номун эзэн, Итгэмжит эетэй, Эрх дайчин Сайн ноён хан Боржигон овогт Төгс-Очирын Намнансүрэн юм.

Халхын Сайн ноён хан Т.Намнансүрэн нь 1878 онд Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Сайн ноён, засаг хошой чин ван Төгс-Очир, хатан Хандмаа нарын гэрт мэндэлжээ.

Тэрээр 1884 онд бэйс Чимэддоной, түшмэл Шийлэг нарт шавь орж, монгол, манж бичиг үсэг заалган, 1897-1908 онд Сайн ноён аймгийн цэргийн захирах туслагч жанжины хэбэй, 1906-1912 онд Сайн ноён хан аймгийн Цэцэрлэгийн чуулганы дарга, 1912-1915 онд Шадар сайд, Дотоодын зэрэг олон яамны хамаг хэргийг бүгд ерөнхийлөн захирах яамны тэргүүн сайд, 1915-1919 онд Шадар сайд, Ерөнхийлөн шийтгэх сайд, Цэргийн яамны тэргүүн сайд, мөн 1914-1919 онд Улсын дээд хурлын даргын албан тушаалд хавсран ажиллаж байсан юм.

Сайн ноён хан Т.Намнансүрэн нь Монгол Улсын гадаад улстай байгуулсан анхны гэрээ болох 1912 оны Орос-Монголын найрамдлын гэрээ, хавсарган тогтоосон гэрээ бичгийг байгуулахад МУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүнээр ажиллаж, 1913-1914 онд хаант Орос улсад Монгол Улсын төрийн тэргүүний анхны айлчлал хийснээр хорьдугаар зууны Монгол Улсын гадаад харилцааны үндсийг тавьж байжээ.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей болон “Сайн ноён хаан” сан хамтран Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн мэлмий гийсний 140 жилийн ойд зориулан “МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙ САЙД, САЙН НОЁН ХАН ТӨГС-ОЧИРЫН НАМНАНСҮРЭН 140” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зураг, баримтат кино, эд өлгийн үзэсгэлэнг өнөөдөр Монголын Үндэсний музейд гаргалаа.

Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд МУ-ын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхбаатар, Монголын Үндэсний Музейн захирал, гавьяат багш, доктор Д.Сүхбаатар, “Сайн ноён хаан” сангийн захирал Ч.Надмид нар оролцлоо.
Тус үзэсгэлэнд Сайн ноён хан аймгийн ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэл, Сайн ноён ханы хошууны нутгийн зураг, Хиагтын гурван улсын гэрээнд оролцож буй Монгол улсын Засгийн газрын бүрэн эрх барих сайдуудад, Бүгд ерөнхийлөн захирах сайд Т.Намнансүрэн болон бусад сайдуудад илгээсэн шифрлэсэн цахилгаан /1914.12.16/, МУ-ын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хэрэглэж байсан дөрвөн бадамтай, дөрвөн хөлтэй тулга, МУ-ын Бүгд Ерөнхийлөн захирах сайд, Бүрэн эрх барих Элчин сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнд дурсгасан мөнгөн хайрцаг /1914.11.11/ зэрэг ховор үзмэрүүд дэлгэн тавигдсан юм.

Энэхүү үзэсгэлэн 2018 оны 12 дугаар сарын 10-аас 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд, 2018 оны 12 дугаар сарын 17-оос 12 дугаар сарын 30-ний өдрийг дуустал Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд тус тус гарах бөгөөд сонирхсон иргэд үнэ төлбөргүйгээр сонирхож болно.