Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Танайхан өглөө бүр гүйдэг, манайхан өдөржингөө суудаг. Танайх ус уудаг, манайх архи ууж, мах иддэг

ДЭМБ, ЭМЯ хамтран 2018 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтан Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй нийт сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт: хэнд ч , хаана ч” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан билээ. Уг уралдаанд нийтлэлийн төрөлд Өдрийн сонины сэтгүүлч Д.Гансаруул Танайхан өглөө бүр гүйдэг, манайхан өдөржингөө суудаг. Танайх ус уудаг, манайх архи ууж, мах иддэг нийтлэлээрээ дэд байр эзэлсэн юм.

БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАМРАЛТЫН ДЭЛХИЙН ӨДӨР-ийг тохиолдуулан эл нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Гүйлтийн зам, цэвэр ус, даатгал, пүүз, шүдний эмнэлэг, хөгжим, тайвшруулах эм, нуур, эмч, тамирын багш, мөнгө гэсэн үгнүүдээс “Эрүүл мэнд” гэдэг үгтэй хамааралтай үгсийг сонгоно уу гэсэн судалгааг АНУ-ын нэгэн хотод явуулжээ. Тус хотын иргэд “Пүүз, хөгжим, нуур, цэвэр ус” гэсэн дөрвөн үгийг хамгийн их сонгосон байжээ. Харин энэ судалгааг тус хотын эмнэлэгт явуулахад өвчтөнүүд “Мөнгө, эмч, тайвшруулах эм” гэсэн дарааллаар үгсийг сонгосон байна.

Эмнэлэгт хэвтээгүй, ажил төрлөө хийгээд, хичээл номдоо шамдан суралцаж буй хэсгийнхэн пүүз өмсөөд, чихэвчээ зүүгээд нуурын хөвөөгөөр алхаж, цэвэр усыг ихээр уудгаа эрүүл мэндтэй холбосон нь харагдана. Тэд өөрсдийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж эрүүл байхын тулд өглөө бүр гүйдгээ энэ судалгаагаар харуулж байгаа юм.

Бүх нийтээрээ эрүүл болох, бүх хүнийг эрүүл болгохын төлөө төрөөс, салбарын яамнаас хичнээн мянган ажил зохиож хууль тогтоомж гаргаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүллээ ч эцсийн цэг нь болох иргэд, хувь хүн нь эрүүл байхын тулд, эрүүлжихийн тулд чигчий хуруугаа ч хөдөлгөдөггүй бол Улаанбаатар хотод Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ыг тэр чигээр нь нүүлгэж ирлээ ч нэмэргүй.

Монголчууд нүүдлийн мал аж ахуйтай, малаа дагасан амьдралын олон зуун жилийн дадалтай. 1928 оноос нэгдэлжих хөдөлгөөн улс орон даяар өрнөж тархай бутархай, уулын мухар, өвсний шим, усны тунгалгийг даган нүүдэллэдэг байсан монголчууд суурин соёл иргэншил рүү ойртсон гэж хэлж болно. 1932 оноос нэгдэлжих хөдөлгөөнийг эсэргүүцэж бөөн юм болж болж 1950-иад оноос малчин ардын сэтгэл сая нэг номхорч нэгдэлжих хөдөлгөөнд дуртай дургүй орж эхэлсэн гэж үздэг. Нэгдэл, бригад, баг, ферм гэх мэтээр нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарилалтад орж хамтаараа, бүлгээрээ хамтран соёлтой амьдарч эхэлсэн энэ үеэс монголчуудын амьдралын зуршилд өөрчлөлт орж ирсэн. 1966-1976 оны хооронд өрнөсөн Соёлын хувьсгалын ачаар монголчууд өглөө босоод шүдээ оогоор угаадаг, гимнастик хийдэг, аяганы алчуур, хумсны хутга, туужуур зэрэгтэй албан ёсоор танилцаж айл болгонд байвал зохих эд зүйлсийн жагсаалттай болж авсан. Энэ үеэс монголчуудын суурин иргэншил рүү шилжих явц нь хурдасч үүн дээр нь барилгажих хөдөлгөөний үр нөлөө бууж монголчууд дугуй ханатаас дөрвөн ханат руу шилжиж боловсон бүхэнтэй танилцсан. Ингэхээр монголчуудыг суурин иргэншил, суурин соёлд 1970-аад оны эхэн үеэс харьцангуй олноор хөл тавьсан гэвэл зохино. Тавь шахам жил суурин соёлд суралцсан ч монголчуудын сэтгэхүйд өнөөх нүүдэлчин ахуйгаа санагалзсан байдал бат оршсоор байдаг нь бүх нийтээрээ эрүүл байхад ноцтой хохирол учруулдаг.

Хөдөлгөөний хомсдолтой, агаар салхи муутай байшинд өдөржингөө ажилладаг хүмүүс орой нь очоод өөх тостой, шорвог давстай хоолоо идчихээд зурагт харсан болж байгаад унтаад өгнө. Идсэн уусан хүнд хоолыг нь шингээх гэж ходоод гэдэс, элэг, цөс нь шөнөжингөө ажиллаж эзэн нь амарсан юмгүй бүлцгэр нүдтэй, ядарсан хүн өглөө нь ажилдаа ууртай орж ирнэ. Өдрийн цайндаа хэдэн ч зуун хуушуур хайрсныг мэдэхгүй удсан тосонд чанасан хуушуур, пирошкиноос эхлүүлээд тос нь гоожсон хэрчсэн гурилтай цуйван, нийслэл нэртэй маш өндөр илчлэгтэй салат зооглож араас нь өтгөн сүүтэй цай, хар кофе эсвэл элдэв өнгийн ундаа ууна. Завсраар нь бэлэн гоймон хэмээгч хоол дэвтээж иднэ. Энд тэндээс хоол захиална. Нэг бол түргэн хоолны газруудад оочерлоно. Эсвэл огт юм идэхгүй, ажил ажил гэж гүйж харайж яваад орой 17 цагийн үед толгой нь эргээд ходоод нь хоржигнохоор “Өө юм идээгүй байна ш дээ. За за харихын хооронд дэмий. Нэг мөр оройн хоолоо идье” гэнэ. Ингээд орой нь очоод дахиад л өөх тостой хоол ундаа хоолойдоо тултал идчихээд хэвтчихнэ.

Ийм байдлаар жилийн 11 сар явахаар эрчүүд нь гүзээтэй болж, хүүхнүүд нь таргалснаа гайхаж тураадаг гэх тодотголтой янзан бүрийн химийн гаралтай юм идэж ууж, нааж, зарим нь мэс заслын аргаар хавингийнхаа өөхийг соруулдаг. Бүх өвчний суурь нь таргалалт, буруу хооллолт гэдгийг бид сүүлийн хэдэн жил өдөр болгон шахуу сонин хэвлэл, интернэтээс уншиж, зурагтаар сонсч байна.

Зургадугаар сарын сүүлчээс ээлжийн амралтаа аваад амарч байгаа нь энэ гээд хөдөө гадаа гарч гол усны дэргэд очоод майхнаа барьцгаана. Майхныхаа үүдэнд суугаад мах шорлоно, ямаа бооно, хонины хорхог иднэ гээд түлж хайрсан махыг ханатлаа зооглоно. Араас нь айраг, архи ууж шөнөжин дуулалдана. Энэ бол монголчуудын зуны амралтын нийтлэг төрх. Амралт гэдэг үгийг архи заавал дагалдана. Сувилалд очсон нэгнээсээ чемоданы юм гэж шил архи нэхнэ. Амралтаа авсныг чинь тэмдэглэе гэж хамт олноороо наргина.

Хөвсгөл нуурт найзуудаараа, гэр бүлээрээ аяллаар явлаа ч архи дарс болж, гашуун шөлтэй, түлэнхий махтай, тосоор бялхсан хорхог гээчийг заавал идэх ёстой. Дараа нь томчуул нь архидана. Харин маргааш нь элэгнийхээ талыг тайруулсан хэмжээний өвдөлт мэдрэгддэг шарталтандаа тийчигнэж, эвхэрсэн амьтад сүүдэр бараадацгаадаг. Гэтэл монголчуудтай адил зуны амралтаа өнгөрөөж байгаа, Монголыг, Хөвсгөл нуурыг зорин ирдэг жуулчид манайхныг шартаад хэвтэж байхад хажуугаар нь хөнгөн пүүзээ углачихсан, хөгжим чихэндээ сонсчихсон, тааралдсан бүхэнтэйгээ хөгжилтэйгөөр “Hello, Good morning!” хэмээн мэндчилсээр нуурыг эмжээрлэн гүйж харагддаг.

Монголчуудын ажлын тав хоног үнэхээр замбараагүй өрнөдөг. Эмэгтэйчүүд нь жин барьж байна гэж биеэ олон хоног зовоочихоод амралтын хоёр өдөр, баяр ёслолын олон хоногоор дэгээ алдчихдаг. Эрчүүд нь ажил ажил гэж гүйж явсаар фитнесс энэ тэрээ мартана. Тэгээд бямба гаригийн өглөө гэр бүлийнхээ гишүүдийг дагуулаад Богд хан уул руу алхана даа. Аль нэг орой дээр нь гарна. Гэтэл Сингапурын зүрхний нарийн мэргэшсэн эмч Чён Ик “Монголчууд долоо хоног, 14 хоногт нэг удаа Богд хан уул руу алхдаг. Уг уул нь далайн түвшнээс дээш 2268 метр өндөрт өргөгдсөн байдаг. Цэвэр ус уудаггүй, буруу хооллолттой, хөдөлгөөний дутагдалтай хүн гэнэт ийм өндөр рүү авирах нь зүрхийг өвчлүүлдэг. Ингэхийнхээ оронд монголчууд өдөрт багаар бодоход 30 минут алхаад хэвшчихвэл зүйтэй” гэж зөвлөсөн юм.

АНУ-д зарим байгууллагууд ажлаа өглөө 07:00 цаг эхлүүлдэг. 16 цагт ажлаасаа тарсан хүмүүс гэртээ очоод бэлтгэлийн хувцсаа өмсөөд цэцэрлэгт хүрээлэн, талбай, нуур, далайн эргээр гүйцгээдэг. Фитнесс, иогийн клубүүдэд очиж, салхинд алхангаа оройн хоолоо хөнгөхөн идчихдэг.

Хятадын зарим гэлтгүй ихэнх мужид үдийн хоолны дараа ажилчдаа нэг цаг унтуулдаг эртний ёс нь одоо ч бий. Биологийн цагаар 13 цагт хүний элэг амралт нэхдэг учир хүний бие сульдаж ядардаг. Энэ үед хүн амсхийвэл бие нь бүрэн амарч ажлын бүтээмж дээшилдэг. Англичууд ч үүнийг дэмжиж судалгаа хийгээд өдөр 25-30 минут дугхийхэд хүний бие организм өглөө сэрсэн мэт сэргэдэг. Өдөр 30-50 минут унтаад хэвшсэн хүн 3-5 жилээр урт насалж байна гэдгийг ч тогтоочихсон.

Гадны орнуудад ажилчдаа, ард иргэдээ бодсон, эрүүл байлгахын төлөө хийдэг олон л ажил байна. Манай хувьд дугуй унадаг, өглөө гүйдэг, өглөөгүүр бассейнд сэлдэг, ажлынхаа цаг завсаар иог, фитнесст хичээллэдэг ажилчдаа дэмжих нь бага. Яагаад гэвэл нийтээр эдгээрийг цагаа үрсэн, маягтай хүний хийдэг ажил мэтээр ойлгодог учир ажлын цагаас хумсаллаа гэж нүд үзүүрлэх нь олонтаа. Харин ч эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж, хожмоо улс эх орон, эмнэлгийн байгууллагад хүндрэл, дараа учруулахгүйн тулд ингэж өөрийгөө тордож байгаа хүмүүсийг улам ч хөхиүлэн дэмжиж, урамшуулах ёстой л доо. Өглөө, орой замын хажуугаар гүйх бүсгүйчүүдийг машинтай яваа эрчүүл хоргоож өгзөг биеийг нь харж элдвээр өөлдөг. Тэр бүсгүй ямар нэг юмаа гайхуулах гэж биш эрүүл байхын төлөө, эрүүл ээж, эрүүл иргэн байхын тулд ингэж гүйж байгаа гэдгийг ойлгодоггүй.

Бид ямар хээр хөдөө малд явж үүр цүүрээр адуу манах гэж байгаа биш тэр их өөхтэй, илчлэг өндөртэй хоол унд, тос, махыг гулгитал идээд байх шаардлага алга. Нүүдэлчин байхаа болиод суурин соёлд суусан хүмүүсийн гурваас дөрөв дэх үе шүү дээ. Тиймээс одоо тархинаасаа нүүдэлчин ахуйн хоол хүнс, хэв маягийг хаяад суурин, соёлтой нийгмийн иргэний ёсоор хөнгөн, зөв, эрүүл амьдрах ёстой болоод байна.

Бор эсгийгээр хучсан гэрт, ил галтай тулганы дэргэд төө зузаан өөх зажлаад, хуруу зузаан тостой шөлөө үлээх дундад зууны улаан нүдэт нүүдэлчин шиг л байна шүү дээ бид, XXI зууны монголчууд байж. Бас болоогүй ээ тэгж суухдаа дэргэдээ IPhone утас тавьчихсан. Бидний өмсч зүүх юм орчин үеийнх ч гэлээ идэж уудгаас эхлүүлээд биедээ анхаардаггүйг нь харахаар яалт ч үгүй өнөө л нүүдэлчнээрээ. Хэзээ болтол бид ингэж хүн төрөлхтнөөс зөрүүдэлж “Бид Монгол, талын Монгол, Чингисийн үр удам, бид бол нүүдэлчид” гэж хашгирах юм бэ. “Рашаантын-18” кинон дээр “Танайх Рашаантад амьдардаг, Манайх Далан давхарт амьдардаг. Танайх нүүрс түлдэг. Манайх бапрышик түлдэг” гэдэг шиг “Танайхан өглөө бүр гүйдэг, манайхан өдөржингөө суудаг. Танайх ус уудаг, манайх архи ууж, мах иддэг” гэсэн шиг юунд ингэж алмайрнам бэ. Бүх нийтээрээ эрүүл байх, бүх нийтийг эрүүл байлгах нь төр засгийн үүрэг ч гэлээ хамгийн гол нь иргэн танаас эхтэй.

Аа, нээрээ “Пүүз, хөгжим, нуур, цэвэр ус” шүү. Харин таны сонголт?

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчид Афганистаныг зорилоо

Исламын Бүгд найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчний цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн ням гарагт тус улсыг зорилоо. Зэвсэгт хүчнийхэн уламжлал ёсоор монгол цэргийн сүлд, хийморийн бэлгэдэл болсон Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлээд мордов. Энэ үеэр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Та бүхний үүрэг гүйцэтгэх ажиллагааны газар оронд цагийн байдал тогтворгүй. Гэсэн ч нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, нэгдмэл санаа зорилготой, хатуу чанд сахилга баттайгаар өмнөх цэргийн багуудын ололт амжилтыг бататгаж, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөж, нутгийн иргэд болон хамтран үүрэг гүйцэтгэж байгаа бусад орны цэргийн алба хаагчдад мэргэжил, ур чадвараараа үлгэр дуурайл үзүүлж чадна гэдэгт итгэл төгс байна. Түүнчлэн бид эвслийн цэргийн ажиллагаанд анх удаа эмэгтэй цэргийн алба хаагчдыг оролцуулж байна. Энэ нь IX ээлжийн цэргийн багийн онцлог төдийгүй Зэвсэгт хүчний түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байгаа чухал үйл явдал гэдгийг хэлэхэд таатай байна. Та бүхэн ажиллагааны бүхий л хугацаанд сонор сэрэмжтэй байж, дадлага, ур чадвартаа тулгуурлан нэр хүндтэй, өндөр хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлэхийг даалгаж байна” гэсэн юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаасны хоёр компанийн эрхийг цуцаллаа

Монгол Улсын Компанийн тухай хууль болон СЗХ, МХБ-ийн холбогдох дүрэм, журамд нийцүүлэн гаргасан “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2018/17 тоот тогтоолоор “Би Би Эс Эс ҮЦК” ХХК, “Говийн ноён нуруу ҮЦК” ХХК-иудын биржийн гишүүнчлэлийн эрхийг цуцалж, гишүүнээс хассан тухай Монголын хөрөнгийн биржээс мэдээлээ. Тус компаниудын харилцагчдыг СЗХ-ны 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 127 тоот тогтоолын дагуу “Бумбат Алтай ҮЦК” ХХК-д шилжүүлсэн тул гишүүнээс хасагдсан дээрх компаниудын харилцагчид нэмэлт төлбөр, зардал чирэгдэлгүйгээр үнэт цаасны дансаа үргэлжлүүлэн эзэмшиж, хөрөнгийн зах зээлийн харилцаанд саадгүй оролцох боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилт хийдэг боллоо

Монгол улс хиймэл дагуулын байнгын ажиллагаатай станцын тусламжтайгаар өндөр нарийвчлалтай Геодезын загварыг ашиглаж эхэллээ. Ингэснээр газрын гадаргын өндөржилт, хотгор, гүдгэрийг кадастрын зурагтай хослуулан боловсруулж, авто зам, инженерийн дэд бүтэц, хот төлөвлөлтийг алдаагүй, эрсдэлгүй хийх боломжийг олгож байгаа юм. Мөн иргэн, хуулийн этгээдийн мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарна

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2018 оны 12 дугаар сарын 29 -ний өдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр буюу Шинэ жил тус тус тохиож байгаа тул ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино гэж ГХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Япон улсыг зорилоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад айлчлахаар өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэрбээр Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийх юм. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Япон Улстай харилцах манай “гуравдагч хөрш”-ийн бодлогыг нотолно. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын парламентын удирдлагад бараалхаж, Япон, Монголын найрамдлын бүлгийн удирдлага, гишүүд, Япон, Монголын найрамдал, олон нийтийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзана. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК) зэрэг байгууллагын удирдлага Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхана. Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалынхаа үеэр Монгол, Японы төр, хувийн хэвшлийн IX зөвлөлдөх уулзалт, Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ болон Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (ЖЕТРО)-аас хамтран зохион байгуулах “Монгол, Японы бизнес форум”-д тус тус оролцож, үг хэлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Сургуулиудад “Хүүхдийн автобус”-ны шинэ чиглэл туршина

“Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжинд бүрэн шилжүүлэх, ерөнхий боловсролын зарим сургуулиудад “хүүхдийн автобус”-ны шинэ чиглэл турших талаар хэлэлцүүлэг боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн санаачилгаар өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгийн үеэр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад тулгамдаж буй дараах үндсэн асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагын төлөөллүүд харилцан санал бодлоо солилцлоо. Үүнд:

  1. Авто замын хөдөлгөөнд гол ачаалал үүсгэдэг ерөнхий боловсролын зарим сургуулийн сурагчдыг гэр сургуулийн хооронд аюулгүй, ая тухтай зорчих боломжийг судлах зорилгоор “Хүүхдийн автобус”-ны шинэ чиглэлийг турших, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах;
  2. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжинд бүрэн шилжүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэлийн нутаг дэвсгэрт сургуулийн барилгыг өргөтгөх буюу шинээр барих ажлыг эрчимжүүлэх, сургуулийн байрны хүртээмжтэй холбоотой асуудал, нөхцөл байдлыг судлах, дүн шинжилгээ хийх;

Мөн хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулан зөвлөмж гаргаж холбогдох газруудад хүргүүлэхээр боллоо.

Хэлэлцүүлэгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар, ЕБС-ийн захирал, багш, эцэг эхчүүдийн төлөөллүүд оролцлоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Амьдралын нууцыг тайлсан хүн

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Шинжлэх ухааны ололтыг өргөн олонд тайлбарлаж ойлгуулах нь амар ажил биш. Хүмүүс бол ердөө л хэрэглэгчид. Телевиз, интернэтийг хэрэглэж сурах нь чухал болохоос биш зурагт, ухаалаг технологи яаж бүтээдгийг ойлгох нь чухал биш. Шинэ ололт нь хэрэгслэл, бодит хэрэгцээ болсон хойно нь л шагшин магтана, харин цаадах механизм, учир шалтгаан, хөдлөх зарчмыг ихэнх хүн огтоос сонирхдоггүй. Тэгээд ч байгалийн шинжлэх ухаан, техник технологийн ололтын нарийн учрыг өргөн олонд ойлгомжтойгоор тайлбарлах нь нөгөө талаасаа тун ээдрээтэй. Учир нь энэ талын анхдагч ойлголтгүй хүнд харьцангуй онол, квант механик, биотехнологи, нанотехнологийн цаад нарийн учрыг хэлж сонирхлыг нь татна гэдэг бараг бололцоогүй зүйл. Заримдаа шинжлэх ухааны нээлт хийх, түүнийгээ хүмүүст тайлбарлаж ойлгуулах хоёрын аль нь хүнд вэ гэсэн асуултад ч тодорхой хариу харагддаггүй.

Гэвч энэ саадыг давж чадсан цөөн хэдэн тохиолдол бий. Эхнийх нь Английн онолын физикч Стивэн Хоукингийн бичсэн Цаг хугацааны товч түүх ном болой. Орчлонгийн үүслийн тухай хамгийн орчин үеийн ойлголтыг багтаасан эл номд саяхан нээгдсэн Их тэсрэлт, хар нүх, харьцангуйн онол, квант механик зэргийг энгийнээр тайлбарлажээ. Хорин жилийн дотор 35 хэлээр орчуулагдаж 10 сая ширхэг борлогдсон энэ номын ид шид нь шинжлэх ухааны ийм түвэгтэй асуудлыг тун энгийн хэлээр хялбарчлан тайлбарласанд оршино. Зөвхөн математик аргачлалаар тооцоолон илрүүлж болдог онолын физикийн салбар ухааны хамгийн сүүлийн ололтыг тайлбарласан энэ бүтээлд E=mc2 гэсэн Эйнштейний алдартай томьёог нэг удаа л бичжээ. Хэрэв энэ томьёог тавиагүй бол хоёр дахин олон хүн номыг маань унших байсан хэмээн зохиогч наргиа болгосон байдаг.

Цаг хугацааны товч түүх номоор хэд хэдэн баримтат кино хийсэн төдийгүй Нью Йоркийн Метриполитан опера театр дуурь бүтээсэн байна.

Хоукин энэ алдрын оргилд хүрсэн зохиолоо 1988 онд бичсэн бол түүнээс яг хорин жилийн өмнө өөр нэг аугаа эрдэмтэн байгалийн шинжлэх ухааны тун түвэгтэй ч гайхамшигтай нээлтийнхээ тухай энгийнээр тайлбарласан бэстсэллэр ном бүтээсэн юм. Тэр бүтээл таны нүдний өмнө дэлгээтэй байна. Жэймс Ватсон Хос эрчлээс! Энэ бүтээл хорь гаруй хэлээр орчуулагдаж хэдэн сая тоогоор борлогдсон.

Амьд организмын эсийн дотор тодорхой мөчлөгт бүхэллэг хэсэг байгааг аль XIX зууны сүүлчээр Швейцарийн эрдэмтэн Фридрих Мишэр илрүүлэн ялгаж авсан байна. Энэ бодис хүчиллэг шинжтэй тул тэрээр бөөмийн хүчил гэсэн нэр өгсөн. Харин организмд ямар үүрэгтэй болохыг мэдэхгүй явсаар бараг л зуун жил болсон юм. Зарим эрдэмтэд үүнийг удамшил дамжуулагч гэсэн таамаг дэвшүүлж байсан ч олонх нь хүлээж авсангүй. Учир нь хэрэв энэхүү бөөмийн хүчил нь удамшлын код агуулдаг гэж үзэх юм бол харсаар атал дэндүү гэмээр нэгэн төрлийн утаслаг учир тэгэх чадамж боломж үгүй гэж байв. Дэлхийн дайны дараахнаас эрдэмтдийн хийсэн судалгаагаар Деоксирибонуклейн хүчил (ДНХ) гэж нэрлэгдэх болсон өнөөх бөөмийн хүчил нь удамшлын шинж тэмдгийн кодыг агуулж байна гэсэн нотолгоог туршилтаар батлах болов. Кодонд л амьдралын нууц агуулагдаж байгаа. Энэ кодыг хэн тайлж Бурханы сейфийг онгойлгох вэ? Код тайлж чадсан эрдэмтэн хүний түүхэн дэх хамгийн аугаа нээлтийн нэгний эзэн болно.

Дэлхийн тэргүүлэгч эрдэмтдийн дунд амьдралын нууцыг тайлахаар том өрсөлдөөн буй боллоо. Усанд орох гэж баннанд хэвтэнгүүтээ гидростатистикийн тулгуур хуулийг нээгээд гудамжинд “эврика” хэмээн орилж чармай шалдан гүйсэн Архимедээс хойш 2500 жил өнгөрчээ. Өдгөө Нобелийн шагнал хүртэж буй шинэ нээлт хийгч нэг эрдэмтний ард 40 мянган хүн шууд ба шууд бусаар тусалж, дэмжиж, хамтардаг гэсэн тооцоо байдаг. Янз бүрийн үед их багаар хүчин зүтгэсэн 40 мянган хүний хөдөлмөр бөөгнөрч байж нэг том нээлт болдог гэсэн үг. Шинжлэх ухааны “Нээлт” ганц нүцгэн хүн хэвтдэг баннаас гарч, мянга мянган эрдэмтэн цугларсан, тэрбум тэрбумын өртөгтэй лабораторид шилжсэн гэсэн үг. Нөгөөтэйгүүр нээлт болгон ертөнцийг өөрчлөхгүй. Харин амьдралын нууц кодыг түрүүлж тайлна гэдэг юун яасны чинь нообэль мообэль!? Ийм аугаа нээлт рүү өөрийгөө хүндэтгэдэг судлаач болгон өрсөлдөн зүтгэсэн нь ойлгомжтой.

Дөнгөж 23 настай, тэгээд биохимийн ойлголтгүйгээр барахгүй энэ ухаанд дургүйгээ зарлаж явдаг шувуу судлаач мэргэжилтэй америк залуу энэ том өрсөлдөөнд ороод иржээ.

Ухаан нь түүнтэй өрсөлдсөн Полин бол Нобелийн хошой шагналтай, “химийн ухааны хаан” гэсэн албан бус титэмтэй эрхэм шүү дээ. Ватсон хэмээх тэр жаахан залуу Англид ирэн уйгагүй хөөцөлдсөөр Кэмбриж дэх алдарт Кавэндишийн лабораторид оржээ. Тэндээ физикч Криктэй нийлэн баг болж, өөрийгөө дайчлан хэрэгцээтэй бүхнийг богино хугацаанд судлан эцсийн барианд багаараа ялагч болон тодорсон юм.

Ватсон бүр бага байхдаа “сод хүүхэд” гэсэн тодотголтой, Америк даяар нэвтрүүлдэг “Сод жаал” хэмээх радио нэвтрүүлэгт оролцон од болсон нэгэн. Жаал хүү 15 настайдаа Их сургуульд элссэн. Сургуулиа амьтан судлалын мэргэжлээр төгсжээ. Шувуу судлал, биохими хоёр хавьтах юмгүй өөр мэргэшил л дээ. Харин аугаа физикч Эрвин Шрөдингэрийн “Амьдрал гэж юу вэ” гэсэн жижигхэн боршуурыг мань залуу уншаад шууд л мэргэжлээ орхин удамшил судлал сонирхох болсон байна. Ингээд амьдралын нууц тайлах өрсөлдөөнд 1953 онд ялагчаар тодорч, амьдралын нууцыг хадгалсан Бурханы сейфинд түлхүүр тааруулсан явдлыг нь баталгаажуулсан Нобелийн шагналын гэрчилгээг түүнд 1962 онд олгожээ.

1968 онд хэвлүүлсэн Хос эрчлээс ном бол Жэймс Ватсоны бас нэг тусдаа түүх. Энэ ном маш их шуугиан тарьсан. Шинжлэх ухааны тавцанд олон эрдэмтэд хэрхэн хайр найргүй өрсөлдөж байсан тухай бичсэн учраас. Яг л тамирчдын хоорондох өрсөлдөөн шиг. Шинжлэх ухаан гэсэн ариун нэр төрийн цаана ямархуу хамтын ажиллагаа болон ширүүн зодоон болдгийг дэлгэн үзүүлсэн учраас. Үүнээс гадна Ватсон бичих туурвих асар их авьяастай нэгэн аж. Тэрээр шинжлэх ухааны гарамгай эрэн хайгч төдийгүй хийснээ тайлбарлах гайхам авьяастай. Зүйрлэвэл Жүзэппэ Вэрди зохиосон дуурийнхаа гол дүрд өөрөө дуулдаг байсантай төстэй юм уу даа. Энэ бүтээлийг уншихад дедектив роман уншиж байгаа юм шиг хөвөрсөн адал явдалтай юм гэж олон уншигч сэтгэгдлээ илэрхийлсэн нь бий. Нөгөөтэйгүүр үйл явдлыг хэт ил задгай өгүүлсэн учир өрсөлдөөнд оролцсон олон эрдэмтний зүгээс гомдол гаргасан. Гэвч урьд нь огт ойлголтгүй бүдэг байсан шинжлэх ухааны төлөөх тулалдааныг сонирхолтойгоор ил болгосон түүнд олон уншигч талархсан билээ.

Энэ зохиолыг миний бие дөч гаруй жилийн өмнө анхлан уншсанаас хойш монгол хэлээр орчуулах юмсан гэсэн хүслийг өдий хүртэл дотроо тээсээр ирсэн юм. Гэтэл жижигхээн боршуурын хэмжээтэй бэсрэг зохиолыг саяхан Simon & Schuster хэвлэлийн газар дахин хэвлэхдээ асар их тайлбар, ном хэвлэгдсэний дараа үүссэн олон маргаан зэргийг хавсаргаад дээр нь фото зургийн баялаг цуглуулга, баримт бичгээр чимэглэснийг олж үзээд ихэд догдлон олон жилийн мөрөөдлөө биелүүлж орчуулахаар шийдлээ. Номд буй бүх тайлбар, дагалт, баримт зэргийн орчуулгыг миний хань Л.Амарсанаа гүйцэтгэсэн болно. Тэр маань генийн инженер мэргэшилтэй хүн шүү.

Хэдийгээр ДНХ (Хараад байхад ДНК гэж бичих ярих нь түгээмэл байх юм, уг нь “К” гээд байгаа нь “кислота” гэсэн орос үгийн товчлол юм шүү дээ), Ген, хромосом, эс, бөөм, энерги гэх мэт ойлголтын утга, үүрэг ролийг манайд дунд сургуулийн албан сургалтад зааж ойлгуулдаг боловч бүр хачин этгээд байдлаар, заримдаа ид шидийн утгатайгаар тайлбарлах явдал элбэг үзэгдэх юм. Энэ номыг ямар ч мэргэжлийн хүн уншихад уйдахгүйгээс гадна амьдралын нууцын тухай хөөрхөн ойлголттой болоод авна. Ялангуяа хими, биологи, физик, анагаах ухаан, хөдөө аж ахуйн ухаанаар суралцаж буй оюутан залуус уншиж олсон мэдлэгээ бататгахын сацуу шинжлэх ухааны адал явдлыг сонирхоосой гэж хүсэмжилнэ.

2018.11.01

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гурван ажлын хэсэг өнөөдөр хуралдана

Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын гурван ажлын хэсэг өнөөдөр Төрийн ордонд хуралдана. Тухайлбал, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсэг 14.00 цагт хуралдах юм. Мөн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагт болно. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагт хуралдахаар товлосон байна.

Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 14 асуудал хэлэлцэж байна.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энхболдын боловсруулсан Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гадаадаас 2019 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай талаар хэлэлцэж байгаа юм. Мөн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Эрчимжсэн мал аж, ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр батлах тухай, Гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай болон Гадаад харилцааны сайд, ЗТХ-ийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар хэлэлцэнэ.