Categories
мэдээ нийгэм

“Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” уриаг дэвшүүлэн ажиллаж байна

ДЭМБ-аас 2018 онд дэлхийн дахинд дэвшүүлсэн “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” уриан дор хэн ч, хаана ч байсан нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр хангагдах эрхтэй байх санаачилгыг Монгол Улсын ЭМЯ хэрэгжүүлэхээр бүх шатанд идэвхийлэн ажиллаж байгаа билээ.
Дэлхийн нийт хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, улс орнуудын Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулдаг . Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь хүн бүр чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран, санхүүгийн хүндрэлгүйгээр авах боломжтой байхыг хэлнэ. Энэхүү зорилтод хүрэхийн тулд хүчирхэг, тэгш байдлыг хангасан, хэнийг ч орхигдуулахгүй байж чадахуйц эрүүл мэндийн тогтолцоотой байх нь чухал ач холбогдолтой.
Өнөө үед дэлхий нийтээрээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. НҮБ-ын гишүүн 193 орон 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилт /ТХЗ/-ууд дээр санал нэгдсэн бөгөөд 2030 он гэхэд илүү аюулгүй, тэгш, эрүүл дэлхийг бий болгох өндөр түвшний зорилтуудыг тавьсан билээ. Энэхүү зорилт нь олон салбарыг хамарсан өргөн хүрээтэй ба бидний зорьж буй илүү эрүүл дэлхийг бүтээхэд гол чиглүүлэгч нь болох юм.
ТХЗ-ын 3.8 нь БНЭМХ бөгөөд эрүүл мэнд болон эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн тодорхой, цогц арга замуудыг хэрэгжүүлэх зорилготой. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд улс төрчид, бодлого боловсруулагчдын хүсэл эрмэлзэл, манлайлал чухал ач холбогдолтой юм.
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт /БНЭМХ/-д хийж буй хөрөнгө оруулалт нь улс орон хүний нөөцөө хөгжүүлэхэд хөрөнгө оруулж байна гэсэн үг юм. Сүүлийн жилүүдэд БНЭМХ нь эрүүл мэндтэй холбоотой болон хөгжлийн өргөн хүрээний зорилтуудыг хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргах гол стратеги болж байна.
Зайлшгүй шаардлагатай чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж болон санхүүгийн хамгаалалт нь зөвхөн хүний эрүүл мэндийг сайжруулж, дундаж наслалтыг уртасгах төдийгүй халдварт өвчний тархалтаас сэргийлэх, ядуурлыг бууруулах, ажлын байруудыг бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжих, жендэрийн тэгш байдлыг хангах зэрэг ач холбогдолтой болно.

Categories
мэдээ нийгэм

Чили Улс руу визгүй зорчдог болно

Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Чили Улсын засгийн газар хооронд энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийн ноот бичиг солилцож улмаар өнгөрөгч есдүгээр сарын 27-ны өдөр хэлэлцээрийг байгуулсан.

Уг хэлэлцээр, түүний 11 дүгээр зүйлд “Энэхүү хэлэлцээр нь түүний батлах дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасан тухай Талуудын хооронд дипломат шугамаар мэдэгдсэн сүүлчийн ноот бичгийн огнооноос 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заажээ.

Үүний дагуу 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр Бүгд Найрамдах Чили Улс руу иргэд богино хугацаанд визгүй зорчих боломж бүрдэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн үндэс” туршилтын төслийн үр дүнг үнэлэх хурал боллоо

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Кристина ноблийн хүүхдийн сантай хамтран зорилтот гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх “Хөгжлийн үндэс” төслийг 2018 гуравдугаар сарын 26-аас арванхоёрдугаар сарын 01-ны өдрийг хүртэлх найман сарын хугацаанд хэрэгжүүлэн ажиллалаа.

Тус төсөлд төвийн зургаан дүүргээс тус бүр таван гэр бүл нийт 30 гэр бүлийг сонгон хамруулсан бөгөөд төслийн үр дүнг үнэлэх хурал өнөөдөр боллоо.

Төсөл хэрэгжсэнээр зорилтот 30 өрхийн 118 хүүхэд 38 хүн нийт 156 хүнд дараах үйлчилгээнүүдийг үзүүлж ажилласан байна. Үүнд:

-Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан төр төрийн байгууллагуудтай уулзалт зөвлөгөөнийг нэг удаа зохион байгуулж 30 ажилтан албан хаагч оролцуулан

-Төслийг хэрэгжүүлэх, гэр бүлүүдэд нөхцөл байдлын үнэлгээ, төлөвлөлт хийх арга зүйн сургалтыг хоёр удаа зохион байгуулж давхардсан тоогоор 67 ажилтан албан хаагчийг хамруулсан.

“Хөгжлийн үндэс” туршилтын төслийн үр дүнг үнэлэх хурал зохион байгуулагдлаа

-Нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлыг 25 хорооны 50 нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүд хийж 30 гэр бүлийн 118 хүүхэд 38 том хүн нийт 156 хүнийг хамруулсан.

-Төслийн талаарх мэдээлэл өгөх, гэр бүлүүдтэй уулзах уулзалтыг нэг удаа зохион байгуулж 30 иргэнийг хамруулсан.

-Хүүхдийн баяраар давхардсан тоогоор 74 хүүхдэд бэлэг өгсөн

-Нэг удаагийн тусламж дэмжлэгийн гурван ажлыг зохион байгуулж давхардсан тоогоор 36 өрхөд хувцас, хоол хүнс, түлээ нүүрсний нэг удаагийн тусламжийг үзүүлсэн.

-Эмнэлэгт хэвтсэн хоёр иргэнийг эргэн, эмчилгээний зардалд 80 000 төгрөг, хүнс, хувцасны тусламж үзүүлсэн.

-Зусланд амрах бэлтгэлийг 30 хүүхдэд ханган өгч ариун цэврийн иж бүрэн хэрэгсэл, ор дэрний даавуу зэргийг олгосон.

-Иж бүрэн тавилгатай шинэ гэрийг 5 айлд олгож, хуулийн хүрээнд халамжийн үйлчилгээнд нэг айлыг хамруулан шинэ гэр нийт зургаан айлд шинэ гэр, иж бүрэн тавилга олгосон.

-30 айлын 35 хүүхдэд сар бүр 50 000 төгрөгийн тусламж үзүүлсэн

-Хүүхдийн зусланд 30 хүүхдийг үнэ төлбөргүй амраасан.

-2 удаагийн үзвэр үйлчилгээнд давхардсан тоогоор 150 хүүхдийг хамруулсан.

-Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд 30 хүүхдийг хамруулсан.

-Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд 21 эмэгтэйг хамруулан нэг хүнийг хяналтад, нэг хүнийг хагалгаанд, нэг хүүхдийг вакцинд, таван хүнийг долоо хоногийн өдрийн эмчилгээнд хамруулсан.

-Төрсний гэрчилгээ хоёр хүүхдэд, иргэний үнэмлэх хоёр иргэнд олгосон.

-Түр ажлын байранд хоёр иргэнийг, тогтмол ажлын байранд нэг иргэнийг зуучилсан.

-ЕБС-д нэг хүүхэд, цэцэрлэгт нэг хүүхэд, коллежид гурван хүүхдийг хамруулсан.

-32 хүүхдэд хичээлийн дүрэмт хувцас, цамц, цүнх, бичиг хэргийн бүрэн хэрэгцээний зүйлсийг гардуулсан

-Сэтгэл зүйн үйлчилгээнд хоёр, хууль эрх зүйн үйлчилгээнд хоёр иргэнийг тус тус хамруулсан.

-Сар бүр олгодог хүүхдийн 20 000 төгрөгийг 0-18 насны 95 хүүхэд бүгд хүүхдийн мөнгөө авч байна.

-Сар бүр хоол хүнсний тусламж болгон 48 000-78 000 төгрөгийн хүнсний талонд 18 айл хамрагдаж байна.

-Улирал тутамд олгодог өрх толгойлсон эхийн 270 000 төгрөгийн тэтгэмжид найман эмэгтэй хамрагдаж байна.

-Цалинтай ээж хөтөлбөрийн 50 000 төгрөгийн үйлчилгээнд долоон ээж хамрагдаж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний грүппийн мөнгө сарын 240 000 төгрөгийг долоон иргэн авч байна.

-Хүүхэд хамгааллын үйлчилгээг хоёр хүүхдэд үзүүлсний нэг хүүхдийг ар гэрт нь эргэн нэгтгэж, нэг хүүхдийг халамж асрамжийн төвд шилжүүлсэн.

-Гэр бүлийн гишүүдэд таван цуврал сургалтыг есөн сэдвийн хүрээнд зохион байгуулж давхардсан тоогоор 130 иргэнийг хамруулсан.

-30 өрхийн гэрээр айлчлах ажлыг зохион байгуулж 28 өрхийн нөхцөл байдалтай танилцан хороо, дүүргийн мэргэжилтнүүдэд чиглэл, арга зүйн зөвлөгөө өгсөн.

Төрөөс гэр бүлийн хөгжилд зориулсан үйлчилгээнүүд хараахан бий болоогүй, гэр бүлд үзүүлэх бодит тусламж нь халамжийн мөнгөн тэтгэвэр, тэтгэмжүүдээр хязгаарлагдсан, онцгой үед олгох орон гэрийн туслалцаа, тэтгэмж нь хүн бүрд хүртээмжгүй, тусгайлан нөхцөл шаардлагатай байгаа, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон хүүхэд хамгааллын тухай хууль, журмууд хэрэгжээд удаагүй байгаа энэ нөхцөлд тус төслийг хэрэгжүүлсэн нь цаашид төрөөс гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, хуульд заасан гэр бүл, хүүхдэд үзүүлэх үйлчилгээг үр дүнтэй үзүүлэхэд тулгарч буй алдаа дутагдлыг илрүүлэх, засаж залруулахад томоохон туршлага боллоо гэж үзэж байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Алба хаагчдад мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгоно

Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам” батлагдлаа. Журамд алба хаагчдаас жил бүр ерөнхий мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сэтгэл зүй, тусгай бэлтгэлийн шалгалт авч, зэрэг олгож байхаар тусгажээ. Мэргэшлийн зэргийг офицер, ахлагчийн гэж ангилах бөгөөд мэргэшлийн III зэргийн шалгалтад Онцгой байдлын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, II зэргийн шалгалтад III зэргийг аваад 2-оос доошгүй жил эсвэл Онцгой байдлын байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, I зэргийн шалгалтад II зэргийг аваад 3-аас доошгүй жил, эсвэл Онцгой байдлын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан алба хаагч орох эрхтэй хэмээн заасан байна.

Мэргэшлийн зэрэг нь дөрвөн жилийн хугацаатай байх бөгөөд зэргийн нэмэгдлийг тухайн албан тушаалын сарын үндсэн цалингийн 5-15 хувиар тооцож олгох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

АН Л.Болдыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахыг санал болголоо

УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүнчлэлээс татгалзах тухай хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Тэгвэл энэхүү хүсэлтийн хариуг АН өнөөдөр Л.Болд гишүүнд хүргүүлсэн байна. Энэхүү албан бичигт “Ардчилсан намын гишүүд дэмжигчид иргэд сонгогчдын сонгох эрхийг хүндэтгэн Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон Улсын Их Хурлын гишүүнийхээ үүрэгт ажлаас Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3-т заасны дагуу өөрөө хүсэлт гарган чөлөөлөгдөж намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг, амлалтаа бүрэн дуусгавар болгон намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж чадах дараагийн хүнийг сонгох боломжийг Ардчилсан намын гишүүд дэмжигчид. иргэд сонгогчдод олгосон үед намын гишүүнчлэлээс хасах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно” гэсэн хариу өгчээ. Учир нь УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар 57 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж, намын мөрийн хөтөлбөрийг иргэд сонгогчдод танилцуулан дэмжигдэж, намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээн амлалтаа өгсний үндсэн дээр гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа гэж үзсэн байна. Нэг үгээр АН-ын гишүүнээс татгалзах нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх амлалтаасаа татгалзаж байгаатай ижил хэмээн үзэж УИХ-ын гишүүн Л.Болдыг УИХ-ын гишүүнээсээ татгалзахыг санал болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Элчин сайд хүн зодсон нь үнэн гэж тогтоогдвол эргүүлэн татаж, цагдаагийн байгууллагад шалгагдана гэв

Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Г.Ганболд яамныхаа үүдэнд тус улсад хүүхдээ эмчлүүлэхээр очоод байсан монгол эмэгтэйг зодсон гэх мэдээлэл тарсан. Зодуулсан эмэгтэйн нөхөр уг бичлэгийг цахим орчинд тавьсан байна.

Өнөөдөр Ерөнхий сайд Япон руу айлчлахаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарын төлөөлөгчидтэй хамт явсан. Харин уг бичлэгийн хариу болгож Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар твиттер хуудаснаа жиргэжээ. Тэрбээр “Элчин сайдаас тайлбар аваад байна. Холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг даруй байгуулж, асуудлыг нь шалгана. Үнэн гэдэг нь тогтоогдвол Элчин сайдыг татаад зогсохгүй, хүний эрхэнд халдсан хэргээр цагдаагийн байгууллага ч шалгах шаардлага гарна” гэжээ.

Цахим орчинд тавьсан бичлэгт нөхөр нь “Бид хүүхдээ эмчлүүлэхээр дөрвөн сарын өмнө Энэтхэгт ирсэн. Нутаг буцах болтол бөөн асуудал тулгараад аргагүйн эрхэнд би охиноо сахиж эмнэлэгт үлдээд, эхнэр маань ЭСЯ-руу явсан. Гэтэл Элчин сайд Ганболд гэх хүн эхнэрийн маань цээж, ходоод, гэдэс рүү өшиглөөд машиндаа суугаад явсан байна лээ” хэмээн ярьжээ. Харин зодуулсан эмэгтэй “Би сайдаа та надад туслаач ээ гэтэл “Чи юу солиороод байгаа юм. Би чамд яаж тусалдаг юм” гэсэн. Түүнийг гуйж машины хаалгыг онгойлготол шууд намайг өшиглөсөн. Миний хүүхдэд хором мөч бүр үнэтэй байна. Эмч нарын буруугаас болж зүрхэнд нь бактер орж, миний охин дээрдэхгүй дөрвөн сар боллоо. Хүний нутагт үнэхээр хэцүү байна. Сайдын намайг өшиглөж зодсоныг тэнд байсан олон хүн харсан. Элчин сайдын яамны гаднах камерт ч бичигдсэн байх ёстой” хэмээн ярьжээ.

Элчин сайд хүн зодсон нь үнэн гэж тогтоогдвол эргүүлэн татаж, цагдаагийн байгууллагад шалгагдана гэв


Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг түр хойшлуулав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хороо дэгийн туульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулав. Уг хуулийн төсөл нь хоёр заалттай бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол Төрийн албаны тухай хуулийн 46.4 дэх хэсэгт заасан хугацаанд өргөдлөө гаргаж төрийн албанаас болон ажлаасаа чөлөөлөгдсөн байна” гэж, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн сонгуульд нэр дэвших бол Төрийн албаны тухай хуулийн 46.4 дэх хэсэгт заасан хугацаанд өргөдлөө гаргаж төрийн албанаас болон ажлаасаа чөлөөлөгдсөн байна” гэж тус тус өөрчлөн найруулахаар тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Асуулт асууж, үг хэлсэн гишүүд нэгэнт цэцийн тогтоол гарч хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон гарц, боломжийг ашиглаад Сонгуулийн тухай хуулийн бүрхэг, тодорхойгүй, ойлгомжгүй заалтуудыг нэг мөр болгож цэгцлэх шаардлагатай, ингэхдээ ээлжит сонгуулийн хугацааг эргэн харж шат шатны төлөөллийн байгууллагууд нь мэдэж зохицуулдаг болгох, сонгуульд нэр дэвшиж өрсөлдөөд ялагдсан төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтнууд төрийн албанд эргэж ордог, төрийн алба хаагч болдог явдлыг тодорхой хугацаанд хориглосон хуулийн хаалт хийж өгөх нь зүйтэй, энэ үүднээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж дахин сайтар нягталж ярилцах нь хэрэгтэй байна гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Иймээс гишүүдээс гаргасан саналын дагуу хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлууллаа.

Categories
мэдээ нийгэм

СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж эхэллээ

Нийслэлийн Газрын албанаас “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүлэн хэрэгжүүлж байна. Орон сууцны ойр орчмын газруудад хэн дуртай нь чингэлэг, зөөврийн байгууламж авчирч тавьдаг, газрыг дураар өөрийн болгож, байшин барилга барих зэрэг зөрчил өмнө нь их гардаг байв. Тэгвэл тус аяныг эхлүүлснээр газрын ийм төрлийн зөрчлүүдэд цэг тавилаа.

Аяны хүрээнд орон сууцны орчны газрын хил хязгаарыг судлан тодорхойлж, харьяалах Сууц өмчлөгчдийн холбоодод газар ашиглуулах эрхийг баталгаажуулж байна.

Мөн тухайн газрыг улсын бүртгэлд оруулан, СӨХ-той гэрээ байгуулснаар орчны газар эзэнтэй болж, цаашлаад тохижуулах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн орчны газрыг хэн нэгэнд давхар ашиглуулах, байшин барилга барихыг гэрээгээр хориглосон бөгөөд зөвхөн ногоон байгууламж, явган хүний зам, цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг зөвшөөрөх юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Төрөөс төрсөн тэрбумтнууд орлогоо нотло” хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ

Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-аас “Төрөөс төрсөн тэрбумтнууд орлогоо нотло” хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ.

Энэ талаар өнөөдөр тус намын удирдлагууд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга, “Хөдөлгөөний хүрээнд эхний ээлжинд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг орлогоо нотлохыг шаардаж байгаа юм. Ж.Мөнхбат гишүүн хоёр тэрбум төгрөгийн орон сууц авсан тухайгаа мэдээлсэн. Тэрбээр хуучин байраа зарж 750 сая, эхнэрийнхээ компанийн тоног төхөөрөмжийг борлуулж, 350 сая төгрөг, Чингис хаан банкнаас 150 мянган ам.долла зээлсэн баримтаа мөн үзүүлсэн. Энэ бүхэн нь нийлээд 1.5 тэрбум орчим болж байна. Тэгэхээр үлдсэн 500 сая төгрөгийг хэрхэн олсноо нотлохыг шаардаж байна. Мөн УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийг орлогоо нотлохыг шаардаж байгаа юм. С.Эрдэнэ гишүүн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаанаас өөр компанийн хувьцаа эзэмшдэггүй гэсэн байна. Гэтэл С.Эрдэнэ гишүүний нэр “Гурван тамир сургууль”, “Тамир групп” гэх мэт олон компанитой холбогдож байгаа тул өөрийн орлогоо нотлох хэрэгтэй. Цаашлаад УИХ-ын бүх гишүүнийг орлогоо нотлохыг шаардах юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүллэв

Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлийн Газрын албанаас зохион байгууллаа.

Энэ ажлын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохих зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдаа эрхэлж буй 40 иргэн, аж ахуйн нэгж байгааг судлан тогтоож, үйл ажиллагааг нь зогсоох, газрыг чөлөөлөх, газрын эрхийг хүчингүй болгох арга хэмжээг авлаа.

Дээрх 40 иргэн, хуулийн этгээдээс 22 нь өмчлөх, 16 нь эзэмших ашиглах эрхийн гэрчилгээтэй, хоёр иргэн хуулийн этгээдийн нэр дээр газар ашиглах зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Зөрчил арилгаж, ил задгай авто худалдаа эрхлэхийг зогсоох тухайн мэдэгдэл хүргүүлснээр долоон иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаагаа зогсоолоо.

Мөн Баянгол дүүргийн Дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байсан “Даяар хас” ХХК буюу “1000 машины зогсоол”-ын авто худалдааны үйл ажиллагааг зогсоож, газрыг албадан чөлөөлсөн.

Мөн шаардлага биелүүлээгүй зургаан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болголоо гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.