Categories
мэдээ цаг-үе

Б.Лакшми: Том компаниуд жижиг, дунд үйлдвэрлэгчдийн зээлийг хамж салбарыг нь эзэлчихээд байна

Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.


-Жижиг, дунд үйлдвэрийн ажилтнуудын тоог хуульд 199 хүртэл гэж тогтоосон байдаг гэв үү?

– Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг харахаар 199 хүртэл ажилтантай гэсэн тодорхойлолт бий. Монгол Улсын хувьд гурван тодорхойлолт жижиг, дунд үйлдвэрт ашиглагдаж байна. Нэг нь сая хэлсэн 199 ажилтантай гэсэн хуулийн тодорхойлолт. Хоёр дахь нь Үндэсний статистикийн хорооноос гаргадаг бизнесийн регистртэй холбоотой. Хуулиасаа зөрдөг. ҮСХ-ноос гаргадаг судалгаагаар жижиг дунд үйлдвэр 1-9, 10-19, 20-49, 50-иас илүү ажилтантай гэсэн ангилал бий. Гурав дахь томьёоллыг банкууд гаргасан байдаг. Тэгэхээр хуульдаа өндөр хэмжээгээр тогтоогоод өгчихсөн гэсэн үг.

-Хуульд заасан 199 ажилтан гэдэг бол жижиг дунд үйлдвэрийн хувьд харь тоо. ҮСХ-ноос гаргадаг судалгаагаар жижиг дунд үйлдвэр ихэнхдээ хичнээн ажилтантай байдаг юм бол?

-Ихэнхдээ 1-9 ажилтантай байдаг гэсэн судалгаа бий. Ийм газар 69246 байна. Салбараар нь задлаад харвал худалдаа, бөөний худалдааны чиглэлээр бараг 30 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Хоёр дахь том бүлэг нь барилга үл хөдлөхийн салбар. 6820 гэсэн тоо гардаг. Үйлдвэрлэлийн чиглэлээр 5000 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг.

-Жижиг, дунд үйлдвэрийн сангаас зээл авахын тулд ямар шаардлагуудыг давсан байх ёстой вэ?

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжилт авахын тулд аж ахуйн нэгжүүд эхлээд бүртгүүлдэг. Дараа нь тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа явуулахын тулд бараг жилийн дараа жижиг дунд үйлдвэрийн гэрчилгээ авах ёстой. Гэрчилгээгээ ХХААХҮЯ-наас авдаг. Энэ шатанд тодорхой бичиг баримт бүрдүүлж өгөх шаардлагатай. 199 хүртэл ажилтантай, нийгмийн даатгал төлж байгааг харуулсан нотолгоо, банкны тодорхойлолт, татвартай холбоотой баримтууд гэх мэтийг бүрдүүлдэг. Хамгийн гол зүйл нь ажилчдын тоо. 199 хүртэл хүнд нийгмийн даатгал төлдөг газар гэхээр нэлээд том үйлдвэр болж таарах гээд байгаа биз.

-Тийм байна. Хуульд туссан 199 гэсэн тоог ашиглаад жижиг дундаас санхүүжилт авах боломж том компаниудад нээгдчихсэн юм биш үү?

-Тэгж ойлгож болно. Жижиг дунд үйлдвэрийн сангийн зохицуулалт, зарцуулалт зохисгүй гэдгийг маш олон жил ярьж байгаа. 2007 оны хуулиар 199 хүртэл гэсэн тодотгол орсон юм. Тэр үеэс хойш том компаниудад жижиг дундын сангаас санхүүжилт авах боломж нээгдчихсэн. Энэ асуудал байнга сөхөгдөж байсан л даа.

-Санхүүжилт авч байгаа байгууллагууд мөнгөө ихэвчлэн юунд зарцуулдаг юм бол?

-Монгол банкнаас жил бүр жижиг дунд үйлдвэрийн судалгаа гэж хийдэг. Тэр судалгаанаас харахад жижиг дундууд авсан санхүүжилтээ эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмжид зарцуулдаг юм билээ. Ихэнх нь эргэлтийн хөрөнгөдөө зардаг нь судалгаанаас анзаарагдсан.

-Эргэлтийн хөрөнгөний дундаж хэмжээ нэг үйлдвэрт ойролцоогоор хэд орчим сая төгрөг байдаг вэ?

-Жижиг, дунд үйлдвэрийнхний хувьд зээл хүсдэг эргэлтийн мөнгө нь маш бага. Хоёр сая орчим төгрөг. Үсрээд л арван сая төгрөг хүсдэг. Жижиг дунд үйлдвэрийн хуулиас гадна татварын хуулиудыг анзаарах хэрэгтэй. 30 саяас дээш орлоготой аж ахуйн нэгжээс НӨАТ авна гэсэн хуулийн заалт бий. 30 сая гэдгийг наад зах нь 50, цаашилбал 100 сая гэж тавьж өгөх хэрэгтэй. Тэгж байж жижиг дунд үйлдвэрлэл хөгжих суурь тавигдана. Өөрөөр хэлбэл жижиг, дунд үйлдвэрийг бойжуулж хөл дээр нь тогтоох системийг бий болгох хэрэгтэй. Өндөр хүүтэй зээлээс гадна татварын дарамт нэмэгдэхээр жижиг дундуудын хувьд үйлдвэрлэлээ тэлж хөгжих боломж хумигддаг. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжихөд тулгамдаж байгаа асуудлын нэг нь урт хугацааны хүү багатай санхүүжилт болоод байна. Бас жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зах зээлийн орон зай алга. Томоохон компаниуд бүх салбарт орчихсон байдаг. Дээрээс нь лоббидож байгаад жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэх мэт хямд санхүүжилттэй газруудаас зээл авчихдаг болохоор жижиг дундууд өрсөлдөхөд хэцүү орчинд үйл ажиллагаагаа явуулж байна.

-Том компаниуд бага хүүтэй зээл авч бүх салбар руу орчихоор жижиг дунд үйлдвэрлэгчдэд эсгий таавчигны орон зай л үлдсэн юм байна даа?

-Бараг л тэгж байна. Зах зээлийн чөлөөт өрсөлдөөн байхгүй учраас хөгжиж чадахгүй байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан том компаниудын тухайд гуравхан хувийн хүү гэдэг маш бага тоо. Ийм зээл авсан том компаниудтай нэг зах зээл дээр өрсөлдөх боломж хэтээсээ байхгүй шүү дээ. Жинхэнэ жижиг дундууд нь жилийн бараг 20 хувийн хүүтэй зээл авч байна. Тэгэхээр яаж ч бодсон өрсөлдөх боломжгүй. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжихгүй байгаа гол шалтгаан нь энэ л дээ.

-Наад зах нь жижиг дунд үйлдвэрийн хуульдаа 199 ажилтан гэх мэт тэнгэрийн тоо тавихаа болих ёстой юм байна. Хүрээ, хязгаарыг нь багасгаж, нарийн хяналт дор зээл санхүүжилт олгоод эхэлбэл үр дүн гарах байх…?

-Монголд байтугай гадаадын өндөр хөгжилтэй оронд ч 199 ажилтантай жижиг дунд үйлдвэр ховор. Бараг байхгүй.

-Жижиг дундуудын санхүүжилт дээр амжилттай яваа кейс гэж байна уу?

-Санхүүжилт дээр манай хувьд хамгийн сайн жишээ нь Зээлийн батлан даалтын сан. Энэ сан төсвөөс ямар ч мөнгө авдаггүй. Донор болон олон улсын санхүүгийн байгууллагатай хамтардаг. Зээлийн батлан даалтын сангийн хувьд зөвхөн барьцаа хөрөнгөө хангаж чадахгүй яваа байгууллагуудад баталгаа гаргаж өгдөг. Тэдэнтэй хамтарсан газруудын чанаргүй зээлийн хувь нь маш бага. Есхөн хувиар яригдаж байна. Төр оролцохгүй тусам амжилттай яваагийн нэг том жишээ гэж хэлж болно. Зөв сахилга батыг бүрдүүлж чадвал ногоон санхүүжилтийг татах боломж их байна. Гэхдээ хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээс эхлээд хийх ажил олон бий.

-ЖДҮХС-гаас яг хичнээн үйлдвэрлэгч зээл хүсч, хэд нь хамрагдсан байдаг бол?

-Сонирхолтой тоо харагддаг. ЖДҮХС-гийн хувьд 2011 онд хамгийн их хэмжээний санхүүжилт өгсөн байдаг юм. 2012 онд нэлээд буурч ирээд эргээд бага багаар өсөөд явсан. 2011 онд 301, 2012 онд 42, 2013 онд 60, 2014 онд 104, 2015 онд 60, 2016 онд 80, 2017 онд 50 тэрбумын зээл олгосон байна. Нэг төслийг дунджаар хичнээн төгрөгөөр санхүүжүүлснийг бас давхар сонирхож үзсэн. 2016 онд нэг төслийн дундаж санхүүжилт 425 сая төгрөг байна.

Ер нь дунджаар нэг төсөлд 140, 150 сая төгрөг өгдөг юм билээ. 2012, 2016 онуудад дундаж санхүүжилтийн хэмжээ өндөр байгаа юм. 2017 онд ойролцоогоор 325 сая байна. 2012 онд 381.8 сая төгрөгийг нэг төсөлд олгосон байх жишээний. 2016 онд 425.5 сая, 2017 онд 324.7 саяыг нэг төсөлд олгожээ. Төсөл хэрэгжүүлсэн салбар, чиглэлийг нь аваад үзвэл 2095 төсөл нь хөнгөн үйлдвэр байна. Үйлдвэрээ өргөтгөх, шинэ үйлдвэр барихад зарцуулсан байна лээ. Санхүүжүүлсэн төслүүдийг аймгуудаар нь авч үзвэл Баян-Өлгий хамгийн өндөр нь. Тус аймагт 426 төсөл хэрэгжүүлсэн байна. Завхан 387 төслөөр хоёрдугаарт бичигдэж байна. Дорнод, Орхон, Хөвсгөл аймгуудад их хэмжээний төслүүд хэрэгжүүлснийг статистикаас харж болно. Харин Улаанбаатарт хоёр мянга гаруй төсөл хэрэгжсэн байна.

-Том компаниуд бүх салбар руу ороод жижиг дундуудад боломж өгөхгүй байгаа тухай та түрүүн ярилаа. Энэ асуудлыг шийдэх гарц хувилбар байна уу?

-Миний хувьд томоохон компаниуд заавал дотооддоо өрсөлдөж байхаар олон улс руу гарах хэрэгтэй. Том компаниуд ер нь сангуудаар тэжээгдээд байх шиг анзаарагддаг.

-Ямар сангууд?

-Төрөөс хөнгөлөлттэй санхүүжилт олгодог бусад сангууд. Олон жил өөрсдийнхөө сүлжээгээр сангуудаас мөнгө авч байгаа гэсэн шүүмжлэл олон жил сонсогдож байна. Оргүй хардлага биш. Ер нь ЖДҮХС тойрсон шуугиан дөнгөж эхлэл нь байх шүү. Яамдын дэргэд 29 сан байдаг. Сайд болгон хажуудаа тусгай сантай. Тэдгээр нь ямар ч хяналтгүй явдаг гэсэн асуудал бий.

-Гишүүдийн хамаарал-тай компаниуд тэрбум шахуу төгрөгийн зээл ташраараа авсан байна. Ер нь жижиг дундуудад хичнээн төгрөгийн санхүүжилтийн хэрэгцээ гардаг юм бол?

-Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн таван хувь нь 500 сая төгрөгөөс дээш санхүүжилт хүсдэг гэсэн статистик бий. ЖДҮХС-гийн 2017 оны тайлангаас харахад үйлдвэр эрхлэгчдийн 33 хувь нь дунджаар 500 сая төгрөгийн хүсэлт ирүүлсэн байх жишээний. Түрүүн хэлсэнчлэн таван хувь нь 500 саяас дээш, 13 хувь нь 100-400 сая төгрөг хэрэгтэй гэсэн байдаг. Хоёр хувь нь нэг сая хүртэлх төгрөг, 12 хувь нь 10 сая төгрөг хэрэгтэй гэсэн хүсэлт тавьсан байдаг юм билээ. Эндээс харахад 5-10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг хэрэгтэй гэсэн нь 17 хувь байна. 2009-2017 онд ЖДҮХС-д 26454 санхүүжилт хүссэн өргөдөл ирсэн байдаг. Үүнээс ойролцоогоор 18 хувь буюу 7536 нь санхүүжилтээ авч чадсан. Санхүүжилт авсан 7536-аас хичнээн нь эрх мэдэлтнүүдийн компани бол гээд хөөгөөд үзвэл сонирхолтой тоо гарах байх шүү.


Categories
мэдээ нийгэм

Арванхоёрдугаар сарын 13-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт “Туушин” зочид буудалд УИХ-ын Тамгын газар, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгээс “Нийтийн сонсгол: Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үр дүнтэй арга” сэдэвт сургалт зохион байгуулна.

09.30 цагт “Кэмпински Хаан палас” зочид буудалд “Хүнсний ногооны маркетинг, зах зээлийн форум” арга хэмжээ болно. Утас:70008799, 99013882

09.30 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10 дугаар төв, 186 цэцэрлэгийн “Нээлттэй өдөрлөг” болно.

09.50 цагт НҮБ-ын байранд “Зүүн хойд Азийн бүс нутгийн тулааны урлагийн форум” болно. Утас: 70105652, 99843464

10.00 цагт Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургуульд Хүүхдийг Ивээх Сангийн “Нийгэмшүүлэх Цирк” төслийн үр дүнгийн тайлан тоглолт болно.

10.00 цагт “Танан” төвд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн 2018 оны үйл ажиллагааны тайлангийн өдөрлөг болно. Утас : 88400030

11.00 цагт “Интер” номын дэлгүүрийн Төв салбарт Б.Цоожчулуунцэцэгийн “Сэтгэлд зурсан аялгуу” өгүүллэгийн номын нээлт болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Хуульч Б.Ариунболд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй байгаа гишүүдийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Байгаль хамгаалалд иргэдийн оролцоо” сэдэвт чуулга уулзалт болно.

14.00 цагт Төрийн ордонд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаанд MNS ISO 9001:2016 олон улсын стандартын гэрчилгээ гардуулах ёслол болно.

14.00 цагт Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газарт “ШУА-ийн ээлжит их чуулган” болно. Утас: 98119897

Categories
мэдээ цаг-үе

Д.Ууганбаяр: Хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэж байгаа гол хүмүүс нь оюутнууд байдаг

“Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн” өчигдөр боллоо. Энэ үеэр Нийслэл, хөдөө орон нутгийн бүх шатны шүүхийн тамгын газруудын үйл ажиллагааны үр дүнг танилцуулсан юм. Тухайлбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 онд нийт 16961 хэрэг хүлээн авч, 11387 хэргийг нь шийдвэрлэсэн байна. Уг үзүүлэлтийг өмнөх оныхтой харьцуулахад хэрэг хүлээн авсан байдал нь 5.3 хувиар нэмэгдсэн бол шийдвэрлэсэн хэрэг нь 2.3 хувиар буурчээ.

Харин Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны гуравдугаар улирлын байдлаар нийтдээ 13000 орчим хэрэг хүлээн авч, 9600 гаруй хэргийг шийдвэрлэсэн байна. Улсын хэмжээн дэх иргэний хэрэг маргааны 27 хувийг Баянгол, Хан-Уул, Сонгинрхайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэдэг ажээ. Тиймээс нэг шүүгчид ногдох хэргийн тоо 25 хувиар нэмэгдэж, ачаалал нь ихэссэн байдалтай байгаа гэж энэ үеэр яригдаж байлаа. Мөн эл гурван дүүргийг хариуцсан анхан шатны шүүх дээр ирүүлж буй хэргүүдийн дийлэнх нь гэр бүлийн маргаан, хөдөлмөрийн эрх зүйтэй холбоотой байжээ.

Түүнчлэн орон нутгийн шүүх байгууллагын энэ оны нөхцөл байдал, хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаар танилцуулагдаж байсан тул Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Ууганбаяртай ярилцав.

-Танай аймагт энэ жил хэрэг бүртгэлийн хэрэг хэр байв?

-Дархан-Уул аймаг хүн амын төвлөрөлт өндөртэй гэдэг утгаараа иргэний хэрэг маргаанууд нэлээд өсөлттэй байна. Тухайлбал иргэд хоорондын зээл, төмөр болон авто замын хөгжил өндөртэй учир энэ төрлийн маргаан, хэрэг зөрчлийн хэрэг энэ онд зонхилсон. Одоогоор анхан шатны журмаар 1200 орчим хэрэг хянан шийдвэрлэгдсэн. Үүний 10 орчим хувь нь буюу 120 гаруй хэрэг нь давж заалдах шатандаа гомдол гаргаж, хянууллаа. Мөн ОХУ-руу явдаг А зэрэглэлийн зам манай аймагт байдаг учраас авто тээвэр журмын эсрэг гэмт хэргүүд буюу авто тээврийн осол, машины хулгай, дээрмийн хэргүүд урьд жилүүдийнхээс өссөн. Тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэрэг манай аймагт гурван жилд хоёр удаагийн тохиолдол бүртгэгддэг байсан бол 2018 онд энэ төрлийн гэмт хэрэг есөн удаа үйлдэгдсэн.

-Бүртгэгдсэн хэргүүд дотор өөр ямар төрлийн хэрэг зонхилсон бэ?

-Танхайрах, дээрмийн гэмт хэргүүд тус бүр 10 хувиар нэмэгдсэн. Эрүүгийн хэрэг анхан шатны журмаараа жилд 500 орчим хэрэг шийдвэрлэгдсэн. Анхан шатны журмаар шийдвэрлэгдсэн хэргийн 10 орчим хувьд нь давж заалдах гомдол гардаг. Энэ нь эрүү, иргэн, захиргааны хэргүүдэд бүгдэд нь хамаатай. Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргүүд Дархан-Уул аймагт өсөлттэй гарсан. Яагаад гэвэл хар тамхины төрлийн ургамал энэ суурьшмал бүсэд ургадаг. Үүнийг түүж хэрэглэх, хадгалах хандлага иргэдийн дунд их байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хавар, намрын үед мансууруулах төрлийн ургамлыг устгах ажиллагаа хийгддэг.

-Хар тамхины хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн насны тухайд?

-Дархан-Уул аймагт улсын 16 сургуулийн салбар бий. Тэнд жилд дунджаар 20 гаруй мянган оюутан суралцдаг. Хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэж байгаа хүмүүс нь ихэвчлэн оюутнууд байдаг. Энэ жилийн тухайд шүүх дээр хар тамхитай холбоотой гурван хэрэг шийдвэрлэгдсэн. Оюутнуудаас гадна насанд хүрээгүй сурагчид холбогдогч болсон тохиолдол байхгүй ч энэ төрлийн хэрэгт холбогдох эрсдэл бий. Тиймээс насанд хүрээгүй хүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг байнга хийж байгаа. Дархан-Уул аймагт ургадаг хар тамхины төрлийн өвснөөс өөр төрлийн мансууруулах бодис худалдаалсан тохиолдол бүртгэгдээгүй.

-Хүүхдүүд ямар гэмт хэрэг ихээр үйлдэж байна вэ?

-Насанд хүрээгүй хүн гэмт хэрэгт холбогдох үндэслэл нь санамсар болгоомжгүй, гэнэн байдлаасаа болоод хүний биед хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулах тохиолдол гардаг.

-Хүчингийн хэрэг их байна гэж яригдаж байгаа. Танай аймагт ийм төрлийн гэмт хэрэг ямархуу байна?

-Яг энэ төрлийн гэмт хэрэг нь улс орны эдийн засаг хямарснаас болоод ажлын байрны хомсдол, ажилгүйдэл их байгаатай шууд холбогдож байна. Учир нь ажилгүй хүмүүсийн дунд архины хэрэглээ нэлээд өндөр байдаг. Согтуурч ухаангүй болсон үедээ гэр бүлийнхээ хэн нэгнийг зодсон тохиолдол олон гарсан. Хүчингийн хэрэг голдуу анхан шатны хэргийн журмаар шийдвэрлэгддэг. 2018 онд найман удаа хүчингийн хэрэг шийдвэрлэсэн. Хохирогчдын гурав нь насанд хүрсэн, тав нь насанд хүрээгүй байсан. Харин эдгээр хэрэгт үйлдэгчээр арван хүн холбогдож, хуулийн хариуцлага хүлээсэн.

-Энэ жил хүний амь насыг хохироосон гэмт хэрэг гарсан уу?

-Хүний амь насыг санаатай болон санамсаргүй байдлаар хөнөөсөн гэмт хэргүүдийн тоо мөн өсөлттэй буюу арваннэгдүгээр сарын байдлаар гурван хэргийг шийдсэн.

-Ер нь шүүх байгууллагад ажилладаг хүний хувьд шүүгчийн ёс зүйг ямар байна гэж харж байна?

-Шүүгчийн ёс зүйн асуудал дээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс болон холбогдох байгууллагуудаас нэлээд анхаарч ажиллаж байна. Дархан-Уул аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхэд нийт 21 шүүгч ажилладаг. Шүүгчийн ёс зүйтэй холбоотой асуудлаар энэ онд хоёр шүүгч дээр гомдол ирсэн. Гомдлууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай болон зан харилцаатай холбоотой байсан. Үүнийг ёс зүйн холбоо нь хүлээж аваад журмын дагуу шалгаж үзэхэд ёс зүйн гомдлын хэрэг үүсгэх үндэслэлгүй байна гэж үзсэн тул хэрэг үүсгэж хянан шийдвэрлэгдсэн тохиолдол одоогоор байхгүй. Ер нь шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчдыг мэтгэлцэх боломжоор хангаж өгөхөөр иргэдийн гомдол бага гардаг. Мэдээж иргэний журмаар болон захиргааны журмаар маргалдаж байгаа талууд шүүхийн шийдвэр гарах явцад аль нэг тал нь гомддог. Учир нь аль нэг талд нь хэргийг шийддэг учир гомдсон тал хэргээ хуулийн дагуу дараагийн шатанд шилжүүлэх эрхээ эдлэхээсээ илүү хэргийг шүүсэн шүүгчийн зан харилцаатай холбоотой гомдол гаргах байдал ажиглагддаг. Тэгэхээр энэ нь хэргийн хянан шийдвэрлэгдсэн байдал өөрт нь таалагдаагүй учир иргэд гомдол гаргаад байна уу даа гэсэн зүйл ажиглагдаж байна.

-Шүүхийн байгууллагуудад улс төрийн нөлөөлөл хэр ажиглагдаж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар улс төрийн юм уу, албан тушаалтан ингэж нөлөөллөө гэсэн зүйл байхгүй.

-Ямар тохиолдолд шүүгчийг огцруулж болдог юм бол?

-Хуульд зааснаар хэд хэдэн үндэслэлээр шүүгчийг огцруулж болдог. Шүүгч гэмт хэрэгт холбогдсон нь нотлогдсон бол, нас барсан болон ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдвол шүүгчийг огцруулж болдог. Дархан-Уул аймагт 2007 онд хэрэг шийдвэрлэсэн шүүгчдийг ёс зүйн зөрчил гаргасан тул бүрэлдэхүүнээр нь буюу гурван шүүгчийг гурвууланг нь огцруулж байсан тохиолдол бий. Үүнээс хойш ийм зүйл гарсан тохиолдол алга.

-Зарим сэжигтэнг гэм буруутай нь тогтоогдох хүртэл хорьж, саатуулдаг. Гэтэл сэжигтэнг хэрэгт холбогдолгүйг нь тогтоочихоод хоригдож байсан хугацаан дахь нөхөн төлбөрийг нь олгодоггүй гэж ярьдаг. Үүнийг ер нь хэрхэн шийдвэрлэх ёстой юм бол?

-Гэм хорын хохирлыг яг ингэж тогтоогоод, олгоно гэсэн хуулийн зүйл заалт байхгүй. Энэ нь сүүлийн үед нийгмийнхээ шаардлагыг дагаад яалт ч үгүй гарч ирж байгаа зүйл. Хэдийгээр өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт ийм зүйл гараагүй байгаа ч улсын хэмжээнд энэ төрийн гомдол, хэрэг гарч байна. Гэхдээ хуулинд нэхэмжлэх эрх байгаа гэж заасан хэрнээ үүнийг тооцох тооцоолол нь байдаггүй. Өөрөөр хэлбэл, үндэслэлгүйгээр хоригдсон хүний хоригдсон хугацаанд гарсан сэтгэл санааны болон гэм хорын хохирлыг яаж тооцоолох тооцооллыг гаргаагүй учраас шийдвэрлэхэд нэлээд түвэгтэй. Үүн дээр хууль тогтоох гүйцэтгэх байгууллагууд анхаарах л хэрэгтэй. Энэ төрлийн тохиолдол нь голдуу эрүүгийн хэрэг дээр яригддаг. Тэгэхээр эрүүгийн хэрэг дээр хянаж шийдвэрлэх процесс нь байдаггүй учир хохирогч иргэний журмаар шүүхэд хандан гомдол гаргаж, шийдэх боломжтой.

-Шүүхийн байгууллагын нэр хүнд яагаад сэргэхгүй байна вэ?

-Шүүх байгууллагаас гаргаж байгаа шийдвэр нь тухайн шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа иргэдийн нэгийг баярлуулж, нөгөөг гомдоож гарч байгаа учраас л тэр.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ нийгэм

Тооно одтой, шарагчин туулай өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 13, Бархасбадь гариг. Билгийн тооллын 6, Тооно одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Нам үхжээ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Нам үхжээ” хэмээн өгүүлжээ.

Ц.Элбэгдорж-ийн өдрийн тэмдэглэл хэмээн “Улс төр” нүүрт өгүүллээ.

Баримт, үйл явдал нүүрт Т.Ганболд Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавд дөрвөн сая ам.доллар өгсөн гэх хэрэг АТГ-т шалгагдаж байгаа юу хэмээжээ.

Агаарын бохирдлыг бууруулах Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг: Засаг үлдлээ гэсэн шиг маргаашнаас нь чуулган, байнгын хорооны хуралдааныг бойкотлоод байгаа нь гэж “Улс төр” нүүрт ярив.

Монголын компани газрын тосны хайгуул ч хийх эрхгүй болсныг монголчууд минь том зургаар нь дор бүрнээ харцгаая хэмээн “Үйл явдал” нүүрт бичжээ.

Эдийн засаг нүүрт Экспорт 6.5 тэрбум, импорт 5.4 тэрбум ам.долларт хүрчээ гэв.

Ардын жүжигчин Н.Сувд: Би театрт, урлагm муу ажиллах эрхгүй хүн хэмээн Ардын цолтон нүүрт ярилаа.

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн орос хэл, арга зүйн тэнхимийн профессор, хэл бичгийн ухааны Доктор С.Эрдэнэмаам: Орос хэлний мэргэжлээр дөч гаруй жил ажиллаж байна хэмээн “Багш” нүүрт ярьсан байна.

Өмнөд Солонгосын Засгийн газар найдваргүй зээлийг хүчингүй болгоно хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт өгүүлэв.

“Лимбэний тенор Димаш” хэмээн “Соёл, урлаг” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймагт адууны хачгийн халуун хэмээх өвчин гарчээ

Сүхбаатар аймгийн гурван сумын 14 газарт олон тооны адуу үхлээ гэх дуудлага 11 дүгээр сарын сүүлээр аймгийн Мал эмнэлгийн газарт иржээ. Улмаар эмч мэргэжилтнүүд газар дээр нь очиж танилцан, адууны цуснаас дээж авч, Улсын мал эмнэлгийн арийн цэврийн төв лабраторит хүргүүлснээр урьдчилсан байдлаар шимэгч хорхойгоор үүсгэгддэг адууны хачгийн халуун гэх өвчин гэх онош гарчээ. Одоогоор нийт 205 адуу тус өвчнөөр өвчилснөөс 126 нь хорогдоод байгаа аж.

Асгат сумын Гашуун, Сөд, Билүүт, Цагаан худаг, Сүхбаатар сумын Тэмээтийн шовх, Түнтгэр хар, Замт, Эрдэнэцагаан сумын Сайхан хөндий, Хажуу, Говийн тасархай, Хальтрын говь, Чулуут, Хөх нүдэн, Хөтөл зэрэг газруудад дээрх өвчин гарсан байна. Өвчний шинэ тэмдэг нь адуунд удаан ужиг явцтайгаар гэдэс татах, халуурах, цавь сугаар хөлөрч, бие нь чичрэх, өвс усандаа дургүй болох, хойд хоёр хөл нь саажих зэргээр илэрдэг гэлээ. Эдгээр сумд нь нийт 5000 орчим адуутай. Иймд сумдын малчид, мал бүхий иргэдэд уг өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхийн тулд мал сүргийг байнгын маллагаатай байлгах, өвчин гарсан нутгуудад бэлчээрлүүлэхгүй байх, адуунд дээрх шинж тэмдэг илэрсэн даруй сумын гэрээт малын эмч, МЭҮТ-таа мэдээлэл өгөх, гаднаас шилжилт хөдөлгөөн хийх, дамжин өнгөрч буй мал сүргийг харьяалах нутаг дэвсгэрийнхээ Засаг захиргааны нэгжид мэдэгдэх, өөрийн мал сүрэгтээ нийлүүлэхгүй байх, өвчний шинж тэмдэг илэрсэн адуунд арчилгаа, маллагаа, ялангуяа тэжээлийн нөхцлийг сайжруулах, халуурч буй тохиолдолд нэмнэх, хашаа саравчинд оруулж, хангалттай сайн услах, дур мэдэн эмчилгээ хийхгүй байх, өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг малын эмчийн хяналтан дор арьстай нь хамт халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах, шатааж устгах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэйг мал эмнэлгийн газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Хэлтэс, албадын дарга нартай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Захирагчийн ажлын албаны хэлтэс, албадын дарга нартай уулзаж үүрэг даалгавар өглөө. Тэрбээр төрийн албаны сахилга хариуцлагыг өндөржүүлэн, дор бүрнээ хариуцлагатай ажиллах болон өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригадуудаа бэлэн байлгах, нийслэлийн хот тохижилтын чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг нийслэлийн Захирагчийн ажлын албанд даалгалаа. Мөн шинэ жилийн баярын өдрүүдээр хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, цаг үеийн байдалд анхаарал хандуулах шаардлагатайг хэллээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар онцгой анхаарч, энэ чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх, холбогдох агентлаг, хэлтэс албад уялдаа холбоотой байж иргэдэд мэдээллийг түгээхэд анхаарч ажиллахыг холбогдох хэлтэс албадын дарга нарт анхааруулав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын биелэлттэй танилцлаа

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр /2018.12.12/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд байрладаг 173 дугаар цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороонд байрладаг 67 дугаар сургуулиудад очиж, ажиллалаа.

Агаарын бохирдлын голомтод байрладаг сургууль, цэцэрлэгүүдийг төлөөлүүлэн дээрх сургууль, цэцэрлэгт ажиллахдаа Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолоор Засгийн газарт чиглэл болгосон агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар нэн даруй авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний биелэлттэй танилцсан юм.

Өргөдлийн байнгын хорооны 01 дүгээр тогтоолд ялангуяа утааны голомтод байгаа сургууль, цэцэрлэгийн анги танхим бүрийг агаар шүүгчээр бүрэн хангах, үдийн цайнд амин дэмтэй тэжээллэг хоол хүнсийг хүүхдүүдэд өгөх, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын төхөөрөмжөөр айл өрхийг хангах, утаа шүүдэг амны хаалтыг хүүхдүүдэд хэрэглүүлж хэвших, нүүрсээр галладаг төрийн байгууллагуудыг цахилгаан халаалтад шилжүүлэх, шахмал түлшээр айл өрхийг хангах зэрэг ажлуудыг нэн даруй авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосон байна.

Өнгөрсөн хугацаанд тус байнгын хороонд нэр бүхий сургууль, цэцэрлэгүүд тодорхойгүй шалтганааар агаар шүүгч ажиллуулдаггүй, эсвэл хүүхдүүдийн байгаа газарт бус багш, эрхлэгч нар өрөөндөө тавьсан зэрэг гомдол, санал иргэдээс ирүүлжээ.

Иргэдийн энэхүү гомдол, саналтай холбогдуулж мэдээлэл тайлбарыг албан тушаалтнуудаас авсан юм. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны ахлах мэргэжилтэн Л.Гүнбилэг нарын албан тушаалтнууд тогтоолын биелэлтийг хангах хүрээнд хийсэн ажлын талаар мэдээлэл өгөв.

Албан тушаалтнууд агаар шүүгчийг ажиллуулах талаар сургууль, цэцэрлэгийн багш нарт сургалт явуулсан, хүүхдүүдийн анги танхимд байрлуулж байна уу гэдэгт гэнэтийн шалгалт хийсэн гэх зэрэг мэдээллийг өглөө. 173 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Энхнаран агаар шүүгчийг ажиллуулах үедээ агаарын чанарыг илтгэж байгаа үзүүлэлтийг өдөрт хэд хэдэн удаа тэмдэглэн, тогтмол тэмдэглэл хийдэг бөгөөд энэ тэмдэглэлээр өглөө, оройд бохирдол байнга илэрдэг тухай ярив.

67 дугаар сургуулийн захирал Н.Алтансүх агаар шүүгчийг бүх ангид байрлуулсан ч зургаан сар болоод солих заалттай агаар шүүгчийн филтер худалдаж авах мөнгийг төсөвт тусгаагүй талаар хэллээ.

Ийнхүү ажилласны дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тогтоолын биелэлтийг бүрэн, чанартай хангаж ажиллах талаар ажлаа эрчимжүүлэх үүрэг чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Hийслэл, дүүргүүдийн жендэрийн дэд хѳтѳлбѳр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – Нийслэлийн Засаг даргын орлогч, жендэрийн дэд хорооны дарга Ш.Анхмаагаар удирдуулсан нийслэл, дүүргүүдийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн 2-р хуралдаан ѳнѳѳдѳр боллоо. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсэгт мэргэжлийн жендэрийн зөвлөх баг мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа юм. Тус ажлын хэсгийн хурлаар жендэрийн зөвлөх баг нийслэлийн ажлын хэсгийн гишүүдэд нийслэлийн жендэрийн нөхцөл байдлын үнэлгээний үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг танилцуулж, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн талаарх мэдээлэл хийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулахад анхаарах зүйлс, цаашид хийх ажлын талаар санал солилцов. Ажлын хэсгийн дараагийн хурлаар ажлын хэсгийн гишүүд оролцоонд суурилсан аргачлалаар нийслэлийн жендэрийн дэд хөтөлбөрийн зорилго, зорилтыг тодорхойлох ба жендэрийн зөвлөх баг тус хэлэлцүүлгийг чиглүүлэн ажиллах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран өнөөдөр (2018.12.12) Төрийн ордонд “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Ундармаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, Хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх Р.Булгамаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ, “УИХ-аас Хүүхэд хамгааллын тухай хуулийг баталж, хүүхдийн эрхийг баталгаажуулсан 49 дэх орон болсон. Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд эцэг эхийн хайр халамжид өсөж бойжих, аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх нөхцлийг бүрдүүлэх хуулийг парламентаас баталсан ч бидэнд шийдэх асуудал байсаар байна. Хүүхдийн эрх гэр бүлийн орчинд хамгийн ихээр зөрчигдөж байгаа нь мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаанаас харагдаж байна. Төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд өөр өөрсдийн хүрээнд ажиллаж байгаа ч эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлага, ухамсар, ёс зүйг сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Иймд өнөөдрийн хэлэлцүүлгээс чухал санал санаачилгууд гарна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Манай улсын нийт хүн амын 36,2 хувийг хүүхэд эзэлдэг. Энэ оны эхний 11 сарын байдлаар Хүүхдийн тусламжийн утасны 108 үйлчилгээний төвд 160137 дуудлага иржээ. Үүнээс дийлэнх хувийг зөвлөгөө мэдээлэл хүссэн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн дуудлага эзэлсэн байна. Судалгаанаас үзвэл гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн төрсөн эцэг, эх 88 хувь, хойд эцэг, эх 10 хувь, үл таних этгээд 2 хувь байгаа. Иймд хүүхдийг аливаа хүчирхийллээс ангид байлгахад гэр бүлийн орчин хамгийн чухал байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир танилцууллаа.

Хүүхэд хамгааллын асуудал нь дан ганц салбарын яамны хариуцах ажил биш. Салбар дундын хамтын ажиллагааны үндсэн дээр шийдэгдэх болохыг хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгтэй хэлж байсан. Тухайлбал, сүүлийн жилүүдэд техник технологийн хөгжлийг дагаад өсвөр насны хүүхдүүдийн дундах цахим орчны хэрэглээ нэмэгдэж, тэр хэрээр донтох, цахим гэмт хэргийг хохирогч болох эрсдэл өссөн. Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 2018 онд нийт 27,347 терабайтын дата ашиглаж байна. Нийт хүн амын 85 хувь нь идэвхтэй сошиал хэрэглээтэй байгаа бөгөөд хот, хөдөөгийн ялгаа төдийлөн байхгүй байгааг гаргасан байна. Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг цахим хэрэглээний донтолтоос хамгаалах хууль эрх зүйн орчин хангалтгүй байгааг Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга С.Долгорсүрэн “Цахим орчны зохистой хэрэглээ” илтгэлдээ дурдсан юм. Тус байгууллагаас 2013-2018 онд садар самууныг сурталчилсан агуулгатай мэдээлэл байршуулдаг 667 вебсайтын хандалтыг хязгаарлаж, холбогдох байгууллагуудын дүгнэлтийн дагуу 56 вебсайтын эрхийг сэргээжээ. Мөн гурван жилийн өмнөөс www.ekids.mn, www.happywebs.mn цахим хуудсыг ажиллуулж, цахим орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах, цахим орчны зохистой хэрэглээг сурталчлах, нийгмийн сүлжээний эерэг сөрөг үр дагавруудын талаарх мэдээ мэдээллийг өгч эхэлжээ. Эцэг эхийн хараа хяналт хүүхдийг цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх чухал арга юм. Түүнчлэн цахим тоглоомын газруудад тавих хяналтыг сайжруулж, хяналтын системтэй болох шаардлагатай байгааг ч тэрбээр илтгэлдээ онцоллоо.

Шинэчлэгдсэн Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд 14-16 хүртэл насны хүн уг хуулийн тусгай ангид заасан 12 төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхээр тусгасан байдаг. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш хорих ялаар шийтгэгдэх өсвөр насны хүүхдийн тоо хоёр дахин багассан байна. 2018 онд 127 өсвөр насны хүүхэд хорих ялаар шийтгүүлснээс дийлэнх нь хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Өсвөр насны хоригдлын гэмт хэрэг үйлдэх болсон гол шалтгаан нөхцлийг судалж үзэхэд эцэг эхийн хараа хяналтгүй байдал, сурч боловсрох эрхээр хязгаарлагдсан, хагас бүтэн өнчин, хойт эцэг эхийн дарамтад орсон, нийгмийн ядуурал, ажилгүйдэл зэрэг болох нь тогтоогдсон байна. Хорих ялаар шийтгүүлсэн ч өсвөр насны хоригдлыг ерөнхий боловсролын сургалт, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудад хамруулдаг ч нийгэмшүүлэх, тэднийг эерэгээр хүлээж авах орчин нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээ дутагдалтай байдгийг ШШГЕГ-ын Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, дэд хурандаа Б.Тамир хэлсэн. 2018 оны байдлаар тус байгууллагын дэргэдэх 110 дугаар бүрэн дунд сургуульд 69 хүүхэд суралцсан байна. Энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтад ял эдэлж байсан өсвөр насны 6 хоригдол өгснөөс 4 нь улсын болон хувийн их дээд сургуульд 50-100 хувийг тэтгэлэгтэйгээр суралцаж байгаа аж.

Харин хүүхэд, өсвөр насныхны дунд хоол боловсруулах тогтолцоо, шээс бэлгийн тогтолцоо, арьс ба арьсан доорх эслэгийн өвчлөлүүд тэргүүлэх болжээ. 0-19 насны хүүхдүүдийн нас баралтад гэмтэл, хордлого, гадны шалтгаант эмгэг, амьсгалын замын өвчлөл зонхилсон хэвээр байна. Эрүүл мэндийн яамнаас 2016 онд хийсэн судалгаагаар 20 хүртэлх насны охидын үр хөндөлт нэмэгдэж, аймгуудын ихэнх нь улсын дундажаас дээгүүр, тэмбүү, заг хүйтэн, трихомониазын халдвар нэмэгдэх хандлагатай байна гэсэн үзүүлэлт гарчээ. Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээлэл хангалтгүй, сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдсан асуудлууд нэмэгдэж байгаа нь сөрөг нөлөө үзүүлж байна. 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд А, Д аминдэмийн дутагдал, шүдний цоорол харанга дэлдэж байгаа бол 14-18 насныхны дунд архи, тамхины хэрэглээ огцом ихэссэн байна. Энэ насандаа хүүхдүүд ганцаардал, бухимдал, нойргүйдэлд өртөж, амиа хорлох тухай бодож төлөвлөх хандлагатай болж байгааг Дэлхийн сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн судалгаагаар тогтоосон байна. Иймд ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйчдийг ажиллуулах, нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах шаардлага үүсч байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Хүүхдийг олдмол хөгжлийн бэрхшээлтэй болгож, нас баралтын тоог нэмэгдүүлж байгаа нэг хүчин зүйл нь зам тээврийн осол юм. Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгт нийт 361481 хүүхэд байдгаас 59 хувь нь буюу 213996 нь бие даан явганаар замын хөдөлгөөнд оролцдог. Зам тээврийн осолд дийлэнхдээ 8-14 насныхан өртдөг бөгөөд 2016 онд 50, 2017 онд 56, 2018 оны эхний 10 сарын байдлаар 36 хүүхэд зам тээврийн ослын улмаас нас барсан болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Хүүхдийг аюулгүй орчинд байлгахад сургуулийн гадна орчны тохижилт хамгийн чухал бөгөөд 2017 онд 16 сургуулийн гадна талбайг 850 сая орчим төгрөгөөр засаж тохижуулсан байна. Түүнчлэн хүүхэд хохирсон гэмт хэргийн 68,3 хувь нь гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэж, жилд дундажаар 1500-2000 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байна. Үүнээс хүүхэд хохирсон гэмт хэргийн 62 хувь нь нийслэл хотод үйлдэгджээ. Улсын хэмжээнд 2000 гаруй хяналтын камер байдаг нь хангалтгүй бөгөөд хүүхэд төдийгүй иргэдийг гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалахад камержуулалт хамгийн чухал болохыг ЦЕГ-ын Урьдчилаг сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан хэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Хүүхэд хамгаалагч”, “Өсвөрийн сэргийлэгч” төслүүдийг хэрэгжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон үндэсний контентуудыг бэлтгэн хүүхдийг аливаа гэмт халдлагаас хамгаалах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хууль эрх зүйн орчин хангалттай бүрдсэн бөгөөд гол нь хуулийг хэрэгжүүлэхэд эцэг эх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын ажлын уялдааг холбоог сайжруулах, хүүхэд хамгааллын чиглэлээр 2019 оны төсөвт тавигдсан 8 тэрбум төгрөгийг үр ашигтай хяналттай зарцуулахад анхаарч ажиллахыг шаардлагатай байгааг хэлж байлаа.

Ингээд хэлэлцүүгийн төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгааллын асуудалд анхаарлаа хандуулж хоёр удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг хийж, эхнээсээ үр дүнгээ өгч байна. Үүний нэг жишээ нь хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийг дахин байгуулсан. Мөн Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Хүүхэд хамгаалагч” төслийг эхлүүлээд байна. Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг газар авч байгаатай холбогдуулан олон нийтийн шаардлага, эсэргүүцэл маш өндөр байна. 2017 онд 0-7 насны 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн сэтгэл сэртхийлгэм, аймшигт хэргүүд нийгмийг цочроож байна. Өсвөр насны хүүхдүүдийн дунд амиа хорлох явдал өссөн. Иргэд дорвитой арга хэмжээ авахыг төр, засгаас шаардаж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэгт цаазын ял оноох тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Хүн бүр хүүхэд хамгаалагч байх ёстой. Өнөөдрийн хэлэлцүүлгээс олон чухал санаа гарлаа. Бүгд нэгдсэн нэг ойлголттой болж, нэг зүг рүү харж ажиллах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс бүхий л талаар дэмжин ажиллах болно” хэмээн онцлов.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлэлцүүлэгт оролцогчдын гаргасан саналуудыг тусгасан зөвлөмж гаргаж, ажил хариуцсан байгууллага бүрт хугацаатай үүрэг чиглэл өгч, Байнгын хорооны зүгээс шахаж ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн байгууллага бүрийг 2019 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон ажиллахыг уриалав.