Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр дэвжээнийхээ залуу бөхөд гар хүрсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн Таканоива А.Баасандорж зодог тайлахаар болсон. Түүнийг Японы Сумо бөхийн холбооноос зодог тайл хэмээн шаардаагүй ч тэрээр ёсзүйг ухамсарлан өөрийн саналаар, ийнхүү сумогийн ертөнцийг орхисон юм. Харин түүнд Японы парламентын гишүүн асан Оонита Ацүшима мэргэжлийн бөхөөр барилдах санал тавьсан байна. Мөн түүнийг холимог тулааны “Rizin” холбоо сонирхож буй талаар Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж эхэлжээ.
Month: December 2018
УИХ-аас эрдэмтэн судлаачдыг оролцуулан хөгжлийн урт хугацааны бодлогыг гаргахдаа Монгол Улс 10 жилийн дараа усны нөөцгүй болно гэсэн дүгнэлтийг гаргасан хэрнээ улстөрчид үүндээ анхаарахгүй байгааг эсэргүүцэн сануулж өнөөдөр ИЗНН-аас Д. Сүхбаатарын талбайд суулт хийв.
Энэ талаар ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар, “Бид энэ асуудлаар төр, засгийн удирдлагад олон удаа шаардлага хүргүүлсэн. УИХ-ын даргын захирамжаар байгуулан УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид оролцсон урт хугацааны бодлого гаргахдаа манай улсын усны нөөц өнөөдрийн энэ их үйлдвэрлэл, уул уурхайн хөгжлийн явцад 10 хүрэхгүй жилийн дараа байхгүй болох аюул тулгараад байгааг тусгасан хэрнээ төр, засгийн зүгээс энэ тал дээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд анхаарлаа хандуулж ямар ч арга хэмжээ авсан юм байхгүй, юу ч хийхгүй байгааг анхааруулж өнөөдөр бид сууж байна” гэв. Тиймээс ИЗНН-аас байгаль орчны талаар гарч буй зөрчлийг шалгах Ажлын хэсгийг шуурхай ажиллуулах санал тавьж байна гэв.
Нийслэлийн Байгаль орчны газар үүсэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн баярын арга хэмжээ өнөөдөр боллоо. Түүхт ойн хүрээнд нийслэлээс 2018 оныг иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан “Байгаль хамгаалалд иргэдийн оролцоо” чуулга уулзалтыг зохион байгууллаа.
Чуулга уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба, БОАЖЯ-ны газар, хэлсийн дарга нар, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагын төлөөллүүд, нийслэлийн Байгаль орчны газрын үе үеийн удирдлага, ажилчин, албан хаагчид оролцов.
Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Анх 1988 онд байгаль орчны газар гэж байгуулагдсанаар манай байгуууллагын үүсэл тавигдсан. Энэ хугацаанд манай байгууллагын үйл ажиллагаа жил ирэх тусам өргөжин тэлж, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Богдхан уулын хамгаалалтын захиргаа гэх мэтчилэн газруудыг бие даалган гаргасан байна. 30 жилийнхээ ойн баярын хүрээнд үе үеийн байгаль орчны газрын дарга удирдлагууд ахмад, дунд, залуу үеийн чуулга уулзалтын зохион байгуулж байна. Чуулга уулзалтаар байгаль орчинд тулгамдаад буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх үйл ажилллагааны чиглэлийг хэлэлцэнэ” хэмээлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Өнөөдрийн үйл ажиллагаа нь зөвхөн баяр тэмдэглэх биш. Цаашид ирээдүй хойч үедээ байгаль дэлхийгээ хэрхэн хамгаалах, байгаа хэвээр нь хэрхэн үлдээх вэ гэдгийг хэлэлцэхэд чиглэж байна. Нийслэлийн Байгаль орчны газраас байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог хангахыг зорин ажиллаж байна” гэв.
Түүхт 30 жилийн ойг тохиолдуулан Алтан гадас одонгоор НБОГ-ын Захиргааны хэлтсийн дарга Д.Баярмааг, БОАЖЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдэгээр, Г.Болормаа, Ц.Цогтбаатар, Д.Жамбажамц, Б.Цэцэг-Өлзий, Н.Адьяасүрэн нарыг, БОАЖЯ-ны “Жуух бичиг”-ээр Н.Эрдэнэбилэг, М.Чинсанаа, Ж.Батзолбоо нарыг, ОУ-ын “Эко ворлд” шагналаар НБОГ-ын дарга Э.Баттулгыг, Төрийн албаны тэргүүний ажилтнаар П.Мягмарсүрэнг, нийслэлийн “Тэргүүний ажилтан”-аар С.Санжмятав, О.Тэмүүжин нарыг, Улаанбаатар хотын хүндэт тэмдгээр Ю.Дэлгэрмааг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг”-ээр Д.Нацагдорж, М.Саруул, Д.Батсайхан, Д.Авьяасэд нарыг, НИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр Э.Жаргалсайхан, Б.Цэцэг-Өлзий, Б.Ганширэм нарыг, НИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр Г.Доржсүрэн, Д.Төмөрбаатар, Н.Дорж, М.Мөнхнайрамдал нарыг, МЗХ-ны “Тэргүүний залуу” цол тэмдэгээр Ц.Цолмонбаатарыг, ЧД-ийн Засаг даргын жуух бичгээр Д.Ганбаатар, Г.Нацаг нарыг шагнаж урамшуулав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос зохион байгуулдаг Үндэсний лигийн тэмцээнд БНАСАУ-ын тамирчид оролцдог билээ.
2019 оны нэгдүгээр сард эхлэх Үндэсний лигийн тэмцээнд БНАСАУ-ын дөрвөн тамирчин, дасгалжуулагчийн хамт оролцоно. Харин манай сагсчид ирэх оны хагаст тус улсад хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. БНАСАУ-ын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнээр Гадаад хэргийн сайд Ри Ён Хо ажилладаг. Тэрбээр Монгол Улсад энэ сарын 8, 9-нд албан ёсны айлчлал хийхдээ УИХ-ын гишүүн, МҮСБХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэтэй уулзаж, хоёр орны сагсан бөмбөгийн холбоодын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцжээ.
Сүүлийн жилүүдэд БНАСАУ-ын сагсчид манай улсын Үндэсний лигийн тэмцээнд оролцох болсон бол Монголын сагсчид ирэх онд хамтарсан бэлтгэл хийх боломж бүрдсэн байна.
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд түүхий нүүрсний хэрэглээг халж, гэр хорооллын айл өрхийг 4кВт хүчин чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх ажлыг хоёр үе шаттай хийж гүйцэтгэж байна.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн нар цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлэх 16 дугаар багц ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын зургадугаар гудамд барьж ашиглалтад оруулсан КТПМ56/18 дугаарын 0,4 квт-ын хүчин чадал бүхий 990 айлыг хангах дэд станцын ашиглалтын явцтай газар дээр нь танилцлаа.
Нийслэлийн хэмжээнд 56 багц ажлыг цахилгаан эрчим хүчний барилга угсралтын 54 компани хийж гүйцэтгэснээс “Наран хайрхан трейд” ХХК энэхүү дэд станцыг гэрээний дагуу угсарч хүлээлгэн өгчээ.
Эрчим хүчний хүчин чадал нэмэгдснээр айл өрхүүдийн цахилгаан эрчим хүчинд зарцуулах төлбөр буурснаас гадна, хүчдэл унах гэх мэт хүндрэлүүд арилсан байна. Иймд нүүрсний хэрэглээгээ цаашид хумих, цахилгаан халаагуур хэрэглэж, шөнийн тарифын хөнгөлөлтийг эдлэх гэх зэргээр агаар, орчны бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах боломжтой болж байна гэв.
Гэр хорооллын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийт таван дүүргийн 35 хорооны 41 964 айл өрхийг хүчин чадал сайтай, хүчдэлийн уналтгүй эрчим хүчээр хангах юм.
Өнөөдрийн байдлаар нэгдүгээр ээлжийн 21362 айл өрхийн цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил бүрэн дуусч техникийн ба улсын комисс ажиллан ашиглалтад хүлээн авч, айл өрхийг холбох ажлыг дуусган УБЦТС ТӨХК-д шилжүүлэн өгч байна. Хоёрдугаар ээлжийн 20602 айл өрхийн цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил бүрэн дуусч техникийн комисс ажиллаж байгаа аж.
Угсралтын ажлаар 110 кВ-ын 1ком дэд станц, 35 кВ-ын 1ком дэд станц, 3ком хуваарилах байгууламж, 6-10 кВ-ын 273ком дэд станцыг шинээр барьж, 153 ком дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, 0.4-35 кВ-ын 471 км цахилгаан дамжуулах шугам шинээр татаж, 28 фидерийн ачаалал хөнгөлөх, 13 шугамын утасны дамжуулах чадварыг нэмэгдүүлэх ажлыг тус тус хийсэн байна. Мөн 2073 айл өрхийг шинээр цахилгаан эрчими хүчинд холбожээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Айлчлан ирж 2019 оны босгон дээр Монголын хөлбөмбөгийн холбоо онцгой амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдаа тодруулдаг бөгөөд энэхүү “Алтан бөмбөг-2018” наадам өчигдөр /12.12/ болж оны шилдгүүд шалгарлаа. Дөрөв дэх удаагийн энэхүү арга хэмжээнд оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогч, шилдэг дасгалжуулагч, бэлгэдлийн 11, шилдэг гадаад тоглогчийг шалгаруулсан бөгөөд шилдгүүдийг танилцуулж байна.
“ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ” Ц.Ганболд
2018 оны “Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-аар эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг болон “Монголын тэмүүлэл” клубийн дасгалжуулагч Ц.Ганболд тодорлоо. Монгол улсад охид, эмэгтэйчүүдийн хөлбөмбөг хөгжихөд гар бие, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй Ц.Ганболд дасгалжуулагч 2018 онд эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хамтаар түүх бүтээсэн юм. Манай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатанд анх удаа өрсөлдөж, гайхалтай тоглолтуудыг үзүүлэн хоёрдугаар шатанд шалгарсан. Мөн “Токио 2020” зуны олимпын наадмын урьдчилсан шатны эрхийн төлөөх тэмцээнд дөрвөн тоглолт хийж, дөрвөн гоол бүртгүүлэн, нэг оноо авч чамлахааргүй амжилтыг үзүүлсэн.
2018 ОНЫ “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ”-аар Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс тодорлоо
Майкл Вайсс дасгалжуулагч 2018 онд эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийг зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг давж түүхэн амжилт үзүүлсэн. Мөн ОУХБХ-ны шигшээ багийн өдрөөр хийсэн тоглолтоор Лаосыг талбайд нь 1:4-өөр хожиж, анхны албан ёсны нөхөрсөг тоглолтын хожлыг авсан билээ.
“ОНЫ ШИЛДЭГ ГООЛ”-ЫН ЭЗЭН А.Тэмүүжин
Улаанбаатар сити клубийн хагас хамгаалагч А.Тэмүүжиний “Сэлэнгэпресс” клубийн хаалганд оруулсан гоол үзэгчдээс авсан санал асуулгыг тэргүүлж 2018 оны шилдэг гоол боллоо.
“ОНЫ ШИЛДЭГ ГАДААД ТОГЛОГЧ” Норито Хашигүчи
2018 оны “Шилдэг гадаад тоглогч”-оор “Атлетик 220” клубийн хагас хамгаалагчаар Норито Хашигүчи шалгарлаа. Норито Хашигүч 2018 оны “Мазала үндэсний дээд лиг”-ийн улиралд 18 тоглолтод 10 гоол оруулж, 6 гоолын дамжуулалт өгсөн. Дээд лигт муугүй тоглолт үзүүлсэн ч харамсалтай нь “Атлетик 220” дөрөвдүгээр байрт орсон юм. Харин “Атлетик 220” МХБХ-ны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг “Холбооны цом”-ын тэмцээнд аваргалахад Япон хагас хамгаалагч Норитогийн хувь нэмэр үнэлж баршгүй байв. “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагааны “Шилдэг гадаад тоглогч” номинацийг хоёр жил дараалан Япон улсын тоглогч авч байгаа нь энэ буюу Норито Хашигүчи Монголд байхгүй тул “Атлетик 220” клубийн төлөөлөл түүний шагналыг авлаа.
“ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТОГЛОГЧ” А.Алтантуяа
2018 оны “шилдэг эмэгтэй тоглогч”-оор “Арвис” клуб төдийгүй эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хамгаалагч А.Алтантуяа тодорлоо. А.Алтантуяа “Арвис” клубын эмэгтэйчүүдийн багийг ахлан “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн мөнгөн медаль хүртсэн. Үүнээс гадна Зүүн Азийн АШТ-ий нгдүгээр шатыг анх удаа давсан эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хамгаалалтын гол хүн байсан юм.
Тоглогч төдийгүй өсвөрийн багийн дасгалжуулагчаар ажилладаг А.Алтантуяа “Шилдэг эмэгтэй тоглогч”-ийн шагналыг хоёр дахиа хүртэж байна.
“ОНЫ ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТОГЛОГЧ” Н.Цэдэнбал
2018 оны “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор “Улаанбаатар сити” клубийн зүүн жигүүрийн хамгаалагч Норжмоогийн Цэдэнбал тодорлоо. Н.Цэдэнбалын Гуамын багийн эсрэг оруулсан гоол Монголын эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн, Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг анх удаа давах “тасалбар” байсан юм. Үндэсний шигшээ багийн энэ завгүй жилийн хамгийн чухал хүмүүсийн нэг байж чадсан Н.Цэдэнбал нийт 10 тоглолт хийхдээ хоёр гоол оруулж, дөрвөн гоолын дамжуулалт өгчээ.
Н.Цэдэнбал “Улаанбаатар сити” клубийнхээ хамтаар улирлын эхэнд “Супер цом”-ын аварга болж, “МХБХ-ны” цомын тэмцээнд аман хүзүүдсэн билээ. Клубийнхээ ахлагч төдийгүй, үндэсний шигшээ багийн салшгүй нэг хэсэг Н.Цэдэнбалд шилдгийн шагналыг МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар гардууллаа.
“2018 БЭЛГЭДЛИЙН 11”
“Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагааны хамгийн сонирхолтой хэсгүүдийн нэг “Бэлгэдлийн 11” тоглогчид дараах тоглогчид багтав.
Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ, Хамгаалагчид: Б.Даваажав, Д.Төрбат, Б.Гарьдмагнай, Н.Цэдэнбал
Хагас хамгаалагчид: Б.Балжинням, Х.Цэнд-Аюуш, Ж.Сүндорж, М.Төгөлдөр, Довтлогч: Б.Хаш-Эрдэнэ, Н.Наранболд
Уг нэр хүндтэй шагналыг дэлхийн домогт 100 тоглогчийн нэг “Алтан бөмбөг 2018” ёслолын үйл ажиллагааны зочин Петер Шмейхель гардууллаа.
“ШИЛДЭГ ШҮҮГЧ” Р.Жаргалсайхан
Монгол Улсаас төрөн гарсан анхны Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Элит шүүгч” Р.Жаргалсайхан 2018 оны “Шилдэг шүүгч” боллоо. Шүүгч болохоор МХБХ-ны босгыг алхсанаас хойш таван жил өнгөрч байгаа ч Р.Жаргалсайхан, шүүгчийн хувьд маш богино хугацаанд өсөлт гарган, ОУХБХ-ны шүүгч, Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Элит шүүгч” болж чадсан нь энэ шагналыг хүртэхэд хүргэж байна.
Энэ онд МХБХ-ны 59 жилийн түүхэнд тохиогоогүй олон үйл явдал болсны нэг нь анхны “АХБХ-ны элит” шүүгчтэй болсон явдал байлаа.
Монголчуудын тэр дундаа нийслэлчүүдийн хамгийн том “дайсан” бол утаа. Сүүлийн 20-иод жил утааны талаар ярьж, бичиж, тэмцэж байгаа ч төгс шийдлийг олоогүй. Харин Монгол Улсын Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоол хэрэгжсэнээр агаарын бохирдол 50 хүртэлх хувиар буурна гэж судлаачид үзэж байна. Тодруулбал, ирэх оны тавдугаар сарын 15-аас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гарсан билээ. Энэ хүрээнд МХЕГ, НМХГ хамтран “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцан, өнгөрөгч 09, 10 дугаар сард гүйцэтгэсэн хяналт шалгалтын үеэр илэрсэн дутагдлыг арилгуулах, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, борлуулсан түлшний уутыг шатаалгахгүй байх талаарх зөвлөмж өгч, цаашид байгаль орчин, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллахаар тохиролцов.
“Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн анх удаа оролцож буй Д.Долгионы “Алтайн Ятга” гарын бэлэг 94 гоо бүсгүйн бэлэг дундаас шилдгээр шалгарч дуудлага худалдаанд орохоор болов. Тэрбээр Тайланд улсыг зорихдоо “Алтайн Ятга”-ыг гарын бэлэг болгон сонгосон нь оножээ. Тэмцээний гол хөтөлбөрүүдийн нэг болох үндэсний хэв маяг бүхий бэлэгний дуудлага худалдаанд тэнцэж ийнхүү “Алтайн Ятга” шилдэг таван бэлгийн нэгээр шалгарчээ. Дуудлага худалдаагаар тив дэлхийн сор болсон 94 орны гоо бүсгүй өөрсдийн орны түүх ёс заншлыг илтгэхүйц авчирсан бэлгээс таван орны бэлгийг онцлон сонгож дуудлага худалдаанд оруулан сайн үйлсийн аянд хандивладаг юм. Монгол Улсын мисс Д.Долгионы гарын бэлэг болох “Алтайн Ятга” нь Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын агуйн булшнаас 2008 онд археологийн малтлагаар олдож байсан, VII зуун буюу эртний Түрэгийн үед хамаарах энэ төрлийн хөгжмийн зэмсэг юм.
Эрүүгийн цагдаагийн албанаас энэ сарын 11-нд хийсэн гэнэтийн шалгалтаар нийслэлийн саун, массажны таван газар 15 эмэгтэй биеэ үнэлж байсныг илрүүлжээ.
Мөн тэднийг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангаж өгсөн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхээр шалгалтын ажиллагааг хийж байна. Биеэ үнэлэж байсан бүсгүйчүүд нь нийслэл хотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, 18-28 настай болох нь тогтоогджээ.
Мөн энэ өдөр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Монгол Улсын хилээр Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг оруулж ирсэн байж болзошгүй 25 настай, эрэгтэй Ч-г цагдан хорих 461 дүгээр ангид хорьж шалгаж байгаа аж.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Ганболд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх үүрэгтэй. Мөн Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана хэмээн хуульд заасан байдаг. Засгийн газраас санаачилсан хууль, бусад асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд оролцох ёстой. Чуулганы дэгийн тухай хуульд зааснаар УИХ, Засгийн газрын гишүүн буюу давхар дээлтэй гишүүд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы хуралдааныг таслах эрхгүй. Засгийн газрын гишүүд Засгийн газрын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа учраас энэ асуудлыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Засгийн газар тарна” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Олонхын бүлэг ингэж талцаж хуваагдаж байсан тохиолдол Монголын парламентын түүхэнд байгаагүй. Өнөөдөр бид сандал суудлын төлөө хэрүүл хийх эрхгүй. Гэтэл нөгөө хэсэг маань өөрсдийнх нь талд Ерөнхий сайд байгаа гэж үзэж байгаа учраас асуудлыг хүч түрэн шийдвэрлэхээр дайрч байна. Уг нь бидэнд ярилцвал ойлголцохгүй зүйл байхгүй. УИХ-ын даргыг зөөлчлөөд байгаа юм шиг хандаж байна. УИХ-ын даргын сандлыг аливаа гэмт хэрэг, асуудлаа хаацайлах зөөлөн сэнтий гэж хараад байх шиг байна” гэв.