Categories
мэдээ цаг-үе

С.Бямбацогт: Хардлага сэрдлэг, хов живээр асуудалд хандаж байгаад харамсч байна

УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтоос тодрууллаа.


-уиХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдах гээд гурван долоо хонолоо. ирц хүрэхгүй байна л даа. танай дэд хороонд ямар ямар гишүүд байдаг билээ. Хэн нь ирэхгүй байгаа юм бэ?

-Хуралдаж чадалгүй гурван долоо хонох гэж байна. Ёс зүйн дэд хороонд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Барилга хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн Х.Баделхан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар, Б.Наранхүү, миний бие гэсэн есөн гишүүн байдаг. Түрүүчийн хуралдаануудад УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар, Б.Наранхүү нарын гишүүд ирж байсан. Өнөөдөр (өчигдөр) М.Энхболд дарга, бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар ирсэн. Х.Баделхан, Д.Сарангэрэл нар хуралд оролцох боломжгүй гэсэн.

-Ямар шалтгаанаар дэд хорооны хуралдаа суухгүй гээд байгаа юм бэ. дэгийн тухай хуулиараа суух ёстой биз дээ. удаа дараа суухгүй байгаа хүмүүсийг яах ёстой юм бэ?

-Дэгийн тухай хуулиараа хуралдаа суух үүрэгтэй. Удаа дараа суухгүй байгаа хүмүүсийг ингэнэ, тэгнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Цаашид бид энэ талаар бодох л ёстой юм байна. УИХ-ын тухай хуулиар УИХ-ын гишүүд төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, хууль дээдлэх, ард түмний өмнө хүлээсэн үүрэгтэй гээд олон заалт бий. Гишүүд хуулиа биелүүлж хуралдаа суухгүй байгаад харамсч байгаа.

-Эрх баригч намын бүлэг 64 гишүүнтэй байж бие биедээ ингэж бойкот хийж байгаа нь үнэхээр төрийн хямрал руу хөтөлж байна. Засгийн газраа нэгэнт аваад үлдчихээд байхад ингэх шаардлага байна уу…?

-Засгийн газрыг огцруулах асуудлыг Их хурлын гишүүд тавьсан. Хэлэлцээд дууссан. Улс орны эдийн засгийн өмнө тулгамдсан томоохон асуудлууд бий. Үүндээ анхаарч ажлаа хиймээр байна.

Гадаа гарахад утааны асуудал маш хүнд байгаа шүү дээ. Шатахууны үнэ өсч, ам.долларын ханш нэмэгдэж байна. Шатахууны үнэ нэмэгдэхээрээ хэдэн зуун төгрөгөөр яригддаг. Буухаараа тав арван төгрөгөөр буудаг. Валютын ханшийн савлагааг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Манай улс импортоор бараа бүтээгдэхүүнийхээ 80 хувийг авдаг. Энэ бүгдийг яах вэ гээд бидний өмнө тулгамдсан асуудал маш их байна. Мөн МАН ард түмнийхээ өмнө авсан олон амлалтаа яах вэ. Цэвэрлэх байгууламж, нефть боловсруулах үйлдвэр, төмөр зам, 1072 хувьцааг амь оруулахаас эхлээд бодлогын томоохон асуудлуудаа шийдэхийн тулд нэг өдрийг ч алдаж боломгүй байгаа юм.

-маН-ын бүлэг дотроо хоёр хуваагдсан. Талцсан талууд уулзаж ярилцаж байгаа юм уу?

-Хамгийн том хохирол нь улсаараа хохирох. МАН-аараа мөн хохирно. Тиймээс тал талдаа улс орныхоо эрх ашгийг бодоод ойлголцоод явах хэрэгтэй гэдэг дээр гишүүд ярьж байгаа. Харамсалтай нь эрүүл саруул ухаанаар ойлголцох, зөвшилцөх, ярилцах нь бага болчихоод байна. Хэтэрхий хардлага сэрдлэг, хов живээр асуудалд хандаж байгаад харамсч байна л даа.

-Ёс зүйн дэд хороогоор яг ямар асуудал орох болчихоод гишүүд нь суухгүй зугтаад байгаа юм бэ?

-УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх эрх Ёс зүйн дэд хороонд байхгүй. Ёс зүйн дэд хороогоор тодорхой арга хэмжээ авах зүйл байдаг. Тэр нь УИХ-ын чуулганы хуралдаанд оруулж танилцуулах л юм. Өмнө нь Засгийн газрыг огцруулахтай холбоотойгоор ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй юм байна гээд Ёс зүйн дэд хороогоор сануулах, мэдээллэх, зөвлөх асуудлыг хэлэлцэх байсан. Засгийн газрыг огцруулах асуудал дууссан. Одоо гишүүдтэй холбоотой ирсэн иргэдийн гомдол санал, 60 тэрбум гэж яригдаад байгаа асуудлыг шийдвэрлэх юм. Шийдвэрлэх гэдэг нь хууль хяналтын байгууллагын шалгаж байгаа асуудалд Ёс зүйн дэд хороо орж шалгахгүй гээд хуулиндаа заачихсан. ЖДҮ-тэй холбоотой иргэдийн гомдол ирсэн юм чинь ЖДҮ, 60 тэрбумын асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг талаар хуралдаж гишүүдийнхээ санал бодлыг нэгтгэх юм. Түүнээс өөрөөр хэн нэгний мууг үзэх, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эрх хэмжээ бидэнд байхгүй.

-ЖДҮ чинь гишүүдийн эмзэг цэг болчихсон юм биш үү. ЖДҮ-тэй холбогдсон гишүүд Төрийн ордонд үзэгдэхээ болилоо?

-Зээл авах нь буруу зүйл биш. Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд очих ёстой мөнгийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаад авчихсан гэдэг дээр л асуудал бий. Монгол Улсын Үндсэн хуулинд хүн өмчлөх эрхтэй, аливаа гэр бүлийг янз бүрээр ялгаварлан гадуурхахгүй гээд заачихсан. Тухайн хүний ах дүү, эхнэр, хүүхэд бизнес эрхэлж болно. Тэнд нь УИХ-ын гишүүн өөрөө оролцсон уу, үгүй юу гэдэг нь асуудлын зангилаа юм. Түүнээс гэр бүлийнхэн нь бизнес хийх эрх нь нээлттэй. Хамгийн гол нь хуулийн хүрээнд байх ёстой. Бид ёс зүйгээ баримтлах ёстой.

Э.ЭНХ

Categories
мэдээ цаг-үе

О.Алтангэрэл: ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд ичгүүргүй, амиа бодсон үйлдэл гаргаж, Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байна

Хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудалд холбогдсон УИХ-ын нэр бүхий гишүүдийг эгүүлэн таmах асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа. Энэ талаар түүнтэй ярилцлаа.


-Та Үндсэн хуулийн Цэцэд Ж.Энхбаяр, Н.Учрал, Х.Болорчулуун тэргүүтэй УИХ-ын есөн гишүүнийг шалгуулахаар хүсэлт гаргаад байгаа. Үндсэн хуулийн Цэцээс УИХ-ын гишүүдтэй холбоотой хэрэгт хяналт тавих ч юм уу байдлаар хариуцлага тооцсон тохиолдол хэр олон байдаг юм бэ?

-Ардчилсан, эрх зүйт төртэй улс орнуудад төрийн эрх мэдлийн хуваарилалт, түүний үйл ажиллагааны хууль ёсны байдалд хяналт тавих, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөний баталгааны хэрэгжилтэд Үндсэн хуулийн замаар хяналт тавьдаг тусгай шүүх ажилладаг бөгөөд Монгол Улсад энэхүү чиг үүргийг 1992 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн Үндсэн хуулийн Цэц гүйцэтгэдэг билээ. Тийм ч учраас Монгол Улсын Үндсэн хуулинд “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” хэмээн хуульчлан баталсан. Үндсэн хуулийн Цэц хяналт тавих үүргээ хэрхэн гүйцэтгэж байсан талаарх түүх сөхвөл УИХ-ын гишүүнтэй холбоотой хэд хэдэн маргаан бүхий хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Манайд Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудалд хяналт тавьж, үнэн зөв дүгнэлт гаргаж байсан туршлага хангалттай бий. Тиймээс иргэн миний бие Үндсэн Хуулийн Цэцэд Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Батзориг, О.Батнасан, Г.Солтан, Х.Болорчулуун, Н.Учрал, Н.Оюундарь, Б.Ундармаа нар нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авсан үйлдэл нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх, энэ үндэслэлээр дээрх гишүүдийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг хянуулахаар Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргаад байна.

-Зээл авсан нь гэмт хэрэг биш гэж мэлзэх нэгэн ч гарч ирж байна…

-УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Батзориг, О.Батнасан, Г.Солтан, Х.Болорчулуун, Н.Учрал, Н.Оюундарь, Б.Ундармаа нар нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээдийнхээ эзэмшдэг хувийн компаниудын нэр дээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан болох нь илрээд байна. УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүрэгтэй төрийн албан хаагч билээ. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүд нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацааны, хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авч хувийн ашиг сонирхлоо өөрийг нь сонгосон нийт иргэний ашиг сонирхлоос дээгүүрт тавьж, эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээддээ санхүүгийн давуу байдал үүсгэсэн байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор иргэн, аж ахуйн нэгжид 30 саяас хоёр тэрбум хүртэлх төгрөгийг тав хүртэлх жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэйгээр, эхний хоёр жилд үндсэн зээлээс чөлөөлөх маш хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог зээлийг төрийн өндөр албан тушаалтан болох УИХ-ын гишүүд авсан байгаа нь шударга бус явдал мөн.

-УИХ-ын гишүүдийн гаргасан байж болзошгүй дээрх үйлдлийг хуульд хэрхэн заасан байдаг юм бэ?

-Авлигын эсрэг хуулийн долдугаар зүйлийн 7.1.7-д зааснаар“Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх;”-ийг төрийн улс төрийн албан тушаалтнууд болох УИХ-ын гишүүдэд хориглосон байдаг. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнуудын ихэнх нь УИХ-ын нэр бүхий гишүүд байгаа нь санамсаргүй тохиолдолд биш гэж үзэж байна. Энэ бол яах аргагүй УИХ-ын гишүүдийн албан тушаалын байдалтай шууд холбоотой шударга бус явдал мөн. Энэ утгаараа, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахихаа тангарагласан УИХ-ын гишүүд өргөсөн тангаргаасаа няцаж, хувийн ашиг сонирхлоо нийтийн ашиг сонирхлоос дээгүүрт тавьж, хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчиж байгаа нь Үндсэн хуулийн 1.2-т заасан шударга ёс, хууль дээдлэх зарчмуудыг зөрчиж байна.Мөн УИХ-ын гишүүд энэ үйлдлээрээ Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх, хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, хувийн аж ахуй эрхлэх үндсэн эрхүүдийг зөрчөөд зогсохгүй, төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхийг ноцтой зөрчиж байна.

-Үндсэн хуулийн Цэцээс дээрх гишүүдийг гэм буруутайг нь тогтоовол УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татуулах хүсэлтийг мөн гаргаад байгаа бил үү?

-Энгийн иргэн, төрийн өндөр албан тушаалтан хэн ч байлаа гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг шударгаар, хууль ёсоор олж авах эрхтэй. Энэ эрх бол шударга бусаар, хууль бусаар ямар нэгэн хөрөнгө олж авахгүй байх үүрэгтэй шууд холбоотой. Нийт иргэн, улсын ашиг сонирхлын төлөө иргэд, сонгогчдын хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд ашиглаж, завшиж байгаа нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна. Ийм замаар олж авсан тэдний хөрөнгө шударга (хууль ёсны) байж чадахгүй. Тэдний хувиа бодсон үйлдлийн улмаас хэр олон энгийн иргэн, үйлдвэрлэл эрхлэгч дампуурч болохыг (магадгүй дампуурсан) ухамсарлах чадваргүй, ард иргэдээ гэх энэрэнгүй сэтгэлгүй, ховдог шунахай хүмүүсийг нийт иргэн, улсын ашиг сонирхолд илүү их хохирол учруулахаас нь өмнө эгүүлэн татах нь зүйтэй.

Монгол Улсын Үндсэн хуулиар “хувийн аж ахуй эрхлэх”-ийг үндсэн эрх болгон баталгаажуулсан байдаг. Энэ эрхээ эдлэхэд нь төрөөс уг эрхийг хангахуйц эдийн засгийн болон бусад баталгааг бүрдүүлэх үүрэгтэй. Төр үүргээ биелүүлж хувийн аж ахуй эрхлэхэд санхүүгийн бэрхшээлтэй тулгарч буй иргэд (аж ахуй эрхлэгч, үйлдвэрлэгч)-д санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх баталгааг хуульчилсны нэг нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хууль байдаг. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн зорилго нь үндэсний эдийн засгийн хөгжлийг хангах явдал юм. Уг зорилгыг биелүүлэхийн тулд авч хэрэгжүүлдэг арга хэмжээний нэг нь жижиг, дунд үйлдвэрийг санхүүгийн талаар дэмжиж урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох арга хэмжээ байдаг. Төрөөс хувийн аж ахуй эрхлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр бүрдүүлсэн энэ баталгааг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуй нэгж шударгаар хүртэх ёстой. УИХ-ын гишүүд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийн хувийн аж ахуй эрхлэх эрхийг хязгаарлахгүй боловч тэд энэ баталгааг хүртэх ёстой бол энгийн иргэдтэй адил нөхцөл, шаардлагыг хангаж, өрсөлдөх шаардлагатай бол шударгаар, ил тодоор өрсөлдөж олж авах ёстой байсан. Гэтэл УИХ-ын нэр бүхий хэдхэн гишүүд эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь мянга мянган жирийн иргэний хувийн аж ахуйн эрхлэх санхүүгийн баталгаа, боломжийг булааж байна.

УИХ-ын гишүүд энэ үйлдлээрээ Монголын нийт иргэнийг төлөөлөн төрийг удирдах эрхтэй ард түмний элч, төлөөлөгч байж чадахгүй гэдгээ батлан харуулж байна. Үүгээрээ ч иргэдийн “…төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрх”-ийг зөрчиж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийг бүх нийтээр сахих үүрэгтэй, аливаа үйл ажиллагаагаа түүнд нийцүүлэх ёстой. Иргэд, сонгогчдын зүгээс нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж, нийтийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхлоосоо түрүүнд тавьж ажиллаж чадна хэмээн итгэл хүлээж сонгогдсон УИХ-ын гишүүд нийт иргэдийн итгэлийг хөсөрдүүлсэн ийм ичгүүргүй, амиа бодсон үйлдэл гаргаж Үндсэн хуулийг зөрчиж байгаа тэднийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл мөн гэж үзэж байна.

-Дээрх нэр бүхий гишүүд энэ үйлдлээрээ Үндсэн хуулийн аль аль заалтыг зөрчиж байгааг та тодорхой хэлж өгөх үү?

-УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Батзориг, О.Батнасан, Г.Солтан, Х.Болорчулуун, Н.Учрал, Н.Оюундарь, Б.Ундармаа нарын Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “…шударга ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”, Арван дөрөвдүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль,…-ийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан “МУ-ын иргэн …хөдлөх, … хөрөнгө шударгаар олж авах эрхтэй”, дөрөв дэх хэсэгт заасан “…хувийн аж ахуй эрхлэх эрхтэй”, ес дэх хэсэгт заасан “…төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй”, Далдугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Үндсэн хуульд … нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчсөн эсэх, энэ үндэслэлээр гишүүдийг эгүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар маргаан үүсгэн хянан шийдвэрлүүлэхийг хүсч иргэн миний бие Цэцэд мэдээлэл гаргасан юм.

Хэрвээ Цэц маргаан үүсгэвэл, үүсгэсэн маргаанаа хянан шийдвэрлээд Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл, энэхүү зөрчил нь нэр бүхий УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах үндэслэл болно гэж дүгнэлт гаргавал, УИХ тэрхүү дүгнэлтийг хүлээж аван гишүүдийг эгүүлэн татвал Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хамгаалсан, нийт иргэдийн ашиг сонирхлыг хангасан, хууль ёс мөрдөгдөж болохыг харуулсан түүхэн үйл явдал болно гэж би хувьдаа итгэж байгаа.


Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгч Х.Баттулга хаалттай мэдээлэл хийнэ

УИХ-ын өнөөдрийн хуралдаан 10.00 цагт эхэлж, 30 асуудал хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Засгийн газраас нэн яаралтай дэгээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, ХХААХҮ-ийн сайдыг томилох, ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, БСШУС-ын сайдыг огцруулах тухай Ерөнхий сайдын санал багтжээ.

Чуулганы өнөөдрийн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хаалттай горимоор мэдээлэл хийнэ. Мөн “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын талаар Д.Эрдэнэбат гишүүнээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг үргэлжлүүлэн сонсох юм.

Түүнчлэн Нотариатын тухай, Эрүүл мэндийн тухай, Шуудангийн тухай, Хэмжил зүйн тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн ирэх оны 01 дүгээр сараас хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуультай холбоотой УИХ-ын дөрвөн тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ.

Categories
мэдээ нийгэм

Арванхоёрдугаар сарын 14-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн байранд Эрчим хүчний зохицуулах хорооноос Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж компаниудын удирдлагуудтай уулзалт хийнэ. Утас:99115624

09.30 цагт “Алтан ургийн сүүлчийн ноён Хараагийн Баатар ван Н.Наваан-Юндэнгийн нийгэмд эзлэх байр суурь, түүний туулсан амьдрал” эрдэм шинжилгээний бага хурал ГХЯ-нд болно. Утас: 89114637

10.00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг хэрхэн хөндөж буй байдал” судалгааны тайланг танилцуулна. Утас: 350002, 70113475, 89896912

10.00 цагт “Чингис” зочид буудалд “Гааль-Бизнесийн зөвлөлдөх уулзалт” болно. Утас: 99106505

11.00 цагт “Эрдэнэс-Тавантолгой” компанийн байранд “Баянхонгор аймгийн тѳвийн агаарын бохирдлыг бууруулах нь” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт И-Баримт пос, терминал машин, программ, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болно.

11.30 цагт Сонгинохайрхан дүүргийн есдүгээр сургуульд Дэлхийн зөн Монгол байгууллагаас тохижуулсан Сэтгэл зүйчийн жишиг өрөөг хүлээлгэн өгөх ёслол болно. Утас: 88009013

Categories
мэдээ цаг-үе

Л.Хосбаяр: Би биш бид гэсэн сэтгэхүйг тамирчинд суулгадаг нь волейболын онцлог

Монголын волейболын холбооны цомын аварга шалгаруулах тэмцээн саяхан Буянт-Ухаа спортын ордонд болж өндөрлөсөн. Энэ удаагийн цомын аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа өрсөлдсөн Hobby Ace клубийн жаахан охид хүчирхэг бүрэлдэхүүнтэй Тэнүүн-Огоо багийг ялж түрүүлсэн нь олон хүний талархлыг хүлээсэн юм. Бид Hobby Ace клубийн ахлагч спортын дэд мастер Лхагвадоржийн Хосбаяртай ярилцлаа.


-Монголын волейболын холбооны цомын тэмцээн-д амжилттай оролцож алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-“Хобби Эйс” клубийн охидын дийлэнх нь анх удаагаа холбооны цомын тэмцээнд оролцсон. Гол төлөв залуу тамирчдаас бүрдсэн л дээ. Хамгийн ахмад нь л 24 настай Энхзаяа гээд тоглогч байсан. Дээд үеийн эгч нартайгаа тэнцүүхэн өрсөлдөж түрүүллээ.

Хобби Эйс баг байгуулагдаад анх удаагаа өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцоод л түрүүлсэн гэсэн. Бэлтгэл сургуулилтаа хэрхэн базаасан бэ?

-Манай клуб өнгөрсөн хавар дөрөвдүгээр сард үүсгэн байгуулагдсан. Тавдугаар сард насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байлаа. “Цомын тэмцээн”-ий бэлтгэлээ зунаас эхэлж л базаасан. Сая холбооны цом хүртсэн дүү нар маань залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлчихсэн, бэлтгэл сайтай байсан шүү. Тэмцээний үеэр ч энэ давуу тал нь тод харагдаж байсан.

-Ямар зорилго тавьж оролцсон бол?

-Шинээр байгуулагдсан болохоор энэ жилдээ өнжье гэсэн бодолтой байсан л даа. Багийн эзэн, дасгалжуулагчид зөвлөлдсөний эцэст волейболын холбоогоо дэмжин оролцож, залуу тамирчдадаа туршлага суулгаж том тэмцээний утаа үнэрлүүлэхээр шийдвэрлэсэн. Медаль зүүнэ л гэсэн бодолтой тэмцээнийг эхлүүлсэн дээ. Дасгалжуулагч маань “Та нар илүү бэлтгэл хийсэн, форм илүү байгаа” гэсэн сэтгэхүйг тамирчдадаа суулгаж байсан.

-Цомын төлөө хашир туршлагатай мастеруудаас бүрдсэн Тэнүүн Огоо-той тоглосон. Ямар тактик боловсруулав?

-“Тэнүүн-Огоо”-той хоёр тойрог тоглоход нэг их өрсөлдөөн үзүүлж чадалгүй хожигдсон. Аваргын төлөөх тоглолтын өмнө манайхан өрсөлдөгч багийнхаа бичлэг үзэж хоорондоо зөвлөлдсөн. Улмаар байрлалаа сольж тоглолтын хувилбараа бага зэрэг өөрчилж өгсөн нь оновчтой шийдвэр болсон шүү. Дээрээс нь манайхан давуулалтаа сайн гүйцэтгэж байсан. Айл нэгдүгээр пасс муу авснаар довтолгоо нь устаж байлаа. Бидний бэлтгэлийн үр шим юм уу даа. Өрсөлдөгчөөсөө ялгарах давуу тал нь давуулалт байсан гэж ойлгож болно.

-Волейболын спорттой холбогдож байсан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Би нэлээн мариалаг бүдүүн хүүхэд байсан л даа. Аав маань жүдо бөхийн бэлтгэлд явуулдаг байлаа. Би ч сонирхолгүй спортын бэлтгэл хийхдээ хойрго хандана. Харин хажууханд нь волейбол тоглож байсан хүүхдүүдтэй нийлээд энэ спорттой танилцаж байсан. Зуны өдрийн уртад байрныхаа гадаа өдөржингөө л харилцана. Ингэж явахдаа олон ч сайн найзтай болсон маань энэ спортын мөн чанар байсан юм билээ. Багануураас волейболын спортын олон шилдэг тамирчид төрж гарсан нь Эрдэнэчулуун багшийн хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой гэж боддог юм. Би ч энэ мундаг багшийн гараар дамжсан азтай хүн.

-Хэзээнээс улсын чанартай уралдаан тэмцээнд оролцож, үеийн шилдэг тамирчидтайгаа өрсөлдөж эхлэв?

-Дунд сургуулийн сурагч байхдаа Багануур дүүргээ төлөөлж мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. ШУТИС-ийн оюутан болж ирээд “МОНТИ ЭНАГУРЭ” багт тамирчнаар элсч Хэрлэн багшийн шавь болж байлаа. Амжилтын минь эх энэ багтай салшгүй холбоотой гэж ойлгож болно. Волейболын багийн тамирчдын халуун дулаан уур амьсгалыг эндээс илүү мэдэрч ойлгож авсан даа. Багийнхантай хамт амьдарна, бэлтгэлээ ч хамт базаана. Нэг гэр бүл шиг л болчихсон байсан. Хувь хүн талаасаа ч, тамирчны ур чадвар талаасаа ч их зүйлийг “МОНТИ ЭНАГУРЭ” багийн хамт олон, Хэрлэн багшаас сурсан. Энэ клубийн үүсгэн байгуулагч Чон гэдэг хүн Солонгос, Монголын волейболын спортод шинэ өнгө төрхийг авчирч, нэг шат ахиулж өгсөн гэж ойлгодог. Энэ клубээр бэлтгэгдэж гарсан олон тамирчид өнөө цагийн волейболын спортын өнгийг тодорхойлж байгаа гэж хувьдаа үнэлдэг юм.

-Волейболын зааланд чөлөөт цагаа өнгөрүүлснээр та амьдралд хэрэгтэй юу хожив?

-Хүмүүстэй тэр бүр харилцаад байдаггүй зожиг хүүхэд волейболын спортоор хичээллэж эхлэхэд зан суртахуун нь эрс өөрчлөгддөг. Дан ганц би биш бид гэсэн сэтгэхүйг тамирчинд суулгаж өгдөг нь энэ спортын сайхан нь гэж ойлгодог юм. Багийн амжилтад бүх хүний үүрэг оролцоо чухал үр нөлөөтэй байдаг. Бүх хүний үүрэг оролцоо хоорондоо уялдаа холбоотой. Миний хувьд хаана ч байхгүй аз жаргалыг бэлтгэлээсээ л мэдэрнэ шүү дээ. Уур бухимдалтай байсан ч бэлтгэлээ хийхдээ л тайвширчихна. Анх бэлтгэл хийж эхлэхэд үеийнхнээсээ намхан болохоор надад тоглох боломж олдох болов уу гэж боддог байсан л даа. Харин 2012 оны олимпоор Японы багийн 158 см өндөртэй тамирчин тоглолтыг яаж удирдаж байгааг хараад өнөөх бодол маань бэлтгэлээ сэтгэлээсээ хийвэл боломж хэнд ч нээлттэй гэсэн сэтгэхүйгээр солигдож билээ. Тэр цагаас хойш энэ гайхалтай спортод эргэлт буцалгүйгээр татагдсан даа. Шаргуу, хөдөлмөрч занг би энэ спортоос л олж авсан. Энэ чанар маань ажил амьдрал дээр ч өдөр тутам хэрэг болж байдаг.

-Багийн холбон тоглогч бүх довтолгоог удирдаж явуулдаг. Хувь тамирчнаас өндөр мэдрэмж шаарддаг байрлал шүү дээ?

-Холбон тоглогч тоглолтыг удирдаж явдаг. Тухайн довтолгоо оновчтой болоход холбон тоглогчийн үр нөлөө их. Хэн маань өнөөдөр илүү сайн тоглож байна, хэнээрээ айлын аль бүсрүү довтлуулбал оноо авах магадлал өндөр байна. Энэ бүгдийг холбон тоглогч зөв тооцоолох үүрэгтэй. Өндөр мэдрэмж шаардана. Тоглолтын бие халаалтаас эхлээд багийнхнаа анхааралтай ажиглана шүү дээ.

-Монголын волейболын спортын хөгжлийг та яаж харж байна?

-Бодлого гаргаад дэмжээд өгвөл хөгжих боломж бүрэн байгаа гэж хардаг юм. Өсвөрийн тэмцээн болоход л 1000 гаруй хүүхэд эх орны өнцөг булан бүрээс шахуу цуглана шүү дээ. Манай улсад волейболын спорт ийм л өргөн хүрээг хамардаг. Ийм олон хүүхдийг нэг зорилгын дор цуглуулж өгдөг нь энэ спортын гайхамшиг юм даа. Ийм тооны хүүхэд энэхүү спортоор хичээллэж байгаагаас үзэхэд хөгжих боломж бололцоо бүрэн байгаа нь ажиглагдана.

-Ирээдүйн зорилгынхоо талаар?

-Зүүн Азийн АШТ-нд хоёр ч удаа оролцож байсан. Эндээс л нэг медаль зүүгээд волейболд хайртай олон түмнийгээ баярлуулчих юм сан гэж боддог юм. Тэр амжилтын төлөө л өдөр бүр бэлтгэл хийж өөрийгөө илүү дайчилж тэмүүлж байна даа. Медаль авчих боломж бүрэн байгаа гэж боддог юм.

-Волейболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн. Та үзэж амжсан уу?

-Үзэлгүй яах вэ. 2012 оноос хойш олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн тоглолт бүрийг алгасалгүй үздэг. Тэр дундаа Ази тивийн төлөөлөл багуудын тоглолтыг алгасалгүй үзнэ. Холбон тоглогчдын тоглолтын арга барилаас нь суралцаж өөртөө шингээж авахыг боддог. Жирийн үед ч “You tube”-ээс волейболын бичлэг үзэх дуртай.

-Волейбол хувь тамирчнаас сэтгэл зүйн өндөр бэлтгэл шаарддаг спорт. Та чухал тоглолтын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Багийн сэтгэл зүйг бэлдэхэд дасгалжуулагч болоод багийн ахлагч чухал үр нөлөөтэй. Дасгалжуулагч багийнхаа тамирчдад давуу талыг нь сайн ойлгуулж өгөх нь их чухал. Өөрийнхөө давуу тал онцлогийг ойлгосон тамирчин өөртөө итгэлтэй сайн тоглолт үзүүлдэг. Миний гэр бүлийнхэн, ээж маань хамгийн том дэмжигч. Тоглолт бүрийн өмнө утсаар ярьж надад амжилт хүсдэг. Энэ нь тайвширч тоглолтод төвлөрөхөд тусалдаг.

-Өнөөдөр Монголд зөвхөн волейбол тоглоод амьдралаа аваад явах боломж байгаа юу?

-Хэцүү л дээ. Миний тухайд энэ жилээс л волейбол тоглоод цалин авч эхэлж байна. Өглөөнөөс орой болтол ажиллаад үргэлжлүүлээд бэлтгэлээ хийнэ гэдэг амар биш. Энэ байдлаар волейбол тоглоод олон улсын тэмцээнд оролцож амжилт гаргана гэхэд хэцүү л санагддаг. Гадагшаа гараад зөвхөн мэргэжлийн тамирчидтай өрсөлдөнө шүү дээ. Боломж нөхцөлөөр хангаад өгвөл тивийн хэмжээнд өрсөлдөх тамирчид манайд олон бий. Бодлогоор дэмжих шаардлагатай.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Өнгөрсөн нэгдүгээр сард ШУТИС-ийг Дулааны инженер мэргэжлээр дүүргэсэн. “Hobby Ace” компанид ажиллаад, волейболын багт нь тоглоод явж байна. Багийн эзэн байгууллагын захирал Наранбаатар багийн дасгалжуулагч Болдбаатар болон багийнхаа охидод талархаж явдгаа хэлье. Хамтдаа олон амжилтын ард гарах болно.


Categories
мэдээ нийгэм

Чөдөр одтой, цагаан луу өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 14, Сугар гариг. Билгийн тооллын 7, Чөдөр одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 8:32 цагт мандан, 17:04 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

​“Өдрийн сонин”-д “Дахиад хэлье, бүлэглэлүүд зөвшилцлийн ширээний ард сууцгаа” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Дахиад хэлье, бүлэглэлүүд зөвшилцлийн ширээний ард сууцгаа” хэмээн өгүүлжээ.

“Цэц “Үндсэн хууль зөрчсөн” гэж үзвэл Засгийн газар огцорно гэв” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: УИХ тарж, парламентат ёсны түүхэнд маш том хар толбо үүсэхийг үгүйсгэх аргагүй хэмээн “Улс төр” нүүрт ярив.

“Шангри-Ла” зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэн М.К.Стюьартын хэргийг ТЕГ давхар шалгаж байна хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт бичжээ.

“Зайсан хилл”-д шинэ жилийн баяраа тэмдэглэсэн “НВЦ“ ХХК-ийн 20 ажилтан хоолны хордлогод орж, эмнэлэгт хэвтжээ хэмээн “Өдрийн сурвалжлага” нүүрт өгүүлэв.

“Догшин хутагтын нутгаас төрсөн дөлгөөн найрагч” хэмээн “Аян замын тэмдэглэл” нүүрт өгүүлжээ.

“УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана” хэмээн “Өдрийн сурвалжлага” нүүрт бичсэн байна.

Норвегийн тусламжийн байгууллагын төслийн зохицуулагч Б.Цогбаяр: Малчдын хүүхдүүдийн гуравны нэг нь дотуур байранд амьдардаг хэмээн “Нийгэм” нүүрт ярьжээ.

“Таван ихэртэй нэг анги” хэмээн “Нэг ангийнхан” нүүрт өгүүлжээ.

“Тереза Мэй суудлаа хадгалан үлдлээ” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт бичжээ.

“Дональд Трампын өмгөөлөгч гурван жил шоронд хоригдоно” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт бичив.

“Бурхны Мэлмий” номын тухай “Энэ өдөр” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: Цэц Засгийн газрыг үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Засгийн газар тарна

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: Бензин шатахууны үнийн өсөлт хэмжээгээ алдлаа

УИХ дах АН-ын бүлгээс мэдэгдэл хийлээ. УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:

Эрх барьж буй МАН дотроо бүлэг фракцуудад хуваагдаж, эрх мэдэл сандал суудлын төлөө тэмцэлдэж байх хооронд Монгол Улсын нийгэм эдийн засаг улстөрийн байдал үнэхээр хүндэрч, урьд байгаагүй хэмжээнд хүртлээ доошоо орж байна. Монгол Улсын гадаад өрийн асуудал хэмжээнээсээ хэтэрлээ. 2016 онд МАН-аас дэвшүүлсэн өр нэмж тавихгүй, өрийг өрөөр дарахгүй, өргүй болгоно, мандуулна хөгжүүлнэ гэсэн амлалтдэвшүүлсэн мөрийн хөтөлбөр үлгэр боллоо. Бүрэн эрхийн хугацааны 2.5 жил нь өнгөрлөө. Одоо жил гарангийн хугацаа үлдсэн. Энэ хугацаанд эдгээр хүмүүс амлслтаа биелүүлж чадах уу? МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ярьдаг гуравхан ажилтай. Гүйцэтгэл нэг байхгүй. Гурван ажил нь шатахууны үйлдвэр барина. Тэр нь хэзээ баригдах юм бүү мэд. Цэвэрлэх байгууламж барьж байгаа. Улаанбаатар хотыг өмхийгөөс салгана гэсэн. Саарал ус цэвэр усыг шийдэнэ гэсэн. 2013 онд гэрээ байгуулж, сая гарын үсгээ зурсан. Хийгдсэн юм алга. Нэг км ч зам ашиглалтад оруулсангүй, нэг ч бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Энэ оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын гүйцэтгэл маш муу байна. Хий хоосон шуудай, шуудайгаар нь мөнгө цацаж, шударга үнэний төлөө зүтгэж байгаа баатар мэтээр өөрийгөө дөвийлгэх гэж байна. Хий хоосон зүйлээр ард түмэн хооллох юм уу, агаарын бохирдол арилах юм уу.

Өнөөдрийн эрх баригчид сандал суудлаа ярьж, хэрүүл хийж байгаагаас нийслэлийн асуудал хамаагүй мэт аашилж байна.

Бензин шатахууны үнийн өсөлт хэмжээгээ алдлаа. Нийслэлийн Засаг даргаа ид ачааллын үеэр огцрууллаа. Дараагийн Засаг дарга нь томилогдоогүй байна. Ард түмнийг тайвшруулах, тархийг нь угаах гэсэн явуургүй алхмаа боливол ямар вэ эрх баригчид аа хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 35 мянган хүүхэд дотуур байранд амьдарч байна

Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 110 мянга орчим малчдын хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Тэдгээрийн дийлэнх нь өдөр тутам гэрээсээ хичээлд явах боломжгүй учраас сургуулийн дотуур байранд амьдардаг. Улсын хэмжээнд 517 дотуур байранд 35 мянган хүүхэд амьдарч байна. Үүнээс Ховд аймгийн 17 сум, Баян-Өлгий аймгийн 13 сум, 16 багийн нийтдээ 46 дотуур байранд 55 мянга орчим хүүхэд хүүхэд амьдарч байна. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах, оролцох, чөлөөт цагаа өнгөрүүлэх эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Хүүхдийн эрх-хөгжил” төслийг Норвегийн тусламжийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2009 оноос 2 үе шаттайгаар Ховд аймагт, 2014 оноос Баян-Өлгий аймагт хэрэгжүүлжээ.