Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, Агаарын бохирдлыг бууруулах Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.
-Агаарын бохирдол, утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрлээ. энэ жил өмнөх жилүүдээс илүү агаарын бохирдолтой байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Танай ажлын хэсэг хэр ажиллаж байна. яагаад үр дүн гарахгүй байна вэ?
-Ажил хариуцсан хүмүүс нь ажил хийхгүй байхад яаж үр дүн гарах юм. Төсөв байхгүй гэдгээр халхавчилж хаврыг үдсэн. 2019 оны төсөв Их хуралд орж ирэхэд төсвөө хамгаалж чадалгүй тавиад туусан. Нэгдсэн бодлого байхгүй зүгээр л “Яндангийн шүүлтүүр суурилуулна. Хариуцлагаа би хүлээнэ” гэж салбарын сайд нь ярьсан шүү дээ. Нийгмийн бухимдал их байсан тул “Шүүлтүүр нь болохгүй юм байна” гээд буцаасан. Арваннэгдүгээр сард Сайжруулсан түлшний үйлдвэр ашиглалтад орлоо гэсэн. Сайжруулсан түлшний чанар нь ямар вэ, утаа үнэхээр бага гарч байна уу гэсэн судалгаа сайн хийгдээгүй юм билээ. Утаа, үнс нурам их гарч байна гэдэг шүүмжлэл гарч л байна. Мэргэжлийн байгууллагууд нь үр дүнгийн судалгаа гаргасан байлгүй.
-Улсын төсвөөс болон донор орнуудын хөнгөлөлттэй зээл тусламжаас 800 тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан байна гэдэг зүйлийг яриад байгаа шүү дээ. Ийм хэмжээний мөнгө зарцуулчихаад байхад утаа буурах нь бүү хэл улам нэмэгдэж байна…
-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд Засгийн газар олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хэдэн төгрөгийн ямар ажил хийсэн бэ гэдгийг Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн юм. Аудит хийгээд томоохон төслүүд хэрэгжсэн ч үр дүнгүй болсон байна гэдэг дүгнэлт гарсан юм билээ. Утаа гэнэт гарчихсан юм биш. Сүүлийн 20 жил утааны асуудлыг ярьж байна шүү дээ. Энэ хугацаанд зарцуулсан нийт мөнгөн дүн нь байх. 2016 оноос хойш утааг бууруулах чиглэлд улсын төсөв болон олон улсын төсөл хөтөлбөрүүдээс дорвитой хөрөнгө оруулалт хийж чадаагүй. 2019 оны төсөвт 100 гаруй тэрбум төгрөг суулгаж оруулж ирснийг Н.Цэрэнбат сайд хамгаалж байгаад батлуулж чадсангүй. 40-50 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Чамлахаар чанга атга гэдэг шиг батлагдсан мөнгөөрөө иргэдийн эрүүл мэндийг утаанаас хэрхэн хамгаалах вэ, нэн тэргүүнд ямар ажил хэрэгжүүлэх вэ гэдгийг тунгааж, сайн шийдлүүдийг олох хэрэгтэй.
-Танай ажлын хэсгийн зүгээс яг ямар ажил хийсэн юм бэ. Засгийн газартаа чиглэл хүргүүлсэн юм уу. Юу ч хийхгүй байж л утаа, утаа гэж орилсон хүмүүс байх юм. Сандал суудлын төлөө болохоор хэл амаа уралдуулдаг ийм байдлаа болихгүй юм уу?
-УИХ-аас ажлын хэсэг байгуулагдаад бүтэн жил шахам ажилласан. Байнгын хорооны тогтоолоор зөвлөмжүүд гаргаж, Засгийн газар, Ерөнхий сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хоёр удаа хүргүүллээ. УИХ-ын томоохон тогтоол батлан гаргуулсан. Засгийн газар эдгээрийн хэрэгжилтийг хангаж ажиллахгүй байна. Эхнээсээ хэрэгжилтээ хангаад ажилласан бол юу гэж өнөөдөр ийм байдалтай сууж байх юм. Тайлан мэдээллээ ирүүлэхгүй, юу хийж байгаагаа тайлагнахгүй юм, Их хуралдаа. Тайлан мэдээллээ ирүүлдэггүй юм аа гэхэд тэндээ ажлаа хийгээд байгаа юм уу гэхээр хийгдэж байгаа ажил ч байдаггүй. Ийм маягтай энэ жилийг дуусгаж байна. Есдүгээр сард БОАЖЯ-нд уулзалт зохион байгуулах үеэр “Утааны улирал эхлэх гэж байна. Эртнээс тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөөгөө яаралтай батлуул” гэсэн. Есдүгээр сар гарчихсан байхад Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ жил хийх ажлаа батлуулаагүй сууж байсан. Сайжруулсан түлш, сайжруулсан зуухнаас эхлээд зуны турш очиж танилцаж, судалж байхад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ажил хариуцсан хүмүүс аль нь ч тоогоогүй. Тэгсэн хэрнээ одоо утаа, утаа гээд шуугиад унах юм. УИХ хууль тогтоомж батлах, батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавих, шахаж ажиллах үүрэгтэй. Энэ хүрээнд ажлын хэсэг хангалттай ажилласан. Засгийн газар, ажил хариуцсан хүмүүс нь үнэхээр ажлаа хийхгүй байна.
Нөгөө талдаа сандал ширээ албан тушаалын асуудал ороод ирэхээр ирцээ бүрдүүлж шавж орж ирж суучихаад яг утааны асуудал яриад газар дээр нь очиж үзье гэхээр ирдэг гишүүн байдаггүй. Өнгөрөгч долоо хоногт Баянзүрх дүүргийн нэг хороон дээр нам даралтын зууханд шинэ технологи нэвтрүүлж байгаа ажилтай танилцъя гээд гишүүдэд хэлүүлсэн. Эрхбиш салбар хариуцсан сайд юм болохоороо Н.Цэрэнбат ирж харагдсан. Өөр гишүүн ирсэнгүй. Их хурлын гишүүд хийгээд ажил хариуцсан хүмүүс маань хариуцлагатай баймаар байна.
-УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг нь зөвлөмж хүргүүлээд, Их хурлын тогтоол батлуулчихаад байхад Засгийн газар яагаад ажлаа хийдэггүй юм бэ. Энэ хүмүүс ажлаа хийхгүй бол утаа буурахгүй, бухимдал байсаар байна. ажлын хэсэг байгуулагдаад ч нэмэргүй гэсэн үг биз дээ?
-Ажлаа хийж чадахгүй, өмнөх ажлаа хийхгүй байгаа болохоор л бид Засгийн газрыг огцруулъя гэсэн. Түүнээс биш хэн нэгэн даргыг өмөөрч, сандал суудалд нь үлдээх гэж, өөрсдөө дарга, сайд болох гээд Засгийн газрыг огцруулах гээд байсан юм биш. Засгийн газрыг огцруулах асуудалд утаа ороогүй. Арваннэгдүгээр сарын эхээр утаа бага байсан болохоор огцруулах санал болгоод оруулчихвал утаагүй байхад худлаа үндэслэл оруулж ирлээ гээд гутаах л байсан. Засгийн газар ажлаа хийж чадахгүй байгааг зөвхөн утаа батлан харуулж байгаа юм шүү дээ. Одоо ийм утаатай байж яаж ирэх жил ор тас утаагүй болох юм. Ирэх оны тавдугаар сараас түүхий нүүрс оруулж ирэхийг хориглоно, утаагүй болно гэж ярьсан. Утааг арилгаж чадахгүй бол хар толгойгоороо хариуцна гэсэн Ерөнхий сайд, БОАЖ-ын сайд ажлаа хийж чадахгүй байна.
-Засгийн газрын гишүүд нь бойкот хийгээд чуулгандаа суухаа болилоо. Нийгмийн өмнө тулгамдсан ийм олон асуудал байхад ингэж хандаж байгаа нь улсаа хорлож байгаа зүйл үү, Их хурлаа хорлож байгаа юм уу?
-Засгийн газар тогтож үлдээд ажлаа хийхээр болсон. Энэ нь сайд нар нь дураараа дургиж, Их хурлын чуулганыг бойкотлож бай гэсэн үг биш. Засгийн газар улам сайн ажиллаарай гэж ташуур өгсөн юм шүү дээ. Гэтэл засаг үлдлээ гэсэн шиг маргаашнаас нь эхлээд чуулган, байнгын хорооны хуралдааныг бойкотлоод байгаа нь буруу. Яасан ч үнэ цэнэтэй сандал ширээний асуудал байдаг юм. Өмнө нь 10 гаруй Засгийн газар хугацаанаасаа өмнө огцорч байсан. Засгаа огцруулахгүй, Их хурлаа тараая гэж байгаа юм байлгүй. Ажлаа хийхгүй байгаа Засгийн газар нь огцроод, Их хурал нь тарна биз. Ийм арчаагүй байдлаар цаашаа явах юм бол Их хурал нь ч гэсэн тар гэсэн байр суурьтай байгаа.
-Их хурал тарна гэхээр энэ бүх асуудлаа шийдэлгүй зугтаж байгаагаас өөрцгүй биш үү?
-Хариуцлага тооцуулна. Өнөөдрийн улс төрийн ийм ярвигтай нөхцөл байдал руу хэн оруулсан бэ гэдгийг бүгд харж байна. Хэн ямар юм ярьж байсан, хэн юу хийсэн бэ гээд сонгогчид дээрээ очиж байгаад дүнгээ тавиулаад буцна шүү дээ.
-Утаа бууруулах нэрээр бизнес хийгээд байгаа хомхой байдлыг яаж таслан зогсоох юм бэ. Зарцуулсан мөнгөн дүнгээр нь тооцоход 30 мянган айл орон сууцанд орчихоор юм билээ?
-Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд бүгд иргэнээ бодсон гэх зорилготой. Зорилго нь аргаа зөвтгөнө гэдэг биз. Хамгийн гол нь хэрэгжүүлсэн арга механизм нь буруу байхгүй юу. Утааг бизнес болгодог, нийгмийн тулгамдсан хүндрэл бэрхшээлийг мөнгө гэж харсаар олон оныг үдлээ. Ардчиллыг авч ирсэн гээд байгаа энэ хүмүүс өнөөдөр ахмадууд болж дээ. Бүгд л өнөөдрийн нийгмийг хараад сууж байна. Тэд энэ нийгмийг хамтдаа бүтээлцсэн. Одоо нэг их ариун цагаан юм шиг, өөрт нь огт хамааралгүй юм шиг зүйл яриад байх юм. Их хуралд сууж байгаа ахмад гишүүд ч гэсэн гэнэтхэн шударга юм яриад байгаа. Эрх баригч болон сөрөг хүчний намын удирдлагууд Их хуралд хэд хэдэн удаа сонгогдсон хүмүүс. Өнөөдрийн утаатай, ажилгүйдэлтэй, ядууралтай, бухимдалтай нийгмийг энэ хэд л бүтээгээ биз дээ. Буруу байгаа бол удирдсан хүмүүсийнх нь л буруу биз дээ. Хөгжүүлээд ирсэн бол энэ хүмүүсийн гавьяа гээд ярихсан. Энэ буруу бүхнээс хэн ч өөрийгөө зөвтгөж авч гарч чадахгүй. Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, М.Энхболд, Н.Энхбаяр, Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, С.Эрдэнэ гээд сүүлийн 28 жилийн хугацаанд хамгийн өндөр албан тушаалуудыг хашиж ирсэн энэ хоёр намын үе үеийн удирдлагуудын буруу. Зөвхөн утааны асуудал биш. Нийгмийг бухимдуулсан олон зүйлд буруутай. Одоо л гэнэт ухаан орсон юм шиг Н.Алтанхуяг гэнэт хонгил яриад эхэллээ. Хонгил гэж байдаг бол бүгдээрээ л хамтдаа бүтээсэн байж таараа. Өөрсдөд нь мэдэгдэхгүй хэн нэгэн хонгил ухна гэж байхгүй. Хонгил бүтээж байгааг нь харсан юм бол тэр үед нь зогсоохгүй яасан юм бэ. Ард түмнийг хуурсан, худлаа попорч айл бүрийн хойморт зурагтаар заларч худлаа шүлсээ үсчүүлээд байх шаардлагагүй. Өөрийнхөө улаан амийг авч гарахын тулд бусдыгаа бухдаг увайгүй байдлаа одоо болих хэрэгтэй. Асуудал байсан гэвэл бүгдэд нь л асуудал байсан. Даанч “Надад ийм буруу байсан шүү” гээд хэлчих зоригтой хүн алга л даа.
-Улстөрчид нь, улс төр нь санаж сэрэхгүй бол нийгмийн бухимдлын давалгаанд идэгдлээ. Нийгэм үнэхээр шударга ёсыг үгүйлээд байгаа болохоор шударга ёсны баг зүүгчид тайзан дээр гарч жүжиглээд байгаа юм биш үү?
-Надад ямар нэгэн баг байхгүй. Зурагтаар ярьж байгаа хүмүүсийг харахаар бүгд л шударга юм билээ. Ялангуяа ахмад гишүүд ямар замналаар ямар зам туулж ирснийг ард түмэн мэднэ. Хэн нь хэнтэй хэрхэн хамтарч, эвсэж, улс орны эрх ашигтай холбоотой асуудлууд дээр ямар ямар байр суурь баримталж, кнопдож, ямар асуудлыг хаацайлж, хэн ямар асуудал дээр дуугардаггүй вэ гэдгийг нь мэддэг. Анх удаа сонгогдсон гишүүд алдаж оноод явж байгаа ч хамгийн их сонгогдсон, хамгийн их шударга ёс ярьдаг энэ хэдээсээ харьцангуй цэвэр байгаа болов уу гэж найддаг.
-Энэ нийгмийн утаа, улс төрийн утааг бодитоор алга болгомоор байна. Та харин болохгүй бол Их хурал тар л гээд байгаа юм байна, тийм үү. Тарлаа гээд энэ хүмүүс чинь эргээд ирнэ шүү дээ?
-Ийм нөхцөлд байгаа ард түмэн ийм болгосон хүмүүст арай өөр дүн тавих байлгүй дээ. Их хурлын чуулганы хуралдаандаа орж суухгүй л юм бол энэ Их хурал тарна л биз. УИХ-ын даргыг огцруулна гээд бойкот хийгээд байгаа юм билээ. Бид хууль цаазат төрт ёстой улс. Бид хуулийн дор амьдрах учраас хуулийнхаа хүрээнд л явах ёстой. Хуулийн хүрээндээ яваад огцруулбал огцруулна биз. Ямар ч хуулийн гаргалгаагүйгээр ажлаа өг гээд байвал цаашдаа ямар зам руу орох юм. Хууль зөрчсөн нь тогтоогдвол ажлаа өгөх хуулийн заалт байгаа шүү дээ. Үүнийг нь гаргаж ирж нотлоод ажлыг нь ав л даа. Их хурлын даргыг “ажлаа өг, ажлаа өг” гэсээр байгаад авчихвал дараа нь Ерөнхийлөгчийг бас “ажлаа өг” гээд бойкот хийх үү. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвыг ямар нөхцөлд яаж сонгож, томилдог, чөлөөлдөг, огцруулдаг заалт бүр нь хуульд бий. Хууль зөрчөөгүй байхад нь “Чи таалагдахгүй байна. Ажлаа өг” гэж дайрч давшилсаар байгаад Ерөнхийлөгчийн ажлыг авдаг болох юм уу. Ийм хаалгыг нээх гэж байгаагаа ойлгохгүй юм. Албан газрынхаа даргыг хүртэл “Таалагдахгүй байна. Ажлаа өг” гээд гараа хумхиж суугаад ажлаа хийхгүй байвал яах вэ. Ийм зүйлийг эхлүүлэх гээд байгаа учраас УИХ-ын дарга нь хууль зөрчсөн бол түүнийг нь нотлоод ажлыг нь ав гэж байгаа л даа. Үндсэн хуулийн цэцэд өгчихсөн байгаа юм билээ. Цэцээс Үндсэн хууль зөрчсөн байна гэвэл хүссэн хүсээгүй чөлөөлөгдөнө. Ц.Нямдорж сайд хууль зассан гээд огцорсон. Эртээд УИХ-ын дарга байхдаа албан тушаалд дургүйдээ ажлаа өгсөн юм шиг зүйл чуулган дээр ярьж байна лээ. Тийм зүйл байхгүй. Өөрөө хууль зассан байхгүй юу. Үүнээсээ болж Цэцээс дүгнэлт гарч огцорсон. Цэцээс дүгнэлт гараад огцор гэвэл огцорно шүү дээ. Уг нь ийм л амархан. Чуулганы үүдэнд суулт хийж бухимдах шаардлагагүй. Хамгийн гол нь хэний ч ажлыг хууль бусаар авч болохгүй. Хэрэв “За яахав ээ” гээд сайн дураараа ажлаа өгчих юм бол хууль зөрчөөд л ажлаа өглөө л гэнэ. Монгол Улс ардчилсан Үндсэн хуулийн доор амьдраад 26 жил болчихлоо.