Categories
мэдээ нийгэм

Таксины жолоочийг хүзүүнд нь хутгалаад хэргийн газраас зугтжээ

Өчигдөр 20:30 цагын орчим Сонгинохайрхан дүүргийн 23-р хороонд байрлах орон сууцны гадна таксины жолоочийг хутгалсан хэрэг гарчээ. Тодруулбал, тоёото приус-20 загварын автомашины жолооч эрэгтэй 44 настай иргэнийг Цамбагаравын урдаас гар өргөн суусан эрэгтэй 28 настай З нь хутгалж, хэргийг газрыг орхин зугтаажээ. Гэмт хэргийн дуудлага мэдээллээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийхэд хохирогч таксины жолоочийг сэжигтэн З нь орон сууцны гадна хүргүүлэн буухдаа хүзүүн тус газар хутгалжээ.

Урьдчилсан байдлаар сэжигтэн тус хохирогч таксины жолоочтой маргалдаж, таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас хутгалсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна. Дээрх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Одоогоор гэмт хэрэг үйлдээд зугтсан сэжигтэнг улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ. Харин хохирогч болох 44 настай Ө нь одоогоор Цэргийн төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

УБТЗ-ын ерөнхий хорооны хурал эхлээгүй байна

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал өнөөдөр болохоор товлогдоод буй ч Оросын талын төлөөлөгчид хараахан ирээгүй байгаа учир ирц бүрдээгүй байна.

Энэ удаагийн хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх нь тодорхой бус байгаа ч Улаанбаатар төмөр замын одоогийн дарга Д.Жигжиднямааг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж магадгүй аж. Түүнийг өөрийн төрсөн дүү Д.Жүгдэрнямын хувь эзэмшдэг оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулан 200 мянган ам.долларын гүйлгээ хийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр прокуророос яллагдагчаар татсан.

Мөн Орос, Монголын талууд хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэж магадгүй гэх мэдээлэл байна.

Categories
мэдээ улс-төр

Монголын Мянганы сорилтын сангийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг хэлэлцэн батална

Монголын Мянганы сорилтын сан (ММСС)-гийн Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 13-нд Гадаад харилцааны яаманд боллоо. Хуралдаанаар Монголын Мянганы сорилтын сангийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг хэлэлцэн баталж тогтоол гаргахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд 2018 оны долдугаар сарын 27-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээний дагуу Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэхэд АНУ-аас Монгол Улсад 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон билээ.

Компакт гэрээний дагуу Засгийн газрын эрх, үүргийг хэрэгжүүлэх “Монголын Мянганы сорилтын сан” төрийн өмчит хуулийн этгээдийг Засгийн газар 2018 оны 297 дугаар тогтоолоор байгуулж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан юм.

Categories
мэдээ нийгэм

Оны шилдэг багш нар тодорлоо

Оны шилдэг багш нарыг тодруулах “Оюуны элч-2018” шагнал гардуулах ёслол Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээг УИХ-ын гишүүн Н.Учралын тэргүүлдэг Монголын залуу багш нарын холбооноос зохион байгуулдаг уламжлалтай юм. Энэ жил Их дээд, Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, цэцэрлэг, сургалтын төвөөс нийт 10 багшийг шилдгээр шалгарууллаа. Шалгаруулалтад 21 аймаг есөн дүүргээс нийт 157 багш материалаа ирүүлжээ.

Оны шилгүүдийг тодруулбал, Ховд их сургуулийн багш Г.Нямдаваа, Техник, технологийн дээд сургуулийн багш Х.Сүх-Эрдэнэ, Налайх МСҮТ-ийн багш Ж.Уранцэцэг, Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн багш Х.Гэрэлмаа, Нийслэлийн СБД-ийн 11-р сургуулийн багш Ж.Хатанбаатар, Нийслэлийн СХД-ийн 62-р сургуулийн бага ангийн багш Д.Мөнхзаяа Дархан-Уул аймгийн 29-р сургуулийн багш Э.Мөнх-Учрал, Орхон аймгийн 10-р цэцэрлэгийн багш Г.Ганчимэг, Нийслэлийн БЗД-ийн 147-р цэцэрлэгийн багш Н.Хонгорзул, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 134-р цэцэрлэгийн багш Ч.Төгөлдөр нар шилдэг багшаар тус тус шалгарлаа.

Шилдэг багшийг тодруулахдаа Боловсролын салбарт гурваас дээш жил ажилласан 40-өөс доош насны ажил, мэргэжлийн ур чадвар, бүтээлч үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлан ажилласан хариуцсан ажлын үзүүлэлт нь дээшилсэн, ажлын үр дүнгийн үнэлгээгээр “А” буюу хангалттай үнэлгээ авсан, ёс зүй хэв журмын зөрчил гаргаагүй, нийгэм олон нийтийн үйл ажиллагаанд идэвхийлэн оролцсон, гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж, судалгааны ажил бүтээл гаргаж, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн зэргийг гол үзүүлэлт болгожээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Энх-Амгалан: ХХААХҮ сайдыг томилох асуудал хэлэлцэгдэлгүй дөрвөн хуралдаан дамналаа

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүйн улмаас дахин хойшлогдлоо. УИХ-ын даргыг огцруулах тухай нэр бүхий 38 гишүүнээс ирүүлсэн шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэх болсон. Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлт гарах хүртэл УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хуралдааныг удирдахгүй болсноо мэдэгдсэн юм. Ингээд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хуралдааныг удирдахаар болсон.

Энэ үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, “Чуулганаар Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан хуулийн төслийг өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх ёстой. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох асуудал мөн л хэлэлцэгдэлгүй дөрвөн хуралдаан дамналаа. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа энэ үед, монголчууд хүнстэй өвөлжих үү, хүнсгүй өвөлжих үү, гурилын үйлдвэрүүд энэ жил хураан авсан буудайгаа гурил болгож чадах уу, үгүй юу гэсэн асуудал хоолой дээр тулаад байхад салбарын сайдаа томилж чадаагүй байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сантай холбоотой алдаа завхралыг засах асуудлыг шийдэх ёстой УИХ-ын Түр хороо байгуулах асуудлыг шийдэж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барьсан байгаа” хэмээгээд чуулганд ирээгүй гишүүдийн нэрсийг тойрог тус бүрээр нь танилцуулан, хуралдаандаа суухыг шаардсан ч ирц бүрдсэнгүй.

Тиймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшилж байгааг танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм

“Аравт” морин цэргийн олон улсын уралдаан зохиогдоно

Монгол Улсад ирэх оны 8 дугаар сард “Аравт” морин цэргийн олон улсын уралдаан зохиогдох гэж байна. Тодруулбал, ОХУ-ын Батлан хамгаалах яам 2015 оноос эхлэн “АрМИ” буюу “Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулж ирсэн бөгөөд тус наадам жилээс жилд өргөжин тэлж оролцогч орнуудын тоо нэмэгдсээр байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин дээрх тэмцээнд “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, ”Хээрийн гал тогоо” гэсэн төрлүүдэд оролцохдоо чамгүй амжилт үзүүлсээр ирсэн. “Цэргийн наадам-2018” тэмцээн дэлхийн долоон улсад зохиогдсон бол 2019 онд 10 улсад зохиогдох болсон талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлж, дээрх орнуудад тэмцээний удирдамж, төлөвлөлтийн хурлуудын тов, мэдэгдэл зэргийг хүргүүлээд байгаа юм. Эдгээр 10 улсын тоонд Монгол Улс багтсан бөгөөд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалахын сайдад “Аравт” морин цэргийн олон улсын уралдааныг эх орондоо зохион байгуулах санал ирүүлснийг үндэслэн манай улс ийнхүү 2019 оны 8 дугаар сард тус уралдааныг зохион байгуулахаар болж, бэлтгэл ажлаа базааж байгааг ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар онцолсон юм.

Тус тэмцээний тухай ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга өгүүлэхдээ “Морин цэргийн олон улсын уралдааны нэг онцлог нь оролцогч орны цэргийн алба хаагчид монгол морьдоор уралдах бөгөөд тэмцээн хоёр шаттай явагдана. Өөрөөр хэлбэл холын зайн морин маршийн уралдаан, богино зайн холимог буухиа гэсэн төрлүүдээр зохиогдоно” гэв.

Уралдаанд оролцох олон улсын баг, тамирчдыг тэмцээн эхлэхээс 10-14 хоногийн өмнө хүлээн авахаар төлөвлөж байна. Энэ хугацаанд гадаадын цэргийн алба хаагчдыг монгол моринд дасгах, арчилгаа, эдэлгээ, хоол, хүнс тэжээлийг тохируулах зэрэг арга, ажиллагаанд дадлагажуулах аж.

Одоогийн байдлаар манай улстай Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаатай дэлхийн 18 улсад уралдааны урилгыг илгээгээд байгаа бөгөөд цаашдаа бусад орнуудад нэмж урилга явуулах аж. “Цэргийн наадам” олон улсын уралдааны эхний төлөвлөлтийн хурал энэ сард ОХУ-д болох бол дараагийн хурлыг ирэх оны 2, 5 дугаар сард ОХУ, Монгол Улсад зохион байгуулна.

Categories
мэдээ улс-төр

Б.Гүнбилэг: Хуулиас гадуур тэмцэж байгаа гишүүд ичих хэрэгтэй

УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцруулах шаардлагыг өргөн бариад байгаа. Нэр бүхий гишүүдийн тавьсан шаардлага хуулийн үндэслэлгүй гэж зарим хүмүүс үзэж байгаа. Энэ талаар УИХ-ын даргын хуулийн зөвлөх Б.Гүнбилэгээс тодруулахад:

-УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлд УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэнэ гэж заасан байгаа. УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэл байдаг. Хэрвээ гишүүдийн тавьсан шаардлага таван үндэслэлийг хангасан бол Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ.

-УИХ-ын гишүүд хуулиас гадуур тэмцээд байна гэдэг дээр тайлбар хийхгүй юу?

-Хуулиас гадуур тэмцээд байна. Үүнээсээ гишүүд ичих хэрэгтэй. Гишүүдийн, улстөрчдийн өмнөөс хуульчид ичиж байна. Төрийн эрхийг хууль бусаар авах гээд байна уу гээд тэд санаа зовж байна. “Хуулийн төслийг нь бичээд, та бүхэн ингэж тэмц” гээд сошиалд тавьсан байна лээ.

Categories
мэдээ нийгэм

Мал тооллого үргэлжилж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 07-17-ны хооронд улсын хэмжээнд жилийн эцсийн мал тооллогыг зохион байгуулдаг. Мал тооллого хуваарийн дагуу өнөөдөр найм дахь өдрөө үргэлжилж байна.

Мал тооллогыг зохион байгуулснаар өрхийн хөрөнгийн баталгаа, баримт, түүх, малчдын ажил эрхлэлт, нийгмийн байдал, мал аж ахуйн салбарын эдийн засгийн хувь нэмэр, бодит байдал, анхаарах асуудлыг тодорхойлоход шаардлагатай тоон мэдээллийг бий болгодог.

Энэ жилийн хувьд гурван жилд нэг удаа явуулдаг хашаа, худаг, тэжээлийн тооллогыг гаргаж буйгаараа онцлог юм.

Categories
мэдээ улс-төр

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийв

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай энэ сарын 13-ны өдөр уулзаж, албан ёсны хэлэлцээ хийв.

Яриа, хэлэлцээний дүнд талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргав. Уулзалтын эхэнд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ “Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа анх удаа манай улсад айлчилж буй Ерөнхий сайд танд баяр хүргэе. Япон Улс Монгол Улстай Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг” болохыг онцлов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай гуравдагч хөрш Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Ерөнхий сайд Та Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд онцгой ач холбогдол өгч манай улсад 3 удаа айлчилсанд талархдаг” хэмээн дурдав. Ерөнхий сайд Ш.Абэгийн урьд өмнө дэвшүүлсэн “Эрч”, “Эрч+” санаачилгуудыг манай тал өндрөөр үнэлдэг бөгөөд эдгээр санаачилгыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа мөн тэмдэглэв. Япон Улсын Засгийн газар Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд үзүүлж ирсэн дэмжлэгээ цаашид ч үргэлжлүүлэхээ нотлов.

Дашрамд дурдахад, эдүгээ зам барилга, инженер, цэргийн эмнэлгийн чиглэлд японы тал сургалт зохион байгуулах, сургагч багш нарыг бэлтгэх, мэргэжилтэн илгээх зэргээр дэмжлэг үзүүлж байгаа билээ. Манай хоёр улс байгаль орчны чиглэлд амжилттай хамтран ажиллаж, энэ өдөр хоёр улсын байгаль орчны асуудал хариуцсан яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байгаад Ерөнхий сайд Ш.Абэ баяр хүргэв.

Тэрээр мөн “Улаанбаатар хотын нисэх онгоцны шинэ буудал нь манай хоёр улс төдийгүй бүс нутгийн хувьд чухал ач холбогдолтой” гэдгийг онцлов. Холбогдох талуудын яриа хэлэлцээг шуурхайлж, гэрээ байгуулан, улмаар онгоцны буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулахын төлөө байгаагаа хоёр тал нотлов.

У.Хүрэлсүх, Ш.Абэ нар Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ)-ийн үр өгөөжийг нэмэгдүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг өсгөхийн төлөө байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын үеэр олон чухал арга хэмжээ болсныг сайшаан тэмдэглэв. Тухайлбал, энэ сарын 12-ны өдөр Монгол, Японы төр, хувийн хэвшлийн 9 дүгээр зөвлөлдөх уулзалт, 13-ны өдөр Монгол, Японы Бизнес форум зохиогдсоны сацуу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалаас хэдхэн хоногийн өмнө ЭЗТХ-ийн Хамтын ажиллагааны дэд хорооны хуралдааныг анх удаа зохион байгуулсныг онцлов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай улсын эдийн засаг сэргэж, өсөн тэлж байгааг дурдаад энэхүү өсөлтийг хангахад Япон Улсын Засгийн газраас үзүүлж буй төсвийн дэмжлэг чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Энэхүү төсвийн эхний шатны дэмжлэгийн хэрэгжилтийг сайтар хангахын сацуу дараачийн шатны дэмжлэгийг шуурхай авч хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлэв. Япон Улстай хамтран амжилттай хэрэгжүүлсэн ЖДҮ-ийг дэмжих хоёр үе шаттай иений зээлийн хамтын ажиллагааны туршлагадаа тулгуурлан цаашид энэ чиглэлд түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгааг мөн дурдав.

Ерөнхий сайд Ш.Абэ саяхан БНХАУ-д айлчлах үеэрээ тус улстай хамтран гуравдагч улс орнуудад төсөл хэрэгжүүлэх талаар ярилцсанаа танилцуулав. Монголын тал энэхүү хамтын ажиллагааны шинэлэг механизмыг сонирхож байгаагаа илэрхийлэн, үүнийг Ерөнхий сайд Ш.Абэгийн дэвшүүлсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сүлжээ бий болгоход чиглэсэн “Эрч+” санаачилгатай хоршуулан хөгжүүлэх боломж байгааг дурдав. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ БНХАУ, ОХУ-д гаргах боломж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлов.

Талууд соёл, олон нийт, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Манай хоёр улс зөвхөн хоёр талын хүрээнд төдийгүй, олон улс, бүс нутгийн талбарт бие биеэ дэмжиж ирснийг Ерөнхий сайд нар санал нэгтэй тэмдэглэв. Зүүн Азийн дээд түвшний уулзалтад Монгол Улс оролцохыг Япон Улсын Засгийн газар дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улс “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд тодорхой хүч чармайлт гарган бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллаж байгаа талаараа танилцуулав. Тэрээр “Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулж буй Монгол Улстай энэ чиглэлд хамтран ажиллахын төлөө” байгаагаа нотолсныг Монгол Улсын Ерөнхий сайд дэмжин хүлээн авав. Албан ёсны яриа, хэлэлцээний дараа У.Хүрэлсүх, Ш.Абэ нар хоёр улсын Байгаль орчны яам хооронд Хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, дараа нь хоёр улсын хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийв.

Ерөнхий сайд Ш.Абэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдөд хүндэтгэлийн зоог барив. Уулзалт, яриа хэлэлцээ найрсаг дотно уур амьсгалд болов. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлал үргэлжилж байна

Categories
мэдээ нийгэм

Долоон эрдэмтэн академич цол хүртлээ

ШУА-ийн ээлжит Их чуулган өчигдөр хуралдаж шинэ академичдыг сонгон шалгарууллаа. Энэ жил 14 эрдэмтэн нэр дэвшсэнээс дараах долоон эрдэмтэн академич болов. Эрдэмтдийн тухай товч танилцуулбал:

1. Бүдээбазарын АВИД Шинжлэх ухааны Академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор (Sc.D).

Б.Авид нь 1993 онд Менделеевийн нэрэмжит Оросын Хими-технологийн их сургуулийг өндөр молекулт нэгдлийн химич-инженер-технологич мэргэжлээр төгсөн. Тэрээр эрдэм шинжилгээний байгууллагын эрх зүйн орчныг шинэчлэх, сайжруулахад бодитой хувь нэмэр оруулжээ.

Б.Авид нь 20 гаруй жил чулуун болон хүрэн нүүрс, шатдаг занар, байгалийн битум, нефтийн хүнд үлдэгдлийн судалгаа хийж, тэдгээрийн халуун задралд орох төлөв байдал, уусгагчийн орчинд боловсруулах арга, хийжих технологийн горим тогтоох зэрэг онолын ажлаас гадна утаагүй түлш, шүүгч шингээгч материал, эмчилгээний шавар зэрэг практикийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн бий болгоход шаардлагатай технологийн томоохон үр дүнгүүд гарган авсан химийн технологийн чиглэлийн тэргүүлэх эрдэмтэн юм.

2. Бадрахын БУРМААЖАВ ШУА-ийн бүтцийн академиуд хариуцсан нарийн бичгийн дарга, Нийгмийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, МАУА-ийн үндэслэгч гишүүн, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор.

Б.Бурмаажав нь 1978 онд АУДэС-ийг эрүүл ахуйч мэргэжлээр төгссөнөөс хойш Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институтэд ЭШТА, ЭМЯ-нд анагаах ухааны бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, МАУА-ийн ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, ШУА-ийн бүтцийн академиуд хариуцсан нарийн бичгийн даргаар 40 жил ажиллажээ.

Монгол улсад эрүүл ахуй, халдвар судлал, эко-анагаах ухаан, хүүхдийн эко-анагаах ухааны чиглэлээр 40 гаруй сэдвээр судалгаа хийж, гадаад, дотоод орчноос хамааралтай өвчин, эмгэгээс сэргийлэх шинжлэх ухааны үндэслэл, зөвлөмжүүдийг боловсруулж, урьдчилан сэргийлэх анагаах ухааныг хөгжүүлэх, хяналтын арга, тогтолцоог бэхжүүлэх; Монгол улсад шинжлэх ухаан түүний дотор анагаах ухааны салбарын эрхзүйн орчныг боловсронгуй болгох, хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх, анагаах ухааны ёсзүйн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан Монголд төдийгүй, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлч эрдэмтэн.

3. Содномсамбуугийн ДЭМБЭРЭЛ ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, геологи, минерологийн шинжлэх ухааны доктор, профессор.

С.Дэмбэрэл нь 1978-1983 онд ЗХУ-ын (хуучнаар) Иркутск хотын Их сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр төгсөн. Тэрбээр геологийн болон геофизикийн нарийн түвэгтэй процессийг шинэ техник технологи, судалгааны шинэлэг аргазүйг ашиглан судалж, Дэлхийн физик орны хувьсал болон чулуулаг мандал дахь гүний тогтоц түүний өөрчлөлт, бүс нутгийн геодинамик, нео-геотектоник, газар хөдлөлтийн идэвхжилт, хүчтэй газар хөдлөлтийн чиглэлээрх судалгааны ажлуудыг амжилттай гүйцэтгэж ирсэн. 2003 онд ОХУ-ын Москва хотод физик-математикийн ухааны доктор (Ph.D), 2017 онд ОХУ – ын Иркутск хотын Иркутскийн Үндэсний Судалгааны Техникийн их сургуульд геологи-минералогийн шинжлэх ухааны доктор-(Sc.D)-ын зэргийг тус тус амжилттай хамгаалжээ.

С.Дэмбэрэл нь Монгол орны нутаг дэвсгэр болон Төв Азийн зэргэлдээх бүс нутагт 1964-2017 онд болсон газар хөдлөлтийн мэдээллийг ОХУ-ын ШУА- ийн Сибирийн салбарын Геофизикийн албаны Байгалын болон Алтай-Саяаны станцуудын мэдээллүүдтэй нэгтгэн боловсруулж бүс нутгийн газар хөдлөлтийн идэвхжилтийг судалсан байна.

4. Сампилдондовын ЧУЛУУН ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор.

С.Чулуун нь Монголын түүхийг менежментийн шинэ шатанд гаргах, бүс нутаг болон олон улсын түвшинд хүргэх, эрдэмтдийн нэгэн шинэ үеийг буй болгож бэлтгэх, монголын түүх, соёлын цогц судалгааг онол-арга зүйн шинэ шатанд гаргах, монгол судлалыг монгол улсад төвлөрүүлэн хөгжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулж байгаа юм.

Тэрээр өмнө нь судлаагүй түүхийн цагаан толбо байсан 17 зууны монголын хот сууриныг цогцоор нь малтан судлах ажлыг анх удаагаа санаачлан эхлүүлж, удирдан хэрэгжүүлж байна.

Түүний судалгааны гол чиглэл нь Монголын эзэнт гүрний дараах үеэс ХХ зууны эхэн хагас хүртэлх үеийн бүс нутгийн улс төр, эдийн засаг, соёлын харилцааны түүх, Монголын улс төрийн зүтгэлтнүүдийн намтар үйл ажиллагаа, сурвалж бичгийн судалгаа юм. С.Чулуун 17 зууны Монголын түүхийг Орос, Манжийн харилцаатай холбон 20 гаруй жил цогцоор нь судлахдаа монголын түүхийн судалгаанд гадаад орнуудад, ялангуяа хөрш хоёр улсад хадгалагдаж буй монгол, манж сурвалж хийгээд археологийн дурсгалтай хослуулан судлах онол, арга зүйн шинэ шийдэл, хандлагыг бий болгож, түүнийгээ баримталсан томоохон суурь бүтээлүүд туурвиж байгаагаараа түүхийн судалгаанд өөрийн гэсэн дэг сургууль бий болгох ажлыг эхлүүлж чаджээ.

Түүний судалгаа, бүтээлүүд нь дэлхийгээр тархан хадгалагдаж буй түүхийн болон археологийн маш өргөн хэмжээний мэдээ баримт, сурвалж хэрэглэгдэхүүнд суурилж чаддагаараа монголын түүхийн шинжлэх ухааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа билээ.

5. Очбадрахын ЧУЛУУНБААТАР ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Мэдээллийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол Улсын Төрийн шагналт.

О.Чулуунбаатар нь 1999 оноос ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн (ЦШНИ) Мэдээллийн технологийн лабораторид (МТЛ) ажиллан, 2018 оноос эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирлын албыг хашиж байна.

Судалгааны ажлын хүрээнд гаргаж авсан гол үр дүн:

•Канторовичийн аргыг төгсгөлөг элементийн аргатай хослуулан олон хэмжээст Шредингерийн тэгшитгэлийн хувьд анхны захын бодлого, захын бодлого, сарнилын бодлогын тоон шийдийг өндөр нарийвчлалтай тооцоолох нэгдсэн цогц арга, алгоритм боловсруулж, нийлэлтийн тухай теоремуудыг баталсан.

•Боловсруулсан арга алгоритмуудаа ашиглан 6 комплекс программ Фортран хэл дээр бичиж олон улсын Computer Physics Communications (импакт фактор 3.936) сэтгүүлийн программын санд оруулсан.Хоёроос зургаа хүртэлх хэмжээст симплекс мужаар авсан интегралыг бодох найм хүртэлх эрэмбийн, эерэг коэффициентууд бүхий бүх зангилааны цэгүүд нь симплекс дотроо оршдог Гауссын төрлийн квадратурын томьёонуудыг байгуулсан.

•Атом, молекулыг хурдан электроноор иончлох туршлагуудын үр дүнг онолын үр дүнтэй харьцуулахад хэрэглэгддэг олон электронт атом, молекулуудын холбоост төлөвийн функцийг өндөр нарийвчлалтайгаар тооцоолох, сарнилын долгионы функцийн асимптотикийг байгуулах арга алгоритмуудыг боловсруулсан. Судалгааны ажлын үр дүнгүүд нь Physical Review Letters (импакт фактор 8.839), Physcal Review A (импакт фактор 2.909) зэрэг сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд нэг ажил нь 70 гаруй удаа олон улсын сэтгүүлд ишлэгдсэн.

6. Рүвжирийн ШАГДАРСҮРЭН Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий зөвлөх эмч, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Хүний гавьяат эмч.

Р.Шагдарсүрэн анагаах ухааны салбарт тасралтгүй 51 жил ажиллаж судалгаандаа түшиглэн Монголын гэмтэл согог судлалын асуудлыг онол, арга зүйн шинэ хандлагаар авч үзэн гэмтэл согог судлалын дэг сургуулийг үүсгэн хөгжүүлсэн. Гэмтэл согогийн 300-аад эмч–судлаач бэлтгэж, хөнөөлгүй–бичил мэс заслын аргуудыг анхлан нэвтрүүлж гэмтэгсдийн хөдөлмөрийн чадварыг эрт сэргээхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

7. Халтарын ЭНХЖАРГАЛ Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, техникийн шинжлэх ухааны доктор, профессор (Sc.D).

Х.Энхжаргал нь Сэргээгдэх эрчмийн эх үүсвэрийг ашиглах туршилт, судалгааны ажлын хүрээнд нарны коллекторын шинэ хийцийг зохион бүтээж, туршилт, судалгаа шинжилгээг явуулан, Монгол орны нөхцөлд анхны нарны халаалттай туршилтын байшин барьж иж бүрэн судалгаа хийсэн.

1992 оноос хойш 28 жилийн хугацаанд Эрчим хүчний салбарын мэргэжилтэн бэлтгэх ажлыг амжилттай удирдан Дулааны инженер, Сэргээгдэх эрчим хүч, Үйлдвэрийн экологийн инженер мэргэжилтэн бэлтгэж, туршилт, судалгаа шинжилгээний баазыг бүрдүүлж тус салбарт ажиллах эрдэмтдийн баг, дэг сургуулийг бий болгоход бодит хувь нэмрээ оруулжээ.