Categories
мэдээ нийгэм

2018 оны “Эрүүл ажлын байр”-ыг бүрдүүлсэн шилдэг байгууллагууд тодорлоо

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд болон дүүргүүдийн ЗДТГ-аас сүүлийн гурван жилийн хугацаанд “Эрүүл ажлын байр” удирдамжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд байгууллага, хамт олныхоо дунд эрүүл амьдрах хандлага, зан үйлийг төлөвшүүлэх, ажилчдын эрүүл мэндийг дэмжих орчинг бий болгоход идэвхи санаачлагатай ажиллаж, бусдыгаа манлайлсан байгууллагуудыг өнөөдөр шалгарууллаа.

“ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР”-ыг бүрдүүлсэн шилдэг байгууллагаар:

1-р байр: Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар ,
2-р байр: Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар,
3-р байр: Нийслэлийн Онцгой байдлын газар
3-р байр: Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар
Тусгай байр: Нийслэлийн Соёл урлагийн газар тодорч өргөмжлөл, мөнгөн шагналыг Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганболд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар гардуулж өглөө.
Түүнчлэн Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Архивын газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар гэх мэт 26 байгууллага тус удирдамжийг хэрэгжүүлэн, үр бүтээлтэй олон сайн ажил хийсэн байна.
Тасралтгүй нэмэгдэж буй халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, өвчлөл болон түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, ажлын байранд эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах нь “Эрүүл ажлын байр“ удирдамжийн гол үзүүлэлт юм.
Нийслэлийн Засаг даргын А/987 дугаар захирамжийн дагуу Сэтгэцийн болон архи, тамхи, мансууруулах бодист донтох эмгэгтэй иргэдийн “Өөртөө туслах бүлгэм”-д зориулсан интерактив сургалтын CD, судалгааны гурван товхимол гарын авлагыг шинээр бэлтгэн гаргаснаа энэ үеэр НЗДТГ-аас НЭМГ-т гардуулж өгсөн юм.
Мөн энэ өдөр шилдэг сайн дурын идэвхтэнд шагнал гардуулах үйл ажиллагаа давхцаж байна. Тухайлбалд, НЗДТГ-аас 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан НЭМГ-аас “Орон нутаг ариун цэврийн асуудлаа өөрсдөө шийдэх нь” аргачлалын дагуу нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Багануур дүүрэгт зохион байгуулан ажилласан. Эдгээр дүүрэгт оршин сууж буй гэр хорооллын иргэдэд уг аргачлалыг зааж сурталчлан, ариун цэврийн байгууламжийг сайжруулах чиглэлээр бусдыгаа манлайлан ажиллаж, шилдгээр шалгарсан:
Чингэлтэй дүүргийн сайн дурын идэвхтэн Д.Хишигпүрэв, Г.Алтанчимэг
Сүхбаатар дүүргийн сайн дурын идэвхтэн Б.Дэлгэрцэцэг, Б.Алтанцэцэг
Багануур дүүргийн сайн дурын идэвхтэн Ө.Даваажав нарт НЭМГ-аас талархал, мөнгөн шагнал гардууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Догшин хутагтын нутгаас төрсөн дөлгөөн найрагч

Гэрэл зургийг Ш.Энхбаяр 2018.12.06 Хамарын хийд

Асар, Басар хоёр говийн өглөөг зарлан тунхаглах мэт хот тойрон хуцаж, гэгээн өглөө айлсан ирснийг дуулгана. Тэнийсэн алга шиг талын дундаас зулын гэрэл мэт бүгтхэн гэгээ тусч ахул “Жинчид минь хөдлөх цаг дөхөж байна. Гарч тэмээгээ хомнож, номтой авдраа ачаална шүү” хэмээн жингийн даамал хэлж байна. Мөнөөх эрийг Дашдэндэв гэх. Говийн наран дор нэгэн жарныг үдсэн эл эр ард түмнийхээ дунд алаг морьт хэмээн алдаршсан Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандарын хүү юм. Цэрэгт байхдаа Төрийн наадамдаа зодоглож нэгийн даваанд улсын арслан Жамцыг орхиж, хоёрын даваанд улсын начин Бадарчийг баруун тахимаар нь буулгаж байсан шийртэй эр. Түүнээс хойш улсын баяр наадамд дахин зодоглоогүй юм гэдэг. Гэсэн ч 48 нас хүртлээ Дорноговийнхоо наадмын шөвгийн дөрвөөс мултарч байгаагүй, нутагт нь ирсэн улсын цолтнуудын аранга байж авч бөмбөрүүлж явсан гээд бодохоор яав ч зам зуурын нөхөр биш гэдэг нь тодорхой. Төд удалгүй шар дурдан мэт их говийн элсэн дундаас том улаан наран гэрийн тооныг найм хуваан сацран мандаж, гэрэл асгав. Ингэж л бид “Миний цуглуулсан хорвоо” номын жин тээх их ажилдаа гарах цаг болсныг дор бүрнээ ойлголоо. Бид есөн тэмээнд 18 авдар 1800 гаруй ном тээх учиртай тул цайлж аваад зэлний зүг эргэлээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон Б.Явуухулангийн шагналт, дэлхийн соёл, яруу найргийн академийн “Гарамгай яруу найрагч” шагналт, “Болор цом”-ын эзэн Арлааны Эрдэнэ-Очир тэмээгээр өөрийн төрөлх сум Улаанбадрах руугаа номын жин тээхээр зэхэж хэдэн жил ярьж байсан билээ. Тэнгэрийн хутгийг олсон найрагчийн сэтгэлийн гэгээн хүсэл болох уг ажлыг залуу найрагч дүү нар нь гэр бүлийнхэнтэй нь хамт гүйцэлдүүлэхээр цуглалаа. Догшин хутагтын нутгаас төрсөн дөлгөөн найрагч хэмээн хүндлэгдсэн эрхэм найрагчийн “Миний цуглуулсан хорвоо” хэмээх шүлгээр нэрлэсэн номын жинд оролцохоор маш олон хүмүүс ирсэн байлаа. А.Эрдэнэ-Очир агсан гуравдугаар ангид байхдаа сургуулийн номын сан, наймдугаар ангид байхдаа аймгийнхаа номын сангийн бүх номыг уншиж дууссан байсан тухайгаа ярьдаг сан. Түүний зорьсон хүслийн нэгээхэн хэсэг болох номын жинг

“…Алгадаад нисгэдэг ижийтэй шувууны үр жаргалтай энэ замаас

Амин сүмбэр уулын өсгүүр дээрээс гурван хүүн зам салаалав

Амьдрал мөрний хөх усан элээж урссан энэ замаас

Алагхан хорвоогийн өнгөн дундуур гурван дуун зам салаалав…” “Зам” шүлэгт үлдсэн түүний хүү гурван хүү болох Цагаан-Уул, МөнхУул, ЭнхУул болон найрагчийн ижий Ц.Цэндсүрэн гуай, дүү нар нь, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Шатарын Энхбаяр, Лувсанчүлтэмийн Эрдэнэбат болон орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр их бэлгэ ерөөл оршсон энэ ажил ийнхүү эхэлж байгаа юм аа. Номын жин тээхээр нийслэл хүрээнээс яруу найрагч О.Цэнд-Аюуш, Н.Минжинсайхан, Т.Дарханхөвсгөл, С.Баттулга, Э.Гантулга, Б.Жамбалдорж, Г.Лхагвадорж, М.Наранболд, Г.Мөнхбаатар, Д.Гэндэнсүрэн, Б.Батхолбоо, МҮОНРТВийн нэрт нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаа, миний бие сэтгэлийн жин тээж Сайншандад аяны дөрөө мултлаад ирээд байсан билээ. Зохиолч, сэтгүүлч Магваны Эрдэнэбат жин дагаж нэвтрүүлэг хийхээр ирж, үеийн нөхрийнхөө талаар сэтгэлийн үгээ хэлж байгаа харагдсан. Улаанбадрах сумын дунд сургуулийн нийгмийн ажилтан Д.Батсайхан тэргүүтэй хүмүүс жин тайван амгалан байхын ерөөл өргөж “Идэр жинчин” дуугаар түрлэг өргөж сүрлэг атны нуруунд дөрөөлсөн найрагч залуусыг үдлээ.

Том хүрэн атны ачаанд зүүсэн хонх хангинан жингэнэж жин хөдөллөө. Дорноговь аймгийн Утга зохиолын “Хан хурмаст” төвийн найрагчид болох Э.Эрдэнэдалай, Г.Ган-Эрдэнэ, Бардаваа нар зам нийлэв. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч О.ЦэндАюуш маань тэмээнийхээ бурантгийг яруу найрагч Э.Гантулгад атгуулаад санаа нь амрав. Тэмээндээ “бурантаглуулсан” Цэндээ жонжуулж болохгүй гэдгийг айх, сандрахын наахнуур нөхдөдөө анхааруулна. Бие нь тэмээ шиг, шүлэг нь тэмээнээсээ том найрагч андыгаа ингэж “жижгэрч” байхыг хараагүй идэр жинчид дор бүрнээ нуг нуг хийнэ. Багадаа тэмээ унаж өссөн гэх зохиолч Сааюугийн Баттулга жин даган хөдөлсөн шинэхэн жинчдийг үе үехэн үймүүлж тэмээдийг жонжуулах зэргээр биднийгээ сандаргачихаад бах нь ханасан байдалтай тэмээн дээрээ жишүү харан суугаад инээдээ барьж ядна. Ингэж л бид говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа 180 гаруй жилийн тэртээд Дорнын говь руу тэмээгээр жин тээж алдарт “Саран хөхөө” жүжгээ тоглож асан энэ л талаар үзүүр нь алдуурсан утас шиг тэмээтэйгээ ар араасаа хөвөрч эхлэв. Хэзээ туулж дуусах нь үл мэдэгдэх шаргалтан бидэртэх талын дундуур тэмээний алхаагаар газар эвхэн явлаа. Удалгүй дэлхийн энергийн төв болох Хамарын хийдийн баруун сугаар тэмээн жингийн цуваа хошуу ороон гарч ирлээ. Дор бүрнээ хийдийн зүг хараа сунган өөрсдийгөө даатгаж байгаа нь илт. Жамбаа маань сүсэглэх гэж байгаа нь энэ гээд бээлийгээ унагачихаад авч чадахгүй хэсэгтээ л юм болов. Хутагтын нутагт цас ороогүй ч идэр ес эхэлж үү гэмээр хүйтэн байх юм. Салхи хүнгэнэсэн талын дундуур тэмээний зогдор хөдөлгөн явахад үнэгэн лоовуузны сор улам өнгө нэмж, жинчин залуусын хацар ягааран харагдана. Малаас хол өссөн мань мэт тав орчим км яваад бие тавирлаа. Тэмээ, хүн хоёр ингэж зохицож эхэлсэн гэхэд болно.

Арлааны Эрдэнэ-Очирын цуглуулсан хорвоод багтсан хэмээн бахдан явах эрхмүүд жингийн даамал Д.Дашдэндэвээс аавынх нь тухай элдвийг шалж, алаг мориных нь тухай яриулах гэж тэмээн дээрээ дэвхцэх нь холгүй юм болох юм. Жин аажуу тайвуухан явсаар нэг л мэдэхэд Хамарын хийдийн бараа нь үгүй алсарчээ. Жингээ засч, биеэ хөнгөлөхөөр үдийн нар зулай голлох үед түр амсхийсэн юм. Хөдлөх болоход яруу найрагч Т.Дарханхөвсгөл маань “Өө, энэ тэмээ чинь нулимчихлаа. Шинэ дээлийг минь мялааж байгаа юм байх даа. Ямар аавын хүү болохоо харуулна аа” хэмээн сэвсээрээ будсан тэмээгээ арай гэж хэвтүүлж авлаа. Хөвсгөл маань дээлэндээ түүртэн түнтэр тантар хийн мордож амжаагүй байхад нь тэмээ өндийснөөс болж тэнгэрийн хаяа руу бараг шидэгдчихэв үү гэмээр пидхийн унав. Уг нь тэмээнийхээ бөхнөөс зуурсан ч тусыг эс олсон нь нөхдөө хөгжөөгөөд авлаа. Тэмээн дээрээс наран ойрхон гэдэг ч тэмээн дээрээс газар хол гэдгийг тэгэхэд мэдэрсэн байх. Харин яруу найрагч Н.Минжинсайхан “Ах минь биднийг эрхлүүлэх гэж л жин тээнэ гэдэг байж дээ. Бид үнэхээр эрхэлж байна шүү” хэмээн сэтгэл дүүрэн мишээгээд тэмээнийхээ бурантгийг сулд нь орхилоо. М.Наранболд найрагчийн унасан тэмээ тавхайгаараа газар алгадан явсаар жингийн тэмээдийг туйлуулсан тул жингээс хол явах даалгаврыг өглөө. Найрагчийн ижий Ц.Цэндсүрэн гуай, дүү А.Эрдэнэчимэг, А.Эрдэнэ-Од, А.Отгончимэг болон ах дүүс нь жин тосон ирэв. Хуучин цагт жинчдийн гол хүнс адууны мах, боорцог байсан юм билээ. Тэр утгаараа адууны мах, боорцог, халуун цай тэргүүтнээр жинчдээ цайллаа.

Үдийн наран баруунтаа таширлах үеэр жин хөдлөхөөр болж миний баруун хойд талд пидхийн унах сонсогдов. Эргээд хартал яруу найрагч О.ЦэндАюуш тэмээн дээрээ мордох гэж байтал тэмээ нь өндийж мань эр газар тэврэн тэр их нүсэр чимээ гарган, нэг үгээр хэлбэл тэмээндээ өвдөг шороодсон нь тэр ажээ. Яруу найрагч Г.Лхагвадоржийн тэмээний тохошны дөрөө уртадсан тул хамаг юм нь холгоод тун ч эмзэг яваа нь мэдрэгдэнэ. Харин хэзээний наргианч Б.Жамбалдорж цэнхэр дээлийнхээ хормойг дэрвэтэл тас тас инээд алдан, нэрт дуучин П.Адарсүрэнгийн

“Сонихон зэргэлээт говь минь

Солонгын долоон өнгөтэй дээ хө

Солбио хүрэн ат минь хө

Сарын газраа жонжоотой доо хө” хэмээн “Тэмээн дээрээс наран ойрхон” дууг сэтгэлийн угаас хөгжим мэт эгшиглүүлэх аж. Говийн их үд гэдэг ёстой л Монголын их амар амгалан санж. Харганы толгой салхинд сэрчигнэж, хааяа нэг туулай дэгдэн харайх бүрт тэмээд сортосхийн цочно. Идэр жинчид шинэхэн тул тэмээгээ даган цочиж харагдана. Өвлийн тэргүүн сарын жаварт халуун зүрхэндээ найрагч ахыгаа тэд тээж явлаа. Өдөртөө 25 хэм хүрч хүйтэрсэн ч сэтгэлдээ нартай яваа нь бүгдийнх нь инээмсэглэх царайнаас тодрон харагдана. Тэшин жонжин алхах тэмээн жингийн тэргүүн эгнээнд ЭрдэнэОчир агсны дүү Арлааны Хосбаяр гэж хүрэн бор царайнд говийн наран шингэсэн хөрстэй бор залуу яваа бол араас нь хүргэн нь болох Ц.Алтанболд гэж үнэн яриасаг өндөр шар залуу, Ж.Чулуунбаатар, Дорноговь аймгийн музейн ажилтан Г.Гантулга гээд чонон дах, нэхий дээл өмсч, бугуйл зүүсэн жинхэнэ монгол эрчүүд жинд хүч нэмэн явсан юм. МҮОНР-ийн сэтгүүлч Эрдэнэбат М.Наранболдын тэмээг түр унахаар болов. Хэсэг яваад бурантаг шилжүүлэх болж мань эр тэмээн дээрээс лаг хийтэл хүчтэй газардан дөрвөн хөллөчихлөө. Эргэж харснаа тэмээнээсээ эмээсэн үү, цаашаа тэр чигээрээ мөлхөж яваад эгээтэй л өөр тэмээний гэдсэн доогуур орчихсонгүй.

“Миний цуглуулсан хорвоо” номын жингээс өмнө манай улсад хоёр удаа ном, соёлын жин тээж байсан гэдэг. Тэр утгаараа мартагдах дөхсөн соёлыг түгээх, Улаанбадрахын хүүхдүүдэд номын гэгээ түгээхээр тэмээнийхээ тэвэр дүүрэн бөхийг нь налан жавар сөрөн явж байгаа нь энэ. А.ЭрдэнэОчир ахын минь хүсэл энэ байсан юм. “Айлын бараа хүний хүсэл дуудсан андуутай үнэн алаг зам”-аар нь найрагч дүү нар нь нар улдтал явцгаалаа. Жингийн цантай татлага дор 1800 ном ачаалсан нь Монголын утга зохиол, соёл, нийгмийн төлөөх 1800 гаруй хүний сэтгэлийг тээн очиж байгаа их нүүдэл байсан юм. Найрагч өөрөө тун ч хөгжөөнтэй хүн тул дүү нар нь ч мөн тэр занг нь өвлөн авчээ. Замын холыг туулахад юу эс тохиолдохов. Ямар сайндаа О.ЦэндАюушийн унаж явсан тэмээ эзнээ тэнгэр харуулан хилэгнүүлсэн учир “Зүрхний хилэн”, тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй гэдэг ч туйлсан тэмээ жинг үргээж саатуулсан тул Н.Минжинсайханы тэмээг “Цаг төрийн үймээн”, М.Наранболдын тэмээ “Цаг төрийн үймээн”ий гол буруутан тул жингээс алсхан зай барьж явах даалгаврын хүрээнд “Гологдсон хүүхэн”, мөнхийн амгалан гэдэг шиг зохиолч С.Баттулгын тэмээ өөртэй нь тунчиг ижилхэн тул “Дөлгөөн дон” гэхчлэн тэмээд маань ийнхүү роман болж өргөжив. Ийн явсаар бидэнтэй өдөржин жин тээлцсэн наран нэг л мэдэхэд их говийн элсэнд ус асгах шиг жаргалаа. Харуй бүрий гэдэг тэмээдийн хувьд туйлах, үргэхээс эхлээд асуудал ихтэй. Асар, Басар хоёроо хараад хүртэл үргэх аж. “Тахиат хайрхан дөхөж байгаа болов уу” гэж харанхуйгаас бус харанхуйд тэмээ үргэх вий гэхээс айсан жинчин залуус зөөлөн зөөлөн ярьцгаана. Өнөө цагт тэмээг уналга эдэлгээнд ашиглах нь багассан тул заримынх нь тэмээг дөнгөж сургаад авч явсан юм. Тиймээс янз бүрийн ааш гарах гээд найрагчдыг сандаргана. “Тахиат” бол нэрт найрагч Арлааны Эрдэнэ-Очирын тоглож өгссөн газар. Тэмээ үргэх тул ёлтойх гэрэл ч гаргах эрх байсангүй. Тиймээс аргагүйн эрхэнд бууж хөтөллөө. Өдөржин тэмээний нуруун дээр явсан бидний бие буларчээ. Лхагваа маань үдээс хойш даарсан тул ямаан дах өмссөн түүнд хүндэдсэн бололтой түүртэж яваагаа хэлж байна. Заримдаа харганы үндэс нөмөрч унан, эргэж босоод хойшоо хөл алдаж байх жишээтэй. Ямартаа ч зорьсон газраа ирж халуун цай, чанасан мах, шөлтэй хоол идчихээд найрагч ахынхаа хэлж байсанчлан найргийн гал хөгжөөж шүлэг уншин загийн илчнээс их говийн амтыг мэдэрч, идэр хүйтний жавар уярааж, инээд бадраасан юм. Эхний өдөр 60 орчим км замыг туулан хоноглож байгаа нь энэ. Хурган болон сэгсүүргэн дээлтэй идэрхэн жинчид гал тойрон амарцгаалаа.

Өглөө нарны эртэд өндийцгөөв. Тэр шөнө хасах 35 хэм давж хүйтэрчээ. Жингийн даамал Т.Дашдэндэв дээлээ өмсөх зуураа “Чөмөгтэй эрчүүд л жин тээдэг юм. Эр хүн жинд явснаар илүү иртэй, чадалтай, зоригтой болдог. Өвөг дээдэс маань өдөр бүр хийдэг ажил нь тул дассан, сурсан байж. Харин та нар шинэ цагийн хүүхдүүд. Гэвч өдөр өдрөөр дасч, илүү эрэмгий болж буйг чинь хараад үнэхээр бахархаж байна. Анх та нарыг хотоос хөөрөөд гарсан энэ хүүхдүүд хэдэн км яваад бууя л гэх байх гэж бодож байлаа. Сайн явж байна” хэмээн урам хайрлахад нь хөгжицгөөлөө. Удалгүй жингээ хөдөлгөж, Асар, Басар хоёроо дагуулан том улаан нарны дор “Идэр жинчин”-г дуулсан шиг тайвуухан алхууллаа. Урьд өдрөө бодвол өнөөдөр 40 км зам явах тул бас ч гэж танагтай. Өнөө юм бүхний магнайд инээд алдан явдаг “чанга” дууч Жамбаагийн маань хоолой таг сөөгөөд хоножээ. Тэмээн дээр цэнхэр дээлтэй хүний ам хөдөлж байгааг харахаас юу ярьж байгаа нь огт сонсдохгүй байх юм. Ийнхүү өдрийн турш явсаар Улаанбадрах сумын төвөөс таван кмийн наана “Нүдэн” хэмээх нөмөр ихтэй газар хонохоор боллоо. Эл бууц нь яруу найрагч Арлааны ЭрдэнэОчирын төрсөн газар нь байв шүү. Аяны тоосоо гөвж амжилгүй найрагч залуус Улаанбадрах сумын улаан буланг зорьсон нь тэнд “Миний цуглуулсан хорвоо” яруу найргийн утга уянгын цэнгүүнд оролцохтой холбоотой. Жинд явсан залуусын шүлэг Соёлын төвийг бүхэлд нь өртөөлөн түгж найрагчаа үгүйлсэн нутгийн зон олон нь нүдэндээ нулимстай дурсамж хэлхэн сууна лээ. Энэ үдэш найрагчийн хүү Цагаан-Уул албан ёсоор утга зохиолыг дэмжих “Арлааны Эрдэнэ-Очир сан” байгуулснаа зарлаж, цаашид хийхээр төлөвлөсөн олон ажил байгааг хэлж байв. Монголын Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Дарь.Сүхбаатар номын дүүгээ дурсч нулимс дуслуулан дурсамж дэлгэлээ. Б.Ичинхорлоо, М.Саруулдалай, Ц.Буянзаяа нар он цагийн буурал хүрдийг буцаан Ээгийтэйгээ хамт өнгөрүүлсэн залуу насны домог шиг өдрүүдээ дурсана лээ. Ингэж л Улаанбадрах сумын нэгэн үдэш Эрдэнэ-Очироор дүүрэн амьсгалав. Сумын сургуулийн сурагчид “Хавар”, “Нар зөвийн эх орон-Миний Монгол” шүлгийг нь хоороор уншин олон ч хүний зүрх сэтгэлийг ёгхийлгээд авсан юм.

Идэрхэн жинчид гурав дахь өдрийнхөө өглөө эртлэн тэмээндээ номоо тээж аваад Улаанбадрах сумыг зорилоо. Сайншандаас гарахдаа тэмээний бөхнөөс тас зуурч, тэмээгээ хүнээр хөтлүүлж байсан О.Цэнд-Аюуш маань жингийн даамал Д.Дашдэндэвийг ааштай хүрэн аттай нь хамт хөтөлж яваа харагдлаа. Номын жин тээн ирж байгааг мэдсэн нутгийн зон олон гэрэл зураг татуулах, халуун цай дөхүүлэх зэргээр жинчдийг дэмнэн дэмнэсээр сумын төв рүү орлоо. Жин тээсэн залуу найрагчдаа тосон Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга асан ЦэндАюушийн Буянзаяа, Монголын зохиолчдын эвлэлийн Гүйцэтгэх захирал Магван-Эрдэнийн Саруулдалай, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Дарь.Сүхбаатар, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”ын эзэн яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо, МЗЭийн шагналт яруу найрагч Ванягийн Нэргүй, Сономын Чулуун нараас эхлээд сумын төвийн гадаах талбайг дүүртэл хүмүүс цуглаж, угтан тосч байна. Соёлын төвийн гадаа ирж жингээ отголуулахын өмнө “Идэр жинчин” дуу сумын төвийг бүхэлд нь цуурайлж, халуун итгэл шингэсэн харц бүр залуу найрагчдыг онож байв аа.

Өнө хожмоо дуурсагдах үнэт өв соёл, ном тээж ирсэн залуус сэтгэлдээ эрдэнийн очир мэт тээж явдаг найрагч ахынхаа хийж хэрэгжүүлэхээр зэхсэн ажлынх нь ард гарсандаа дүүрэн жаргалтай зогссон юм. Соёлын төвийн гадаах талбайд нэрт нэвтрүүлэгч Б.Гантигмаа “Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон Б.Явуухулангийн шагналт, “Болор цом”ын эзэн, дэлхийн “Гарамгай яруу найрагч” өргөмжлөлт Арлааны Эрдэнэ-Очир анхынхаа хүслийг гүйцээж идэр жинчин баатрууд ирлээ” дуун сацруулагчаар зарлан тунхаглалаа. Нэвтрүүлэгч Б.Гантигмаа хоёр өдрийн турш залуу найрагчдыг өөрийн автомашинаар бүтэн дагаж явсан гэдгийг онцлох нь зүйтэй. Хүйтэн шөнө айл хот бараадалгүй идэр жинчдээ даган хамтдаа аяны жолоо хумьчихаад жин отголох газар ирээд биднийг угтан ийнхүү өргөмжилж зогсоо нь тэр ээ. Найрагчийн нутгийн зон олон халуун сэтгэл дэвсэн угтан авч, идэр жинчид есөн тэмээн дээрх 18 авдар номоо хүлээлгэн өгч, сумын номын санд нь яруу найрагч, зураач Г.Мөнхбаатарын урласан цээж баримлыг байршууллаа. Найрагчийн хүү ЦагаанУул сумын сургуулийн Монгол хэл-уран зохиолын ангийг аавынхаа нэрэмжит болгон тохижуулж иж бүрэн компьютер, зурагт, ширээ сандал хандивласан юм. Хүн бүрийн сэтгэлд дурсамж үлдсэн гэдэгт итгэхгүй байхын аргагүй. Эр хүн шиг эр хүн, ах шиг ах явсан дөлгөөн найрагч Арлааны Эрдэнэ-Очирынхоо номын гэгээнд мөргөсөн дүү нарынх нь хайр мөнхөд оршихын утга ерөөж өндөрлөсү.


Categories
мэдээ улс-төр

Шадар сайд “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн ерөнхий захирлыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал О.В.Белозеров тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Төмөр зам, тээврийн салбарын хамтын ажиллагаанд хоёр улс бүх түвшинд анхаарч, ач холбогдол өгөх ёстой. “УБТЗ” ХНН-ийн үр ашигтай, бүтээлч ажиллагаа нь хамтын хүчин чармайлтын бодит жишээ гэдгийг Шадар сайд тэмдэглэв.

“УБТЗ” нийгэмлэгийн хөгжил, шинэчлэлд ОХУ-ын төр, засаг, “Оросын төмөр замууд” нийгэмлэг онцгой анхаарч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Засгийн газар хоорондын комисс, Монгол, Орос, Хятадын гурван талын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын салбар дахь хамтын ажиллагааг тогтмол хэлэлцдэг. Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалт, Чиндао хотод болсон гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэрч энэ талаар ярилцсан гэдгийг дурдав.

“УБТЗ” нийгэмлэг 2017 онд 23 сая тонн ачаа тээвэрлэж, түүхэн амжилт тогтоосон. Энэ оны байдлаар тээвэрлэлтийн хэмжээ 17 хувиар нэмэгдсэнд сэтгэл хангалуун байгаагаа талууд илэрхийлэв. Цаашид их хэмжээний хөрөнгө оруулж, суурь бүтцийг нь шинэчлэх нь чухал гэдэгт санал нэгдэв.

Одоогоор 110 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, зарим ажлаа дуусгасан. 2019-2020 онд хийхээр төлөвлөснөө бүрэн хэрэгжүүлбэл дамжин өнгөрүүлэх чадвар 28 хувиар нэмэгдэнэ гэж талууд тооцоолсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулна

Монгол Улсад ирэх оны наймдугаар сард “Аравт” морин цэргийн олон улсын уралдаан зохиогдох гэж байна. Тодруулбал, ОХУ-ын Батлан хамгаалах яам 2015 оноос эхлэн “АрМИ” буюу “Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулж ирсэн бөгөөд тус наадам жилээс жилд өргөжин тэлж оролцогч орнуудын тоо нэмэгдсээр байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин дээрх тэмцээнд “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, ”Хээрийн гал тогоо” гэсэн төрлүүдэд оролцохдоо чамгүй амжилт үзүүлсээр ирсэн. “Цэргийн наадам-2018” тэмцээн дэлхийн долоон улсад зохиогдсон бол 2019 онд 10 улсад зохиогдох болсон талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлж, дээрх орнуудад тэмцээний удирдамж, төлөвлөлтийн хурлуудын тов, мэдэгдэл зэргийг хүргүүлээд байгаа юм. Эдгээр 10 улсын тоонд Монгол Улс багтсан бөгөөд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалахын сайдад “Аравт” морин цэргийн олон улсын уралдааныг эх орондоо зохион байгуулах санал ирүүлснийг үндэслэн манай улс ийнхүү 2019 оны 8 дугаар сард тус уралдааныг зохион байгуулахаар болж, бэлтгэл ажлаа базааж байгааг ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар онцолсон юм.

Тус тэмцээний тухай ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга өгүүлэхдээ “Морин цэргийн олон улсын уралдааны нэг онцлог нь оролцогч орны цэргийн алба хаагчид монгол морьдоор уралдах бөгөөд тэмцээн хоёр шаттай явагдана. Өөрөөр хэлбэл холын зайн морин маршийн уралдаан, богино зайн холимог буухиа гэсэн төрлүүдээр зохиогдоно” гэв.

Уралдаанд оролцох олон улсын баг, тамирчдыг тэмцээн эхлэхээс 10-14 хоногийн өмнө хүлээн авахаар төлөвлөж байна. Энэ хугацаанд гадаадын цэргийн алба хаагчдыг монгол моринд дасгах, арчилгаа, эдэлгээ, хоол, хүнс тэжээлийг тохируулах зэрэг арга, ажиллагаанд дадлагажуулах аж.

Одоогийн байдлаар манай улстай Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаатай дэлхийн 18 улсад уралдааны урилгыг илгээгээд байгаа бөгөөд цаашдаа бусад орнуудад нэмж урилга явуулах аж. “Цэргийн наадам” олон улсын уралдааны эхний төлөвлөлтийн хурал энэ сард ОХУ-д болох бол дараагийн хурлыг ирэх оны 2, 5 дугаар сард ОХУ, Монгол Улсад зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.5 хувийг эзэлж байна

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 14-ний байдлаар, амбулаторийн 74.703 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3378 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.5 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувиар бага байна.

Нийт өвчлөгсдийн 38.3 хувийг 0-1 нас, 28.5 хувийг 2-4 нас, 15 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1669 дуудлага ирснээс 43.9 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ улс-төр

​АН-ын Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар Ш.Түвдэндоржийг томиллоо

Ардчилсан намын Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар Ш.Түвдэндоржийг томилжээ. Түүний хувьд МоАХ-ны дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, МоАХ-ны гүйцэтгэх захирал, Нийслэлийн Ардчилсан намын дарга, Батлан хамгаалахын сайдын албыг тус тус хашсан туршлагатай улстөрч юм. Мөн 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, Хууль зүйн байнгын хорооны даргаар томилогдон ажилласан билээ.

Categories
мэдээ спорт

​Монголын шатрын холбоо шилдгүүдээ тодруулав

Монголын шатрын холбооны шинэ жилийн цэнгүүн болж, өнгөрч буй оны “хүнгүй талын хүнсгүй тулаанч”-дын шилдгүүдээ тодруулжээ.

Тухайлбал, 2018 оны шилдэг эрэгтэй тамирчнаар олон улсын мастер С.Билгүүн

Шилдэг эмэгтэй – Их мастер Б.Мөнгөнтуул

Шилдэг дасгалжуулагч – Хан-Алтай клубын дасгалжуулагч багш, Их мастер Д.Шаравдорж

Шилдэг шүүгч – ДШХ-ны шүүгч Ч.Мөнхбат

Шилдэг клуб – Хос мастер, Чингис

Шилдэг дэмжигч байгууллага – Төрийн банк, Гурвантамир ХХК Архангай

Шилдэг орон нутгийн салбар холбоо – Дархан, Орхон, Архангай

Шилдэг өсвөрийн 12 хүртэлх насны эрэгтэй – ДШХ-ны Дэд мастер Л.Очирбат

Шилдэг өсвөрийн 12 хүртэлх насны эмэгтэй – ДШХ-ны Дэд мастер эмэгтэй Д.Мөнхзул

Шилдэг өсвөрийн 18 хүртэлх насны эрэгтэй – Спортын мастер Ү.Агьбилэг

Шилдэг өсвөрийн 18 хүртэлх насны эмэгтэй – ДШХ-ны мастер Т.Мөнхзул нар шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

НОБГ “Эрүүл ажлын байрыг бүрдүүлсэн байгууллага”-аар шалгарлаа

Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олон “Эрүүл ажлын байрыг бүрдүүлсэн байгууллага”-аар шалгарлаа. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэн ажлын байранд алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих орчинг бий болгох, байгууллага, хамт олныхоо дунд эрүүл амьдрах хандлага, зан үйлийг төлөвшүүлэхэд идэвх санаачилга гарган ажилласныг ийнхүү үнэлсэн байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар нь 2018 онд алба хаагчдын ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд улсын төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа.

Мөн нийслэлийн төсвийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Хуурай Мухарын-Ам”-д баригдсан Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн барилгыг ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагааг нь эхлүүлэхэд бэлэн болоод байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймгийн төлөөлөгчид зочиллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай Хэнтийн аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөгчид танилцаж, туршлага судлах уулзалт боллоо. Төлөөлөгчдийг нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр болон хэлтэс албадын дарга нар хүлээн авлаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалт, бусад аймаг орон нутагтай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар танилцууллаа. Мөн Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр Улаанбаатар хотод хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээний талаар, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү Улаанбаатар хотын санхүүгийн чадамж, жилийн төсөв, төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн ЗДТГ-ын зүгээс төрийн албан хаагчдыг чадавхжуулах, сургалтад хамруулах талаар анхаарч ажиллаж байгаа. Ирэх онд энэ чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр олон ажил төлөвлөсөн. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, шуурхай хүргэх үүднээс 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн талаар нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр хэллээ.

Нийслэлийн хөгжил зөвхөн хотын хөгжил бус бүс нутгийн хөгжлийг дэмжиж, хөгжүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ. Хөгжлийн алтан гурвалжин бодлого энэ чиглэлээр түлхүү ажиллаж орон нутаг, нийслэл хэрхэн хамтран ажиллах гарц болж буйг тодотголоо.

Хэнтий аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлж нийслэлд хэрэгжүүлж буй бодлогын чанартай ажлуудыг Хэнтий аймагт нутагшуулах, иргэдэд үйлчлэх үйлчилгээнд нэвтрүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Сагсчид талбайд масктай тоглолоо

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээнийг зохион байгуулж байгаа. Сагсчид өнгөрөгч лхагва гарагт /2018.12.12/ болсон тоглолтын үеэр талбайд маск зүүн тоглож утааны эсрэг аянд нэгджээ. Улаанбаатар хотын агаарын бохирдол иргэд болон хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг олон нийт хурцаар шүүмжилж байгаа. Тиймээс агаарын бохирдол их болсон энэ үед маск зүүцгээх аянд ийнхүү спортынхоон нэгдсэн байна.