Канад, Хятадын эрдэмтэд хамтран хийсэн судалгааны үр дүнд өдөрт наймаас илүү цаг унтдаг хүмүүст зүрх судасны өвчний эрсдэл нэмэгддэг болохыг тогтоосон байна. Энэхүү судалгааг Канадын Макмастер их сургууль, Бээжингийн Фү Вай эмнэлгийн судлаач, мэргэжилтнүүд хийжээ. 2003 оноос хойш явуулсан энэ судалгаанд 21 орны 35-70 насны 116 мянган хүн оролцсон байна. Судалгааны эхний найман жилд зүрх судасны өвчний 4300 гаруй тохиолдлыг эрдэмтэд бүртгэсэн аж. Цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийхдээ мэргэжилтнүүд нас, хүйс, архи, тамхины хэрэглээ, зүрх судасны өвчин удам дамжсан эсэх, чихрийн шижин, цусны даралттай эсэх зэрэгт анхаарлаа хандуулж байжээ. Насанд хүрсэн хүн хоногт 6-8 цаг унтах нь хамгийн тохиромжтой бөгөөд эрүүл мэндэд асуудал үүсэх эрсдэл бага байсныг тогтоосон байна. Харин өдөрт 8-9 цаг унтах нь өвчин тусах эрсдэлийг 5 хувиар, 9-10 цаг унтвал 17 хувиар, 10-аас дээш бол 41 хувиар нэмэгдүүлдэг аж. Гэхдээ 6-аас бага цаг нойроо авах нь мөн эрүүл мэндэд асуудал үүсгэх эрсдэлийг 9 хувиар нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн шөнийн цагаар зургаагаас олон цаг унтдаг хүмүүс өдрийн цагаар 30-60 минут дугхийх хэрэггүй гэж эрдэмтэд зөвлөж байна. Харин шөнө хангалттай нойр авч чадаагүй хүмүүс өдрийн унтлага нойроо нөхөхөд тустай бөгөөд өвчлөх эрсдэл нь төдийлөн нэмэгддэггүй ажээ.
Month: December 2018
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Малайз улсын Куала Лумпур хотод болсон “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 23 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцсон багачуудтай уулзаж, баяр хүргэлээ.
Энэхүү тэмцээнд 40 орны 3000 гаруй хүүхэд өрсөлдсөн байна. Манай улсаас тус тэмцээнд 53 хүүхэд оролцож, нэг ГРАНД ЧАМПИОН, 16 ЧАМПИОН, 20 АЛТАН ЦОМ, 10 МӨНГӨН ЦОМ нийт 47 шагнал хүртжээ. Энэ нь Монголын оюуны спортын түүхэнд гарч байгаагүй өндөр амжилт юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эдгээр хүүхдүүдэд болон тэдний багш, эцэг, эхчүүдэд хандан юун түрүүнд оюуны спортын төрлөөр бахдам амжилт гаргасанд нь баяр хүргээд:
“Олон улсын чанартай тэмцээнд 2012 оноос хойш оролцож, амжилт нь улам өссөөр байгаад талархаж байна. Цаашдаа ч та бүхний гаргах амжилт нэмэгдэх байх. Нийгэмд хар бараан мэдээлэл ихтэй байгаа энэ үед та бүхний амжилт гэрэл, гэгээ нэмж байна.
Ой тогтоолт, соробан сампин, цээж тоолол, шатар зэрэг оюуны спорт төдийгүй, хими, физик, математикийн олимпиадаар ч тэр монгол хүүхдүүд сүүлийн үед маш сайн амжилт гаргаж байгаа. Түүнчлэн манай залуусыг мэдээллийн технологийн дэлхийн томоохон компаниуд инженер, боловсон хүчнээрээ авч ажиллуулах сонирхолтой болж байгаа нь мөн сайн мэдээ юм.
Энэ юуг харуулж байна гэхээр монгол хүний оюуны чадамжийг илтгэхээс гадна, оюун ухааны чиглэлээр бидэнд ямар их боломж бололцоо байгааг харуулж байна. Цаашдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс оюуны спортыг дэмжиж, ялангуяа бяцхан, өсвөр насны хүүхдүүдийг дэмжиж ажиллахаа та бүхний өмнө илэрхийлж байна” гэсэн юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын тэмцээнд хүүхдүүдийг оролцуулахын тулд замын зардал, байр, хоол зэргээр чамгүй зардал гардгийг дурдаад гадаад улсад болох тэмцээнд оролцоход нь тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэхээ амлав.
Мөн хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, эрдэм номтой болгож буй багш, эцэг эхчүүдэд талархал илэрхийллээ.
Уулзалтын үеэр “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 23 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцсон багачууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өөрсдийгөө танилцуулж, гаргасан амжилтынхаа талаар ярьж өгсөн юм. Мөн тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийн эцэг, эх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай оюуны спортын хөгжлийн асуудлаар ярилцав.
Тухайлбал, “Toya” хүүхэд хөгжлийн академийн захирал Т.Туяа “Монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудын оюуны спортыг дэмжин биднийг хүлээн авч уулзсанд баярлалаа. Би математикийн багшаар 36 дахь жилдээ, соробан сампин заагаад 10 гаруй жил болж байна. “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 23 дахь удаагийн тэмцээнд Монгол Улс чансаагаараа дэлхийд 1-т бичигдсэн. Маш олон хүүхдэд цом хүртлээ. Баяртай байна” гэсэн юм.
Мөн Д.Бадамгарав “Би хоёр ихэр хүүгээ 5 настайгаас нь хичээллүүлсэн. Анх удаа тэмцээнд яваад хүүхдүүд маань амжилт гаргасанд баяртай байна. Гэхдээ хэдхэн багш, эцэг эхийн толгойн дээр санхүүгийн маш их дарамт ирдэг. Бор зүрхээрээ хүүхдүүдээ авч яваад өндөр амжилт гаргадаг байсан. Энэ амжилт өсөж дэлхийд нэгт бичигдэж байна. Ирэх жилээс эхлэн таниас тодорхой хэмжээний дэмжлэг авч уралдаан, тэмцээнд оролцох болсондоо туйлын баяртай байна” гэсэн юм.
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чулуунтамиртай ярилцлаа.
-Сүүлийн үед хулгайн гэмт хэрэг их гарах болсон гэх мэдээлэл хэр бодитой вэ?
-Сүүлийн үед халаасны хулгайн гэмт хэрэг их гарах болсон. Тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлттэй гарсан. Халаасны хулгайн гэмт хэргийн эд зүйлийн 80 хувь нь гар утас байдаг. Иргэдийн халааснаас хулгайлсан утсыг “Монител” , “Тэди”-гийн ченжүүд худалдан авдаг. Мөн орон байрны, мал хулгайлах гэмт хэрэг их гарах болсон. Эдгээр гурван төрлийн гэмт хэргийн гаралт өсөлттэй байгаа. Жилд манай улсад 10-12 мянган хулгайн гэмт хэрэг үйлдэгддэг гэсэн судалгаа бий. Хохирлын хэмжээ 14 тэрбум төгрөг байдаг юм. Тэрхүү хулгайн эд зүйлийн 80 хувь нь ломбардаар дамжиж, энгийн иргэдэд очдог. Харин үлдсэн нь ченжүүдээр дамжиж алга болно. Хулгайн эд зүйл ийм хоёр замаар дамжиж, борлогддог гэсэн үг.
-Хулгайн гэмт хэргийн гол шалтгаан нь юу юм бол?
-Хамгийн гол нь монгол хүний суурь хүмүүжил нөлөөлж байна. Тухайн хүний эд зүйлийг түр хэрэглэх гэж байгаа бол зөвшөөрөл авч, хэрэглэчихээд “баярлалаа” хэмээгээд буцааж өгч сурах хэрэгтэй. Хувь хүн бүр ийм энгийн зүйлсээс эхэлж хэвшвэл зөв хандлага тогтоно. Манай улс гэмт хэргийн гаралтаар 150 орноос 142 дугаарт бичигдсэн байна лээ. Гэмт хэргийн гаралт хамгийн багатай орон бол Япон. Учир нь япончууд хувь хүний ухамсар, соёл гэдгийг асар өндөрт буюу нэгдүгээрт авч үздэг. Хувь хүний соёл, төлөвшил сайн болоод ирвэл гэмт хэргийн гаралт буурна. Манай улсыг хамгийн муухай харагдуулдаг зүйл бол хулгайн гэмт хэрэг. Зүүн Азийн орнуудад хулгайн гэмт хэрэг бага гардаг нь хувь хүний ухамсартай холбоотой байдаг.
-Энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд төр засгаас юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Хулгайлах гэмт хэргийг бууруулахад төрийн бодлого үгүйлэгдэж байгаа. Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, “батлаад өгнө үү” гэсэн саналыг сүүлийн нэг хоёр жилийн хугацаанд тавьж байна. Цагдаагийн байгууллага хөтөлбөрийг боловсруулсан, төслөө гаргасан. Холбогдох яам руу хүргүүлсэн боловч хариу ирээгүй. Ер нь хулгайн гэмт хэргийн гаралтад анхаарах хэрэгтэй. Бүх байгуулллагын оролцоо чухал. Иргэд ломбард, ченж хоёртой холбогдвол мөнгө угаах гэмт хэрэгт холбогдож болзошгүй. Тиймээс иргэд анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй. Хулгайлах гэмт хэргийг ихэнхдээ 15-35 насныхан үйлддэг. Эдгээрийн 80 хувь нь эрэгтэйчүүд. Хулгайлах гэмт хэрэг гарахад монголчуудын залхуу зан нөлөөлдөг. Барилгын туслах ажилтан өдөрт 50, 60 мянган төгрөгийн цалинтай ажиллуулъя гэхэд хүн олдохгүй болсон гэсэн. Тэгсэн хэрнээ залуус айлын хаалга хулгайгаар онгойлгож, мөнгөн аяга болон үнэт эд зүйлийг нь тоох ч үгүй хулгайлаад гараад ирдэг. Нэг ёсондоо залхуу, хойрго, гэр бүлийн хүмүүжилгүй залуус айлын хаалга өшиглөдөг.
-Ченжүүдийн хууль бус ажиллагааг зогсоохын тулд цагдаагийн байгууллага ажилласан. Үр дүн гарсан уу?
-Ченжүүдийн хууль бус ажиллагааг зогсоохын тулд цагдаагийн байгууллагаас ажилласан. Цагдаа нар “Монител”, “Тэди” хоёрын үүдэнд буй хүмүүсийг хөөж, шаардлага тавьсан. Тэднийг нэг өдөр явуулахад, маргааш нь буцаад хүрээд ирдэг. Байнга зогсож байхгүй бол нэмэргүй юм билээ. Тиймээс “Монител”, “Тэди”-гийн удирдлагуудад “Та бүхэн өөрсдөө хамгаалалтын албаараа шаардлага хүргүүлж, хууль бус ажиллагаа явуулж буй ченж нарыг явуулна уу” гэсэн юм. Тэгсэн ченжүүд хамгаалалтын албыг тоохгүй байна лээ. Үр дүн гараагүй. Сая бид дахин төлөвлөгөө шинэчилж, ломбардынхан, ченжүүдтэй өөр аргаар тэмцэхээр болсон. Чингэлтэй дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан. Тодруулбал, цагдаагийн хүчээр ченжүүдийг тарааж, орчныг тодорхой хугацаанд хүнгүй болгоё гэсэн. Тэр хугацаанд “Монител” , “Тэди”-гийнхэн өөрсдөө орчиндоо шаардлага тавьж, эрүүлжүүлэх хэрэгтэй байна. Хэрвээ тэд чадахгүй бол Нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж, “Монител”, “Тэди” хоёрыг нүүлгэх арга хэмжээ авах юм уу, эсвэл тодорхой хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах эрх бидэнд бий. Энэ нь эцсийн арга хэмжээ юм.
-Манай улсад хууль бус үйл ажиллагаа явуулдаг ломбард их байдаг гэсэн үү?
-Улсын хэмжээнд барьцаалдан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлсэн 8200 хуулийн этгээд байгаагаас нийслэлд 6800, орон нутагт 1400 хуулийн этгээд бүртгэлтэй байна. Гэвч одоогийн байдлаар хэдэн байгууллага нь үйл ажиллагаагаа явуулдаг вэ гэсэн статистик тоо мэдээ гараагүй. Цагдаагийн байгууллагад бүртгэгдснээр 580 ломбард үйл ажиллагаагаа явуулдаг. Ломбард зөвшөөрөл авч, барьцаалдан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэн явуулахдаа НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны долдугаар тогтоолоор баталсан Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын дагуу гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулдаг. Манайд үйл ажиллагаа явуулж буй ломбардуудад ямар нэг цагийн хуваарийг цаанаас нь тогтоож өгөөгүй байдаг. Тэд Монгол Улсын стандарт MNS:5274 2017 хэмээн заасны дагуу өдөр тутам үйл ажиллагаагаа явуулах ёстой. Энэхүү стандарт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн. Гэвч ломбард ажиллуулдаг хүмүүс мэдлэггүй, зарим нь стандарт, дүрэм журмыг мэддэг мөртлөө хэрэгжүүлэх сонирхолгүй байдаг юм билээ.
-Цагдаагийн байгууллагаас ломбардын үйл ажиллагаанд хяналт, шалгалт тавьж байгаа юу?
-Ломбардууд хууль бус үйл ажиллагаа явуулж, мөнгө угааж буй нь ил харагддаг. Хулгайн эд зүйл ломбарданд тавьж, хулгайч нь буцааж авахгүйгээр, өөр хүний гар дээр очдог байдал дэлгэрээд удчихаж. Тухайлбал, дээрэмдэж авсан компьютер, гутал, хувцас бусад төрлийн гэмт хэргийн замаар олсон ээмэг, бөгж, хүнээс булааж авсан гар утас зэргийн 90 орчим хувь нь ломбардаар дамжиж, мэдэгдэхгүй дараагийн хүнд зарагддаг юм билээ. Энэ тогтолцоо сүүлийн 26 жилийн турш хэвшмэл болчихсон байна. Үүнийг одоо эвдэхэд хэцүү. Гэхдээ эерэг арга замыг олохын тулд эхний ээлжинд эрх зүйн хувьд стандартыг нь өөрчилж өгсөн. Одоо цагдаагийн байгууллагаас стандартаа хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэдэгт хяналт тавих ажил явагдаж байна. Ер нь стандартын хэрэгжилтэд Стандарт, хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын байгууллага болон бусад газрууд өөр өөрсдийн чиглэлээр хяналт тавьж байх үүрэгтэй.
-Ломбарданд хулгайн эд зүйл тавьсан байна гэдгийг хэрхэн мэддэг юм бэ?
-Хулгайн эд зүйлийг барьцаалдан зээлдүүлэх журмаар олгосон байна гэдгийг цагдаагийн байгууллага тогтоодог. Хулгайч нар баригдаж, цагдаад мэдүүлэг өгөхдөө “Тэр ломбарданд тийм эд зүйл тавьсан” гээд хэрэг тодорхой болдог юм. Тухайлбал, баригдсан иргэд “Би хорооллын нэг ломбарданд хулгайн замаар олсон эд зүйлээ байнга аваачиж, барьцаалж, мөнгө авдаг” гэх зэргээр мэдүүлдэг. Мэдээллийн мөрөөр ломбарданд очоод асуудлыг хуулийн дагуу шийдэх гэхээр асуудал тулгардаг. Хуулийн дагуу хариуцлага оногдуулах шаардлагатай байдаг.
-Ломбардын мэргэжилтэн хулгайн эд зүйлийг авч, барьцаалан зээл олгосон бол хуулиар ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Мөнгө угаах гэмт хэрэгт тооцогдоно. Мөнгө угаах гэмт хэрэг гэдэг нь хулгайн гэмт хэргийн замаар эд зүйл олдсон гэдгийг мэдсээр байж, тухайн хүн өөрөө авсан, ашигласан, зарсан тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага оногдуулна. Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд “Мөнгө угаах” гэж бий. Үүний нэгдүгээр хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж, түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эззэмшигч, эд хөрөнгийн эрхийн нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг. Энэ гэмт хэргийг тогтвортой, бүлэглэж, албан тушаалтан албаны чиг үүргээ ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-гийн 2-р зэрэглэлийн төв болох Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих олон улсын тулааны урлагийн төв хамтран Зүүн хойд Азийн бүс нутгийн тулааны урлагийн форумыг энэ сарын 13-14-нд зохион байгууллаа.
Форумаар хүүхэд, залуучууд болон эмэгтэйчүүдэд тулааны урлагаар идэвхтэй хичээллэхэд тулгарч буй саад бэрхшээлүүдийг тодорхойлж, тэдгээрийг даван туулах арга зам, спорт тэр тусмаа тулааны урлагийг хөгжүүлж хөхиүлэн дэмжихийн ач холбогдлын талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх шинэ санаачилгуудыг гаргасан бөгөөд цаашид бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах боломжуудыг тодорхойлов.
Тус форумд БНАСАУ-аас ЮНЕСКО-ийн БНАСАУ-ын үндэсний комисс, БНАСАУ-ын таеквондогийн хороо, БНСУ-аас Сөүлийн үндэсний их сургууль, Солонгосын спортын шинжлэх ухааны институт, ЮНЕСКО-ийн БНСУ-ын үндэсний комисс, Тэккёны хадгалалт хамгаалалтын нийгэмлэг, БНХАУ-аас Хубэй их сургуулийн Биеийн тамирын боловсролын коллеж, БНХАУ-ын Нийслэлийн биеийн тамир, спортын их сургууль, Япон улсаас Жунтендо их сургууль, Олимп, паралимпийн зохион байгуулах Токиогийн хороо болон ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцож туршлагаасаа хуваалцлаа.
Форум нь БНАСАУ, БНСУ, БНХАУ, Япон улсын төлөөлөгчдийг нэгэн дор цуглуулж, тулааны урлагаар дамжуулан соёл хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг нэмэгдүүлэн тогтвортой хөгжил, энх тайван, шударга ёсыг цогцлооход хувь нэмэр оруулсан чухал ач холбогдолтой болж өндөрлөв
Ю.Цэдэнбал агсны хөшөөний нээлт Орхон аймагт өчигдөр боллоо. Ёслолын үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн анхдагчид, Ю.Цэдэнбалын төрсөн дүү Ю.Жавзан болон түүний төрөл төрөгсөд, хүндэт зочид оролцлоо. Ю.Цэдэнбал академи, Увс нутгийн зөвлөл санаачлан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олны дэмжлэгтэйгээр түүнийг хөшөө болгон мөнхжүүлсэн байна. Монгол улсын Засгийн газрын 2016 оны есдүгээр сарын 21-ний 94 дүгээр тогтоолоор тус компанийг Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосон.
Австралийн Монгол уран бүтээлч Heesco Мельбурн хотноо “Sky Burial” буюу үзэсгэлэнгээ нээж Монголын агаарын бохирдлын талаар мэдээлэл өгчээ. Тэрээр энэ үзэсгэлэнгээрээ Австрали улсын мэргэжилтнүүдийг Монголын агаарын бохирдлыг бууруулах талаар хамтарч ажиллахыг уриалсан байна.
Гудамжны урлаг буюу street art чиглэлээр бүтээл туурвидаг Heesco-гийн үзэсгэлэнг олон нийтэд хүргэхэд Мелбурн хотын ажил хэрэгч, сайхан сэтгэлт залуус цаг заваа гарган хэдэн өдөр сайн дураараа ажиллаж үйл ажиллагааг дэмжсэн ажээ. Түүний үзэсгэлэнг “Breathe Mongolia” байгууллагын хамт олон дэмжин ажилласан байна. Эдүгээ 20 настай уран бүтээлч Heesco “Sky Burial” үзэсгэлэнгээсээ олсон орлогоо дэлхийн хамгийн бохир агаараар амьсгалж өсч буй монгол хүүхдүүдийн төлөө зориулж, “Лантуун дохио” төрийн бус байгууллагын “Ид шидийн орон”-д хандивласан ажээ.
Барилга хот байгуулалтын яамнаас Ипотекийн зээлийн шинэ журмыг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар баталжээ. Шинэ журмыг ирэх оны эхний өдрөөс мөрдөж эхэлнэ.
Улсын төсвөөс олгох болон банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийг ипотекийн зээлд татан оруулахаар болсон нь хамгийн гол өөрчлөлт юм. Ингэснээр илүү олон иргэн энэ зээлд хамрагдах боломжтой. Ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд нэг жилд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөг 500 тэрбум болж нэмэгджээ.
Орон сууцанд амьдрах иргэдийн тоог өсгөснөөр агаар, орчны бохирдлыг бууруулна гэж гүйцэтгэх засаг үзэж байна.
Зээлийг Монголбанкаар дамжуулан банкуудад олгоно. Шинэ журам мөрдөж эхэлснээр банкууд дараах үүргийг хүлээж байна.
- Зээлийн өргөдөл хүлээн авахаас үндэслэлгүй татгалзах,
- Иргэдтэй зээлийн үндсэн төлбөрийг урьдчилан төлөх нөхцөлгүй, төлсөн тохиолдолд торгууль, шимтгэл, хураамж ногдуулах нөхцөлтэй гэрээ байгуулахгүй.
Энэ зээлд хамруулах орон сууцны талбайг 80 м.кв хэмээн хязгаарласан. Энэ хэмжээг өсгөвөл борлуулалт нь зогссон олон барилга хурдан эзэнтэй болно гэх шүүмжлэл их өрнөдөг. Гэвч шинэ журамд талбайг хуучин хэвээр нь баталжээ. Гэхдээ зээлд хамрагдах хүсэлтэй иргэд дараах шаардлагыг хангасан байрнаас сонголтоо хийнэ:
- Аймаг, нийслэл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан орон сууц,
- Инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй, нийт талбай нь 120 м.кв-аас ихгүй амины орон сууц байна.
- Амины орон сууц барих зорилгоор зээл авах бол 60 сая хүртэл төгрөгийн зээл олгохоор журамд тусгажээ.
Зээлийн нөхцөлүүд:
- Зээлийн хугацаа 360 хүртэл сар,
- Жилийн хүү найман хувь,
- Урьдчилгаа төлбөрийн хэмжээ тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувиас багагүй, зээл үнэлгээний харьцаа 70 хувиас ихгүй байна.
- Зээлдэгчийн төлөх сар бүрийн төлбөр нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй,
- Төлбөрөө урьдчилан төлсөн тохиолдолд зөвхөн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс хорогдуулж тооцно.
- Зээлдэгч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, хугацаа хэтэрсэн зээлийн өр, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй, өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон улсын бүртгэлийн лавлагаатай, өмнө нь зээлд хамрагдаж байгаагүй, барьцаатай байх ёстой.
Амины орон сууц барихаар зээл хүсэгч нь дээрхээс гадна орон сууц барьж байгаагаа тодорхойлуулсан, барих газар нь өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн, эзэмших эрхийн хугацаа нь зээлийн хугацаанаас багагүй байна.
Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмнэлгийн зааварлагч нар “Мэдлэг, ур чадвар дээшлүүлэх” сэдэвт сургалтад энэ сарын 10-14-ний өдрүүдэд хамрагдаж, гэрчилгээгээ гардлаа. ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвөөс Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулсан тус сургалтад 30 орчим эмнэлгийн зааварлагч хамрагдаж, амилуулах суурь тусламж, зоонозын халдварт өвчний тархалт, халдварын үеийн хариу арга хэмжээ, хоол хүнсээр халдварлах өвчнүүдээс урьдчилан сэргийлэх талаар онолын мэдлэгээ дээшлүүлж, харилцан туршлага солилцсон юм.
Мөн сургалтад хамрагдсан алба хаагчид Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэж, сувиллын тусламж үйлчилгээнд хамрагдлаа гэж ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвөөс мэдээллээ
БНХАУ-ынГуанжоу хотноо өнөө, маргааш буюу 12 дугаар сарын 15-16-нд жүдо бөхийн ”Гуанжоу Мастерс-2018” тэмцээн болж шилгүүдээ тодруулна.
Тэмцээнд жин тус бүрийн чансаа өндөр 16 бөх оролцох бөгөөд энэ жил 53 орны тамирчид хүрэлцэн иржээ. Тус тэмцээнд манай эрэгтэй жүдочдоос 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д Г.Хэрлэн, Д.Алтансүх, 73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар,81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, -100 кг: Л.Отгонбаатар, +100 кг: Ө.Дүүрэнбаяр нар хүч үзэх бол эмэгтэй жүдочдоос 48 кг-д М.Уранцэцэг, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Б.Мөнгөнчимэг нар барилдана. ”Гуанжоу Мастерс-2018” тэмцээний шагналын сан 300.000 доллар юм.
1-р байр: 9000 доллар (тамирчин: 7200, дасгалжуулагч 1800)
2-р байр: 6000 доллар (тамирчин: 4800, дасгалжуулагч 1200)
3-р байр: 3000 доллар (тамирчин: 2400, дасгалжуулагч 600)
УИХ-ын ахмад гишүүд чуулганы хуралдааныг бойкотлох ажлыг зохион байгуулж байгаа. Тиймээс тэдэнд шаардлага хүргүүлсэн талаар гишүүн Ё.Баатарбилэг, А.Ундраа, Н.Амарзаяа нар мэдээлэл хийлээ. Тэд Шадар сайд Ө.Энхтүвшин, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ч.Улаан нарт шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагад “….УИХ-ын үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулах үйл ажиллагааг хамгийн олон удаа сонгогдсон эрхэм төрийн түшээд, ахмад гишүүд та бүхэн манлайлан зохион байгуулж байгаад бид гүнээ харамсаж байна. Та бүхэн өөрсдийн улс төрийн явуургүй, хувиа хичээсэн, арга ядсан, хоцрогдсон ч гэсэн гаршсан башир аргуудаараа шинэ сонгогдсон залуу гишүүдийг турхиран, хооронд нь сөргөлдүүлж, УИХ-ын тасралтгүй үйл ажиллагааг боогдуулж, улс төрийн мухардмал нөхцөл рүү түлхэн оруулсан явдал нь Монголын парламентын түүхэнд хар толбо болж, та бүхний нэртэй хамт данслагдахыг зориуд сануулъя…” гэжээ. Тиймээс УИХ-ын гишүүний үүрэг, тангарагаа биелүүлж, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд тасралтгүй суухыг Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нараас шаардлаа. Харин шаардлагыг биелүүлэхгүй бол УИХ-ын гишүүнээс татгалзах шаардлагыг тойргийнх нь сонгогчидтой хамтран тавина хэмээн мэдэгдлээ. УИХ-ын үйл ажиллагаа хэдэн долоо хоног дамнан тасалдаж байна. Гишүүд хуралдаа ирэхгүйгээс ирц бүрдэхгүй, чуулганы хуралдаан хойшилсоор буй. Харин гишүүд хуралдаанд ирэхийг хориглож, сууж болохгүй хэмээн загнаж буй хүн нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гэнэ. Мөн бойкотыг зохион байгуулж, бичиг баримтыг өөрийн гараар редакторлож байгаа эрхэм нь Шадар сайд Ө.Энхтүвшин гэдгийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэллээ. Мөн тэрбээр олон удаа парламентад суусан энэ хүмүүс МАНАН-г үүсгэгчид, шударга бусын хонгилыг бий болгогчид юм байна. Дахиад шинээр МАНАН үүсгэж байгаа эзэд гэдгийг хэлэв.