Дэд професор Х.Ариунаатай ярилцлаа.
-Анх хэрхэн багш мэргэжлийг сонгох болсон бэ?
-1996 онд ШУТИС-ийн КТМС-д оюутан болж элсэн орж байлаа. Тухайн үед хамгийн өндөр оноотой хүүхдүүд менежмэнтийн ангийн хуваарийг авдаг байв. Дээр үеийн нэршлээр манай сургуулийг хурган дарга нарын сургууль ч гэж ярьдаг байсан. Тэр үеийн оюутан байх одоогийн оюутан байх мэдээж өөр. 1996 онд гэхэд интернэт байхгүй. Айл өрхүүд компьютергүй. 2000 онд их сургуулиа төгсөөд 2001 оны хоёрдугаар сараас сургуульдаа багшилж эхэлсэн. Намайг оюутан байхад залуу багш нар ховор. Ихэнх нь 40 орчим насны, хойно сургууль төгссөн багш нар хичээл заана. 1997 онд КТМС маань кредит системд шилжиж байсан.
-Багш болох таны багын хүсэл мөрөөдөл байв уу?
-Тухайн үед би өөртөө өндөр шаардлага тавьсан л даа. Намайг сурч байхад бизнесийн байгууллагууд ямар хэмжээнд байсныг хүмүүс мэдэх байх. Нөхцөл байдал одоогийнхоос шал өөр байсан. Тухайн үед хаана ажиллах нь надад хэрэгтэй вэ гэж бодсон. Манай аав, ээж хоёул физик-математикийн багш мэргэжилтэй хүмүүс, тиймээс ч багш болохын үүрэг, хариуцлага, тэр мэргэжлийн сайхныг би мэднэ. Гэхдээ өөртөө итгэлтэй байгаагүй. Тэр үед манай тэнхимийн эрхлэгч Хадын Пүрэвдагва багш минь намайг анх цагийн багшаар авч байлаа. Тэр үед залуухан буюу дөнгөж сургуулиа төгсөөд сургуульдаа багшаар үлдэх нь ховор. Цагийн багшаар нэг семистр ажиллаж, дараа нь дагалдан багш, багш, ахлах багш, 2012 оноос дэд профессорын албан тушаалд ажиллаж байна. 2008 онд докторын зэргээ хамгаалаад, профессор цолоо 2012 онд авсан. Нийтдээ 18 дахь жилдээ багшилж байна даа.
-Багш бүрт өөр өөрийн арга барил байдаг. Та ямар арга барилаар оюутнууддаа хичээл заадаг вэ?
-Тэгэлгүй яахав. Багш бүр өөр өөрийн гэсэн арга барилтай. Оюутны үгээр хэлбэл “хатуу чанга”, “найрсаг зөөлөн” гэх мэт. Энэ бүхний цаана менежмэнт явж байдаг. Хэрвээ тухайн оюутнууд заавал шийтгүүлж, загнуулж байж хөдөлж байна гэдэг бол ухамсар мэдлэгийн түвшин доогуур байгааг илэрхийлж байгаа юм л даа. Багшлаад таван жил болсны дараа л би “багш нь” гэж хэлдэг болсон. Залуухан, мөн “Олон улсын бизнесийн менежмэнт” гэсэн шинэ мэргэшлийн анхны найман төгсөгчийн нэг нь би байсан. Заасан анхны хичээл маань “Олон улсын эдийн засаг”мэргэшүүлэх хичээл байлаа. Орос хэлээр тухайн мэргэжлийнхээ номыг аваад үзэхээр нөгөө ном нь таван жилийн өмнөх англи хэлнээс орчуулсан байх жишээтэй. Англи номоо захиж авчруулаад орчуулж байсан. Англиар орчуулга хийх чадвар минь тийм сайн, чөлөөтэй байгаагүй учраас оросоос англи руу толь бичиг ашиглаж орчуулдаг байлаа. Хичээлээ маш их бэлдэх хэрэгтэй болдог. Өчигдөрхөн оюутан байсан хүн самбар дээр тэр олон графикуудыг зурж тайлбарлана гэдэг хүндрэлтэй. Багш болох гэж байгаа учраас ахлах багш М.Оюунцэцэг багшийгаа дагалддаг байлаа. Багш маань ч хичээлд минь сууж хяналт тавина, тогтмол зөвлөгөө зөвлөмжийг өгнө. Зааж байсан хичээлүүдийн онцлогоосоо хамаараад өөрийгөө таван жилийн дараа багш болсон гэж үзсэн дээ. Тэрнээс өмнө бол өөрийгөө болоогүй л гэж боддог байлаа. Хүн болгон өөр. Зарим нь багш болонгуутаа л “Багш нь” гэх үгийг хэрэглэдэг.
-Та хэр олон шавьтай вэ?
-Мэдээж шавь нараа тоолж үзээгүй. Зөвхөн бакалаврын хөтөлбөрт “Олон улсын бизнесийн менежмэнт” мэргэжлээр 250 гаруй оюутан, “Маркетингийн менежмэнт“ мэргэшлээр мөн тооны оюутнуудыг энэ хугацаанд төгсгөсөн.Маш олон чадварлаг менежерүүд төгссөн. Тухайбал, төгсөгч Б.Ангараг гээд оюутан маань 4,0 голчтой төгсөж байсан. Багш нарыгаа үнэхээр гайхшруулж байсан. Одоо тэр маань “Боса Импекс” компанийн гүйцэтгэх захирал хийж явна. Одооч 4,0 голчтой төгссөн оюутан байхгүй. Ямар ч багш шавийнхаа амжилтаар бахархадаг. Энэ бэлэг ямар ч бэлгээс илүү үнэтэй эрхэм зүйл.
-Өнөөгийн боловсролын түвшин ямар байна вэ?
-“Тогтвортой хөгжлийн боловсролын зорилго нь хүмүүсийг байгаль орчны хувьд эко системээ хадгалсан, нийгэм-соёлын хувьд шударга, эдийн засгийн хувьд үр ашигтай, бодлогын хувьд тогтвортой нийгмийг цогцлоон байгуулах мэдлэг, чадвар, үнэт зүйлс, хандлага, төлөвшилтэй болгоход оршдог.Манай улсын хувьд аль ч түвшинд, аль ч салбарт, аль ч нэгжид энэ зарчмыг, энэ үзэл санааг баримталбал улс орон маань илүү тогтвортойгоор, ямар нэг золиос хохиролгүйгээр хөгжинө гэдэгт итгэлтэй байдаг.
-Энэхүү мэргэжил нийгэмд хэр үр нөлөөтэй вэ?
-Европын орнуудад дөрөвдүгээр ангиас нь хүүхдийг шигшдэг. Сурлага сайтай сурагчид лицейд, цаашлаад их сургуульд суралцдаг. Тэнд байгаа монголчуудын хувьд арай л бага насанд нь шигшиж байна уу гэдэг. Дунд, доод ангилалд багтлаа гээд манайхнаар МСҮТ, коллежд орж төгссөн ч тэдэнд ажлын байр, амьдралаа авч явах бүрэн баталгаа байна. Манайд бол өөр. Гарын ур дүй шаардсан ажлууд илүү өндөр цалинтай байдаг. Бүгд дээд боловсролтой болохыг эрмэлзэнэ, дээд боловсролыг эзэмшсэн ч тэр нь амьдрал ахуйгаа авч явах бүрэн баталгаа болж чадахгүй байна.Дээр дурдсан Тогтвортой хөгжлийн боловсролоор ч энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Тогтвортой хөгжлийн боловсролын цөм нь юмс, үзэгдлийн нэгжид биш тогтолцоонд төвлөрч танин мэдэх оролцоо, ойлголцол зөвшилцлөөр шийдвэр гаргах ёс зүй нийгмийн зохион байгуулалтын бүх түвшинд нэвт хэрэгжих менежмэнтийн ур ухааны цогц юм.
Манай мэргэжлийн онцлогийг “нисвэл ниснэ, зогсвол унана” үгээр зүйрлэж болно. Энэ нь бүс нутгийн даяаршил, интеграцичилал нэмэгдэж, олон улсын хөгжил, хурдацтай өөрчлөлт, хөдөлгөөнийг алдалгүй зэрэгцэн оршиж байхын тулд энэ мэргэшлийг сонгосон хүмүүс түүнээс илүү хурдтай таниж мэдэх, сурч боловсрох, мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай гэж үздэг. Хэрэв зогсох юм бол бид хоцрох болно. Энэ мэргэжлийг сонгосон оюутнууд ирээдүйн манлайлагчид болдог.
-Багш хүн ямар байх ёстой вэ?
-Багш болох гэж байгаа хүн багшийн ёс зүйтэй байх ёстой. Менежмэнт, бизнесийн хөгжлөө даган багш хүн байнга өөрийгөө хөгжүүлж байх ёстой. Эрдэм шинжилгээ, судалгааны чанартай ажил гүйцэтгэхээс гадна, заадаг хичээлээ ч онол, практик, сурган заах арга зүйн шинэлэг, идэвхтэй арга зүйг хэрэглэдэг байх ёстой. Заадаг хичээлийнхээ онцлогоос хамааруулж гадаадын нэр хүнд бүхий, олон улсад магадлагдсан их дээд сургуулиудад тухайн хичээлийг ямар аргаар, агуулга, сурах бичгээр орно би тэр бүхнийг хэрэглэх, оюутнуудаасаа ч ижилхэн шаардлагыг тавьдаг байсан. Мөн боловсролын сэтгэл судлаач Бенжамин Блуумын боловсруулсан таксономид танин мэдэхүйн зөвхөн сэргээн санах, ойлгох, хэрэглэх түвшинд сургалтыг явуулах нь учир дутагдалтай харин задлан шинжлэх, үнэлэх, бүтээх түвшинд оюутанд мэдлэг чадварыг олгох нь чухал. Энэ түвшний чадварыг олгохыг багш зорьдог. Би өөртөө зааж буй хичээл минь олон улсад ч адилхан үнэлэгддэг байх, бичсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажил маань ч олон улсад хүлээн зөвшөөрөгддөг байхыг эрхэмлэдэг. Оюутнууддаа ч ийм шаардлагыг буюу англи хэл дээр илтгэлээ бичихийг санал болгодог. Багшийн ёс зүйд мөн оюуны өмчийн хулгайн асуудал ч мөн багтана. Манай улсад монгол хэл дээрх эрдэм, шинжилгээ, судалгаа, бүтээлийн мэдээллийн нэгдсэн сан байхгүй учраас тухайн шинээр гарч буй бүтээл хэдэн хувь нь хуулбар, хэдэн хувь нь шинэ мэдлэг, үр дүн-бүтээл болохыг мэдэх боломжгүй байна.
-Та хэдэн ном бүтээл гаргаж байсан бэ?
-“Олон улсын эдийн засаг”,“Олон улсын санхүүгийн менежмэнт”, “Валютын ханшийн хэлбэлзлийн судалгаа, үр дүн” гэх зэрэг сурах бичиг, олон арван гарын авлагатай. Бүтээлийн жагсаалт гэвэл гурав, дөрвөн хуудас болно.
-Мэргэжлээ сонгоод ороод ирчихсэн оюутнуудад багш хүний чиглүүлэх үүрэг их байх, тийм үү?
-Оюутнууд өөрийн сонголтоороо бус аав ээжийнхээ сонголтоор ч юм уу, найз нөхдийнхөө сонголтоор мэргэжлээ сонгоод ороод ирдэг. Тэдэнтэй манай зөвлөх багш нар маш сайн ажилладаг. Манай сургууль ангийн системгүй болохоор зөвлөх багш л чиглүүлэгч, туслах болдог. Оюутан хэр түвшний мэдлэгтэй байх, ямар төлөвшил хандлагатай байна, түүнийг багш хүн л удирдан чиглүүлж, үлгэрлэж, дагуулж ажиллах ёстой гэж үздэг.