Энэ сарын 14-16-ны хооронд “World Bodybuilding and Physique Sports Championship 2018” тэмцээн болж өнгөрлөө. Тайланд улсын Чингмай хотод болж өнгөрсөн 10 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах уг тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Үүнд, “Women’s Athletic Physique up to 165 cm” болон “Women’s Athletic Physique +30” ангилалд Г.Угалзцэцэг хос алтан медаль хүртэж дэлхийн дөрөв дэх удаагийн аварга болсон бол Г.Гансаруул дэлхийн аваргын мөнгөн медаль, “Women’s Sports Physique over 165 cm” ангилалд тамирчин Х.Болорчимэг хүрэл медаль, “Women’s Model bikini” төрөлд М.Мойлоо хүрэл медаль, “Women’s Model Physique up to 160 cm ангилалд Б.Мѳнхчимэг мѳнгѳн медаль хүртлээ. Харин эрчүүдээс “Men’s Sport’s Physique up to 180 cm” ангилалд Ж.Баянмѳнх мѳнгѳн медаль, “Men’s Fitness Physique over 170 cm” ангилалд хүрэл медаль тус тус хүртэв, “Men’ Sport Physique up to 170 cm” ангилалд Б.Лхагвадорж мѳнгѳн медаль, “Men’s Sports Physique up to 175 cm” ангилалд Э.Батдорж шагналт V байранд шалгарлаа. Мөн “Men’s Sports Physique over 180 cm” буюу хамгийн ѳндѳр ангилалд М.Эрхэмбаяр шагналт IV байр, Х.Мѳнхбилэг шагналт V байрт тус тус шалгарсан байна.
Month: December 2018
Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтэд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Шинэ жилээр олныг хамарсан үйл ажиллагаа ихээр зохион байгуулагддаг. Энэ үеэр эрсдэл бага байлгах үүднээс цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, замын цагдаагаас чиглэл чиглэлээрээ хяналт шалгалтын ажлыг явуулж байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас гэхэд томоохон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа ресторан, зоогийн газрууд дээр галын аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийж байгаа. Мөн шинэ жилийн баяртай холбогдуулан иргэд, ААН-үүд өөрсдийн зохион байгуулж буй арга хэмжээнүүд дээр пиротехникийн хэрэгсэл хэрэглэдэг. Үүн дээр мөн анхааруулга, сэрэмжлүүлэг хүргүүлж байна. Энэ чиглэлийн эрх зүйн орчин хангалттай байдаг. Пиротехникийн хэрэгсэл худалдах, зөөвөрлөх, хадгалах эрхтэй хоёр ъомпани байдаг. Эдгээр компаниуд цаашдаа үйл ажиллагаа явуулахдаа харьяа Онцгой байдлын газарт гурваас доошгүй хоногийн дотор хандаж улсын байцаагчийн хяналт дор явуулдаг” гэв. Нийслэлийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах ажил хариуцсан дэд дарга И.Баттөгс “Цагдаагийн байгууллагаас “Шинэ жил” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлээд байна. Хууль сахиулах газраас 361 оюутныг эргүүлд нэмэлтээр ажиллуулж байна. Пиротехникийн хэрэгслийг гар дээрээс хууль бусаар худалдаалахтай холбоотой үзлэг шалгалтыг нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран зохион байгуулж байна. Гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл ердийн үед 1600-1700 ирдэг байсан бол шинэ жилийн баярын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдоод 2000 гарч нэмэгдээд байна. Энэний хүрээнд цагдаагийн байгууллагаас хүчээ нэмэгдүүлэн ажиллаж байна.
ААН, байгууллагуудын камержуулалтыг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байна” хэмээв.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Манай байгууллагаас шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан дөрвөн чиглэлээр хяналт шалгалтын ажил хийж байна. Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын нөхцөл шаардлага хангахгүй, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан зэрэг зөрчлүүд голлон гарч байсан. Томоохон зоогийн газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийгээд зөрчил дутагдлыг арилгахыг анхааруулах, зөвлөмж өгөх, хугацаатай албан шаардлага хүргүүлж ажиллаж байгаа” хэмээлээ.
Уншигч та бүхэндээ
зориулан жороо морь судлаач Д.Эрдэнэхуягийн бичсэн “Монгол жороо морь” номыг
цувралаар хүргэхээр бэлдлээ. Адуу сонирхогч хэн бүхний сонирхолыг татах энэ
бүтээл та бүхэнд таалагдана гэдэгт итгэж байна.
ЖОРОО
СУДЛАЛЫН УУГАН ХҮҮ
“Жороо судлал” гэж дэлхий дээр хаана ч аль ч улсад, аль ч шинжлэх ухааны салбарт өнөө хэр байхгүй. Байхгүй юм гарч ирж байгаа бол тэр анхдагч мөн. Жороо судлалын ууган хүү төрсөн нь уншигч таны гар дээр очиж байна. Түүний эцэг нь толилуулан буй номыг бичсэн Д.Эрдэнэхуяг. Тэгэхээрээ монголын уламжлалт мал аж ахуй эрхлэх ухааны тайлагдаагүй танигдаагүй байгаа олоон нууцсын нэгний хаалгыг энэ хүн анх түлхүүрдэн нээлээ.
“Жороо” гэдэг морины явдал, үүнд нууцсаад байх юмгүй мэтээр хүмүүс, тэр дундаа гадаадынхан хөнгөмсгөөр бодож болох юм. Тэгвэл өрнөдөд “Пассаж”, “пиаффе” гэдэг морин спортын эрдмийн тухай хэдэн зуугаар тоолох ном, судалгаа янз бүрийн хэлээр хэвлэгдсэн нь үнэн хэрэгтээ морины явдлын тухай судлал юм. Тэгвэл “жороо” гэдэг морин эрдэм нь өнөө хүртэл өөрийн гэсэн судлагчаа хүлээж малчин монголчуудын цээжинд оршсоор ирлээ. Цээжний тэр номыг цаасан дээр буулгаж гарын ном, ширээний ном, шинжлэх ухааны ном болгох анхдугаар ботийг малчны хөвгүүн Д.Эрдэнэхуяг хоёр мянганы уулзвар дээр бүтээн гаргалаа.
Монголчууд адууг гаршуулж хүний хамгийн эрхэм туслагч болгосон анхдагч ард түмний нэг. Тийм учраас морь гэдэг үг Номхон далайгаас Балтийн далай хүртлэх өргөн уудам дайдад орших олон хэлтний үг ярианд гүнзгий нэвтрэн өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Түүгээр ч барахгүй өрнөдийн орнуудын цэргийн жанжины дээд цол болох “маршал” хэмээх үг морь гэдэг монгол үгнээс гаралтай гээд л бодоод үзэгтүн. Морь гэдэг үгийг Исланд хүмүүс “маарр”, эртний герман овогтнууд”марах” Англосаксонууд “имэрх” гэх мэтээр монголчуудаас тогтоож авчээ. Тэгээд морь адгуулдаг хүнээ “Мархскалс” гэдэг байж. Тэр л хэвээрээ эртний Франц хэлэнд нэвтрэн “маршал” болж аажимдаа цэргийн дээд цол болон хувирчээ. “Агтчин”, “адуучин” буюу “морь адгуулагч” гэдэг нь тэр дээр цагт нэн чухал хүн байсан байж таарна. Тийнхүү аажимдаа “маршал” цол буй болсон нь эргэлзээгүй нотлогдсон зүйл билээ. Тэрэн шиг “жороо морь” гэдгийг мөн л монголчуудын буй болгосон нэр томъёо хэмээн үзэхээс өөр аргагүй. Алс замын зүг Солонгосын хойгийн урд үзүүрт Чэжү арлынхан одоо болтол цөөн тооны адуу маллаж байх бөгөөд тэр дотроо жороо морийг мартаагүйгээр барахгүй уул үгийг ч “Жора мари” гэж эртний монгол аялгуугаар нь хэлдэг хэвээрээ байхад бүүр баруун хойд зүгт мөсөн далайн наахна буй Исландчууд мөн л морийг “маарр” гэж дууддаг хэвээрээ бөгөөд энэ хоорондын асар уудам зайд хоёр тив, хоёр далайг хамарсан үлэмж том газар нутагт хэдэн зуугаар яриад ч барахгүй олон сая хүн аж төрж байна.
Яг тэг дундаас нь Орос улсыг аваад үзэхэд л тэдний хэлэнд морь гэдэг үг “мерин” гэдэг дуудлагаар (дүрвэд аялгуу) одоо ч хэрэглэгдсээр байна. Дундад Азийнхан, өргөн Сибирийнхэн “морь”, “жороо морь” гэдэг үгийг андахгүй. Нутгийн аялгууны хувьд бага зэрэг өөрөөр дуудагдах боловч үгийн утга алдагдсангүй. Тухайлбал, Саха буюу Якут хавийнхан жороог “чороон” гэнэ. Одоо тэдэнд жороо морь ховордсон боловч “жороо хундага” нь үлджээ. Юу гэвэл Якутад ”чороон” гэдэг хусан модон сөн буюу манайхны хул аягийн нэгэн төрөл өнөө ч хэрэглэгдсээр, Якут үндэстний зочломтгойн бэлэгдэл болсоор байна. “Чороон” гэдэг сөн хундгыг атганд багтах хэмжээний бүдүүн хус модноос тайран авч голруу нь ухаж хундага хэлбэртэй болгон доод талд нь нарийссан шилбэтэй бас ширээнд тавьж болох тулгуур хөлтэйгээр уран сийлбэрээр чимэн хийдэг байна.
Түүнд дүүргэсэн гүүний айргийг нэг хүн ууж барахгүй тул тойруулан хувааж уудаг байжээ. Үүгээрээ манайхны “жороо хундага” гэдэгтэй яг ижил юм. Нэр нь ч “жороо”, “чороон” гэсэн уул дуудлагаараа үлджээ. Энэ бүхнийг эргэцүүлэн бодоход “жороо”, “жороо морь” гэдэг нэр томъёо маш эртний, бас тэгээд цэвэр монгол гаралтай нь зайлбаргүй. Монголчууд морийг олон зориулалтаар өсгөн үржүүлж, цэргийн буюу баатар эрийн хүлэг, хаад ноёдын унаа, харц ардын унаа, уралдааны хурдан морь, хурим найр, баяр цэнгэлийн унаа, бүсгүй хүний морь, хүүхдийн болон хонины морь гэхчилэн олон төрлөөр ялгаруулан үржүүлж, дасгалжуулсаар иржээ. Тэр дотроос “жороо морь” ихээхэн эрхэмсэг хүлгийн тоонд орж байсан нь өнөөг хүртэл уламжлагдсаар үндэсний ухамсрын нэгэн салшгүй хэсэг болжээ.
Жороо морины тухай үлгэр туульс, ардын дуу, зүйр цэцэн үг, сургаалын баялаг өв сан гагцхүү монгол эсгий туургатанд л байгаа билээ. Ардын аман зохиолын олон төрөл зүйлд байраа эзэлж монгол үндэстний гоо сайхны үзэл баримтлалын нэгэн үзүүлэлт болж дэлгэрсний хувьд ч гэсэн жороо морины тухай ойлголт гүнзгий ардач шинжтэй юм . Жороо морины явдал нь “усан тэлмэн жороо, хонин жороо, хулан жороо тэрч байтугай сайвар жороо, салга жороо” гэх мэтээр сайн болоод саар талыг хэлсэн маш нарийн утгаар зүйлчлэгдсэн байдаг нь арга байхгүй л ардын маань “мал шинжих ухааны“ салгаж болшгүй нэгэн мөч нь мөн билээ. Харин ардын энэ хүү “морь шинжих ухааныг” орчин үеийн арга барилаар судалж, өнөө цагийн судалгааны эргэлтэд оруулах ажил дутмаг, ер нь “цагаан зай” байсныг анзаарч олон талаас нь цогцолбор аргаар судлан ном бичсэний хувьд Д.Эрдэнэхуяг мөнөөхөн зайг эзэн биетэй, эрдэс баялагтай болголоо. Дээлийн хаваас сугармаар усан тэлмэн жороо морины жигд сайхан явдал шиг жороо морь судлалын тань анхны дуулал улам улмаар хурд нэмэн жигдрэх болтугай.
Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч,
Хөдөлмөрийн баатар Л.Түдэв
НОМОНД БАРИХ ҮГИЙН УУРГАЧИЙН
УЯЛГА
Морь, жороо морь гэхээр үлгэрийн үг хэллэг юм уу, эсвэл цэнгэл наадамд хүмүүс цугларч, бас айраг цэгээ дэлгэрч байдгаар чимэн төсөөлөвч, хүч тамир гаргаж, хүнд хүчир үйлдэл дунд эзэнтэйгээ хамт оролцон ямагт ялалтын эзэн явсан морьдыг тодруулсан номын удаахаа Д.Эрдэнэхуяг “Монгол жороо морь” гэж нэрлэлээ. “Жороо”-г дээлийн хаваас ханзлах, тэн дээсний тэшим хүчлэх ширүүхэн, бугуйл орхим, нэг нүүрийн газар хаях гэсэн үг хэллэгүүд тодчилдог аж. Тэрээр адуу адуунаас өөр явдлын үг хэллэгийг жороод хэлж, Шаргын шаргын жороо гэх юм уу “жороогийн хурдан хонгор” хэмээн үгийн жороог үүсгэж байж ярилцдаг билээ. Адуучид хоорондоо “жороо суулгах”, “нохой цогио”-г засах, гэхчилэн солгой сондгойролын мэдрэмжтэй холбогдох сулдаа ганхан явалтыг ч уяаны чимэг, шонгийн морьдын зүйл болгосоор ирсэн юм. Эдгээр нь орхиул яриа, хаямаг араншин биш явж явж жороо адууны онцлог бөгөөд суудлын засал, шившлэг домын оролцооны үр өгөөж, малчин эздийн төрхтэй бас холбогддог.
Ажнай хүлгийн “судар” ч, дүү Д.Эрдэнэхуяг ч “Монгол жороо морь”-доо түүхлэн судалж номын “галд” барьж анхны уяа сойлтыг нь аятайхан тааруулсныг “үгийн уургач”-дынхаа өмнөөс мялаалгын уялга үг бичиж өгсөн юм.
“Морины нас” гэгдэх миний бага нас өвгө аав, “туулай” хочит Данаагийн Очирын хурдан жороо бор морины нуруун дээр өссөнөө эргэн дурсахад хүргэснээр Д.Эрдэнэхуягийн “Монгол жороо морь”-дын уяа руу түүнийг хөтлөн ирэв. Жороо бор морь аймагтаа түрүүлж Их шанхын хурдан буяны дотор тоосоо гарган жолоогоо удаа дараа өргүүлсэн юм. Жороо борыг унаж шанхын хурдаар алдаршсан нутгийн уяачдын дунд ийнхүү зуншдаг байв.
Шанхын говь, Цэций нутгийнхан “зуун алаг адуу”-гаар бүтээлгэсэн адууны тэнгэрийн “Шүрэн Гомбо” бурхантай байсан юм. Түрүү морины эзэд дамжуулан хадгалж сүргийн тэнгэрийн тайлга зохион байгуулж, гүү барих, унага тамгалах, морь уралдуулах зэрэг адууны том том баярын үед “Ар цагаан овоо”, “Өгөөмөр хайрхан” зэрэг таван тахилгат газрын бэлчээрт бурхнаа залан байрлуулж баяр наадамддаг байв. Сүүлд нутгийн ард уяач Ёндон хамбын сойвон явсан С.Лхасранд морь нь түрүү магнайлсны учир шүрэн гомбо бурханаа ёс төртэйгээр олон уяач нараас шилжүүлэн барьсныг миний үеийнхэн “морины хүүхэд” насандаа унасан хүлгийнхээ өмнөөс өрсөн харж хоцорсноор зөнч бага нас минь, сургуулийн насаар солигдсон түүхтэй. Ийнхүү адуунаас холдож, харин түүний “Хийморь”-ийг хүлэглэж яваа билээ. Жороо морь ярина гэдэг ч нэг уяач, эсвэл нэг нутаг ус бус юм гэх талаас нь Д.Эрдэнэхуяг гаргаж танин мэдүүлсэн баримттайгаар номоо бичсэн байна. Азаргатай хүн гүү хардаг юм даа хэмээдэг шиг “Монгол жороо морь”-доо цуглуулсан Д.Эрдэнэхуягийн номын уурга нь урт байж аргагүй л цугларсан олонтой, “Морины их өргөө”-нд биднийг танилцуулж байна даа.
Үгийн “уургачид”-ын ур ухаан жороо морьдын соёлыг үүсгэсэн нь эртнээс юм. Жороолох явдлыг урлагт “Доголон жонон”-гоор эхэлдэг гэдэг. Цэрэг цургын эрхтэн дархтаны унааг “жонон хар”-аар зүсэлнэ. “Монголын нууц товчоонд” дүрслэгдсэн ганц хар морь үүрэгтэй. Ард иргэд түүнийг “ногоон” болгож зүсэлсэн байдаг. Морин хуур хөгжмийн толгойг ч ногооноор өнгөлж хар хоргүй байх энх амьдралын бэлгэдэл болгоно. Аман дүрслэлд үргэлж гардаг “жонон” гэсэн үг бол Жонон гүнгийн холбогдолгүй. Харин жороо гүүний холбогдолтой угшил гарвалын үг шүү дээ. Дуунд гарах “Хэрлэнгийн барияа”-г хэн тайлж гаргав. Яг үүнтэй адил хангал битүүгээрээ л үлдээд адуун сүргийн бэлчээрт жороолох аялгуу эгшгийг гайхалтайгаар хөглөн чимэх нь үүрсэх хүлгийн усан тэлмүүн явдлыг санагдуулна. Харин Д.Эрдэнэхуяг нутаг нутгийн жороо морьдыг уяачдын гал галаас нь сонгон барьж монгол жороо морьдын түүхээр сайхан ном хийжээ. Харин би адуун соёлын бүтээлд орж мөнхөрсөн жороо морьдтой энэ номыг холбосон уялга үгээр гараа болгож уншигч таныг тоосрон ирэх морьдын барианд урья. Түрүү магнайг хүлээн догдлох уяачийн адил, сэтгэлийн хүлэг хурдлах болтугай.
Профессор Д.Хүү
/МЗЭ-ийн шагналт, утга зохиолын шүүмжлэгч/
МОНГОЛ ЖОРОО МОРИНЫ СУДЛАГДСАН БАЙДАЛ
Уг төрөгсөн ургаа жороо
Улам хойноо сунам жороо
Ураа газар урсам жороо
Усан тэлмэн уран жороо
\Жороо морины магтаалаас\
МОРИНЫ ЯВДЛЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ
ОЙЛГОЛТ
Газрын гадаргуу дээгүүр адууны өөрийгөө удирдан хөдөлгөх явцыг морины явдал гэж нэрлэх бөгөөд адууны бүх явдлыг төрөлхийн ба сурсан гэж хоёр үндсэн хэсэг болгон хуваана. Адуунд эхээс төрөхдөө л байсан бөгөөд хүмүүсийн оролцоогүйгээр адуу өөрийгөө удирдан хөдөлгөх явцыг төрөлхийн гэнэ. Адууны төрөлхийн явдалд гэлдэргээ, хатиргаа, цогио, давхиа, унаган жороо зэрэг орно. Харин хүний оролцоотойгоор зориуд сургаж бий болгосон явдлыг сурсан явдал гэнэ. Сурсан явдалд спортын болон уран хэмнэлт явдал болох пассаж, пиаффе, ормол жороо зэрэг багтдаг.
ТӨРӨЛХИЙН ŸВДАЛ
Гэлдэргээ
Адууны гэлдэргэх үедээ буруу талын урд хөлөө урагш зөөхийн хамт даруй зөв талын хойд хөлөө зөөж тавиад дараа нь зөв талын урд хөлөө урагшнь зөөхийн хамт буруу талын хойд хөлөө урагш нь тавьдаг байна. Адууг гэлдэрч явах үед дөрвөн хөлөөрөө газар цохих чимээ нь дараалан сонсогдоно.
Хатир
Энэ нь буруу талын урд хөл ба зөв талын хойд хөлийг зөв талын урд хөл ба буруу талын хойд хөлтэй ээлжлүүлэн зөөж тавих явдал юм. Адуу хатирах үед дөрвөн хөлний нь газар буух чимээ тус тусдаа сонсогддог ба хөлөө диагональ маягаар ээлжлүүлэн зөөж газар тулахынхаа хооронд хөндийрдөг байна. Адуу газраас хөндийрөхгүйгээр ойрхон гишгэж аажуухан хатирахыг шогших гэнэ. Харин хатирахын дээд хурдыг монголчууд удган хатир, шаглах мэт өвөрмэц явдлыг арилжаа хэмээн нэрлэж дээдлэн эдэлж иржээ. Морины арилжаа явдлыг жороотой эндүүрэх нь байдаг.
Цогио
Энэ явдал нь буруу талын хойд хөл дээр тулж, дараа нь баруун талын диагональ, өөрөөр хэлбэл буруу талын урд хөл ба зөв талын хойд хөл дээр тулах, дараа нь зөв талын урд хөл дээр тулах бөгөөд түлхэлт хийж үсэрч газраас хөндийрөөд буухдаа эхлээд буруу талын хойд хөл дээрээ тулж дараална. Адуу цогих уед туурай нь газарт бууж байгаа дараалсан гурван чимээ сонсогдоно. Мөн цогихын дээд хурдыг давхих гэнэ.
АДУУНЫ СУРСАН ЯВДАЛ
Уран хэмнэлт явдлын тэмцээнээс…
Ормол жороо
Монголчууд эртнээс моринд жороо явдал сургаж баяр наадам, гоёлын унаанд эдэлж хэрэглэж ирсэн уламжлалтай бөгөөд ийнхүү адуунд жороо явдал сургасныг ормол жороо гэдэг. Адууны жороолох явдлын хамгийн бага эхэн аажим хэмнэлийг сайвар гэж ялгадаг. Морины сайвар явдал нь маш зөөлөн, эвтэйхэн тул ихэс дээдэс болон бүсгүйчүүд унах нь элбэг. Монголчууд адуунд жороо сайвар явдлыг зориуд сургахаас гадна уналга эдэлгээ уяа сойлгын аясаар сайвар явдал орох нь бий. Жишээ нь Ардын хувьсгалын 35 жилийн ойн улсын наадмын их насны 800 орчим морьдоос шалгаран айргын тавд давхисан. Архангай аймгийн Хотонт сумын Ванчинравдангийн хар морь уяа нь эвлэхээрээ их сайвар явдал орж, ийм үедээ түүний давхилт нь илүү байсан гэдэг. Мөн наяад оны эхээр Төв аймгийн Алтанбулаг сумын Цэдэнсамбуугийн хул алаг уягдаж байгаад явдал орж, улмаар жороо болсон зэргийг дурдаж болох ажээ.
Пассаж
Энэ үг Францын нэвтрэх гарах гэсэн үгнээс гаралтай. Морин спортын дээд зэргийн уран хэмнэлтэт явдлыг пассаж гэдэг байна. Олон улсын уралдаан тэмцээний уран явдлын нэг гол үзүүлэлт нь пассаж юм.
Пино алхаа
Жагсаалт цуглаан нийтийн өмнө алхах цоглог хэмнэлтэй алхааг хэлнэ.
ДЭЛХИЙН ЖОРОО АДУУНЫ ТОЙМ
Америкийн жороо морины уралдаан
XIX зууны дундуур Америкийн хамгийн шилдэг үүлдрийн нэгболох “Стандарбред” стандартын морь үүссэн юм. Одоо энэ үүлдэр нь хөллөгөөт морины уралдаанд хамгийн сайн тохирох нь бөгөөд хурдан нь хэмээн үнэлэгддэг. Уг үүлдрийг үүсгэхэд их тус дэм болсон морь бол “Мессэнжир“ Thoroughbred азарга бөгөөд 1788 онд АНУ-д авчирчээ. Тухайн үедээ хөллөгөөт морины уралдаан ихэд дэлгэрээд байсан ч сонирхогчдын хэмжээнд байсан учир уг уралдаанд тохирох хатирч морийг үүсгэх бодол хэнд ч төрөөгүй ажээ. Гэвч Мессэнжирийг хөллөгөөт уралдааны шилдэг хурдуудтай эвцэлдүүлснээр онцгой хурдтай хатирч морьд үүсчээ. XIX зуунд дээрх уралдаан улам ихээр олны сонирхлыг татах болсноор хурдан хатирч морийг сонгон үржүүлэх болсон байна. Thoroughbred адууг Морган, Араб болон Барб үүлдрийн адуу, эсвэл Наррагансеттийн жороо, Хэкнэй, Канадын хатирч зэрэг илүү чийрэг угшилтай нийлүүлжээ.
Америкийн хөллөгөөт жороо морьдын уралдаан
Мессэнжирийн хамгийн алдартай үр удам нь 1849 онд төрсөн Хэмблетонниан-10 бөгөөд 1300 төдийгүй үр төлийг төрүүлсэн энэ азаргыг орчин үеийн стандарт адууны эцэг гэж үздэг. Хөллөгөөт морины уралдааныг хатирч ба жороо морьдынх гэж ангилдаг.
Исландын “НИСДЭГ” жороо сургалт
Исландын “НИСДЭГ” жороо
Исландын “нисдэг” жороо сургалт Исландчуудын морин спортод жижиг бахим адууны “flying pace” буюу эх хэлнээ орчуулбал нисдэг жороо хэмээх Скандиновын орнууд бүр Америк, Англи зэрэг орнуудад хүрээгээ тэлсэн уралдаан байдаг. Уралдаанд оролцох морьд нь жороо явдлаа алдахгүйгээр явах үүрэгтэй. Исландчууд энэ адуугаа биднийг судлаж амжаагүй байхад МЭ 800-аад оны үеийн Монгол адуунаас үүсэлтэй гэдгийг нотлон интернэтийн сүлжээгээр цацсан. Энэ нь Умард Хүннүгийн Атилла хааны цэргийн нөөц сүргээс яван явсаар тэнд хүрсэн байх үндэслэлтэй.
Алтаргана
Эрхүү, Улаан-Үүд орчмын Буриадад уламжлалт Алтаргана наадмаа тэмдэглэхдээ морин спорт, уралдааныг зохион байгуулдаг байна. Цэвэр цусны даага, шүдлэн, их морины уралдаан тойргоор 1600,1800метрт явагдана. Мөн жороо удмын дааганы уралдаан 1600 метрт, мөн жороо удмын 3 настай шүдлэн адууны уралдаан 1600 метрт, жороо морины уралдаан 2400м, 1600метрт гэхчилэн зохиогдоно. Буриад бөх, Буриад сур, морин уралдаанаас гадна урлагийн арга хэмжээ зохиогддог.
Хоккайдогийн уугуул жороо “ВАШЮ” адуу
Японы уугуул адууны 8 төрлийн нэг нь “вашю” адуу бөгөөд 2003 оны хөдөө аж ахуй, мод усны яамны статистик судалгаагаар 722 тооны адуу тоологдсон бол 2005 оны вашю морийг хамгаалах нийгэмлэгийн тооллогоор нийт тоо 300 толгой байсан нь барагцаагаар 75%-ийг эзэлж байна. Бусад төрөл болох кисо ума, токара адуу, мисаки адуу нь нийлээд ердөө 100 гаруй толгой байна.
Хоккайдогийн морины соёл түүхийн эхлэл нь Копуний үе буюу манай эриний 3-7 зууны хүртэл үе болно. Хоккайдогоос энэ үетэй холбогдох морь болон эрт үеийн нүүдэлчин ард түмний онцлогийг харуулсан хувцас өмд өмссөн хүний хөшөө гарч ирсэн байна. Уугуул энэ адууг нийтэд нь “Досанка” адуу гэж тэмдэглэжээ. Харин нутгийн иргэд загас агнуурын улиралд унаж эдэлж бусад улиралд ойд амьдарч байсан адууг газар тариалан бусад уналгад хэрэглэж маллах болсноор вашю, кисо, ума, токара мисаки гэж ангилах болжээ. Уугуул вашю адуу хүйтэнд тэсвэртэй өвөлдөө -30 хэм хүйтэрч байхад цас малтаж “bamboo grass” буюу “са-са” гэх навчийг идэж амьдарсаар ирсэн. Вашю адууны биеийн өндөр нь 130см орчим жин нь 300-400кг орчим байна. Вашю адууг монгол морьтой тун адил байгааг Хятадын баруун хойд Шинжан Уйгурын адуу, Казак жороо адуутай харьцуулан тодорхойлж, мөн Монгол адуу солонгосоор дамжин Японд ирсэн байж болох юм гэж үздэг. Хоккайдо вашю адуу нь жороо явдалтай нь тогтоогдсон. Жороог нь жимич бас айби гэж нэрлэдэг байна. Фермд сургагчийн гол үүрэг нь жороо явдлыг тогтоож, тайлбарлаж өгөх зэрэг болно.
Сүүлийн үед Хоккайдо вашю морийг тулгуурлан амжилтанд хүрээд байгаа асуудал бол нийгмийн халамжийн мэргэжилтэн, морь унуулах төвтэй хамтран саажилттай 7 настай эмэгтэй хүүхдийг 9 удаагийн морь унуулах эмчилгээгээр тэнцвэрээ барьж, морь унаж чаддаг болсон жишээ баталж чадсан. Цаашид зөвхөн морь унах биш тэжээл бэлтгэх, моринд тэжээл өгөх зэрэг нь адил сайн нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон. Нагано мужийн тусгай сургуулийн сурагчид ээж аавтайгаа кисо морин дээр дадлага хийсний үр дүнд зөвхөн бие махбодь төдийгүй сэтгэл санааны тайван байдлыг мэдрэх болсон байна. Амралтын өдрүүдэд морь унуулах хөдөлгөөнийг дэмжиж байгаа тухай “horse mate” сэтгүүлийн 2007 оны 3 сарын дугаарт бичсэн байна.
Тайван орчин
Австралийн Мельбурн хотноо Монгол уран бүтээлч Heesco “Sky Burial” үзэсгэлэн дэлгэж Монголын агаарын бохирдлын талаар мэдээлэл өгчээ. Тэрээр тус үзэсгэлэнгээрээ Австрали улсын мэргэжилтнүүдийг Монголын агаарын бохирдлыг бууруулах талаар хамтарч ажиллахыг уриалсан байна.
Гудамжны урлаг буюу “street art” чиглэлээр бүтээл туурвидаг Heesco-гийн үзэсгэлэнг олон нийтэд хүргэхэд Мелбурн хотын залуус цаг заваа гарган сайн дураараа ажиллаж үйл ажиллагааг нь дэмжсэн ажээ. Түүний үзэсгэлэнг “Breathe Mongolia” байгууллагын хамт олон дэмжин ажиллажээ.
Өдгөө 20 настай уран бүтээлч Heesco “Sky Burial” үзэсгэлэнгээсээ олсон орлогоо дэлхийн хамгийн бохир агаараар амьсгалж буй монгол хүүхдүүдэд зориулж, “Лантуун дохио” төрийн бус байгууллагын “Ид шидийн орон”-д хандивласан байна.
ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам: Их дээд сургуулиудад хяналт шалгалтын ажил хийлээ. Үнэ тогтоох асуудал дээр цаг хугацааны ялгаатай байсан. Үнэ тогтоож байгаа процессын хувьд сургууль бүрээсээ шалтгаалаад харилцан адилгүй байна. Эдгээр нь өрсөлдөөний тухай хуульд заасан үгсэн тохиролцож байгаа үйл ажиллагаа тухайн бүтээгдэхүүнд хэт өндөр үнэ тогтоож байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин сургалтын төлбөр тогтоохдоо бодит өртөг зардал тогтоосон нарийвчилсан тооцоон дээр үндэслэдэггүй юм байна гэсэн нөхцөл байдал тогтоогдлоо. Учир нь тухайн их дээд сургуулиуд 1999 оны Гэгээрлийн сайдын 147 дугаар тоотыг үндэслээд одоо хүртэл сургалтын төлбөрөө тогтоож байна. Энэнь эргээд тухайн 1999 оноос эхлээд 20 жил энэ процесс өөрчлөгдөөгүй байгаа учраас цаг үеийн шинжтэй, зах зээлтэйгээ нийцээгүй байгаа нь үүнийгээ яаралтай шинэчилэх нөхцөл байдал үүсч байгаа юм. Нөгөө талаас их дээд сургууль, коллежийн удирдлага захиргааны хувьд оюутнууддаа сургалтын төлбөрийн өөрчлөлтийн талаар хангалттай мэдээлэл өгдөггүй гэх асуудал тогтоогдсон. Хэрэглэгчийн эрхийн тухай хуульд хэрэглэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний талаар хангалттай мэдээлэл өгсөн байх ёстой гэсэн үндсэн эрх байгаа. Энэ эрхийг хангаагүй. Үүнтэй холбогдуулаад бид 10 дугаар сарын 15-ны өдөр их дээд сургуулиудад албан шаардлага өгсөн. Шаардлагад дараах асуудлуудыг заасан
- Сургалтын төлбөрийг тогтоохдоо бодит байдалд тулгуурлан үндэслэн тогтоож бай.
- Элсэлтийн бүртгэл эхлэхээс өмнө сургуулийн удирдах зөвлөлийг хуралдуулж, шинэ хичээлийн жилийн сургалтын төлбөрийг тогтоож бай.
- Энэхүү тогтоосон сургалтын төлбөрийн мэдээллийг их дээд сургуульд элсэн орох босго онооны хамт олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгч бай гэсэн чиглэлүүдийг өгсөн.
Мөн БСШУСЯ-нд зөвлөмж хүргүүлсэн. Энэ зөвлөмжид их дээд сургууль, коллежийн төсөв зохиох, сургалтын төлбөр тогтоох аргачлал зааврыг шинэчилэн тогтоох. Энэ хүрээнд тодорхой арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Үүний дагуу улсын их дээд сургуулиудаас дараах хариу ирж байна. Тухайлбал МУИС: 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр МУИС-ын оюутнуудын асуудал шийдэл 2018 форумыг зохиож, МУИС-ын төлөөлөн удирдах зөвлөл, МУИС-ын захиргаа, МУИС-ын оюутны холбоо, оюутан конгресс гурван талт хэлэлцээр хийлээ. Энэхүү гэрээгээр сургалтын төлбөрийг нэмэх шаардлага үүсвэл үндэслэл болон төсвийн тодотголыг МУИС-ын оюутны холбоо, оюутан конгрессоор дамжуулан нийт оюутнуудтай санал асуулга явуулан үр дүнтэй шийдвэрлэх үүргийг МУИС-ын ТУЗ зарцуулж байгаа нэгж төсөв бүрийг нийт оюутан бүрт ойлгомжтой дэлгэрэнгүй мөн шилэн дансны хуулиар дэлгэрэнгүй хүлээн авч, цаг тухай бүрт нь албан ёсны тайлбар өгөхийг МУИС-ын захиргаа тус тус хүлээлээ. Мөн МУИС-ын төсвийн тооцооны журмыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн бодит өртөг зардлыг тооцдог болох чиглэл өгөн шинэчилэхээр ажиллаж байна гэсэн хариу албан бичиг ирсэн. Мөн ШУТИС, АШУҮИС гэх мэтчилэнгээр хариу бичгүүд ирүүлсэн байна. Ийм учир ирэх жилээс төлбөр тооцоотой холбоотой асуудлууд нэг талаасаа цэгцрэх нь ээ гэж үзэж байна.
Дараагийн хяналт шалгалтын ажил бол зар сурталчилгааны тухай хуультай холбоотой хяналт шалгалтын ажил байгаа. Энэ ажил зөвхөн нэр дурдсан байгууллага аж ахуй нэгж байгууллагын тухайд биш олон нийт хэрэглэгч, цахимаар бараа бүтээгдэхүүн худалдаж авч байгаа үйлчилгээ авч буй хүмүүст зориулсан хяналт шалгалтын ажил гэж ойлгож болно. ШӨХТГ-т хандаж Энканто ХХК-аас Ундрахспейс сайтад хуурамч, хууль бус эмийн зар сурталчилгаа түгээж байна гэсэн гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээсэн. Түүний дагуу дараах нөхцөл байдлыг тодорхойлсон. Эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл бэлтгэн түгээхдээ бусад олон нийтийн мэдээлэлд нийтлэгдсэн эрүүл мэндтэй холбоотой мэдээллүүдийг түүвэрлэн авч өөрчлөн найруулж, өөрсдийн сайтад тавьсан. Мэдээлийн эх сурвалжийг мэдээлдэггүй. Хэрэглэгч холбоо тогтооход шаардлагатай мэдээллийг байршуулаагүй зэрэг зөрчлүүд гарсан. Үүнтэй холбогдуулан зар сурталчилгааны тухай хуулийн 6.3-т зар сурталчилгаанд статистик мэдээ, судалгааны дүн баримтыг ашиглахдаа тухайн эх сурвалжийг заавал тусгасан байх ёстой гэсэн заалтыг зөрчсөн учир тухайн иргэн холбогдох аж ахуйн нэгж байгууллагад холбогдох хэрэгт хариуцлага тооцож ажилласан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн зүүн талын уулзварын автомашины зорчих хэсэг том оврын автобус шатсан хэрэг гарчээ. Энэ тухай дуудлага 2018 арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 05:43 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай нэг км замыг туулан 05:45 цагт очиж, “Даевоо” загварын автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг таван минут ажиллан унтраасан байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Рио Тинто” компанитай Тавантолгойд 300 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийв. Тэрбээр, “Засгийн газраас “Рио Тинто” компанитай Оюутолгойн ордыг эрчим хүчээр хангах, Тавантолгойд цахилгаан станц барих асуудлаар хэлэлцэл хийсэн. Энэ хүрээнд дулааны цахилгаан станц барих гэрээг боловсруулж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Гэрээнд Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг 2020 оны гуравдугаар сард эхлүүлж, 2023 оны зургадугаар сард ашиглалтад оруулахаар тусгасан юм. Ингэснээр Монгол Улс өмнийн бүсэд байрлах Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон орд газруудаа эрчим хүчээр хангах түүхэн шийдвэр гарлаа. Удахгүй цахилгаан станц барих санхүүжилтийн гэрээ, ТЭЗҮ боловсруулах, байгаль орчны үнэлгээ хийх зэрэг ажлууд эхэлнэ. Одоогоор Оюутолгой компани БНХАУ-аас жилд 100 мВт цахилгаан эрчим хүчийг 160-170 сая ам.доллараар худалдан авч байгаа. Ирэх оноос тус ордын эрчим хүчний хэрэглээний тодорхой хувийг Монгол улсаас худалдан авах тухай Хөрөнгө оруулалтын гэрээний заалт хэрэгжиж эхэлнэ. Эхний ээлжинд 20 хувийг хангах боломжтой гэж үзэж байгаа. 2023 онд Тавантолгойн станц ашиглалтад орсноор тус ордын эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, дээрх мөнгийг дотооддоо үлдээх боломж бүрдэх юм” гэлээ.
Дүнжингарав худалдааны төвийг НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэгч жишиг зах болголоо. Тус төвийн худалдаа, үйлчилгээний 1054 цэг татварын албанд бүртгэгдэж, НӨАТ-ын E-barimt олгодог болж байна. Тус ажлыг Татварын ерөнхий газар, НТГ, БЗД-ийн татварын хэлтэс, Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбоо, Гэрэгэ системс ХХК, Голомт банк хамтран хэрэгжүүлж буй юм.
Манай улс НӨАТ-ын урамшууллын систем ашиглаад гурван жил болж байна. НӨАТ-аас 2018 онд урьдчилсан байдлаар төсөвт 730 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 100 гаруй тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
НӨАТ-ын сугалаанд 2017 онд 150 гаруй мянган иргэн азтан болж, 5.8 тэрбум төгрөгийн хонжвор хожиж байсан бол 2018 онд 200 гаруй мянган иргэнд 15.2 тэрбум төгрөгийн хонжвор олгох урьдчилсан тооцоо гарчээ. Мөн 2017 онд цахим системд баримтаа бүртгүүлсэн 620.4 мянган иргэнд 35.5 тэрбум төгрөгийг буцаалт олгожээ. 2018 оны урьдчилсан мэдээгээр 654 мянган иргэнд 78.1 тэрбум төгрөгийг олгохоор байна.
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлж буйгаа онцолсон юм.
УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгч, “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэргийг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа тодотгож, Стратегийн орд ашиглах лицензийг хууль бусаар авсан, хамаарал бүхий компаниуд нь Концессын гэрээ байгуулсан, ЖДҮХС-гаас зээл авсан улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардсан байна. Уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд УИХ-ыг тараах тухай Ерөнхийлөгч Х.Баттулга болон бусад нэр бүхий гишүүдийн гаргаж буй саналыг дэмжиж ажиллах болно гэдгээ мэдэгдсэн юм.
Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “УИХ дахь МАН-ын бүлгийн хуваагдал төрийн институт хоорондын тэмцэл болон хувирч, орон нутагт хүртэл нөлөөлж байна. Нөгөөтэйгүүр, ЖДҮХС-гаас зээл авч, түүнийгээ зүй бусаар зарцуулсан Засгийн газрыг огцруулахыг АН-ын бүлэг дэмжсэн. Үүнийг нь зарим талаар шүүмжилж байгаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд МАН-ын Засгийн газар өр нэмэхээс өөр бүтээн байгуулалтын ажил хийсэнгүй. Гуравдугаарт, УИХ-ын дарга М.Энхболд сайн дураараа албан тушаалаа өгч, “60 тэрбум”-ын хэргээр шалгуулах ёстой.
Өнгөрсөн хугацаанд М.Энхболдыг УИХ-ын дарга болсноос хойш төрийн албан тушаалыг зарж байгаа талаар АН-ын бүлэг хүчтэй шүүмжилж ирсэн. Харин Ерөнхий сайдыг Стратегийн орд ашиглах лицензийг хууль бусаар авсан, хамаарал бүхий компаниуд нь Концессын гэрээ байгуулсан, ЖДҮХС-гаас зээл авсан улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг нэн даруй шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа. Энэ байдал цаашид удаан үргэлжилвэл, АН-ын бүлэг УИХ-ыг тараах байр суурин дээр бат байх болно” гэв.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа “МАН-д үүссэн хагарал тэмцэл зөвхөн нэг нам доторх хүмүүсийн хагарал гэж харагдахаа больсон. Үндсэн хуульд заасан засаглалын гурван толгой харилцахаа байж үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрч байгаа нь Үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн засаглалын хямралд орж байна. УИХ-ын дарга М.Энхболд өргөдлөө өгөхөд надад хуулийн үндэслэл байхгүй байна гэдэг жижиг шалтгаанаар байгаад байх юм бол цаашид төрийн ажил жинхэнэ утгаараа хямралд орох нөхцөл байдалд хүрнэ. Тиймээс УИХ-ын дарга хуулийн заалт дагахгүйгээр ёсзүйн хувьд Монгол Улсын төр, ард түмнийг хүндэтгэж парламентын үйл ажиллагааг цааш хэвийн явуулах боломжийг нь олгож сайн дураараа чөлөөлөгдөх эрхээ өгөх нь ёсзүйн хувьд зүйтэй гэж үзэж байна.
Хэрвээ ингэж чадахгүй УИХ өөрөө хариуцлагагүй ажиллах юм бол тарах тухай асуудлаа авч хэлэлц гэдэг шаардлагыг Ерөнхийлөгч тавьсан. АН-ын хувьд дээрх саналыг дэмжинэ. МАН ийм хэмжээнд хүргэхгүйгээр дотроо асуудлаа шийдэх болов уу гэж найдаж байна. Эрх ашгийн эрэмбэ гэж бий. Мөн аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Төрийн ажил гацаад бүтэн нэг сар болж байна. Энэ хугацаанд маш олон асуудлыг УИХ дээр хэлэлцэх байсан. Нийгэмд тулгамдсан олон асуудал хүлээгдэж байгаа энэ үед сандал, суудлын хэрүүл хийж төрийн ажлыг гацааж болохгүй. Бид хуультай улс. Тийм учраас бидний дараагийн алхам УИХ-ыг тараах тухай асуудлыг дэмжихээс өөр аргагүй байдалд хүрнэ” гэсэн юм.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргыг огцруулах санал гаргаж гишүүдийн гарын үсгийг цуглуулсан. АН-ын гишүүд энэхүү саналыг нь дэмжиж гарын үсгээ зурсан гэж ойлгож болох уу?
-Улстөр нам өөрийн гэсэн дотоод дүрэм журамтай. Үүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. УИХ-ын гишүүд намаас сонгогдож бүлэгт орж ирсэн. Тодорхой шийдвэр намаас гараагүй тохиолдолд УИХ-дахь АН-ын гишүүд өөр өөрсдийн байр сууриар асуудалд хандах эрхтэй.
-УИХ-ын гишүүн намын бүлгээсээ гарах өргөдлөө өгсөн асуудалд танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ.
-АН-ын Үндсэн дүрмийн дагуу Л.Болд гишүүнд сахилгын шийтгэл оногдуулсан. Үүнийг дараа Л.Болд гишүүн бүлгээс гарах өргөдлөө өгсөн. Яг өнөөдрийн байдлаар энэ асуудал шийдэгдээгүй байгаа. Тиймээс Л.Болд гишүүн АН-даа байгаа гэж ойлгох хэрэгтэй.
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есдүгээр хуралдаан болж, ирвэл зохих 41 төлөөлөгчөөс 39 төлөөлөгчоролцон 95,1 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах тухай, Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх эсэх тухай, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороог тосгон болгох тухай, дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)- ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай, дүүргийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай, дүүргийн 2019 оны төсвийн төслийн тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв.
Тус хуралдаанаар дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг бүрэн хангалттай гэж төлөөлөгч нар дүгнэсэн юм. Мөн дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх эсэх тухай, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороог тосгон болгох тухай, Боловсролын салбарын тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын 2018 оны төсөвт зохицуулалт хийх тухай, Дүүргийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, Дүүргийн 2019 оны төсвийн төслийг тус тус хэлэлцэж баталлаа.
Харин дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)- ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай асуудал нь тооцоо судалгаа хангалтгүй байна гэж үзэн иргэдийн дунд нээлттэй сонсгол явуулах, мөн дүүргийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдээс ирүүлсэн саналыг бүрэн тусгаж 2019 оны нэгдүгээр сард багтаан хурлаар хэлэлцүүлэхийг дүүргийн Засаг даргад үүрэг болгов.